Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2023/ДШМ/607

 

 

               
 

2023

 

6

 

07

 

2023/ДШМ/607

 

 

 

 

 


 

Ц.М-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Итгэл,

шүүгдэгч Ц.М, түүний өмгөөлөгч Д.Гомбо,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг  оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/256 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Бын өмгөөлөгч Ц.Гансүх, шүүгдэгч Ц.Мэ нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ц.Мэд холбогдох эрүүгийн 2103 00355 0014 дугаар хэргийг 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

... овгийн Ц.М, ... оны ... дүгээр сарын ...-ний өдөр ... төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ... тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл ... тоотод оршин суух,

-урьд 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 204 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

-2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 120 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийт 1 жил 40 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж,

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 151 дүгээр захирамжаар эдлээгүй үлдсэн 9 хоногийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон /РД:.../.

Шүүгдэгч Ц.Мэ нь Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтуудыг зөрчсөний улмаас 2021 оны 10 дугаар сарын 31-ний өглөө 08:10 минутын үед Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, "Стелла” баарны урд талын замд "Тоуота Grand Mark-2” маркийн, ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа "Тоуота Аqua” маркийн, ... УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, улмаар өөрийнх нь жолоодож явсан тээврийн хэрэгслийн зорчигч Э.Сын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас Ц.Мийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ц.Мийг "Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, цагдан хоригдсон 7 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч Ц.Мэд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, шүүгдэгч Ц.Мэ бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Бын өмгөөлөгч Ц.Гансүх давж заалдах гомдолдоо: 1.Шийтгэх тогтоолын ТОДОРХОЙЛОХ хэсэгт “...Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын шатанд улсын яллагчаас шүүгдэгч Ц.Мийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх санал гаргаж, уг саналыг шүүгдэгчийн өмгөөлөгч дэмжиж байр сууриа илэрхийлснийг шүүх хүлээн авах шаардлагагүй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн гэм буруу нь хэдийгээр болгоомжгүй хэлбэртэй боловч хүний амь нас хохирсны хор уршиг, нөгөөтэйгүүр шүүгдэгч Ц.Мийн хувийн байдал /үүнд: тэрээр өөр гэмт хэрэгт шалгагдсан гэх байдал, энэ хэрэгт шалгагдаж байхдаа Монгол улсын хилээр гарч улмаар гадаад улсад эрэн сурвалжлагдсан гэх байдал/ зэргийг харгалзан шүүхээс хорих ял оногдууллаа.

Түүнчлэн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт /эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй/ гэж заасан боловч гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх,... гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэсэн эрүүгийн

хариуцлагын зорилгод нийцүүлэн хорих ял оногдуулсан болно....” гэжээ.

  1. Шүүгдэгч Ц.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг.
  3. Шүүгдэгч Ц.М нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн хувьд маргадаггүй.
  4. Шүүгдэгч Ц.М үйлдсэн хэрэгтээ гэмшдэг, хохирогч талаас албан ёсоор уучлалт гуйсан.
  5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, цаашид нэхэмжлэх зүйлгүй.
  6. Хохирогч тал санал гомдол байхгүй.

Эдгээрийг харгалзан үзэж шүүгдэгч Ц.Мд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж, хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Ц.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 256 дугаар шийтгэх тогтоолоор Ц.М намайг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хорих ялаар шийтгэсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг үндэслэн шүүхээс надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж өгөхийг хүсэж давж заалдах гомдол гаргаж байна.

Ц.Мэ би анх удаа хүүхэд насандаа алдаж, шүүхээр ял шийтгүүлж байсан. Хамгийн сүүлд 2019 оны 01 дүгээр сард шийтгүүлж хорих ял эдэлж, гарч ирээд дахин ямар нэг хэрэгт орж байгаагүй, аль болох урьд нь нийлж байсан хүмүүсээс харилцаагаа тасалж, засарч хүмүүжих замыг сонгон явсан. Намайг урьд гаргасан алдаагаа засаж, нийгэмшихэд миний найз охин Х тус дэм болдог.

Би өөрийн үйлдсэн хэргийн хор уршгийг маш сайн ойлгож, гэмшиж байгаа. Амь хохирогчийн эцэг, эхтэй сайн харилцаа тогтоож, бие биенээ ойлголцох болсон. Би машин барьж халтуур хийж амьдралаа залгуулж яваад ийм хэцүү хэрэгт холбогдсондоо туйлын ихээр харамсаж явдаг. Халтуур хийгээд олигтой мөнгө олохгүй болохоор нь Турк улсад очоод ажил хийж хэдэн төгрөг олох санаатай явахдаа мөрдөгч, прокурорт мэдэгдээгүй нь миний буруу. Гэхдээ би Монголд ирээд өөрөө мөрдөгчтэй уулзсан. Түүнээс биш эрэн сурвалжилж, намайг барьж ирсэн зүйл байхгүй. Намайг мөрдөгчтэй уулзахад миний хэргийг прокурорт шилжүүлсэн тул би шүүхийн шатанд хохирогчийн нэхэмжилсэн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан билээ.

Би урьд нь хоёр удаа ял шийтгүүлж байсан нь үнэн. Гэхдээ би шүүхээс оногдуулсан ялуудыг биечлэн эдэлж дуусаад ял шийтгэлгүй болох хугацаа дууссан байхад миний хувийн байдлыг тогтоохдоо зөвхөн урьд шийтгүүлж байсан гэдгийг онцолж үзсэнд гомдолтой байна.

Хувийн байдлыг тогтоохдоо миний зан төлөв, хүмүүстэй харьцах харилцаа, нийгмийн байгаа байдлын сайн, муу талыг мөн харгалзан үзэх ёстой байсан болов уу гэж бодож байна.

Би анх удаа болгоомжгүй гэмт хэрэгт холбогдсон гэдгийг анхаарч үзэж шүүхээс надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж өгөхийг хүсэж байна.” гэв.

Шүүгдэгч Ц.Мийн өмгөөлөгч Д.Гомбо тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Уг гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон тул нөхөж барашгүй гарз, хохирол учирсан. Бидний зүгээс хохирогч талтай уулзаж ярилцсан. Миний үйлчлүүлэгч Ц.М нь гэм буруу дээрээ маргадаггүй. Анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Мөн хохирогч талаас "ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй. Бид гомдол саналгүй. Иймд шүүгдэгч Ц.М-д оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж, хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү” гэж гомдол гаргасан. Өөр хэргийн тухайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт би өөр шүүгдэгчийн өмгөөлөгчөөр оролцсон. Анхан шатны шүүхээс "Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь тогтоогдохгүй байна” гэж үзэж, хэргийг тусгаарласан. Мөн миний үйлчлүүлэгч Турк улс руу явж хохирогчид учруулсан хохирол төлбөрийг төлж, барагдуулахын тулд ажил хийсэн бөгөөд ирсэн даруйдаа өөрийн санаачилгаар мөрдөгчтэй уулзаж, хэргээ шийдүүлсэн. Улсын яллагчийн зүгээс анхан шатны шүүхэд хорихоос өөр төрлийн ял буюу зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломтой гэж ялын санал гаргаж байсан. Иймд шүүх бүрэлдэхүүн дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар өөрчилж өгнө үү” гэв.

Прокурор П.Итгэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: "Шүүгдэгч Ц.М нь тээврийн хөдөлгөөний байдлын ашиглалтын журам зөрчиж гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Шүүгдэгч Ц.М нь гэм буруу дээрээ маргадаггүй. Анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс зорчих эрхийг хязгаарлах ялын санал гаргасан. Учир нь, шүүгдэгч Ц.М нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг болгоомжгүй үйлдсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно.” гэж заасан. Шүүгдэгч Ц.М нь хамгаалалтын бүс зүүгээгүй зорчигчийг тээвэрлэхийг хориглосон заалтыг зөрчсөн. Мөн хохирогч тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явахдаа өөрөө хамгаалалтын бүсийг бүслэх үүрэгтэй боловч хамгаалалтын бүс зүүгээгүй байсан нөхцөл байдал тогтоогддог. Иймд хохирогчийн буруутай үйлдэл мөн байсан харагдаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан. Прокурорын зүгээс шүүгдэгч Ц.Мийг болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн. Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Мийг урьд нь гэмт хэрэг үйлдсэн тул хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд нэг бүлэгт заасан гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн бол хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзнэ гэж зохицуулсан. Гэвч урьд нь үйлдсэн гэмт хэрэг нь уг гэмт хэрэгт хамаарахгүй. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт "Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй.” гэж заасан. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасан. Иймд шүүгдэгч Ц.Мийн нэг төрлийн гэмт хэргийг удаа дараа үйлдсэн нөхцөл байдал нь түүний хувийн байдал болж байгаа боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т "хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” бол хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзнэ гэж заасан. Иймд улсын яллагчийн зүгээс анхан шатны шүүхэд зорчих эрхийг хязгаарлах ялын санал гаргасан. Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу мөн хуулийн тусгай ангид заасны дагуу эрүүгийн хариуцлагыг оногдуулдаг тул шүүгдэгчид оногдуулах ял нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм. Прокурорын зүгээс дээрх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Ц.Мэд хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжтой гэж үзэж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ц.М нь Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтуудыг зөрчсөний улмаас 2021 оны 10 дугаар сарын 31-ний өглөө 08:10 минутын үед Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, "Стелла” баарны урд талын замд "Тоуота Grand Mark-2” маркийн, ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа "Тоуота Аqua” маркийн, ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, улмаар өөрийнх нь жолоодож явсан тээврийн хэрэгслийн зорчигч Э.С-ын амь насыг хохироосон болох нь:

осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 7-11/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 4-6/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Бын "...Тэгтэл над руу 12 цаг өнгөрч байхад Гэмтлийн эмнэлгээс залгаад манай хүүг эмнэлэгт хэвтсэн шүү гэдгийг нь хэлсэн. Талийгаачийн оршуулгын ажлын зардал гарсан байгаа. Хэргийн материалд хавсаргуулахаар өгнө, гомдолтой байна...” гэсэн /1хх 41-42/,

иргэний нэхэмжлэгч С.Г-ийн “...гэнэт араас машин мөргөөд би машинаа зогсоогоод буугаад хартал миний машины араас “Тоёота Гранд марк 2” маркийн улсын дугаараа аваад урд хойд талдаа улсын дугааргүй машин хойд талд зогсож байсан. Тухайн машин дээр очиход жолооч талын хаалгаар одоо шалгагдаж байгаа М гэх залуу бууж ирээд “ахаа уучлаарай миний буруу тоормосгүй болчихлоо” гэж хэлэхээр нь та нар чинь ямар болгоомжгүй явдаг юм гэж хэлээд байж байтал тэр машины зүүн хойд хаалганаас нэг залуу бууж ирээд “ахаа уучлаарай бид нар эмнэлэг ороод явж байсан юм аа та тохиролцоод бид нарыг явуулчхаач, таны хохирлыг барагдуулна” гэж хэлж байсан уг залуугаас архи үнэртэж байсан. Би цагдаад тухайн үед өөрийн дугаараасаа “машины араас мөргөсөн” гэсэн дуудлага өгсөн байж байгаад тэр залуучууд тэгж хэлээд байхаар нь би буцаж залгаад дуудлагаа буцаасан. Тэгтэл нөгөө машинаас толгойгоо боосон нэг залуу өөр нэг залууг сугадаад такси зогсоогоод тэд нар суугаад яваад өгсөн. Тэгтэл тэр залуу надад “ахаа манай найзын бие муудаад гэмтэл дээр байна гэнэ тийшээ явахаар боллоо” гэхээр нь би цуг очсон. Тэгснээ нөгөө надаас гуйгаад явсан залуу нөгөө цуг явсан залууг ухаангүй, бие нь муудаад байна гэж хэлээд тэр хоёр Гэмтлийн эмнэлэг рүү орсон. Удалгүй цагдаагаас яриад нөгөө Мөнх- Эрдэнийг авч явсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй ээ. Эвдрэлийг засаж янзалж өгсөн байгаа” гэсэн /1хх 76-77/,

гэрч С.О-ын "...С миний баруун талд, жолоочийн арын суудал дээр унтаад, урд жолоочийн сандлыг толгойгоороо налаад явж байсан. Тэр хоёр машин хөдлөхөөс өмнө архи гаргаж ирээд нэг нэг удаа аягаар ууж байсан. Жолооч М архинаас уугаагүй. Урд талын суудал дээр хүнгүй явсан. Зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр явж байтал манай машины урд явсан Тоёота Акуа маркийн машины араас гэнэт М мөргөөд эргээд хажуу тал руугаа хөндлөн хараад зогссон. Харин миний хажууд сууж явсан С гэдэг залуу нь дуугарахгүй байсан. Тэгээд би “найз чинь нэг л эвгүй болчихлоо, такси бариад гэмтэл яаралтай явахгүй бол” гэж хэлэхэд тэр залуу миний баруун мөрийг налаад хэвтээд байсан. Би дахин гайгүй юу гэж асуухад толгойгоо хоёр тийшээ сэгсрээд юм ярихгүй л байгаад байсан. Тэгээд бид нар машинаасаа буугаад такси бариад С-ыг М нөгөө найзтайгаа өргөөд таксины хойд талд суулгаад М “би эндээ үлдэнэ” гэж хэлээд бид 3 яваад замдаа би “энд бууна” гэж хэлээд Төмөр замын урд буугаад нөгөө танихгүй 2 залууг Гэмтлийн эмнэлэг рүү явуулсан...гэсэн /1хх 46-47/,

гэрч У.Ц-ийн "...Гараад Мийн машинд суугаад явтал С “3 цаг дутуу байна” гэж хэлэхээр нь би “тэгүүл хоёулаа нэг 0.5 хуваагаад уучих уу” гэж асуухад “тэгье” гэж хэлээд, би нөгөө Хараа нэртэй архиа задлаад уусан. Ууж байхад Мэ рүү О залгаад “ах нь зодуулаад тархи толгойгоо хагалуулчихлаа гэмтэл хүргээд өгчих” гэж хэлэхээр бид 3 машинтай нь Төмөр зам дээр очсон. Тэндээс Оыг эхнэртэй нь аваад Гэмтлийн эмнэлэг рүү явсан. О-ыг эхнэртэй нь хүргэж өгөхөөр буцаад М машинаа жолоодоод, Оын эхнэр урд суудал дээр суугаад, жолоочийн ар талын суудал дээр С суугаад, дунд нь О суугаад, би зүүн талд нь суугаад явсан. Гэмтлийн эмнэлгээс хөдлөхдөө С бид хоёр архинаас нэг нэг аягаар уугаад замдаа би тамхи татаад цонхоо онгойлгоод явж байтал О “даараад байна, цонхоо хаачих” гэж хэлэхээр нь би цонхоо хаатал гэнэт түс чимээ гараад Мэ урдаа явж байсан машинтай мөргөлдсөн байсан. Тэгээд М бид хоёр буугаад нөгөө машины жолоочтой уулзаад эвдрэлийг нь засаж өгөхөөр болоод би буцаад машиндаа суутал О “хөөе хөөе, энэ найз чинь эвгүй болоод байна” гэж хэлэхээр нь би харахад С арын суудал дээр биеэ хөдөлгөхгүй амаа хөдөлгөөд суугаад байхаар нь би “яасан гэнэ, ярьж чадахгүй байгаа юм уу” гэж асуухад толгойгоороо тийм гэж хэлээд дохиод байсан. Би бас “биеэ хөдөлгөж чадахгүй байна уу" гэж асуухад “тийм” гэж толгойгоороо дохио өгч байсан. Би бас “харих уу” гэж асуухад үгүй гэж хариу өгсөн, би “эмнэлэг орох уу” гэж асуухад тийм гэж толгой дохисон. Би машинаас буугаад замын хажуу талаас такси зогсоогоод Сыг би тэврээд машины ард суулгаад өөрөө хажууд нь суусан. О эхнэртэйгээ суугаад замд буугаад би Гэмтлийн эмнэлэг оруулаад эмчид үзүүлэхэд зүрх нь зогсоод ухаан орохгүй байсан. Эмч нар үзээд зүрх нь хэвийн ажиллагаатай болгоод хүзүү нь хугарсан байна гэж хэлээд боолт аваад ир гэж хэлэхээр нь би явж авчирсан...” гэсэн /1хх 58-59/,

гэрч Б.М-ийн "...Тэгээд бид нар Гэмтлийн эмнэлэг ороод О ганцаараа эмнэлэг рүү ороод толгойндоо оёдол тавиулж, боолт хийлгээд гарч ирсэн. Би машинд суухдаа жолооч Мийн хажуу талын зорчигчийн суудал дээр сууж байсан. Тэгээд Саппорогийн уулзвар дээр зогсоод Мэ тамхи асаагаад уулзвараар 10 дугаар хороолол руу эргээд явж байтал гэнэт манай нөхөр “машин” гэж хэлээд орилоход Мэ машинтайгаа урд явж байсан “Тоёота Акуа” маркийн машины араас мөргөсөн. Манай нөхөр хажууд сууж явсан залуугаа “чи зүгээр үү, ахын дүү” гэж хэлээд асуугаад байхаар нь би хойшоо харахад тэр залуу юм ярьж чадахгүй ам нь ангайгаад байсан. Тэгээд бид нар буугаад такси бариад нөгөө гэмтсэн залууг найзынх нь хамт суулгаад манай нөхөр бид 4 суугаад явсан. Маргааш нь манай нөхөр Мэ рүү залгаж асуухад “бие нь муу сэхээнд байгаа” гэж хэлсэн байсан. Манай нөхөр хажууд сууж явсан залуугаа “чи зүгээр үү, ахын дүү” гэж хэлээд асуугаад байхаар нь би хойшоо харахад тэр залуу юм ярьж чадахгүй ам нь ангайгаад байсан.” /1хх 68-69/ гэсэн,

шүүгдэгч Ц.Мийн "...Тэгээд Ц гэр рүүгээ ороод би Сын хамт Ц-ийг хүлээгээд сууж байтал миний утас руу таньдаг ах О эхнэрийнхээ хамт залгаад М эгч “ах чинь толгойгоо хагалуулсан байна, хүрээд ирээч” гэж хэлээд уйлаад байхаар нь би “за за” гэж хэлээд тасалсан. Ц гарч ирэхээр нь би Ц, С хоёрт “ах эгч хоёр дуудаад байна, та хоёр багтахгүй байх” гэж хэлэхэд Ц надад “хар хүйтэнд бид хоёрыг үлдээх гэлээ машинд чинь сууж байгаад архи уучихъя” гэж хэлээд арын суудал дээр тэр хоёр суугаад архи хувааж уугаад цуг явсан. О ах 8 цаг дөхүүлээд гарч ирээд машины арын суудлын голд суугаад, С баруун талд нь, Ц зүүн талд нь суугаад, урд М эгч суугаад би машинаа жолоодоод О ах, М эгч хоёрыг хүргэж өгөхөөр Төмөр зам руу явсан. Ингээд би Гэмтлийн эмнэлгээс урагшаа яваад Саппорогийн гэрлэн дохиотой уулзвар дээр ирээд хойд суудал руу эргээд хартал С миний ард суусан байсан бөгөөд миний суудлын араас толгойгоороо түшээд унтаад явж байсан. Би Саппорогийн уулзвараар зүүн эргээд 10 дугаар хорооллын замаар ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн чиглэлтэй зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр явж байхад би өөрөө нойр хүрээд зүүрмэглэхэд О ах "хөөе машин тулаад ирсэн байна” гэж хэлээд миний араас нударсан. Би ингээд харахад урд явж байсан Тоёота акуа маркийн машины ард тулаад ирсэн байсан учир шууд тоормосоо гишгэтэл тэр машины араас машиныхаа урд хэсгээр мөргөсөн. Тэгээд би жолооч талынхаа хаалгаар буугаад мөргүүлсэн машины жолооч ахтай уулзаад хохирлыг барагдуулахаар болоод буцаад машиндаа суухад О ах надад "ахын дүү найз чинь нэг сонин болоод байна” гэж хэлэхээр нь би эргээд хартал С нэг сонин болсон байдалтай юм ярихгүй таталт өгсөн юм шиг харагдахаар нь Ц такси бариад Сыг суулгаад Ц, О, М нар Гэмтлийн эмнэлэг рүү явсан. Төд удалгүй Ц над руу залгаад "Сын бие нь их муу байна, чи гялс хүрээд ир” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлгүүд /1хх 38-39/,

амь хохирогч Э.С нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн эмчилгээ хийгдэж байгаад 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өглөө нас барсан тухай баримтууд /1хх 219-239/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2465 дугаар “...талийгаач Э.Сын цогцост тархины гүүр, уртавтар тархины эсийн урт сэртэнгийн тархмал гэмтэл, тархины эдийн няцрал, хүзүүний 3, 4-р нугалмын их биеийн хугарал, мултрал, нугас дарагдал, няцрал жийргэвч мөгөөрсний задрал, эрүү, цээж, баруун эгэмд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Талийгаачид үхэлд хүргэх архаг өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь гавал тархи, хүзүүний нугалмын хугарал гэмтлийн улмаас нас баржээ” гэсэн /1хх 107-112/,

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн “...жолооч Ц.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, мөн дүрмийн 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 11.14 Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна. "Тоёота Акуа” маркийн, .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч ... нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Зорчигч Э.С, С.О, У.Ц, Б.М нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 6. Тээврийн хэрэгслээр зорчигчийн үүрэг 6.1 Тээврийн хэрэгслээр зорчигч дараах үүргийг хүлээнэ: а/ хамгаалах бүсээр тоноглогдсон суудалд зорчихдоо хамгаалах бүс хэрэглэх гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна” гэсэн 347 дугаар магадлагаа /1хх 207/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг хангалттай нотолж чадсан байна.

Анхан шатны шүүхээс Ц.Мийн үйлдлийг "Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Ц.Мийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан, тухайн зүйл, ангид зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байхаас гадна эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгч Ц.Мэ болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Бын өмгөөлөгч Ц.Гансүх нарын "хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэх үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлын тухайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт "Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй.” гэж заасан бөгөөд шүүгдэгчийг анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн, гэм буруу дээрээ маргаагүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол, саналгүй байх боловч анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял хүнд биш, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршигт тохирсон байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийн үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон, түүнд оногдуулсан ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэснийг хангасан гэж үзэж шүүгдэгч Ц.Мэ болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Бын өмгөөлөгч Ц.Гансүх нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/256 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Мэ, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Бын өмгөөлөгч Ц.Гансүх нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мийн 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 65 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
  3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.ЗОРИГ

ШҮҮГЧ                                     Т.ШИНЭБАЯР

ШҮҮГЧ                                     Б.БАТЗОРИГ