Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 313/ШШ2025/00101

 

 

2025 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 313/ШШ2025/00101

Даланзадгад сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б******* овогт Б*******ы Б******* 

 

Нэхэмжлэлийн шаардлага: Эцэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Эрдэнэсувд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Э.А*******тай 2016 онд танилцаж 2017 оноос хамт амьдарч бидний дундаас *******-ний өдөр охин А*******, *******-ны өдөр хүү А******* нар төрсөн. Бид хамт амьдарч байхдаа гэрлэлтээ батлуулаагүй байсан бөгөөд охин А******* нь аав Э.А*******аар овоглосон байсан. Миний хань Э.А******* нь 2024 оны 03 сарын 19-ний өдөр нас барсан. Тухайн үед хүү А******* миний гэдсэнд 5 сартай байсан бөгөөд хүүгээ төрүүлээд ааваар нь овоглох гэтэл гэрлэлтээ батлуулаагүй байсны улмаас улсын бүртгэлээс эцэг тогтоолгосон бичигтэй ир гэсэн шаардлагыг тавьсан. Миний ханийн цус Өмнөговь аймгийн шүүх шинжилгээний газар хадгалагдаж байгаа бөгөөд тус цуснаас шинжилгээ авч хүү А*******ийн эцэг тогтоолгох боломжтой гэсэн хариуг шүүх шинжилгээний газар өгсний дагуу шинжилгээ хийгдэж эцэг мөн гэсэн хариу гарсан.

Иймд *******-ны өдөр төрсөн хүү Б*******гийн А*******ийн төрсөн эцэг нь талийгаач Э.А******* мөн болохыг тогтоож өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.  

 

Нэхэмжлэгчээс: Б.Б*******гийн иргэний үнэмлэх, Э.А*******ын иргэний үнэмлэх, түүний нас барсны гэрчилгээ, А.А*******, Б.А******* нарын төрсний гэрчилгээ зэргийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд, Ш ӨЭМТөв, Даланзадгад сумын 9-р цэцэрлэгийн тодорхойлолтууд, иргэний оршин суугаа хаягийн лавлагаа зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр шинжээч томилж, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 833 дугаартай шинжээчийн дүгнэлт хэрэгт авагджээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шүүх хуралдаанд шинжлэн судалж, дараах үйл баримт тогтоогдлоо.

 

1. Нэхэмжлэгч нь өөрийн төрсөн хүү Б*******гийн А*******ийг төрсөн эцгээр нь овоглох зорилгоор хүүхдийн эцэг Э.А******* мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

2. Нэхэмжлэгч Б.Б******* нь Э.А*******тай 2016 онд танилцан 2024 оны 03 сарын 19-ний өдрийг хүртэл гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлэлгүйгээр хамтран амьдарч энэ хугацаанд тэдний дундаас 2021 оны 11 сарын 09-ний өдөр охин А*******ын А******* төрсөн, Э.А******* нь 2024 оны 03 сарын 19-ний өдөр нас барсан байх ба улмаар -ны өдөр төрсөн хүү А*******ийг эх Б*******гээр овоглосон үйл баримтууд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн бусад баримтуудаар тогтоогдож байна.

 

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр хүү Б.А*******ийн биологийн эцэг нь Э.А******* мөн эсэхийг тогтоолгох шинжилгээг хийлгэсэн ба Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 02 сарын 03-ны өдрийн 833 дугаартай дүгнэлтэд 1. Э.А******* нь Б.А*******ийн биологийн эцэг байх боломжтой байна, эцэг байх магадлал 99.99 хувь байна гэжээ.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.7-д хүүхдийн эцэг, эхийг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д Энэ хуулийн 22-т зааснаас бусад тохиолдолд хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, төрөл, садангийн хүн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага буюу 14 нас хүрсэн хүүхдийн хэн нэгний өргөдлийг үндэслэн эцэг, эхийг шүүх тогтооно гэж тус тус заажээ.

 

5. Иймд дээрх шинжээчийн дүгнэлт болон хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудаар -ны өдөр төрсөн хүү Б*******гийн А*******ийн төрсөн эцэг нь А овогт Эгийн А******* мөн болох нь тогтоогдож байна.

 

Шүүх насанд хүрээгүй хүүхдийн эцгийг тогтоох нь хүүхэд төрсөн эцгээрээ овоглоход нь эрх зүйн ач холбогдол бүхий байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан дээрх бичгийн нотлох баримтууд нь хуульд заасан арга журмын дагуу авагдсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүх үнэлж шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7, Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт тус тус зааснаар *******-ны өдөр төрсөн хүү Б******* овогт Б*******гийн А******* /РД: /-ийн эцэг нь А овогт Эгийн А******* /РД: / мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Б*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНСҮРЭН