Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 83

 

                                                 

 

 

 

 

 

 

 

 

                        

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х-д холбогдох эрүүгийн 1710004380174 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч С.Болорчулуун, иргэний нэхэмжлэгч П.С, шүүгдэгч А.Х, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Д.Чойжилсүрэн шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч А.Х нь 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр буюу Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Шувуун фабрикийн 4-53 тоотод оршин суух иргэн Э.Б гэрт нэвтэрч, 192.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг” маркийн 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.  Шүүгдэгч А.Х шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй байна. Тухайн үед надад мөнгөний хэрэг гараад болгоомжгүй үйлдлээсээ болж энэ гэмт хэрэгт холбогдсон. Хулгайлж авсан зурагтаа “Шагналаар авсан зурагт” гэж хэлэн ломбарданд тавьсан нь үнэн. Би хохирогч Билэгсайханд зурагтыг нь бүрэн бүтэн буцааж өгсөн. Иргэний нэхэмжлэгч нарт учруулсан хохирлыг төлөөгүй байгаа. Ойрын хугацаанд нөхөн төлж барагдуулна. Бусдад хохирол учруулсандаа гэмшиж байна. Гэм буруугийн талаар маргах зүйлгүй, хүлээн завшөөрч байна.” гэсэн мэдүүлэг,

 

2. Иргэний нэхэмжлэгч П.С шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Би Харчу ХХК-ийн захирал ажилтай, 2002 оноос эхлэн барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааг эрхэлж байгаа. Барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлдэг, зөвшөөрлийн баримт бичиг нь байгаа. Манайх эд зүйлийн болон бичиг баримттай хүнд үйлчилдэг юм. 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 14:00 цагийн үед шүүгдэгч гэх энэ залуу манай ломбарданд 150.000 төгрөгөөр “байгууллагаас шагнасан юм, мөнгө хэрэг болоод” гэж хэлээд зурагт тавьчихаад явсан. Тухайн үед зурагтын паспорт бичиг баримт гэх зүйлийг шалгаагүй. Шүүгдэгчийн бичиг баримтыг нь шалгасан. Энэ залууг гарч явснаас хойш удалгүй таксины жолооч гэх хүн орж ирээд асуусан. Тухайн үед нь би юу болсон талаар нь сайн мэдэхгүй байсан. Тухайн зурагтыг нэг сарын хугацаатай тавьсан боловч тэр өдрийн орой нь буюу 17:00 цагийн үед цагдаа нар ирээд зурагтыг хураагаад аваад явсан.

Барьцаалан зээлдүүлэх гэрээ байгуулж, 150.000 төгрөгийг өгсөн. Энэ мөнгөө нэхэмжилнэ. Хүү тооцохгүй. Би хулгайн эд зүйл авснаа ойлгож байгаа.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 1710004380174 дугаартай хэргээс:

 

1. Хохирогч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Би Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо 2б-180 тоотод эхнэр Бын хамт амьдардаг юм. Өнөөдөр буюу 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 12:00 цагийн орчим би, эхнэр Бын хамт гэрээсээ гараад 16:00 цагийн орчим буцаж ирсэн. Тэгээд гэртээ орох гэтэл манай гэрийн хаалганы цоож эвдэрсэн, хаалга нь онгорхой байхаар гайхаад гэртээ ортол 32 инчийн Самсунг маркийн ЛСД зурагт байхгүй болсон байсан. Тэгээд Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм.

Би уг зурагтыг 2016 онд “РС Молл”-оос 600.000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоо 600.000 төгрөгөөр үнэлж байна. Алдагдсан зурагтанд содон шинж тэмдэг гэвэл зурагтын баруун дээд буланд зурагдсан, цагаан өнгөөр Самсунг гэж бичсэн, хар өнгийн зурагт байсан. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Өнөөдөр манай 10 жилийн хүүхэд болох Х өглөө 10:00 цагийн орчим манай гэрт ирээд явсан. Хамт дэлгүүр орчихоод ирье, өчигдөр уусан чинь дотор муу байна гэж хэлж байсан. Хас-Эрдэнийг хаана амьдардаг талаар болон утасны дугаарыг нь мэдэхгүй байна. Хуучин гэр нь 120 дугаар Цэргийн ангид байдаг байсан юм. Ээж, аав нь хаана байгааг би мэдэхгүй байна.

Надад өмнөх мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй, цаашид Цагдаагийн байгууллагаар шалгуулах зүйлгүй, гомдол санал хүсэлт байхгүй байна. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 21-22х, 23-24х/,

 

2. Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Шувуун фабрикийн 4-53 тоотод 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хэргийн 5-8х/,

 

3. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хэргийн 09-13х/,

 

4. “Тус үнэлэгдэж буй /Samsung маркийн 32 инчийн зурагт/ хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2017 оны 08 сарын 28-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 192.000 /нэг зуун ерэн хоёр мянган төгрөг/-р үнэлэгдэв.” гэсэн Хөрөнгийн үнэлгээний “Д” ХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ХУ2-45 дугаартай үнэлгээний тайлан /хэргийн 42-44х/,

 

5. Хар өнгийн Samsung 32 инчийн зурагт, Харчу ломбардны 261 дугаартай хуулбарласан зээлийн баримтыг Сонгинохайрхан дүүргийн 15-р хороо, 20-2-0 тоот дахь Харчу ломбарднаас хураан авч, хохирогч Э.Бд хүлээлгэн өгсөн тухай Эд зүйл хураан авсан, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл баримт /хэргийн 17х, 18х/

 

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад П.С гэрчээр болон иргэний нэхэмжлэгчээр өгсөн: 

“...170 см орчим өндөртэй, 20 орчим настай эрэгтэй хүн уг зурагтыг барьж орж ирээд барьцаанд авах уу гэж асуусан. Тэр хүн өөрийнхөө үнэмлэхтэй ирсэн манай тэр хавийн бүх ломбардууд хаалттай ажиллахгүй байхаар нь наашаа ирсэн гэж хэлээд өөрийнхөө бичиг баримтыг үзүүлээд 150.000 төгрөгөөр барьцаанд тавьсан.

Уг зурагтыг Нисэхэд байдаг гэрээсээ авсан гэж хэлсэн. Мөнгө хэрэгтэй болоод тавьчихсан гэж байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.

2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 17-18 цагийн орчим ажлынхаа байран дээр намайг байж байхад Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсээс гээд цагдаагийн алба хаагчид ирээд тухайн манайд зурагт барьцаанд тавьсан залуугийн барьж явсан таксины жолооч нь зааж өгөөд манай ломбардан дээр ирсэн юм. Ингээд энэ өдөр цагдаа нар ирээд Самсунг маркийн 32 инчийн хар өнгийн зурагтыг УЗ92122850 регистрийн дугаартай, Алтанцэцэгийн Х гэсэн нэрээр 150.000 /нэг зуун тавин мянган төгрөг/-өөр барьцаанд тавьсан байсныг хураан авч явсан. Би “Харчу” барьцаат зээлийн газрын гүйцэтгэх захирал ажилтай. Тухайн өдөр ажил дээрээ байсан юм. Манай “Харчу” барьцаат зээлийн газарт 150.000 төгрөгийн хохирол учраад байна. Энэ 150.000 төгрөгөө нэхэмжилнэ. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 26-27х, 30-31х/,

 

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.З гэрчээр өгсөн өгсөн:

“...Би 2017 оны 08 сарын сүүлээр хот орж өөрийнхөө 27-74 УНХ улсын дугаартай Приус-10 машинаа засуулчихаад буцаад гэртээ харих санаатай Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шувуун фабрикийн гүүрний наад талд байдаг хуурай дүү болох Цэрэндашийн гэрт очиж хоол унд идчихээд, Цэрэндаштай хамт машиндаа колонк орж бензин авчихаад явж байтал хар зам дагуу автобусны буудал нэг залуу гар өргөөд намайг зогсоосон. Би тухайн үед Цэрэндаштай хамт явж байсан. Тэгтэл тэр залуу “Улаанбаатар хот орж ээжийгээ наашаа авчрах гэж байгаа юм, унаа хэрэгтэй байна, та яваад өгөөч” гэж гуйсан. Тэгэхээр нь би “40.000 төгрөгөөр явж болж байна” гэтэл тэр залуу зөвшөөрөөд хөдлөөд явж байтал тэр залуу “би гэрээсээ ороод юм аваад гараад ирье” гэж хэлснээ Шувуун фабрикийн хүрэн хаалгатай нэг айлын гадна талд зогсоод дотогшоо нь ороод зурагт тэврээд гарч ирээд, миний машины ард талд суусан. Тэгээд бид 2 хот руу яваад 1 дүгээр хорооллын олон давхартай байшингийн зам дагуу намайг хүлээлгэж зогсоогоод, ломбард руу ороод, авч явсан зурагтаа ломбарданд тавиад гараад ирсэн. Тэгснээ би “ээжийгээ гэрээсээ ороод аваад гараад ирье та хүлээж бай, ирээд нэг мөсөн тооцоогоо хийе” гэж хэлсэн. Тэгээд би хүлээгээд байсан нөгөө залуу гарч ирэлгүй 1 цаг болсон, ирэхгүй болохоор нь би аргаа бараад тухайн ломбард руу нь ороод “зурагт тавьсан уу” гэж асуутал нэг “залуу зурагт тавьсан, бичиг баримттай тавьсан” гэж хэлсэн. Тэгээд би дүү Цэрэндаш руу утсаар ярьсан.

Тэр залуу 30 орчим настай, гонзгойдуу, бор царайтай залуу байсан, гайгүй хувцас хунартай л харагдсан. Би тухайн залууг танихгүй, би тэгээд Төв аймгийн Алтанбулаг руу харих замд сууж явсан хүнд болсон явдлаа хэлтэл, “тухайн залуугийн гэрийг 120 дугаар Цэргийн ангид байдаг, хулгай хийгээд шоронд сууж байсан, архи уудаг залуу” гэж замд сууж явсан залуу хэлж байсан. Цэрэндаш тухайн залуутай ямар ч холбоо байхгүй. “...Ээжийгээ тэр орон сууцны байшинд байгаа гэж хэлсэн, надад ямар нэгэн тодорхой хаяг хэлээгүй, энэ байшин руу ороод авчирна гэж хэлсэн. ...Би “хаана ажилдаг хүн бэ” гэж асуухад “120 дугаар цэргийн ангид ахлагч хийдэг” гэж хэлж байсан. Өөр ямар нэгэн зүйл яриагүй. Би тэр залууг одоо хаана байгааг нь мэдэхгүй, одоо харвал танихгүй байх гэж бодож байна. Өөр зүйл авч гарч ирээгүй. Зурагт л харагдаж байсан. Надад лав ямар нэгэн зүйл үнэртээгүй. Тэр залуу таксины төлбөрөө өгөөгүй, таксины мөнгийг километрээр нь тооцвол нэг талдаа 37.000 төгрөг болох байх. Энэ 37.000 төгрөгөө нэхэмжилнэ. Өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 32-34х, 35х/,

 

7. Шүүгдэгч А.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн:

“...Надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Би 2017 оны 08 сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд байдаг 26 дугаар сургуулийн төгсөгчдийн сагсны тэмцээнд оролцоод хүрэл медаль авсан бөгөөд үүнийгээ тэмдэглээд 10 жилийн найз нартайгаа хамт Бямбацогтын гэрт архи уусан. Тэгээд тэдний гэрт нэг хоног байж байгаад, бид нар архи олох гээд дэлгүүр явах гээд “унаатай хүн байна уу” гээд манай 10 жилийн ангийн хүүхэд Билэгсайханыг гуйгаад машинтай нь Шувууны байрны дэлгүүр ороод нэг шил архи аваад, буцаад Бямбацогтын гэрт очиж авсан архиа хувааж ууж дуусгаад Бямбацогт гэртээ унтаад үлдсэн. Манай ангийн хүүхдүүд гэр гэртээ харьсан.

Тэгээд би хот руу явах гэж байсан чинь Билэгсайхан хот явна гэхээр дайгдахаар гэрт нь очиход хашааны хаалга нь онгортой, гэр нь түгжээтэй байсан. Тэгэхээр нь гэртээ байхгүй байгааг нь мэдээд, буцаж зам руу гарч такси бариад /марк, дугаарыг нь одоо санахгүй байна/ “мөнгөний хэрэг гараад эгчийнхээ зурагтыг авах гэж байна” гэж хэлээд Билэгсайханы гэрийн гадаа очоод гэрийнх нь цоожийг эвдэж ороод, тавиур дээр байсан 32 инчийн Самсунг маркийн, хар өнгийн зурагтыг хулгайлж аваад, гарч таксиндаа суугаад Сонгинохайрхан дүүргийн Цамбагаравын ард байрлалтай /нэрийг нь санахгүй байна/ ломбарданд 150.000 төгрөгөөр, өөрийн нэрээр барьцаанд тавьсан. Тэндээсээ шууд офицеруудын ордон хүртэл такси бариад, цаашаа Налайх руу найз Элбэгийн гэрт /цэргийн он жав/ очиж, тэндээ бараг 4-5 хоног байж байгаад буцаж хотод ирсэн.

Би хулгайн гэмт хэргийг ганцаараа үйлдсэн. Надад Билэгсайханы гэрээс хулгайлсан зурагтны хэрэг байгаа өөр хэрэг байхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 62-63х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой гэрч Ц.Аийн мэдүүлэг /хэргийн 40-41х/ зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийг яллагдагчаар болон хохирогчийг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж А.Х холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт: 

 

  1. Гэм буруугийн хувьд:

 

Шүүгдэгч А.Х нь 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Шувуун фабрикийн 4-53 тоот дахь Э.Б гэрт хууль бусаар нэвтрэн орж, 32 инчийн “Самсунг” маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авч, хохирогч Э.Б эд хөрөнгөд 192.000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хохирогч Э.Б мэдүүлэг /хэргийн 21-22х/, Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Шувуун фабрикийн 4-53 тоотод 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 5-8х/, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 09-13х/, Хөрөнгийн үнэлгээний “Д” ХХК-ийн үнэлгээний тайлан /хэргийн 43-44х/, Эд зүйл хураан авсан, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл баримт /хэргийн 17х, 18х/, шүүгдэгч А.Х нь үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй  болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд Иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрх болон орон байрны халдашгүй дархан байдал нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөө болохын хувьд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан.   

 

Шууд санаатай, шунахай зорилгоор бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авсан үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдэгдэх бөгөөд уг гэмт хэргийг “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч” үйлдсэн нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зохицуулсан.    

 

Шүүгдэгч А.Х 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Шувуун фабрикийн 4-53 тоот дахь хохирогч Э.Б амьдрах гэрт хууль бусаар нэвтрэн орж 192.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг” маркийн 32 инчийн LCD зурагтыг хулгайлан авч, улмаар Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх “Харчу” барьцаат зээлийн газраас авсан 150.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан гэмт үйлдэл нь “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан гэж шүүх дүгнэв.   

 

Харин Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч А.Хг “...үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрсэн” гэж тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд хамаарах шинжийг давхар хамаатуулан яллаж бичсэн нь үндэслэлгүй, түүний гэмт үйлдэлтэй тохирохгүй байгааг тэмдэглэж, энэ нь гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй тул шүүх зөвтгөн шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгчийн хувьд тэрээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болно.    

Дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч А.Хг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.  

 

  1. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан ба шүүгдэгчийн үйлдсэн дээрх хулгайн гэмт хэргийн улмаас хохирогч Э.Б эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг 192.000 төгрөг гэж үнэлж тогтоосон Хөрөнгийн үнэлгээний “Д” ХХК-ийн үнэлгээний тайлан баримт хэрэгт авагдсан, энэ нь мөн зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т зааснаар бага хэмжээний хохиролд хамаарч байна.

 

Бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх хуулийн зохицуулалттай. /Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг/

 

Шүүгдэгч А.Х хохирогч Э.Б гэрээс хулгайлан авсан Samsung маркийн 32 инчийн LCD зурагтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад хураан авч, хохирогчид биет байдлаар нь хүлээлгэн өгсөн болох нь Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 17-18х/ баримт, хохирогчийн “...Надад цаашид цагдаагийн байгууллагаар шалгуулах ямар нэгэн гомдол, санал хүсэлт байхгүй байна. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 21-22х, 23-24х/ баримтаар тус тус тогтоогдсон тул шүүгдэгч А.Х хувьд гэмт хэргийн улмаас шууд хохиролд тооцож төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

Харин хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон “Харчу” барьцаалан зээлдүүлэх газрын захирал Н.Сүхбаатар нь А.Х дээрх Samsung маркийн зурагтыг барьцаалан, барьцаат зээлийн гэрээний дагуу олгосон зээлийн 150.000 төгрөгийг нэхэмжилснийг шүүгдэгч нь нөхөн төлж барагдуулахаа илэрхийлсэн бөгөөд уг мөнгийг гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тооцож А.Х гаргуулж, иргэний нэхэмжлэгч Н.Сүхбаатарт нөхөн төлүүлэх нь зүйтэй.  

 

Мөн хэрэгт иргэний нэхэмжлэгч Д.З нь 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр өөрийн Приус-10 маркийн 27-74 УНХ улсын дугаартай автомашинаар Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шувуун фабрикийн автобусны буудлаас Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороолол хүртэлх таксиний үйлчилгээний хөлс 37.000 төгрөгийг нэхэмжилнэ хэмээн мэдүүлсэн /хэргийн 35х/ хэдий ч уг нэхэмжлэлийн шаардлагаас шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад татгалзан, гомдол саналгүй, тодорхой шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй тухайгаа илэрхийлсэн нь “иргэний нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй” талаархи Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт заасан нэхэмжлэгчийн эрх бөгөөд энэхүү татгалзал нь хуульд нийцсэн, хуулиар хамгаалагдсан бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндcөн, хохироосон зүйлгүй тул иргэний нэхэмжлэгч Д.З 37.000 төгрөг шүүгдэгчээс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан татгалзлыг хүлээн авч хангах үндэслэлтэй байна.

  

  1. Эрүүгийн хариуцлагын талаархи:

 

Шүүгдэгч А.Х нь урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 148 дугаар зүйлийн 148.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 07 сарын 03-ны өдрийн 2017/БХШЗ/08 дугаартай Говь-Сүмбэр аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн “Ялыг дүйцүүлэн хасах” тухай захирамжаар ял эдэлсэнд тооцож суллагдсан талаар хэрэгт Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугааар сарын 10-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоол, Говь-Сүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн “Ялыг дүйцүүлэн хасах” тухай 2017 оны 07 сарын 03-ны өдрийн 2017/БХШЗ/08 захирамж, суллагдсан хүмүүст олгох хорих 425-р ангийн тодорхойлолт баримт /хэргийн 70-76х/ тус тус авагдсан бөгөөд “эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг заасан.   

 

Шүүх, шүүгдэгч А.Х нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирлыг биет байдлаар нь буцаан өгч арилгасан, гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгчид учирсан хор уршгийг нөхөн төлж барагдуулахаа илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүх ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан хэрэглэх боломжтой гэж дүгнэж,

Шүүгдэгч А.Х Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 01 /нэг/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгуулагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

2018 оны 02 сарын 07-ны өдрийн 31 дугаартай шүүгчийн захирамжаар А.Х /хэргийн 57х/ 2018 оны 02 сарын 07-ны өдрөөс 2018 оны 03 сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шүүх хэргийг хянан хэлэлцсэн энэ өдрийн байдлаар түүний цагдан хоригдсон хугацаа бүгд 26 хоног байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны ял эдлэх ялд оруулан тооцох” журмын дагуу А.Х цагдан хоригдсон 26 /хорин зургаа/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

Эрүүгийн хэргийн хамт нэг мөр шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Э.Б гомдол саналгүй гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурьдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.5, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                              

 

                                                  ТОГТООХ нь:

 

1. А.Х-ийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсны улмаас бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар А.Х-г 01 /нэг/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар А.Х оногдуулсан 01 /нэг/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Х цагдан хоригдсон 26 /хорин зургаа/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар А.Х 150.000 /нэг зуун тавин мянган/ төгрөг гаргуулан  иргэний нэхэмжлэгч П.С олгосугай.

 

6. Эрүүгийн хэргийн хамт нэг мөр шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, А.Х иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Э.Б нь гомдол саналгүй гэснийг болон иргэний нэхэмжлэгч Д.З нь 37000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг тус тус дурьдсугай.  

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд А.Х-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нь тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт тус тус давж заалдах журмаар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан А.Х-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.БАЗАРХАНД