Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2021/00534

 

2021 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2021/00534

 

 

Ц.Б-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ш.Оюунханд даргалж, шүүгч А.Мөнхзул, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заадах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2021/00248 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ц.Б-ын  нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуульд холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, үр дүнгийн урамшуулалд 8 096 075 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Б-, түүний өмгөөлөгч Ш.С, хариуцагчийн өмгөөлөгч Г.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Б- миний бие 2019 оны 8 дугаар сард Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны ахлах хүмүүжүүлэгч багшийн албан тушаалд тухайн үед тус сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Сарантуяагийн 2019 оны 8 дугаар сарын 19-ны өдрийн Б/52 тоот тушаалаар ажилд орсон. Гэтэл 2019 оны зуны ээлжийн амралтаа эдлээд ажилдаа орохоор ирэхэд одоогийн сургуулийн захирал Д.Оюунсувд нь тус сургуулийн 2019-2020 оны хичээлийн жилд ахлах хүмүүжүүлэгч багш гэсэн албан тушаал байхгүй хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тул ажлаас чөлөөлөв гэсэн 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Б/52 тоот тушаалыг үйлдэж Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн А/278 дугаар захирамжийг үндэслэв гэжээ. Нийслэлийн Ерөнхий боловсролын сургууль нь Сүхбаатар дүүргийн боловсролын хэлтэст хамааралгүй, БСШУСЯ-ны шууд харъяанд байдаг ба энэхүү А/278 тоот захирамж нь 2018 оны 9 дүгээр сарын 14-нд хүчингүй болсон захирамж байдаг. Мөн Хөдөлмөрийн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасныг зөрчсөн, цар тахлын онцгой дэглэмийн үед хүнийг ажлаас халахгүй, ажлын байртай нь байлгана гэсэн төр засгийн тогтоол, шийдвэрийг ноцтой зөрчиж байна гэж үзэн гомдол гаргаж байна. Миний бие нэг хичээлийн жилд нийт 32 албан хаагчийг хариуцаж үүрэг даалгаварыг цаг тухайд биелүүлж алдаа дутагдалгүй ажилласан. Гэтэл намайг 2020 оны 8 дугаар сарын 18-нд ажилдаа орох гээд ирэхэд нарийн бичиг Золбоожаргал чамд мэдэгдэл өгсөн, нэг жилийн хугацаатай гэрээний хугацаа дууссан тул та чөлөөлөгдсөн гэсэн. Би үүнийг нь хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ бичиж өгсөн. Би халагдах тушаалаа аваад хамгийн анхан шатны байгууллага болох Боловсрол соёлын байгууллагын ажилчдын үйлдвэрчний хороонд өргөдөл гомдол гаргаж, дараагаар БСШУЯамны төрийн нарийн бичгийн даргад хандсан. Гэтэл гэмт хэргийн шинжтэй байх тул шүүхээр шийдүүлэх талаар хариу өгсөн. Үүний дагуу Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Намайг чөлөөлсөн 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Б/52 тоот тушаалд албан тушаалын орон тоо хасагдсан тул халсан гэдэг боловч одоог хүртэл тухайн орон тоо нь байгаа талаар нотлох баримтыг өгсөн. Ц.Б-ыг ахлах хүмүүжүүлэгч багшийн албан тушаалаас яг ямар үндэслэлээр чөлөөлж байгаа нь тодорхой бус, тушаал нь хууль зүйн үндэслэлгүй байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-д заасныг үндэслэсэн байдаг. Талууд харилцан тохиролцох юм бол хөдөлмөрийн гэрээгээ дуусгавар болгож болдог боловч Ц.Б-тай харилцан тохиролцож дуусгавар болгосон тухай баримт хавтаст хэрэгт байдаггүй. Сүхбаатар дүүргийн Засаг даргын хүчингүй болсон 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн А/278 тоот захирамжийг үндэслэсэн. Иймд ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, үр дүнгийн урамшуулалд нийт 8 096 075 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Баярсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.Б-ыг Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Сарантуяагийн 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Б/52 тоот тушаалаар ахлах хүмүүжүүлэгч багшаар томилж, мөн өдрөө 2019/09 дугаартай хөдөлмөрийн гэрээ хийсэн. Хөдөлмөрийн гэрээний хугацааг 2019-2020 оны хичээлийн жилийг дуустал гэж талууд тохиролсон. Нэхэмжлэгч Ц.Б- нь шинэ короновирусээс үүдэн хөл хорио тогтоосон хугацаанд дотуур байранд хийсэн ажлын төлөвлөгөө, тайлан, дотуур байрны багш ажиллагсадтай хэрхэн хамтран ажилласан тухайгаа тайлагнаагүй бөгөөд түүнтэй хийсэн 2019/09 тоот хөдөлмөрийн гэрээний хугацаа 2019-2020 оны хичээлийн жил дуусахад дуусгавар болсон. Хөдөлмөрийн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-д заасныг баримтлан БСШУССайдын А/194 тушаал, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн А/278 тоот захирамжийн холбогдох заалтыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зөрчөөгүй болно. Нэхэмжлэгч Ц.Б- нь нэхэмжлэлдээ байнгын ажлын байранд хугацаатай гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн үйлдэл болсон үүнд гомдолтой байдаг. Байнгын ажлын байр гэдгийг Боловсрол соёл шинжлэх ухааны сайд болон Сангийн сайд нарын хамтарсан 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/024/11 тоот албан тушаалын орон тоо норматив батлах тухай тушаал байдаг. Тухайн тушаалын хавсралтад төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн багшаас бусад захиргааны ажилчдын орон тоо батлагдсан. Тухайн орон тоонд дотуур байрны ахлах хүмүүжүүлэгч багш гэж байдаггүй. Өөрөөр хэлбэл, Ц.Б-ыг ажилд томилж авсан албан тушаал нь байнгын орон тоо биш тул хугацаатай гэрээ байгуулсан. Ц.Б- нь ээлжийн амралтаа аваад 8 сард ирэхэд ажлаас халсан гэж тайлбарлаж байгаа нь худлаа, түүнд хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тул ажлаас нь чөлөөлж байгаа тухайгаа хэлээд тушаал танилцуулж сонсох ажиллагаа явуулсан тухай тэмдэглэлд тусгаж, тухайн тэмдэглэлд шүүхэд хандана гэж өөрөө бичээд гарын үсэг зураад тэр чигтээ яваад өгсөн. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, үр дүнгийн урамшуулалд 8 096 075 төгрөг гаргуулах тухай Ц.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Б- нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Ц.Б-ыг ажлаас чөлөөлсөн Б/52 тоот тушаал нь 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр гарсан боловч ажлаас чөлөөлөх хугацааг 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр дуусгавар болгосон байдаг. Тушаалын үндэслэл нь 2019-2020 оны хоорондох хичээлийн жил 6 дугаар сарын 04-ний өдөр дуусгавар болсон тул хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэж байна. Гэтэл хариуцагч надтай хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа 2019-2020 оны хичээлийн жил дуусах хугацаагаар гэж байгуулсан ба энэхүү хугацаа дууссан өдөр намайг ажлаас чөлөөлөх тушаал шийдвэр гаргах ёстой байсан. Мөн шүүхийн шийдвэрт дурдагдсан сонсох ажиллагаа гээд байгаа зүйлийг 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр буюу Ц.Б- намайг ээлжийн амралттай байх хугацаанд болсон. Үүнээс хойш ээлжийн амралтаа эдэлж дуусаад эргээд 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр ажилдаа орсон бөгөөд энэ өдөр бүтэн ажиллсан. Ямар нэгэн ажлаас халлаа гэсэн асуудал болоогүй бөгөөд маргааш нь ажилдаа ирэхэд буюу 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр нарийн бичиг таныг ажлаас халсан гээд тушаал нь 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр гарсан боловч ажлаас чөлөөлөх хугацааг 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр дуусгавар болгосон. Миний бие энэхүү тушаалыг 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр гардаж аваад тэр өдрөө хуулбар үнэн даруулаад 2020 оны 8 дугаар сарын 25-ны хүлээлгэж өгсөн. Энэ бүхнээс үзэхэд миний бие Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлд зааснаар ажлаа хүлээлгэж өгөөд тооцоо хийж дууссан өдөр буюу 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр өөрийгөө ажлаас халагдсан сүүлийн өдөр гэж үзэх үндэслэлтэй. Ээлжийн амралтаа 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс аваад эдлэж байсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хууль, Боловсролын тухай хуульд заасан ээлжийн амралтын хугацаанд тушаал шийдвэр гаргаж байгаа явдал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-д зааснаар албан тушаал минь хадгалагдах ёстой атал үүнийг ноцтой зөрчсөн болно. Хэрвээ шүүх сонсох ажиллагааг хуулийн дагуу болсон гэж үзэж байгаа бол Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасныг харгалзаж үзсэнгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь ажил олгогчийн шийдвэрийг аваад 1 сарын дотор гомдол гаргана гэж заасан. Өөрөөр хэлбэл, ажил олгогч тушаалын төслөө танилцуулснаар бус харин ажилтан ажил олгогчийн шийдвэр буюу ажлаас чөлөөлсөн тушаалыг хүлээн авсан өдрөөс хойш уг хугацааг тоолох ёстой. Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр гардаж авсан нь хариуцагч байгууллагын хуулбар үнэн дардсаар нотлогдож байгаа юм. Ц Батбаатар нь 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр ажлаас чөлөөлөх тушаалыг хүлээн авсан гэж үзэж 129 дүгээр зүйлийн 129.2-т заасны дагуу тушаалыг гардаж авснаас хойш 1 сарын дотор хуулийн хугацаанд шүүхэд хандсан билээ. Тиймд дээрх нотлох баримт нь хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлээгүй гэдгийг нотолж байхад шүүх үүнийг буруу тайлбарлаж нотлох баримтыг буруу үнэлсэн. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 4-т 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Б/52 тоот тушаалаар Ц.Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон гэж бичсэн нь алдаатай дүгнэлт болсон байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

 Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүйгээс гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан хийгээд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Ц.Б- нь хариуцагч Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуульд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, үр дүнгийн урамшуулал нийт 8 096 075 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Б/52 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.3 дахь заалт, Сүхбатар дүүргийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/278 тоот Төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн орон тоог шинэчлэн батлах тухай захирамжийг тус тус үндэслэн тус сургуулийн 2019 2020 оны хичээлийн жилийн орон тоонд ахлах хүмүүжүүлэгч багш орон тоо байхгүй, 2019 2020 оны хичээлийн жил 6 дугаар сарын 04-ний өдөр дуусгавар болж байгаа тул хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан ахлах хүмүүжүүлэгч багш Ц.Б-ыг 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгожээ. /хх-ийн 5/

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт зааснаар ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэрийг гардуулан өгөх үүрэгтэй ба мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар ажилтан ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах ёстой.

 

Хариуцагчийн шүүхэд гаргасан болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулгаас үзэхэд нэхэмжлэгч ажлаас буруу халсан тухай гомдол гаргах хуульд заасан хугацааг зөрчсөн талаар тайлбар гаргаагүй, талууд энэ талаар мэтгэлцээгүй байхад анхан шатны шүүх талуудын мэтгэлцээгүй буюу маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчимд нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагч байгууллагын 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөр огноолсон, хуулбар үнэн гэсэн тэмдэгтэй, хуулбар олгосон ажилтны гарын үсэг бүхий, захирлын 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Б/52 тоот тушаалын хуулбарыг нотлох баримтаар хавсаргасан байхаас гадна тэрээр шүүх хуралдаанд ...намайг 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр ажилдаа орох гээд ирэхэд н.Золбоожаргал нарийн бичиг ажлаас халсан тушаалыг өгсөн... гэж тайлбарласныг хариуцагч, түүний төлөөлөгч эсэргүүцээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч зөвшөөрсөнд тооцох, талуудын маргаангүй үйл баримт гэж үзэх үндэслэлтэй. /хх-ийн 5, 103/

Гэтэл анхан шатны шүүх талуудын маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн байхаас гадна ажлаас халах тушаалын төсөл танилцуулсан сонсох ажиллагааны тэмдэглэл гэх баримтыг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч шүүхэд 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэл гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэснийг зөрчөөгүй байна. /хх-ийн 1/

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд ажил олгогч Нийслэлийн Ерөнхий боловсролын сургууль нь Ц.Б-тай 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, уг гэрээгээр хөдөлмөрийн гэрээний хугацааг 2019-2020 оны хичээлийн жилийг дуустал гэж тохиролцсон ба шүүх хөдөлмөрийн гэрээний уг заалтыг Бага, дунд боловсролын тухай хуулийн холбогдох заалт, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн А/194 тоот тушаал зэрэгт үндэслэн 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаатай байхаар харилцан тохиролцсон гэж үзсэн нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт нийцсэн байна. / хх-ийн 3, 90-91 /

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцдог.

 

Хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө гэрээг дуусгавар болгох талаар ажил олгогчийн зүгээс санал тавиагүй, нэхэмжлэгч Ц.Б- нь 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүртэл ажлаа гүйцэтгэж, ажил олгогч түүнд 6 дугаар сард 919 894 төгрөгийн, 7 дугаар сард 919 894 төгрөгийн цалин хөлс олгосон байна. /хх-ийн 7/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчид хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар гэрээ дуусгавар болох үед мэдэгдсэн гэж тайлбарласан боловч хэрэгт авагдсан 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн мэдэгдэх хуудас гэх баримтад нэхэмжлэгч гарын үсэг зураагүй байна. /хх-ийн 47 /

 

Иймд талуудын хоорондын 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт зааснаар анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцохоор байхад хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн хариуцагч байгууллагын дээрх тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т нийцээгүй болно.

 

Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2019 оны 01 сарын 15-ны өдрийн А/01 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар 29 дүгээр сургуулийн ажил, албан тушаалын жагсаалтын 5-д дотуур байрны хүмүүжүүлэгч багшийн орон тоо 6 гэж батлагдсан ба уг 6 орон тооны 1 нь нэхэмжлэгчийн ажиллаж байсан ахлах хүмүүжүүлэгч багшийн орон тоо биш гэж үзэх үндэслэлийг хариуцагч нотлоогүй байхаас гадна илүү 1 орон тоотой ажиллаж байсан гэж үзэх үндэслэл мөн хэргийн баримтаар тогтоогдоогүй, ийнхүү ажиллуулж байсан гэж үзсэн ч үүнд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй юм.

 

Хариуцагч нь ахлах хүмүүжүүлэгч багш гэсэн орон тоо байхгүй гэсэн тушаалын үндэслэл, татгалзал тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй.

Иймд анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-д заасан үндэслэлээр ажилтныг ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч Ц.Б-ыг урьд эрхэлж байсан ахлах хүмүүжүүлэгч багшийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 8 172 192 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасантай тус тус нийцнэ гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

 

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлс нь түүний сүүлийн 3 сарын дундаж / 1 224 728 + 919 894 + 919 894 / = 1 021 505 төгрөг болох / хх-ийн 7 / ба давж заалдах шатны шүүхээс түүний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж байгаа тул 2020 оны 7 дугаар сарын 23-ний өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 8 сар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор /1 021 505 * 8 / = 8 172 040 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2021/00248 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Ц.Б-ыг хариуцагч Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах хүмүүжүүлэгч багшийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны дундаж цалин, хөлстэй тэнцэх олговорт 8 172 040 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Б-т олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуульд даалгасугай гэж, 2 дугаар заалтыг ...болохыг дурдсугай гэснийг ...болохыг дурдаж, хариуцагч Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиас 145 702 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

Н.БАТЗОРИГ