| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Золзаяа |
| Хэргийн индекс | 191/2025/00417/И |
| Дугаар | 191/ШШ2025/01693 |
| Огноо | 2025-02-25 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 191/ШШ2025/01693
2025 02 25 191/ШШ2025/01693
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.З даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот *** тоотод оршин суух Боржигон овогт Ц*******гийн Э******* /Регистрийн дугаар: СЭ*******/-ийн гаргасан,
Хариуцагч: Улаанбаатар хот *** тоотод оршин суух Б******* овогт Б*******гийн М******* /Регистрийн дугаар: ЖЯ*******/-д холбогдох,
9,082,105 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А*******, хариуцагч Б.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Э*******, харуицагч М******* нар нь гэр бүл байсан. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 сарын 26-ны өдрийн шийдвэрээр гэрлэлт цуцалсан. Зохигчдын дундаас хүү Т төрсөн. Өнөөдрийг хүртэл хариуцагч М******* нь хүүхдийн тэтгэлгийг цаг хугацаанд нь төлж ирсэн. Өнөөдрийн байдлаар Т гэдэг сургуульд сурч байгаа. Ээж нь хүүхдийнхээ эрүүл мэнд, цаашдын сургалтын асуудалд анхаарч хэд хэдэн сургалтад явуулдаг. Хүүгийн хувьд нүд, шүдний асуудалтай. Байнгын тогтмол эмчилгээ явж байгаа. Бид нар 12,577,000 төгрөгийн сургалтын төлбөрийн 9 баримт, 5,587,000 төгрөгийн эрүүл мэндийн зардлын 28 баримт, нийт 37 баримтыг хавсаргаж өгсөн. М******* нь хүүхдийн тэтгэлэг төлж байгаа ч Гэр бүлийн тухай хуулийн 48.1-т заасныг үндэслээд 9,082,105 төгрөгийг хариуцагч М*******оос нэхэмжилж байна.
2018 онд Э*******, М******* хоёр гэрлэлт цуцлуулахаас эхлүүлээд би Э*******д эрх зүйн туслалцаа үзүүлж байсан. Баянзүрх дүүргийн шүүх дээр 3 жилийн өмнө нэмэлт зардлын 50 хувь гаргуулах асуудал яригдаад нэхэмжлэлийг 100 хувь хангасан асуудал байдаг. Байрны асуудал дээр шүүхэд хандаад явах боломжтой, энэ удаад сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаад явах боломжтой байсан ч гаргаагүй. Шүдний асуудлыг нь зөвшөөрч байна гэсэн, нүдийг нь хэлэхгүй байна. Миний анзаарснаар хүүхэд нилээд том харааны линзтэй харагдсан. Сургалтын төлбөр дээр өөртэй нь хэлэлцэх ёстой байсан гэдгийг би үндэслэлгүй тайлбар гэж үзэж байна. Хөөрөг гэдгийг аваарай гэсэн байна. М*******ын хувьд хүүхдийн тэтгэлгийг эхэндээ асуудалтай байгаад сүүлд хугацаандаа төлдөг болсон, эцэг хүнийхээ үүргийг гүйцэтгэж байна гэж үзэж байгаа. 82,105 төгрөгийг хасч 9 сая төгрөг болгож багасгаад энэ оны дотор төлж дуусахаар эвлэрэх боломжтой. 4 сард хүүхэд нь 18 нас хүрнэ. Дансны хориг тавиулсан байгаа, өөрөө гэр бүл зохиосон 2 хүүхэдтэй юм байна, тиймээс дансны хориг нь саад болох болов уу гэж бодож байна. Энэ саналыг зөвшөөрөхгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна.
9,000,000 төгрөгийг ондоо цувуулж төлөх боломж олгох санал дээр хариуцагч санал хэлсэнгүй, хүлээж аваагүй юм шиг байна. Гэр бүлийн тухай хуулийн 48.1 дээр гарсан нэмэлт зардлын тал хувийг гаргуулах талаар зохицуулсан. Хэдийгээр энэ хүн шинэ амьдрал зохиосон, нялх хүүхэдтэй, түрээсийн байранд амьдардаг гэдэг нь үнэн боловч өөрийнх нь том хүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг байгаа. Тиймээс шүүхээс нотлогдож байгаа баримтын хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Б******* овогтой М******* (ЖЯ*******) иргэн Ц******* овогтой Э*******тай 2007 оноос эхлэн хамтран амьдарч байгаад 2018 онд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 сарын 26-ны өдрийн 0 дугаартай шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан. Бид дундаа нэг хүүтэй байсан ба гэрлэлт цуцлуулах үед хүү М.Тийг эхийн асрамжид үлдээн хүүхдийн тэтгэлэгийг тухай бүрд өөрийн цалингийн орлогоос төлсөөр ирсэн юм. Мөн хүү маань төлбөртэй сургуульд шилжин суралцаж эхлэхэд өөрийн боломжоор сургалтын төлбөрөөс төлөлцөж ирсэн. Одоогоор сар бүр 454,200 төгрөгийг хүүгийн амьжиргааны зардалд төлж байна. 2025 оны 1 сарын төлбөрийг оролцуулан тооцож үзвэл нийт 21.891.200 төгрөгийг төлсөн байна. Үүн дээр нэмээд сургалтын төлбөрт 2,361,000 төгрөгийг төлсөн. Миний бие хүүдээ ээжтэй нь хамтран амьдарч байхдаа авсан байраа үлдээсэн. /Баянзүрх дүүрэг *** тоот/. Тус байрыг 2 жил орчим бусдад түрээслэн орлого олж байгаа бөгөөд /сард нэг сая төгрөг орчим мөнгөн дүнгээр/, уг орлогоор хүүхдийн сургалт болон эмчилгээний төлбөрийг төлөх бүрэн боломжтой гэж үзэж байна. Миний бие хэрвээ хүүдээ үлдээсэн байрны түрээс, миний сар бүр төлж байгаа төлбөр хүүхдийн зардалд хангалтгүй гэж үзэж байвал дээр дурьдсан байрны өөрт оногдох хувийг гаргуулах, мөн гэр бүл цуцлуулах үед өөрийн эдэлж хэрэглэж байсан авч чадаагүй явсан хөөрөг бусад хувцас эд хэрэглэлийг авах хүсэлтэй байна.
Би нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 2 жилийн хугацааны юм ярьж байна. Хүүхдийг сургуульд оруулахдаа надтай зөвшилцөөгүй сургачхаад төлбөр нэхэмжилж байна. Шүдний аппарат зүүснийг нь мэдэж байгаа, бусдыг нь мэдэхгүй байна. Иймэрхүү зардал гарна гэдгийг бодож би хүүхэддээ байраа үлдээсэн. Салаад 7 жил болоход би түрээсийн байранд амьдарсан. Би өөрийн гэсэн юмаа авъя гэхэд чи аваад явсан гээд юу ч өгдөггүй. Би худалдан авалтын гэрээ хийгээд өгчихвөл татвараас 10 хувийн буцаан олголт авах гээд байна гээд би гэрээг нь хийж өгсөн. Одоо би тэрийг худалдсан юм шиг яриад байна. Э*******гийн ах эгч нар тэрийг байрыг би хүүхэддээ өгсөн гэдгийг мэдэж байгаа. Тэр байрыг 2 жил түрээслэж байгаа, хангалттай 20 сая төгрөг олсон гэж үзэж байгаа. Энэ байрны түрээсийн орлогод миний зохих хэмжээний дэм болгосон гэж ойлгож байгаа. Би сар болгон тэтгэмжийг өгч байгаа, 7-8 сая төгрөг өөрт нь өгсөн. Ингээд үзэхээр би сургалтын төлбөр дээр гараар өгөхгүй ч зохих хэмжээний дэмжлэг оруулсан гэж үзэж байгаа. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү
3 хүүхдийн асуудал яригдаж байна. Би 2 нялх хүүхэдтэй, өөр тусдаа амьдралтай. Том хүү одоо 18 нас хүрнэ, 4 сард тэтгэмж нь дуусч байгаа. Сургалтын төлбөр дээр миний тэтгэмжээр өгдөг мөнгийг юунд зарцуулдагийг мэдэхгүй байна. Би хангалттай мөнгө хөрөнгөөр тусалсан гэж үзэж байгаа. Тийм учраас энэ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөөч гэв.
1. хэрэгт бүрдүүлсэн нотлох баримт:
1.1. нэхэмжлэгч талаас нэхэмжлэл /хх-ийн 1-2/, улсын тэмдэгтийн хураамжид 160,264 төгрөг төлсөн баримт /хх-ийн 3/, оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 4/, сургуулийн тодорхойлолт /хх-ийн 5/, эрүүл өсч бойжиж байгаа тухай тодорхойлолт /хх-ийн 6/, шүүхийн тусгай архивын албан бичиг /хх-7, шүүхийн шийдвэр /хх-ийн 8-13/, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж /хх-ийн 14/, гүйцэтгэх хуудасны дугаарын бүртгэл /хх-ийн 16-17/, кассын орлогын ордер /хх-17, 19/ төлбөрийн баримтууд, сургалтын гэрээ /хх-ийн 24/, ebarimt-ууд итгэмжлэл
1.2. хариуцагч талаас иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 63/, хариу тайлбар /хх-ийн 71/, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хх-ийн 72/, авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлан /хх-ийн 73-76/
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Э******* нь хариуцагч Б.М*******од холбогдуулан хүү М.Тийн сургалтын болон эрүүл мэндийн зардалд 9,082,105 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийг хувийг гардуулж, талуудад хуульд заасан эрх, үүргийг танилцуулж, тайлбарласан байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Гэвч шүүх, хуралдаанаар хэлэлцүүлсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлээс зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:
- Хүү М.Тийн 2023-2024, 2024-2025 оны сургуулийн төлбөр 12,577,000.00 төгрөг, 2023-2025 оны эрүүл мэндийн зардал 5,587,210.00 төгрөг нийт 18,164,210.00 төгрөгийн 50 хувь болох 9,082,105 төгрөг гаргуулах гэж тодорхойлсон.
2.1 Хариуцагч Б.М******* нь, хүүхдийг сургуульд оруулахдаа надтай зөвшилцөөгүй, шүдний аппарат зүүснийг нь мэдэж байгаа, бусдыг нь мэдэхгүй байна. Иймэрхүү зардал гарна гэдгийг бодож хүүхэддээ байраа үлдээсэн уг байрын түрээсийг хүүхдэд зарцуулна гэж анхнаасаа нэхэмжлэгчтэй тохирсон гэж маргаж байна./хх 70 дугаар тал/
3. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон хэргийн үйл баримт, эрх зүйн дүгнэлтийг дараах байдлаар хийлээ.
3.1 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2018/0 дугаар шийдвэрээр Ц.Э*******, Б.М******* нарын гэрлэлтийг цуцалж, насанд хүрээгүй хүү М.Тийг эх Ц.Э*******гийн асрамжид үлдээж, хүү М.Тийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны түвшний 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Б.М*******оор тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан уг шүүхийн шийдвэрийн хуулбараар тус тус тогтоогдож байна. /х.х-ийн 8-13 дугаар талд/
3.2. Нэхэмжлэгч хариуцагч нарын дундаас төрсөн хүү М.Т нь 2007 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, одоо 17 настай эхийн асрамжид эрүүл өсөж бойжиж байгаа болох нь зохигчдын тайлбар, Насан урт ӨЭМТ-ийн тодорхойлолтоор тогтоогдоу байна./хх-ийн 6 дугаар тал/
3.3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтаар хүү М.Т нь сургуульд 2021 оноос хойш элсэн суралцаж байгаа одоо 12б ангид суралцдаг болох нь тогтоогдож байхаас гадна хариуцагч үүнд маргахгүй байна. /х.х-ийн 5 дугаар тал/
4. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж зохицуулсан.
Дээрх хуулийн тэжээн тэтгүүлэгч гэдгийг мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж зааснаар ойлгох юм.
Өөрөөр хэлбэл, эцэг, эх нь 18 насанд хүрээгүй хүүхэд, эсхүл 18 насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ хуульд зааснаар тэжээн тэтгэх үүрэгтэй юм.
4.1. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан онцгой нөхцөл байдал тохиолдсон гэдгийг тэжээн тэтгүүлэгч хүндээр өвчилсөн эсхүл өвчний болоод бусад шалтгаанаар тэдгээрт асаргаа сувилгаа шаардлагатай, мөн сургууль цэцэрлэгт элсэн орсон гэх зэрэг шалтгааны улмаас нэмэлт тэтгэлэг, зардал төлөх хэрэгцээ шаардлага гарсан бол Ц.Э*******, Б.М******* нар нь эцэг, эх болохын хувьд уг нэмэлт тэтгэлэгийг ижил тэнцүү хариуцах үүрэгтэй.
Монгол Улсын нэгдсэн орсон Хүүхдийн эрхийн тухай Олон улсын конвенцийн 27 дугаар зүйлийн 27.2-т эцэг эх буюу хүүхдийн төлөө үүрэг хариуцлага хүлээж байгаа бусад хүн хүүхдийг хөгжүүлэхэд шааддагдах амьдралын нөхцөлийг өөрсдийн чадавхи, санхүүгийн боломжийн хирээр хангах үндсэн үүрэг хүлээнэ гэж зааснаар эцэг, эх нь үр хүүхдээ өөрийн санхүүгийн боломжийн хирээр тэжээн тэтгэх үүрэгтэй юм.
Эцэг, эх үр хүүхдээ тэжээн тэтгэх үүргийн талаар Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т эцэг, эх үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй гэж, улмаар тэтгэлгийн хэмжээг мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасан.
Тайлбарлавал, хуульд заасан тус тэтгэлгийн хэмжээ нь хүүхдийн наад захын хэрэгцээг хангах зорилготой тул уг тэтгэлэг тогтмол байхын зэрэгцээ эцэг, эхийн санхүүгийн боломжоос хамаарахгүй тул тэжээн тэтгэгч этгээдээс зөвшөөрөл авах шаардлагагүй.
Харин хүүхдийн сургалтын төлбөр, нэмэлт сургалт, гоо сайханд зарцуулагдсан төлбөр зэрэг нь нэмэлт тэтгэлэг бус зардал тул энэ тохиолдолд эцэг, эхийн санхүүгийн чадавхид тулгуурлах учир харилцан зөвшилцөл зайлшгүй шаардагдах учиртай.
4.2. Талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч, хариуцагч нарын гэрлэлтийг 2018 онд шүүхийн шийдвэрээр цуцалж, гэрлэлтийн харилцааг дуусгавар болгосон байхаас гадна хүү М.Т нь 2024 оны 06 дугаар сараас 2025 оны 01 дүгээр сарын хугацаанд шүдний гажиг засах эмчилгээнд хамрагдсан, улмаар нийт 2,490,000.00 төгрөг болсон болох DEGFIM эмнэлэгийн НӨАТ-ын баримтмаар тогтоогдох ба энэ нь хүүхдийн зайлшгүй шаардлагатай эрүүл мэндийн үйлчилгээ тул 2,490,000.00 төгрөгийн тал хувь болох 1,245,000.00 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй.
Харин, хүү М.Тийг Англи хэлний тусгай хөтөлбөрт сургалтанд хамруулах болон сургуульд бүрэн дунд боловсрол эзэмшүүлэх талаар нэхэмжлэгч нь хариуцагчтай харилцан зөвшилцсөн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, мөн нүдний болон нүүрний эмчилгээ нь зайлшгүй авах шаардлагатай эмнэлгийн тусламж үйлчилгээ гэж үзэхээргүй буюу өөрийн хүсэл зоригоор авч болох, гоо сайхны үйлчилгээ байх тул уг зардлуудыг хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.
Учир нь нэхэмжлэгч нь үр хүүхдээ өндөр төлбөртэй сургуульд сургах, онцгой нөхцөл байдлаас бусад зардал гаргахдаа энэ тухай хариуцагчид мэдэгдэж түүний саналыг харгалзаагүй нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ гэж заасантай нийцэхгүй байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь гэрлэгчид биш болсон боловч хүү М.Тийн эцэг, эх мөн тул хүүхдийг аль нэг талын асрамжид үлдээсэн эсэхээс үл хамааран түүнтэй холбоотой шийдвэр гаргахдаа тэгш эрх эдэлж, үүрэг хүлээх бөгөөд ийнхүү шийдвэр гаргахдаа нөгөө талын саналыг үл харгалзах нь тэжээн тэтгэгчийн санхүүгийн бие даасан байдал, боломж бололцоо зэрэгт сөргөөр нөлөөлнө гэж үзэв.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Б.М*******оос 1,245,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Э*******д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 7,837,105.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна. гэж заасныг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 160,264.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 34,430.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.М*******оос 1,245,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Э*******д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 7,837,105.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 160,264.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.М*******оос улсын тэмдэгтийн хураамжид 34,430.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Э*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.З