Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 2023/ДШМ/394

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023/ДШМ/394

2023           4              12

 

А.Ц, Х.Н нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Ууганбаяр,

хохирогч М.Т, М.Э нарын өмгөөлөгч А.Зоригтбаатар,

шүүгдэгч А.Ц, Х.Н, тэдгээрийн өмгөөлөгч Х.Мандах,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Батболор даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/32 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч М.Т, М.Э нарын өмгөөлөгч А.Зоригтбаатарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн А.Ц, Х.Н нарт холбогдох эрүүгийн 2110 01595 0767 дугаар хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ... овгийн А.Ц, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух, /РД:..../,

  • Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 54 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял,
  • Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 581 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдсэн.

2. ... овгийн Х.Н, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр ... төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт ...тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.../.

Шүүгдэгч А.Ц нь 2021 оны 8 дугаар сарын 21-ний шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан хилл цогцолборын гадаа М.Ттай үл ялих зүйлээс болж маргалдан улмаар түүний биед нь халдан зодож баруун гайморын хөндийн урд болон гадна хана, хацрын нум, хамар ясны хугарал, хамар, баруун хацар, шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхи, баруун хацарт цус хуралт, духанд зулгаралт, цус хуралт, зүүн сарвуу, баруун шилбэнд зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан,

мөн тухайн цаг хугацаанд М.Этэй маргалдан улмаар түүний биед нь халдан зодож баруун хөмсөгний дээд хэсэгт шарх, дух, хамар, зүүн нүдний доод хэсгийн зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний доод зовхи, баруун чихний дээд дэлбэн, хүзүү, баруун бугалга, цээж, зүүн дал, хэвлийн зүүн хажуу, зүүн мөр, эгэм, шуунд цус хуралт, уруулын зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус харвалт, дух, зүүн чамархай, баруун нүдний зовхи, хамар, дагз, хүзүү, баруун чигчий хуруу, зүүн бугалга, тохой, шуу, шилбэнд зулгаралт, зүүн хацар, баруун мөр, тохой, шуу, авдагт цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

шүүгдэгч Х.Н нь 2021 оны 8 дугаар сарын 21-ний шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан хилл цогцолборын гадаа Б.Хтай үл ялих зүйлээс болж маргалдан улмаар түүний үснээс зулгааж нүүрэн тус газарт хөлөөрөө өшиглөж биед нь хамар ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт цус хуралт, баруун өвдөгт зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: А.Цын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Х.Нгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Х.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч А.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ял, шүүгдэгч Х.Нг Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Цт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ял дээр Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх торгох ялын хэмжээг 900.000 төгрөгөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Цт оногдуулсан 900.000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд, Х.Нд оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан диск 2 ширхгийг хэрэгт үлдээж, шүүгдэгч А.Ц, Х.Н нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, Х.Н, А.Ц нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хохирогч М.Т, М.Э нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг А.Ц, Х.Н нарт сануулж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд А.Ц, Х.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч М.Т, М.Э нарын өмгөөлөгч А.Зоригтбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "...Анхан шатны шүүх хавтаст хэрэгт цугларсан баримтыг зохих ёсоор үнэлээгүй бөгөөд хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн гэж дүгнэж буй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг /Шүүх хуралдаанаар дараах нөхцөл байдлыг хянана/-ийн 4.1 дэх заалтад "шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” гэж заасан. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон хэргийн газрын хяналтын камерын бичлэг, хохирогч нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч А.Ц нь хохирогч М.Т-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хохирогч М.Эгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг ганцаараа үйлдээгүй байдаг. Шүүгдэгч А.Ц 2021 оны 8 дугаар сарын 21-ний шөнө болсон зодооныг эхлүүлж хохирогч нарт хүч хэрэглэсэн үйлдэл гаргасан болох нь тогтоогддог хэдий ч хохирогч нарын мэдүүлэг болон хяналтын камерын бичлэгт авагдсан үйл явдлаас үзэхэд тухайн өдрийн хуримд оролцож байсан үл таних этгээдүүд /шүүгдэгч нартай хамаарал бүхий этгээдүүд байх боломжтой/ хохирогч нарт хүч хэрэглэж, зодсон үйл баримтууд тогтоогддог. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч А.Ц нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт "Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно”, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.” гэж тус тус заасны дагуу хохирогч нарын эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн байна. Тухайлбал, хохирогч М.Т "...10-аад хүмүүс гарч ирсэн, дайрсан ... баахан цагаан цамцтай залуу гарч ирсэн...” /хх-30, 33/, хохирогч М.Э "...10-аад залуу гарч ирсэн, нүүр рүүгээ цохиулаад унасны дараа зөндөө өшиглөсөн,... машины голоор оруулахад дахиад 1 нь намайг үсдээд доош дарж өшиглөж байгаад больсон...” /хх-38/, гэрч Н.А "...олон залуучууд ирээд шууд зодолдсон..., араас нь 4-5 залуу гүйж байсан, ...Эг 4-5 залуу 2 машины голд оруулаад зодож байсан...” /хх-112/ гэж тус тус мэдүүлсэн. Шүүгдэгч А.Ц нь хохирогч нарын эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэргийг дээрх байдлаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн тул гэмт хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх бөгөөд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой. Шүүгдэгч А.Цт хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу зүйлчлэл дээрх байдлаар өөрчлөгдөх нөхцөл байдал бий болсон тул анхан шатны шүүх хэргийг прокурорт буцаан ердийн журмаар хэргийг хянан шийдвэрлэх учиртай. Гэвч анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр улсын яллагчаас шүүхэд шилжүүлсэн зүйлчлэлийн хүрээнд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн үндэслэлгүй байна. 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдөр шүүгдэгч А.Цтай бүлэглэж буюу гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон этгээдүүдийг олж тогтоох, мөрдөн шалгах ажиллагаа огт хийгдээгүй ба үүний улмаас хохирогч нарын эрүүл мэндийг хохироосон, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд ял завшин үлдэх боломж бүрдээд байна. 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн хуримд оролцсон зочдын нэрсийг гаргуулах, тэдгээр зочдоос хохирогч нарт хүч хэрэглэж хохирол учруулсан этгээдүүдийг олж тогтоох, гэрчийн мэдүүлэг авах, хуримын хяналтын камерын бичлэгийг хавтаст хэрэгт хавсаргах зэрэг ажиллагаа хийгдээгүй ба эдгээр ажиллагаа хийгдэх бүрэн боломжтой байна. Үүний улмаас эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчим ноцтой зөрчигдсөн гэж үзэж байна. Мөн шүүгдэгч А.Ц болон Х.Н нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэргийг үйлдсэн эсэхийг шалган тогтоогоогүй. Учир нь, шүүгдэгч нар нь 2021 оны 8 дугаар сарын 21-ний шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан хилл цогцолборын гадаа буюу олон нийтийн газарт нийгмийн хэв журмыг зөрчиж, хохирогч М.Т, М.Э, Б.Х нарын эрүүл мэнд, халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг тус тус ноцтой зөрчиж, энэхүү гэмт хэрэгт бусад этгээдүүдийг татан оролцуулж хамтран үйлдсэн талаарх баримт мэдээлэл хяналтын камерын бичлэг болон гэрч, хохирогч нарын мэдүүлэгт тусгагдсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг давхар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нар хохирогч М.Т, М.Э нарын эрүүл мэндэд хохирол учруулахаас гадна 2021 оны 8 дугаар сарын 21-ний шөнө олон нийтийн газарт буюу Зайсан хилл орчмоор явж байсан бусад хүмүүсийн халдашгүй байдал, эрх, эрх чөлөө, эрүүл мэндэд халдаж, эд хөрөнгөд хохирол учруулж /Б.Хгийн гар утас эвдэрсэн, цүнх алга болсон/ гэх мэт олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан болох нь хяналтын камерын бичлэгт тусгагдсан байна. Дээр дурдсанчлан шүүгдэгч А.Цт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл бүрдээгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан зарчим хангагдаагүй тул мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу хэргийг прокурорт буцаан шийдвэрлэх ёстой байсан. Гэвч анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх заалтыг ноцтой зөрчиж, шүүгдэгч болон бусад этгээдэд эрүүгийн хариуцлагаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдөх нөхцөл бүрдсэн бөгөөд энэхүү эрүүгийн хэргийг бүрэн гүйцэт шалган тогтоож, ердийн журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 04- ний өдрийн 2023/ШЦТ/32 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэх боломжийг олгож өгнө үү.” гэв.

Шүүгдэгч А.Ц, Х.Н нарын өмгөөлөгч Х.Мандах тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "...Анхан шатны шүүх хуралдаанд шүүгч, прокурор, өмгөөлөгч бүгд камерын бичлэг үзэхэд хүмүүс бужигнаж, бие биеэ цохисон зүйл байгаагүй, ганц цохисон хүн нь А.Ц байсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч А.Ц тус шүүх хуралдаанд "Хэлэх тайлбаргүй.” гэв.

Шүүгдэгч Х.Н тус шүүх хуралдаанд "Хэлэх тайлбаргүй.” гэв.

Прокурор С.Ууганбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: "Шүүгдэгч нарт холбогдох хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Намайг ээлжийн амралттай байхад хяналтын прокурор Б.Хурц анх эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан ч би мөрдөн шалгах ажиллагаанд бүрэн хяналт тавьсан. Би хохирогч М.Т, М.Э нарын дахин мэдүүлэгт байлцсан бөгөөд тэдгээр нь А.Цыг зодсон гэж мэдүүлдэг. Шүүхийн шатанд хохирол 40.000.000 төгрөг нэхэмжилж, үүнтэй холбоотойгоор өмгөөлөгч авахаар болж шүүх хуралдаан хэд хэдэн удаа хойшилсон. Улмаар хохиролтой холбоотой гомдол гаргаж, шүүх хуралдаанд "2-3 хүн зодсон” гэж мэдүүлсэн. Хэрэгт авагдсан хяналтын камерын бичлэг дэх дүрс харанхуй, бүдэг боловч хэн, хэнд яаж гар хүрч, цохиж байгаа нь харагддаг. Шүүгдэгчээс хохирогч М.Т, М.Э нарын хохирол төлбөрийг бүрэн төлж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, үйлдсэн хэрэг нь нотлогдсон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж шүүхэд шилжүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогч М.Т, М.Э нарын өмгөөлөгч А.Зоригтбаатарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч А.Ц нь 2021 оны 8 дугаар сарын 21-ний шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан хилл цогцолборын гадаа М.Ттай үл ялих зүйлээс болж маргалдан улмаар түүний биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан, мөн тухайн цаг хугацаанд М.Этэй маргалдан улмаар түүний биед нь халдан зодож хөнгөн хохирол санаатай учруулсан,

- шүүгдэгч Х.Н нь 2021 оны 8 дугаар сарын 21-ний шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан хилл цогцолборын гадаа Б.Хтай үл ялих зүйлээс болж маргалдан улмаар түүний үснээс зулгааж нүүрэн тус газарт хөлөөрөө өшиглөж биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч М.Т-ын "...Би 2021 оны 8 дугаар сарын 20-ны 21 цаг 30 минутын орчимд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан хилл цогцолборт байрлах "Ион” нэртэй шөнийн клубээр үйлчлүүлсэн. 23 цаг 40 минутын орчим гараад уруудах шатны 3 дахь эгнээний сандал дээр эхнэр А, найз Э, Ж, Г, Г нарын хамт юм яриад сууж байгаад харихаар шийдсэн. Тэгээд машин руугаа дөхөж байтал манай эхнэр А "машин руу хүн юм шидчихлээ” гэхээр нь машин руугаа ойртоод харахад 2 эмэгтэй, 1 эрэгтэй байсан. Нэг түлхүүр машины доороос авах шиг болохоор нь очоод "юу шидчихэв ээ, яав аа” гэхэд "юу ч шидээгүй, юмаа авч байна, шидсэн байсан ч яадаг юм, наад машиныг чинь төлөөд өгье, хэдэн сая юм бэ” гээд өдөөд, маргалдсан. Их удаан маргасан зүйл байхгүй. 1-2 минут маргалдаж байхад эрэгтэй нь намайг шууд нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Тэгсэн надтай хамт байсан найз нар юу болов гээд салгаад бужигнаад эхэлсэн. Тэгэхэд миний хамраас цус гарсан байсан. ...нэг том биетэй эрэгтэй нь миний нүүр рүү гараараа нэг удаа цохих үед дахиад цохих вий гээд ухарч байгаад зүлгэн дээр унахад 3 хүн дайрахаар нь баруун тийшээ зугтаагаад найзынхаа машины хажууд байж байхад манай хэд салаад ардаас хүрээд ирсэн. Тэгэхэд манай найз Э зодуулчихсан, найз нар түшээд ирсэн. Удалгүй цагдаа нар ирсэн. ...Миний хамар хугарч, хамрын хөндийд цус хурсан. Баруун хацрын яс цөмөрсөн...” /1хх 29-30 /,

хохирогч М.Эгийн "...Би 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Зайсан хилл Цогцолборт найз Т, А, Агийн найз хоёр эмэгтэй, М нарын хамт байж байгаад 00:00 цаг өнгөрч байсан байх "Ион” баарнаас гарсан. Манай эхнэр М дээд террас дээр байхаар нь дуудахаар явсан. Нөгөө хэдэн найз маань машин зогсоол руу машин руугаа явсан. ...Т-ын хамраас цус гарсан, нэг залуутай барилцаж аваад заамдалцсан зогсож байхаар нь би очиж салгасан. Тэгээд учрыг нь тайлбарлаад чи манай найзын хамрыг цохиод цус гаргасан байна гэж хэлэхэд над руу дайраад байхаар нь "Чи зодолдъё гээд байгаа бол сайхан эр хүн шиг зодолдож болно. ...хэнийг цохисныг хараагүй шууд нүүр рүүгээ баахан цохиулаад унасны дараа зөндөө өшиглөсөн. Тэр дундаас нэг туранхай жижиг залуу болиулаад холдуулж, машины голоор оруулахад дахиад намайг нэг нь үсдээд доош нь дараад өшиглөж байгаад больсон. Яг хэнийг цохиж зодсоныг сайн хараагүй. ...” /1хх 37-38 /,

хохирогч Б.Хгийн "...Би 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр найз Э, Т, Т-ын найз О-гийн хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан хилл цогцолборын Ион бааранд үйлчлүүлсэн. Тус баарнаас 00 цаг 30 минутын үед гараад машин руугаа явах замд хоёр эмэгтэй дээр доороо гарсан зодолдож байсан. ...Н нь босож ирээд шууд хойноос үснээс зулгаагаад хойшоо унагаад нүүр рүү нэг удаа өшиглөөд, үснээс зулгаагаад тавихгүй байхаар нь "тавиач ээ, болиоч ээ” гэхэд тэр хавийн хүмүүс ирж салгасан. ...Тэгэхээр нь цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгөхөд зодолдсон хүмүүс чинь цагдаа дээр ирсэн байна гэсэн. ...Саарал үстэй, ягаан хувцастай Н гэх эмэгтэй үсдэж унагааж, нүүр рүү өшиглөж учруулсан...” /1хх 61-63/, гэрч М.Э-ын "...Би 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр найз Х, Т, Т-ын найзтай хамт Хан-Уул дүүргийн Зайсан хилл цогцолборын бааранд үйлчлүүлж байгаад 00 цаг өнгөрч байхад ...Тухайн үед Х руу саарал үстэй эмэгтэй дайраад маргалдаад байсан. Саарал үстэй, согтуу эмэгтэй үсдээд, өшиглөөд гэмтэл учруулсан. ...” /1хх 98-99/,

гэрч Н.Агийн "...Би 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр нөхөр Т, найз Ж, найзын нөхөр Г, Г, Э нарын хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан хилл цогцолборын бааранд үйлчлүүлж байгаад 23 цаг 30 минутын үед гараад харих гээд зогсоол дээр тавьсан автомашин руу явахдаа Э, Г хоёрыг тамхи татаж байхад нь хүлээгээд зогсож байхад нэг эмэгтэй "хөөе хөөе” гээд орилоод байхаар нь харахад манай машины ар руу нэг юм шидэхээр нь "хөөе машин руу юм шидчихлээ” гээд нөхөр Тд хэлээд бид хоёр түрүүлээд очоод "яагаад машин руу юм шидчихэв ээ” гээд машинаа эргэж тойроод харахад нэг хүүхэн "ямар сүртэй юм” гээд яриад байхаар нь согтуу хүмүүстэй юу ярих вэ гээд явах гэж эргээд харахад манай нөхрийг тэр эмэгтэйтэй хамт явж байсан нөхөр нь цохиод хамраас цус гаргасан байхаар нь "хүүш яаж байна аа” гэхэд хамт явж байсан найз нар ирээд "яасан бэ, хамар нь далийсан байна” гээд байж байсан. ... Ж, Г нар дахиж салгахаар нь босоод ирэхэд нөхөр Т, Э хоёр Т-ын хамрыг цохисон залуутай зогсож байхад баахан олон залуучууд ирээд шууд зодолдсон. Тэгсэн манай нөхөр замын хажуугийн уруу зүлэг дээр өнхрөөд унахад нь дахиад хүмүүс зодох гээд араас нь очихоор нь би нөхрийгөө цаашаа зугт гээд хэлэхэд цаашаа зугтсан. Ардаас нь 4-5 залуучууд гүйж байхыг хараад эргээд харахад Эг хоёр машины голд оруулсан зодож байсан. ...” /1хх 111-113/,

гэрч М.Ж-гийн "...Би 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр нөхөр Г, найз А, Т, Э, Г гэдэг хүмүүстэй Зайсан хиллийн Ион бааранд үйлчлүүлж байгаад 23:40 цагийн үед гарсан. Зайсан хиллийн гадаа шатны тэнд сандал дээр сууж байгаад Э тамхи татаж байгаад салах гэж байсан бөгөөд А "манай машины тийшээ нэг хүн юм шидчих шиг боллоо” гээд Т, А хоёр машин руугаа явахад, бид нар сандал дээрээ суугаад үлдсэн. Тэгээд тэр хоёрыг хүлээсэн чинь ирэхгүй машиныхаа тэнд хүмүүстэй яриад зогсож байх шиг байхаар нь машин руугаа явах гээд нөхөр Г, Г бид гурав Т-ын араас очиход, Т-ын хамраас цус гарсан. ...Т, Э хоёр аймар зодуулсан байсан. Удалгүй Эгийн эхнэр М ирсэн. Бид нарыг доор байхад дээр зогсоол дээр хүмүүс орилолдоод зодолдоод байсан. ...” /1хх 115-116/,

гэрч Б.Г-ын "...Би 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр эхнэр Ж, эхнэрийн найзуудтай явж байсан, сайн танихгүй. Тэгээд Зайсан хиллийн Ион бааранд үйлчлүүлж байгаад 00:00 цагийн үед байхаа гарч яваад би машинаа доор зогсоол дээр тавьсан бөгөөд машинаа авч ирэх гээд ганцаараа явж байхад хүмүүс орилолдоод буцаад очиход тэнд бужигнасан зодоон болж байсан. Тэгэхэд манай эхнэр Ж-г нэг саарал үстэй махлаг хүүхэн үстсэн байхаар нь салгахад энд тэнд юу болоод байгаа мэдэгдэхгүй байсан бөгөөд нэг машины ард Э танихгүй хүмүүст зодуулж байхаар нь очих гэхэд нэг том залуу намайг бариад ойртуулахгүй байхад хэдэн хүмүүс салгахаар нь эхнэрийг бугуйвчийг хайж байгаад нөгөө хэд рүү утсаар ярихад "цагдаа руу явж байна” гэхээр нь очсон.” /1хх 122-123/,

гэрч Г.С-ын "...Би 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүрэгт байдаг Зайсан хилл цогцолборт найз Мөнхбаярын хуримын хүлээн авалтад эхнэр А-ын хамт 16 цагийн үед орсон. Тэгээд хурим тараад гарч ирэхэд Ц зогсоол дээр машины дунд баахан хүмүүс бужигналдаад байсан. Би ойртож харж чадаагүй очих гээд явахад өөдөөс баахан танихгүй хүмүүс ирэхээр нь "найз яагаад бөөнөөрөө зодож цохиод байгаа юм бэ” гэж хэлсэн. Цаана хүмүүстэй зодолдоод байх шиг байсан бөгөөд удалгүй цагдаагийн машин ирээд аваад явсан. Сүүлд гарч ирээд машины зогсоол дээр ирэхэд Ц машины голд хэдэн хүмүүстэй зодолдож байсан. Яг ямар хүмүүстэй маргалдаж зодолдсон талаар мэдэхгүй, ойртож очоогүй, очих гэхэд хэдэн хүмүүс явуулахгүй байсан. Тэгэхэд Н нь цаана хэдэн эмэгтэй хүмүүстэй зодолдож байгаа харагдсан...” /1хх 128-129 /,

яллагдагчаар А.Цын "...Би 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан хилл цогцолборт найз Б-ийн хуримд эхнэр Нгийн уригдаж орчихоод хурим тарах болоод эхнэр Н, найз А-ын хамт харих гээд машины зогсоол руу явж байхад эхнэр Н түлхүүр шидээд нэг машины доогуур орохоор нь авах гээд байж байхад хэдэн залуучууд эмэгтэйчүүд ирээд нэг залуу нь "машин тэрэг яагаад байна аа” гэхээр нь "яагаа ч үгүй машин доогуур чинь түлхүүрээ унагаачихаад авсан юм, машин тэргээ шалгаад үзээрэй” гэж хэлээд маргаан болоод, зодоон болсон. ...Тэгээд машины эзэн гэх залуу намайг эхлээд цохиод хамт байсан хүмүүс нь зодоод, баахан хүмүүс гарч ирээд хэн хэн нь мэдэгдэхгүй салгахаар нэг залуу нь буцаагаад нүүр рүү нь цохиод, нөгөө залуу нь хоёр машины голд байхаар нь цохиж унагаад нүүр рүү нь өшиглөсөн. Би өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас бусдад учруулсан хохирлыг барагдуулсан. Мөн Т гэх залууд 4.000.000 төгрөгийн эмчилгээний зардлыг төлсөн байгаа.” /2хх 114-115 /,

яллагдагчаар Х.Нгийн "...2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр нөхөр Цын хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан хилл дотор найзынхаа хуриманд очоод байж байгаад хурим дуусах дөхөөд орой 23 цагийн үед санагдаж байна нөхөр Ц, найз А-ын хамт хуримаас гараад Зайсан хилл автомашины зогсоол дээр байгаа ... улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн машин руугаа явсан. ...Тэгсэн нөхөр Ц хамт үлдэнэ гээд байхаар нь "чи үлдвэл үлд” гээд түлхүүрээ шидэхэд нэг авто машин доогуур түлхүүр орчихоор нь нөхөр маань машин доороос түлхүүрээ тонгойгоод авахад 3 залуу ирээд "машин гэмтээлээ” гэхэд Ц "сэвтээсэн зүйл байхгүй, доороос нь түлхүүрээ авсан юм” гэхэд шууд 2 залуу нөхрийг маань цохиод хамт явж байсан 3 эмэгтэй цуг байсан учраас би нөхрийгөө өмөөрөөд 3 эмэгтэйтэй маргалдаад нэг эмэгтэйтэй нь үсдэлцээд ноцолдоход хамт байсан эмэгтэйчүүд дайраад байхаар нь босож ирээд салгах гэж ирсэн өөр эмэгтэйг андуураад цохисон юм. Би өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас Х гэх эмэгтэйд учирсан хохирлын мөнгө болох 2.000.000 төгрөгийн эмчилгээний зардлыг төлсөн байгаа...” /2хх 117-118/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 7745 дугаартай: "...М.Т-ын биед баруун гайморын хөндийн урд болон гадна хана, хацрын нум, хамар ясны хугарал, хамар, баруун хацар, шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхи, баруун хацарт цус хуралт, духанд зулгаралт, цус хуралт, зүүн сарвуу, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдалд нөлөөлөхгүй...” /1хх 132-133/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 7741 дугаартай "...М.Эгийн биед баруун хөмсөгний дээд хэсэгт шарх, дух, хамар, зүүн нүдний доод хэсгийн зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний доод зовхи, баруун чихний дээд дэлбэн, хүзүү, баруун бугалга, цээж, зүүн дал, хэвлийн зүүн хажуу, зүүн мөр, эгэм, шуунд цус хуралт, уруулын зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус харвалт, дух, зүүн чамархай, баруун нүдний зовхи, хамар, дагз, хүзүү, баруун чигчий хуруу, зүүн бугалга, тохой, шуу, шилбэнд зулгаралт, зүүн хацар, баруун мөр, тохой, шуу, авдагт цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдалд нөлөөлөхгүй.” /1хх 135-136 /,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 7756 дугаартай: "...Б.Хгийн биед хамар ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт цус хуралт, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдалд нөлөөлөхгүй...” /1хх 143-144/ гэх дүгнэлтүүд зэрэг хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг хангалттай нотолж чадсан байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч А.Цыг М.Т-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, М.Эгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, шүүгдэгч Х.Нг Б.Хгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч А.Цын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Х.Нгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Ц, Х.Н нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан, шүүгдэгч А.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ял, Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн нийт 900.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Х.Нг Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байхаас гадна эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Хохирогч М.Т, М.Э нарын өмгөөлөгч А.Зоригтбаатар "...Шүүгдэгч А.Ц нь хохирогч нарын эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэргийг дээрх байдлаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн. 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн хуримд оролцсон зочдын нэрсийг гаргуулах, тэдгээр зочдоос хохирогч нарт хүч хэрэглэж хохирол учруулсан этгээдүүдийг олж тогтоох, гэрчийн мэдүүлэг авах, хуримын хяналтын камерын бичлэгийг хавтаст хэрэгт хавсаргах зэрэг ажиллагаа хийгдээгүй ба эдгээр ажиллагаа хийгдэх бүрэн боломжтой байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Мөн шүүгдэгч А.Ц болон Х.Н нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэргийг үйлдсэн эсэхийг шалган тогтоогоогүй.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Учир нь шүүгдэгч Х.Н, А.Ц нар нь хохирогч нарт учирсан гэмтлийг өөрсдөө учруулсанаа хүлээн зөвшөөрсөн, гэм буруу дээрээ маргаагүй, тухайн өдөр болсон маргаан нь шүүгдэгч, хохирогчийн аль алины буруутай үйлдлээс харилцан зодоон үүсгэсэн байх тул уг хэрэгт холбогдуулан өөр этгээдийг шалгах шаардлагагүй, өөр гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэлээ.

Мөн түүнчлэн хэрэгт авагдсан шүүгдэгч Х.Н, А.Ц нар нь Хан-Уул дүүргийн прокурорын газарт өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд хэргийг шилжүүлэхээс өмнө гаргасан байна.

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Хурц нь шүүгдэгч Х.Н, А.Ц нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогч нарт учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хянаад, торгох ял оногдуулах санал гаргаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Тухайлбал, анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шүүгдэгч А.Ц, Х.Н нарын гэм буруутай эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч М.Т, М.Э нарын өмгөөлөгч А.Зоригтбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/32 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч М.Т, М.Э нарын өмгөөлөгч А.Зоригтбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ

Т.ШИНЭБАЯР

ШҮҮГЧ

Л.ДАРЬСҮРЭН

 

 

 

ШҮҮГЧ

Б.БАТЗОРИГ