| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2018/0069/Э |
| Дугаар | 73 |
| Огноо | 2018-02-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Ганчимэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 73
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я.Д-д холбогдох эрүүгийн 1710010460039 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Г.Ганчимэг, шүүгдэгч Я.Д, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга А.Арай шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
-
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Я.Д нь согтуугаар 2017 оны 11 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо 2б хэсгийн 2а тоотод хохирогч Ч.А маргалдан нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Я.Д-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Тэр өдөр 2 шил архийг дөрвүүлээ уусан. Шөнө архи авах гэж явж байгаад бид 2 муудалцсан. Би хохирогчтой юунаас болж маргалдсанаа санахгүй байна. Хохирогчтой гадаа барьцалдаж зодолдох үед хохирогчийн биед гэмтэл үүссэн байх. Би хохирогчийн толгой руу архины шилээр нэг удаа, цээжинд нь нэг удаа гараараа цохиж, биед нь гэмтэл учруулсан. Хохирогчид эмчилгээний зардлын 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг төлсөн байгаа. Би хувиараа мал аж ахуй эрхэлж, өөрийн болоод хүний тавиул малыг хөлсөөр малладаг. Мал аж ахуй эрхлэхээс өөр орлого байхгүй. Малын ноос, ноолуурын ашиг шимээс орлого олдог. Би хүний мал маллаад сард 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийн цалин авдаг. Би гэм буруугаа ойлгож байна. Хохирогч А биед учирсан гэмтлүүдийн талаар маргах зүйл байхгүй, хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 1710010460039 дугаартай хэргээс:
1. Хохирогч Ч.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“...Би 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 23 цагийн үед шувууны эцсийн буудлын дэлгүүрийн үүдэнд зүс таних Б, Х хоёртой таарсан юм. Б, Х хоёртой хамт нэг үстэй дээлтэй шар царайтай залуу явж байсан юм. Тэгээд дэлгүүрээс би 0.5 литрийн Хараа архи, харин Б, Х, бас хамт явж байсан залуу 3 нэг шил 0.5 литрийн Хараа архи худалдаж аваад Б-ийн гэрт очиж архиа уухаар явсан. Тэгээд Б-ийн гэрт очиход Б-ийн эхнэр нь хүүхдүүдтэйгээ хамт байсан. Тэгээд Б-ийнд архиа ууж байхад Б-ийн найз гэх Д гэдэг залуу нь “чи шорон оронд орж байсан хүн үү тээ, би орж байсан, над шиг орж байсан юм байна тэ, чамайг ална шүү, банди минь” гэж хэлэхээр нь “хоёулаа гарья” гэж хэлээд Д гэх залуутай гэрээс гарахад “чи муу амжих уу” гээд намайг мөргөөд заамдаж боож унагаад, миний цээж рүү цохиод байхаар нь би аргагүйн эрхэнд тэр Д гэх залуугийн уруул руу нэг удаа цохисон. Тэгээд би “болъё, би чамайг дийлэхгүй юм байна” гээд Д гэх залууд хэлэхэд, тэр залуу босгож ирээд боож унагаагаад байсан.
Тэгэхэд Б-ийн эхнэр нь гарч ирээд “Д чи наад хүнээ одоо зүгээр байлга” гээд агсан согтуу тавьж байгаа юм бол чи ахиж манай гэрт битгий ирээрэй” гэж хэлсэн. Тэгээд би Б-ийн гэр лүү нь түрүүлж ороод гэрийн баруун талд орны урд сандал түшээд явган сууж байхад араас Д нь орж ирээд би Б, Х хоёртой юм яриад сууж байтал Б, Х хоёрын голд байсан тал архитай шилийг баруун гартаа бариад “чи энийг харж байна уу, чамайг би ална” гээд миний толгой руу тал архитай шилээр цохиход архины шил толгой дээр хагарсан.
Тэгээд би гэрээс гараад зугтаасан. Араас Д хагархай архины шил барьчихсан хөөсөн боловч намайг гүйцээгүй. Тэгээд би шууд гэрлүүгээ харьсан. Гэртээ очиход манай эхнэр М гэртээ байсан. Өөр хүн байгаагүй. Гэртээ ороод миний толгой эргээд байхаар нь түргэн, цагдаа дуудаарай гэж хэлээд орон дээрээ хэвтсэн. Би эхнэр Мд би “сая хүнээр толгойруугаа цохиулчихлаа” гэж хэлсэн. Д гэх залуу намайг гэр дотор байхад “чи шоронд сууж байсан хүн байна, би ч гэсэн шоронд орж байсан” гэх үгнээс хоорондоо маргалдсан. Гадаа Д бид хоёр л байсан. Өөр хүн байгаагүй. Миний толгой өвдөж байна. Хүзүү хэсэг улайж, цээжээр хөндүүр байна. Надад эмчилгээ хийлгэсэн болон эмчилгээнд зарцуулагдсан төлбөрийн баримт байхгүй. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Д нь надад учирсан хохирлыг бүрэн барагдуулсан, уучлалт гуйсан. Уг хэргийг хэрэгсэхгүй болгож, хааж өгнө үү гэж хүсмээр байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 13-15х, 16-17х/,
2. Гэрч С.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“...Би 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр өөрийн найз Д, Хосбаяр нартай уулзсан юм. Манай найз Д Шувуун фабрикийн хойно уулын орчим мал маллаж амьдардаг юм. Тэгээд малаа оторлуулчихлаа гээд 19:00 цА орчим манайд ирсэн. Дг ирэхээр нь Хосбаяр гэх залууг утсаараа гэртээ хүрээд ир гэж дуудсан. Удалгүй Хосбаяр манай гэрт ирээд бид гурав архи авахаар гэрийн ойролцоох дэлгүүрээс 2 шил Хараа нэртэй 0.5 литрийн архи аваад буцаад явж байхдаа найз Атэй тааралдсан юм. Тухайн үед А эрүүл байсан бөгөөд бид хэд манай гэрт очиж авсан 2 шил архиа уугаад сууж байтал А Д хоёр хоорондоо үг сөрөөд тоглоод байгаа ч юм шиг байсан.
Тэгтэл Д А-ийг “хоёулаа гарчихаад ирье” гэж хэлээд тэр хоёр гэрээс гарсан. Хосбаяр бид хоёр гэрт үлдсэн. Тэр хоёр гэрийн гадаа байхдаа чанга чанга дуугарч, юм ярьж байгаад орж ирэхэд А өмсөж явсан футболка нь урагдчихсан, Дгийн уруулнаас нь цус гарчихсан байдалтай орж ирсэн. Тухайн үед А Д“за одоо хоёулаа болъё” гэж хэлсэн чинь Д “чи их баяртай юм байна, чи их овоо юм байна” гээд хэрүүл хийгээд байхаар нь би тэр хоёрыг “за та хоёр боль, манай гэрт маргалдахгүй, зодолдож болохгүй, чимээгүй бай” гэж хэлсэн юм.
Д газар байсан тал шил архийг шүүрч аваад А толгойн зүүн талын хэсэгт архитай шилээр нэг удаа хүчтэй цохисон. Тухайн үед А толгойноос цус гараагүй, толгойгоо бариад гараад гүйчихсэн. Гэрт манай эхнэр Ганцэцэг, манай 4 хүүхэд байсан. Би Д-г түлхээд орон дээр суулгасан Д намайг түлхээд А араас гарахаар нь Хосбаяр бид хоёр араас нь хамт гарахад А гэрлүүгээ явчихсан байсан. Д А нар архи ууж байгаад үг сөрч маргалдсан эхлээд тоглоод байгаа юм шиг хоорондоо юм ярьж байснаа маргалдсан.”гэсэн мэдүүлэг /хэргийн 24-25х/,
3. Гэрч А.Х-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“...Гэр дотор архи уугаад сууж байхад Д А-д томроод байсан. Яг юу ярьж байсныг нь сонсож чадаагүй. Тэгээд гэрт маргалдаж байгаад А “хоёулаа олон хүүхэдтэй айлд хэрэлдэж муудалцаад яахав” гэхэд Д “учраа олъё” гэж хэлээд хамт гарсан. Тэгээд Д, А хоёр удаа ч үгүй орж ирсэн. Орж ирэхдээ Д-гийн уруул нь шалбарсан, А цамц нь урагдсан байдалтай орж ирсэн. Тэгээд Х, Д, А, бид 4 тойрсон байрлалтай урд урдаасаа хараад юм ярьж сууж байхад Д ууж байсан Хараа нэртэй 0.75 литрийн архины шилийг аваад А толгой руу цохиход архины шил хагарсан.
Тэгээд А толгойгоо бариад гэрээс гараад явсан. Араас нь Б бид 2 гарсан. Бид хоёрын араас Д гарч ирсэн. Тухайн үед Д, А хоёр өөрийн гэсэн ухаантай байсан. Бид дөрөв ер нь их согтоогүй байсан.” /хэргийн 28х/,
4. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 14851 тоот дүгнэлтэд:
1. Ч.А-н биед тархи доргилт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, хүзүү, цээж, баруун сарвууны 3, 4-р хуруунд зулгаралт, уруулд язрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаа үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хэргийн 40х/
5. Шүүгдэгч Я.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн:
“...Надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. Би 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 18:00 цА үед Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд 2б хэсэгт найз Б-ийнд Х, А, Б-ийн эхнэр, Б бид хэд архи ууцгаасан юм. Тэгээд би А гэх ахтай гэрийн гадаа байхдаа муудалцаад байж байхдаа миний уруул руу гараараа нэг удаа цохисон. Чамайг бодвол ах нь шоронд явж үзсэн хүн гээд аархаад байсан юм.
А ахтай Б-ийн гэрийн гадаа муудалцахад Б, Б-ийн эхнэр, Х гуравуулаа байсан. Тэгээд А гэх ах Б-ийн гэр лүү орсон. Араас нь Б, Х, Б-ийн эхнэр 3 орсон. Тэгээд би араас нь ороод А ахыг гэрийн баруун талд сууж байхаар нь уугаад дуусч байсан архины шилийг аваад толгой руу цохисон. Тэгээд А ах гэрээс гараад зугтаагаад яваад өгсөн. Тэгээд цагдаа иртэл би зугтаагаад яах вэ гэж бодоод Б-ийнд үлдсэн. А толгой руу архины шилээр цохих үед шил нь бутарсан. А толгойд ямар гэмтэл учирсныг нь би согтуу байсан болохоор анзаарч хараагүй.
Б-ийн эхнэр гэр дотор үүрч бутарсан архины шилийг цэвэрлэж авсан. Учир нь Б-ийнх жоохон хүүхдүүдтэй учраас хөл гараа зүсчихвий гээд сэрэмжлэх үүднээс цэвэрлэсэн. А гэх ах гадаа ах нь шоронд явж үзсэн их зүйл үзсэн хүн гээд аархаж байгаад миний уруул руу нэг удаа цохихоор нь би уур хүрээд гэрлүү ороод архины шилээр А толгой руу нэг удаа цохисон. ...Намайг архины шилээр Аг цохисныг гэр дотор байсан Б, Х, Б-ийн эхнэр 3 харсан. Тухайн үед Ч.А бид 2 хоорондоо маргалдаж байх үед би өөрийн гэсэн ухаантай, юу ярьж байгаагаа мэдэж байсан. Миний уруул хавдсан. Өөр гэмтэл шарх байхгүй. Би А-д цохиулсны улмаас ямар нэгэн гэмтэл шарх учраагүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Миний уруулнаас бага зэрэг цус гарч уруулны доод талд бага зэрэг шалбарсан байсан. Шинжээчийн дүгнэлттэй өмгөөлөгчийн хамт уншиж танилцсан. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт асууж тодруулах зүйл байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Харин би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Ч.А ахаас уучлалт гуйж, хохирлын мөнгө болох 500.000 төгрөг бэлнээр өгч барагдуулсан. Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 45-47х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 49х/, хохирогч Ч.А ХУД-ийн ЦагдаА 2 дугаар хэлтэст гаргасан өргөдөл /хэргийн 72-73х/, эд хөрөнгийн талаарх 2017 оны мал тооллогын баримт зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч талуудын эрхийг хязгаарласан болон зөрчсөн зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэгт цугларсан нотлох баримтад үнэлэлт дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
1.1. Гэм буруугийн хувьд:
Шүүгдэгч Я.Д нь согтуугаар 2017 оны 11 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо 2б хэсгийн 2а тоотод хохирогч Ч.А маргалдаж, түүний толгой тус газарт архины шилээр цохиж биед нь “...тархи доргилт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, хүзүү, цээж, баруун сарвууны 3, 4-р хуруунд зулгаралт, уруулд язрал” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн ШШҮХ-ийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 14851 дугаартай дүгнэлт, хохирогч Ч.А мэдүүлэг, гэрч С.Б, А.Х нарын мэдүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Я.Д-гийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд хохирогч Ч.А биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Я.Д нь түүнийг цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Я.Д-гийн “бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан” гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна.
Мөн шүүгдэгч Я.Д, түүний өмгөөлөгч нар нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар тус тус маргаж, мэтгэлцээгүй, хохирогч Ч.А нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг бүрэн арилсан, гэм хорын хохиролд тооцож 500.000 төгрөгийг Я.Д нөхөн төлснийг хүлээн авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тухайгаа илэрхийлсэн баримттай байна. /хэргийн 15х, 17х, 72-73х/
Иймд шүүгдэгч Я.Д-г гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай гэж дүгнэх эрх зүйн үндэслэлтэй.
1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон бөгөөд хохирогч Ч.А эрүүл мэндэд учирсан “хөнгөн гэмтэл буюу хөнгөн хохирол” нь гэмт хэргийн хохиролд, уг учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаатай холбоотой гарсан бусад зардал болон бусад зардал нь хохирол учирсны улмаас шууд үүсэх хор уршигт тооцогдоно.
“Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй ба гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нь зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд нь сэргээх үүрэгтэй, зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болох талаар Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Шүүгдэгч Я.Д нь хохирогч Ч.А-д эмчилгээний зардалд төлбөрт тооцон 500.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг бүрэн арилсан, хохиролд тооцож 500.000 төгрөгийг нөхөн төлснийг хүлээн авсан, гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэх тул /хэргийн 15х, 17х, 72х/ шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг арилгасан, төлөх төлбөргүй гэж үзлээ.
1.3. Эрүүгийн хариуцлагын талаархи:
Шүүгдэгч Я.Д нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн нь нотлогдож тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Я.Д нь урьд ял шийтгэгдэж байгаагүй талаар ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтад “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай тэмдэглэгдсэн /хэргийн 49х/ байгаа нь тэрээр анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болох ба гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт тооцон хохирогч Ч.А-д 500.000 төгрөгийг эмчилгээний зардалд нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд хамаарах юм.
Шүүх, шүүгдэгч Я.Д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлж, гэм хорыг арилгасан нөхцөл байдлыг нь ял хөнгөрүүлөх нөхцөл байдалд тооцож, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ч.А нь хохирол бүрэн төлөгдсөн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Я.Д-г Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Я.Д-г 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Я.Д нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт Я.Д нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч Ч.А нь хохирол бүрэн төлөгдсөн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Я.Д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД