Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 76

 

 

 

 

 

                                                 

 

 

 

 

                   

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ё.О-д холбогдох эрүүгийн 1810001600054 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч С.Болорчулуун, шүүгдэгч Ё.О, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга А.Арай шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Ё.О нь 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр буюу Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Сонсголонгийн 3-191б тоот дахь байшингийн вакум цонхыг түлхэн нэвтрэн орж 49 инчийн “Самсунг” маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 1.338.540 төгрөгийн буюу багаас дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.  Шүүгдэгч Ё.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гэртээ байж байгаад тамхи татахаар гэрээс гарах үед ээж дүү 2 унтаж байсан. Манай гэрээс урагшаа хажуу талын хөрш айл байдаг ба тухайн үед гэр нь цоожтой байсан. Би гэр лүүгээ буцаж ороод цоож хөшиж онгойлгох төмөр зүйл авч, хашаа даван орж хажуу айлын цонхыг нь хөшиж онгойлгоод байшин руу нэвтэрсэн. Би тэр айлаас 49 инчийн Samsung маркийн зурагтыг нь аваад байшингийн цонхоор гарсан. Тухайн үед надад мөнгөний хэрэг гарсан байсан болохоор хохирогчийн зурагтыг авсан юм. Би ул мөрөө арилгах зорилгоор тэр айлын үүдний цасыг шүүрдээгүй, намайг хашаа давж ороход шүүрдсэн байсан. Би хажуу айлаас авсан зурагтыг тухайн өдөрт нь бүрэн хүлээлгэж буцаан өгч, хохирогчоос уучлалт гуйсан. Надад гэм буруугийн тал дээр маргах зүйл байхгүй. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна, дахиж ийм үйлдэл гаргахгүй. Би гагнуурчин мэргэжлийг сургалтын төвд эзэмшсэн. Би 2017 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүртэл туслах гагнуурчингаар ТЭЦ-4-т ажиллаж байсан. 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мэргэжлээрээ 4 дүгээр цахилгаан станцид гэрээт ажилтангаар ажиллахаар болсон. Миний ээж эмнэлгийн хяналтанд байдаг байдлыг харгалзан үзнэ үү.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 1810001600054 дугаартай хэргээс:

 

1. Хохирогч О.Л хэрэг бүртгэлтийн шатанд гэрчээр өгсөн:

“...Би эхнэр, хоёр хүүхдийн хамт ХУД-ийн 8 дугаар хороо Сонсголонгийн 3-р гудамжны 191б тоотод амьдардаг юм. 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 08:30 цагт эхнэр, хүүхдүүдийн хамт гэрээсээ гарсан. Тэгээд гадуур явж байгаад орой 19:00 цагийн үед гэртээ ирэхэд хашааны хаалга цоожтой хэвийн байсан ба байшингийн цонхны хөшиг хагас дэлгэгдсэн, үүд хэсгийн цасыг шүүрдэж цэвэрлэсэн, байшингийн хаалга цоожтой байсан. Тэгээд би хаалгаа түлхүүрдэж онгойлгоод гэртээ ороход гэрийн том өрөөнд байдаг хананд бэхэлж тогтоосон 49 инчийн Самсунг маркийн Курвит зурагт байхгүй байсан. Тэгэхээр нь би Цагдаагийн 102 дугаарт эхнэрийн 99614182 дугаарын утсаар дуудлага өгсөн юм.

Би зурагтаа 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Сайн компьютер дэлгүүрээс  2.200.000 төгрөгөөр худалдан авч байсан. Манай гэрийн зурагт нумарсан хэлбэртэй, хар өнгийн нүүрэн хэсэгтээ Самсунг гэсэн бичигтэй зурагт байсан. Энэ зурагт манай гэрээс алдагдсан зурагт мөн байна. Би зурагтаа хараад танина. Алдагдсан зурагтыг маань хурдан шуурхай олж өгсөнд баярлалаа. Ил харагдах өөр алдагдсан эд зүйл байхгүй байна. Манай гэрт алт, мөнгөн эдлэл байхгүй. ...Манай гэрийн вакум цонхонд ямар нэг эвдрэл гэмтэл учраагүй. Зүгээр ажиллаж байгаа. Надад нэмж шалгуулах зүйл байхгүй. Гомдол санал байхгүй. Өөрийн эд зүйлээ бүрэн бүтэн хүлээж авсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 17х/,

 

2. ШШҮХ-ийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 859 тоот дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтийн зураг №3-д харуулсан гутлын мөрийн хэмжээг ойролцоо байдлаар тогтоох болон хээний ерөнхий шинж тэмдгээр харьцуулан шинжлэх боломжтой. Гэрэл зургийн үзүүлэлтийн зураг №7-д харуулсан гутлын мөрийн хэмжээг тогтоох боломжгүй, харин хээний ерөнхий шинж тэмдгээр харьцуулан шинжлэх боломжтой.

2. Хэргийн газраас илрүүлэн авсан зураг №3-д харуулсан гутлын мөр нь харьцуулах загварт ирүүлсэн гутлын ултай хэмжээгээрээ ижил байна.

3. Хэргийн газраас бэхжүүлж авсан зураг №3, 7-д харуулсан гутлын мөр нь харьцуулах загварт ирүүлсэн гутлын мөртэй хээний ерөнхий шинж тэмдгээр ижил байна.

4. Хэргийн газраас бэхжүүлж авсан зураг №3, 7-д харуулсан гутлын мөр нь харьцуулах загварт ирүүлсэн гутлаар үүссэн байж болно.” гэсэн дүгнэлт /хэргийн 23х/,

 

3. Хөрөнгийн үнэлгээний “Д” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ХУ2-18-67 тоот дүгнэлтэд:

Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар үнэлэхэд 2018 оны 01 сарын зах зээлийн үнэлгээгээр нийт 1.338.540 /нэг сая гурван зуун гучин найман мянга таван зуун дөч/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн дүгнэлт /хэргийн 35-36х/,

 

4. Хэрэг гарсан Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Сонсголонтын 3-191б тоотод үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 6-10х/,

 

5. Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 11-12х/

 

6. Шүүгдэгч Ё.О мөрдөн байцаалтын шатанд гэрчээр болон яллагдагчаар өгсөн:

“...Надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож байгааг зөвшөөрч байна. Одоо мэдүүлэг өгөхөөс татгалзах зүйл байхгүй. Би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Би 2018 оны 01 сарын 10-ны өдөр 16 цагаас 17 цагийн хооронд Хан-Уул дүүргийн 8-р хороо Сонсголонгийн 3-192 тоот гэртээ ээж, дүүгийн хамт байсан. Тэгээд өдөр 15:00 цагийн орчим ээж, дүү хоёрыг унтахаар нь тамхи татахаар гараад гэрийнхээ урд гудамжныхаа айлын хашаа руу хартал гэр нь цоожтой байсан. Тэгээд гэр лүүгээ буцаж ороод гэрээсээ отвёрка авч гараад буцаад уг айлын хашааг урд талаар нь жорлонгийн хажуугаар давж ороод байшингийнх нь урд талын цонхыг хөшиж онгойлгоод гэрт нь орсон. Тэгээд уг айлын хананд өлгөөтэй байсан самсунг маркийн зурагтыг авсан. Өөр зүйл аваагүй. ...“Самсунг” маркийн 49 инчийн зурагтыг цонхоор авч гарсан. Тэгээд жорлонгийн хажуу талд байсан амбаар дээр тавьж байгаад өргөөд өөрийнхөө хашаанд байдаг илүү гэрт оруулж даавуугаар хучиж тавьсан. Тэгээд гэрлүүгээ орсон. 16:30 минутын үед дээрх хулгайн гэмт хэргийг үйлдсэн. Намайг хашаа руу нь давж орох үед өөр хүн байгаагүй, бас тааралдаагүй. Тухайн үед мөнгөний хэрэг гараад хулгайн гэмт хэрэг үйлдсэн. Би хохирогчид зурагтыг нь ямар нэгэн гэмтэл, согоггүй буцаан өгч хохиролгүй болгосон.” гэсэн мэдүүлэг /хэргийн 48-49х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 12х/, гэрч Х.Н, Н.Нарантуяа нарын мэдүүлэг /хэргийн 20х, 21х/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 53х/ зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийг яллагдагчаар болон хохирогчийг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, Ё.О-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт: 

 

  1. Гэм буруугийн хувьд:

 

Шүүгдэгч Ё.О нь 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Сонсголонгийн 3-р гудамжны 191б тоот дахь иргэн О.Л байшингийн вакум цонхыг түлхэн нэвтрэн орж, 49 инчийн “Самсунг” маркийн курвит зурагтыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, хохирогч О.Л 1.338.540 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хохирогч О.Л мэдүүлэг /хэргийн 17х/, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Сонсголонгийн 3-191б тоот дахь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 6-10х/, Хөрөнгийн үнэлгээний “Д” ХХК-ийн алдагдсан зурагтыг үнэлсэн үнэлгээний дүгнэлт /хэргийн 35-36х/, мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ё.О үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд Иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрх болон орон байрны халдашгүй дархан байдал нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөө болохын хувьд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан байхаар, Эрүүгийн хуулийн зорилго тодорхойлсон хуулийн 1.1 дэх хэсэгт заасан. 

 

“Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах” шууд санаатай гэмт үйлдлийг “Хулгайлах” гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хуульчилан тогтоосон бөгөөд уг гэмт хэргийг “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн” нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болохоор мөн хуулийн тусгай ангийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалтад заасан байна. 

 

Шүүгдэгч Ё.О нь 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Сонсголонгийн 3-р гудамжны 191б тоот дахь байшингийн вакум цонхыг түлхэн нэвтрэн орж, 49 инчийн “Самсунг” маркийн кургед зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч О.Л эд хөрөнгөд 1.338.540 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ё.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна.

 

Түүнчлэн энэ хэргийн шүүгдэгч Ё.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.    

 

Иймд дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч Ё.О бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

  1. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан ба хохирогч О.Л эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг 1.338.540 төгрөг гэж үнэлж тогтоосон Хөрөнгийн үнэлгээний “Д” ХХК-ийн үнэлгээний тайлан баримт хэрэгт авагдсан тул уг үнэлгээг шүүх үнэн зөвд тооцож, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг 1.338.540 /нэг сая гурван зуун гучин найман мянга даван зуун дөч/ төгрөгөөр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ё.О нь хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч О.Л эд зүйлсийг нь биет байдлаар нь буцаан өгсөн нь Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 11-12х/, хохирогч О.Л “...Би зурагтаа 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Сайн компьютер дэлгүүрээс  2.200.000 төгрөгөөр худалдан авч байсан. Манай гэрийн зурагт нумарсан хэлбэртэй, хар өнгийн нүүрэн хэсэгтээ Самсунг гэсэн бичигтэй зурагт байсан. Энэ зурагт манай гэрээс алдагдсан зурагт мөн байна. Би зурагтаа хараад танина. Алдагдсан зурагтыг маань хурдан шуурхай олж өгсөнд баярлалаа. Ил харагдах өөр алдагдсан эд зүйл байхгүй. ...Манай гэрийн вакум цонхонд ямар нэг эвдрэл гэмтэл учраагүй. Зүгээр ажиллаж байгаа. Надад нэмж шалгуулах зүйл байхгүй. Гомдол санал байхгүй. Өөрийн эд зүйлээ бүрэн бүтэн хүлээж авсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 17х/ баримтаар тус тус тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч Ё.О хувьд энэ гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, эрүүгийн хэргийн хамт нэг мөр шийдвэрлэвэл зохих хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэв.   

 

  1. Эрүүгийн хариуцлагын талаархи:

 

Шүүгдэгч Ё.О нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон тул /хэргийн 53х/ түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Шүүх, шүүгдэгч Ё.О нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг арилгаж эд зүйлсийг нь биет байдлаар буцаан өгсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

 

Шүүгдэгч Ё.О нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч маргаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг биет байдлаар нь нөхөн төлж гэм хорыг арилгасан, учруулсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Ё.О-д  1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгуулагад эдлүүлэхээр шийдвэрлэв. 

 

Энэ хэрэгт Ё.О нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болон хохиролд тооцож төлөх төлбөргүй, хохирогч О.Л нь гомдол саналгүй гэснийг тус тус дурьдах нь зүйтэй.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                              

 

                                                             ТОГТООХ нь:

 

1. Ё.О-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад  зааснаар Ё.О 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ё.О-д оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Энэ хэрэгт Ё.О нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болон хохиролд тооцож төлөх төлбөргүй, хохирогч О.Л нь гомдол саналгүй гэснийг тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ё.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Ё.О-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.БАЗАРХАНД