| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Пагма |
| Хэргийн индекс | 138/2024/01274/И |
| Дугаар | 309/ШШ2025/00243 |
| Огноо | 2025-03-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 309/ШШ2025/00243
| 2025 оны 03 сарын 07 өдөр | Дугаар 309/ШШ2025/00243 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж, ерөнхий шүүгч Л.Батжаргал, шүүгч Х.Отгонжаргал нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* овогт *******гийн *******, ******* овогт *******гийн ******* нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймгийн Хэрлэн сумын ерөнхий боловсролын “*******” сургууль
Хариуцагч: ******* сургуулийн 7а ангийн багш ******* овогт *******ын нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Сургуулийн захиргааны гаргасан шийдвэрийг цуцалж, 7а ангийн сурагч, эцэг эх, асран хамгаалагчдын дунд хүү О. болон эцэг эх бид буруугүй талаар амаар болон албан бичгээр уучлалт гуйхыг даалгах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч П.*******, Б.*******
Хариуцагч ******* сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.
Хариуцагч О. болон хариуцагч сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч П.*******, Б.******* нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Хэрлэн сумын ерөнхий боловсролын ******* сургууль болон багш О. нарт холбогдуулан “Сургуулийн захиргаа гаргасан шийдвэрээ цуцалж, 7а ангийн хамт олны дунд бидний хүүгээс ангийн багш О. болон “*******” сургуулийн захирал Ц.Алдармаа нар нь “Сургуулийн захиргааны шийдвэр буруу байсан, О. болон түүний эцэг эх буруугүй байсан, О.ийг үндэслэлгүй сургуулиас хөөсөндөө уучлалт гуйж байна” гэж аман байдлаар уучлалт гуйхыг даалгах, сургуулийн захиргаа тус сургуулийн 7а ангийн сурагчид болон эцэг эх, асран хамгаалагчдын дунд О.ийн эцэг эхийг “сургуулийн нэр хүнд, анги хамт олны, багшийн нэр хүндэд удаа дараа халдсан гэж гүтгэж О. болон түүний эцэг эхийн нэр хүндэд халдсандаа уучлалт гуйж байна” гэж албан байдлаар бичгэн хэлбэрээр уучлалт гуйхыг даалгах тухай” нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний хүү О. нь 2023 оны 09 дүгээр сарын 01-нд ерөнхий боловсролын ******* сургуулийн 6а ангид шилжин суралцаж эхэлсэн ба 6 дугаар ангиа амжилттай дүүргэж, 2024 оны 09 дүгээр сараас 7а ангид дэвшин суралцаж байсан. Анги удирдсан багш О.аар удирдуулсан ангийн эцэг эх, асран хамгаалагчдын фэйсбүүк групп чатад 2024 оны 11 дүгээр сарын 12-нд англи хэлний гадаад багшийн сургалтын цагийн хүртээмж хангалтгүй байгаа боловч хичээлээс гадуур нэмэлт сургалтууд явуулах гэж буй зар мэдээллийн дагуу асран хамгаалагчид нь санал, шүүмжээ харилцан бичиж, хурал зарлан уг асуудалтай холбоотой саналуудаа нэгтгэж сургуулийн захиргаанд хүргүүлэх хүсэлтэй байгаа талаар харилцаж байсан. Тухайн үед О.ийн аав П.******* миний бие уг чатад “улсын ЕБС-ийн хувьсах зардалтай төрийн өмчийн бус ЕБС-ийн хувьсах зардал ижил байдаг гэж ойлгосон” тухайгаа бичиж, үндсэн төлбөр дээр уг хувьсах зардал нэмэгдэх ба иймд гадаад багшийг ажлын цагаар сургуулийн ангиудад англи хэлний хичээл орох цагаа нэмэгдүүлэх нь зүйтэй талаар сургалтын гэрээний 3.14, 3.15 дахь заалтуудыг үндэслэн санал, шүүмжээ бичсэн. Ингэж чатаар харилцах үедээ тухайн 7 хоногтоо багтаан эцэг эх, асран хамгаалагчдын хурал хийж, дээрх яригдсан асуудлаа сургуулийн захиргаанд танилцуулахаар яригдсан боловч тухайн чатаар харилцсанаас 4 цагийн дараа анги удирдсан багш О. нь миний хүү О.ийг сургуулиас чөлөөлж /хөөх шийдвэр/ буйг тус групп чатад мэдэгдсэн. Уг чатад “П.******* нь худал мэдээлэл тарааж багшийн нэр хүндэд болон сургуулийн нэр хүндэд удаа дараа санаатайгаар халдсан тул сургалтын гэрээний 3.7-д заасны дагуу сургалтын үйл ажиллагааг зогсоож байгааг мэдэгдэж байна. Та бүхний чатыг сургуулийн захиргаанд уламжилсны дагуу сургуулийн захиргааны шийдвэр тул мэдэгдэх хуудсыг сургуулийн захиргаанд биеэр ирж авна уу” гэсэн чатыг бичсэн. Үүний дагуу О.ийн ээж Б.******* тус сургууль дээр очиж сургалтын үйлчилгээг зогсоох тухай мэдэгдлийг авсан.
1. Нийгмийн сүлжээнд үндэслэлгүй худал мэдээ тарааж, сургуулийн нэр хүндэд халдсан гэжээ. Групп чатыг нийгмийн сүлжээ гэж үзэх бол ангийн багш О. нь мөн нийгмийн сүлжээнд миний гэр бүл, миний хүүгийн нэр хүндэд бүдүүлгээр халдсан гэж үзнэ. Мөн миний бичсэн ЕБС-ийн хувьсах зардлын тухайд цахим орчинд Боловсрол, шинжлэх ухааны газрын веб сайт, legalinfo.mn зэрэг веб сайтуудад нээлттэй мэдээлэл тул үндэслэлгүй гэх зүйлтэй санал нийлэхгүй байна.
2. Сургуулийн нэр хүнд, анги хамт олны нэр хүндэд, багшийн нэр хүндэд удаа дараа халдсан гэжээ. Үүнийг гүтгэлэг гэж үзэж байна.
Мэдэгдлийг групп чатаар мэдээлснээс анги хамт олон дунд бидний хүүг сургуулиас хөөгдсөн гэсэн мэдээлэл тарж сэтгэл зүйн хүнд байдалд орсон, тухайн ангидаа явах хүсэлгүй болсон. Бидний хувьд АУБ-ийн тухайн гаргасан үйлдэл, сургуулийн захиргааны сургалтын гэрээг зогсоох тухай мэдэгдэл нь Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, Боловсролын тухай хууль, ******* Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна. Бидний хүүгийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн нь миний хүүг ялгаварлан гадуурхсан хүчирхийллийн шинж чанартай байна. Мөн миний гэр бүл, миний хүүгийн хувьд дээрх мэдэгдэлд дурдсанчлан сургуулийн нэр хүнд, багшийн нэр хүндэд санаатай болон санаандгүй байдлаар халдсан зүйл огт байхгүйн дээр удаа дараа гэдгийг ч ойлгохгүй байна.
Мөн миний хүүгийн сурагчийн хувийн хэрэгт ШИЙДВЭР-ээр сургуулиас чөлөөлсөн гэж бичсэн нь аливаа ял зэм хүртсэн мэт ойлгогдохоор утга агуулгатай байгаад харамсаж байна.
Бидний зүгээс миний хүүг эцэг эхийн групп чатад үндэслэн бүдүүлгээр сургуулиас чөлөөлж, англи хэлний цагийн хүртээмжгүй байдлаас үүдсэн асран хамгаалагчдын санал шүүмжүүдийг дарах гэсэн шийдвэр гэж харж байгаа ба уг чатад олон асран хамгаалагчид үзэл бодлоо илэрхийлсэн атал миний гэр бүл, миний хүүг онцолсон явдал нь биднийг илтэд дээрэлхэж буй үйлдэл гэж үзэн уг шийдвэртэй санал нийлэхгүй байна. Иймд ерөнхий боловсролын ******* сургуулийн захиргаа болон багш О. нараар дээрх нэхэмжлэлийн шаардлагуудыг хангуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч Хэрлэн сумын ерөнхий боловсролын “*******” сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус иргэний хэргийн анхан шатны шүүхэд П.******* болон Б.******* нараас Ерөнхий боловсролын Долоодой сургуульд холбогдуулан нэхэмжлэл гаргасан байх бөгөөд тус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, энэхүү тайлбарыг гаргаж байна. Суралцагч О. нь анх манай сургуульд 4 дүгаар ангид суралцаж байгаад, 5 дугаар ангидаа шилжин, улмаар 6 дугаар ангиасаа буцаж шилжиж ирэн суралцаж байсан билээ. Тус сурагчийн анги удирдсан багш О. тухайн ангийн эцэг эхчүүдийн өөрсдийн фэйсбүүк групп чатанд сургалтын үйл ажиллагаа болоод бусад асуудалтай холбоотойгоор хэд хэдэн зуйлс яриад байна гэж хэлсэн. Ингээд сургуулийн удирдлагын зүгээс чухам юу болсон талаар асууж лавлан, эцэг эхчүүдийн бичсэн зүйлсийг харсан. Нэхэмжлэгч П.Отгонсүрэн нь ангийн эцэг эхийн группт "2024 онд ЕБС-д олгох нэг хүүхдийг сургах хувьсах зардал гэсэн ийм мэдээлэл байсан, хувийн сургуулиудад бас ижилхэн олгогддог гэж ойлгоод байгаа. Yүн дээр төлбөр нэмэгдэж байгаа гэж бас ойлгоод байгаа. Үндсэндээ 7,700,000 төгрөгийн төлбөртэй гэж ойлгогдохоор харагдаж байна." гэж бичсэн. Гэтэл ийнхүү дурдсанчлан улсаас 2,200,000 төгрөгийн хувьсах зардал авдаггүй, энэ нь худал мэдээлэл бөгөөд эцэг эхчүүдийн дунд ийнхүү худал мэдээлэл тараасан нь сургууль өндөр төлбөр авдаг мэт ойлголтыг төрүүлэхээр байна. Мөн нөгөөтэйгүүр гомдол гаргагчийн зүгээс төлбөр өндөр байгаа учраас англи хэлний цагийг нэмэгдүүлэх шаардлага тавьж, дээрх зүйлийг ярьсан. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А/350 дугаар "Сургалтын төлөвлөгөө шинэчлэн батлах тухай" тушаалын 2 дугаар хавсралтаар дунд ангийн сургалтын төлөвлөгөөг баталсан. Тус тушаалд зааснаар Англи хэлний хичээлийг 7 хоногт 3 цаг орохоор баталсан. Харин манай сургууль үндсэн 3 цагаас гадна сургуулийн онцлогтой нэмэлт хөтөлбөр гэж дахин англи хэлний хичээлийг 3 цагаар нэмж, нийт 7 хоногт 6 цагийн англи хэлний хичээлийг орж байгаа болно. Иймд гомдол гаргагчийн зүгээс өндөр төлбөр авдаг, төлбөртөө тохируулж англи хэлний цагийг нэмэгдүүлэх шаардлагатай мэтээр ярьж буй нь худал мэдээлэл юм. Сурагч О.ийн эцэг, эхтэй 2024 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр "Сургалтын гэрээ"-г байгуулсан бөгөөд тус гэрээний 6 дугаар зүйлд гэрээ дуусгавар болох, гэрээ цуцлах тухай зохицуулсан. Гэрээний 6.2.2-т “Энэхүү гэрээний ...3.7 дахь заалтыг зөрчсөн бол сургуулийн санаачилгаар" цуцална гэж заасан бөгөөд нэхэмжлэгч П.******* нь сургуулийн нэр хүндэд халдаж, худал мэдээлэл олон нийтийн дунд тараасан нь гэрээний тус заалтыг зөрчсөн байх тул сургалтын гэрээг цуцалсан болно. Иймд нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч О. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус иргэний хэргийн анхан шатны шүүхэд П.Оттонсүрэн болон Б.******* нараас О. надад холбогдуулан нэхэмжлэл гаргасан байх бөгөөд миний бие тус нэхэмжлэлийн шаардлагын өөрт холбогдох хэсгийг бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү тайлбарыг гаргаж байна. 2024 оны 11 дүгээр сарын 12-нд манай ангийн сурагчдын эцэг эхчүүд “7а- эцэг, эх -******* сургууль" гэх групп эцэг эхчүүд сургалтын уйл ажиллагаатай холбоотой зүйлс ярьсан байсан. Би тухайн үед хичээлтэй байсан тул товчхон тайлбарыг өөрийн зүгээс өгсөн. Мөн тус групп чатад яригдаад байгаа асуудал болоод эцэг эхчүүдийн бичсэн зүйлийг сургуулийн удирдлагад дамжуулж харуулсан. Сургуулийн захиргааны зүгээс нэхэмжлэгч нарт холбогдуулан "Сургуулийн үйлчилгээг зогсоох тухай мэдэгдэл" гарсан, энэ талаар мэдэгдээрэй гэсэн. Үүний дагуу би сургуулийн зүгээс гарсан шийдвэрийг дамжуулж хэлсэн. Үүнээс биш би аливаа шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан биш бөгөөд, зөвхөн гаргасан шийдвэрийг дамжуулж хэлсэн. Би нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагад дурдаж буй шийдвэрийг гаргаагүй төдийгүй тэдгээрийн нэр хүндэд халдсан, гүтгэсэн зүйл огтхон ч байхгүй. Иймд нэхэмжлэлийн хариуцагч надад холбогдох хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, “*******” сургуулийн 2024.11.12-ны өдрийн 01 дугаартай “Сургалтын үйлчилгээг зогсоох тухай мэдэгдэл”, Сургалтын гэрээ, О.ийн сэтгэлзүйн дүгнэлт, “7а- эцэг, эх -******* сургууль" гэх фэйсбүүк групп чатад бичигдсэн мэдээлэл агуулсан зураг, О.ийн хувийн хэргийн шилжилт хөдөлгөөн тэмдэглэх хэсгийг харуулсан зураг, Эрх бүхий албан тушаалтны хариу мэдэгдэх хуудас зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
4. Хариуцагч талаас 2024.12.16-ны өдрийн 67 дугаартай “Итгэмжлэл олгох тухай” албан бичиг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, Сургалтын гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ******* сургуулийн 2024-2025 оны хичээлийн жилийн Дунд ангийн хөтөлбөрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг болно.
5. Шүүхийн зүгээс нэхэмжлэгч нарын хүсэлтээр Дорнод аймгийн Боловсролын газрын 2024.12.04-ны өдрийн 404 дугаартай “Чиглэл хүргүүлэх тухай” албан бичгийг нотлох баримтаар гаргуулсан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Нэхэмжлэгч П.*******, Б.******* нар нь тус шүүхэд хариуцагч Хэрлэн сумын ерөнхий боловсролын “*******” сургууль, тус сургуулийн багш О. нарт холбогдуулан “Сургуулийн захиргааны гаргасан шийдвэрийг цуцалж, 7а ангийн сурагч, эцэг эх, асран хамгаалагчдын дунд хүү О. болон эцэг эх бид буруугүй талаар амаар болон албан бичгээр уучлалт гуйхыг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцсон болно.
Хариуцагч тал нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч тайлбараа гарган маргадаг.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудаар нэхэмжлэгч Б.******* нь Хэрлэн сумын ерөнхий боловсролын “*******” сургуультай 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 10 сарын хугацаатай “Сургалтын гэрээ” байгуулж, хүү О.ийг тус сургуулийн 7а ангид суралцуулах болсон нь тогтоогдож байна.
Мөн тус сургуулийн 7а ангийн сурагчдын эцэг эх, асран хамгаалагчдын дундах “7а-эцэг, эх-******* сургууль" гэх фэйсбүүкийн групп чатад 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр эцэг эх, асран хамгаалагч нар сургуулийн сургалтын үйл ажиллагаа, англи хэлний цагийн хүртээмжийн асуудлаар харилцан санал хүсэлтээ бичих үед нэхэмжлэгч П.******* санал хүсэлтээ илэрхийлж “2024 онд ЕБС-д олгох нэг хүүхдийг сургах хувьсах зардал гэсэн ийм мэдээлэл байсан, хувийн сургуулиудад бас ижилхэн олгогддог гэж ойлгоод байгаа. Yүн дээр төлбөр нэмэгдэж байгаа гэж бас ойлгоод байгаа. Үндсэндээ 7,700,000 төгрөгийн төлбөртэй гэж ойлгогдохоор харагдаж байна. Бүр шөнө оройн цагаар бол гадаад багш нар нь яадагсан өөрсдийнх нь дур байх. Ажлын цагаар бол сургуульдаа л ажиллавал гэж бодох юм” гэж бичсэн байх бөгөөд чатад яригдсан асуудлыг цааш уламжлах талаар багш хариу бичжээ.
Гэтэл Хэрлэн сумын ерөнхий боловсролын “*******” сургууль 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 01 дугаартай “Сургалтын үйлчилгээг зогсоох тухай мэдэгдэл”-д: “7а ангийн сурагч О.ийн эцэг эх, асран хамгаалагч нь удаа дараа багшийн нэр хүндэд халдсан тул сургуулийн захиргаанаас дараах үндэслэлүүдээр О.ийн гэрээг цуцлах шийдвэрийг хүргүүлж байна. Сургалтын төлбөрийн гэрээний 3.7-д “Сургуулийн дотоод журмыг мөрдөх, өдөр тутмын үйл ажиллагааг хүндэтгэх, багшийн болон сургуулийн нэр төр, ёс зүйд халдахгүй байх үүрэгтэй” заасан. Гэтэл О.ийн эцэг эх, асран хамгаалагч нь 2022.04.15-ны өдөр хүүхдээ шилжүүлэн авч явах үедээ багшийн нэр хүнд, анги хамт олны нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн. Мөн ийн эцэг эх, асран хамгаалагч нь 2024.11.12-ны өдөр нийгмийн сүлжээнд үндэслэлгүйгээр худал мэдээлэл тарааж сургуулийн нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн” гэх үндэслэлээр сурагч О.ийн сургалтын үйлчилгээг зогсоох шийдвэр гаргасан байна.
Хэрлэн сумын ерөнхий боловсролын “*******” сургуулийн захиргааны дээрх шийдвэр нь тус сургуулийн 7а ангийн сурагч О.ийн сурч боловсрох, хөгжих, оролцох эрхийг хязгаарлаж, хүүхдийн эрхийг зөрчсөн байхаас гадна тухайн үйл явдал нь хүүхдийн сэтгэл санааны хэвийн байдалд нөлөөлж, стресс түгшүүрийн байдал өндөр түвшинд илэрсэн болох нь нэхэмжлэгч нарын тайлбар, хэрэгт авагдсан Дорнод аймгийн Боловсролын газрын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 404 дугаартай “Чиглэл хүргүүлэх тухай” албан бичиг, Хүүхдийн эрхийн улсын байцаагч Н.Туяацэцэгийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн мэдэгдэх хуудас, 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ХГБХХГ-ын ГБХА-ны ахлах мэргэжилтэн, сэтгэлзүйч Г.Хэрлэнтуулын гаргасан сэтгэл зүйн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хариуцагч тал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлүүдэд зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж, татгалзаж буй үндэслэлээ нотлох эрх, үүрэгтэй байхаар хуульчлан зохицуулсан атал хариуцагч тал энэ эрх, үүргээ хэрэгжүүлээгүй буюу татгалзлын үндэслэлээ баримтаар нотлоогүй.
Өөрөөр хэлбэл хариуцагч тал “...сурагч О.ийн эцэг эх нийгмийн сүлжээнд үндэслэлгүйгээр худал мэдээлэл тарааж сургуулийн нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн, мөн 2024 оны 9 дүгээр сарын 01-ны өдөр "Сургалтын гэрээ"-г байгуулсан бөгөөд тус гэрээний 6 дугаар зүйлд гэрээ дуусгавар болох, гэрээ цуцлах тухай зохицуулсан. Гэрээний 6.2.2-т “Энэхүү гэрээний ...3.7 дахь заалтыг зөрчсөн бол сургуулийн санаачилгаар" цуцална гэж заасны дагуу сургалтын үйл ажиллагааг зогсоосон...” гэх тайлбараа шүүхэд нотлох баримтаар нотлоогүйгээс гадна тус сургуулийн 7а ангийн сурагч, эцэг эх, асран хамгаалагчдын дундах “7а-эцэг, эх-******* сургууль" гэх фэйсбүүкийн групп чатад эцэг эх, асран хамгаалагч нар сургуулийн сургалтын үйл ажиллагааны талаар санал хүсэлтээ илэрхийлснийг сургуулийн нэр хүндийг унагаасан, нэр хүндэд халдсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Түүнчлэн тус сургууль суралцагчдын эцэг эх, асран хамгаалагч нараас сургуулийн сургалтын үйл ажиллагааны талаар санал хүсэлтээ эцэг эх асран хамгаалагч нарын дунд ярилцаж үзэл бодлоо илэрхийлсэн явдлыг сургууль, багшийн нэр хүндэд халдсан гэж үзэж сургалтын үйл ажиллагааг зогсоож, суралцагчийг сургуулиас чөлөөлж байгаа нь ******* Улсын Үндсэн хуулиар олгогдсон хүний сурч боловсрох, халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж байгаагаас гадна суралцагчийн эрх, нэр хүндэд хүндэтгэлтэй хандах, ялгаварлан гадуурхалтаас ангид эрх тэгш байх сургалтын байгууллага, багшийн ёс зүйг зөрчсөн үйлдэл болох нь хэрэгт авагдсан Дорнод аймгийн Боловсролын газрын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 404 дугаартай “Чиглэл хүргүүлэх тухай” албан бичиг, Хүүхдийн эрхийн улсын байцаагч Н.Туяацэцэгийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн мэдэгдэх хуудас зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж хуульчилсан.
Нэхэмжлэгч нар нь хариуцагч талын үйлдлээр өөрсдийн эрх ашиг хөндөгдсөн буюу нэр хүндэд халдсан гэж үзэж нэхэмжлэлийг гаргасан нь эдийн бус гэм хорын харилцаанд хамаарах ба Иргэний хуулийн 230 дугаар зүйлд хохирогч нь өөрт учирсан эдийн бус гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй бөгөөд эдийн бус гэм хорыг арилгах арга хэмжээг мэдээ тараасан арга хэрэгсэл, тараасан хүрээ, нэхэмжлэгчийн сэтгэл санаанд учирсан үр дагавар зэргийг харгалзан мэдээ тараасан хэлбэр болон бусад аргаар няцаалт хийхийг гэм хор учруулсан этгээдэд үүрэг болгохоор зохицуулсан.
Иймд хариуцагч “*******” сургууль, багш О. нар нь О.ийн эцэг эх нийгмийн сүлжээнд худал мэдээдэл тарааж сургуулийн нэр хүндэд халдсан учраас О.ийн сургалтын үйлчилгээг зогсоосон гэх өөрийн татгалзлаа шүүхэд нотолж чадаагүй байх тул “*******” сургууль нь 7а ангийн сурагч О.ийн 2024 оны сургалтын үйлчилгээг зогсоосон шийдвэрээ цуцалж, тус сургуулийн захирал Ц.Алдармаа, анги удирдсан багш О. нар нь 7а ангийн сурагч, эцэг эх, асран хамгаалагч нарын дунд сурагч О. болон түүний эцэг эх П.*******, Б.******* нараас амаар болон албан бичгээр уучлалт гуйхыг даалгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч П.*******, Б.******* нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112,030 төгрөгөөс 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос илүү төлсөн 41,830 төгрөгийг, хариуцагч “******* сургууль” болон О. нараас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй байна.
Шүүх иргэдийн төлөөлөгч Б.Адъяад шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанаас чөлөөлүүлэх хүсэлт ирүүлсэн бөгөөд түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулахыг зохигч талууд зөвшөөрч байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар шүүх иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч П.*******, Б.******* нарын хүү О.т холбогдуулан гаргасан ******* сургуулийн шийдвэрийг цуцалж, 7а ангийн сурагч, эцэг эх, асран хамгаалагч нарын дунд О. болон нэхэмжлэгч П.*******, Б.******* нараас амаар болон албан бичгээр уучлалт гуйхыг хариуцагч ******* сургууль, багш О. нарт даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч П.*******, Б.******* нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112,030 төгрөгөөс 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос илүү төлсөн 41,830 төгрөгийг, хариуцагч “******* сургууль” болон О. нараас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч П.*******, Б.******* нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-д зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА
ШҮҮГЧИД Л.БАТЖАРГАЛ
Х.ОТГОНЖАРГАЛ