Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2023/ДШМ/321

 

 

 

 

2023            3              23                                             2023/ДШМ/321

 

 

А.Э, Б.Б, П.С,

Ц.Б, Н.Н, Б.А, Б.Ө

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор У.Анхжаргал,

шүүгдэгч А.Э, түүний өмгөөлөгч Т.Баасанжаргал, Ц.Дэлгэрням,

шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч М.Хандармаа,

шүүгдэгч Б.Ө, түүний өмгөөлөгч Б.Чинзориг,  

хохирогч “Хас лизинг” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч С.Б,

хохирогч “Хаан банк” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч С.Г,

хохирогч “Констракшн коммершл инвестмент ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б,

хохирогч “Бизнесийн оргил” ХЗХ-ны гүйцэтгэх захирал Ж.Б,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

           Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж, шүүгч А.Алтанхуяг, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/952 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Э, түүний өмгөөлөгч Т.Баасанжаргал, Ц.Дэлгэрням, хохирогч “Хас лизинг” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч С.Б, хохирогч “Констракшн коммершл инвестмент ББСБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.Т, хууль ёсны төлөөлөгч Э.М нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн А.Э, Б.Б, П.С, Ц.Б, Н.Н, Б.А, Б.Ө нарт холбогдох эрүүгийн 1911 00992 1200 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. ... овгийн А.Э, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ... хамт ... тоотод оршин суух, /РД:.../,

            - Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 227 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн;

 

            2. ... овгийн Б.Ө, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр ... төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Өгөөмөр” зах дээр дугуй зардаг, ам бүл ... хамт, ... боловч одоогоор ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:/;

            3. ... овгийн Б.Б, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр ... төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, эхнэр, 2 хүүхдийн хамт,

            - Баянгол дүүргийн шүүхийн 2002 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 174 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг мөн хугацаагаар хойшлуулсан,

            - Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 407 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хугацаагаар тэнссэн;

            4.... овгийн Ц.Б, ... оны ... дүгээр сарын ...-ний өдөр ... төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй ажилтай, ам бүл ... хамт, ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:/;  

            5. ... овгийн Б.А, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ... хамт, ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /

6. ... овгийн Н.Н, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр ... төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, түүхч мэргэжилтэй, ....-д гүйцэтгэх захирал ажилтай, ам ... хамт, ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй,

7. ... овгийн П.С, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр ... төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, ...ХХК-д хүнд машин механизмын операторч ажилтай, ам бүл ... хамт, ... тоотод оршин суух,

- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 630 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн. 

1. Шүүгдэгч А.Э, Б.Ө нар нь бүлэглэн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, “Премиум Палас” төвд үйл ажиллагаа явуулдаг “Констракшн коммершл инвестмент” ББСБ-иас Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол Чингүнжавын гудамж ... 92,80 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг Б.Өын өмчлөлийн мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгон Ү-000676163 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ болон зээл авахад шаардлагатай хуурамч баримт бичиг ашиглан барьцаанд тавьж 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр “Констракшн коммершл инвестмент” ББСБ-тай 100.000.000 төгрөгийг 3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар “бизнесээ өргөжүүлнэ” гэж хуурч, залилан авч, их хэмжээний хохирол учруулсан,

дээрх гэмт хэргийг үйлдэхдээ Б.Өын нэр дээр бүртгэлтэй .... дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, нүүрс тээвэрлэх гэрээ, Б.Өын дугаарын дансны мэдээлэл зэрэг хүний хувийн байдлыг тодруулсан, эдийн баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах баримт бичгийг хуурамч гэдгийг мэдсээр байж ашигласан,

2. Шүүгдэгч А.Э нь Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Жижиг, дунд үйлдвэрлэгчтэй хамтран ажиллана” гэсэн зарыг цахим орчинд байршуулан, цахим хэрэгсэл ашиглаж, Б.Өод “батлан даалтын сангийн зээлд хамруулж өгнө, хүү нь бага байдаг зээл гаргуулж өгнө, хүнээр төсөл бичүүлэх хэрэгтэй байна, хамтран зээлдэгчээр эхнэрийг чинь оруулна, нийгмийн даатгалыг нь төлүүлнэ” гэх зэргээр хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хооронд 6.400.000 төгрөгийг залилан авсан,

3. Шүүгдэгч А.Э нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Чингүнжавын гудамж 52а байрны 62 тоот, 154 м.кв талбайтай, таван өрөө орон сууцны улсын бүртгэлийн ...  дугаартай гэрчилгээ, . /РД:.../ гэсэн иргэний үнэмлэхийг хуурамч гэдгийг мэдсээр байж ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, Э.Т-ын нэрээр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр “Бизнесийн оргил” ХЗХ-той 70.000.000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, 1 сарын 5 хувийн хүүтэй, “махны бизнес хийнэ” гэж хууран, “Зээлийн гэрээ” байгуулан залилан авч их хэмжээний хохирол учруулсан,

дээрх гэмт хэргийг үйлдэхдээ Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Чингүнжавын гудамж, 52а байрны 62 тоот, 154 м.кв талбайтай, таван өрөө орон сууцны улсын бүртгэлийн ... дугаар гэрчилгээ, Э.Т  гэсэн иргэний үнэмлэх зэрэг хүний хувийн байдлыг тодруулсан, эдийн баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах баримт бичгийг хуурамч гэдгийг мэдсээр байж ашигласан,

4. Шүүгдэгч А.Э, Ц.Б нар нь бүлэглэн “Мөнххада” ХХК-ийн худалдан борлуулж буй “Тоёота Ланд Круйзер 200” загварын тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлэн авахын тулд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хас лизинг” ХХК-д 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Ц.Бий нэрээр хуурамч бичиг, баримт бүрдүүлэн өгч, тус компанитай 281.544.042 төгрөгийн үнийн дүнтэй санхүүгийн түрээсийн гэрээг байгуулж, уг гэрээний урьдчилгаанд 43.669.000 төгрөгийг төлж, тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг “Мөнххада” ХХК-ийн нэр дээр шилжүүлэх тухай 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 18/1265 дугаартай албан бичгийг “Ц.Бий нэр дээр бүртгүүлэх” гэсэн утгаар засварлан өөрчилж, уг хуурамч баримт бичгийг Автотээврийн үндэсний төвд өгч ашиглан .... арлын дугаартай “Тоёота Ланд Круйзер 200” загварын тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийн гэрчилгээг Ц.Бий нэр дээр гаргуулан авч, Автотээврийн үндэсний төвөөс Баян-Өлгий аймгийн автотээврийн салбарт олгогдсон ... дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг хууль бусаар олж авч ашиглан, ... арлын дугаартай “Тоёота Ланд Круйзер 200” загварын тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг “Хас лизинг” ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн мэтээр хуурамч бичиг баримт үйлдэн зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, хуурч “Хас лизинг” ХХК-ийн өмчлөлийн “Тоёота Ланд Круйзер 200” загварын тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлэн авсны улмаас тус компанид 239.930.601 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

дээрх гэмт хэргийг үйлдэхдээ Ц.Бий орлого нотлох баримтууд болох нүүрс тээвэрлэх гэрээ, компанийн тодорхойлолт, тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг “Мөнххада” ХХК-ийн нэр дээр шилжүүлэх тухай 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 18/1265 дугаартай албан бичгийг тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэрэг хүний хувийн байдлыг тодруулсан, эдийн баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах баримт бичгийг хуурамчаар үйлдэн, хуурамч гэдгийг мэдсээр байж ашигласан,

5. Шүүгдэгч А.Э, Б.А нар нь бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш 6а байрны 16 тоот 60,23 м.кв талбай бүхий ... дугаар бүртгэлтэй ... үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хуурамчаар үйлдэж, улмаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Капитрон” банканд тухайн орон сууцыг өөрийнх мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгон, ... дугаар бүртгэлтэй хуурамч гэрчилгээг ашиглан зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулж 75.600.000 төгрөгийн зээл гаргуулан авч, их хэмжээний хохирол учруулсан,

дээрх гэмт хэргийг үйлдэхдээ Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш 6а байрны 16 тоот 60,23 м.кв талбай бүхий ... дугаар бүртгэлтэй ... үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Б.А, А.Э нарын хооронд байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ зэрэг хүний хувийн байдлыг тодруулсан, эдийн баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах баримт бичгийг хуурамчаар үйлдэн, хуурамч гэдгийг мэдсээр байж ашигласан,

6. Шүүгдэгч А.Э, Н.Н нар нь бүлэглэн “Таван богд” ХХК-ийн худалдан борлуулж буй “Ланд Круйзер-150 прадо” загварын тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлэн авахын тулд Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хаан банк” ХХК-д “Н.Н” нэрээр бүрдүүлсэн хуурамч бичиг, баримтыг өгч, хуурч, баримт бичиг ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, тус банктай 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 109.000.000 төгрөгийн үнийн дүнтэй ... дугаартай автомашин худалдан авах зориулалтаар “Зээлийн гэрээ”, мөн өдөр ... дугаарын барьцааны гэрээг байгуулж, үүргийн гүйцэтгэлд “Ланд Круйзер-150 прадо” загварын тээврийн хэрэгслийг барьцаалсан боловч барьцааны хөрөнгө болох тээврийн хэрэгслийг бусдад зарж борлуулан өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч “Хаан” банканд 109.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан,

дээрх гэмт хэргийг үйлдэхдээ хүний хувийн байдлыг тодруулсан зээл авахад шаардлагатай баримт болох “Алтан наяд” ХХК, “Турьхан хангай” ХХК-ийн тодорхойлолтууд, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, З.Мөнхзулын ... дугаар “Хас” банкны дансны хуулга, “Капитал”, “Хас” банкны дансны хуулга, түрээсийн гэрээ зэрэг бичиг баримтыг хуурамч гэдгийг мэдсээр байж ашигласан,

7. Шүүгдэгч А.Э, П.С нар нь бүлэглэн “Таван богд” ХХК-ийн худалдан борлуулж буй “Ланд Круйзер 200” загварын тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлэн авахын тулд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хаан банк” ХХК-д “П.С” нэрээр бүрдүүлсэн хуурамч бичиг, баримтыг өгч, хуурч, баримт бичиг ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, тус банктай 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 139.000.000 төгрөгийн үнийн дүнтэй ... дугаартай автомашин худалдан авах зориулалтаар “Зээлийн гэрээ”, мөн өдөр ... дугаарын барьцааны гэрээг байгуулж, үүргийн гүйцэтгэлд ... арлын дугаартай “Ланд Круйзер 200” загварын тээврийн хэрэгслийг барьцаалсан боловч барьцааны хөрөнгө болох тээврийн хэрэгслийг бусдад зарж борлуулан өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилан “Хаан” банканд 139.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

дээрх гэмт хэргийг үйлдэхдээ хүний хувийн байдлыг тодруулсан зээл авахад шаардлагатай баримт болох “...” ХХК, “...” ХХК-ийн тодорхойлолтууд, П.С, А.А нарын нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийн талаарх тодорхойлолт, П.Сийн “Хас” банкны ... дугаар дансны хуулга, А.Аын “Капитал” банкны ... дугаар дансны, “Худалдаа хөгжлийн” банкны ..., ..., ... дугаар дансны хуулга зэрэг бичиг баримтыг хуурамч гэдгийг мэдсээр байж ашигласан,

8. Шүүгдэгч А.Э нь “Таван богд” ХХК-ийн худалдан борлуулж буй “Ланд Круйзер 200” загварын тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлэн авахын тулд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хаан банк” ХХК-д өөрийн нэрээр бүрдүүлсэн хуурамч бичиг, баримтыг өгч, хуурч, баримт бичиг ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, тус банктай 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 136.000.000 төгрөгийн үнийн дүнтэй ... дугаартай автомашин худалдан авах зориулалтаар “Зээлийн гэрээ”, мөн өдөр ... дугаарын барьцааны гэрээг байгуулж, үүргийн гүйцэтгэлд ... арлын дугаартай “Ланд Круйзер 200” загварын тээврийн хэрэгслийг барьцаалсан боловч барьцааны хөрөнгө болох тээврийн хэрэгслийг бусдад зарж борлуулан өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилан “Хаан” банканд 136.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

дээрх гэмт хэргийг үйлдэхдээ хүний хувийн байдлыг тодруулсан зээл авахад шаардлагатай баримт болох А.Э, Х.Т нарын хооронд байгуулсан “Орон сууц хөлслөх гэрээ”, ... дугаарын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, “Сандэй плаза” ХХК-д лангуу түрээслэн түүний түрээсийг төлж байсан мэт бэлэн мөнгөний орлогын баримт, Ш.Этай байгуулсан “Түрээсийн гэрээ” зэрэг хүний хувийн байдлыг тодруулсан, эдийн баялгийг эзэмших ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлох баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан,

9. Шүүгдэгч А.Э нь 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 46 дугаар байрны гадна Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинол агууламжтай, “шавар” гэх нэршилтэй, 3 хэсэг ууттай, нийт 4 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

10. Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 8 дугаар сарын 21-нээс 22-ны өдрийг хүртэл Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт ... УБИ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинол агууламжтай, “шавар” гэх нэршилтэй, 0,3274 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: А.Эийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

Б.Ө, Ц.Б, Б.А, Н.Н, П.С нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

Б.Б үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овгийн Аийн Эийг ганцаараа болон бусадтай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр “бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулж “Залилах” гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэрэгт, Баяжих овгийн Болдхүүгийн Ө, Боржигон овгийн Цэндийн Б, Жинчин овгийн Бгийн А, Олхонууд овгийн Нэргүйн Н, Сартуул овгийн Пүрэвбаасангийн С нарыг бусадтай бүлэглэн “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт, А.Э, Б.Ө, Ц.Б, Б.А, Н.Н, П.С нарыг “Тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний, үнэмлэх, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэгт, А.Э, Б.Б нарыг “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож, шүүгдэгч А.Э, Б.Ө, Ц.Б, Б.А, Н.Н, П.С нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан “хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч А.Эийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 7 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Өыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ц.Б, Н.Н, П.С нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт  тус бүр 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч А.Э Б.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ялыг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Эд оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдэлж дуусмагц, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эийн цагдан хоригдсон 124 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Б цагдан хоригдсон 4 хоногийг ял эдэлсэн хугацаанд тооцож, эдлээгүй үлдэх 11 сар 26 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч А.Э, Б.Б нарын зорчих эрхийг шүүхээс тэдгээрийн оршин суудаг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар хязгаарлаж, тэдгээрт хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Ө, Б.А, Ц.Б, Н.Н, П.С нарт тус бүр оногдуулсан торгох ялаас тэдгээрийн цагдан хоригдсон 4 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 60.000 төгрөгийн торгох ялыг эдэлсэнд тооцож, Б.Ө, Б.А нарыг 9.940.000 төгрөгийн торгох ялыг, Ц.Б, Н.Н, П.С нарыг 11.940.000 төгрөгийн торгох ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол А.Эийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Б, Б.Ө, Ц.Б, Б.А, Н.Н, П.С нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шүүх хуралдааны танхимаас суллаж, тэдгээрт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эөөс хохиролд нийт 676.426.140 төгрөг гаргуулж, хохирогч “Констракшн коммершл инвестмент” ББСБ-д 73.000.000 төгрөг, Б.Өод 5.100.000 төгрөг, “Бизнесийн оргил” ХЗХ-нд 66.500.000 төгрөг, “Хас лизинг” ХХК-д 183.269.781 төгрөг, “Капитрон” банканд 45.668.968 төгрөг, “Хаан” банканд 302.827.391 төгрөг, шүүгдэгч П.Соос “Хаан” банканд 4.002.658 төгрөгийг, гэм хорын хохиролд иргэний нэхэмжлэгч “Монгол даатгал” ХК-нд 10.400.000 төгрөг тус тус олгож, шүүгдэгч А.Эөөс хохиролд тооцуулахаар Төрийн сангийн ... тоот дансанд байршуулсан 4.830.000 төгрөгийг хохирогч нарт олгох ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 3 дахь хэсэгт тус тус зааснаар Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа №1, №2, №3 гэж хаягласан 3 хэсэг ууттай бор өнгийн шавар мэт зүйл зэргийг устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шилжүүлсэн эд мөрийн баримтын жагсаалт болон хэрхэн устгагдсан баримтыг хэрэгт хавсаргахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Прокурорын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 960 дугаар зөвшөөрлөөр “Тоёота Ланд круйзер 200” загварын 01-09 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай зөвшөөрлийг хүчингүй болгож, энэ хэрэгт эрүүгийн 2109000000867, 1909031930870, 2109000000869, 2105023850021 дугаартай хэргүүд тусгаарлагдсан, хураагдсан иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ. 

Шүүгдэгч А.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие анхан шатны шүүхээс А.Э намайг бусдыг залилах болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрч байгаа боловч гэмт хэрэг үйлдэж олсон мөнгийг амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би анх 2016 оноос эхлэн покер старс болон цахим бусад покер тоглоом тоглох болсон ба зарим үедээ амжилттай тоглож, ашиг олох тохиолдол байсан тул анх гэмт хэрэгт холбогдсон үеэсээ эхлэн цахим покерыг үргэлжлүүлэн тоглож, ашиг олох юм бол бүх хохирол төлбөрөө барагдуулна гэж найдаж явсан. Олон удаагийн үйлдэлтэй гэмт хэрэг үйлдэж, бусдад их хэмжээний хохирол учруулаад байна. Мөн энэ гэмт хэргийг үйлдэхдээ Б.Ө, Ц.Б, Б.А, Н.Н, П.С нарыг гуйх, ятгах зэргээр тус хэрэгт татан оруулсандаа харамсаж, эдгээр шүүгдэгч нараас болон бүх хохирогч нараасаа уучлал гуйж байна. Миний бие гэмт хэрэг үйлдэж өөртөө олсон гэх мөнгийг өөртөө зарцуулаад тансаг сайхан амьдраад, амьдралдаа ахиц дэвшил гаргаад хүмүүсийг залилсан мөнгөөрөө бизнес хийгээд эсхүл үнэтэй байр, машин авсан зүйл огт байхгүй бөгөөд анх гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөөрөө цахим покер тоглоод алдсан тул дахин гэмт хэрэг үйлдэж тухайн  мөнгөөрөө покер тоглоод хожиж чадвал их хэмжээний мөнгө олж бүх өрөө барагдуулж чадна гэж найдаж явсаар эдгээр хүмүүсийг хохироосон. Энэхүү хэрэгтээ тохирох ял шийтгэлээ эдэлж, цаашид шударгаар хөдөлмөрлөн хохирлоо барагдуулах болно. Мөрдөн байцаалтын шатанд мөнгийг хэрхэн юунд зарцуулсан талаараа хэлсэн, тухайн үедээ үрээд зарцуулаад дуусгасан. Хэрэв цахим покер тоглоод алдсан гэвэл мөрийтэй тоглосон гээд ял нэмэгдэх байх гэж айгаад энэ талаараа мэдүүлээгүй.

1. Мөн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр “Бизнесийн оргил” ХЗХ-оос авсан 70.000.000 төгрөгийн зээлд Б, Б нар холбоотой болно. Уг зээлийг авахад гол нөлөөлсөн зүйл бол хуурамч иргэний цахим үнэмлэх юм. Энэ хуурамч үнэмлэхийг Бын найз Б гэж хүн надаас 1 сая төгрөг авч, уг бичиг баримтыг хийж өгснөөр зээл авах боломжтой болсон. Энэ хуурамч үнэмлэх байгаагүй бол энэ хэргийг үйлдэх боломжгүй байсан.

2. 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Хаан банкны зээлээр авсан “Тоёота ланд 200” загварын автомашиныг 139.000.000 төгрөгийн зээлд М гэж хүн холбоотой юм. Уг зээлийг авахад М нь баз гэх Стой анх хамт уулзаж тохирч зээл авахаар болсон. Зээл гарахад М 30 сая, С 25 сая төгрөг авсан болно. Гэтэл энэ хэрэгт гол хүн болох М нь байхгүй сул чөлөөтэй явж байна.

3. 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр “Хас лизинг”-ээс авсан “Тоёота ланд 200” загварын автомашиныг авахад гол нөлөөлсөн зүйл бол автотээврийн гэрчилгээ. Уг гэрчилгээг бас М надад 2 сая төгрөгөөр хоосон тамгатай автотээврийн гэрчилгээг зарсан. Ингэснээр “Хас лизинг”-ээс зээл авах боломж бүрдсэн. Энэ хэрэгт Мийг хамтран хариуцагчаар татаж шалгуулах хүсэлтэй байна.

4. Эдгээр бүх хэрэгт Б, Баатар гэх хоёр хүн тодорхой хувь авч энэ бүх хуурамч бичиг баримтыг хийж өгдөг байсан. Миний бие дээрх хоёр хүний туслалцаагүйгээр эдгээр хэргийг үйлдэх ямар ч боломжгүй юм. Анхнаасаа дээрх хүмүүсийг шалгуулах талаар мэдүүлэг өгч байсан. Мөн миний бие эдгээр хэрэгт холбогдох үедээ давхар хувиараа дуудлагын жолоочийн үйл ажиллагаа явуулдаг, өөрийн гэсэн хувийн ажилтай орлоготой байсан болно. Иймд А.Э миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгааг минь харгалзан үзэж хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж, хэрэгт холбоотой хүмүүсийг хамтран хариуцагчаар татаж, үнэн бодит хохирлыг гаргаж, зүйлчлэлийг минь хөнгөрүүлэн зүйлчилж, хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч А.Эийн өмгөөлөгч Т.Баасанжаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч А.Эийг Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлснийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд дээр дурдсан зүйл ангиудад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэсэн билээ. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд прокуророос зүйлчилсэн зүйлчлэлтэй дараах байдлаар санал нийлдэггүй ба анхан шатны шүүхийн шийдвэрийг ч мөн дараах үндэслэлээр эс зөвшөөрч байгаа болно. Үүнд: Миний үйлчлүүлэгч А.Э нь өөрийгөө “Залилах”, “Хуурамч баримт бичиг ашиглах”, “Хар тамхины төрлийн бодис хадгалсан” гэх үйлдлүүдээ бүхэлд нь хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ “Залилах” гэмт хэргийг үйлдэж, түүнийгээ амьдралынхаа эх үүсвэрээ болгосон гэж хүндрүүлж ялласныг хүлээн зөвшөөрөхгүй байдаг. Түүний өмгөөлөгч миний бие ч ижил хууль зүйн дүгнэлтийг хийж байгаа болно. Өөрөөр хэлбэл, А.Э бол энэ гэмт хэргийг үйлдэж, түүнийхээ орлогоор амьдралынхаа эх үүсвэрийг бүрдүүлсэн гэх байдлыг хавтаст хэргийн аль ч баримтаар тогтоож чадаагүй ба зөвхөн прокурор болон шүүхийн хийсэн хууль зүйн дүгнэлт нь “А.Э нь олон удаагийн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдсэн шинжээрээ амьдралын эх үүсвэр болгосон” гэж дүгнэсэн байна. Нэг төрлийн гэмт хэргийг олон удаагийн үйлдлээр үйлдсэн нь түүний амьдралын эх үүсвэр болсон гэж хууль зүйн дүгнэлтийг субьектив байдлаар хийх нь эрх зүйн байдлыг нь дордуулж, хүндрүүлж ял шийтгэх ноцтой үр дагаврыг үүсгэнэ. Гэмт хэрэг үйлдсэн хүнийг шийтгэх, цээрлүүлэх нь Монгол төрийн бодлого хэдий боловч хуулийг хэрхэн зөв хэрэглэж, таарсан шийтгэлийг оногдуулах нь түүнээсээ илүү чухал билээ. Олон удаагийн үйлдэлтэй л бол гэмт хэргийн улмаас олсон орлогоороо амьжиргаа хийсэн байх гэсэн хийсвэр дүгнэлт хийх нь үнэхээр хүлээн зөвшөөрөх боломжгүй дүгнэлт юм. Миний үйлчлүүлэгч А.Э нь энгийн нэгэн залуучуудын л нэг адилаар гэмт хэрэг үйлдэхгүй, өөрийнхөө хүч хөдөлмөрөөр орлого олж амьдарч байсан талаарх баримт Хаан болон Хас банкны дансны хуулгуудаас маш тодорхой харагддаг. Дуудлагын жолооч хийх, өөрийн үеийн жолооч залуусыг шөнө орой цагаар автомашинаа жолоодох боломжгүй хүмүүсийн автомашиныг гэрт нь тодорхой хөлстэйгөөр хүргэх үйлчилгээг 2016 оноос хойш өдийг хүртэл хийж амьжиргаагаа авч явсныг шалгаж тогтоох нэг ч ажиллагааг хийгээгүй байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиар прокурор, мөрдөгч яллах, цагаатгах баримтыг нэгэн адил цуглуулж, бэхжүүлэх үүрэг хүлээсэн. Гэвч залилах гэмт хэргийн орлогоос өөр байдлаар ямар орлого олж байсан бэ гэдгийг анхаарч огт үзээгүй. Эрүүгийн хэргийн баримт материалаас үзвэл миний үйлчлүүлэгч 2016 оны 12 дугаар сараас эхлээд 2019 оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд энэ гэмт хэргийг үйлдсэн байгаа юм. Цаг хугацааны хувьд авч үзвэл энэ хугацаанд А.Э дуудлагын жолоочийнхоо ажлыг хийсээр л байсан. Залилах гэмт хэргийнхээ улмаас олсон орлогоороо л амьдарч байсан гэх үйл баримт огт нотлогдоогүй. Нотлогдоогүйгээс гадна шалгах ажиллагааг ч хийгээгүй гэж үзэхээр байгаа. Хэрэв хамгийн энгийнээр тайлбарлавал гэмт хэрэг үйлдэж олсон орлогоо хэн хэнд хэд хувааж авч байгааг ч шалгаагүй. Тухайлбал, шүүгдэгч П.Стой холбоотой үйлдэл байдаг. Энэ үйлдэл М гэдэг этгээд холбоотой гэж мэдүүлэг болгондоо мэдүүлсэн. Мийг 25 сая төгрөг хүртэл авсан талаар нь мэдүүлсэн байдаг. Хамгийн наад тал нь М гэгч нь энэ хэмжээний мөнгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжөөд харин А.Э нь түүний өмнөөс хохирлын төлбөрт унаад хоцорч байгаа эмгэнэлтэй зүйл болж байгаа. Ганц А.Эийг шалгаад байсан байж ядаж дансыг нь шалгаад мөнгө нь хаашаа орж байгааг нь яагаад тогтоочихож болохгүй гэж. Зөвхөн олон удаагийн үйлдэл нь гэмт хэргийг амьдралынхаа эх үүсвэр болгосон гэж үзэх хангалттай үндэслэл болно гэдэгтэй хэзээ ч санал нийлэхгүй. Түүний гэмт хэрэг үйлдэхээс гадна өөр ямар ажил хөдөлмөр эрхэлж байгаа, хэрхэн аж төрж байгааг энэ зүйлчлэлээр зүйлчлэх гээд байгаа бол заавал шалгах үүрэгтэй гэж үзэж байна. Миний бие гэмт хэрэг үргэлжилсэн цаг хугацааг дээр дурдсан. 2016 оны 12 дугаар сараас 2019 оны 5 дугаар сар хүртэл хугацааг тооцвол 900 гаруй хоног байна. Энэ хугацаанд залилах гэмт хэрэг үйлдсэн мөнгөөрөө амьдарсан гэж хууль зүйн дүгнэлтийг ямар ч энгийн хүн хийх боломжгүй юм. Гэмт хэргийн хохирлыг тооцохдоо банк болон санхүүгийн байгууллагаас авсан зээлийнх нь хэмжээгээр тооцсон. Гэхдээ энэ зээл нь А.Эд бэлэн ирээгүйг санах хэрэгтэй. “Таван богд” эсхүл “Мөнххада” автомашин борлуулсан төлбөртөө уг зээлүүдийг авчихсан. А.Э бол авсан машинаа борлуулаад уг мөнгөө хамтарсан этгээдүүдтэйгээ хуваах замаар мөнгө олсон. Тэгэхээр түүнийг амьжиргааны эх үүсвэр болгосон гэж үзвэл өөрт нь ноогдох тэр мөнгө л байх магадлалтай, гэхдээ энэ мөнгөөрөө амьжиргааныхаа эх үүсвэрийг бас бүрэн болгоогүй гэдэг нь “Таван богд”, “Мөнххада” компаниудаас дахин автомашин авахдаа 20-30 хувийн урьдчилгаа байршуулж байгааг анхаарах хэрэгтэй. Энэ бүхний эцэст хууль зүйн дүгнэлт хийвэл А.Э нь “Залилах” гэмт хэргийн эх үүсвэрээр олсон мөнгөөрөө амьжиргааны эх үүсвэрийг бий болгосон гэж үзэх хангалттай нотлох баримт хэрэгт авагдаагүй байна гэсэн хууль зүйн дүгнэлтэд хүрнэ. Нэгэнт хэрэгт шалгавал зохих ажиллагааг хийсэн ч хангалттай нотлогдоогүй бол шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх эрүүгийн эрх зүйн зарчим бий. Дээрхээс гадна энэ хэрэгт шалгагдвал зохих, улмаар эрүүгийн хариуцлага хүлээвэл зохих этгээдүүд сугарч үлдсэнд миний үйлчлүүлэгч маш их гомдолтой байдаг. Тодруулбал, М гэгч этгээд П.Сийн үйлдэлтэй холбогддог. Тэрээр гэмт хэргийн улмаас олсон орлогоос 25 сая төгрөг аваад түүгээрээ автомашин хүртэл авсан талаар мэдүүлэг байгаа. “Бизнесийн оргил” ХЗХ-ны 70.000.000 төгрөгийн зээлийг авахад ашигласан иргэний үнэмлэхийг хийж өгсөн гэх Б гэгч этгээд байгаа. Түүнийг огт шалгаагүй. Уг Б гэгч этгээдийг энэ гэмт хэрэгт хамт шалгагдаж байгаад “Хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон Бын хамааралтай этгээд болохыг удаа дараа хэлсэн байдаг. А.Эийн мэдүүлэг болгонд дурдагдсан ч энэ талаар шалгах ажиллагааг огт хийгээгүй байна. Энэ нь хэн нэгэн ял завшаад үлдэж байгаа юм биш байгаа гэсэн хардлагыг өөрийн эрхгүй төрүүлж байгааг эрхэм шүүх бүрэлдэхүүн та бүхэнд хичээнгүйлэн уламжилж байна. Эцэст нь Эрүүгийн хуулийн зохих заалтыг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/952 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, зүйлчлэлийг зөвтгөж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч А.Эийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор миний үйлчлүүлэгч А.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 7 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг өмгөөлөгчийн зүгээс хэргийн зүйлчлэл нь жинхэнэ бодит байдалтай нийцээгүй бөгөөд хууль зүйн үндэслэлгүй, миний үйлчлүүлэгч А.Эийн үйлдэлд залилах гэмт хэргийг “амьдралын эх үүсвэр болгосон” шинж тогтоогдоогүй гэж үзэж, хэргийн зүйлчлэлийг зөвтгүүлэх, шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэх үндэслэлтэй гэж үзэж байна. Өмгөөлөгч болон үйлчлүүлэгчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн гэм буруугийн талаар болон шүүхээс гарсан шийдвэрийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй. Шүүгдэгч А.Эийн бусдыг залилсан үйлдэлд амьдралын эх үүсвэр болгосон гэх хүндрүүлэх бүрэлдэхүүн тогтоогдоогүй талаар 2015 онд шинэчлэн баталсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад залилах гэмт хэргийг “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” бол онц хүндрүүлэх нөхцөл байдалд хамруулж, гэмт хэргийн үйлдлийн хүндрүүлэх шинжид хамааруулж, 5-12 жилийн хорих ял оногдуулах санкцитайгаар хуульчилсан. Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийн залилах гэмт хэрэг үйлдсэн үйлдэл нь 1/ байнга үйлдсэн шинжийг, 2/ амьдралын эх үүсвэр болгосон шинжийг зэрэг хангаж байж, онц хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангасан гэж үзэхээр байна. Эрүүгийн эрх зүйн онол, практикт тодорхой үйлдэл, эс үйлдэхүйн давтамжийн шинжийг  илэрхийллийн хувьд гурав ба түүнээс дээш удаа үйлдэгдсэн байхыг авч үздэг бөгөөд миний үйлчлүүлэгч А.Э нь шийтгэх тогтоолд дурдагдсан залилах гэмт хэргийг байнга үйлдсэн гэж үзэж буй дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа боловч шүүгдэгчийн үйлдлийг залилах гэмт хэргийг амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэх үндэслэлгүй, ийм үйл баримт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдоогүй байна. Залилах гэмт хэргийг “амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж нь уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж, эсхүл бусад үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байхыг хамааруулсан хууль зүйн ойлголт /УДШ-ийн 2019.01.18-ны өдрийн №33 дугаар тогтоол/ байх ба залилах гэмт хэргийн энэхүү хүндрүүлэх шинж нь гэмт этгээд нь бусдыг залилан мэхэлж олсон хөрөнгө орлогыг хэрхэн зарцуулсан зарцуулалтаас шууд хамаарахаар байна. Гэтэл улсын яллагчаас шүүгдэгчийн гэм бурууг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн эрүүгийн 1911009921200 дугаартай хавтаст хэргийн материалд шүүгдэгч А.Э нь залилах гэмт хэргийг үйлдэж олсон мөнгийг хэрхэн зарцуулсан талаар тогтоосон, тодруулсан шалгасан үйл баримт нэг ч авагдаагүйг дурдах нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар мөрдөгч, прокурор нь яллагдагчийн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө мөнгийг юунд зарцуулсан, ямар нэгэн бизнес хийсэн эсэх, эсхүл үнэтэй машин, орон сууц, эд хөрөнгө худалдан авсан эсэх, цаашид ашиг олох зорилготой үйл ажиллагааг санхүүжүүлсэн эсэх, эсхүл хаа нэг газар нуусан эсэхийг тогтоох, хуульд заасан бүхий л ажиллагааг хийж гүйцэтгэх, хэргийн үйл баримтыг эргэлзээгүйгээр нотлон тогтоох үүрэгтэй. Гэтэл энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй, мөнгөний зарцуулалттай холбоотой нэг ч үйл баримтыг шалган нотолж тогтоогоогүй байж мөнгөний зарцуулалтаас шууд хамаарах хүндрүүлэх нөхцөл байдалтай гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм. Мөн шүүхээс хэргийн зүйлчлэлийн талаар дүгнэлт хийхдээ “...А.Эийн зан үйлийн хэвшил болж тогтсон хандлага, түүний шинж чанарын төстэй байдал, гэмт хэргийн улмаас олсон орлого нь хэмжээний хувьд хүний амьдралын хэв шинжид үзүүлж болох нөлөөлөл зэрэг хүчин зүйлсийг үнэлснээр залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж зүйлчилснийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй” гэж дүгнэсэн нь хавтаст хэрэгт авагдаагүй үйл баримтын талаар субъектив дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт тусгагдсан гэмт хэрэг үйлдэж олсон орлогын хэмжээ нь хүний амьдралд нөлөөлөл үзүүлэх хэмжээтэй гэх нь залилах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд хамаарахгүй байх бөгөөд их хэмжээний мөнгө залилсан нь шүүгдэгч А.Эийн амьдралд нөлөөлсөн, шүүгдэгч нь их хэмжээний мөнгийг захиран зарцуулсан, үнэтэй хувцас, эд зүйл эдэлж хэрэглэсэн, үнэтэй машин, тансаг байшин худалдаж авсан гэх зэрэг үйл баримт тогтоогдоогүй, энэ талаар шүүгдэгчээс тодруулахад “цахим мөрийтэй тоглоомд донтож, онлайн покероос ашиг олж өр төлбөрөө төлж барагдуулна гэж найдаж удаан хугацаанд мөрийтэй тоглосоор бусдыг залилан мэхэлж олсон мөнгийг алдсан” гэх талаараа шүүгдэгч нь тайлбарласныг дурдах нь зүйтэй байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэж, прокуророос яллаж буй хэргийн зүйлчлэл, шүүгдэгчийн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон эсэх талаар дүгнэж, хэргийг хянан шийдвэрлэх үүрэгтэй. Гэтэл нотлогдоогүй, хэрэгт авагдаагүй үйл баримтын талаар үнэлж дүгнэн, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь өндөр дүнтэй байгаа нь хүний амьдралын хэв маягт нөлөөлнө гэж хийсвэрээр төсөөлж, түүнийгээ үндэслэн хууль бус дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан амьдралын эх үүсвэр болгосон гэх шинжийг төсөөтэйгөөр хэрэглэсэн хууль бус, үндэслэлгүй байна. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлж, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдоогүй үйл баримтын талаар дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад тус тус зааснаар “тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэж үзэж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл болж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг баримтлан, эргэлзээтэй үйл баримтыг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, А.Эд холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэлийг өөрчилж, шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, хорихоос өөр төрлийн ял шийтгэж өгнө үү.” гэв.

Хохирогч “Констракшн коммершл инвестмент ББСБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.Т, хууль ёсны төлөөлөгч Э.М нар давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын шүүгдэгч Б.Өод холбогдох хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Шүүгдэгч Б.Ө нь манай ББСБ-ыг залилж, хуурамч баримт бичиг ашиглаж их хэмжээний буюу 100.000.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд шүүхээс түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн боловч хохирогчийг анхан шатны шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр, хохирол төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулалгүйгээр, нэг ч төгрөгийн хохирлоо барагдуулаагүй байхад хуульд заасан ялын хамгийн доод хэмжээгээр буюу 10 сая төгрөгийн торгох ялаар шийтгэж хэргийг эцэслэн шийдвэрлэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх ба шүүх хуралдааны товыг 3-аас доошгүй хоногийн өмнө талуудад мэдэгдэнэ”, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцох” эрхтэй гэж заасан нь хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдэж, шүүх хуралдаанд оролцох боломж, эрхээр нь хангах үүргийг шүүх хуулиар хүлээсэн байна. Гэтэл анхан шатны шүүхээс шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулахдаа шүүх хуралдааны товыг хэзээ тогтоосон талаар хохирогчид огт мэдэгдэлгүйгээр шүүхийн хэлэлцүүлгийг явуулж хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно”, 35.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн хэлэлцүүлэг нь яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явагдана” гэсэн зарчмыг ноцтой зөрчжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан боловч шүүх шударга ёсны зарчимд нийцээгүй шийдвэр гаргаж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журмыг баримталсангүй. Тодруулбал, шүүгдэгч Б.Ө нь тус ББСБ-ийг залилж их хэмжээний буюу 100.000.000 төгрөгийн хохирол учруулсан байтал шүүх түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж зааснаас хамгийн доод хэмжээгээр буюу 10 сая төгрөгийн торгох ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх журмыг зөрчсөн, гэмт хэрэгтэнд ял завшуулсан шийдвэр боллоо. Б.Ө нь залилах гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаанд нэг ч төгрөгийн хохирол төлбөрөө барагдуулаагүй, барагдуулах талаар огт санал, санаачилга гаргаж байгаагүй байхад түүнд хамгийн доод хэмжээгээр ял оногдуулсан явдалд гайхаж байна. Шийтгэх тогтоолын 77 дахь талд “Б.Өод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй” гэж илтэд хуулийг буруу хэрэглэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, эсхүл гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэж зааснаар гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн тохиолдолд шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хүндрүүлэх нөхцөл байдал болгон харгалзах үзэх ёстой. Шүүхээс Б.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдэхдээ шүүгдэгч А.Этэй хамтран үйлдсэн гэж үзэн мөн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгийг журамлан ял оногдуулсан атлаа ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэсэн нь ойлгомжгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж зааснаар Б.Ө нь А.Этэй гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн. Гэтэл шүүх гэмт хэргийг хамтран үйлдсэн гэж үзсэн атлаа ямар байдлаар хамтран үйлдсэн эсэх талаар огт дүгнээгүй бөгөөд мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна” гэж заасан боловч гэмт хэргийг гардаж гүйцэтгэсэн буюу хуурамч баримт бичиг ашиглаж, ББСБ-тай зээлийн гэрээ байгуулж, 100.000.000 төгрөгийг хохирогчоос өөрийн дансандаа шууд шилжүүлэн авч залилсан этгээд болох Б.Өод хамгийн хөнгөн ялыг оноож, хохирогчийн огт мэдэхгүй, харьцаж байгаагүй этгээд болох А.Эийг тус ББСБ-ыг залилсан гэж хүнд ялыг оноож, түүнээс хохирол төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй. Б.Ө нь дээрх мөнгийг дангаараа авч захиран зарцуулсан атлаа шүүгдэгч А.Эд өгсөн мэтээр худал мэдүүлж, А.Э нь олон гэмт үйлдэлтэй, хорих ялаар шийтгүүлэх нь тодорхой гэдэг байдлаар шүүгдэгч нар нэг нэгнийхээ ял, хохирол төлбөрийг үгсэн тохиролцож үүрч байгааг шүүх мэдсээр атлаа ямар ч баримтгүй шүүгдэгч нарын үгэнд автаж, ямар ч хохирол төлбөр барагдуулах чадваргүй, эд хөрөнгөгүй этгээд буюу А.Эөөс хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд шүүгдэгч Б.Өод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 8 жилийн хорих ялаар шийтгэж, тус ББСБ-д учруулсан 100.000.000 төгрөгийн хохирлыг Б.Өоос гаргуулахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

Хохирогч “Констракшн коммершл инвестмент ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Р.Тгийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна.” гэв.

Хохирогч “Хас лизинг” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч С.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Хас лизинг” ХХК нь А.Э нарт холбогдох эрүүгийн 1911009921200 дугаар хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаа бөгөөд “Хас лизинг” ХХК-ийг “Хас банк” ХХК-д нэгтгэх замаар өөрчлөн байгуулсныг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр бүртгэснээр “Хас лизинг” ХХК-ийн бүхий л эрх, үүрэг тус өдрөөс “Хас банк” ХХК-д шилжсэн тул “Хас лизинг” ХХК-ийн хохирогч, иргэний нэхэмжлэгчийн эрхийг “Хас банк” ХХК хэрэгжүүлэн тус эрүүгийн хэрэгт оролцож байгаа билээ. ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Ц.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Залилах” гэмт хэргийг А.Этэй бүлэглэн үйлдсэн байхад Ц.Бийг зөвхөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хэргийн бодит байдлыг ташаа дүгнэсний улмаас гэмт хэргийн зүйлчлэлийг буруу хийж шийдвэрлэсэн байна. Учир нь, тус эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрдүүлсэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар А.Э, Ц.Б нар нь “Мөнххада” ХХК-ийн худалдан борлуулж байсан “Тоёота Ланд Круйзер 20”0 загварын тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлэн авахын тулд “Хас лизинг” ХХК-д 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Ц.Бий нэрээр хуурамч бичиг баримт бүрдүүлэн өгч 281.544.042 төгрөгийн үнийн дүнтэй Санхүүгийн түрээсийн гэрээг байгуулж, уг гэрээний урьдчилгаанд 43.669.000 төгрөгийг төлж, тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг “Хас лизинг” ХХК-ийн нэр дээр шилжүүлэх тухай “Мөнххада” ХХК-ийн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 18/1265 дугаартай албан бичгийг “Ц.Бий нэр дээр бүртгүүлэх” гэсэн утгаар засварлан өөрчилж, уг хуурамч баримт бичгээ ашиглан Автотээврийн үндэсний төвд өгч ... арлын дугаартай, 01-09 УББ улсын дугаартай “Тоёота Ланд Круйзер 200” загварын тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг Ц.Бий нэр дээр гаргуулан авч, Баян-Өлгий аймгийн Автотээврийн салбарт олгогдсон ... дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг хууль бусаар олж авч ашиглан дээрх тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг “Хас лизинг” ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн мэтээр хуурамч баримт бичиг үйлдэн зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч “Хас лизинг” ХХК-ийн өмчлөлийн ... арлын дугаартай ...УББ улсын дугаартай “Тоёота Ланд Круйзер 200” загварын тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлэн авсны улмаас 293.930.601 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан болох нь тогтоогддог. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол” энэ нь залилах гэмт хэрэг байхаар хуульчилсан байна. Ц.Б нь өөрийн хувийн болон орлого нотлох баримтуудыг А.Этэй нийлж хуурамчаар бүрдүүлэн “Хас лизинг” ХХК дээр ганцаар очиж эдийн засагчтай уулзаж, өөрийгөө тус бичиг баримтуудад заасан ажил хөдөлмөр эрхэлдэг, орлого олдог, эд хөрөнгөтэй мэт дүр эсгэн түрээсийн шийдвэр гаргуулан, “Мөнххада” ХХК-иас автомашиныг хүлээн авч, тээврийн хэрэгслийн гэрчилгээг хуурамчаар үйлдэн буцаан “Хас лизинг” ХХК-д хүргэж өгсөн байдаг. Тэрээр энэхүү үйлдлээ шууд санаатай гэм буруугийн хэлбэрээр үйлдэж “Хас лизинг” ХХК-д их хэмжээний хохирол учруулсан байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ” гэж, заасан бөгөөд хэрэгт авагдсан Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Б яллагдагчаар өгсөн “...2018 оны 5 дугаар сарын эхээр гэж санаж байна Э надтай уулзаад “Мөнххада”-аас “Хас Лизинг”-ийг ашиглаад машин авах боломжтой байна, материал асуудалгүй бүрдүүлээд бүгдийг нь бэлдээд өгчихнө, чи ороод өөрийнхөө нэр дээр авахад л болно, ямар нэг асуудал гарахгүй. Тэгээд бичиг баримтыг нь өөрчилж янзлаад машиныг нь зараад 2-уулаа бэлэн мөнгийг нь гаргаад авчихна, найз нь хүнд өртэй байгаа, энийгээ гялс зохицуулчихаад тэгээд чиний өрийг дарчихна, “Хас Лизинг” бол сар сардаа төлөлтөө хийж байхад огт мэдэхгүй тэгээд найздаа тус болсон гээд хэдэн төгрөг өгье гэж хэлэхээр би зөвшөөрсөн. ...Ажлын тодорхойлолт хэрэгтэй болсон учир би өөрийн эхнэр С.Цийн ажилладаг компани “Даблью Эф Эм” ХХК нь санаанд ороод албан бичиг түүний толгой лого, албан бичиг дээрх утасны дугаар, цахим хаяг зэргийг зохиож компьютерын ворд программ дээр өөрөө сууж байгаад нэрийг оруулж цалин хөлс, албан тушаал зэргийг зохиож А5 хэмжээтэй хэвлэж гаргасан. Ингээд би бүгдийг бариад “Хас лизинг” рүү ороод материалаа шалгуулаад “Мөнххада”-аас “Ланд 200” загварын тээврийн хэрэгслийг авах сонирхолтой байна гээд зээлийн эдийн засагч Баасандуламтай уулзахад зээлийн шалгуур хангаж байна эргээд яръя гээд, маргааш нь “Хас”-аас над руу ярьж таны зээл батлагдсан...” /5 хх 43-44/ гэх мэдүүлэг, А.Э мөн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Анх ер нь бол тэгж бичиг баримт бүрдүүлж зээлээр машин авах санааг би гаргасан бөгөөд энэ тухайгаа Бд хэлэхдээ учирлаж хэлж гуйгаад найздаа туслаач ээ, би чиний нэр дээр зээлээр машин аваад тэрийгээ заръя, найз нь өрөнд орчихоод байна, тэгээд зээлээ сар сардаа төлөөд явж байхад ямар ч асуудал гарахгүй ээ, тэгээд би чамд бас хэдэн төгрөг өгье гэж хэлэхэд зөвшөөрсөн. Ажлын газрын тодорхойлолтыг Ц.Б...” /5 хх 32-33/ гэх мэдүүлгээс Ц.Б, А.Э нар нь “Мөнххада” ХХК-ийн зарж байгаа машиныг “Хас лизинг” ХХК-иас хуурамч баримт бүрдүүлэн зээл гаргуулж авах зорилгод анхнаасаа нэгдэж, санаа зорилго нийлж, шаардлагатай баримт бичгийг хамтран үйлдсэн нь тодорхой харагддаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Гүйцэтгэгч, зохион байгуулагч, хатгагч, хамжигчийг гэмт хэрэгт хамтран оролцогчид тооцно” гэж, мөн хуулийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн, ял оногдуулах насанд хүрээгүй хүнийг, хэрэг хариуцах чадваргүй хүнийг, гэмт хэргийг хамтран үйлдээгүй ба гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй бусад хүнийг, мал, амьтан ашиглан үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ” гэж, мөн хуулийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг, оролцоог хуваарилсан, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан хүнийг гэмт хэргийн зохион байгуулагч гэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн зохион байгуулагчийг тухайн гэмт хэргийг хамтран үйлдсэн гүйцэтгэгчид тооцно” гэж тус тус заасан байдаг. Ц.Б нь А.Этэй хамтран “Хас лизинг” ХХК-иас санхүүгийн түрээс авахад шаардлагатай Ц.Бий орлого нотлох баримт болох нүүрс тээвэрлэх гэрээ, дансны хуулга, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, ажлын газрын тодорхойлолт, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг бүгдийг хуурамчаар үйлдэн бүрдүүлж “Хас лизинг” ХХК-ийн байранд очиж эдийн засагчтай уулзан эдгээр хуурамч баримт бичгээ ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж түрээс олгох шийдвэр гаргуулан гэрээ байгуулж улмаар “Мөнххада” ХХК-ийн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 18/1265 дугаартай албан бичгийг “Ц.Бий нэр дээр бүртгүүлэх” гэсэн утгаар засварлан өөрчилж өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан байдаг. Энэхүү үйлдэл нь Ц.Б тус гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэгчээр оролцсон болох нь бүрэн тогтоогдож байна. Харин А.Э нь тус гэмт хэргийг анх санаачилж хэрхэн буюу “Хас Лизинг” ХХК-д түрээсийн материал бүрдүүлэн шийдвэр гаргуулж, түүний дараа бичиг баримтыг хэрхэн засварлан автомашиныг зарах гэх мэт ажиллагааг зохион байгуулж, ажил үүргийг хуваарилан Ц.Бийг зааварлан тус гэмт хэрэгт оролцсоноор тус гэмт хэрэгт зохион байгуулагчаар оролцсон байгаа юм. Дээрх үндэслэлээр Ц.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэрэгт гол гүйцэтгэгчээр оролцож, тус гэмт хэргийг үйлдэхийн тулд буюу хуурамч, бусдын итгэлийг олж авах нөхцөл байдлыг бүрдүүлэхийн тулд хуурамч бичиг баримтыг үйлдэж тус хэргийг санаатай үйлдсэн буюу хуурамч бичиг баримт үйлдсэн нь залилах гэмт хэргийн арга хэрэгсэл нь байсан байхад түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах” гэмт хэрэг үйлдсэнд тооцож, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа нь хэргийн зүйлчлэлийг буруу хийж, улмаар яллагдагчид ял завших боломжийг олгосон шийдвэр болсон. Ийнхүү хэргийн нотлох баримтаар тогтоогдсон бодит нөхцөл байдлыг зөрүүлэн тайлбарлан дүгнэж гэмт хэргийн зүйлчлэлийг буруу хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй болно. “Хас лизинг” ХХК-д учирсан хохирлыг хариуцвал зохих этгээд болох Ц.Бээс гаргуулаагүй. Шийтгэх тогтоолын “Хохирол хор уршгийн талаар” хэсэг /шийтгэх тогтоолын 74-75 дугаар тал/-т А.Э Ц.Б нар нь “Хас лизинг” ХХК-д 239.930.601 төгрөгийн хохирол учруулсан болохыг тогтоосон ч хохирлын үлдсэн 183.269.781 төгрөгийг зөвхөн А.Эөөс гаргуулахаар шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, тухайн гэмт хэргийг үйлдсэн этгээд нь өөрийн гэмт үйлдлийн улмаас бусдад учруулсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй. Гэтэл Ц.Бий залилах болон хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэрэг үйлдсэний улмаас “Хас лизинг” ХХК-д бодитоор учирсан хохирлыг төлүүлэхгүй, хохирол нөхөн төлөх хариуцлагаас чөлөөлсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэхээр байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн тогтоолыг өөрчлөх үндэслэлтэй байх тул Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/952 дугаартай шүүхийн тогтоолд Ц.Бий гэмт хэргийн зүйлчлэлийг зөвтгүүлж, гэмт хэргийн улмаас “Хас лизинг” ХХК-д учруулсан хохирлыг хариуцвал зохих этгээд болох Ц.Бээс гаргуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Ц.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Зээл авснаас хойш төлбөр мөнгө аваагүй гэж ярьж байна. 4 сарын хугацаанд өөрийн зүгээс төлбөрийг төлж байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Ц.Бий өмгөөлөгч М.Хандармаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Хас лизинг” ХХК-ийн гаргасан гомдолтой холбогдуулж дараах тайлбарыг гаргаж байна. Шүүхэд 2 үндэслэлээр гомдол гаргасан байсан. Ц.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурамч бичиг баримт ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож хэргийн бодит байдлыг ташаа дүгнэсний улмаас гэмт хэргийн зүйлчлэлийг буруу хийж шийдвэрлэсэн гэсэн байсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас хойш яллагдагчаар татсан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Мөн гомдлын үндэслэх хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд Ц.Бийг тооцож хохирлыг хувааж гаргуулаагүй. Хохирлын тухайд 50, 50 хувиар гаргуулна гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь, мөрдөн байцаалтын шатанд Ц.Бий зүгээс 15 сая төгрөг төлсөн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд үлдэх хохирлыг А.Эөөс гаргуулахаар заасан. Прокуророос шүүхэд хэргийг шилжүүлэхдээ Ц.Бийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж шилжүүлсэн учраас тухайн хохирлыг Ц.Б хариуцахгүй юм. Анхан шатны шүүхэд Ц.Бий зүгээс үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өөрийнхөө учруулсан хохирлыг нөхөн төлсөн. Ийм учраас шүүх Ц.Бий хувийн байдлыг харгалзан үзэж 12.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж чанарт тохирсон гэж үзэж байна.” гэв.

Шүүгдэгч Б.Ө “...тус шүүх хуралдаанд хэлэх тайлбаргүй...” гэв.

Шүүгдэгч Б.Өын өмгөөлөгч Б.Чинзориг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Өод холбогдуулан “Констракшн коммершл инвестмент” ББСБ гомдол гаргасан байна. Өмгөөлөгчийн зүгээс гомдолтой танилцаад 4 асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэж ойлголоо. Манай байгууллагыг шүүх хуралдаанд оролцуулаагүй гэдэг асуудлыг ярьж байна. Шүүх хуралдаанд оролцъё гэхэд нь шүүхээс оролцуулаагүй зүйл байхгүй. Энэ хэрэг анхан шатны шүүх хуралдаан болох гэж хагас жил гаруй хойшилсон, нэг ч удаа “Констракшн коммершл инвестмент” ББСБ-ын төлөөлөгч, эсхүл захирал ирж байгаагүй. Буруу бүхэн бусдынх байдаг гэдэг шиг шүүхийг буруутгаж байна. Хохирогчид бас үүрэг байгаа, үнэхээр хохирсон юм бол энэ талаараа мөрдөн шалгах ажиллагаанд оролцоод, мөн “Констракшн коммершл инвестмент” ББСБ-д ганц Тгаас гадна 3 төлөөлөгч байдаг ч гурвуулаа шүүн таслах ажиллагаанд оролцоогүй. Тэгэхээр шүүх хуралдаанд оролцуулаагүй гэдэг нь үндэслэлгүй байна. Б.Өод хөнгөн ял оногдуулсан гэж 2 дахь агуулгаар гомдол гаргасан байна. Гэтэл шүүх гэмт хэрэгт хамтран оролцсон этгээдүүдэд бүгдэд нь ижилхэн ял оногдуулна гэсэн хууль байхгүй. Харин эсрэгээрээ гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэргийг харгалзан ялгамжтай оногдуулна гэсэн зохицуулалтын дагуу шүүх ялгамжтай ял оногдуулсан нь хуульд нийцсэн. Гуравт, хохирлоос Б.Өыг огт төлөөгүй гэж ярьж байна. Манай 100 сая төгрөгийн хохирлоос нэг ч төгрөг төлөгдөөгүй гэж бас худлаа ярьж байна. Б.Өын хувьд хариуцвал зохих 2.000.000 төгрөгийн хохирлыг “Констракшн коммершл инвестмент” ББСБ-ын дансанд төлсөн. Мөн 25.000.000 төгрөгийг хүлээж авсан, нийт 27.000.000 төгрөг хүлээж авсан атлаа нэг ч төгрөг аваагүй гэж худлаа ярих нь зохимжгүй байна. 2.000.000, 25.000.000 төгрөгийн баримтууд нь хэрэгт байгаа. Б.Ө байр захиалаад 25.000.000 төгрөгийг урьдчилгаанд өгсөн. Б.Ө энэ хэрэгт нэг ёсондоо А.Эд залилуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан гэм буруугийн шууд санаатай хэлбэр гэж үзэх учир дутагдалтай. Б.Ө хохирогч компанитай уулзахаас өмнө байр худалдаж авахаар гэрээ байгуулсан байсан. А.Э “зээлээ буцаагаад төлнө, зээл гарахгүй байна, чи туслаад өгөөч” гэдэг. Тэгээд Б.Ө удаан эргэлзсэний эцэст найзын ах гэдэг байдлаар тусалж, зээлээ эргээд А.Эийг төлнө гэдэг ойлголттой байсан. Тэрнээс биш хохирогч компанид Б.Ө санаатай хүсэж 100 сая төгрөгийн хохирол учруулъя гэсэн үйлдэл гаргаагүй. Энэ талаараа хохирогч компанитай утсаар Б.Ө холбогдсон, хохирогч компанийн зүгээс бичиж байсан текстүүд болон Б.Өоос харилцаж байсан текстүүдээс тодорхой харагдана. Үйлдэл нь буруу учраас өмгөөлөгчийн хувьд гэм буруу дээрээ маргаагүй, энэ талаар Б.Өод ойлгуулсан. Гэхдээ сэдэлтийн хувьд субьектив санаа зорилго нь хохирол учруулъя гэж хүсэж учруулсан зүйлгүй. Дөрөвт, хохирогчийн зүгээс Б.Өоос 100 сая төгрөгийг бүтнээр нь гаргуулах ёстой гэж тайлбарлаж байна. Гэтэл 100 сая төгрөг биш, 73.000.000 төгрөгийн асуудал яригдана. Хохирогчоос гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг хэн захиран зарцуулсан юм бэ, хэн авч өөртөө ашигтай байдал бий болгосон гэдэг асуудлыг А.Э ч гомдолдоо захиран зарцуулалтын талаар мөрийтэй тоглоом тоглоод алдсан гэж хэлж байна. Хэдийгээр Б.Өын данс руу орсон боловч А.Эийн данс руу гарсан гэдэг нь баримтаар нотлогддог. 2.000.000 төгрөгийн асуудал яагаад яригддаг гэхээр А.Э “ахдаа тусалсан учраас наанаасаа 2.000.000 төгрөгийг хэрэглэж байгаарай” гэж өгсөн байдаг. Энэ мөнгийг Б.Ө төлсөн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнээс хохирол гаргуулна. Гэхдээ бүлэглэж үйлдсэн гэхээрээ 50, 50 хувиар нь хуваадаг, эсхүл Б.Өтой эхэлж уулзаж зээл олгосон гэдгээр 100 хувь хариуцна гэсэн хууль байхгүй. Анхан шатны шүүх хувь тэнцүүлэн болон эсхүл хэсэгчлэн хуваарилах эрх нь хуулиар олгогдсон. Анхан шатны шүүх ашигтай байдал бий болсон этгээдээс хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн. Тийм учраас Б.Өод холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Хохирогч “Хаан банк” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч С.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Хаан банк” нь тус хэрэгт хохирогчоор тогтоогдсон. Хэдийгээр давж заалдах журмаар гомдол гаргаагүй боловч шүүгдэгч А.Эийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, тайлбартай холбогдуулан тайлбар хэлье. “Хаан банк”-ны хүсэлтээр анхан шатны шүүх хуралдаанд “Монгол даатгал” компанийг оролцуулж байгаад төлбөр гаргуулж байгаа мэтээр тайлбарласан нь хууль зүйн үндэслэлгүй. /10 хх 97/ “Монгол даатгал” компанийг иргэний нэхэмжлэгчээр мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоож, “Монгол даатгал” компанийн хууль ёсны төлөөлөгч Насанжаргал гэдэг хүн гэм буруутай этгээдээс “Монгол даатгал” компанид учруулсан хохирол төлбөрийг төлүүлэх хүсэлтэй гэж мэдүүлэг өгсөн. “Хаан банк”-ны зүгээс “Монгол даатгал” компанийг А.Э нарт холбогдох заавал оролцуулж хохирол, төлбөрийн асуудлыг шийдвэрлэсэн гэхээр Эрүүгийн хууль, тогтоомжид заасны дагуу гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөрийг тухайн хэрэг маргааныг шийдвэрлэхдээ шүүх нэг мөр шийдвэрлүүлэх зохицуулалтай. “Монгол даатгал” компанийн хувьд эдгээр шүүгдэгч нарын өмнөөс даатгалаас төлсөн төлбөрөө Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Хаан банк”-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан ба иргэний журмаар “Хаан банк”-иас нэхэмжилж байгаа учраас шүүгдэгч нараас төлбөр нэхэмжлэхгүй гэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу иргэний нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрх нь нээлттэй байгаа боловч татгалзаж байгаа үндэслэл нь бодитой байх ёстой. Үнэхээр хохирол, төлбөр төлөгдөөд гомдол, саналгүй гэж байгаа бол шүүх харгалзан үзнэ. Гэтэл хохирол, төлбөр төлөгдөөгүй байхад шүүгдэгч нараас бид нэхэмжлэхгүй, “Хаан банк”-аас нэхэмжилнэ гэж байгаа нь тухайн эрүүгийн хэрэг маргааныг шийдвэрлэхэд хохирол, төлбөрийг нэг мөр шийдвэрлэх хуулийн зарчимтай нийцсэн гэж үзэж байгаа. Анхан шатны шүүхээс Н.Н, А.Э, П.С нар бүлэглэн хуурамч бичиг баримт бүрдүүлэн улмаар “Хаан банк”-иас автомашины зээл авч, энэ автомашины бусдад худалдан борлуулах байдлаар “Хаан банк”-ийг залилан мэхэлсэн гэж зүйлчилсэн. Шүүгдэгч А.Эөөс нийтдээ 302.827.391 төгрөгийг гаргуулж “Хаан банк”-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүгдэгч Н.Н, П.С нар нь “Хаан банк”-аас авсан зээлээ А.Эд өгсөн, өөрсдийн авсан хувь хэмжээний зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлсөн гэж шүүхээс дүгнэсэн. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3-д нийцэж байгаа эсэхэд давж заалдах шатны шүүх дүгнэлт хийж өгнө үү гэсэн саналтай байна. Шүүгдэгч  А.Эөөс 10.400.000 төгрөгийг гаргуулж “Монгол даатгал” компанид олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй тул энэ хэсгийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Хохирогч “Бизнесийн оргил” ХЗХ-ны гүйцэтгэх захирал Ж.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 70.000.000 төгрөгийн зээлийг А.Э хуурамч иргэний үнэмлэх, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, “Хас банк”-ны дансны хуулга авчирч 70.000.000 төгрөгийн зээлийг махны бизнес эрхлэх зорилгоор авсан. 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 3.500.000 төгрөг төлсөн. Үлдэгдэл төлбөр 66.500.000 төгрөг байгаа. Үүнээс өөрөөр ямар нэгэн төлбөр төлөгдөөгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд зааснаар залилсан, мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлд зааснаар хуурамч бичиг баримт үйлдсэн гэж үзэж байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой санал нэг байгаа.” гэв.

Прокурор У.Анхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч А.Э 4 хүнээс болж тухайн гэмт хэргийг үйлдсэн, мөн мөнгөөрөө цахим тоглоом буюу покер тоглож үрсэн талаар гомдолдоо дурдсан байна. Түүний дурдсан 4 хүнийг шалгаж, зарим хүний үйлдлийг нь тусгаарласан. Хуурамч бичиг баримттай холбоотой асуудлын тухайд, хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна гэж үзсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон тэмдэглэлийн хүрээнд үзэхэд шүүгдэгч А.Э гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдаг бөгөөд одоо өөр байдлаар ярьж байгаа нь үндэслэлгүй. Шүүгдэгч А.Э покер тоглож байгаад мөнгөө алдсан нь амьдралын эх үүсвэр биш, мөнгийг өөртөө зарцуулаагүй гэж байна. Амьдралын эх үүсвэрийн гол шинж нь 3 буюу түүнээс дээш удаа тухайн гэмт хэргийг үйлдсэн, мөн өөртөө болон гэр бүлдээ олсон орлогоо зарцуулсан байх шинжээр илэрдэг. 2016 оны 12 дугаар сараас гэмт хэрэг үйлдэх сэдэлт, зорилго нь хэрэгжин эхэлж 2018 он хүртэл үргэлжилсэн. Иймд А.Э нь тухайн үйлдлүүдийг дээрх хугацаанд хийхдээ амьдралын эх үүсвэр болгоогүй, тодорхой төрлийн орлоготой байсан, ажил хөдөлмөр эрхэлдэг байсан гэх боловч энэ байдлууд нь хэрэгт авагдсан нотлох баримтаар үгүйсгэгдсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарахаас өмнө өмгөөлөгчийн зүгээс нотлох баримтыг хавсаргаж өгсөн байдаг. Энэ баримтуудыг шинжлэн судлахад 2022 оны 10 дугаар сард такси үйлчилгээ болон дуудлагын бизнесийн үйлчилгээг эрхэлж байсан. Гэмт хэрэг гарсны дараах орлоготой байсан гэх нөхцөл байдал хэргээс харагддаггүй. Тухайн үед ажил эрхэлдэг талаараа мэдүүлж байсан ч шүүгдэгчийн өгсөн тайлбар нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдоогүй. Өмгөөлөгч Т.Баасанжаргалын гомдолд амьдралын эх үүсвэр биш, их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг гэж байна. Гэтэл шүүх хуралдаанд А.Эөөс асуулт асуухад “М анх удаа мөнгө хэрэгтэй байна гэж надтай ирж уулзсан. Би түүний дагуу хуурамч бичиг баримт бүрдүүлж зээл авч байсан” гэж мэдүүлсэн. Эндээс А.Э өөрөө бүх гэмт хэрэгт оролцсон нөхцөл байдал харагдаж байна. А.Эөөс 25, 30 сая төгрөг авсан бол өмгөөлөгчөөрөө дамжуулан гомдол гаргаж, тухайн нөхцөл байдлыг шалгуулах бүрэн эрхтэй байсан. Мөрдөн байцаалтын шатанд хүсэлт гаргаж шалгуулах боломжтой байхад одоо гомдол гаргаж “шалгаагүй, орхигдуулсан, нотлох баримт дутуу байна” гэсэн тайлбар тавьж байгаа нь харамсалтай байна. Хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нөхцөл байдлыг шалгаад хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж дүгнэсэн. Прокурорын шатанд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулсан гэх асуудлын тухайд, процессын алдааг тухайн үед нь залруулж явдаг. Энэ нэмэлт, өөрчлөлт оруулсан тогтоолыг прокурор Бямбадагва гаргасан ба хууль зүйн зөрчилгүй, хуулийн дагуу нэмэлт, өөрчлөлт оруулж зүйлчлэлийг зөвтгөж явуулсан гэж үзэж байна. Харьяаллын дагуу шилжүүлэхэд процессын алдаа гарсан гэж байна. Үүнийг өмгөөлөгчийн зүгээс онолын хүрээнд ярих байх гэж бодсон боловч анхан шатны шүүхийг буруутгасан байдалтай ярьж байгаад харамсалтай байна. Сүхбаатар дүүргийн прокурорын газрын орлогч прокурор Батсүрэн харьяаллын дагуу шилжүүлснийг зөвтгөсөн тогтоол байсан. “Монгол даатгал” компанийг татгалзсан байхад анхан шатны шүүх хуралдаанд оролцуулсан гэж байна. Гэтэл гэм буруугийн асуудлыг хэлэлцэж байгаа тохиолдолд анхан шатны шүүх хуралдаанд оролцуулахаас өөр аргагүй. “Монгол даатгал” компани нь “Хаан банк”-тай гэм хорын гэрээ байгуулж, хэрвээ алдагдалд орвол гэм хорын хохирлыг төлөхөө илэрхийлсэн хоёр талын гарын үсэг зурсан тодорхой гэрээний үндсэн дээр явагдах нөхцөл байдлууд байсан. Үүнийгээ нотолсон нөхөн төлбөрийн баримтыг хэрэгт гаргаж өгсөн байсан. Амьдралын эх үүсвэр гэдэг бол өнөөдөр тоглоом тоглоод алдчихлаа, бодитойгоор хэрэглээгүй гэдэг хариулт хэлж болохгүй. Өөрийн болон гэр бүлийн хэрэгцээнд өрөнд орохгүйн тул тодорхой хэмжээнд бусдыг залилан мэхэлж өрөнд орсноос шалтгаалж дараа дараагийн өр төлбөрийг төлөх зорилготой олон компани, хувь хүнийг залилах мэтээр явж байсан. А.Э нь тухайн мөнгийг юунд хөрөнгө оруулалт хийгээд, яагаад алдсан талаараа зарим мэдүүлэгтээ дурдаж, зарим мэдүүлэгтээ өгөөгүй байсан. Гурваас дээш удаа залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн, бусдыг дайчлан оролцуулсан, бусдыг гэм буруудаа татан оруулж бичиг баримтыг хуурамчаар үйлдүүлж мөнгөний эх үүсвэр олох зорилготой тодорхой төрлийн үйлдэл хийгээд амьдралын эх үүсвэр болгосон нөхцөлийг шүүх зөв зүйлчилсэн. Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын талаар оновчтой дүгнэлт хийж, хэргийг зөв шийдвэрлэсэн гэж үзэж байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

I. Шүүгдэгч А.Э нь ганцаараа:

1. “Жижиг, дунд үйлдвэрлэгчтэй хамтран ажиллана” гэсэн зарыг цахим орчинд байршуулан, цахим хэрэгсэл ашиглаж, хохирогч Бяруузаны Өод “батлан даалтын сангийн зээлд хамруулж өгнө, хүү нь бага байдаг зээл гаргуулж өгнө, хүнээр төсөл бичүүлэх хэрэгтэй байна, хамтран зээлдэгчээр эхнэрийг чинь оруулна, нийгмийн даатгалыг нь төлүүлнэ” гэх зэргээр хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хооронд 6.400.000 төгрөгийг залилж авсан болох нь:

хохирогч Б.Ө /2 хх 71-74/, гэрч Т.Өлзийбаяр /2 хх 77/, шүүгдэгч А.Э  /2 хх 82-83/ нарын мэдүүлгүүд, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2 хх 67/, Б.Өын “Хаан” банкны ... дугаарын данснаас Х.Бгийн “Хаан” банкны ...дугаартай дансанд 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр “Байгаль орчны үнэлгээ” гэсэн гүйлгээний утгатай 1.000.000 төгрөг шилжүүлснийг нотолсон Х.Бгийн “Хаан” банкны ...дугаарын дансны хуулга /2 хх 92/, Б.Өын “Хаан” банкны ... дугаарын данснаас Т.Өлзийбаярын “Хаан” банкны ... дугаарын дансанд 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр “Өоос Эд” гэсэн гүйлгээний утгатай 3.150.000 төгрөг шилжүүлснийг нотолсон Т.Өлзийбаярын “Хаан” банкны ... дугаарын дансны хуулга /2 хх 97/, Б.Өын “Хаан” банкны ... дугаарын данснаас 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр “Эд” гэсэн гүйлгээний утгатай 300.000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр “а” гэсэн гүйлгээний утгатай 300.000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр “Ө” гэсэн гүйлгээний утгатай 800.000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр “Байгаль орчны үнэлгээ” гэсэн гүйлгээний утгатай 1.000.000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр “Ө” гэсэн гүйлгээний утгатай 500.000 төгрөг шилжүүлснийг нотолсон Б.Өын “Хаан” банкны ... дугаарын дансны хуулга /2 хх 117-123/ зэрэг нотлох баримтуудаар,

2. Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Чингүнжавын гудамжны 52а байрны 62 тоот, 154 м.кв талбайтай, таван өрөө орон сууцны улсын бүртгэлийн ... дугаартай гэрчилгээ, Э.Т гэсэн иргэний үнэмлэхийг хуурамч гэдгийг мэдсээр байж ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, Э.Тын нэрээр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр “Бизнес Оргил” ХЗХ-той 70,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, 1 сарын 5 хувийн хүүтэй, “махны бизнес хийнэ” гэж хууран, “Зээлийн гэрээ” байгуулан залилан авч их хэмжээний хохирол учруулж, дээрх гэмт хэргийг үйлдэхдээ Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Чингүнжавын гудамжны 52а байрны 62 тоот, 154 м.кв талбайтай, таван өрөө орон сууцны улсын бүртгэлийн ... дугаартай гэрчилгээ, Э.Т гэсэн иргэний үнэмлэх зэрэг хүний хувийн байдлыг тодруулсан, эдийн баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах баримт бичгийг хуурамч гэдгийг мэдсээр байж ашигласан болох нь:

хохирогч “Бизнесийн оргил” ХЗХ-ны хууль ёсны төлөөлөгч Ж.Б /2 хх 203-204/, гэрч С.Оюунболд /2 хх 206-207/, гэрч Д.Ууганбаяр /2 хх 208/, гэрч Э.Т /2 хх 210-211/, гэрч Д.СолонгоТ /2 хх 212-214/, шүүгдэгч А.Э /2 хх 55-56, 235-237/ нарын мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 5224 дугаар, 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 1952 дугаар /2 хх 248-250, 3 хх 1-33/ шинжээчийн дүгнэлтүүд, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Чингүнжавын гудамжны 52а байрны 62 тоот байрны ... дугаартай гэрчилгээ /2 хх 220/, “Бизнесийн оргил” ХЗХ, иргэн “Э.Т” нарын хооронд 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан 70.000.000 төгрөгийг 1 жилийн хугацаатай зээлсэн “Зээлийн гэрээ”, “Зээлийн барьцааны гэрээ”, зээл хүсэгчийн өргөдөл /2 хх 191-198/, “Өү энд Би Эн” ХХК, А.Э нарын хооронд байгуулсан гэх 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “Орон сууц захиалгаар барих гэрээ” /3 хх 40-50/, А.Эийн зурагтай Э.Т гэх иргэний үнэмлэхийн хуулбар /2 хх 197/ зэрэг нотлох баримтуудаар,

3. “Таван богд” ХХК-ийн худалдан борлуулж буй “Ланд Круйзер 200” загварын тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлэн авахын тулд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хаан банк” ХХК-д өөрийн нэрээр бүрдүүлсэн хуурамч бичиг, баримтыг өгч, хуурч, баримт бичиг ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, тус банктай 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 136.000.000 төгрөгийн үнийн дүнтэй 3Г/201743283364 дугаартай автомашин худалдан авах зориулалтаар “Зээлийн гэрээ”, мөн өдөр ... дугаарын барьцааны гэрээг байгуулж, үүргийн гүйцэтгэлд ... арлын дугаартай “Ланд Круйзер 200” загварын тээврийн хэрэгслийг барьцаалсан боловч барьцааны хөрөнгө болох тээврийн хэрэгслийг бусдад зарж борлуулан өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилан “Хаан” банканд 136.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан, мөн дээрх гэмт хэргийг үйлдэхдээ хүний хувийн байдлыг тодруулсан зээл авахад шаардлагатай баримт болох А.Э, Х.Т нарын хооронд байгуулсан “Орон сууц хөлслөх гэрээ”, Ү-2206018287 дугаарын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, “Сандэй плаза” ХХК-д лангуу түрээслэн түүний түрээсийг төлж байсан мэт бэлэн мөнгөний орлогын баримт, Ш.Этай байгуулсан “Түрээсийн гэрээ” зэрэг хүний хувийн байдлыг тодруулсан, эдийн баялгийг эзэмших ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлох баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Г /14 хх 6-7/, иргэний нэхэмжлэгч А.Анармаа /14 хх 2/, иргэний нэхэмжлэгч Б.Насанжаргал /10 хх 95/ нарын мэдүүлгүүд, А.Эийн Хаан банктай 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан 136 сая төгрөгийг “автомашин худалдан авах зориулалтаар” 96 сарын хугацаатай зээлсэн Зээлийн болон барьцааны гэрээний хуулбар, зээлийн гэрээтэй холбоотой бусад баримтууд /10 хх 188-250, 11 хх 1-10/, “Монгол даатгал” ХХК-иас “Хаан” банканд 10.400.000 төгрөгийн нөхөн төлбөр олгосон нөхөн төлбөрийн хуудас, нөхөн төлбөрийн даалгавар /11 хх 84-85/, А.Эийн “Хаан” банкны ... дугаарын дансанд 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 136.000.000 төгрөг “зээл олголт” гэсэн утгатай шилжин орсон болохыг тогтоосон дансны хуулга /14 хх 21/, “Таван богд” ХХК-иас борлуулсан автомашины арлын дугаарын мэдээлэл /14 хх 58-59/ зэрэг нотлох баримтуудаар,

II. Шүүгдэгч А.Э, Б.Ө нар нь бүлэглэн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, “Премиум Палас” төвд үйл ажиллагаа явуулдаг “Констракшн коммершл инвестмент” ХХК-иас Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Чингүнжавын гудамжны ..., 92.80 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг Б.Өын өмчлөлийн мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгон ... дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ болон, зээл авахад шаардлагатай хуурамч баримт бичиг ашиглан, барьцаанд тавьж 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр “Констракшн коммершл инвестмент” ББСБ-тай 100.000.000 төгрөгийг 3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар “бизнесээ өргөжүүлнэ” гэж хуурч, залилан авч, их хэмжээний хохирол учруулсан, дээрх гэмт хэргийг үйлдэхдээ Б.Өын нэр дээр бүртгэлтэй ... дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Нүүрс тээвэрлэх гэрээ, Б.Өын дугаарын дансны мэдээлэл зэрэг хүний хувийн байдлыг тодруулсан, эдийн баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах баримт бичгийг хуурамч гэдгийг мэдсээр байж ашигласан болох нь:

хохирогч “Констракшн коммершл инвестмент” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Э.М /хх 42-43, 5 хх 118-119, 14 хх 31/, гэрч Р.Т /хх 69-71/, гэрч С.Очхүү /5 хх 146/, “Өү энд Би Эн” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Ууганбаяр /5 хх 123-124/, шүүгдэгч Б.Ө /хх 88-89/ шүүгдэгч А.Э /2 хх 235-237/ нарын мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 10/, “Констракшн коммершл инвестмент” ББСБ-ын төлбөрийн даалгавар /хх 16, “Констракшн коммершл инвестмент” ББСБ болон Б.Ө нарын хоорондын байгуулсан зээлийн гэрээ /хх 17-19/, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Чингүнжавын гудамжны ..., 92.80 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны 000676163 дугаартай гэрчилгээ /хх 29/, Б.Өын зээл авахад бүрдүүлж өгсөн материалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх 24-40/, Б.Өын “Хас” банкны 5001210374 дугаарын дансны хуулга /хх 126-127/, Б.Өын “Хаан” банкны 5220027210 дугаартай дансны хуулга /хх 120-121/, “Өү энд Би Эн” ХХК, А.Э нарын хооронд 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан “Орон сууц захиалгаар барих гэрээ”-ний хуулбар /хх 62-68/, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2019/0754 дугаартай шийдвэр /5 хх 126-132/, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 24 дугаартай магадлал /5 хх 133-136/, “Өү энд Би Эн” ХХК-иас “Констракшн коммершл инвестмент” ХХК-д 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 25.000.000 төгрөг шилжүүлсэн “Хаан” банкны шилжүүлгийн баримт /5 хх 137/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 2977 дугаар шинжээчийн дүгнэлт /5 хх 154-165/ зэрэг нотлох баримтуудаар,

III. Шүүгдэгч А.Э, Ц.Б нар нь бүлэглэн “Мөнххада” ХХК-ийн худалдан борлуулж буй “Тоёота Ланд Круйзер 200” загварын тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлэн авахын тулд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хас лизинг” ХХК-д 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Ц.Бий нэрээр хуурамч бичиг, баримт бүрдүүлэн өгч, тус компанитай 281.544.042 төгрөгийн үнийн дүнтэй санхүүгийн түрээсийн гэрээг байгуулж, уг гэрээний урьдчилгаанд 43.669.000 төгрөгийг төлж, тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг “Мөнххада” ХХК-ийн нэр дээр шилжүүлэх тухай 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 18/1265 дугаартай албан бичгийг “Ц.Бий нэр дээр бүртгүүлэх” гэсэн утгаар засварлан өөрчилж, уг хуурамч баримт бичгийг Автотээврийн үндэсний төвд өгч ашиглан ... арлын дугаартай “Тоёота Ланд Круйзер” 200 загварын тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийн гэрчилгээг Ц.Бий нэр дээр гаргуулан авч, Автотээврийн үндэсний төвөөс Баян-Өлгий аймгийн автотээврийн салбарт олгогдсон дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг хууль бусаар олж авч ашиглан, ... арлын дугаартай “Тоёота Ланд Круйзер” 200 загварын тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг “Хас лизинг” ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн мэтээр хуурамч бичиг баримт үйлдэн зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, хуурч, “Хас лизинг” ХХК-ийн өмчлөлийн “Тоёота Ланд Круйзер” 200 загварын тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлэн авсны улмаас тус компанид 239.930.601 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж, дээрх гэмт хэргийг үйлдэхдээ Ц.Бий орлого нотлох баримтууд болох нүүрс тээвэрлэх гэрээ, компанийн тодорхойлолт, тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг “Мөнххада” ХХК-ийн нэр дээр шилжүүлэх тухай 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 18/1265 дугаартай албан бичгийг тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэрэг хүний хувийн байдлыг тодруулсан, эдийн баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах баримт бичгийг хуурамчаар үйлдэн, хуурамч гэдгийг мэдсээр байж ашигласан болох нь:

... нарын мэдүүлгүүд, “Хас лизинг” ХХК, Ц.Б нарын хооронд 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан “Санхүүгийн түрээсийн гэрээ”, “Тоёота Ланд Круйзер 200” загварын 68-69 УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэл хүлээлцсэн акт /3хх 116-124/, “Автомашин худалдах, худалдан авах гэрээ”, Автотээврийн үндэсний төвд хүргүүлсэн албан бичиг, “Мөнххада” ХХК-ийн нэхэмжлэх, төлбөрийн даалгавар, “Тоёота Ланд Круйзер 200” загварын тээврийн хэрэгслийн гаалийн хилээр нэвтрүүлсэн барааны мэдүүлэг, санхүүгийн түрээс хүссэн иргэний өргөдөл, цалингийн тодорхойлолт /3 хх 130-138/, “Хас лизинг” ХХК-иас гаргаж өгсөн “Мөнххада” ХХК-иас Автотээврийн үндэсний төвд хүргүүлсэн албан бичиг, Ц.Б эхний сарын төлбөрөө төлсөн талаарх баримт, Ц.Бий нэр дээрх хөрөнгийн гэрчилгээний хуулбар, Ц.Бий дансны хуулга, “Мөнххада”, “Хас лизинг” ХХК-ийн хооронд байгуулсан хамтран ажиллах санамж бичиг /3 хх 140-151/, Автотээврийн үндэсний төвөөс ирүүлсэн 90-90 УБЦ улсын дугаартай “Тоёота Ланд Круйзер 200” загварын тээврийн хэрэгслийн хувийн хэргийн хуулбар /3 хх 156-169, 7 хх 98-125/, Э.Баасандуламын гар утсанд үзлэг хийж Ц.Бтэй харьцсан мессежийг бэхжүүлэн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 хх 176-179/, Монгол Улсын тээврийн хэрэгслийн нэгдсэн сан болох “VRS” системд үзлэг хийсэн тэмдэглэл /3 хх 180-182/, “Мөнххада” ХХК-ийн 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 18/1265 дугаартай албан бичгийн хуулбар /3 хх 200/, Ч.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Буянт-Ухаа хилийн боомтоор Монгол Улсаас гарсан талаарх Хил хамгаалах ерөнхий газрын лавлагаа /7 хх 135/, Автотээврийн үндэсний төвийн архивд үзлэг хийсэн тэмдэглэл /4 хх 32-33/, “Монгол Фарм” ХХК-иас гаргаж өгсөн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, “Голомт”, “Хаан” банкны шилжүүлгийн баримтууд /7 хх 148-156/, “Тоёота Ланд Круйзер 200” загварын 90-90 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа /4 хх 36-37/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 393 дугаар, /4 хх 137-138/, 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 3446 дугаар /4 хх 163-166/, 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 2977 дугаар /5 хх 154-156/, 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 3446 дугаар /4 хх 163-164/ шинжээчийн дүгнэлтүүд, “Хас лизинг” ХХК-ийн 2021 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 424 дугаар “Ц.Б нь тус компанитай 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан 47000196 дугаартай санхүүгийн түрээсийн гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт 41.120.000 төгрөг, гэрээний үүрэгт 15.540.820 төгрөг, нийт 56.660.820 төгрөгийг төлсөн бөгөөд 153.916.699 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа болохыг тодорхойлсон” албан бичиг /7 хх 166-167/ зэрэг нотлох баримтуудаар,

IV. Шүүгдэгч А.Э, Б.А нар нь бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш 6а байрны 16 тоот 60.23 м.кв талбай бүхий ... дугаарт бүртгэлтэй ... үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хуурамчаар үйлдэж, улмаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Капитрон” банканд тухайн орон сууцыг өөрийнх мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгон, ... дугаарт бүртгэлтэй хуурамч гэрчилгээг ашиглан зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулж 75.600.000 төгрөгийн зээл гаргуулан авч, их хэмжээний хохирол учруулж, дээрх гэмт хэргийг үйлдэхдээ Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш 6а байрны 16 тоот 60.23 м.кв талбай бүхий ... дугаарт бүртгэлтэй ... үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Б.А, А.Э нарын хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ зэрэг хүний хувийн байдлыг тодруулсан, эдийн баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах баримт бичгийг хуурамчаар үйлдэн, хуурамч гэдгийг мэдсээр байж ашигласан болох нь:

хохирогч Д.Мөнхзул /7 хх 192, 194, 8 хх 65, 14 хх 33/, шүүгдэгч Б.А /14 хх 113/, шүүгдэгч А.Э /8 хх 46-47/ нарын мэдүүлгүүд, А.Эийн “Капитрон” банкнаас зээл авахдаа бүрдүүлж өгсөн материалууд /7 хх 205-235, 8 хх 01-11, 21-24/, А.Э, Ж.А нарын “Капитрон” банктай 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр орон сууц худалдан авах зориулалтаар 75.600.000 төгрөгийг зээлэхээр байгуулсан 3055/2016-176 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ, барьцааны гэрээ /7 хх 235-250/, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш 6а байрны 16 тоот хаягт байршилтай 60.23 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны ... дугаартай гэрчилгээ /8 хх 32/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 1318 дугаар шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /8 хх 33-37/, А.Эийн Капитрон банкны ... дугаарын дансанд 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “16/155 тоот ГХШ дагуу зээл олгов А.Э” гэсэн утгатай 75.600.000 төгрөгийн орлого орж, мөн өдрөө “Б.Ат ХУД 15 хороо, 6а-16 тоот байрны төлбөрт А.Эөөс” гэсэн утгатай 108.000.000 төгрөг шилжүүлсэн болохыг тогтоосон дансны хуулга /8 хх 66/, Б.Аын Капитрон банкны ... дугаарын дансны хуулга /8 хх 67/, А.Эийн зээлийн дансны хуулга /8 хх 68-76/, ... овогт Ж.А нь 2018 он 03 дугаар сарын 20-ны өдөр нас барсан болохыг тогтоосон нас барсны гэрчилгээний хуулбар /8 хх 104/ зэрэг нотлох баримтуудаар,

V. Шүүгдэгч А.Э, Н.Н нар нь бүлэглэн “Таван богд” ХХК-ийн худалдан борлуулж буй “Ланд Круйзер-150 Прадо” загварын тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлэн авахын тулд Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хаан банк” ХХК-д “Н.Н” нэрээр бүрдүүлсэн хуурамч бичиг, баримтыг өгч, хуурч, баримт бичиг ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, тус банктай 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 109.000.000 төгрөгийн үнийн дүнтэй ... дугаартай автомашин худалдан авах зориулалтаар “Зээлийн гэрээ”, мөн өдөр ... дугаарын барьцааны гэрээг байгуулж, үүргийн гүйцэтгэлд “Ланд Круйзер-150 Прадо” загварын тээврийн хэрэгслийг барьцаалсан боловч барьцааны хөрөнгө болох тээврийн хэрэгслийг бусдад зарж борлуулан өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч “Хаан” банканд 109.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан, мөн дээрх гэмт хэргийг үйлдэхдээ хүний хувийн байдлыг тодруулсан зээл авахад шаардлагатай баримт болох “...” ХХК, “...” ХХК-ийн тодорхойлолтууд, нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийн талаарх тодорхойлолт, З.М-ын дугаарын “Хас” банкны дансны хуулга, “Капитал”, “Хас” банкны дансны хуулга, түрээсийн гэрээ зэрэг бичиг баримтыг хуурамч гэдгийг мэдсээр байж ашигласан болох нь:

... дугаарын дансанд 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 109 сая төгрөг “зээл олголт” гэсэн утгатай шилжин орсон болохыг тогтоосон дансны хуулга /14 хх 18/ зэрэг нотлох баримтуудаар,

VI. Шүүгдэгч А.Э, П.С нар нь бүлэглэн “Таван богд” ХХК-ийн худалдан борлуулж буй “Ланд Круйзер 200” загварын тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлэн авахын тулд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хаан банк” ХХК-д “П.С” нэрээр бүрдүүлсэн хуурамч бичиг, баримтыг өгч, хуурч, баримт бичиг ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, тус банктай 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 139.000.000 төгрөгийн үнийн дүнтэй ... арлын дугаартай “Ланд Круйзер 200 Прадо” загварын тээврийн хэрэгслийг барьцаалсан боловч барьцааны хөрөнгө болох тээврийн хэрэгслийг бусдад зарж борлуулан өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилан “Хаан” банканд 139.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан, Мөн дээрх гэмт хэргийг үйлдэхдээ хүний хувийн байдлыг тодруулсан зээл авахад шаардлагатай баримт болох “Уст хайрхан трейд” ХХК, “Нью скай интернэшнл” ХХК-ийн тодорхойлолтууд, П.С, А.А нарын нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийн талаарх тодорхойлолт, П.Сийн “Хас” банкны ... дугаарын дансны хуулга, А.Аын “Капитал” банкны ... дугаарын дансны, “Худалдаа хөгжлийн” банкны ..., ..., ... дугаарын дансны хуулга зэрэг бичиг баримтыг хуурамч гэдгийг мэдсээр байж ашигласан болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Г /9 хх 157-158, 14 хх 6-7/, иргэний нэхэмжлэгч А.Анармаа /9 хх 154, 14 хх 2/, гэрч Б.Бибиш /14 хх 86-87/, шүүгдэгч П.С /9 хх 143-144, 14 хх 139/, А.Э /9 хх 125-126/ нарын мэдүүлгүүд, “Монгол даатгал” ХХК-иас “Хаан” банканд 5.450.000 төгрөгийн нөхөн төлбөр олгосон нөхөн төлбөрийн хуудас /9 хх 166/, П.С, А.А нарын 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр “Хаан” банктай байгуулсан ЗГ/201843430824 дугаартай гэрээгээр 139.000.000 төгрөгийг “автомашин худалдан авах зориулалтаар” 96 сарын хугацаатай зээлсэн Зээлийн болон барьцааны гэрээний хуулбар, зээлийн гэрээтэй холбоотой бусад баримтууд /9 хх 168-203/, А.А нь тус банканд 5001189536 тоот картын данс, 5000422742 дугаарын харилцах данс эзэмшдэг, П.С нь тус банканд данс эзэмшдэггүй болохыг нотолсон “Хас” банкны 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 5в/1602 дугаартай албан бичиг /10 хх 101/, П.С, А.А нарын “Хаан” банкны ... дугаарын дансанд 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 139.000.000 төгрөг “зээл олголт” гэсэн утгатай шилжин орсон болохыг тогтоосон дансны хуулга /14 хх 22/ зэрэг нотлох баримтуудаар,

VII. Шүүгдэгч А.Э нь 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 46 дугаар байрны гадна Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинол агууламжтай, “шавар” гэх нэршилтэй, 3 хэсэг ууттай, нийт 4 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь:

гэрч Т.Ө /хх 162/, шүүгдэгч А.Э /хх 209-210/ нарын мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 135/, хүний биед үзлэг хийсэн /хх 139-141/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай /хх 142-143/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 4709 дугаар /хх 170-171/, 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 4711 дугаар /хх 176-177/ шинжээчийн дүгнэлтүүд, гэрэл зургууд, Шүүх сэтгэц эмгэг судлалын 1027 дугаар шинжээчийн дүгнэлт /хх 185-186/ зэрэг нотлох баримтуудаар,

VIII. Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 8 дугаар сарын 21-нээс 22-ны өдрийг хүртэл Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт ... УБИ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинол агууламжтай, “шавар” гэх нэршилтэй, 0,3274 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь:

шүүгдэгч Б.Б мэдүүлэг /14 хх 147/ гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 135/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 1029 дугаар шинжээчийн дүгнэлт /хх 191-192/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 144-145/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 148-149/, 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Б.Б биеэс биологийн дээж болох шээсний дээж авахад ТНС буюу Тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болохыг заасан гэсэн тэмдэглэл /хх 146-147/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх 160/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.  

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байна.

Анхан шатны шүүхээс:

А.Эийг ганцаараа болон бусадтай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулж “Залилах” гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,

Б.Ө, Ц.Б, Б.А, Н.Н, П.С нарыг тус тус бусадтай бүлэглэн бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан,

А.Э, Б.Ө, Ц.Б, Б.А, Н.Н, П.С тус тус нарыг тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний, үнэмлэх, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан,

А.Э, Б.Б нарыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

А.Э, Б.Ө, Ц.Б, Б.А, Н.Н, П.С нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан “...хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан...” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн ба зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

“Залилах” гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэх шинж нь тухайн гэмт хэргийг байнга үйлдэж, түүнээс олсон орлогыг амьдралын эх үүсвэр болгож, хэвшмэл маягтай, гурав ба түүнээс дээш удаагийн үйлдэл хийсэн байдгаараа онцлогтой ба анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Эийн үйлдсэн гэмт хэргийн арга, үйлдсэн гэмт хэргийн тоо, гэмт үйлдлийн давтамж, гэмт хэргийн улмаас олсон орлогыг зарцуулсан байдал зэргийг үндэслэн залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх шинжид хамруулж, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч А.Э, түүний өмгөөлөгч Т.Баасанжаргал, Ц.Дэлгэрням нарын хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 Шүүх шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийн тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч А.Эийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 7 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 10.000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Өыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 10.000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ц.Б, Н.Н, П.С нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус бүр 12.000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, шүүгдэгч А.Э Б.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ялыг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байхаас гадна эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгч А.Э, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням нарын гаргасан “...ялыг хөнгөрүүлж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэсэн, хохирогч “Констракшн коммершл инвестмент ББСБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.Т, хууль ёсны төлөөлөгч Э.М нарын гаргасан “...шүүгдэгч Б.Өын ял хөнгөдсөн...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан тухайн этгээдийн чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр чөлөөтэй зорчих эрхэд нь тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоож буй ял шийтгэлийн төрөл юм.    

Анхан шатны шүүх шүүгдэгч А.Э, Б.Б нарын зорчих эрхийг хязгаарлах ялын эдлэх бүсчлэлийг тогтоохдоо Улаанбаатар хотын нутаг дэвсгэр гэж хэт ерөнхийлөн тогтоож, зорчих эрх хязгаарлах ялын зорилгыг хангахгүй байх тул шүүгдэгч А.Э, Б.Б нарын бүртгэлтэй, амьдарч байгаа Сонгинохайрхан, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээр зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээнд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Хохирогч нарт учирсан хохирлын хэмжээг зөв тогтоож, хохирлыг үндэслэл бүхий хянан шийдвэрлэсэн байх тул шүүгдэгч А.Э, түүний өмгөөлөгч Т.Баасанжаргалын нарын “...гэмт хэрэгт хамтран оролцсон гэх хүмүүсийг шалгаагүй, хохирлыг бодитой тогтоогоогүй...” гэсэн, хохирогч “Хас лизинг” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч С.Б, хохирогч “Констракшн коммершл инвестмент ББСБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.Т, хууль ёсны төлөөлөгч Э.М нарын гаргасан “...хохирол төлбөрийг өөр шүүгдэгч нараас гаргуулаагүй...” гэсэн агуулга бүхийн давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

Тодруулбал, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 497.3 дахь хэсэгт “Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ.” гэж тус тус заасан ба шүүгдэгч нарын гэмт хэрэгт хамтран оролцсон оролцоо, хохирлыг хэн хэрхэн зарцуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч нараас хохирол төлбөрийг ялгамжтай байдлаар гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, уг шийдвэрийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн хохирогч “Констракшн коммершл инвестмент ББСБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.Т, хууль ёсны төлөөлөгч Э.М нар “...шүүх хуралдааны тов мэдэгдээгүй...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлтэй байгаа ч хохирлын хэмжээг багасгаагүй, үндэслэлтэй шийдвэрлэсэн байх тул энэ үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Иймд шийтгэх тогтоолын зорчих эрхийг хязгаарлах ялтай хэсэгт өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад хэсгийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Шүүгдэгч А.Э нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/952 дугаар шийтгэх тогтоол гарснаас хойш буюу давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 97 /ерөн долоо/ хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулж тооцох нь зүйтэй байна.

Давж заалдах шатанд шүүгдэгч А.Э нь хохирогч “Констракшн коммершл инвестмент ББСБ” ХХК-д 3.850.000 төгрөг, “Хас лизинг” ХХК-д 5.370.000 төгрөг, “Капитрон банк” ХХК-д 2.250.000 төгрөг, “Хаан банк” ХХК-д 4.500.000 төгрөг, нийт 15.970.000 төгрөгийн хохирлыг төлсөн байгааг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/952 дугаар шийтгэх тогтоолын:

 

тогтоох хэсгийн 9 дэх заалтад: “...А.Э, Б.Б нарын зорчих эрхийг шүүхээс тэдгээрийн оршин суудаг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар хязгаарлаж, тэдгээрт хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай. ...” гэснийг “...Шүүгдэгч А.Эийг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс, шүүгдэгч Б.Б Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар хязгаарлаж, тус тус гарч явахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлаж, тэдгээрт хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай. ...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Шүүгдэгч А.Э, түүний өмгөөлөгч Т.Баасанжаргал, Ц.Дэлгэрням, хохирогч “Хас лизинг” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч С.Б, хохирогч “Констракшн коммершл инвестмент ББСБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.Т, хууль ёсны төлөөлөгч Э.М нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.  

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 97 /ерөн долоо/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

4. Шийтгэх тогтоолоос хойш шүүгдэгч А.Э нь хохирогч “Констракшн коммершл инвестмент ББСБ” ХХК-д 3.850.000 төгрөг, “Хас лизинг” ХХК-д 5.370.000 төгрөг, “Капитрон банк” ХХК-д 2.250.000 төгрөг, “Хаан банк” ХХК-д 4.500.000 төгрөг, нийт 15.970.000 төгрөгийг төлсөн байгааг дурдсугай. 

 

5. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ

 

 

ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН    

 

   

ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ