Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2021/00591

 

2021 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2021/00591

 

 

Э.П-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Б.Нармандах, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заадах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 182/ШШ2021/00059 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Э.П-ийн нэхэмжлэлтэй, Г банк ХХК холбогдох

Г банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 227 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.П-, өмгөөлөгч К.Е, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Г, Г.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г банкны Хар хорин тооцооны төвд 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн захирлаар томилогдон ажилласан. Анх энэ төв нь 3 хүнтэй жижиг касс шиг л байсан. 2 жил хагасын хугацаанд бид ашигтай ажиллаж, ажлын байраа тохижуулж, засвар хийсэн, ажлаас халагдах хүртэл хугацаанд 9 хүний бүрэлдэхүүнтэй, 8,4 тэрбум төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, 6,5 тэрбум төгрөгийн эх үүсвэр татан төвлөрүүлж, 110 000 000 төгрөгийн алдагдалтай байсныг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 345 000 000 төгрөгийн ашигтай, А3 зэрэглэлд оруулж, 93,4 хувийн гүйцэтгэлтэйгээр ажилласан. Манай тооцооны төв ажлаа дүгнүүлэн шилдэг борлуулагч салбараар шалгарч олон шагнал урамшуулал хүртэж байсан. 2019 онд манай банкны удирдлагууд солигдож, 2020 оны 02 дугаар сард болсон тайлангийн хурал дээр Иргэдийн банкны захирал надад ажлыг чинь авна гэж хэлэхэд нь би их гайхсан. Ингээд миний бие 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл аавыгаа эмчилгээнд авч явсан үед Дотоод аудитын газраас шалгалт орж 2017 оноос хойш намайг хангалтгүй ажилласан гэж дүгнэн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. 2020 оны 3 дугаар сарын 25-нд надад аудитын тайланг танилцуулсан, би зөвөшөөрөхгүй гэдгээ хэлсэн. Миний бие холбогдох дүрэм, журам, хуулийн дагуу ажиллаж байсан, ноцтой сахилгын зөрчил гаргаж байгаагүй, намайг зөрчсөн гэж үзсэн зүйлүүдэд нь тухайн үед манай эдийн засагч нар болон би тайлбараа тодорхой өгсөн. 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Үүнээс өмнөх зөрчлүүдийг тооцсон байгааг зөвшөөрөхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан, Хөдөлмөрийн гэрээний 4.2.1, 4.2.4-т заасан ноцтой зөрчил гаргасан гэж байгаа боловч энэ нь үндэслэлгүй юм. 4.2.1-д зааснаар банкинд хэрэгждэг бүх дүрэм, журмыг зөрчсөн үйлдэл бүр ноцтой зөрчил болох боломжгүй. Хөдөлмөрийн гэрээгээрээ энэ зөрчлүүдийг заах ёстой гэж үзэж байна. 4.2.4-т заасан миний бие албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлж байгууллагаа хохироосон, бусдаас хөнгөлөлт эдлэх, нэхэх зөрчил гаргасан зүйл байхгүй. Ёс зүйн кодыг зөрчсөн нь Хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохгүй, ёс зүйн кодыг зөрчсөн зүйл огт байхгүй. Манайд 3-4 хүний бүрэлдэхүүнтэй Салбарын зээлийн хороо ажилладаг, хамтын шийдвэр гаргадаг нэгж юм. 6.1.3.1-ийг зөрчсөн гэж байгаа нь надад хамааралгүй, энэ нь зээлийн эдийн засагч нарт хамааралтай. Дотоод аудитын газрын аудиторын илтгэх хуудас, аудитын тайланд заасан үйлдлүүдэд намайг буруутгасан үйлдлүүд байхгүй.

Аудитын тайлан нь 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр гарсныг танилцуулсан, энэ тайлан нь аудиторын илтгэх хуудас бичигдэх үндэслэл болсон. Э.П-ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр ажлаас халсан атлаа Хөдөлмөрийн гэрээнд энэ талаар нэг бүрчлэн нэрлэж заагаагүй, ажил, албан тушаалын онцлогтой холбогдуулж тодорхой тохиолдол бүрийг Хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхыг шаарддаг, ажилтантай харилцан тохиролцохгүй ажлаас халсан. Энэ үндэслэл нь өөрөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан хуулийн шаардлагыг зөрчиж байна. Хөдөлмөрийн гэрээний 4.2-т заасан ажилтантай харилцан тохиролцсон гэх нийт 25 тохиолдол дотор нэхэмжлэгчийг буруутгаад байгаа ноцтой зөрчлүүдийг нэг бүрчлэн нэрлэж заагаагүй. Хөдөлмөрийн гэрээний 4.2.1, 4.2.4 гэсэн заалтыг үндэслэсэн гэж байгаа боловч ажлаас халсан тушаалд баримтлаад байгаа 2 үндэслэл нь Э.П-ийг буруутгаад байгаа үндэслэлүүдтэй тохирдоггүй, огт өөр харилцааг зохицуулсан байна. Яагаад гэвэл хөдөлмөрийн гэрээний 4.2.1-т Монгол Улсын хууль, ажил олгогчийн баталсан холбогдох дүрэм журмыг зөрчсөн бол ажлаас хална гэсэн. Зөвхөн зээлийн үйл ажиллагааны журам гэхэд 8 бүлэг, 300-400 заалттай, зээлийн үйл ажиллагааны журмын үйлдэл болгоныг ноцтойд тооцож ажлаас нь халаад байх боломжгүй. Дотоод аудитын газрын илтгэх хуудас,шалгалтын тайланг тус тусдаа бичигдсэн гэснийг ойлгохгүй байна. Бүх байгууллага ажилтны гаргасан алдаа дутагдал зөрчлийг өөрийнхөө дотоод аудитын газрын хяналт шалгалтаар олж тогтоож, шалгалтын тайлангаар баталгаажуулж, арга хэмжээ авдаг дүрэм журамтай. Илтгэх хуудас гол нотлох баримт түүнээс биш шалгалтын тайлан хамааралгүй гэж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна. Мөн дотоод аудитын газар гэдэг бол ажил олгогчийн өөрийн дэргэд байдаг өөрийн дотоод аудит болохоос хөндлөнгийн, хараат бус байгууллага биш. Хриуцагч талаас илтгэх хуудас бичих болсон, үндэслэл болсон анхан шатны баримтуудыг шүүхэд нотлох баримтын шаардлага хангасан байдлаар гаргаж өгсөнгүй. 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн хорооны хурлын шийдвэрээр Э.П-ид анхааруулах хуудас өгч байсан гэж байгаа боловч баримтгүй. Шалгалтын тайланд бичигдсэн үндэслэл дүгнэлтүүд нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр илт зөрүүтэй нөхцөл байдал тогтоогдож байна. Санхүүгийн шинжилгээ хийхдээ төлбөр, орлогын харилцааг буруу тооцоолсон нийт 8 тохиолдол гэсэн байна. Энэ илтгэх хуудас Э.П-ид зориулж бичигдсэн учраас түүн дээр бичигдсэн бүх үндэслэлүүд Э.П-ид хамааралтай мэтээр тайлбарлаж байна. Санхүүгийн тооцооллыг ажлын байрны тодорхойлолтоор Б.Буянцог гэдэг хүн хийх ёстой ажил гэдэг нь нотлох баримтаас тодорхой харагдаж байна. Зээлийн хүсэлтийн бүрдүүлбэр бүрэн хангагдаагүй, түрээсийн гэрээний хугацаа дууссан байхад худалдааны зээл олгосон 6 тохиолдол байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр 6 зээлдэгчийн хувийн хэргээс тухайн үйл ажиллагаа явуулдаг захын захиргааны ажилтнаас нотлох баримтыг авсан. Эдгээр нь 20-30 жил хархорин захад худалдаа эрхэлсэн, үйл ажиллагаа явуулдаг, цаашдаа ч үйл ажиллагаа явуулах, түрээсийн орлого бүх төлбөрөө цаг хугацаандаа төлдөг гэдгийг захын захиргаа нотолсон учраас эдгээр хүмүүст зээл олгосон. Уг худалдааны зах түрээсийн гэрээгээ жилд 1 л удаа сунгадаг. Үүнээс хүүгээр банкны ашиг нэмэгдэж байна. Э.П-ийг буруутгасан илтгэх хуудас, шалгалтын тайланд Э.П-ийн буруугаас болж зээл муудсан, зээл чанаргүйдсэн, албан тушаалаа урвуулах ашиглаж, олгох ёсгүй зээлийг олгосон байна гэдэг ямар ч үг үсэг, дүгнэлт байхгүй. Зээлийн үйл ажиллагаа гэдэг бол хамтын шийдвэр байдаг бөгөөд энэ талаар зээлийн үйл ажиллагааны журамд тодорхой заасан байдаг. Гэтэл яагаад өнөөдөр хамтаар гаргасан шийдвэрт яагаад заавал ганцхан Э.П- буруутгагдаж байгаа юм бэ. Сахилгын зөрчилд хөөн хэлэлцэх хугацаа илрүүлснээс хойш 1 сар, гаргаснаас хойш 6 сарын дараа хөөн хэлэлцэх хугацаа дуусдаг. Тиймээс Хөдөлмөрийн тухай хулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа аль аль нь дууссан. Мөн илтгэх хуудсанд, тушаалд заагаагүй зөрчлөөр буруутгаж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Г, Г.Ж нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.П- нь 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Н/885 дугаар тушаалаар СТТ Хархорин тооцооны төвийн захирлын албан тушаалд үндсэн ажилтнаар томилогдож ажилласан. Зээлийн үйл ажиллагааны дүрэм журмыг зөрчиж, зээлдэгчид тавих шаардлага хангаагүй байхад зээлийг шийдвэрлэсэн, зээлдэгчид олгосон зээлийн мөнгөн хөрөнгө, зээлийн явцын хяналтыг бүрэн тавиагүй, зээл судалсан ажилтанд тавигдах хяналт хэрэгжүүлээгүй, зээлийн хороодын тавьсан нэмэлт нөхцлийг тусгаагүй, зээлийг зориулалтын бусаар зарцуулах боломж бий болгосон, удирдлагын чиг үүргээ хэрэгжүүлээгүй зэрэг зөрчлүүдийг гаргасан нь Г банкны ёс зүйн код-ын 4 дэх заалт Г банкны бүхий л заавар журмыг мөрдөхүй, Зээлийн үйл ажиллагааны журмын 3.4.2.2, 6.1.3.1, 6.1.6, Хөдөлмөрийн дотоод журмын 3.4.1, 3.4.2, Хөдөлмөрийн гэрээний 4.2.1, 4.2.4 заалтыг тус тус зөрчсөн учир Э.П-ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., 131 дүгээр зүйлийн 131.1.3-д зааснаар ажлаас халсан. Э.П-ийн гаргасан дээрх сахилгын бүх зөрчлүүд нь 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 13/49 тоот баталгаажсан аудиторын илтгэх хуудас, гэрч С.Оюундарь, Б.Буянцог нар гэрчилсэн, мөн аудитын тайланд дэлгэрэнгүйгээр тусгасан, мөн шалгалтад хамрагдан зөрчил илэрсэн зээлдэгч нарын зээлийн гэрээ, зээлийн танилцуулгын хуудсаар нотлогдсон. Бид банкны холбогдох Зээлийн үйл ажиллагааны журам, Бизнесийн зээлийн журам, Г банкны ёс зүйн код, Хөдөлмөрийн дотоод журам, Зээлийн хорооны шийдвэр зэргийг хэрэгт өгсөн.

Дотоод аудитын газрын аудиторын илтгэх хуудсаар давхардсан тоогоор 66 зээлдэгчийн материалд шалгалт хийсэн. Зээлийн үйл ажиллагааны журмын 2.2.1-ийг зөрчин хугацаа хэтэрсэн зээлийг судалгаанд оруулаагүй, олгосон зээлээс бага дүнтэй барьцааны гэрээг байгуулсан гэх мэт олон зөрчил байдаг. Бүх зээлдэгчийн зээлийг судалсан ажилтанд тавих хяналтыг хэрэгжүүлээгүй, удирдлагын чиг үүргээ хэрэгжүүлээгүй зэрэг Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг удаа дараа үйлдсэн гэж үзсэн. 2017 оны Зээлийн үйл ажиллагааны журмын 5.1.4, 2.3.2 дахь заалтуудыг зөрчсөн нь Хөдөлмөрийн гэрээний 4.2.1, 4.2.4, 4.2.6, 4.2.22, ажил олгогчийн баталсан Хөдөлмөрийн дотоод журам болон бусад холбогдох дүрэм журмаар болон Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчилд хамаарах зөрчил гаргасан нь дээрх үндэслэлүүдээр нотлогдож тогтоогдсон. Салбарын эрхлэгчийн хувьд ажлын байрны тодорхойлолтод заасан зээлийн үйл ажиллагаанд өдөр тутамдаа тавих хяналтыг хэрэгжүүлээгүйгээс зөрчлүүдийг тухай бүрт илрүүлж засаагүй. Аудитын тайлан гарсныг танилцуулсан, энэ тайланг баталгаажуулж аудиторын илтгэх хуудас 2020 оны 4 дүгээр сарын 30-нд гарч Э.П-ид танилцуулахад өөрөө зөвшөөрч гарын үсэг зурсан. Салбарын зээлийн хорооны гаргаж байгаа шийдвэрт хяналт тавих, удирдлагаар хангах үүргээ биелүүлэх ёстой хүн. Тийм ч учраас Ажлын байрны тодорхойлолт дээр зээлийн үйл ажиллагааны өдөр тутмын ажиллагааг хангахтай холбоотой чиг үүрэг, зээлийн явцын хяналттай холбоотой чиг үүрэг, дотоод ажиллагаатай холбоотой чиг үүргүүдийг удирдлага гээд заасан байгаа. Илтгэх хуудсыг харвал, ийм зөрчил батлагдаж байна, ийм зөрчил гарсан нь баталгаажиж байна, тиймээс Э.П-ид арга хэмжээ авах ёстой гэдгийг тогтоодог. Г банк ХХК-ийн Хархорин салбарын зээлийн эдийн засагч С.Оюундарь болон Б.Буянцог нар өөрсдийнхөө ажлыг хянахгүй, эд нар нь зээл судалдаг, танилцуулдаг, түүнийгээ салбарын хороогоор шийдвэрлүүлдэг бөгөөд тус салбарын удирдлага үйл ажиллагааг зохион байгуулах, хянах учир алдаа дутагдал гарсан бол засварлуулах ёстой байсан.

Дээрх зөрчлүүдийг гаргахад шууд удирдлага нь буюу захиралд нь илүү хариуцлага тооцох ёстой. Адилхан зөрчил гарч, олон зээлүүд зөрчилтэй гараад байхад түүнийг нь салбарын зээлийн хороо шийдвэрлээд гаргаж байгаа нь буруу юм. Тайлан дээр тусаад байгаа зөрчлүүдийг бүгдийг нь салбарт нь танилцуулсан, зөвшөөрөөд үүний дагуу Э.П- гэдэг захирал, ажилтнууд нь төлөвлөгөө гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 131.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа 2019 оны зээлүүдийн хувьд дуусаагүй байгаа. Зөрчлүүд олон удаа нийтлэг давтагдаж үйлдэгдсэн, байгууллагын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхүйц ноцтой зөрчил гэж үзсэн. Иймээс Гүйцэтгэх захирлын 227 тоот тушаал хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

 Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э.П-ийг Г банк ХХК-ийн СТТ-Хар хорин тооцооны төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт нийт 15 618 642 төгрөгийг хариуцагч Г банк ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Э.П-ид олгон, нэхэмжлэлээс Г банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 227 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1., 46.2.-т зааснаар дээрх хугацааны олговроос зохих журмын дагуу нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон, Э.П-ийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч Голомт банк ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г банк ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 238 171 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Илтгэх хуудсанд дурдсан "зээлийн шийдвэрт тусгагдсан шаардлагатай баримтуудыг бүрдүүлээгүй, зээлийн бүрдүүлбэрийг хангаагүй, зээлийн шийдвэрт тусгасан нэмэлт нөхцөлүүдийг хэрэгжүүлээгүй, зээлийн зарцуулалтын хяналтыг бүрэн хийгээгүй... гэх 4-5 төрлийн зөрчлүүдийг дээрх тооцооны төвийн захирал болон эдийн засагч нарын ажлын байрны тодорхойлолтод харьцуулбал тооцооны төвийн захирлын ажил үүрэг, ажлын байрны тодорхойлолттой хамааралтай буюу дээрх зөрчлүүдийг илрүүлэх, нэмэлт нөхцөлүүдийг хэрэгжүүлэх, шаардлагатай бүрдүүлбэрийг бүрэн бүрдүүлэх талаар хяналтыг хийх, үүнтэй холбоотой харьяалах ажилтанд үүрэг өгөх, салбарт өдөр тутмын хяналтыг хэрэгжүүлэх үүрэгтэй салшгүй хамааралтай буюу эдийн засагч нарын дан ганц хүлээсэн үүрэг биш юм. Захирал Э.П- нь зээлийн судалгааг чанартай төвшинд гүйцэтгэх ажлыг удирдан зохион байгуулах, хянаж баталгаажуулах, зээлийн хүсэлтийг журам, дүрмийн хүрээнд шийдвэрлэх, зээлийн танилцуулга, шийдвэрийн хуудсыг баталгаажуулах үүргээ биелүүлээгүйтэй холбоотой зөрчил гаргасан юм. Хөдөлмөрийн гэрээний 4.2.1, 4.2.4-т тус тус зааснаар хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчлийг талууд тохиролцсон. "Г банк" ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2009 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 428 дугаар тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журмын 3.4.1, 3.4.2, "Г банкны ёс зүйн код"-ын 4 дэх заалтыг зөрчсөн үйлдэл нь ноцтой зөрчилд хамаарахыг дурдсан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Г банкны зүгээс хүсэлт гаргаж С.Оюундарь гэрчийг оролцуулж гэрчийн мэдүүлэг авсан. Гэрчийн мэдүүлгээс харвал, албан тушаалын давуу байдал, эрх мэдлээ ашиглаж зээлийн судалгаа шинжилгээг хараат бусаар хийх чиг үүрэгтэй албан тушаалтанд хөндлөнгөөс нөлөөлж, хэлсэн зүйлийг гүйцэтгэхгүй бол гэдэг айдаст автуулдаг зэрэг үйлдэл нь салбарыг удирдлагаар хангах, ажилтнуудыг бие даан ажиллах боломжийг хясан боогдуулж, албан тушаалын эрх мэдлээ зүй бусаар хэтрүүлсэн үйлдлийг гаргасан болохыг нотлож байна. Шүүх шаардлага хангаагүй харилцагчид зээл олгох зөрчлийг гаргасан гэж үзсэн атлаа энэ талаарх гэрчийн мэдүүлгийг үнэлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь үнэлэлт дүгнэлт өгөх үүргээ биелүүлээгүй байна. Шүүх хавтаст хэрэгт түрээсийн гэрээг сунгасан, шинэчилсэн. өөрчилсөн ямар ч баримт авагдаагүй байхад Тодорхойлолт гэсэн албан бичгээр гэрээний харилцааг үргэлжилж байгаа мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй буюу энэ зөрчлийг зөвтгөх гэсэн Иргэний хуульд заасан гэрээний эрх зүйн харилцааг үндэслэлгүйгээр тайлбарлан хэрэглэж байна. Энэ бол ганцхан Т.Эрдэнэбилэгийн зөрчилд хамаатуулсан ойлголт биш үргэлжилсэн маш олон зөрчлийн нэгээхэн хэсэг болохыг шүүх анхаарч үзэж үндэслэл бүхий шийдвэрийг гаргах нь шударга ёсны зарчим хэрэгжих гол нөхцөл юм. Тайланг үндэслэн зөрчлийг үйлдсэн гэдгийг 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 13/49 тоот Г банкны дотоод аудитын газрын илтгэх хуудсаар тогтоож Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасантай нийцүүлэн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр буюу 27 хоногийн дараа ажлаас халах тухай тушаалыг гаргасан юм. Г банкны ёс зүйн код, холбогдох зээлийн үйл ажиллагааны журмууд, хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээг зөрчиж илтэд зөрчилтэй, Г банкны холбогдох зээлийн үйл ажиллагааны журмыг зөрчсөн, ззэлдэгчид тавих шаардлага хангаагүй байхад зээлийг шийдвэрлэсэн, зээлдэгчид олгосон зээлийн мөнгөн хөрөнгө зээлийн явцын хяналтыг бүрэн хэрэгжүүлээгүй, зээл судалсан ажилтанд тавих хяналтыг хэрэгжүүлээгүй, зээлийг зориулалт бусаар зарцуулах боломжийг бий болгосон, удирдлагын чиг үүргээ хэрэгжүүлээгүй зэрэг салбарыг удирдлагаар хангах, хяналт тавих, ажилтандаа зүй ёсны шаардлага тавьж ажлыг нь чин шударгаар гүйцэтгэх боломжийг олгох, холбогдох журам, дүрмийг баримтлах зэрэг ажилтны үүргээ биелүүлээгүйгээс үүссэн 60 гаруй зөрчилд холбогдох сахилгын шийтгэлийг оногдуулсан. Нэхэмжлэгч нь ямар ч зөрчил гаргаагүй, ажлаа хийж байхад нь дур мэдэн халсан мэтээр банкийг илтэд буруутгаж ажлаас халсан мэтээр нэхэмжлэл гаргаж, шүүх тэрхүү үйлдлийг зөвтгөж байгаад банкны зүгээс гомдолтой байна. Иймд шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу үнэлж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Э.П- нь хариуцагч Г банк ХХК-д холбогдуулан, Г банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 227 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Хар хорин тооцооны төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж баталгаажуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Э.П- нь 2017 оны 11 дүгээр сараас эхлэн Г банк ХХК-ийн СТТ-Хар хорин тооцооны төвийн захирлаар томилогдон Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад тус банкны гүйцэтгэх захирлын 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 227 тоот тушаалаар ажлаасаа чөлөөлөгджээ. / хх-ийн 25 /

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасан ба нэхэмжлэгч шүүхэд 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь уг зохицуулалтад нийцсэн.

 

Нэхэмжлэгч Э.П-ийг хариуцагч Г банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 227 тоот ажлаас халах тухай тушаалаар Г банкны ёс зүйн код-ын 4 дэх заалт, Зээлийн үйл ажиллагааны журмын 3.4.2.2, 6.1.3.1, 6.1.6 дахь заалтууд, Хөдөлмөрийн дотоод журмын 3.4.1, 3.4.2 дахь заалтууд, Хөдөлмөрийн гэрээний 4.2.1, 4.2.4 дэх заалтуудыг тус тус зөрчиж, илтэд зөрчилтэй, Г банкны зээлийн үйл ажиллагааны дүрэм, журмыг зөрчсөн, зээлдэгчид тавих шаардлагыг хангаагүй байхад зээлийг шийдвэрлэж олгосон, зээлийн мөнгөн хөрөнгө, явцын хяналтыг бүрэн тавиагүй, зээл судалсан ажилтанд тавих хяналтыг хэрэгжүүлээгүй, зээлийн хороодын тавьсан нэмэлт нөхцөлийг тусгаагүй, зээлийг зориулалт бусаар олгох боломжийг бий болгосон, удирдлагын чиг үүргээ хэрэгжүүлээгүй зэрэг ноцтой зөрчлийг гаргасан нь 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 13/49 тоот Г банкны Дотоод аудитын газрын илтгэх хуудсаар тогтоогдсон үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 8.1.3-т заасныг тус тус баримтлан Г банк ХХК-ийн СТТ-Хар хорин тооцооны төвийн захирлын ажлаас чөлөөлжээ. / хх-ийн 25 /

 

Г банкны Дотоод аудитын газраас 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 19-ний хооронд Хар хорин тооцооны төвийн зээлийн үйл ажиллагаанд хэсэгчилсэн аудит хийж, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийг дуустал хугацаанд тус тооцооны төвөөс олгогдсон нийт 207 зээлийн хувийн хэргийн баримтаас 60 зээлийн хувийн хэргийн баримтыг түүвэрлэн судалж, тус төвийн зээлийн үйл ажиллагааг эрсдэлийн түвшин дунд, дотоод хяналт сул буюу хангалтгүй гэж дүгнэсэн ба уг тайланг 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр баталгаажуулсан байна. /3хх-ийн 86-97/

 

Г банкны 2020 оны 4 дүгээр сарын сарын 30-ны өдрийн 13/49 тоот Дотоод аудитын газрын аудиторын илтгэх хуудас 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн тайланд үндэслэгдсэн ба уг илтгэх хуудсаар Хар хорин тооцооны төвийн захирал Э.П-ид Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 8.1.3.-т зааснаар ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулах саналыг тус банкны Хүний нөөцийн удирдлагын газарт, Хуулийн хэлтэст тус тус хүргүүлсэн байна. /хх-ийн 159-162/

 

Зохигчдын хооронд байгуулагдсан 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний 4.2.1-д заасан ажилтан нь Монгол Улсын хууль, ажил олгогчийн баталсан Хөдөлмөрийн дотоод журам, Ёс зүйн код, Засаглалын кодекс, бодлого, дүрэм, журам, заавар, ажил үүрэгтэй нь холбоотой харилцааг зохицуулсан үйл ажиллагааны журам, стандарт болон бусад эрх зүйн баримт бичгүүдийг зөрчсөн тохиолдолд, 4.2.4-т заасан ажилтан нь албан тушаал ажил үүргийн хүрээнд өөрт олгогдсон эрх мэдэл, давуу байдлаа зүй бусаар хэтрүүлсэн буюу урвуулан ашиглах, албаны үүргээ биелүүлсний төлөө харилцагч байгууллага, иргэнээс мөнгө, эд хөрөнгө, хөнгөлөлттэй үйлчилгээ болон бусад зүйлийг авсан, нэхсэн гэх зөрчил гаргасан тохиолдолд тус тус хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчилд тооцохоор тохиролцжээ. /хх-ийн 4-5/

 

Анхан шатны шүүх дээр дурдсан аудитын тайлан болон аудиторын илтгэх хуудас тэдгээрийн хавсралтууд, хэрэгт авагдсан зээлийн хувийн хэргийн баримтууд тус банкнаас батлан хэрэгжүүлж байгаа зээлийн үйл ажиллагааны журмууд, барьцаа хөрөнгийн үнэлгээний журам, Г банкны ёс зүйн код, худалдааны зээлийн нөхцөл, шаардлага, эрх бүхий этгээдийн зээл шийдвэрлэх эрхийн матриц, тооцооны төвийн захирал, зээлийн эдийн засагч нарын ажлын байрны тодорхойлолт, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтад тулгуурлан нэхэмжлэгч Э.П-ийг Г банкны холбогдох зээлийн үйл ажиллагааны дүрэм, журмаар зээлдэгчид тавих шаардлагыг хангаагүй байхад зээлийг шийдвэрлэсэн, зээлдэгчийн зээлийн явцын хяналтыг хэрэгжүүлээгүй, зээлийг зориулалт бусаар олгох боломжийг бий болгосон, зээл судалсан ажилтанд тавих хяналтыг хэрэгжүүлээгүй, удирдлагын чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэсэн зөрчлүүдийг гаргасан болох нь тогтоогдсон гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Нэхэмжлэгч анхан шатны шүүхээс хийсэн дээрх дүгнэлтийг эсэргүүцсэн давж заалдах гомдол гаргаагүй тул шүүхийн уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

Харин шүүх Э.П-ийн гаргасан зөрчлүүдийг дээрх байдлаар тогтоогдсон гэж дүгнэсэн атлаа хөдөлмөрийн гэрээний 4.2.1-д заасан ноцтой зөрчилд хамааруулах боломжгүй гэж дүгнэсэн нь логик зөрчилтэй болсон байхаас гадна тухайн маргаанд хамааралгүй зээлийн эдийн засагч Б.Буянцог, эдийн засагч С.Оюундарь нарын ажил үүргээ зохих ёсоор биелүүлсэн эсэх асуудлаар дүгнэлт хийсэн нь буруу болохыг дурдах нь зүйтэй.

Хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын дээрх тушаалд Э.П-ийг хөдөлмөрийн гэрээний 4.2.4-т заасныг зөрчсөн ямар үйлдэл гаргасан болохыг тодорхойлоогүй, эдийн засагч С.Оюундарь ...шаардлага хангаагүй, материал дутуу зээлийг салбарын хорооны хурлаар оруулж шийдвэрлэ... гэж Э.П- хэлсэн, айдастай байсан... гэж мэдүүлсэн байх боловч тэрээр аудит хийгдэж байх үед ийм тайлбар гаргаж байгаагүй, хожим шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлгээр тушаалын үндэслэлийг зөвтгөх боломжгүй юм. /хх-ийн 89-97, 239-241/

Хэдийгээр Э.П-ийг хөдөлмөрийн гэрээний 4.2.1-д заасныг зөрчсөн гэж үзэхээр байгаа боловч хариуцагч байгууллага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сарын дотор, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж заасныг зөрчсөн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Аудитын тайланд дурдсан, сүүлийн гаргасан зөрчил гэх Т.Эрдэнэбилэгт олгосон зээлийн гэрээ нь 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан бөгөөд тайланд дурдсанчлан уг зээлдэгчийн хүсэлтийн бүрдүүлбэр хангаагүй гэж үзэх үндэслэлгүй болохыг шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан үндэслэл бүхий дүгнэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ...сахилгын болон ноцтой... зөрчил нь тус бүрдээ тогтоогдож байх шаардлага тавигддаг тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсанаар Э.П-ийг 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс Т.Эрдэнэбилэгт зээл олгосон 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд өөр хоорондоо холбоотой сахилгын зөрчлийн үргэлжилсэн үйлдлүүдийг гаргасан гэж үзэх үндэслэлгүй болно.

Г банкны Дотоод аудитын газрын хэсэгчилсэн аудитын тайлан 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр гарч, уг тайланг танилцуулснаар сахилгын зөрчлийг илрүүлсэн болох бөгөөд ажил олгогчоос 2020 оны 4 дүгээр сарын 25-ны дотор ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах учиртай.

Гэтэл нэхэмжлэгчийг ажлаас халсан хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын тушаал 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр гарснаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дах хэсэгт заасан сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэснийг зөрчсөн байна.

Тушаалд Г банкны Дотоод аудитын газрын 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 13/49 тоот аудиторын илтгэх хуудсыг үндэслэсэн байх боловч аудитор илтгэх хуудас бичсэн нь сахилгын шийтгэл ногдуулах хугацааны тасалдал, түр зогсох үндэслэл болохгүй, сахилгын зөрчлийг илрүүлсэн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс хойш 1 сарын дотор ажилтанд сахилгын шийтгэл ногдуулаагүйн учир шалтгаан тодорхой бус, энэ талаар хариуцагч үндэслэлтэй тайлбар гаргаагүй байна.

Иймд нэхэмжлэгч Э.П-ийг тооцооны төвийн захирлын ажлаас чөлөөлсөн хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 227 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, түүнийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байлгасан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 15 618 642 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргаж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэв.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсэг буюу ажилтан хөдөлмөрийн гэрээний 4.2.1-д заасан ажилтан нь Монгол Улсын хууль, ажил олгогчийн баталсан Хөдөлмөрийн дотоод журам, Ёс зүйн код, Засаглалын кодекс, бодлого, дүрэм, журам, заавар, ажил үүрэгтэй нь холбоотой харилцааг зохицуулсан үйл ажиллагааны журам, стандарт болон бусад эрх зүйн баримт бичгүүдийг зөрчсөн гэсэн нь үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хийсэн зарим дүгнэлтийг дээрх байдлаар залруулан дүгнэж байна.

 

Харин дээр дурдсан үндэслэлээр ...тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэснийг зөрчөөгүй... гэсэн гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 182/ШШ2021/00059 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237 235 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ

Н.БАТЗОРИГ