| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2025/00007/И |
| Дугаар | 141/ШШ2025/00052 |
| Огноо | 2025-03-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 141/ШШ2025/00052
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Өлзийхишиг даргалж,
Нарийн бичгийн даргаар Б.Батхүүг оролцуулан тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ………… багт оршин суугч С овогт Ц.Б нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Б нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон хүсэлтдээ: “...Миний бие 1985 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Түдэвтэй сумын Бадрал нэгдлийн Баянцагаан бригадад малчнаар ажиллаж байгаад цэргийн албанд татагдаж 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдөр халагдаж ирсэн. 1989 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Түдэвтэй сумын Бадрал нэгдлийн Баянцагаан бригадад малчнаар, 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Түдэвтэй сумын Бадрал ХК-нд малчнаар тус тус ажилласан. Миний хөдөлмөрийн дэвтэрт холбогдох тушаал олдохгүй байгаа тул шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай байна. Иймд намайг Завхан аймгийн Түдэвтэй сумын Бадрал нэгдэлд малчнаар 1985 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл, 1989 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл, Завхан аймгийн Түдэвтэй сумын Бадрал ХК-нд малчнаар 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү. Миний бие өөрийн биеэр шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгаа тул намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
Шүүх хуралдаанд хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судалж хэлэлцээд ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Б нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг явуулах талаар шүүхэд хүсэлт ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч ...нь эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасан байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, түүнийг оролцуулахгүйгээр хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч Ц.Б нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” гэж заасны дагуу нэхэмжлэгч ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Завхан аймгийн Архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/1122 дугаартай: “...1984-1987, 1989-1994 онд Түдэвтэй сумын Бадрал нэгдлийн Баянцагаан бригад, Бадрал хувьцаат компанид мал маллаж байсан гэх Ц.Бгийн, суурийн ахлагч А.Ц нарын цалингийн тодорхойлолт олгов гээд Базаррагчаа нэрээр 1987 онд 220,75 төгрөг, 8,10 сар, 1990 онд 2680,15 төгрөгөөр 1-4, 8-12 сар...” гэсэн архивын лавлагаа,
Завхан аймгийн сумын Баянцагаан ББХК-иас Ц.Бд 1995 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр нээн олгож, ажилласан хоног авсан цалин хөлсийг 1991 оноос 1992 оныг дуустал бичиж тэмдэглэсэн хөдөлмөрийн дэвтэр дэх мэдээлэл,
Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “...Ц Б, эрэгтэй, РД:, 1969 оны 05 дугаар сарын 01-нд төрсөн, бага боловсролтой, Бадрах нэгдэлд хоньчин ажилтай, ажилд 1989 онд орсон, 1991 оны 10 дугаар сарын 11-ний өдөр бүртгэсэн...” гэсэн БНМАУ-ын хүн амын регистрийн дугаар олгосон ХААТР-1 маягтын хуулбар,
Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “...Ц Б эрэгтэй, 1969 оны 05 дугаар сарын 01-нд төрсөн, Завхан аймгийн Түдэвтэй сумын Баянцагаан бригадад малчин, 1987 оны 06 дугаар сарын 13-нд бүртгэсэн...” гэж тэмдэглээд гэрэл зургийг наасан хаягийн хуудасны 7 дугаар маягтын хуулбар,
Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “...эхнэр Д Н, нөхөр Ц Б, Баянцагаан компани малчин, 1992 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр гэрлэсэн, 1992 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр бүртгэсэн...” гэж тэмдэглэсэн гэрлэснийг бүртгэх анкет буюу ХААТР-15 дугаартай маягтын хуулбар,
Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 24090002003204 дугаартай “...Завхан аймгийн Түдэвтэй сумын Бадрал нэгдэл нэрээр манай архивт нотлох баримт байхгүй болно. Түдэвтэй сумын “Бадрал” ХК нь 79367 регистрийн дугаартайгаар 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдөр бүртгэгдэж, 1994 оны 06 дугаар сарын 20-ны өдөр татан буугдсан...” гэсэн хуулийн этгээдийн лавлагаа,
Гэрч М.О “...Намайг 1994 оноос 2000 онд Түдэвтэй сумын Баянцагаан багийн даргаар ажиллаж байхад Ц.Б Завхан аймгийн Түдэвтэй сумын Бадрал нэгдэл болон Бадрал ХК-д малчнаар ажиллаж амьдарч байсан. Тухайн үед би багийн дарга байсан учраас Ц.Б нь 1984 оноос эхлэн аав ээжийгээ дагаж малчнаар ажиллаж байсан талаар нь мэддэг мөн надад өөрөө хэлж байсан юм. Ц.Б нь тасралтгүй малчнаараа ажиллаж байгаад одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч ажилд орсон, гарсан тушаал болон холбогдох нотлох баримт олдохгүй байгаа учраас шүүхэд хандсан гэсэн. Ц.Б нь 1984 оноос 1994 он хүртэл малчнаар ажиллаж амьдарч байгаа...” гэсэн,
Гэрч Н.Д “...Ц.Б бид нар нэг нутгийн хүмүүс учраас хаана ямар ажил хийж байсан талаар мэддэг юм. Ц.Б нь багаасаа аав ээжийнхээ хамтаар 1984 оноос эхлэн Завхан аймгийн Түдэвтэй сумын Бадрал нэгдэл болон Бадрал ХК-д малчнаар хонь болон адуу мал малладаг байсан. Б.Б нь тасралтгүй нэгдэлд болон Бадрал ХК-д ажиллаж байсан...” гэсэн агуулга бүхий мэдүүлгээр тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Гэрчид хууль сануулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдүүлэг авсан тул мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн болно.
Иймд нэхэмжлэгч Ц.Бгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С овогт Ц.Б Завхан аймгийн Түдэвтэй сумын Бадрал нэгдэлд малчнаар 1985 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл, 1989 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл, Завхан аймгийн Түдэвтэй сумын Бадрал хувьцаат компанид малчнаар 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ