| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2018/0071/Э |
| Дугаар | 75 |
| Огноо | 2018-02-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Ганчимэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 75
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт ирүүлсэн Б.Л-т холбогдох эрүүгийн 1710008200041 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Г.Ганчимэг, шүүгдэгч Б.Л, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга А.Арай шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Б.Л нь 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Нисэхийн автобусны буудал дээр Л.Б-г “машинаас хүн буулгасан” гэх шалтгаанаар маргалдан зодож, биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Б.Л-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Nissan маркийн 57-59 УБО улсын бүртгэлийн дугаартай машиныг би өдрийн 10.000 төгрөгөөр түрээслэн такси үйлчилгээ эрхэлдэг байсан. Надад такси үйлчилгээ эрхлэхээс өөр амьжиргааны эх үүсвэр, орлого байхгүй. Одоогийн байдлаар ажил эрхлэхгүй байгаа. Нөхөр бид 2 салсан, би хүүхдүүдийнхээ хамт амьдардаг юм. Би тээврийн хэрэгсэл жолоодох жолооны B ангилалын үнэмлэхтэй, 2013 оноос тээврийн хэрэгсэл жолоодож байгаа. Хохирогч Б Морингийн даваанд оршин суудаг, миний хувьд түүнийг таньдаг, архи, согтууруулах ундаа хэрэглэсэн байхдаа урьд нь намайг өдөж хоргоодог байсан. 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр би Нисэхийн автобусны буудал дээр дарааллын дагуу зорчигчдоо авах гэж байтал Б нь согтуу, миний машины урдуур өөрөө зорчиж байсан машинтайгаа хөндөлдөж орж ирээд машинд суусан байсан үйлчлүүлэгчдийг өөринхөө сууж байсан машинд суулгах гээд байсан юм. Тэгэхээр нь би “энэ хүмүүс миний үйлчлүүлэгчид, чи дараалалын дагуу яв” гэхэд намайг нөхөргүйг минь далимдуулан дээрэлхэж, хэл амаар доромжилсон.
Тэгээд би үйлчлүүлэгчээ авах гэж байтал Б нь намайг түлхэхэд би хөл алдаж унасан. Намайг газар унахад дээрээс минь өшиглөсөн. Тухайн үед хохирогч Б маш их согтолттой байсан. Хохирогч эхлээд миний эрх чөлөөнд халдсан. Хохирогчийн үйлдлийн улмаас миний гар, нуруун тус хэсэгт хөхөрч няцарсан боловч шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн зэрэг тогтоогдоогүй. Тэгээд би газраас босож ирээд Б араас нь хэд хэдэн удаа өшиглөсөн нь түүний төмсөг тус газарт таарсан байсан. тжхайн үед хэдэн удаа хөлөөрөө өшиглөснөө санахгүй байна. Өөрөөр хохирогчийг цохиж зодсон зүйл байхгүй.
Миний өшиглөсний улмаас хохирогч Б биед хөнгөн гэмтэл учирсныг хүлээн зөвшөөрч байна. Эмчилгээний зардалд 100.000 төгрөг төлсөн, хохирогчтой сайн дураар эвлэрсэн. Б нь гомдол саналгүй гэсэн байгаа. Шинжээчийн дүгнэлтэнд дурьдагдсан хохирогчийн биед учирсан гэх хэд хэдэн гэмтэл нь анх түүнтэй зорчигч үйлчлүүлэгчээ булаацалдан маргаж зууралдаж, ноцолдож байх үед үүссэн байх гэж бодож байна. Би хэрэг гарсан тухайн үед уурлан бухимдаж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 1710008200041 дугаартай хэргээс:
1. Хохирогч Л.Б-гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:
“...Би Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн 2-69 тоотод оршин суудаг бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 19-ний орой ажлаа тараад хамт ажилладаг Тулгаа гэх залуутай 2,5 литрийн савалгаатай Нийслэл пивоноос хоёрыг авч уугаад салцгаасан юм.
Тэгээд гэртээ харихаар Нисэхийн автобусны буудлаас Морин руу явдаг таксины зогсоол дээр очоод, Соната-5 маркийн автомашинд суусан. Миний суусан машины хүмүүс дүүрээд явах гэхэд Л эгч өөрийн эзэмшлийн автомашинтайгаа урдуур орж ирээд, хүн аваад эхэлсэн. Зогсоол дээр зогсож байгаа автомашинууд оочерлож хүнээ дүүргээд гардаг, мөн тухайн үед би гэр лүүгээ яарч байсан тул таксинаас буугаад “эгчээ хүнээ авмаар байна” гэж хэлээд Л эгчийн автомашинд суусан хоёр хүнд “энэ машин биш шүү” гэж хэлэхэд Л эгч миний малгайтай цамцнаас татаж чангаасан.
Би түүний гарыг нь цохиж тавиулахад цаашаа хөл алдаж газар унасан. Тэгсэн цаанаас Л эгчийн ээж нь бололтой настай эгч ирээд намайг үсдэх гээд дайраад байсан тул буудал дээр байсан танихгүй хүмүүс салгасан юм. Тэр үед Л эгч хүрч ирээд миний төмсөг рүү 5-6 удаа өшиглөхөд би хөдөлж чадахгүй тонгойж байхад таксины жолооч ах ирж намайг машиндаа суулгах гэтэл Л эгч гүйж ирээд миний зүүн нүд рүү дахин нэг удаа цохисон.
Тэгээд машинд сууж байтал цагдаа нар ирсэн юм. Тийм л үйл явдал болсон. Миний бие одоо зүгээр байна. Би Шүүх эмнэлгийн шинжээч эмчийн дүгнэлтийг уншиж танилцсан. Надад дүгнэлттэй холбогдуулж гаргах санал хүсэлт байхгүй. Тухайн үед хэрэлдэх болсон гол шалтгаан нь Л эгч машинтайгаа урдуур орж ирээд, оочер дайрч хүн авсанаас болсон. Надад одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, би Л эгчтэй эвлэрч гомдол саналгүй болсон. Би шүүх хуралд оролцохгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 20-21х/,
2. Гэрч Г.О-ны хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:
“...Би 2017 оны 10 дугаар сарын 19-ний 21:00 цагийн үед ХУД-ийн 16 дугаар хорооны нутаг дэсвгэрт байрлах Хаан банктай байрны хажууд явж байтал миний охины дуу гараад орилоод байхыг би сонссон. Тэгээд дуу нь гараад байгаа зүг рүү гүйгээд очтол миний охин газар унасан байдалтай, хувцас нь шороо болчихсон, нэг залуутай барьцалдаад байж байхад нь би гүйж очоод “чи яаж байгаа юм” гээд нөгөө залууг нь бариад автал намайг барьж авсан. Тэгээд барьцалдаж байхдаа миний куртикны цахилгааныг урсан байсан. Тэгэхээр нь би цагдаад хандсан юм. Тэр залуу Лын хөл рүү нь өшиглөж байхыг харсан. Мөн хувцас нь газар унасан байдалтай, шороо болсон байсан. Би хүүхдээ нэг залуутай барьцалдаж авсан байхыг хараад шууд гүйж очоод нөгөө залуутай барьцалдаад авсан. Тухайн үед тэр залуу намайг зохиж зодоогүй, түүнтэй хамт хүн явж байсан үгүйг мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 12-13х/,
3. ШШҮХ-ийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 13340 тоот дүгнэлтэд:
1. Л.Б-н биед төмсөгний зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн хацар, хүзүүнд зулгаралтууд гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг ба нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх 2017 оны 10 дугаар сарын 19-нд үүссэн байх боломжтой гэмтлүүд байна.
3. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 29х/
4. Шүүгдэгч Б.Л-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн:
“...Би 2017 оны 10 дугаар сарын 19-ний орой 21 цагийн үед Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны байрны буудлын хажууд өөрийн эзэмшлийн 57-59 УБО улсын дугаартай Ниссан Марч маркийн автомашинтай Морин даваа руу хүн тээвэрлэж халтуур хийх гээд зогсож байсан ба автомашинууд нь их байсан. Ингээд миний дараалал болж хүн ачихаар болоод үл таних хоёр эрэгтэй орж ирээд арын суудалд суулгаад хөдлөх гэж байхад урдуур нэг автомашин ирж зогсоход дотроос нь Б бууж ирээд миний автомашинд суулгасан хоёр хүнийг шууд буулгаж, “урд талын автомашинд суучих” гэж хэлэхээр нь би уурлаад “чи юу яриад байгаа юм бэ, би хүнээ аваад гарах гэж байна ш дээ” гэж хэлэхэд Б “чамд ямар хамаатай юм бэ, авгай минь” гэж орилоод түлхсэн ба би хойшоо унасан.
Тэгээд би босч ирээд түүнийг барьж аваад ноцолдож байхад дэлгүүрээс манай ээж Г.О гарч ирээд бид хоёрыг салгаад, Бд хандаж “чи яагаад эмэгтэй хүнийг дээрэлхээд байна” гэж хэлэхэд “чи юу гээд байгаа юм” гээд ээжтэй маргалдаад барьцалдаад авахаар нь би араас нь очоод, төмсөг рүү нь хэдэн удаа өшиглөсөнөө санахгүй байна, ямар ч байсан өшиглөсөн. Тэгээд автобусны буудал дээр байсан хүмүүс биднийг салгасан. Ингээд Цагдаа дуудаж Б-тэй хамт цагдаа дээр очсон юм.
Би Шүүх эмнэлгийн шинжээч эмчийн дүгнэлттэй танилцсан, надад гаргах санал хүсэлт байхгүй. Би өөрийн гэм буруутай үйлдлийг ойлгож ухамсарлаж байна. Би Б-й эвлэрч, түүний хохирлын 100.000 төгрөгийг төлсөн. Тухайн үед Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Харин би архи уудаггүй, хэрэглэдэггүй. Тухайн үед Б намайг түлхэхэд нь би хөл алдаж унасан, харин дэвсээгүй. Уг гэмтлүүд нь унаснаас болж үүссэн байх. Тухайн үед ээж Л.Б куртикны цахилгаан урагдсан байсныг хаяад шатаасан, татаж чангааснаас болсон байх. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 37-38х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 39х/, Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 47х/, Б.Л нь Алдарт Эхийн 2 дугаар одонгоор шагнагдсан тухай одонгийн үнэмлэх баримт /хэргийн 50х/ баримт зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч талуудын эрхийг хязгаарласан болон зөрчсөн зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэгт цугларсан нотлох баримтад үнэлэлт дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
1.1. Гэм буруугийн хувьд:
Шүүгдэгч Б.Л нь 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 57-59 УБО улсын дугаартай Ниссан Марч маркийн автомашинтай хувиараа такси үйлчилгээ эрхлэхээр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Нисэхийн автобусны буудал дээр хүн тээвэрлэж байхдаа иргэн Л.Б “машинаас хүн буулгалаа” гэсэн шалтгаанаар маргалдан ноцолдож хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, улмаар түүний төмсөг орчимд өшиглөсний улмаас хохирогч Л.Б-гийн биед нь “төмсөгний зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн хацар, хүзүүнд зулгаралтууд” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн ШШҮХ-ийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 13340 дугаартай дүгнэлт, хохирогч Л.Б-гийн мэдүүлэг, гэрч Г.Л.Б мэдүүлэг болон шүүгдэгч Б.Л-ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.
Түүнчлэн тухайн гэмт хэрэг гарахад хохирогч Л.Б согтуурхан шаардлага тавьсан Б.Л-ын эрх чөлөөнд нь халдаж зохисгүй байдал гарган зүй бус авирласан зохих буруутай байдал нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсныг тэмдэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд хохирогч Л.Б-гийн биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Б.Л хохирогчийг цохисон өшиглөсөн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь гэм буруугийн шууд санаатай үйлдлээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Л хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон байна.
Түүнчлэн энэ хэргийн шүүгдэгч Б.Л нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар мараагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Б.Л гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй.
1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон бөгөөд хохирогч Л.Б-гийн эрүүл мэндэд учирсан “хөнгөн гэмтэл буюу хөнгөн хохирол” нь гэмт хэргийн шууд хохиролд, уг учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаатай холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учирсны улмаас үүсэх гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.
Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.
Хэргийн шүүгдэгч Б.Л нь хохирогч Л.Б-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт тооцон эмчилгээний зардалд 100.000 төгрөг төлсөн, хохирогч нь эмчилгээний зардлын 100.000 төгрөгийг нөхөн төлснийг хүлээн авсан, гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй тухайгаа хэрэг бүртгэлтийн шатанд хохирогчоор мэдүүлэхдээ /хэргийн 21х/ илэрхийлж, хүсэлтээ бичгээр гаргасан баримттай /хэргийн 52х/ байх тул шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг арилгасан гэж дүгнэн эрүүгийн хэргийн хамт нэг мөр шийдвэрлэвэл зохих баримт бүхий хохирол төлбөргүй гэж үзэв.
1.3. Эрүүгийн хариуцлагын талаархи:
Шүүгдэгч Б.Л нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь джжр дурьдсан үндэслэлээр тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Б.Л нь урьд ял шийтгэгдэж байгаагүй талаар ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтад “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай тэмдэглэгдсэн /хэргийн 39х/ байгаа нь тэрээр анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болох бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдал нь түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзвэл зохих Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болох юм.
Шүүх, шүүгдэгч Б.Л-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлж, гэм хорыг арилгасан нөхцөл байдлыг нь тус тус ял хөнгөрүүлөх нөхцөл байдалд тооцож, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй байдал болон бага насны 4 хүүхдийн хамт амьдардаг зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан торгох ялын доод хэмжээгээр 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзсэн болно.
Энэ хэрэгт Б.Л нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Л.Б нь хохирол нөхөн төлөгдсөн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б.Л-ыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Л 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Л нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг ялтанд мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт Б.Л нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Л.Б нь хохирол нөхөн төлөгдсөн тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Б.Л-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД