Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2023/ДШМ/320

 

 

 

 

 

 

   2023            3              23                                          2023/ДШМ/320

 

 

С.Пд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор У.Анхжаргал,

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.С, түүний өмгөөлөгч Ю.Батболд,

шүүгдэгч С.П, түүний өмгөөлөгч Д.Энхбаатар,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Шинэхүү даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2023/ШЦТ/160 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.П, түүний өмгөөлөгч Д.Энхбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн С.Пд холбогдох эрүүгийн 2202 00278 0398 дугаар хэргийг 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          ... овгийн С.П, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр ... төрсөн, ... настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл ... хамт ... оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:.../.

            Шүүгдэгч С.П нь ... гэртээ 2021 оны 11 дүгээр сараас 2022 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд иргэн Д.Э-ын эд хөрөнгийг авч захиран зарцуулах зорилго агуулж өөрийн төрсөн охин арван дөрвөөс арван найман насанд хүрээгүй буюу 15 настай П.Бт хүч хэрэглэхээр заналхийлж, өөрийн эрхшээлдээ байгаа байдлыг далимдуулан түүний бэлгийн эрх чөлөөнд халдаж, 31 настай Д.Этой хамтран амьдарч, бэлгийн харьцаанд орохыг шаардаж, түүнтэй бэлгийн харьцаанд албадан оруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Нийслэлийн прокурорын газраас: С.Пын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овгийн Сосорбурамын Пыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар “арван дөрвөөс арван найман насанд хүрээгүй хүнийг хүч хэрэглэхээр заналхийлж, эрхшээлдээ байгаа байдлыг далимдуулан бусадтай бэлгийн харилцаанд албадан оруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Пд 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар С.Пд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч С.Паас нийт 5.476.439 /таван сая дөрвөн зуун далан зургаан мянга дөрвөн зуун гучин ес/ төгрөгийг гаргуулж, 4.576.439 /дөрвөн сая таван зуун далан зургаан мянга дөрвөн зуун гучин ес/ төгрөгийг ... нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагад, мөн Хүүхдийн мөнгөн тэтгэмж болох 900.000 /есөн зуун мянган/ төгрөгийг насанд хүрээгүй хохирогч П.Бт тус тус олгуулж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн зүйлгүй, урьд цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.С нь насанд хүрээгүй хохирогчид учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтыг хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогч болох П.Бт харгалзан дэмжигч, насанд хүрээгүй П.Пүрэвдоржид асран хамгаалагч томилж шийдвэрлэхийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл С.Пд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.П давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд энэ гэмт хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна. Гэхдээ би төрүүлж өсгөсөн үрээ бусдад зарсан тохиолдол байхгүй. Миний бие нөхөр, 5 хүүхдийн хамт амьдардаг. Том охин Б 11 дүгээр анги, хүү Пүрэвдорж 8 дугаар анги, охин Оюунгүнж 5 дугаар анги, Болоргүнж 3 дугаар анги, бага охин Цэцэнгүнж 2 настай. Би айлын өргөмөл охин ч өнөр өтгөн айлд баян тансаг биш ч эрүүл саруул, хайр энхрийллээр дүүрэн өссөн билээ. Том охин, хүү хоёрын эцэг нь архи хэтрүүлэн хэрэглэж, надад гар хүрдэг байсан. Тухайн үед хадмууд маань 2 хүүхдийг чинь өсгөөд өгье, чи залуу хүн амьдралаа бод гэж байсан. 2009 онд 2 хүүхдэдээ хойд ээжийн гар харуулахгүй, хоосон нойтон ч шударгаар хөдөлмөрлөж байгаад амьдарна гэж зүтгэсэн. Тухайн үед гахай маллаж өөрийн хөдөлмөрөөрөө бага 4 ханатай гэр авч, эгчийнхээ хашаанд 2 хүүхэдтэйгээ амьдрах болсон. Удалгүй 2011 онд одоогийн нөхөр М-той танилцаж ханилаад дундаасаа 3 хүүхэдтэй. Одоо 4 дэх хүүхдээ хэвлийдээ тээж байгаа ба 6 сар гарантай жирэмсэн. Бид хэдий халамжид байдаг, бусдаас илүү гарах амьдралгүй ч өөрсдийн хөдөлмөрөөрөө үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж байгаа. Би 2014 оноос 2023 оны 1 дүгээр сар хүртэл нүүрс түлээ борлуулдаг байсан. Нөхөр маань сүүлийн 5, 6 жил барилга дээр ажиллаж байгаа. М өөрийн төрсөн дүүгийн нөхрөөр дамжуулж Этой танилцан 2021 оны 6 дугаар сараас Эын бригадад ажиллах болсон. Э нь дунд охин Оюунгүнжийн төрсөн өдрөөс хойш ойрхон ирэх болсон. Би охинтойгоо ярилцаж эмэгтэй хүний сарын тэмдэг, бэлгийн бойжилт гээд юуг ч нээлттэй ярилцаж, хэлж өгч байгаагүйгээс болоод охин минь ийм байдалд хүрсэн болов уу гэж өөрийгөө буруутгаж сууна. Хэрэв нээлттэй ярилцдаг байсан бол Э охиныг минь эмэгтэй хүний хувьд сонирхож, оролдож байх явцад охин минь хэлэх байсан байхаа. Охиноо Этой холбоотой гэдгийг мэдээд би маш их цухалдаж, энэ хүнтэйгээ суух юм уу чи гэж ширүүлж, цохиод авсан минь миний буруу. Гэхдээ үр хүүхдээ бусдад зарах гэсэндээ биш эцэг, эхийн хувьд өөрөөсөө өчнөөн ах хүнээр яах гэж байгаа юм бэ гэж бухимдаж хориглосон. Гэтэл охин минь чамд хамаагүй гэж хэлэх үед би охиндоо маш их гомдсон. Өөрөөр би аминаасаа тасалж төрүүлсэн үрээ бусдад зарж, мөнгө олж, охин үрээ буруу амьдраасай гэж огт бодож байгаагүй. Би бичиг үсэг мэдэхгүй, мэдлэг боловсролгүй ч гэлээ худлаа хэлж хулгай хийж явсан удаагүй. Үр хүүхдүүдээ хоолтой, хувцастай, мэдлэг боловсролтой болгож байвал болж байгаа л гэж ойлгон хүнд хүчир ажлыг хийсээр ирсэн. Түүнийхээ хэрээр том охиндоо дүү нараа хар, хичээлээ хий гэж шаардлагуудыг тавьдаг байсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоос том охиныхоо хэлсэн үгийг мэдлээ. Бийн дүү Оюунгүнж охиныг минь Э оролдсон тухай хэлсэн байна. Ийм зүйл болсныг би мэдээгүй, мөнгө л олж тэднийгээ тэжээх үүрэгтэй гэж ойлгон зүтгэж явснаас ар гэрт минь ийм зүйл болсныг мэдээгүйдээ маш их шаналж, хүүхдүүддээ санаа их зовж байна. Бага насны өсөж яваа хүүхдүүдээ эхийн хайраар дутааж тэдний өмнө хариуцлага хүлээж чадахгүй байгаадаа үнэхээр их гэмшиж байна. Хүүхдүүд минь үеийнхэндээ шоглуулах вий, доромжлуулах вий, ээж нь эгчийг нь зарсан гэж хүмүүс ярьж тэдний минь ирээдүйг баллах вий гэж үнэхээр айж байна. Эрхэм шүүх бүрэлдэхүүнээс надад холбогдох энэ хэргийг үнэн зөвөөр шүүж, бага насны 5 хүүхдийг минь, мөн хэвлийд байгаа 6 сар гарантай үрийг минь бодож боломжит хугацаагаар багасгаж өгнө үү хэмээн гуйж байна.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч С.П нь өөрийн үйлдсэн хэргийн гэм буруугийн тал дээр маргаагүй, хийсэн хэргээ үнэн зөвөөр мэдүүлсэн, хийсэн үйлдэлдээ гэмшиж харамсаж байгаа билээ. Шүүгдэгч С.П нь сургуульд суугаагүй, бичиг үсэг тайлагдаагүй, уншиж бичиж чадахгүй боловсролгүй, хууль эрхийн мэдлэггүй, сул дорой байдлаасаа болж энэ гэмт хэрэгт холбогдсон. Ар гэрийн хувийн байдлын хувьд бага насны 4 хүүхэд ар гэрт нь хоцорсон ба нэн ядуу амьдралтай. С.П нь хүний түлээ нүүрс зарах ажил хийн ар гэрийнхээ амьдралыг залгуулж байсан, гэр бүлийн хүн нь барилгын туслах ажилчин хийдэг. Шүүгдэгч С.П нь 6 сартай жирэмсэн, одоо өвчний учир хорих 461 дүгээр хорих ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд хууль тогтоогчийн зүгээс эрүүгийн хариуцлагын зорилгыг хуульчлан тогтоохдоо “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлнэ.” гэж заасан билээ.

Иймд шүүгдэгч С.П нь анх удаа хэрэгт холбогдсон бөгөөд Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх буюу хүндрүүлэх нөхцөл, ар гэрийн амьдрал, хувийн байдлыг харгалзан үзэж шүүхээс оногдуулсан 4 жилийн хорих ялыг багасгаж өгөхийг хүсье.” гэв.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд ял багасгах асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь, одоо болтол С.Пын гэр бүл, хамаатан саднаас ямар нэгэн байдлаар мессеж болон утсаар холбогдсон үедээ П.Бийг дарамтлах, үг хэлээр доромжлох үйлдэл гарч байгаа. С.П хийсэн хэргээ хүлээн зөвшөөрөхгүй, хүүхдээсээ нэг ч удаа уучлалт гуйгаагүй. Мөн өчигдөр эгчийнх нь хүүхэд бас тийм утгатай мессеж бичээд П.Б шөнө над руу уйлаад залгасан.” гэв.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ю.Батболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан, хууль зөрчөөгүй гэж үзэж байна.” гэв.

Прокурор У.Анхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх гэм буруу болон эрүүгийн хариуцлагад оновчтой дүгнэлт хийж шүүгдэгч С.Пд 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. Энэ гэмт хэрэг нь хэцүү гэмт хэрэг. Учир нь, эх, охин хоёрын хоорондох асуудал байгаа. Д.Этой холбоотой хэргийг тусгаарлаад Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шийдвэрлэгдсэн. Шүүгдэгч нь Д.Эоос мөнгө авсан нь банкны хуулгаар харагддаг. Насанд хүрээгийн хохирогч 14-15 настай шилжилтийн насандаа явж байгаа. Сэтгэцийн дүгнэлтээс харахад сэтгэл зүйн хувьд маш тогтворгүй болсон. Энэ хүүхдийг хамаатан садангаас нь хэн авах нь тодорхойгүй. Эх нь өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй ч гэрчүүдийн мэдүүлгээр хувийн байдал нь ямар хүн бэ гэдэг нь тогтоогдсон байдаг. П.Б “би хамгаалах байрнаас гараад гэртээ очиход ээждээ дахиад зодуулна” гэдэг айсан нөхцөл байдал харагдаж байгаа. Шүүгдэгч С.П өмнөх нөхрөөсөө 2 хүүхэдтэй, сүүлд суусан нөхрөөсөө 3 хүүхэдтэй, одоо жирэмсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

  Шүүгдэгч С.П нь ... тоотод байх гэртээ 2021 оны 11 дүгээр сараас 2022 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд иргэн Д.Э-ын эд хөрөнгийг авч захиран зарцуулах зорилго агуулж өөрийн төрсөн охин болох П.Б-ийг арван дөрвөөс арван найман насанд хүрээгүй буюу 15 настай байхад нь хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, өөрийн эрхшээлдээ байгаа байдлыг далимдуулан түүний бэлгийн эрх чөлөөнд халдаж, 31 настай Д.Этой хамтран амьдарч, бэлгийн харьцаанд орохыг шаардаж, түүнтэй бэлгийн харьцаанд албадан оруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

  насанд хүрээгүй хохирогч П.Б-ийн “...Д.Э ах манай гэрт ирж амьдрахад ээж П, аав М хоёр Э ахад “...чи манай охинтой унтаж хэвтэх гэж байгаа бол бэлгэвч хэрэглээрэй...” гэж хэлж байсан бөгөөд ээж Э ахтай “chat” бичүүлж яриулдаг байсан бөгөөд намайг тэр ахтай унтаж хэвт гэж хэлж байсан. Намайг унтаж хэвтэхгүй гэхээр цохиж зоддог байсан. Э ахыг байхгүй хойгуур ээж С.П нь “...чи наад залуугийнхаа өврийг дулаацуулж байгаад машин, малыг нь заруулаад надад мөнгийг нь авч өг...” гээд байнга шахуу дарамтлах болсон бөгөөд 2022 оны 01 дүгээр сард намайг дагуулж яваад спираль тавиулсан. 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр ээж надаар Э ахаас сургуулийн төлбөр гээд 400.000 төгрөг авахуулсан. Урьд нь надаар миний санаж байгаагаар 300.000 төгрөг авч байсан бөгөөд хамгийн багадаа 100.000 төгрөг авахуулж байсан. Урьд өмнө нь нэлээн мөнгө авч байсан бөгөөд хэдэн төгрөг авч байснаа санахгүй байна. Ээж П нь Э ахаас авахуулсан мөнгөөрөө махны түц ажиллуулна, гэрээ тохижуулна гэж ярьдаг байсан. Тэгээд орой ээж гэрт утас оролдоод сууж байгаад би ээжээс 30.000 төгрөг өгчих би сургуулийн аялалд явах гэсэн юм гэж хэлэхэд ээж П нь “янхандаж олж ирсэн мөнгөө чи авах гээд байгаа юм уу, чи янхан биз дээ” гэж хэлэхээр нь “би яахаараа янхан байдаг юм, та нар намайг ийм нөхцөл байдалд хүргээ биз дээ” гэж хэлэхэд ээж П над руу утас шидэж, намайг тохойлдож, миний үснээс татаж чирч, миний гэдэс рүү гараараа хэд хэдэн удаа цохиж зодсон. Мөн гэрт байсан цэнхэр өнгийн үсэрхэг ноосон цамцаар миний нүүрэн дээр дарж, амьсгалын эрхтнийг хааж гарынхаа шуу хэсгээр миний хоолойг дарсан. Би амьсгалах гэхэд амьсгалж чадахгүй байсан бөгөөд би ээжийг түлхэж өөрөөсөө холдуулахад миний өмсөж байсан пудволкыг урж шатаагаад, хоолны шургуулгаас шар цоохор иштэй хутга аваад “үсийг чинь тайрч шатааж ална” гэж хэлээд дайрахад нь би ээж Пын гарыг өөрөөсөө холдуулж гэрээс гаран гэрийн амбаар луу ороход ээж миний араас гарч ирээд “би янхандаж олсон мөнгийг чинь авч ирээд өгье, чи тэр мөнгөө аваад тэр чигээрээ зайлаарай” гэж хэлээд орилж байгаад хашаанаас гараад явсан..., ...Манай ээж, аав хоёр Д.Э ахыг надтай суулгана гэж яриад ...хоол, ундны зүйл авч өгөөд л надтай бараг хамт амьдрах бодолтой манайд байдаг байсан. Ээж, аав хоёр чи хичээлээсээ гараад хөдөө мал дээр бай, Этой цуг амьдар гэж хэлж байсан. Би анх Д.Этой 2021 оны 11 дүгээр сарын сүүлээр дүү М.О-ийн төрсөн өдрөөс хойш хэд хоногийн дараа хамгийн анх удаа бэлгийн харьцаанд орсон. Нийт хэдэн удаа орсон талаараа сайн мэдэхгүй байна. 2022 оны 3 дугаар сар хүртэл орой болгон бараг байнгын давтамжтай бэлгийн харьцаанд ордог гэр бүлийнхнийг орондоо орсны дараа л бэлгийн харьцаанд ордог. Эыг анх ирсэн өдрөөс л бэлгийн харьцаанд орохдоо бэлгэвч хэрэглээрэй гэж хэлж байгаа хүмүүст яаж энэ талаараа хэлэх юм бэ..., ...Аав, ээж хоёр 2021 оны 12 дугаар сарын сүүлээр бэлгийн харьцаанд орсон гэдгийг мэдсэн байх шиг байсан. Учир нь, ээж надад 2021 оны 12 дугаар сарын сүүлээр “эрийн боов хөхөөд саагаад байгаа юм уу, янхан болчихож” гээд их дарамталж загнасан. Аав, ээж хоёр бэлгийн харьцаанд орсон талаар мэдчихээд Э ахын хэлэхийг хүлээгээд байсан юм шиг байна лээ..., ...Ээж надад Э 10 хоногт 2, 3 сая төгрөг олдог, ар гэр нь малтай, чи энэ хүнтэй суучих юм бол дутагдаж гачигдах зүйлгүй амьдарна, хичээлээсээ гараад хөдөө амьдрах юм уу, ээж нь зун очоод мал дээр нь тусалж өгнө эсвэл хэдүүлээ дагаад хөдөө очиж малыг нь маллаад амьдрах юм уу, чи 16 хүрэхээрээ гэрлэлтээ батлуулчихвал ядаж салахад хөрөнгөнөөс нь авна, чамд хохироод байх юм байхгүй ...гээд байсан. Тэрнээс хойш байнга л ийм яриа өгүүлэл гаргаад 11 дүгээр сард хүртэл энэ хүнтэй суу, тархийг нь эргүүлээд мөнгө төгрөг салгаад ав, оюутан болоод сургалтын төлбөрөө төлүүл, юу ч үгүй болтол нь сэгсрээд мөнгө төгрөг ав, тэр болтол аятайхан аашлаад хайраа гээд гуйгаад сайхан харилц гэж хэлдэг..., ...ээж намайг ийм байдалд ороход хүргэсэн...” /хх 7-8, 195-196, 2 хх 50-54/,

гэрч Д.У-ийн “...П.Б гэх охин манай гэрт “ээж зодоод байна” гээд 7-8 хоног хоносон байх, тэгээд хөл гар нь хөхөрчихсөн байдалтай нэлээн гундуу, царай алдчихсан, сэтгэл санаагаар уначихсан ирсэн. Тэгээд би П.Бтэй ярилцаж “юу болсон бэ” гээд асуухад “ээж намайг зодоод байдаг, тэгэхээр нь харанхуй шөнө би зугтаагаад гарсан” гэж ярьж байсан...” /хх 10/,

гэрч Д.Эын “...Намайг М манай гэрт ирнэ гээд ирэхгүй юмаа ирээч ээ гээд ...2021 оны намар гэрт нь ...очсон. Тэгээд Бийг илүү таньдаг болсон юм. Тэгээд хөдөө ажилд явахаар Б чамайг санаад байна манайд хүрээд ир гээд М дууддаг байсан. Би гэрт нь өвөлжингөө байдаг болсон. Намайг Бтэй анх танилцуулж байхдаа бэлгийн харьцаанд орох, унтах хэвтэх асуудал байж болохгүй гэж хэлж байсан. Би Бтэй цагаан сарын өмнөхөн хамт тэврэлдэж хэвтээд үнсэлцэж байгаад бэлгийн харьцаанд орсон. Тухайн үед гэрт М, П, дөрвөн дүү нь хажуугаар унтаж байсан. ...М, П бид дөрөв 100 айлын тэнд байх хувийн эмнэлэгт очиж үзүүлсэн. Тэгтэл жирэмсэн болоогүй байна гэж хэлсэн. Тэгээд П дахиж бэлгийн харьцаанд орох вий гэж бодоод спираль тавиулсан. Тухайн үед надтай бэлгийн харьцаанд орохдоо ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй. Намайг түлхээгүй, боль гэж хэлээгүй. П охиноо бас гаргадаггүй, “Facebook” дээр нь зураг тавиулдаггүй, зураг тавьсан гээд зодож байсан...” /хх 7-8/,

насанд хүрээгүй гэрч П.П-ийн “...Д.Э ах манай гэрийн орон дээр унтдаг байсан, тэгээд өглөө сэрэхэд эгчийн цаагуур газар унтсан байдаг...” /хх 172-175/,

насанд хүрээгүй гэрч Б.Б “...П.Б хичээлдээ ирэхэд нүд нь хөхөрчихсөн байсан. Тэгээд яасан талаар ангийн багш асуухад “ээж цохисон” гэж хэлж байсан. П.Бтэй уулзаад юм ярихад “ээж намайг тэр ахтай бараг суулгах гэж байгаа юм шиг ядаргаатай юм” гээд хэлж байсан “chat”-аар харилцахдаа илүү их юм над руу бичсэн...” /хх 83/,

гэрч С.М-ын “...Би плитаны ажил хийгээд 10 хоногтоо 1.000.000 гаруй төгрөг авчихдаг. Миний хажууд тэр хоёр бэлгийн харилцаанд орж байсан зүйл байхгүй. Д.Э над руу 2022 оны 01 дүгээр сард залгаад “...Би танай охинтой унтчихсан одоо яана аа...” гэж хэлж байсан. Э баруун орон дээр унтаж байгаад шөнөдөө газар унтаж байсан охин руу орсон гэж ярьж байсан...” /хх 64-65/,

гэрч З.С-н “...2022 оны 3 дугаар сард байх... Э ах ...“хадам ээж Б бид хоёрыг загнаад зодоод” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр миний машинаар ойрхон хөдлөөд явж байсан чинь Э ахын утас руу П гэх эмэгтэй залгаад “миний хүү хааччихав аа, гэр орондоо ирж хоолоо идэхгүй юм уу, эхнэр чинь гээд нэг сэгсийсэн юм энд байх юм аа” гэж хэлээд ёжилсон байдалтай инээсэн. Тэгсэн Э ах “за за одоо орлоо” гэж хэлсэн. Яагаад би энэ яриаг нь утсан дээрээ бичих болсон бэ гэхээр П гэж хүнийг залгахаас өмнө Э ах надад өөрийнхөө утсан дээр байсан өөрсдийг нь зодож загнаж байгаа бичлэгийг үзүүлсэн байсан юм аа. Тэгээд би П гэх хүний ярьж байсныг өөрийнхөө утсан дээр бичиж авсан ...” /2 хх 100-101/,

гэрч Д.Т-ын “...П.Бийн ангийн найз Б, Хулан нараар дамжуулж асуулгаж мэдээлэл авахад П.Б нь тухайн хүүхдүүдэд “...ээж намайг үсдэж зодож, би өөрөө гэрээсээ зугтаад гарсан, шалтгаан нь намайг 30 настай хүнтэй суулгах гээд байгаа юм...” гэж тухайн хүүхдүүд рүү “chat”-аар хэлж байсан, харин ээж нь болохоор гэрээсээ гараад явчихсан л гэж хэлсэн. ...Тухайн зурвасууд миний утсан дээр байгаа би хадгалчихсан. ...Би ээж Птай нь уулзаж байнга холбоотой байдаг. Ээж нь сургууль дээр ирэхдээ хүүхэд рүүгээ том том дуугараад захирангуй хандлагатай байдал ажиглагддаг. Түүнээс шалтгаалж П.Б нь бусад хүүхдүүдээс их ичдэг. Ээж нь мөн Бийг их цагддаг, хичээл тараад шууд ирсэнгүй гээд...” /хх 76-77/,

гэрч Г.Л-ийн “...П.Б гэх үйлчлүүлэгч манай эмнэлэгт 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр эхэлж ирсэн. ...үтрээний үрэвсэлтэй спираль тавих боломжгүй, ...наацын шинжилгээ аваад үрэвслийн лаа бичиж өгөөд явуулсан. Эхний удаа би спираль тавиагүй. Учир нь тэр охин үзлэгээр хүнтэй унтсан, бэлгийн харьцаанд ороод удсан шинжтэй байсан. ...2 хоногийн дараа П.Б нь ирээд охидод зориулсан спираль тавиулсан. Манай эмнэлгээр ирж үйлчлүүлэхдээ ээжтэйгээ ирсэн. Охидын спираль гэдэг нь 5 жилийн хугацаатай бусад спиралийг бодвол жижиг хэмжээтэй умайн хөндийд оруулж тавьдаг, төрөөгүй эмэгтэй хүнд тавьдаг пластик материалтай жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл байгаа юм...” /2 хх 109-112/,

гэрч Г.Б-ын “...П гэх эгч энүүгээр орилж хашхирна, хүүхдүүдтэйгээ муудалцаад л орилж хашхираад, загнаад байгаа бололтой байдаг. ...Тэднийх болон манайх гэрт амьдардаг учраас хэрүүл маргаан их сонсогддог. Манай энд нүүж ирээд 4-5 жил болж байна. ...Ер нь хүүхдүүдтэйгээ их муухай харьцдаг, хэцүү зан авиртай, харилцааны доголдолтой гэж би мэддэг. Нэг том охин нь байдаг, гэртээ ирэхгүй байгаа. Болохгүй болоод л ирэхгүй байгаа байх гэж бодож байна...” /2 хх 116-120/,

шүүгдэгч С.Пын “...Би дээрх зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би өөрийн төрсөн хүүхдээ хүнтэй бэлгийн харьцаанд хүчээр оруулсан, биеийг нь үнэлүүлж худалдаалсан мөнгө төгрөг авсан асуудал огт байхгүй. ...Би Ц гэх нэрээр нь сайн мэднэ. Манай нөхөртэй хамт барилгын ажил хийдэг хүн байгаа юм аа. 2021 оны 12 дугаар сараас манай нөхөр Мягмарцогттой хамт ажилладаг учир гэрээр орж гардаг болсон. Тэгээд танилцаж мэддэг болсон. Эыг яг манай гэрт амьдар барь гэж хэлсэн хүн бол байхгүй. 2022 оны 12 дугаар сараас хойш манай гэрээр орж гардаг, хонодог болсон. ...2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш байх Б манай төрсөн дүү Э-г дагаад барилга руу хань болох гэж 2-3 хоног хамт явсан. Тэгээд тэр үеэс хойш Ц гэх хүнтэй “chat”-аар харилцаад байна гэж байсан...” /2 хх 85-86/ гэх мэдүүлгүүд,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 5 дугаар сарын 27- ны өдрийн №551 дугаар “...С.П нь хэрэг хариуцах чадвартай...” /хх 167-168/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №1114 дугаар “...П.Б нь стресст өгөх сунжирсан хариу урвалтай, мэдүүлэг өгөх чадвартай...” /2 хх 153-154/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 6300 дугаар “...П.Бийн биед зүүн дал, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. П.Бийн охин хальс 7-н цагийн байрлалд хуучин урагдалтай байна. Охин хальсны урагдал нь үзүүлэхээс 14-ээс дээш хоногийн өмнө үүссэн байна...” /хх 172-175/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн №6392 дугаар “...Д.Э бэлгийн харьцаанд орох чадвартай байна...” /хх 176-177/ гэх шинжээчийн дүгнэлтүүд,

Д.Эоос хавтаст хэрэгт хавсаргуулахаар гаргаж өгсөн “П.Бтэй хамт авхуулсан гэрэл зураг, Пын “Facebook” хаягаас ирүүлсэн “chat”, Бтэй харилцаж байсан “chat” зэргийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 31-44/,

насанд хүрээгүй хохирогч П.Бийн “Эмзэг дэлбээ” гэх нэртэй “Facebook” хаягаар бусадтай харилцаж байсан “chat” болох баримтад үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх 130/,

насанд хүрээгүй гэрч Б.Бэс насанд хүрээгүй хохирогч П.Бтэй харилцаж байсан талаарх “chat” гэх хуулбарлан өгсөн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 132-139/,

С.П, Д.Э нарын эзэмшлийн арилжааны банкны дэлгэрэнгүй хуулга, дансны хуулганд үзлэг хийсэн “Д.Эын .. дугаартай данснаас С.Пын ... дугаарын данс руу нийт 2.775.000 төгрөг шилжүүлсэн тухай” мөрдөгчийн тэмдэглэл /хх 142-166/,

С.Пын “Gvnjee” нэртэй “Facebook”-ээс Д.Эын “Э Дугарсүрэн” нэртэй “Facebook” рүү бичсэн болон share хийсэн зургууд /хх 32-43/,

П.Бийн “Bolortsetseg” нэртэй “Facebook”-ээс Д.Эын “Э Дугарсүрэн” нэртэй “Facebook” рүү бичсэн болон share хийсэн зургууд /хх 44, 2 хх 124-148/,

гэрч Д.Т /ангийн багш/-аас гаргаж өгсөн “chat”-нд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 130/,

2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн гэрэл зургийг хэрэгт хавсаргах тухай “...П.Бийн найзууд руугаа явуулсан “chat”-ны зургууд...” гэх мөрдөгчийн тогтоол /хх 114, 127-129/,

“Сант Марал” эмнэлгийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн №22 дугаар “...Пын Б /РД:.../ гэж үйлчлүүлэгч байх бөгөөд регистрийн дугаарын сүүлээс 3 дахь орон өөр байгаа тул тус үйлчлүүлэгчийг мөн эсэхэд эргэлзээтэй байна. Энэ үйлчлүүлэгч нь 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 14.00 цагт үтрээний наацын шинжилгээ өгч 2 хоногийн эмчилгээ буюу үтрээний үрэвслийн лаа бичүүлж, хоёр хоногийн дараа 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 12:11 цагт охидын спираль /төрөөгүй эмэгтэйчүүдэд тавьдаг 5 жилийн хугацаатай спираль/ тавиулсан...” гэх албан тоот /хх 91/,

П.Бийн “2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 15 нас 09 сар 28 хоногтой” гэх нас тоолсон тэмдэглэл /хх 24/, П.Бийн төрсний гэрчилгээний хуулбар /хх 46/, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх 25-27/, насанд хүрээгүй хохирогч П.Бийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 115-126/, насанд хүрээгүй хохирогч П.Бийн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн түр хамгаалах байранд үйлчилгээ авч байгаа талаарх баримт /хх 213-250, 2 хх 1-16/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байна.

  Анхан шатны шүүх С.Пыг “арван дөрвөөс арван найман насанд хүрээгүй хүнийг хүч хэрэглэхээр заналхийлж, эрхшээлдээ байгаа байдлыг далимдуулан бусадтай бэлгийн харилцаанд албадан оруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Шүүхээс эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тодорхойлохдоо шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийн тал бүрээс нь харгалзан үзэж тухайн зүйл заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь  нь хууль зүйн үндэслэлтэй байхаас гадна эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн, энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч С.П, түүний өмгөөлөгч Д.Энхбаатарын нарын гаргасан “...4 жилийн хорих ялыг багасгаж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

  Хэргээс үзэхэд, насанд хүрээгүй хохирогч П.Бийн “...Д.Э ах манай гэрт ирж амьдрахад ээж, аав хоёр “...чи манай охинтой унтаж хэвтэх гэж байгаа бол бэлгэвч хэрэглээрэй...” гэж хэлж байсан бөгөөд ээж Э ахтай “chat” бичүүлж яриулдаг байсан. ...Намайг унтаж хэвтэхгүй гэхээр цохиж зоддог байсан. ...ээж С.П нь “...чи наад залуугийнхаа өврийг дулаацуулж байгаад машин, малыг нь заруулаад надад мөнгийг нь авч өг...” гээд байнга шахуу дарамтлах болсон бөгөөд 2022 оны 01 дүгээр сард намайг дагуулж яваад спираль тавиулсан. ...Би анх Д.Этой 2021 оны 11 дүгээр сарын сүүлээр ...хамгийн анх удаа бэлгийн харьцаанд орсон. ...2022 оны 3 дугаар сар хүртэл орой болгон бараг байнгын давтамжтай..., гэр бүлийнхнийг орондоо орсны дараа л бэлгийн харьцаанд ордог. ...Ээж надад Э 10 хоногт 2, 3 сая төгрөг олдог, ар гэр нь малтай, чи энэ хүнтэй суучих юм бол дутагдаж гачигдах зүйлгүй амьдарна, ...чи 16 хүрэхээрээ гэрлэлтээ батлуулчихвал ядаж салахад хөрөнгөнөөс нь авна, чамд хохироод байх юм байхгүй ...гээд байсан. ...оюутан болоод сургалтын төлбөрөө төлүүл, юу ч үгүй болтол нь сэгсрээд мөнгө төгрөг ав, тэр болтол аятайхан аашлаад хайраа гээд гуйгаад сайхан харилц гэж хэлдэг..., ...ээж намайг ийм байдалд ороход хүргэсэн...” /хх 7-8, 195-196, 2 хх 50-54/, гэрч Д.У-ийн “...П.Б гэх охин манай гэрт “ээж зодоод байна” гээд 7-8 хоног хоносон байх, тэгээд хөл гар нь хөхөрчихсөн байдалтай нэлээн гундуу, царай алдчихсан, сэтгэл санаагаар уначихсан ирсэн...” /хх 10/, гэрч Д.Эын “...Намайг М манай гэрт ирнэ гээд ирэхгүй юмаа ирээч ээ гээд ...2021 оны намар гэрт нь ...очсон. ...Тэгээд хөдөө ажилд явахаар Б чамайг санаад байна манайд хүрээд ир гээд М дууддаг байсан. ...Би Бтэй цагаан сарын өмнөхөн хамт тэврэлдэж хэвтээд үнсэлцэж байгаад бэлгийн харьцаанд орсон. Тухайн үед гэрт М, П, дөрвөн дүү нь хажуугаар унтаж байсан. ...П дахиж бэлгийн харьцаанд орох вий гэж бодоод спираль тавиулсан...” /хх 7-8/, насанд хүрээгүй гэрч П.П-ийн “...Д.Э ах ...өглөө сэрэхэд эгчийн цаагуур газар унтаж байдаг байсан...” /хх 172-175/, насанд хүрээгүй гэрч Б.Б “...П.Б хичээлдээ ирэхэд нүд нь хөхөрчихсөн ...“ээж цохисон” гэж хэлж байсан. П.Бтэй уулзаад юм ярихад “ээж намайг тэр ахтай бараг суулгах гэж байгаа юм шиг ядаргаатай юм” гээд хэлж байсан...” /хх 83/, гэрч С.М-ын “...Д.Э над руу ...залгаад “...Би танай охинтой унтчихсан одоо яана аа...” гэж хэлж байсан...” /хх 64-65/, гэрч З.С-ийн “...Э ахын утас руу П гэх эмэгтэй залгаад “миний хүү хааччихав аа, гэр орондоо ирж хоолоо идэхгүй юм уу, эхнэр чинь гээд нэг сэгсийсэн юм энд байх юм аа” гэж хэлээд ёжилсон байдалтай инээсэн...” /2 хх 100-101/, гэрч Д.Т-ын “...П.Бийн ангийн найз Б, Х нараар дамжуулж асуулгаж мэдээлэл авахад П.Б нь тухайн хүүхдүүдэд “...ээж намайг үсдэж зодож, би өөрөө гэрээсээ зугтаад гарсан, шалтгаан нь намайг 30 настай хүнтэй суулгах гээд байгаа юм...” гэж тухайн хүүхдүүд рүү “chat”-аар хэлж байсан, харин ээж нь болохоор гэрээсээ гараад явчихсан л гэж хэлсэн. ...Тухайн зурвасууд миний утсан дээр байгаа би хадгалчихсан...” /хх 76-77/, гэрч Г.Л-ийн “...П.Б нь ирээд охидод зориулсан спираль тавиулсан. ...ээжтэйгээ ирсэн...” /2 хх 109-112/, гэрч Г.Б-ын “...Ер нь хүүхдүүдтэйгээ их муухай харьцдаг, хэцүү зан авиртай, харилцааны доголдолтой гэж би мэддэг. Нэг том охин нь байдаг, ...болохгүй болоод л ирэхгүй байгаа байх...” /2 хх 116-120/ гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 6300 дугаар “...П.Бийн биед зүүн дал, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. П.Бийн охин хальс 7-н цагийн байрлалд хуучин урагдалтай байна...” /хх 172-175/ шинжээчийн дүгнэлт, Д.Эоос хавтаст хэрэгт хавсаргуулахаар гаргаж өгсөн “П.Бтэй хамт авхуулсан гэрэл зураг, Пын “Facebook” хаягаас ирүүлсэн “chat”, Бтэй харилцаж байсан “chat” зэргийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 31-44/, насанд хүрээгүй хохирогч П.Бийн “Эмзэг дэлбээ” гэх нэртэй “Facebook” хаягаар бусадтай харилцаж байсан “chat” болох баримтад үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх 130/, насанд хүрээгүй гэрч Б.Бэс насанд хүрээгүй хохирогч П.Бтэй харилцаж байсан талаарх “chat” гэх хуулбарлан өгсөн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 132-139/, С.П, Д.Э нарын эзэмшлийн арилжааны банкны дэлгэрэнгүй хуулга, дансны хуулганд үзлэг хийсэн “Д.Эын ... дугаартай данснаас С.Пын ... дугаарын данс руу нийт 2.775.000 төгрөг шилжүүлсэн тухай” мөрдөгчийн тэмдэглэл /хх 142-166/, С.Пын “Gvnjee” нэртэй “Facebook”-ээс Д.Эын “Э Д” нэртэй “Facebook” рүү бичсэн болон share хийсэн зургууд /хх 32-43/, П.Бийн “Bolortsetseg” нэртэй “Facebook”-ээс Д.Эын “Э Д” нэртэй “Facebook” рүү бичсэн болон share хийсэн зургууд /хх 44, 2 хх 124-148/, гэрч Д.Төгсжаргал /ангийн багш/-аас гаргаж өгсөн “chat”-нд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 130/, 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн гэрэл зургийг хэрэгт хавсаргах тухай “...П.Бийн найзууд руугаа явуулсан “chat”-ны зургууд...” гэх мөрдөгчийн тогтоол /хх 114, 127-129/ зэрэг нотлох баримтуудаар С.Пын гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд “...төрүүлж өсгөсөн үрээ бусдад зарсан тохиолдол байхгүй...” гэх шүүгдэгчийн давж заалдах гомдол няцаагдаж байна.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэд хэдэн яллагдагч нэг, эсхүл хэд хэдэн гэмт хэргийг хамтран үйлдсэн, эсхүл нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно.”, 3 дахь хэсэгт “Хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй бол зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлаж болно.”, 7 дахь хэсэгт “Прокурор энэ зүйлд заасны дагуу эрүүгийн хэргийг нэгтгэх, тусгаарлах тухай үндэслэл бүхий шийдвэр гаргана.” гэж тус тус заасан ба яллагдагч С.П, Д.Э нарт холбогдох эрүүгийн хэргээс Д.Эод холбогдох эрүүгийн хэргийн тусгаарлаж /2 хх 173-174/ шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, хуульд нийцэхгүй байгаа болохыг дурдах нь зүйтэй.

  Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.П, түүний өмгөөлөгч Д.Энхбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Шүүгдэгч С.П нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2023/ШЦТ/160 дугаар шийтгэх тогтоол гарснаас хойш буюу давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 51 /тавин нэг/ хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулж тооцох нь зүйтэй байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2023/ШЦТ/160 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.П, түүний өмгөөлөгч Д.Энхбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Пын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 51 /тавин нэг/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                                    ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                      ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ