| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2024/08748/И |
| Дугаар | 191/ШШ2025/01657 |
| Огноо | 2025-02-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 191/ШШ2025/01657
| 2025 02 24 | 191/ШШ2025/01657 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.З******* даргалж, тус тойргийн шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *** тоотод оршин суух Өндөр овогт Г*******ын А******* /регистрийн дугаар: ЧС*******/-ийн гаргасан
Хариуцагч: Улаанбаатар хот, *** тоотод оршин суух Б******* овогт Б*******ын М******* /регистрийн дугаар: ЛЙ*******/-д холбогдох,
123,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Г.А******* нь Б.М*******тай харилцан тохиролцож 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр бүртгэлийн дугаар зээлийн гэрээг байгуулсан. Уг зээлийн гэрээгээр Б.М******* нь 70,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, нэг сарын 3 хувийн хүүтэй зээлэх, зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 23-ны өдөр зээлийн хүү 2,100,000 төгрөгийг төлөх, 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр үндсэн зээл 70 сая төгрөг, хүү 2,100,000 төгрөгийн хүүгийн хамт бүхэлд нь эргэн төлөх үүргийг хүлээсэн. Ийнхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Б.М*******гийн өмчлөлийн Улаанбаатар хот. Сонгинохайрхан дүүрэг, *** тоот хаягт байрлах 56.1 м.кв хувийн сууцыг барьцаалж 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр бүртгэлийн дугаар барьцааны гэрээг байгуулсан байдаг. Уг зээлийн гэрээг байгуулах болсон шалтгаан нь Б.М******* 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр П.Огаас 70 сая төгрөгийг, нэг сарын 3 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн байдаг боловч мөнгө байхгүй гэх шалтгаанаар уг зээлээ огт төлөөгүй байдаг. Ийнхүү П.Огын зүгээс энэхүү зээлдүүлэгчийн шаардах эрхээ Г.А*******од 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдөр шилжүүлсэн бөгөөд Г.А******* нь Б.М*******гаас авах үндсэн зээл 70 сая төгрөг, түүний хүү 12,6 сая төгрөг, нийт 82,6 сая төгрөгөөс 12,6 сая төгрөгийн хүүг бүхэлд нь хасч үлдэх 70 сая төгрөгийг 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 6 сарын хугацаатай зээлүүлээхээр энэхүү бүртгэлийн дугаар зээлийн гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн байдаг. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281-т "зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ" гэж заасны дагуу бүртгэлийн дугаар зээлийн гэрээний дагуу шилжүүлэх 70 сая төгрөгийг П.Огын хаан банкны тоот данснаас Б.М*******гийн хаан банкны тоот дансанд 50 сая төгрөг, 20 сая төгрөгийг тус тус 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр бодитоор шилжүүлсэн. Энэ нь мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т заасан гэрээний талуудын чөлөөт байдалтай нийцнэ гэж үзэж байна. Гэтэл, Б.М******* нь энэхүү зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ огт биелүүлээгүй бөгөөд өнөөдрийг байдлаар үндсэн зээл 70 сая төгрөг, түүний хүү 12,6 сая төгрөг нийт 82.6 сая төгрөгийг төлөөгүй, зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.6-т заасан үүргээ зөрчсөн тул уг гэрээний 3 дугаар зүйлийн 3.7-т гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө гэж заасны дагуу 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүртэл нийт 314 хоногийн алданги 129,862,000 төгрөг болж байгаа тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т "...анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй" гэж заасны дагуу алданги 41,300,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна. Г.А*******ын зүгээс Б.М*******тай 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр бүртгэлийн дугаар барьцааны гэрээг байгуулсан хэдий боловч уг барьцааны зүйлээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахгүй, зөвхөн мөнгөө авах хүсэлтэй байгаа болно. Иймд 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн бүртгэлийн дугаар Зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 70 сая төгрөг, түүний хүү 12,6 сая төгрөг, алданги 41,3 сая төгрөг нийт 123,900,000 төгрөгийг Б.М*******аас гаргуулж, Г.А*******од олгож өгнө үү.
Иргэний хуулийн 281-т зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээсэн. Талуудын хооронд 2023 оны 5 сарын 23-ны өдөр дугаартай зээлийн гэрээ байгуулж нотариатаар батлуулсан. Зээлийн гэрээг бичгээр байгуулах, тухайн мөнгө нь бодитой байхыг шаарддаг, О нь хариуцагчийн данс руу шилжүүлсэн, хавтаст хэрэгт авагдсан 2 баримтаар тогтоогдож байна гэж үзэж байгаа. О гэдэг хүн М*******тай харилцан тохиролцож 70 сая төгрөгийн гэрээг байгуулсан. М*******гийн хувьд тухайн үед зээлээ төлөөгүй учраас Огийн зүгээс тухайн шаардых эрхийг Иргэний хуулийн 203.1-т заасны дагуу шилжүүлсэн, зээлдэгчид мэдэгдэх албагүй. Талуудын хооронд маргаан бүхий гэрээ байгуулж, гэрээний дагуу хүү алдангиа бичгээр харилцан тохиролцсон учраас 123,900,000 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзэж байгаа. Барьцаа хөрөнгийн тухайд одоо нэхэмжлэгчийн зүгээс барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах хүсэлгүй байгаа учраас мөнгөө авна гэсэн байр суурьтай байгаа гэв.
хэрэгт бүрдүүлсэн нотлох баримт:
нэхэмжлэгч талаас нэхэмжлэл /хх-ийн 1-2/, улсын тэмдэгтийн хураамжид 777,450 төгрөг төлсөн баримт /хх-ийн 3/, итгэмжлэл /хх-ийн 4/, зээлийн гэрээ /хх-ийн 5-7/, хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 8-9/, шаардах эрх шилжүүлэх гэрээ /хх-ийн 10-11/, шүүхээс гарах шийдвэрийг баталгаажуулах тухай хүсэлт /хх-ийн 19/, хаан банкны шилжүүлгийн мэдээлэл /хх-ийн 32-33/
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Аоос хариуцагч Б.М*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 123,900,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хариуцагчаас хүлээсэн үүргийг нь гүйцэтгүүлэхийг хүсчээ. Шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, нэхэмжлэгчийн тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүхээс 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэлийн хувийг хариуцагчид 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна. Ингээд тус хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдөр товлож, хариуцагчид энэ талаар мэдэгдсэн хэдий ч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:
Нэхэмжлэгч Б.А******* нь хариуцагч Б.М*******гаас зээлийн гэрээний үүрэгт 70,000,000.00 төгрөг, хүүнд 12,600,000.00 төгрөг, алданги 3,100,000.00 төгрөг нийт 123,900,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна./хх 1 дүгээр тал/
3. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон хэргийн үйл баримт, эрх зүйн дүгнэлтийг дараах байдлаар хийлээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч нь, П.Огийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Б.М*******д олгосон 70,000,000.00 төгрөгийг, 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Шаардах эрх шилжүүлэх гэрээгээр П.Огаас шилжүүлэн авсан байна./хх-ийн 10, 11 дүгээр тал/
Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т хуучин ба шинэ үүрэг гүйцэтгүүлэгчийн хооронд гэрээ байгуулагдсан байхыг хууль шаардах ба гэрээ байгуулснаар шаардах эрх нь шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шилждэг.
Нэхэмжлэгч Г.А******* 2023 оны 05 дугаар сарын 23-н өдрийн Б.М*******тай байгуулсан Зээлийн гэрээгээр 70,000,000.00 төгрөгийг, 6 /зургаа/ сарын хугацаатай, нэг сарын 3 /гурав/ хувийн хүүтэй, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Б.М*******гийн өмчлөлийн Улаанбаатар хот. Сонгинохайрхан дүүрэг, *** тоот хаягт байрлах 56.1 м.кв хувийн сууцыг барьцаалж 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр бүртгэлийн дугаар тоот Барьцааны гэрээг тус тус байгуулсан байна /х.х-ийн 5-7 дугаар тал/.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заасан.
Тайлбарлавал, энэ хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно гэж зааснаар тус хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгч зээлийг шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байх ёстой.
П.О нь Б.М*******д 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 70,000,000.00 төгрөгийн зээл олгосон болох нь Хаан банк ХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна./хх-ийн 8 дугаар тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж, 72.3-д Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-д зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж тус тус заасан.
Гэтэл хариуцагч Б.М******* нь нэхэмжлэлийн хувийг 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбарыг өгөөгүй бөгөөд шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй.
Энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заасан ба талууд өмнө амаар байгуулсан гэрээг бичгэн хэлбэрт оруулах, өмнө үүссэн зээлийн гэрээний харилцааны тооцоонд үндэслэж шинэ гэрээ байгуулах нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасантай харшлахгүй тул мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар талуудын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэв.
4. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж, түүнчлэн 282.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл, зохигчид зээлийг үнэтэй буюу хариу төлбөртэй өгөхөөр харилцан тохиролцсон бол гэрээг бичгээр байгуулах ёстой бөгөөд энэ хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж зааснаар талууд зээлийн хүүгийн талаар бичгээр тохиролцох учиртай. Ингээд шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч Б.М******* нь 70,000,000.00 төгрөгийг 6 /зургаа/ сарын хугацаатай нэг сарын 3 хувийн хүүтэй зээлээд 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр буцаан төлөх үүргийг хүлээсэн байна.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 207 дугаар зүйлийн 207.1.3-т мөнгөн төлбөрийн үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн оршин суугаа /оршин байгаа/ газар, харин үүрэг гүйцэтгүүлэгч дээрх газраа өөрчилсөн тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдсэн бол түүний шинээр оршин суугаа /оршин байгаа/ газар гүйцэтгэнэ гэж, 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заажээ.
Гэтэл нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч Б.М******* нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж үндсэн зээл 70,000,000.00 төгрөгийг 3 /гурав/ сарын хүү 12,600,000.00 төгрөгийн хамт 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төлж барагдуулах үүргээ зөрчсөн тул нэхэмжлэгч нь үндсэн зээл, хүүгийн хамт шаардах эрхтэй байна.
5. Талуудын байгуулсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.7-д зааснаар зохигчид Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох алдангийг хэрэглэхээр тохирчээ. Энэ хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ гэж, мөн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ тус тус заасан.
Тайлбарлавал, зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч нь мөнгө буцаан төлөх үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн оршин суугаа газар, гэрээнд заасан хугацаанд заавал гүйцэтгэх ёстой бөгөөд тийнхүү биелүүлээгүй тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөнд тооцож, үүний улмаас зээлдүүлэгч буюу нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээнэ.
Иймд хариуцагч нь төлөөгүй үндсэн зээл 70,000,000.00 төгрөг, зээлийн хүү 12,600,000.00 төгрөг, нийт 82,600,000.00 төгрөгөөс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувиар тооцож алданги төлөх үүрэгтэй ба Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-т Хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс, эсхүл уул хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараахь өдөр, цагаас эхлэн тоолно гэж зааснаар зээлийн гэрээний хугацаа дууссан 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2024 оны 10 дүгаар сарын 02-ны өдөр хүртэлх 314 хоногын алданги /82,600,000*0,5%*314 хоног/ 129,862,000.00 төгрөгийг мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-т заасан алданги гүйцэтгээгүй үүрийг үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй гэж заасныг үндэслэн 41,300,000.00 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагч Б.М*******гаас үндсэн зээлд 70,000,000.00 төгрөг, хүүнд 12,600,000.00 төгрөг, алдангид 41,300,000.00 төгрөг нийт 123,900,000.00 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.А*******од олгож шийдвэрлэв.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ. гэж заасныг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 777,450.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 777,450.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг үндэслэн хариуцагч Д.М*******гаас 123,900,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.А*******од олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 777,450.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 777,450.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.З