Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2021/00590

 

2021 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2021/00590

 

 

 

БС ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Б.Нармандах, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заадах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2021/00341 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч БС ХХК-ийн нэхэмжлэлтэй, НЗД ТГ-т холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 129 244 320 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ц шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БС ХХК нь 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр НЗД ТГ-тай Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбайн тохижилтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, 40x40x40 см хэмжээтэй 296 ширхэг, 50x50x50 см хэмжээтэй 100 ширхэг саадыг үйлдвэрлэж, бүрэн нийлүүлсэн байдаг. Ажил гүйцэтгэх гэрээ, ажлын зурагт заасны дагуу нийт 396 ширхэг саадыг 2019 оны 12 сарын 20-ны өдөр бүрэн үйлдвэрлэж, нийлүүлэхэд бэлэн болсон бөгөөд зурагт заагдсаны дагуу Д.Сүхбаатарын нэрэмжит талбайд байршуулсан. Гэтэл захиалагч буюу НЗДТГ-аас чулуун саадыг өөр газарт нүүлгэн байршуулах чиг үүрэг өгсний дагуу Нийслэлийн 15 байршилд чулуун саадыг тараан байршуулсан. Манай компанийн зүгээс удаа дараа ажлын үр дүнг хүлээн авах, үлдэгдэл санхүүжилтийг хийж өгөхийг захиалагч НЗДТГ-аас хүссэн боловч санхүүжилт хийхэд гэрээний хугацааг зайлшгүй сунгах шаардлагатай байна гэсэн тул 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 07/07-01 тоот сунгалтын гэрээг байгуулж, гэрээг 2020 оны 5 дугаар сарын 8-ны өдөр хүртэл сунгасан. Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алдангийг хугацаа хэтэрсэн хоног тутам төлөхөөр тохиролцсон байдаг. Уг заалтыг үндэслэн төлбөр төлөх ёстой байсан сүүлийн хугацаа болох 2020 оны 5 дугаар сарын 8-ны өдрөөс нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэл нийт 83 хоног байх бөгөөд уг хоногоор алдангийг тооцож үзвэл 37 905 578 төгрөг байна. Манай компанийн зүгээс удаа дараа НЗДТГ-т хандан албан тоот өгч, үлдэгдэл санхүүжилтийг хийхийг хүссэн боловч 2019 оны төсөв татагдсан болохоор санхүүжилт хийх эх үүсвэр тодорхойгүй байна гэх үндэслэлээр одоог хүртэл үлдэгдэл хөлсийг төлөөгүй байна. Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу НЗДТГ-аас ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 91 338 742 төгрөг, алданги 37 905 578 төгрөг, нийт 129 244 320 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь ойлгомжтой. Тухайн үед мөнгийг гаргаж өгөх гэсэн боловч төсөвт мөнгө байхгүй, төсвөөс татагдсан үндэслэлээр өгч чадаагүй. 2021 оны төсөвт тодотгол хийгээд дээрх мөнгийг суулгаж байгаа. Нийгмийн хүнд хэцүү нөхцөл байдал цар дахалт өвчин гарсан зэрэг байдлыг харгалзан үзэж алдангийг чөлөөлж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч НЗД ТГ-аас ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 91 338 742 төгрөг, алданги 37 905 578 төгрөг, нийт 129 244 320 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч БС ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн 7.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч БС ХХК-ийн 804 172 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч НЗД ТГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 804 172 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч БС ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Захиалагч байгууллага нийт 396 ширхэг боржин чулууг манай байгууллагад хүлээлгэн өгөхөөс 46 ширхэг чулуун хаалтыг манайд өгөөгүй байхад дээрх чулууны үнийн дүнг нийт үнийн дүнд оруулан манай байгууллагаас гаргуулахаар тооцож шийдсэн. Нийслэлийн Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн А/914 захирамжийн 2 дахь заалтаар хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн Өмчийн ашиглалтын газрын бүртгэлд бүртгүүлэхээр шийдвэрлэсэн байтал эрх ашиг нь хөндөгдөж буй гуравдагч этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулалгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж шийдвэрлэсэн зэрэгт гомдолтой байгаа тул шийдвэрийг хүчингүй болгон дахин хянуулахаар буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч БС ХХК нь хариуцагч НЗД ТГ-т холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 91 338 742 төгрөг, алданги 37 905 578 төгрөг, нийт 129 244 320 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан эсрэг талаас нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан нотлох баримт ирүүлэхийг хариуцагч НЗД ТГ-т даалгажээ. / хх-ийн 40 /

Хариуцагч НЗД ТГ-аас шүүхийн шаардсан 13 хуудас бичмэл нотлох баримтуудыг ирүүлэхдээ шүүгчийн захирамжийн заалтыг биелүүлээгүй, гаргаж өгсөн баримтууд нь / хх-ийн 44-57 / Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь хэрэв эхийг нь өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэснийг зөрчсөн байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын хуулбар үнэн гэсэн тэмдэг дарж баталгаажуулна гэж заасан ба төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд гэдэгт энэ хуулийн 22.1 дэх хэсэгт заасан тухайн хэргийн нэхэмжлэгч, эсхүл хариуцагч тал өөрийн байгууллагын хуулбар үнэн гэх тэмдэглэгээ дарснаар уг хуулбарыг нотариатаар гэрчлүүлэх үүргээс чөлөөлөгдөхгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2021/00341 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ

Н.БАТЗОРИГ