Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 2023/ДШМ/986

 

 

 

 

 

 

  2023              10            11                                         2023/ДШМ/986

 

 

Х.С-д холбогдох эрүүгийн    

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор О.Нандинцэцэг,

шүүгдэгч Х.С, түүний өмгөөлөгч Д.Т,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж, шүүгч Д.Ренченхорол, шүүгч С.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/517 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.С-ийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох .............................. дугаар эрүүгийн хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Х.С нь 2023 оны 02 дугаар сарын 12-ны өдөр ............ дүүргийн ........ дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “.......” худалдааны төвийн ... дугаар давхарт ..... дүгээр лангуу орчимд Ж.Л-ийн хэвлий хэсэгт зэвсэг болох хутгыг ашиглан хутгалж түүний биед хэвлийн хөндий рүү нэвтэрсэн ходоодны өмнөд ханыг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цус хуралдалт гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан,

мөн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ............дүүргийн ......... дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “......” дэлгүүрээс эмэгтэй хүний булган малгайг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 380.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Х.С-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Х.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Х.С-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 жил 7 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногийн хорих ялаар тооцож хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 3 жил 8 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.С-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.С-ийн энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 172 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бусад зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Х.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Монтелын ченж гэх залуу, Э, Б гэх хүмүүс намайг хорлож, хордуулдаг. Мөрдөн байцаагч Ж.О миний мэдүүлгийг өөрчилсөн. Хохирогч Л худал мэдүүлэг өгсөн. Иймд хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Х.С-ийн өмгөөлөгч Д.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бидний хувьд анхан шатны шүүхээс оногдуулсан ялын талаар маргаан байхгүй. ...” гэв.

Прокурор О.Н тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шийтгэх тогтоол үндэслэлтэй бөгөөд шүүх тухайн гэмт хэрэгт оногдуулах хорих ялын хамгийн бага хэмжээгээр оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Х.С нь 2023 оны 02 дугаар сарын 12-ны өдөр ...... дүүргийн .....дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ...... худалдааны төвийн .... дугаар давхарын ..... дүгээр лангуу орчимд Ж.Л-ийн хэвлий хэсэгт зэвсэг болох хутгыг ашиглан хутгалж түүний биед хэвлийн хөндий рүү нэвтэрсэн ходоодны өмнөд ханыг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цус хуралдалт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан,

мөн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр .....дүүргийн ...... дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ........ дэлгүүрээс эмэгтэй хүний булган малгайг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 380.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Ж.Л-ийн “...би ажил дээрээ байхад гаднаас нэг залуу орж ирээд манай лангуунаас хулгай хийгээд энгэр хэсэгтээ хийгээд байхаар нь нөгөө хүнээс авсан зүйлийн аваад лангуун дээрээ тавьсан. Тэгээд маргалдаж эхэлсэн, нөгөө залуу биеэсээ хутга гаргаад шууд дүрсэн. Миний зүүн талд халуу дүүгээд цус гарсан, би лангуу хэсэгт очоод унаад өгсөн. Манай хажуу талд үйл ажиллагаа явуулдаг хүмүүс бүх зүйлийг харсан. ...” /1хх 20/,

хохирогч М.Ц-ийн “...Би 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ....... дүүргийн .....дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ......... дэлгүүрт ажил дээрээ байсан. Урьд нь 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр манай дэлгүүрээс булган малгай хулгайд алдагдаж байсан. Тэр камерын бичлэгийг манай худалдагч Б үзээд хулгайгаар авч байгаа хүнийг нь сайн тогтоосон. 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр урьд манай дэлгүүрээс хулгайлж байсан хүн орж ирсэн талаар манай худалдагч Б надад хэлэхэд нь би барьж аваад цагдаагийн байгууллагад хандсан. ...” /1хх 244/,

гэрч Р.Г-ын “...ажил дээрээ 15 цаг өнгөрч байхад манай үүдэнд хүмүүс орилоод байхаар нь би юу болсон бэ гээд очиж хартал хүмүүс хүн хутгалчихлаа, хутгалчихсан хүн гараад зугтчихсан гэхээр нь араас нь гүйгээд очтол цагдаа нар тухайн иргэнийг барьсан байсан. ...” /1хх 27/,

гэрч Д.М-ын “...өөрийн 2 давхарт байрлах 13 тоот лангуун дээр сууж байтал манай дээд талын лангуу ажиллуулдаг Л гэнэт шатан дээр орилохоор нь хартал Л гэдсээ гаргаад намайг хутгалчихлаа гэж хэлээд дээш өөрийнхөө лангуу руу орчих шиг болсон. ...” /1хх 29-30/ гэх мэдүүлгүүд,

“...Ж.Л-ийн биед хэвлийн зүүн хэсгээс хэвлий хөндий рүү нэвтэрсэн ходоодны ханыг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цус хуралдалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. ...” гэсэн Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 3539 дүгээр шинжээчийн дүгнэлт /1хх 59-60/,

“...хар ногоон өнгийн иштэй хутган дээр цус илэрсэн...” гэсэн Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 1039 дүгээр шинжээчийн дүгнэлт /1хх 61-62/,

“...Х.С нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. ...” гэсэн Шүүх сэтгэц эмгэг судлалын 290 дугаар шинжээчийн дүгнэлт /1хх 148-150/,

“...Булган малгайг 380.000 төгрөгөөр үнэлсэн. ...” Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /1хх 236-237/,

гэмт хэргийн талаарх гомдол, хүлээн авсан тухай тэмдэглэл /1хх 2/, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 3-9/, хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 9-12/, бичлэг бүхий сидинд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 51/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Х.С-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,  хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүх, шүүгдэгч Х.С-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хорих ялын доод хэмжээг буюу 5 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэн хөнгөрүүлж Х.С-ыг 3 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялын 8 цагийн ажлыг нэг хоногийн хорих ялаар тооцож ялуудыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 3 жил 8 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тус тус тохирсон байна.

Шүүгдэгч Х.С “...Монтелын ченж Г гэх залуу, Э, Б гэх хүмүүс намайг хорлож, хордуулдаг. Мөрдөн байцаагч Ж.О миний мэдүүлгийг өөрчилсөн. Хохирогч Л худал мэдүүлэг өгсөн. Иймд хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Шүүгдэгч Х.С-д холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдэж, прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянасан, шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх ба хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, хохирогч Ж.Л, М.Ц /1хх 20, 244/, гэрч Р.Г, Д.М /1хх 27, 29-30/ нарт хууль сануулж авсан мэдүүлгүүд, 3539, 1039 дүгээр шинжээчийн дүгнэлт зэргээр 2023 оны 02 дугаар сарын 12-ны өдөр шүүгдэгч Х.С-ийн үйлдлийн улмаас хохирогч Ж.Л-ийн эрүүл мэндэд учирсан хүнд гэмтэл нь түүний гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлтэй бөгөөд өөр бусдаас хохирогчид хүч хэрэглэсэн, бусад хүчин зүйлийн нөлөөллөөр биед нь гэмтэл учирсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Мөн хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүдийг няцаасан үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй байна.

Шүүх нотлох баримтыг шалгаж, үнэлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан журмыг баримтлан хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн байх бөгөөд эдгээр нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, шүүгдэгчийн гэм буруутайг тогтооход хангалттай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг үндэслэлтэй зөв тогтоосон байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.С-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.С-ийн 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 69 хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/517 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.С-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.С-ийн 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 69 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.ОЧ

 

 

                                 ШҮҮГЧ                                                               О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

 

                                 ШҮҮГЧ                                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ