| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 141/2025/00065/И |
| Дугаар | 141/ШШ2025/00063 |
| Огноо | 2025-03-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 141/ШШ2025/00063
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч П.Доржбал би,
Нэхэмжлэгч: ............................ байрлах Х.Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .................... холбогдуулан 9,475,387 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл бүхий иргэний хэрэгт хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбарыг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Х.Б” ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Х.Бнь харилцагч А овогтой Б цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 421.1 дэх хэсэгт "Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно", 421.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно”, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8 дахь заалтад "цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар”, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно”, 7.2 дахь хэсэгт "Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ." гэж тус тус заасныг үндэслэн 2023 оны 12 сарын 29-ны өдөр дугаартай Зээлийн гэрээ байгуулан 11423471.66 төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 3321975.65 төгрөгийг төлсөн. Х зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж, холбогдож байсан боловч 2024 оны 7 сарын 20-ний өдрөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 121 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт 9,475,387 төгрөг гаргуулж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч А.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Миний бие А овогтой Б нь 2024 оны 7 сард ажлаасаа гарсан тул цаг хугацаанд нь “Х”-ны зээлийг төлж барагдуулж чадаагүй. Миний бие А овогтой Б би “Х”-ны зээлийг 9,475,387 төгрөг (Есөн сая дөрвөн зуун далан таван мянга гурван зуун наян долоо) төгрөг төлж барагдуулна. Надад холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн хариуцагч А.Бд холбогдуулан гаргасан 9,475,387 төгрөг гаргуулах тухай шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Б нь “...Миний бие А овогтой Б нь 2024 оны 7 сард ажлаасаа гарсан тул цаг хугацаанд нь “Х”-ны зээлийг төлж барагдуулж чадаагүй. Миний бие А овогтой Б би “Х”-ны зээлийг 9,475,387 төгрөг(Есөн сая дөрвөн зуун далан таван мянга гурван зуун наян долоо) төгрөг төлж барагдуулна. Надад холбогдох иргэний хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн тайлбарыг ирүүлж, тайлбартаа гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт “...Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй...” гэж зааснаар хариуцагч А.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх эрхтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Х” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 166,556 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Бгаас 83,278 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 83,278 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 166,556 төгрөгийг нэхэмжлэгч “Х” ХХК-д олгох нь зүйтэй байна гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар нэхэмжлэгч “Х” ХХК-ийн хариуцагч А.Бд холбогдуулан гаргасан 9,475,387 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Х-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 166,556 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Бгаас 83,278 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 83,278 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 166,556 төгрөгийг нэхэмжлэгч “Х” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч А.Б нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.
ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ