Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 141/ШШ2025/00049

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Нэхэмжлэгч З.Э,

Нарийн бичгийн даргаар Л.Золбоо нарыг оролцуулан тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар …………. багт оршин суугч Х овогт З.Э. нэхэмжлэлтэй нас тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.Э нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Намайг төрөөд 12 хонож байхад ………….. үрчлүүлсэн. Тухайн үед үрчлүүлсэн гэрчилгээ аваагүй байсан. Би 27 настайдаа төрсөн ээжийгээ олж уулзаж байсан. Ээжтэй уулзахад их үертэй жил намайг гэдсэнд байсан гэж надад ярьж байсан. Тухайн үед би 1966 онд төрсөн юм байна гэж бодож байсан. Өргөж авсан ээж бүртгүүлэхдээ 1968 онд төрсөн гэж бүртгүүлсэн байсан. Миний төрсөн ээжийг Г гэдэг хүн байсан. Үрчилж авсан ээжийг З гэдэг хүн байсан. Г, З гэдэг хоёр хүний хооронд садан төрлийн холбоо байхгүй. Манай өргөж авсан ээж тухайн үед Булган аймагт ажиллаж байсан. Ажиллаж байхдаа нэг хүүхэд үрчилж аваад 4-5 нас хүрч байхад үрчлүүлсэн айл нь буцаагаад авсан гэсэн. Тэгээд  миний төрсөн ээж үрчлүүлсэн ээжид миний гэдсэнд байгаа хүүхдийг ав гэж хэлээд үрчлүүлсэн юм байна лээ. Г, З гэх хоёр ээж минь хоёулаа нас барчихсан. Г гэдэг хүн нь 1925 онд төрсөн. Г нь миний дээр 4 эмэгтэй хүүхэд гаргасан юм билээ. 4 эгч маань одоо Булган, Эрдэнэт, Улаанбаатарт амьдардаг билээ. О, О, О, Саран дөрвөн эгчтэй насыг нь сайн мэдэхгүй байна. Эдгээр хүмүүстэй би төрсөн ээжийгээ өнгөрөхөд очих доо л харж уулзсан. О, О, О, Саран нар намайг айлд өргүүлсэн талаар мэднэ. Гэрчээр мэдүүлэг өгсөн Нэргүй гэдэг хүн нь Ж гэдэг хүний хүүхэд.  Ж гэдэг хүн манай өргөж авсан ээж болох Зтай 1967 онд гэр бүл болсон юм билээ. Би насаа зөв тогтоолгосноор өндөр настны тэтгэвэрт гарах эрх үүсэх юм. Иймд намайг 1967 оны 08 дугаар сарын 06-ны өдөр төрсөн болохыг тогтоож өгнө үү...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч З.Э нь нас тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-

д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа

аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Нэхэмжлэгч З.Э нь 1967 оны 08 дугаар сарын 06-ны өдөр төрсөн болох нь: Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн: “...Булган аймгийн Булган сум, 1967 оны 12 дугаар сарын 28-ны өдөр бүртгэсэн. Ггийн Э, эрэгтэй, 1967 оны оны 08 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, эх Содномын Г,...” гэж тэмдэглэсэн төрөгсдийг бүртгэх анкетын хуулбар,

“...Ггийн Э, эрэгтэй, 1967 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Булган, Ашуут гэдэг газар төрснийг 1967 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Могод сумын 49 дүгээрт бүртгэв, төрүүлсэн эхийн нэр Жамцын Г...” гэж тэмдэглэсэн төрсний гэрчилгээний хуулбар,

Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ……… дугаартай: “....……….. регистрийн дугаартай Хар гэр овогт Згийн Э, эрэгтэй, ………………….. өдөр төрсөн, …………….. бүртгэсэн...” гэсэн төрсний бүртгэлийн лавлагаа,

Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 0000000065 дугаартай: “...З.Э нь 1967 онд төрсөн ба 58 настай байх боломжтой байна....” гэсэн шинжээчийн дүгнэлт,

гэрч Ж.Н “...Згийн Эын ээжтэй манай аав болох Ж нь сууж байсан юм.  Тэгэхэд З.Э нь 1967 оны үед байна уу 1968 онд манайд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Ар булаг гэх газарт байхад ой гарантай хүүхэд ээжийгээ дагаад манайд ирж байсан. З.Э нь 1967 оны хонь жилтэй 08 дугаар сарын 28-ны өдөр төрсөн гэж тухайн үед ярьж байсан. Надад хэлэхдээ өргөж авсан ээж болох З нь 1967 онд гарсныг иргэний бүргэлд бүртгүүлэхдээ 1968 он гээд бүртгүүлсэн байсан гэсэн. Төрсөн ээж нь болох Г нь 1967 онд Эыг төрүүлээд иргэний бүртгэлд бүртгүүлэхгүйгээр өргүүлсэн байсан гэж хэлж байсан. Энэ байдлаас болоод оны зөрүүтэй бичигдсэн байх...” гэсэн агуулга бүхий мэдүүлгээр тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ. 

Гэрчид хууль сануулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдүүлэг авсан тул мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн болно.

Иймд шүүх нэхэмжлэгч З.Эын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х овогт Згийн Эыг 1967 оны 08 дугаар сарын 06-ны өдөр төрсөн болохыг тогтоосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч З.Эын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.ӨЛЗИЙХИШИГ