| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2025/00023/И |
| Дугаар | 141/ШШ2025/00050 |
| Огноо | 2025-03-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 141/ШШ2025/00050
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Өлзийхишиг даргалж,
Нэхэмжлэгч Д.В,
Нарийн бичгийн даргаар Б.Батхүү нарыг оролцуулан тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ……………….. оршин суугч Д овогт Д.В нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.В нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 1988 оны хавар Завхан аймгийн Их-Уул сумын 8 жилийн дунд сургуулийг төгсөөд Завхан аймгийн Их-Уул сумын Жаргалант нэгдлийн Зарт бригадад малчнаар ажиллаж эхэлсэн. Би 1989 оны намар цэрэгт татагдах хүртэл тасралтгүй малчин, Зарт бригадын халуун усанд эрхлэгчээр тасралтгүй ажиллаж байсан. Миний ажилд орсон гарсан тушаал олдохгүй байгаа тул ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Би ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэрт орох эрх нээгдэх юм. Иймд намайг Завхан аймгийн Их-Уул сумын Жаргалант нэгдэлд малчнаар 1988 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү...” гэжээ.
Шүүх хуралдаанд хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судалж хэлэлцээд ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.В нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” гэж заасны дагуу нэхэмжлэгч ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Нэхэмжлэгч Д.В нь Завхан аймгийн Их-Уул сумын Жаргалант нэгдэлд малчнаар 1988 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажиллаж байсан болох нь:
Завхан аймгийн Архивын тасгийн 2013 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/1291 дугаартай: “...Их-Уул сумын Жаргалант нэгдлийн Зарт бригадад мал маллаж байсан Д.Вийн хөдөлмөрийн хөлсийг он тус бүрийн 70-р дансанд тусгагдсанаар жагсаавал: 1986 онд 2640,34 төг, 11-12 сар, 1988 онд 1133,29 төг, 1-12 сар, 1989 онд 1436,68 төг, 1-12 сар...” гэсэн архивын лавлагаа,
Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “...Д.В, эрэгтэй, РД:, 1971 оны 09 дүгээр сарын 23-нд төрсөн, бүрэн бус дунд боловсролтой, Их-Уул Жаргалантад халуун усны эрхлэгч ажилтай, 1988 оны 10 дугаар сарын 26-ны өдөр бүртгэсэн...” гэсэн БНМАУ-ын хүн амын регистрийн дугаар олгосон ХААТР-1 маягтын хуулбар,
Цэргийн жинхэнэ албанд татагдагчдын: “....Д.В, 1971 оны 09 дүгээр сарын 23-нд төрсөн, 1988 оноос Зарт бригадын төвд халуун усны эрхлэгч...” гэж тэмдэглээд түүний зургийг наасан анкетын хуулбар,
Гэрч Д.Б, Б.Б нарын “...Намайг Завхан аймгийн Их-Уул сумын Жаргалант нэгдлийн Зарт бригадад малчнаар ажиллаж байхад Д.В нь Зарт бригадад хонь болон үхэр маллаж байсан.. Тэгээд Д.В нь 1989 онд цэрэгт явж байсан. Цэргээс ирээд дахин мал маллах болсон...” гэсэн агуулга бүхий мэдүүлгээр тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Гэрчид хууль сануулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдүүлэг авсан, түүний мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан мэдээлэлтэй тохирч байх тул шүүх гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн болно.
Нэхэмжлэгч Д.В нь 1988 онд Завхан аймгийн Их-Уул сумын 8 жилийн дунд сургууль төгссөн болох нь бүрэн бус дунд боловсролын гэрчилгээний хуулбар, цэргийн алба хаасан болох нь Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 08/2228 дугаартай: “Д В БХЯ-ны сайдын 1989.09.26-ны өдрийн н/347 дугаар тушаалаар Завхан аймгаас 1989.10.15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 228 дугаар ангид алба хааж, Батлан хамгаалахын сайдын 1991.09.04-ний өдрийн 369 дүгээр тушаалаар 1991.09.07-ны өдөр 688550 дугаарын цэргийн батлахтай халагдсан” гэсэн хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаагаар тус тус тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч Д.Вийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д овогт Д.В Завхан аймгийн Их-Уул сумын Жаргалант нэгдэлд малчнаар 1988 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Вийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ