Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 306/ШШ2025/00079

 

 

2025 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 306/ШШ2025/00079

Говьсүмбэр аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 1 дүгээр баг, """" тоотод оршин суух, ""н овогт """ын """н /РД:ОР""5, утас: """0/

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц"""эн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга """хан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч """н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1.1. Ц.Д""" миний бие цэргээс халагдаад Хяргас суманд очиж ажилд орсон юм. Намын хорооны дарга намайг нөхөр минь социалист бүтээн байгуулалтад гар бие оролцохоос зайлсхийж байна, яагаад ажилд ордоггүй юм, маргааш ирж ажилд ор гэсэн юм. Тэгээд ажилд орсон, 1990 онд гэр бүлтэй болоод манай мужаан хувьчлагдаад, хувьчлалаар мал авсан. Гэтэл 1990 оны жил энд, тэндээ онгорхой, түүнийг нөхөх зорилгоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. 1987 онд 2 сар ажилласан байх жишээний, 1988 онд 5 сар ажилласан байх жишээний. 1986 он бүр огт байхгүй. Увс аймгийн архиваас авахад бичилт дутуу баримт гарч ирсэн. Үүнийг асууж лавлаад больё гэж бодож байтал ахмадууд 1 өдөр, 1 сар ч тэтгэвэрт нэмэр болдог гэхээр нь шүүхэд өргөдөл гаргасан. 1986 оны 06 дугаар сарын 25-ны өдөр цэргээс халагдсан. Баяр өнгөрөөд байж байтал намын дарга дуудаад маргааш нь очтол хөнжил, гудсаа аваад машинд суу, ууланд гарч мод бэлд гээд нэгдлийн малчдын хашаа, хороог засах мужааны ажилд орсон. Тухайн үеийн бүхий л ажилд оролцож явсан. Иймд миний биеийг 1986 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн хүртэлх хугацаанд Увс аймгийн Хяргас сумын Хяргас нуур нэгдэлд туслах ажилчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

 

2. Нэхэмжлэгчээс: Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын газрын зөвлөмж, иргэний үнэмлэхийн лавлагаа, хөдөлмөрийн дэврийн хуулбар, Баярын бичиг, диплом, Увс аймгийн Хяргас сумын Хяргас нуур нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1983 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Зарим уран сайханчид, барилгачдыг шагнах тухай 144 дүгээр тогтоол, Увс аймгийн Хяргас сумын Хяргас нуур нэгдлийн даргын 1989 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Мэргэжлийн зэрэг олгох тухай 125 дугаар тушаал, Хяргас нуур нэгдлийн зөвлөлийн тайлан сонгуулийн хурлын 1990 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Гишүүнээр элссэн хүнийг батлах тухай 03 дугаар тушаал, түүний хавсралт, Увс аймгийн Хяргас сумын Хяргас нуур нэгдлийн ерөнхий хорооны даргын 1991 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай 73 дугаар тушаал, цалингийн тодорхойлолт, цалингийн тооцооны хүснэгтүүд, Батлан хамгаалах яамны батлан хамгаалахын төв архивын 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 7390 дугаар лавлагаа зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

 

2. Хүсэлт гаргагч """н нь дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Үүнд:

2.1. Миний бие нь 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдөр цэргээс халагдаад, 1986 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Увс аймгийн Хяргас сумын Хяргас нуур нэгдэлд туслах ажилчнаар ажилд орж, 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн хүртэлх хугацаанд ажиллаж байсан. Одоо тэтгэвэр тогтоолгох гэтэл ажилд томилсон болон чөлөөлсөн тушаал архиваас олдохгүй байна. Иймд ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэжээ.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын газрын зөвлөмж, иргэний үнэмлэхийн лавлагаа, хөдөлмөрийн дэврийн хуулбар, баярын бичиг, диплом, Увс аймгийн Хяргас сумын Хяргас нуур нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1983 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Зарим уран сайханчид, барилгачдыг шагнах тухай 144 дүгээр тогтоол, Увс аймгийн Хяргас сумын Хяргас нуур нэгдлийн даргын 1989 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Мэргэжлийн зэрэг олгох тухай 125 дугаар тушаал, Хяргас нуур нэгдлийн зөвлөлийн тайлан сонгуулийн хурлын 1990 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Гишүүнээр элссэн хүнийг батлах тухай 03 дугаар тушаал, түүний хавсралт, Увс аймгийн Хяргас сумын Хяргас нуур нэгдлийн ерөнхий хорооны даргын 1991 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай 73 дугаар тушаал, цалингийн тодорхойлолт, цалингийн тооцооны хүснэгтүүд, Батлан хамгаалах яамны батлан хамгаалахын төв архивын 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 7390 дугаар лавлагаа зэргээр Цага""" овогт """н """эн /РД:ОР"""15/-г 1986 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн хүртэлх хугацаанд Увс аймгийн Хяргас сумын Хяргас нуур нэгдэлд туслах ажилчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6.-д хүний ажиллаж байсан байдал буюу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг шүүх тогтооно гэснийг үндэслэн онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

5. Хуульд зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 133 дугаар зүйлийн 133.1.1.-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4.заасныг баримтлан ""н овогт Ц"""ын """рэн /РД:ОР6"""15/-г 1986 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн хүртэлх хугацаанд Увс аймгийн Хяргас сумын Хяргас нуур нэгдэлд туслах ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагч Ц.Д"""нгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2.-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ   П.ЦОГЗОЛМАА