| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2024/09205/И |
| Дугаар | 191/ШШ2025/00971 |
| Огноо | 2025-02-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 191/ШШ2025/00971
| 2025 02 03 | 191/ШШ2025/00971 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.З******* би,
Нэхэмжлэгч: Архангай аймаг, *** тоот хаягт байрлах Э******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, *** тоот хаягт байрлах Г******* Э******* М******* ХХК /РД:*******/-т холбогдох,
60,582,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ж******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Э******* ХХК нь хариуцагч Г******* э******* М******* ХХК-тай 2024 оны 7 сарын 3-ны өдөр дугаартай цахилгаан шат нийлүүлэх гэрээ болон цахилгаан шат угсрах, суурилуулах гэрээг байгуулсан. Гэрээний урьдчилгаа төлбөрт 40 сая төгрөгийг тухайн өдрөө 2024 оны 7 сарын 28-ны өдөр 20 сая төгрөг тус тус 60 сая төгрөг шилжүүлсэн. Э сумын 4 дүгээр багт байрлаж байгаа 7 давхар орон сууцны барилгад 1 ширхэг лифтийг угсарч суурилуулах ажил гүйцтэтгэх гэрээ байгуулагдсан.гэрээний үндсэн төлбөр 100 сая төгрөг байсан, урьдчилгаанд 60 сая төгрөг төлсөн. Гэрээний хугацаа нь 2024 оны 8 сарын 1-ний өдрийн дотор тухайн барилгын талбайд тухайн шатыг суурилуулах, лифтийг буулгах ажлын үйл явж байхаар тохирсон. Гэвч хариуцагч гэрээний үүргээ зөрчин 2024 оны 11 сарын 5-ны өдрийн шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар гэрээний үүргээ огтхон ч биелүүлээгүй, тухайн шатыг авчирч суурилуулаагүй, холбогдох энэ талаар ярьж холбогдохгүй, тухайн оффист байдаггүй. Үүний дагуу 45 хоногийн дараа Э******* ХХК гэрээг цуцлах тухай албан ёсоор мэдэгдэж Б захиралд нь өөрт нь гардуулж өгсөн. Гэрээний үүрэгтээ анх шилжүүлсэн урьдчилгаа 60 сая төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэрээгээр тогтоосон гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.1 хувиар алданги тооцно гэсэн гэрээний заалтыг үндэслэн нийтдээ 582,000 төгрөгийн алданги, нийтдээ 60,582,000 гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.
Хариуцагчид шүүх хуралдааны товыг мессежээр явуулсан тэмдэглэл үйлдсэн байна. ИХШХШтХ-ийн 77.2-т зааснаар мэдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй. Хариу тайлбар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор ирүүлэх ёстой байсан боловч ирүүлээгүй байгаа нь ИХШХШтХ-ийн 72.2, 72.3-т заасан нөхцөл байдал үүссэн гэж үзэх бүрэн боломжтой учраас хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжүүлэх хүсэлтэй байна гэв
Нэхэмжлэл /хх-ийн 1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 3/, цахилгаан шат нийлүүлэх гэрээ /хх-ийн 4-7/, цахилгаан шат угсарч суурилуулах гэрээ /хх-ийн 8-10/, дансанд 40 сая шилжүүлсэн баримт /хх-ийн 11/, 20 сая төгрөг шилжүүлсэн баримт /хх-ийн 12/, гэрээг цуцлах тухай мэдэгдэл /хх-ийн 13/, иргэний хэрэг үүсгэх захирамж /хх-ийн 14/, шүүх хуралдаан даргалагчийг томилсон шийдвэрийг албажуулах тухай ерөнхий шүүгчийн захирамж /хх-ийн 15/, итгэмжлэл /хх-ийн 21/, хуулийн этгээдийн лавлагаа /хх-ийн 23-24/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 25/, хариуцагчид хэргийн материал, эрх үүрэг, нөлөөллийн мэдүүлэг танилцуулсан баримт, шүүхээс гарах шийдвэрийг баталгаажуулах захирамж /хх-ийн 31-33/, шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудас зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг бүхэлд нь нэг бүрчлэн шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Э******* ХХК-иас хариуцагч Г******* э******* М******* ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээг цуцалж, 60,582,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хариуцагчид нэхэмжлэлийг хувийг гардуулж, зохигч нарт хуульд заасан эрх, үүргийг тайлбарлажээ.
Шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Хариуцагч нь 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардаж авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй.
Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2, 77.3-т зааснаар 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагчид мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүй шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, түүнтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:
Нэхэмжлэгч Э******* ХХК нь хариуцагч Г******* э******* ХХК-д холбогдуулан холбогдуулан худалдах, худалдан авах гэрээг цуцалж, 60,582,000.00 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ /хх 1, 2 дугаар тал/
3. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон хэргийн үйл баримт, эрх зүйн дүгнэлтийг дараах байдлаар хийлээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Э******* ХХК нь 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хариуцагч Г******* э******* ХХК-тай GEM тоот цахилгаан шат нийлүүлэх гэрээ, тоот цахилгаан шат угсарч, суурилуулах гэрээг тус тус байгуулж, хариуцагч нь 800 кг даацтай, 1600*1400 хэмжээтэй, MNS4190-1 стандарт болон ISO90018, ISO14001 олон улсын стандартын шаардлага хангасан GL51915001 маркын 1 ширхэг цахилгаан шатыг 100,000,000.00 төгрөгөөр 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр нийлүүлэх, угсрах ажлыг хийж гүйцэтгэхээр харилцан тохирчээ. /х.х-ийн 5-10 дугаар тал/
Нэхэмжлэгч Э******* ХХК нь 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн №GEM тоот Цахилгаан шат нийлүүлэх гэрээний 3 дугаар зүйлийн 3.4-т зааснаар 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 40,000,000.00 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 20,000,000.00 төгрөгийг тус тус төлсөн болох нь Хаан банк ХК-ийн мөнгөн шилжүүлэгийн баримтаар тус тус тогтоогдож байна./хх 11,12 дугаар тал/
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Тодруулбал, худалдагч нь гэрээний зүйлийг аливаа эрхийн болон биет байдлын доголдолгүйгээр худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээх бол худалдан авагч тал үнийг нь тохирсон хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд тэдгээрийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзнэ.
Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 243 дугаар зүйлийн 243.1-т заасанг худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
4. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.-т Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. гэж заасныг үндэслэн талууд 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн №GEM тоот Цахилгаан шат нийлүүлэх гэрээний 3 дугаар зүйлийн 3.4-т заасан хувиарын дагуу худалдан авагч үнийг хэсэгчилж төлөх, худалдагч уг гэрээний 4 дүгээр зүйлд заасан хугацаанд гэрээний зүйлийг бэлтгэх, нийлүүлэх үүргийг тус тус хүлээсэн байна.
Тодруулбал, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл, худалдах, худалдан авах гэрээний талууд гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлэх ёстой ба тийнхүү биелүүлээгүйгээс нөгөө талдаа учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэг хүлээнэ.
Гэтэл хариуцагч нь №GEM тоот Цахилгаан шат нийлүүлэх гэрээнд заасан 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр болон уг гэрээний 8 дугаар зүйийн 8.8-т заасан нэмэлт хугацаанд цахилгаан шатыг нийлүүлэх үүргээ зөрчсөн тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосноор үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасныг үндэслэн нэхэмжлэгч 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр гэрээг цуцалсан нь хуульд нийцэж байна.
Өөрөөр хэлбэл, хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, гэрээнд заасан хугацаанд гэрээний зүйлийг нэхэмжлэгчид нийлүүлээгүй үндэслэлээр гэрээг цуцалж буй тохиолд Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.5, 205 дугаар зүйлийн 205.1.-д тус тус зааснаар гэрээгээр авсан, өгсөн зүйлээ харилцан буцаах учиртай.
5. Нэхэмжлэгч Э******* ХХК нь 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн №GEM тоот Цахилгаан шат нийлүүлэх гэрээний 8 дугаар зүйлийн 8.1 дах хэсэгт заасныг үндэслэн хүлээлгэн өгөх хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн 0.1 хувийн алдангийг 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл 97 хоногын алдангид 582,000.00 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн.
Гэвч уг гэрээний 8 дугаар зүйлийн 8.8-т захиалагч гэрээг цуцлах хугацаа болон гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацааг 45 хоног байхаар талууд харилцан тохиролцсон ба уг хугацааг өнгөрмөгц 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэгч гэрээг цуцалсан гэж үзэхээр байна.
Гэрээг цуцлах нь цуцлах хүртэлх гэрээний харилцаа хэвээр үлдэж, цуцласнаас хойш гэрээний үүрэг хэрэгжих боломжгүй тул анзыг хэрэгсэхгзй болгох зүйтэй гэж дүгнэв.
Иймд шүүхээс дээр дурдсаныг тус тус үндэслэн хариуцагчаас 60,000,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 582,000.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна. гэж заасныг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 460,860.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 457,950.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг тус тус үндэслэн хариуцагч Г******* э******* М******* ХХК-иас 60,000,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 582,000.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 460,860.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 457,950.00 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.З