Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 60

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд би даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г-т холбогдох эрүүгийн 1803000010031 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Ж.Энхжаргал /тээвэр/, шүүгдэгч Б.Г, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хандсүрэн нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Б.Энхжаргал шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Б.Г нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэнд холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад 

                   

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Г-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би 2-13 насны хоёр хүүхэдтэй. Осол гаргасан 2017 оны 10 сарын 31-ний өдөр би  бага хүүхдээ цэцэрлэгээс авах хүн байхгүй гээд эгчтэйгээ ярихад манай эгч авна гэхээр нь архи уусан байсан. Тэгтэл эгч нь авч чадахаа болилоо, ажил тарах болоогүй байна гэхээр нь өөрөө хүүхдээ цэцэрлэгээс нь очиж авах гэж яваад осол гаргасан. Тухайн өдөр 4 хүн 0,75 граммын Болор нэртэй архи уусан. Манай найзууд ирэн, нэгнийх нь төрсөн өдөр байсан тул архи ууцгаасан.

Тухайн осол болсон газар, Гранд мед эмнэлэг хоорондоо нэг гудамжны наана цаана байдаг. Гэрээсээ гараад хашаа тойрох гэж яваад осол гаргасан. Миний хажууд сууж явсан зорчигчийн биед гэмтэл учраагүй. Явган зорчигч айлын хашаа мөргөсөн байхад хашааны булан тойрч гарч ирсэн. Автомашины зүүн талаар мөргөсөн. Хол ойр аль ч замд архидан согтуурсан үедээ жолооны ард сууж болохгүй гэдгийг мэдэж байгаа. Хохирогч С-д 5,500,000 төгрөг, Баттуулд 2,500,000 төгрөгийг төлсөн. Нийт хохиролд 8,000,000 төгрөг төлсөн. Би хохирлыг нөхрийн хамт төлсөн. Надад одоо төлөөгүй хохирол, төлбөр байхгүй. Мөргөсөн айлын хашааг банзыг нь хадаж засаж өгсөн байгаа. Хохирогч Сын зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, одоо биеийн байдал нь сайн байгаа. Манай том хүүхэд төрөлтийн хүндрэлээс болоод тархины саажилттай болсон учраас байнга хараа хяналтад байдаг, би ажил хийдэггүй. Манай нөхөр автомашин угаалгын газар ажиллуулдаг. Би архи, согтууруулах ундаа ойр ойрхон уугаад байдаггүй. Тухайн осол гаргасан автомашин манай нөхрийн автомашин. Архангай аймгийн дугаартай, нэрээ шилжүүлээгүй байгаа. Ослын улмаас автомашины гупер нь унасан. Миний буруу, дахин архи уусан үедээ автомашин барихгүй. Би гэм буруугаа ухаарч, ойлгож байгаа.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 18030 0001 0031 дугаартай хэргээс:

 

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 8-13х/,

 

2. Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл:

“...Б-ийг драйгер багаж ашиглан шалгахад 2.21 хувь тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо...” гэсэн дүгнэлт /хэргийн 14х/, 

 

3. Хохирогч Б.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр би ажлаа тараад автобуснаас буугаад Гранд мед эмнэлгийн хажуугаар гараад гэр лүүгээ явж байхад буюу хашааны хажуугаар урдаасаа хойшоо явж байсан нэг машин эхлээд хашаа мөргөөд жолоогоо дараад миний хөл хэсэг рүү мөргөөд би шидэгдээд газарт унасан. Тэгээд нөгөө машин цаашаа яваад бас нэг машин мөргөсөн.

Осол хэрэг гарсан газар нь хороолол доторхи зам байсан учраас явган хүний гарц гарам байхгүй байсан. Нөгөө жолооч согтуу маш өндөр хаазлаад ирж мөргөсөн. Ослоос болж миний зүүн талын хөл хугарсан. Зүүн талын нүд хэсэг маш их хавдсан байсан. Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна. Осол хэрэг гарснаас хойш эмчилгээ сувилгаандаа би нэг сая гаран төгрөг зарцуулаад байна. Нөгөө талаас 500.000 төгрөг өгсөн. Би гомдолтой байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 24-26х/,

 

4. Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Ж.Б өгсөн:

“...2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр би ажил дээрээ сууж байхад гаднаас нэг хүн орж ирээд “чиний машиныг чинь мөргөчихлөө” гэхээр нь гараад хартал Архангай аймгийн дугаартай нэг цагаан өнгийн машин зогсоол дээр байсан миний өөрийн эзэмшлийн Т.Приус маркийн 05-18 УБЯ дугаартай авто машиныг мөргөсөн байсан. Нөгөө машины жолооч нь согтуу жолоон дээрээ сууж байсан. Би осол хэрэг гарахыг нүдээр хараагүй. Нөгөө машин гудамжаар явж байсан бас нэг хүнийг мөргөсөн гэж байсан.

Машиндаа үнэлгээ хийлгэсэн. Үнэлгээгээр 2.500.000 төгрөгийн хохирол учирсан гэж гарсан. Миний машинд учирсан хохирлоос одоогийн байдлаар 2.410.000 төгрөгийг нөгөө жолооч төлж барагдуулаад байна. Үлдсэн мөнгийг осол гаргасан жолооч төлж өгнө гэсэн. Шүүх хуралд суухгүй. Хэргийн материалтай танилцахгүй. Хохирлоо гаргуулаад авбал болно. Өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 47-49х/,

 

5. Иргэний нэхэмжлэгч болон иргэний хариуцагч Б.Н-ээс мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

“...Suzuki Swift 19-94 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2017 оны 9 дүгээр сард би хувь хүнээс 3.700.000 төгрөгөөр худалдаж авсан. Бид хоёрын хооронд гэрээ хэлцэл хийсэн зүйл байхгүй. Харин тухайн үедээ уг тээврийн хэрэгслийн эзэмшигч болох Д.Б гэх хүний ах Д.Б нь надад цаасан дээр энэ тээврийн хэрэгслийг худалдаж авсан нь үнэн болно гэсэн бичиг хийж өгч байсан юм. Машинаа зарсан Д.Б гэдэг хүн нь Улаанбаатар хотод байхгүй байсан учир уг тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрийнхөө нэр дээр болгож авч чадаагүй байсан юм.

Батхүү овогтой Г нь миний эхнэр юм. Би эхнэртээ машин жолоодох зөвшөөрөл өгсөн. 2017 оны 10 дугаар сарын 31-ний өглөө 09 цаг 30 минутын орчимд ажилдаа явах гээд гарах үед эхнэр маань хүү, охин нарын хамт гэртээ үлдсэн юм. Тэгэхэд эхнэр маань эрүүл байсан.

Ослын улмаас Сузуки Свит маркийн 19-94 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд буфер хагарсан, баруун зүүн талын крыло хонхойсон, копуд хонхойсон, зүүн урд талын их гэрэл хагарсан байсан. Би машины эвдрэл, хохирлын үнэлгээ хийлгэхгүй. Надад гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй. Миний зүгээс бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулна. Өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 52х, 54-55х/,

6. Гэрч Д.Б-гаас мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Suzuki Swift 19-94 АРХ улсын дугаартай машин нь миний машин байсан юм. 2017 оны 09 дүгээр сард Цайз 16-гын 39б байранд байдаг ахындаа байж байтал нэг хүн утсаар залгаад “машинаа хэд гэж байгаа юм” гэхээр нь “3.500.000 төгрөг гээд ярьж байгаад машинаа зарчихсан юм. Тухайн үед бичиг баримтгүй байсан болохоор нэрээ шилжүүлж өгч амжаагүй. Машин авсан хүнтэй дараа нь нэг хот руу орж ирэхдээ “нэрээ солиулъя” гэж тохироод би хөдөө яваад өгсөн юм.

2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр уг машиныг хэн хаашаа ямар зорилгоор унаж явсныг мэдэхгүй. Кабин дотор утас бичээстэй байсан ба ийм машин сонирхож байгаа юм зарах уу гэж асуусан юм. Тэгээд үнэ тохирохоор нь зарчихсан юм. Автомашинаа зарчихсан байсан учир автомашинтай холбоотой асуудлыг худалдаж авсан хүн нь өөрөө хариуцана. Ослын талаар надад мэдэх зүйл байхгүй. Өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 60х/,

 

7. Гэрч З.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 14:00 цагийн орчим 2 найзын хамт Гийн гэрт нь очсон юм. Тухайн өдөр манай нэг найзын төрсөн өдөр болж байсан юм. Тэгээд Гийн гэрт 0.75-ийн нэг шил Болор архи дөрөвүүлээ хувааж уусан юм.  Тэгээд надтай хамт Гийн гэрт очсон хоёр найз маань түрүүлж яваад, очих газраа оччихоод та хоёрт хэлье гэсэн. Г бид хоёр гэрт нилээн байж байгаад бүрэнхий болох үеэр гэрээс нь гараад Г нь машинаа бариад гудамжаар явж байсан. Тэгээд юу болсныг нь сайн мэдэхгүй байна, нэг мэдэхэд л бөөн юм болоод тас, няс хийгээд явчихсан. Машинаас буухад хүн дайрчихсан, машинтай мөргөлдчихсөн, айлын хашаа мөрөгчихсөн гээд бөөн л юм болсон байсан.

Би явган зорчигчийг хашаанаас гэнэт л гараад ирлээ гэж харсан. Яг хаашаа явж байсныг нь мэдэхгүй байна. Тухайн үед нилээн согтсон байсан. Осол яах ийхийн зуургүй л гарсан. Осол болох үед Г өөрөө машинаа барьж байсан. Миний хувьд тухайн үед цочирдоод юу болсон талаар одоо сайн санахгүй байна. Г нь автомашиныхаа аль хэсгээр явган зорчигчийг мөргөснийг мэдэхгүй байна. Гийн машины марк, дугаарыг нь мэдэхгүй байна. Осол гаргасан тэр өдөр Г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Согтолтын хувьд надаас гайгүй байсан. Г нь Гранд мед эмнэлгийн үүдэнд эгчдээ машинаа өгөөд, хүргүүлнэ гэж байсан. Осол болсоны дараахан нөгөө машинтай хүргэж өгнө гэж байсан эгч нь ослын газар ирчихсэн байсан. Осол болох үед явган зорчигч буюу хохирогч хэдүүлээ явж байсанг мэдэхгүй. Ослын улмаас миний биед ямар нэгэн гэмтэл бэртэл учраагүй. Өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 64х/,

8. Гэрч О.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2017 оны 10 дугаар сарын 31-ний орой бүрэнхий болохоос арай өмнөхөн гэртээ ирэхэд гэрийн хашаа нурчихсан байдалтай, 2-3 цагдаа ирчихсэн, гэрийн наахан саарал өнгийн Сузуки маркийн автомашин цаашаа хараад зогсчихсон байдалтай байсан. Би цагдаа нар дээр очиж уулзахад “хашааг чинь машин мөргөчихсөн хохирлыг төлүүлж өгнө өө, маргааш чамайг дуудах байх” гэж хэлсэн. Тэгээд л би гэрлүүгээ орсон.

...Манай хашаа жоохон хэсэг газраа л нурсан байсныг мөргөсөн машины жолоочийн  нөхөр нь засаад өгчихсөн. Нэг их сүртэй эвдрэл гэмтэл учраагүй. Хашааныхаа эвдрэлийг үнэлүүлээгүй. Хэсэгхэн газрын дай мод хугарсан байсныг засаад өгчихсөн. Осол болох үед манай гэрт 3 бага насны хүүхэд л байсан өөр хүн байгаагүй. Намайг гэртээ ирэхэд манай хашааг мөргөсөн гэх автомашины жолооч байсан үгүйг мэдэхгүй байна. Надад ослын талаар мэдэх зүйл байхгүй. Өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 66х/,

 

9. Шүүх эмнэлгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 13759 тоот актын:

1. Б.С биед баруун хөлийн шаант, тахилзуур ясны ташуу зөрөө бүхий далд хугарал, тархи доргилт, нүүрний зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи дух, зүүн шанаа, зүүн мөр, хоёр гуя, баруун шилбэнд цус хуралт, баруун өвдгөнд зулгаралт, зүүн нүдний алимны салстад цус хуралт, тархи доргилт, зүүн гарын алганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн осол гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хэргийн 75х/,

 

10. Иргэний нэхэмжлэгч Ж.Б эзэмшлийн 05-18 УБЯ улсын дугаартай, Тоёота приус-20 маркийн автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээг шууд хохирлын дүн 1.710.000 төгрөг, шууд бус зардлын дүн 600.000 төгрөг, үнэлгээгээр тогтоогдсон нийт дүн 2.310.000 төгрөг гэж тодорхойлсон Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “А.Б” ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 232 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 81-82х/,

 

11. 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Мөрдөгчийн магадлагаа баримтад:

1. Suzuki Swift маркийн 19-94 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн:

- 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,

- 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Б.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

3. Toyota Prius маркийн 05-18 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Жадамбаасүрэн овогтой Баттуул нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

4. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна.

5. Магадлагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу холбогдох оролцогч нарт мэдэгдэж, прокурорт танилцуулахаар тогтов.” гэсэн магадлагаа /хэргийн 93-94х/

 

12. Шүүгдэгч Б.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн:

“...Миний хувьд сонсгож буй зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр намайг гэртээ байж байхад 14:00 цагийн орчим манай 3 найз, манай гэрт гуравуулаа халамцуу орж ирсэн. Тэгээд нэг найзын төрсөн өдөр болоод манай гэрт нэг шил 0.75 граммын Болор архи дөрөвүүлээ хувааж уусан. Тэгээд хоёр найз маань төрсөн өдөр тэмдэглэх газар луугаа түрүүлээд явсан юм. Улмаар би нэг найзтайгаа хамт үлдсэн.

Тэгээд би худалдаж аваад нэр дээрээ шилжүүлж авч амжаагүй байсан гэр бүлийн өмчийн цагаан өнгийн Сузуки Свит маркийн 19-94 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон кабиндаа найз Нарангаравын хамт “Г.М” эмнэлгийн үүдэнд бэр Бд машинаа хүргэж өгөх зорилгоор, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Мөнхзайсангийн 1 дүгээр гудамжаар зүүнээсээ баруун чиглэлтэй ойролцоогоор 50 орчим км/цагийн хурдтай явж байгаад хурдаа хасах санаатай тоормосоо гишгэх гэж байгаад хаазаа андуурч гишгээд айлын хашаа мөргөсөн. Тэгтэл нэг явган зорчигч урдаас гараад ирсэн. Тэгэхэд нь би жолооныхоо хүрдийг баруун гар тал руугаа дарсан боловч тухайн явган зорчигчийг тээврийн хэрэгслийнхээ урд хэсгээр мөргөөд, сандрахдаа хаазаа нэмж гишгээд цаана зогсоол дээр зогсож байсан хөх өнгийн Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн зүүн гар талын хойд хэсгийг нь мөргөөд зогссон.

Тэгээд л баахан хүмүүс бужигнаад л байсан. Нэг мэдэхэд түргэн тусламж болон цагдаа нар ирчихсэн, нөгөө мөргүүлсэн явган зорчигчийг түргэн тусламж аваад явсан. Харин нэг цагдаа намайг цагдаагийн машинд оруулж суулгаад, машиныг маань ачаад аваад явсан юм.

Би машин жолоодож явахдаа хавар, намрын өсгийтэй ул урдуураа арзгар гутал өмсөж явсан. Би машин жолоодож явахдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Энэ нь миний буруу. Явган зорчигчийг хараад тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ авч чадаагүй. Явган зорчигчийг машин дотроос тулж л харсан. Тэдэн метр гэж хэлж мэдэхгүй байна. Энэ зам ослын улмаас тухайн айлын хашааны хэсэг банз нь унасан байсан. Өөр эвдэрсэн зүйл байхгүй. Хашааны эвдрэлийг ослоос хойш 5 хоногийн дараа засаад өгчихсөн.

Ямар дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсөнөө сайн мэдэхгүй байна, Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл байсан. Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийн эвдрэл хохиролд нийт 2.500.000 төгрөг төлсөн. Осол болох үед зогсоол дээр зогсож байсан Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл дотор хүн байгаагүй. Харин ослын дараа машины эзэн нь гарч ирсэн. Осол болох үед Сузуки Свит маркийн 19-94 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг би өөрөө жолоодон явж байсан. Би 2014 онд жолооч болж, үүнээс хойш суудлын машин жолоодож байгаа юм.

Миний хувьд зам тээврийн ослын улмаас бэртэж гэмтсэн явган зорчигчийн эмчилгээний зардалд эхлээд 720.000 төгрөг, дараа нь 500.000 төгрөг, үүн дээр тэргэнцэр авч өгсөн. Мөн цалингийн зээл болох 2.300.000 төгрөг, мөн сүүлд 2.000.000 төгрөгийг тус тус өгсөн. Ингээд нийт хохирогчид 5.520.000 төгрөг хохиролд өгөөд байгаа юм.

Миний жолоодож явсан машинд зорчиж явсан найз Нарангаравт ямар нэгэн гэмтэл шарх учирсан зүйл байхгүй. Осол болдог зам хуурай, шороон зам байсан ба зам үзэгдэх орчин чөлөөтэй, гадаа бүрхэг байсан. Тухайн үед явган зорчигч ганцаараа явж байсан. Өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 70-72х/, мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 100х/, Б.Г-ийн хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 113х/, хохирогч Б.С гомдол санал байхгүй гэсэн бичгээр гаргасан өргөдөл зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эх сурвалж нь тодорхой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүх эмнэлгийн болон техникийн шинжээчийн, хохирлын үнэлгээ дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий мэргэжлийн шинжээч, үнэлгээчид гаргасан байх ба тухайн хэргийн хувьд мөрдөн байцаалтын холбогдох ажиллагаанууд бүрэн хийгдэж хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн үндэслэл журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байхаас гадна болсон үйл явдлын талаар хохирогч, гэрч нар тодорхой мэдүүлсэн байна.

Иймд Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Г-ийн гэм буруутай эсэхэд эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.   

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

1.1. Гэм буруугийн хувьд:

 

Шүүгдэгч Б.Г нь 2017 оны 10 сарын 31-ний өдөр 17 цаг 10 минутын орчимд Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан, Гранд мед эмнэлгийн зүүн замд Suzuki Swift маркийн 19-94 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7. заалтын а-д заасан “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох” гэснийг тус зөрчсөнөөс явган зорчигч Б.Сыг мөргөж, улмаар “жолооч нь хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн мөн дүрмийн 9.2 заалтыг зөрчиж тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авалгүй хөдөлгөөнөө үргэлжүүлж ойролцоо зогсоолд байсан иргэн Ж.Б Т.Приус-20 маркийн 05-18 УБЯ улсын дугаартай автомашиныг мөргөж зогссон зам тээврийн осол хэрэг гаргасан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн

- осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 08-13х/,

- жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг драйгер багаж үлээлгэн шалгахад 2.21% тоон үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа хэрэглэсэн болохыг тогтоосон тэмдэглэл баримт /хэргийн 14х/,  

- хохирогч Б.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр би ажлаа тараад автобуснаас буугаад Гранд мед эмнэлгийн хажуугаар гараад гэр лүүгээ явж байхад буюу хашааны хажуугаар урдаасаа хойшоо явж байсан нэг машин эхлээд хашаа мөргөөд жолоогоо дараад миний хөл хэсэг рүү мөргөөд би шидэгдээд газарт унасан. Тэгээд нөгөө машин цаашаа яваад бас нэг машин мөргөсөн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 24-25х/,

- иргэний нэхэмжлэгч Ж.Б “...2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр би ажил дээрээ сууж байхад гаднаас нэг хүн орж ирээд “чиний машиныг чинь мөргөчихлөө” гэхээр нь гараад хартал Архангай аймгийн дугаартай нэг цагаан өнгийн машин зогсоол дээр байсан миний өөрийн эзэмшлийн Т.Приус маркийн 05-18 УБЯ дугаартай авто машиныг мөргөсөн байсан. Нөгөө машины жолооч нь согтуу жолоон дээрээ сууж байсан. Би осол хэрэг гарахыг нүдээр хараагүй. Нөгөө машин гудамжаар явж байсан бас нэг хүнийг мөргөсөн гэж байсан. Машиндаа үнэлгээ хийлгэсэн. Үнэлгээгээр 2.500.000 төгрөгийн хохирол учирсан гэж гарсан. Миний машинд учирсан хохирлоос одоогийн байдлаар 2.410.000 төгрөгийг нөгөө жолооч төлж барагдуулаад байна. Үлдсэн мөнгийг осол гаргасан жолооч төлж өгнө гэсэн. Шүүх хуралд суухгүй. Хэргийн материалтай танилцахгүй. Хохирлоо гаргуулаад авбал болно. Өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 47-49х/,

- гэрч З.Н-ийн “...2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 14:00 цагийн орчим 2 найзын хамт Гийн гэрт нь очсон юм. Тухайн өдөр манай нэг найзын төрсөн өдөр болж байсан юм. Тэгээд Гийн гэрч 0.75-ийн нэг шил Болор архи дөрөвүүлээ хувааж уусан юм.  ...Г бид 2 гэрт нь нилээн байж байгаад бүрэнхий болох үеэр гэрээс нь гараад Г машинаа бариад гудамжаар явж байсан. Тэгээд юу болсныг нь сайн мэдэхгүй байна, нэг мэдэхэд л бөөн л юм болоод тас няс гээд явчихсан. Машинаас буугаад ирэхэд хүн дайрчихсан, машинтай мөргөлдчихсөн, хашаа мөргөчихсөн бөөн л юм болсон байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 64х/,

- гэрч О.О “...2017 оны 10 дугаар сарын 31-ний орой бүрэнхий болохоос арай өмнөхөн гэртээ ирэхэд гэрийн хашаа нурчихсан байдалтай, 2-3 цагдаа ирчихсэн гэрийн наахан саарал өнгийн Сузуки маркийн автомашин цаашаа хараад зогсчихсон байдалтай байсан. Цагдаа нар дээр очиж уулзахад хашааг чинь машин мөргөчихсөн хохирлыг төлүүлж өгнө өө маргааш чамайг дуудах байх гэсэн. ... Манай хашаа жоохон хэсэг газраа л нурсан байсныг мөргөсөн машины жолоочийн  нөхөр нь засаад өгчихсөн. Нэг их сүртэй эвдрэл гэмтэл учраагүй. Хашааныхаа эвдрэлийг үнэлүүлээгүй. Хэсэгхэн газрын дай мод хугарсан байсныг засаад өгчихсөн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 66х/,

-  19-94 АРХ улсын дугаартай, Suzuki Swift маркийн тээврийн хэрэгслийн жолооч шүүгдэгч Б.Г нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн

- 2.7 а-д заасан “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”,

- мөн дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс дээрх зам тээврийн осол хэрэг гарсан болохыг тогтоосон  2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Мөрдөгчийн магадлагаа /хэргийн 93-94х/ болон мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Гээс үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.

 

Уг зам тээврийн осол хэргийн улмаас:

1. хохирогч Б.С биед “баруун хөлийн шаант, тахилзуур ясны ташуу зөрөө бүхий далд хугарал, тархи доргилт, нүүрний зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи дух, зүүн шанаа, зүүн мөр, хоёр гуя, баруун шилбэнд цус хуралт, баруун өвдгөнд зулгаралт, зүүн нүдний алимны салстад цус хуралт, тархи доргилт, зүүн гарын алганд зулгаралт” бүхий гэмдтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл учирч, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол,

2. иргэний нэхэмжлэгч Ж.Б Т.Приус 20 маркийн 05-18 УБЯ улсын дугаартай автомашинд 2.310.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол тус тус учирсан нь:

- ШШҮХ-ийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 13759 тоот актын: “Б.С биед баруун хөлийн шаант, тахилзуур ясны ташуу зөрөө бүхий далд хугарал, тархи доргилт, нүүрний зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи дух, зүүн шанаа, зүүн мөр, хоёр гуя, баруун шилбэнд цус хуралт, баруун өвдгөнд зулгаралт, зүүн нүдний алимны салстад цус хуралт, тархи доргилт, зүүн гарын алганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн осол гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хэргийн 75х/,  

-  Иргэний нэхэмжлэгч Ж.Б эзэмшлийн 05-18 УБЯ улсын дугаартай, Тоёота приус-20 маркийн автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээг шууд хохирлын дүн 1.710.000 төгрөг, шууд бус зардлын дүн 600.000 төгрөг, үнэлгээгээр тогтоогдсон нийт дүн 2.310.000 төгрөг гэж тодорхойлсон Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “А.Б” ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 232 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 81-82х/, хохирогч, шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг баримтуудаар тус тус нотлогдсон байна.    

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Г нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явган зорчигч Б.Сыг мөргөж түүний эрүүл мэндэд хүндэвтэр  хохирол учруулж, улмаар “жолооч нь хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчиж тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авалгүй хөдөлгөөнөө үргэлжүүлж ойролцоох зогсоолд байсан иргэний нэхэмжлэгч  Ж.Б Т.Приус-20 маркийн 05-18 УБЯ улсын дугаартай автомашиныг мөргөж, эд хөрөнгөд нь  2.310.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай үйлдэлд нь Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна. 

 

Шүүгдэгч Б.Г нь хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн.

 

Иймд дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч Б.Г-ийг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцох хуулийн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.  

 

1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан бөгөөд “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зохицуулсан.

 

Шүүгдэгч Б.Г-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.С эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч Ж.Б эд хөрөнгөд /Toyota Prius-20 05-18 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл/ 2.310.000 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Б.Г нь гэмт хэрэг үйлдэж  хохирол учруулсны улмаас үүссэн хор уршигт тооцон Б.С эмчилгээний болон бусад зардалд бүгд 5.500.000 /таван сая таван зуун мянган/ төгрөг, иргэний нэхэмжлэгч Ж.Б эд хөрөнгөд учирсан хохирлын 2.500.000  /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг тус тус нөхөн төлж барагдуулсан болох нь:

- хохирогч Б.С-оос прокурорын хяналтын шатанд болон шүүхэд бичгээр гаргасан “эмчилгээний болон өөрт гарсан хохирлыг барагдуулж, 5.500.000 төгрөгийн туслалцаа үзүүлсэн нь үнэн болно. Биеийн байдал сайжирч байгаа тул цаашид гомдол саналгүй. Шүүхээр орох шаардлагагүй. Батхүү овогтой Гт гомдолгүй.” гэсэн хүсэлт /хэргийн 40х/,

- иргэний нэхэмжлэгч Ж.Баас “...АРХ 19-94 дугаартай машины жолооч Гранд мед эмнэлгийн гадна зогсоол байрлуулсан миний приус-20 маркийн УБЯ 05-18 улсын дугаартай машиныг мөргөж зогссон байсан. Хохирлыг барагдуулахаар авто үнэлгээний газар үнэлүүлж 2.500.000 төгрөгөөр үнэлсэн. 2017 оны 11 сарын 15-ны өдөр дээрх хохирлыг бүрэн бааргдуулсан тул гомдолгүй” талаарх цагдаагийн байгууллагад болон шүүхэд  бичгээр гаргасан хүсэлт өргөдөл /хэргийн 42х/ баримтаар нотлогдож байх тул шүүгдэгчийн хувьд гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт тооцож нэр бүхий хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй гэж дүгнэв.  

 

1.3. Эрүүгийн хариуцлагын талаархи:

 

Шүүгдэгч Б.Г нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй тухай ял шийдгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 100х/ тогтоогдсон тул түүнийг анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох юм.

 

Мөн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтын талаар маргаагүй, гэм хорын хохиролд хохирогч Б.С-д 5.500.000 /таван сая таван зуун мянган/ төгрөг, иргэний нэхэмжлэгч Ж.Б-д 2.500.000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөг тус тус нөхөн төлсөн, иргэний нэхэмжлэгч Б.Н нь эд хөрөнгөд учирсан хохиролд тооцож мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл шаардлага гаргаагүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд тус тус илэрхийлсэн баримттай байна.

 

Түүнчлэн шүүгдэгч нь 02 настайгаас 11 насны бага насны хоёр хүүхэдтэй /хэргийн 112-114х/, том охин Н.Г ь хөгжлийн бэрхшээлтэй, төрөлхийн оюуны хомсдол өвчний улмаас байнгын асаргаа сувилгаа, хараа хяналтад /хэргийн 115-116х/ байдаг талаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комиссын дүгнэлт, өрхийн эмчийн тодорхойлолт баримт хэрэгт авагджээ.

 

Шүүгдэгч Б.Г нь Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүх, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Б.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзэв.

Түүнчлэн шүүгдэгч нь 2015 оны 09 сарын 23-нд төрсөн хүү Н.Б нь 03 нас хүрээгүй, 2006 оны 01 сарын 28-нд төрсөн охин Н.Г нь 12 настай, хөгжлийн бэрхшээлтэй, төрөлхийн оюуны хомсдол өвчний улмаас байнгын асаргаа сувилгаа, хараа хяналтад /хэргийн 115-116х/ байдаг зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журмын дагуу шүүгдэгч Б.Г-т хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж шийдвэрлэв. 

 

Энэ хэрэгт шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хохирогч Б.С, иргэний нэхэмжлэгч Ж.Б, Б.Н нар нь гомдол саналгүй гэснийг тус тус дурьдах нь зүйтэй.       

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон   

 

                                                            ТОГТООХ нь:

 

1. Б.Г-ийг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Б.Г-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Г-т оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь гэм хорын хохиролд хохирогч Б.С-д 5.500.000 /таван сая таван зуун мянган/ төгрөг, иргэний нэхэмжлэгч Ж.Б-д 2.500.000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөг тус тус нөхөн төлсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол саналгүй гэснийг тэмдэглэсүгэй.

 

5. Энэ хэрэгт Б.Г нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурьдсугай.  

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан ялтан Б.Г-т хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хойшлуулж, түүнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Г нь хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн тохиолдолд шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдэж анхааруулсугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Г-ийн тээврийн хэрэгслийн жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, хэрэгт хавсарган ирүүлсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн №977462 дугаартай үнэмлэх баримтыг гүйцэтгэх бичиг баримтын хамтаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад үүрэг болгосугай.

 

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

10. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.