Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 466

 

 

 

 

 

 

 

 

 

Я.Ариунболдод холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Мягмаржав, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор И.Ариунсанаа,

цагаатгагдсан этгээд Я.Ариунболд, түүний өмгөөлөгч Н.Саранчимэг,

хохирогч Л.Батжаргал, түүний өмгөөлөгч Н.Батбаатар,

            нарийн бичгийн дарга Б.Хулангоо нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, шүүгч А.Алтанхуяг, Б.Дашдондов нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 540 дүгээр цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор И.Ариунсанаагийн бичсэн 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн улсын яллагчийн эсэргүүцэл болон хохирогч Л.Батжаргалын гаргасан давж заалдах гомдлоор Я.Ариунболдод холбогдох эрүүгийн 201526012321 дугаартай хэргийг 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт Янжинлхамын Ариунболд, 1991 оны 12 дугаар сарын 6-нд Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, 9-31 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УИ91120670/,

Я.Ариунболд нь 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр иргэн Л.Батжаргалтай түүний эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, 64б байрны 99 тоот 58.22 мкв орон сууцыг 72.775.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож 10.000.000 төгрөг төлөөд “үлдсэн мөнгийг 5 хоногийн дотор төлнө” гэж тохиролцон “иргэд хоорондын худалдах, худалдан авах гэрээ”-г гар бичмэлээр бичиж байгуулан итгэл төрүүлж, “мөнгө бүтэхгүй байна” гэж явсаар “байрны гэрчилгээг өөрийнхөө нэр дээр шилжүүлж өгвөл банкнаас зээл авч байрны мөнгийг төлнө” гэж итгүүлэн, 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр “орон сууц худалдах, худалдан авах” гэрээг Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Содон хороолол орчимд байрлах нотариатаар батлуулан хийж, гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, өөрийн өмч болгох зорилгоор “Ард кредит” банк бус санхүүгийн байгууллагаас уг байрны гэрчилгээг барьцаалан 20.000.000 төгрөг авсан атлаа Л.Батжаргалд өгөөгүй, өөрөө авч залилан мэхэлж хохирогчид 80.052.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Я.Ариунболдын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т заасан гэмт хэрэгт Я.Ариунболдод холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Я.Ариунболдыг цагаатгаж, Я.Ариунболд энэ хэрэгт 13 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, Я.Ариунболд нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.6.2-т зааснаар Я.Ариунболдод авсан бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар Я.Ариунболдын хувьд ногдох эд хөрөнгийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, Я.Ариунболдод авсан бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор И.Ариунсанаа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх нь хэргийг шийдвэрлэхдээ хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй дүгнэлт гаргаж шүүгдэгчийг цагаатгасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүхийн тогтоолд хохирогч Л.Батжаргал нь Я.Ариунболдыг “Ард кредит” банк бус санхүүгийн байгууллагаас орон сууцыг барьцаалж авсан 20.000.000 төгрөгийг өгөөгүй залилан мэхэлсэн гэх боловч хэргийн бодит байдал нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнээс үүссэн буюу өөрөөр хэлбэл Я.Ариунболд нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй, төлбөрөө цаг хугацаанд нь бүрэн төлөөгүйгээс үүссэн иргэд хоорондын маргаан байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. Өөрөөр хэлбэл Я.Ариунболд нь 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Л.Батжаргалын үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж авахдаа банк болон банк бус санхүүгийн байгууллагад барьцаалах өөрийн бодит байдлыг нууж төөрөгдөлд оруулаагүй, энэ талаар гэрээндээ тодорхой заасан байна гэж дүгнэсэн нь хэргийг жинхэнэ бодит байдлаас нь гуйвуулсан, нотлох баримтад үндэслээгүй байна гэж улсын яллагчийн хувьд үзэж байна. Шүүгдэгч Я.Ариунболдод хохирогч Л.Батжаргалын эд хөрөнгийг залилан мэхэлж авах санаа, гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө төрсөн болохыг мөрдөн байцаалтын шатанд хангалттай шалгаж тогтоосон. Я.Ариунболдод 72.775.000 төгрөгөөр байр худалдан авах санхүүгийн боломж огт байгаагүй нь түүний тухайн үеийн хөрөнгийн талаарх банкны дансны хуулгууд, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа зэргээр тогтоогдсон. Түүнчлэн Я.Ариунболд нь 10 гаран сая төгрөг бусдаас зээлээд хохирогч Л.Батжаргалд өгч түүнд итгэл төрүүлэн Л.Батжаргалын байрыг өөрийн нэр дээр шилжүүлж авах буюу өөрийн эзэмшилд авч дураар захиран зарцуулах эрх олж авсан. Ингэхдээ “Ард кредит” банк бус санхүүгийн байгууллагаас 150 сая төгрөг зээлэх хүсэлт гаргаж баримт материал бүрдүүлж өгсөн, харин “Ард кредит” банк бус санхүүгийн байгууллага түүнийг нь судлаад боломжгүй учир 20 сая төгрөгийн зээл гаргасан. Гэтэл Я.Ариунболд үнэхээр хохирогчийн байрны үнийг төлөх буюу гэрээний үүргээ биелүүлэх санаа зорилготой байсан бол 72.775.000 төгрөнийн үлдэгдэл 60 орчим сая төгрөгийн зээл хүсэх байсан эсвэл “Ард кредит”-ээс ззэлсэн 20 сая төгрөгийг Л.Батжаргалд шууд өгөх боломж байсан. Дээрх нөхцөл байдлыг дүгнэж үзвэл Я.Ариунболд нь анхнаасаа “Ард кредит” банк бус санхүүгийн байгууллагаас өөр зорилгоор зээл авах, тодруулбал энэ зорилгодоо: “хохирогч Батжаргалд 10 гаран сая төгрөг өгч итгэл төрүүлэн байрыг нь өөрийн нэр дээр болгосноор” зээл авахдаа ашигласан болох нь харагдаж байна. Гэтэл Я.Ариунболд шүүх хуралдаан хойшлогдох явцад буюу 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хохирогчид байрыг нь эргүүлэн өгч түүний өмчлөлийн асуудлыг сэргээсэн байна. Энэ тухай тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт тодорхой мэдүүлсэн. Шүүгдэгч Я.Ариунболдын бусдын байрыг өөрийн нэр дээр шилжүүлж бусдыг залилах гэмт санаагаа хэрэгжүүлсэн үйлдлийг түүний хохирол барагдуулсан байдлаар нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, түүнийг цагаатгаж байгаа нь үндэслэлгүй. Учир нь энэ хэргийг шалгаж байх явцад Я.Ариунболд нь хохирогчид байрыг буцаан шилжүүлж өмчлөлийн асуудлыг нь сэргээж өгөх боломжтой байсаар байтал энэ тал дээр өөрөө санаачлага гаргаагүй сайн дураар гэмт үйлдлээсээ татгалзаж, “Ард кредит”-ээс авсан 20 сая төгрөгөө хохирогчид өгөх боломжтой байхад хохирлыг төлөөгүй байж шүүхэд хэрэг шилжсэнээс хойш удаа дараа хуралдааныг хойшлуулж хойшилсон хугацаанд нь хохирогчид байрыг нь буцаан өгч өмчлөлийг нь сэргээх байдлаар хохирогчийг хохиролгүй болгосныг дүгнэж үзэхэд Я.Ариунболд нь ял шийтгэлээс мултрах санаа зорилго агуулсан нь харагдаж байна. Хохирогч гомдол, саналгүй болсон, хохирол төлөгдсөнөөр энэ хэргийн субъектив санаа зорилго өөрчлөгдөхгүй болохыг анхаарч үзнэ үү. Хохирогч тухайн үед байраа зарахдаа Я.Ариунболдыг бэлэн мөнгөөр худалдан авна гэж ойлгосон байсан, дараа нь тодорхой хэмжээний мөнгийг авсны дараа Я.Ариунболдод залилан мэхлүүлснээ мэдээд аргагүйн эрхэнд орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулж, захиалгын гэрээ гэх мэтийг дүр үзүүлэн хийж, мөнгөө олж авах оролдлого хийсэн нь хэрэгт хангалттай баримтаар нотлогдон тогтоогдсон ба түүнд хохирогчид залилан мэхлүүлж алдсан эд хөрөнгөө олж авахын тулд өөр арга зам байгаагүй. “Ард кредит” банк бус санхүүгийн байгууллага нь Я.Ариунболдод 150 сая төгрөгийн зээл гаргах боломжгүй байсан бөгөөд шүүгдэгч Я.Ариунболд орон сууц худалдан авах зээл хүсээгүй “Эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх зээл” хүссэн болох нь, харин “Ард кредит” банк бус санхүүгийн байгууллага нь “Орон сууц худалдан авах зээл” олгодог гэтэл шүүгдэгч өөр зээл хүссэн зэрэг нотлох баримтуудаас харахад Я.Ариунболд нь анхнаасаа бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авч өөрийн зорилгодоо ашиглаж, өөр төрлийн зээл авч өөр бусдаас авсан өрөндөө өгсөн болох нь нотлох баримтаар тогтоогдсон. Шүүхийн цагаатгах тогтоол нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү...” гэв.

Хохирогч Л.Батжаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Субьектив санаа сэдлийн тухайд: Я.Ариунболд нь анх орон сууц худалдан авахаар тохирохдоо урьдчилгаа төлбөрт цөөн хэдэн төгрөг төлөөд үлдэгдэл төлбөрийг 5 хоногийн дотор төлье гэж гэрээ байгуулаад урьдчилгаа төлбөр төлөөд байранд нүүж орсон. Үлдэгдэл төлбөрийг өөрийн хуучин орон сууцаа ахдаа худалдаж байгаа, ах өнөө маргаашгүй мөнгөө өгнө гэж анх хэлсэн, гэтэл ахдаа байраа зарж байгаа гэдэг нь худлаа байсан түүгээр ч барахгүй өөрийн орон сууцгүй болох нь мэдэгдсэн. Дараа нь алт худалдаж авч байгаа, алтаа зараад үлдэгдэл мөнгийг төлнө гэж хэлсэн, энэ нь мөн л худлаа байсан. Энэ мэтчилэн янз бүрийн шалтаг заан алга болж 2-3 сарын хугацаа авсан. Энэ хугацаанд Я.Ариунболд тус байранд амьдарсаар л байсан. Эдгээрээс харахад Я.Ариунболд нь анхнаасаа орон сууц худалдан авах мөнгөгүй байсан нь тодорхой харагдаж байна. Орон сууц худалдан авах мөнгөгүй, төлөх боломжгүйгээ мэдсээр байж өөрийн мөнгөгүй, худалдан авах чадваргүй бодит байдлаа худал үгээр, урьдчилгаа төлбөр төлсөн байдлаар зохиомол байдлыг зориудаар бий болгож, гэрээ байгуулах замаар төөрөгдүүлсэн нь эргэлзээгүй ойлгогдож байна. Обьектив байдлын шинжийн тухайд; Үлдэгдэл төлбөр төлөх төрөл бүрийн худал шалтаг заан 3 cap гарангийн хугацаа өнгөрсний дараа төлөх боломжгүй боллоо, зээл авч үлдэгдэл төлбөрийг төлье, 60 сая төгрөгийн зээл авахад миний барьцаа хөрөнгө хүрэхгүй байна та байраа миний нэр дээр шилжүүлчих, байрыг өөрийн нэр дээр шилжүүлж барьцаанд тавиад авсан зээлээрээ үлдэгдэл төлбөрийг төлье гэж хэлээд миний орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлж авсан. Банк бус санхүүгийн байгууллагаас 20 сая төгрөгийн зээл батлагдлаа гэж хэлсээр байтал надад 60 сая төгрөгийн зээл авах гэж байна гэж худлаа ярьж миний байрны өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, зээлээ аваад, авсан мөнгөө надад өгөөгүй тэр чигтээ сураггүй алга болсон. Энэ талаар холбогдох нотлох баримт буюу Я.Ариунболд өөрийн утаснаас миний утас руу илгээсэн мессежээр тодорхой нотлогдож байгаа. Я.Ариунболдын залилангийн үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байгаа ба Я.Ариунболд нь бусдын эд хөрөнгө, түүнийг өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд гэмт үйлдлээ үгээр буюу үйлдлээр, бодит байдлыг гуйвуулан, зохиомол байдлыг зориудаар бий болгож хийсэн шууд санаатай, шунахай сэдэлттэй, бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байна. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хуулийн дагуу хянан хэлэлцэнэ үү...” гэв.

Хохирогч Л.Батжаргалын өмгөөлөгч Н.Батбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Я.Ариунболд нь анх хохирогчтой гэрээ байгуулж байрыг худалдан авахаар тохирохдоо байр худалдан авах мөнгөгүй, орлогын эх үүсвэргүй байсан. Анх тохиролцохдоо “би урьдчилгаанд 20.000.000 төгрөг өгье. Үлдэгдэл мөнгийг нь би ахдаа хуучин байраа зараад өгнө” хэлсэн. Үүнээс хойш үлдэгдэл мөнгийг 1.000.000, 2.000.000 төгрөгөөр цувуулан бага багаар өгсөөр байгаад 2 сарын хугацаанд 15.800.000 төгрөг өгсөн. Я.Ариунболд нь “би алтанд явж байгаа. Ирээд өгнө” гэх мэтээр янз бүрийн худал шалтаг тоочиж нилээд хугацаа өнгөрсөн. Я.Ариунболд нь байрандаа нүүж ороод, урьдчилгаа болгож хэдэн төгрөг цувуулаад өгчихсөн байсан тул хохирогчид “би байраа барьцаанд тавиад 150.000.000 төгрөгийн зээл авах гэж байгаа. Та байрны гэрчилгээг миний нэр дээр шилжүүлээд өг” гэж худал хэлж, итгэл төрүүлээд Л.Батжаргалын байрыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан. Я.Ариунболд нь банк бус санхүүгийн байгууллагаас 8 дугаар сарын 15-ны өдөр 20.000.000 төгрөгийн зээл авсан байж 8 дугаар сарын 21, 23, 9 дүгээр сарын 1-ний өдрүүдэд хохирогч руу явуулсан мессеж болон банк бус санхүүгийн байгууллагын төлөөлөгчийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн мэдүүлгүүдээс харахад Я.Ариунболд нь зөвхөн байрны үлдэгдэл төлбөр хийхийн тулд байрыг өөрийн өмчлөлд шилжүүлээгүй болох нь тогтоогдсон. 8 дугаар сарын 12-ны өдөр банк бус санхүүгийн байгууллагаас Я.Ариунболдод 150.000.000 төгрөгийн зээл өгөх боломжгүй гэдгийг хэлсэн. Гэтэл хохирогчид бодит байдлыг хэлэлгүйгээр “зээл бүтэхээр болсон” гэж хэлж итгүүлсэн. Тиймээс Я.Ариунболдын үйлдэлд залилан мэхлэх гэмт хэргийн субъектив болон объектив тал байна. Я.Ариунболд нь хохирогчид худал хэлж байрыг нь эзэмшилдээ шилжүүлж авчихаад банк бус санхүүгийн байгууллагаас зээлж авсан 20.000.000 төгрөгөө ч өгөөгүйгээс үзэхэд гэрээ байгуулах замаар бусдын өмчлөх эрхийг хууль бусаар өөртөө олж авах зорилготой байсан байна. Я.Ариунболдын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байгаа тул залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна. Анхан шатны шүүх “талууд хүсэл зоригоо илэрхийлэн гэрээ байгуулсан” гэж үзээд байна. Гэтэл тус гэрээг Я.Ариунболд итгэл олж авахын тулд байгуулсан...” гэв.

Цагаатгагдсан этгээд Я.Ариунболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцэл, хохирогчийн давж заалдах гомдол нь үндэслэлгүй. Би Л.Батжаргалыг залилан мэхлэх санаагүй байсан. Амьдралаа дээшлүүлж, нялх хүүхэдтэй болсон юм чинь байраа томруулъя гэж байр судалж эхэлсэн. Намайг зээл авсан ч төлөх чадваргүй гэж байна. Би урьд нь 3 удаа банк бус санхүүгийн байгууллагаас зээл аваад төлж байсан. Манай хадамууд эхнэр бид 2-ыг гэр бүл болоход 1 өрөө байр авч өгч байсан. Бид 1 өрөө байраа томруулж 2 өрөө болгохыг зорьсон. Тиймээс анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Цагаатгагдсан этгээд Я.Ариунболдын өмгөөлөгч Н.Саранчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Л.Батжаргал нь өөрийн хүсэл зоригийг илэрхийлсэн гэрээний төсөл боловсруулсан байсан. Л.Батжаргал нь өөрийн орон сууцыг бусдад худалдах хүсэл зоригтой байсан тул зар өгсөн. Үүний дагуу Я.Ариунболд нь Л.Батжаргалын байрыг үзээд “надад таны байр таалагдлаа” гэж хэлээд байгаа байдлаа хэлэхэд Л.Батжаргалд “Я.Ариунболд нь өөрийн гэсэн хэвлэлийн компани, нэг өрөө байр байгаа тул зээл авах боломжтой юм байна гэж бодоод хүсэл зоригоо илэрхийлэн аман хэлцэл хийсэн. Гэрээний загварыг Л.Батжаргал нь өөрөө гараар бичиж боловсруулахдаа “мөнгө төлөгдөөгүй хоног дутамд алданга тооцно” гэсэн байсан. Я.Ариунболдыг гэрээнд заасан үүргээ биелүүлэх хугацаанд үл ойлголцол гарч Я.Ариунболдын үйлдэл нь залилан мэхлэх гэмт хэрэг мөн эсэх асуудал үүссэн. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт захиалгын орон сууцны талаар яригдсан. “Ард кредит” банк бус санхүүгийн байгууллагаас орон сууц захиалгын гэрээг авахад 2015 оны 6 дугаар сарын 19-ны өдөр Я.Ариунболдын нэр дээр хийгдсэн гэрээ байсан. Энэ талаар Я.Аруинболдоос анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт асуухад Л.Батжаргал нь “чи орон сууц авах гэж байгаа тул заавал ийм зээлийн гэрээ хийх ёстой. Гэрээ хийснээр захиалагчийн гэрчилгээ чиний нэр дээр шилжинэ. Чи зээлээ аваад надад өгөх ёстой” гэж хэлсэн байдаг. Тиймээс 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс өмнө Я.Ариунболд, Л.Батжаргал нарын дунд зээл авч байж байрны үлдэгдэл мөнгийг төлнө гэх яриа болсон байсан тул хэн нэг нь итгэл эвдэж, залилан мэхэлсэн асуудал байгаагүй. Өөрөөр хэлбэл иргэд хоорондын харьцаа үүсээд, дараа нь гарах үр дагаварын талаар яригдаж байсан. Тиймээс Я.Ариунболдын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байх тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар Я.Ариунболдод холбогдох хэргийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Я.Ариунболд нь Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, 64б байрны 99 тоот хаягт байрлах 58.22 мкв орон сууцыг 72.775.000 төгрөгөөр буюу 2015 оны 6 дугаар сарын 12-нд урьдчилгаа төлбөр болох 10.000.000 төгрөгийг төлж үлдэгдэл 62.775.000 төгрөгийг 2015 оны 6 дугаар сарын 17-нд худалдан авахаар  Л.Батжаргалтай иргэний журмаар гэрээ хийж харилцан тохиролцсон байна /1-р хх-ийн 19/.

 

Я.Ариунболд Л.Батжаргал нарын хооронд 2015 оны 6 сарын 12 болон 2015 оны 8 сарын 12-нд хийгдсэн орон сууц худалдах худалдан авах гэрээг үзэхэд “ гэрчилгээг шилжүүлснээс хойш үлдэгдэл төлбөр төлөгдөөгүй бол гэрчилгээг буцаан шилжүүлж байрыг чөлөөлөх, мөн худалдан авагч тохирсон хугацаанд төлбөрөө төлж чадаагүй бол алданги тооцох “ талаар тухайн байрыг худалдахад гарах бүх эрсдэлийг гэрээндээ тодорхой тусгажээ.  Хэргийг иргэний шүүхээр шийдвэрлүүлэх бүрэн боломжтой  байсан байна.

Гэвч хэрэг Эрүүгийн шүүхээр шийдвэрлэгдэж энэ хугацаанд Я.Ариунболд нь  Л.Батжаргалын байрыг чөлөөлж, гэрчилгээг буцааж түүний нэр дээр шилжүүлсэн байна.

 

Я.Ариунболдын үйлдэл нь бусдыг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхлэх гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж түүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, Я.Ариунболдыг цагаатгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хууль ёсны үндэслэлтэй.

 

Иймд прокурор И.Ариунсанаагийн бичсэн 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 10 дугаар улсын яллагчийн эсэргүүцэл болон хохирогч Л.Батжаргалын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 540 дүгээр цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор И.Ариунсанаагийн бичсэн 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 10 дугаар улсын яллагчийн эсэргүүцэл болон хохирогч Л.Батжаргалын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

 

                         ШҮҮГЧИД                                                       Д.МЯГМАРЖАВ

 

                                                                                                О.ЧУЛУУНЦЭЦЭГ