Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хээмчигийн Сонинбаяр |
Хэргийн индекс | 152/2014/00415/И |
Дугаар | 001/ХТ2016/01201 |
Огноо | 2016-11-15 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2016 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 001/ХТ2016/01201
“Уурхай” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, Танхимын тэргүүн Х.Сонинбаяр, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 493 дугаар шийдвэр,
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 05 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч “Уурхай” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч С.Лхагвасүрэнд холбогдох
Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, үүргийн гүйцэтгэлд шилжүүлсэн 74-45 УБА улсын дугаартай Тоёота Ланд Круйзер-80 маркийн автомашин гаргуулах тухай иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанбадралтын гомдлыг үндэслэн,
Танхимын тэргүүн Х.Сонинбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанбадралт, хариуцагч С.Лхагвасүрэн, нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.
Нэхэмжлэгч “Уурхай” ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай компанийн үндсэн хөрөнгө болох 74-45 УБА улсын дугаартай, тусгай тоноглол бүхий спорт загварын “Тоёота Ланд Круйзер-80” маркийн автомашиныг С.Лхагвасүрэн 25 000 000 төгрөгөөр 2008 оны 10 сарын 02-ны өдөр худалдаж авсан. Машиныг авахдаа 10 000 000 төгрөг бэлнээр өгч үлдсэн 15 000 000 төгрөгийг нэг жилийн дотор өгөхөөр тохирсон. Энэ хугацаанд мөнгөө төлөөгүй бөгөөд удаа дараа шаардсаны дагуу 2009 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 3 000 000 төгрөг кассанд тушааж, үүнээс хойш 5 жил болоход үлдэгдэл 12 000 000 төгрөгийг төлөөгүй. Үнийг бүрэн төлөөгүй тул худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж үүргийн гүйцэтгэлийг харилцан буцаалт хийх эрх зүйн үр дагавар үүснэ. Иймд худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, үүргийн гүйцэтгэлд шилжүүлсэн 74-45 УБА улсын дугаартай “Ланд Круйзер” маркийн тээврийн хэрэгслийг хариуцагч С.Лхагвасүрэнгээс гаргуулж, нэхэмжлэгч “Уурхай” ХХК-д олгоно уу гэжээ.
Хариуцагч С.Лхагвасүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие 2008 онд С.Баянмөнх гэдэг залуугаас 1993 онд үйлдвэрлэгдсэн, 2004 онд Монголд орж ирсэн “Ланд Круйзер” маркийн авто машиныг 16 000 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, бэлнээр 10 000 000 төгрөг өгөөд машинаа хүлээж авсан. 2009 оны 8 дугаар сард 3 000 000 төгрөгийг төлж үлдэгдэл 3 000 000 төгрөгтөө тус компанид цалингүй ажиллаж машины үнийг бүрэн төлсөн. Машины бичиг баримтыг миний нэр дээр шилжүүлж өгөөгүй. Одоо ямар нэгэн өр төлбөр байхгүй болно. Д.Сурмаажав нь 25 000 000 төгрөгөөр автомашин худалдсан хэмээн гарын үсэг дуурайлган зурсныг Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны “С.Лхагвасүрэнгийн гарын үсэг биш” гэсэн дүгнэлтүүд хавтаст хэрэгт авагдсан. Иймд Д.Сурмаажавын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Увс аймаг дахь сум дундын иргэний анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 493 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч С.Лхагвасүрэнд холбогдох худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, үүргийн гүйцэтгэлд шилжүүлсэн 74-45 УБА улсын дугаартай Тоёота Ланд Круйзер-80 маркийн автомашин гаргуулах тухай нэхэмжлэгч “Уурхай” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Сум дундын 24 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 888 дугаар хүсэлтийг хангаж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Уурхай” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 206 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 05 дугаар магадлалаар Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 493 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанбадралт хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хуулийг буруу хэрэглэснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлагад нийцэхгүй болжээ. 1.Зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаа: 1.1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, маргааны гол үйл баримтыг зохицуулсан хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй алдаатай болжээ. “Уурхай” ХХК-ийн С.Лхагвасүрэнд холбогдох худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний үүргийн гүйцэтгэлд шилжүүлсэн 74-45 УБА улсын дугаартай Тоёота Ланд Круйзер-80 маркын автомашиныг гаргуулах шаардах эрхийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх заалтаар зохицуулсан. Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсан тохиолдолд гол үүргийн гүйцэтгэлийг харилцан буцаалт хийх эрх зүйн үр дагавар үүсэхээр хуулийн дээрх заалтад зохицуулжээ. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт гэрээнээс татгалзаж, үүргийн гүйцэтгэлд шилжүүлсэн эд хөрөнгийг буцаах тухай Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх заалтад заасан шаардах эрхийн талаар дүгнэлт хийгээгүй. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх заалтад “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана” гэж заасантай нийцэхгүй байна. 1.2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хийсэн дүгнэлт нь тогтоох хэсэгт баримталсан хуулийн зүйл заалтын агуулгаас зөрүүтэй, ойлгомжгүй болжээ. Тодруулбал шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгээс үзэхэд хариуцагч С.Лхагвасүрэнг худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн гол үүргээ биелүүлсэн гэж үзээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоод байна уу, эсхүл шаардах эрхийг хэрэгжүүлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоод байна уу гэдэг ойлгомжгүй байна. Шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх заалт, 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтад заасныг баримталснаас үзэхэд худалдах-худалдан авах гэрээнээс үүдэлтэй шаардах эрхийг хэрэгжүүлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ. Энэ тохиолдолд анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээний гол нөхцөл, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан эсэх талаар нэхэмжлэгчээс гарган өгсөн болон шүүхээс даалгавраар гүйцэтгэсэн цуглуулан авсан нотлох баримтууд дээр тулгуурласан дүгнэлт хийх ёстой. Гэтэл шүүхээс гэрч С.Лхамсүрэнгийн мэдүүлэг, үзлэг хийсэн баримтууд болон тээврийн хэрэгслийн гэрчилгээ бусад баримтуудыг үнэлж дүгнэлгүйгээр шийдвэр гаргасанд гомдолтой байна. Учир нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1 дэх заалтад “Эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр” гэрээ байгуулагдсан гэж үздэг. Худалдах-худалдан авах гэрээний тухайд гол үүрэг нь худалдагч барааг нийлүүлэх, худалдан авагч үнийг төлөх байдаг. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт гэрээний гол нөхцөлийн талаар үнэлэлт хийгээгүйн дээр авто тээврийн тухай хуулийн холбогдох заалтыг хэрэглэлгүйгээр шийдвэр гаргалаа. 2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар: 2.1.Анхан болон давж заалдах шатны шүүх ХХАГ-ны гол нөхцөл болсон тээврийн хэрэгслийн үнэ, түүний хэмжээний талаар зохигч талууд харилцан тохиролцсон талаар ямар нэг дүгнэлт хийгээгүй атлаа хариуцагч С.Лхагвасүрэн нь автомашины үнийг нэхэмжлэгч “Уурхай” ХХК-д бүрэн төлсөн гэж дүгнэсэн нь хууль хэрэглээний алдаа юм. Тодруулбал анхан шатны шүүх зохигч талуудын гол маргаж буй 74-45 УБА улсын дугаартай Ланд Круйзер маркын тээврийн хэрэгслийн үнийг 25 сая төгрөг, эсхүл 16 сая төгрөг чухам алинаар тохиролцсон үйл баримтын талаар дүгнэлт хийгээгүй. Ингэсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтад заасныг баримталж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх заалтад заасныг ноцтой зөрчсөн. Шүүх хариуцагчийг автомашины үнийг нэхэмжлэгчид бүрэн төлсөн гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэгчийг хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж буруутгаад байгаа нь хууль хэрэглээний алдаа юм. 2.2.Хэргийн оролцогчоос хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх эрхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2 дахь заалтад тодорхой хуульчилж өгсөн. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчид хэргийн материалыг танилцуулаагүй бөгөөд энэ зөрчлийг давж заалдах шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчээс тайлбарласан боловч анхаарч үзээгүйд гомдолтой байна. 2.2.Нэхэмжлэгч “Уурхай” ХХК нь 2008 оны 10 дугаар сард өөрийн өмчлөлийн 74-45 УБА улсын дугаартай Ланд Круйзер маркын тээврийн хэрэгслийг хариуцагч С.Лхагвасүрэнд шилжүүлэх, хариуцагч С.Лхагвасүрэн нь тээврийн хэрэгслийн үнэд 25 сая төгрөг төлөх гол үүрэг бүхий худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон. Худалдагч тал энэхүү үүргээ худалдан авагч үнийг төлөх үүргээ биелүүлсний дараагаар хэрэгжүүлэхээр харилцан тохиролцсон нь хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээ, нэхэмжлэгчийн тайлбар, С.Баянмөнхийн тайлбар, үнэлгээ тогтоосон баримт, гэрч С.Лхамсүрэнгийн мэдүүлэг, шүүхийн үзлэг хийсэн баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон юм. Авто тээврийн тухай хуулийн 171 зүйлийн 171.1 дэх заалтад “Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн тээврийн хэрэгсэл өмчилж авснаас хойш 72 цагийн дотор, ашиглалтаас хассанаас хойш нэг сарын дотор аймаг, нийслэл дэх авто тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяа байгууллагад бүртгүүлнэ” гэж заажээ. Хуулийн дээрх заалтаас үзэхэд хариуцагч С.Лхагвасүрэн нь нэхэмжлэгч “Уурхай” ХХК-иас авто машиныг худалдан авч өмчлөгч нь болсон бол авто машиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авах байсан. Тодруулж хэлбэл С.Лхагвасүрэн нь тухайн тээврийн хэрэгслийн үнийг бүрэн төлж барагдуулсны дараа тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрийн нэр дээрээ шилжүүлэн авахаар “Уурхай” ХХК-тай харилцан тохиролцсон бөгөөд энэ үүргээ өдийг хүртэл хэрэгжүүлээгүй ирсэн юм. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1 дэх заалтад зааснаар хөөн хэлэлцэх хугацаа зогсох эрх зүйн үр дагавар үүсэхээр байхад анхан болон давж заалдах шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацаа зогссон үйл баримт тогтоогдоогүй гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийжээ. Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.7 дахь заалтад “үүргийн гүйцэтгэлийг хангах хуульд заасан бусад арга”-ын талаар, мөн хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх заалтад “Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ” гэжээ. Гэрээ байгуулагдах үеийн зах зээлийн ханшаар 25 сая төгрөгийн үнэлгээтэй 74-45 УБА улсын дугаартай Ланд Круйзер маркын тээврийн хэрэгслийг худалдахдаа үнийг бүрэн төлснөөр автомашиныг эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлж өгөхөөр тохирч болно. Үүнээс үзэхэд анхан болон давж заалдах шатны шүүхийн “хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн” гэж үзэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэхгүйгээр хэргийн жинхэнэ нөхцөл байдалд нийцээгүй дүгнэлт хийснийг харуулна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж шатны шүүх зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаанаас үүссэн маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж хэргийн оролцогчдын мэтгэлцэх эрхийг бүрэн хангажээ.
Нэхэмжлэгч “Уурхай” ХХК нь хариуцагч С.Лхагвасүрэнгээс 2008 оны 10 сарын 02-ны өдөр түүнд тус компанийн хөрөнгө 74-45 УБА улсын дугаартай “Тоёота Ланд Круйзер-80” маркийн автомашиныг 25 000 000 төгрөгөөр худалдсан, үлдэгдэл 12 000 000 төгрөг төлөөгүй гэж тайлбарлан уг мөнгийг гаргуулах шаардлагыг гаргасан байна.
“Тоёота Ланд Круйзер-80” маркийн автомашин худалдах, худалдан авах аман хэлцэл хийсэн тухайд талуудын хэн аль маргаагүй, харин машиныг 25 000 000 төгрөгөөр худалдсан гэх нэхэмжлэгчийн шаардлага тайлбарыг хариуцагч үгүйсгэж 16 000 000 төгрөгөөр худалдан авч машины үнээс 10 000 0000 төгрөгийг машиныг хүлээн авах үедээ бэлнээр, 3 000 000 төгрөгийг 2009 оны 8 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгчийн шилжүүлэхийг зөвшөөрсөн дансанд хийж, үлдэх 3 000 000 төгрөгийг тус компанид ажиллаж байх үеийн цалингаар тооцуулж 2010 оны 3 дугаар сард гэрээний үүргийг дуусгасан гэжээ.
Аливаа гэрээний үүргийн биелэлт, түүнийг шаардах эрх нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаагаар хязгаарлагдах бөгөөд хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д заасны дагуу шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолдог.
Гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.д заасны дагуу 3 жил байна. Энэ нь гэрээний бүх төрөлд хамаарах ба харин хуульд заасан гэрээний төрөл нь өөртөө тусгайлсан хөөн хэлэлцэх хугацааг заагаагүй, мөн талууд гэрээг байгуулахдаа хуульд зааснаас богино хугацаа тохироогүй тохиолдолд энэ зүйлд заасан шаардах эрхийн хугацаа үйлчилнэ.
Иймд “Уурхай” ХХК, С.Лхагвасүрэн нарын автомашин худалдах, худалдан авах гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь хуульд зааснаар 3 жил байжээ.
Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь машины үлдэгдэл үнэ 12 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гаргажээ. Энэ хугацаанаас өмнө хариуцагчид холбогдуулан дээрх төлбөрийн талаар аливаа нэгэн шаардлага гаргаж байсан нь тогтоогдоогүй байна. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн тайлбарыг хариуцагч гаргасныг үгүйсгээгүй, нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан, түр зогссон гэх үндэслэлийг нотлоогүй байна.
Зохигчдын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхийн хугацаа, маргааны үйл баримтын талаар хоёр шатны шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд дүгнэлт хийж, нэхэмжлэгчийг тухайн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг алдсан гэж дүгнэн нэхэмжлэлийг энэ үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг үндэслэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчөөгүй, шүүхийн шийдвэр, магадлал мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.3, 118 дугаар зүйлийн 118.4-т заасан шаардлагыг хангажээ.
Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн алдааг гаргаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахыг хүссэн нэхэмжлэгчийн гомдол хуулийн үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 493 дугаар шийдвэр, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 05 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанбадралтын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 282 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УНДРАХ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР