Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2023/ДШМ/648

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023/ДШМ/648

2023            6            22

 

Ө.Нд холбогдох
эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Ундрах,

хохирогч Ө.У

шүүгдэгч Ө.Н, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Дашдондов даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/386 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ө.У, шүүгдэгч Ө.Н нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Ө.Нд холбогдох эрүүгийн 2308 00000 0285 дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

... овгийн Ө.Н, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр ... төрсөн, ... настай, ... тусгай дунд боловсролтой, аялал жуулчлалын хөтөч мэргэжилтэй, ам бүл 5... хамт, ...тоотод оршин суух,

- урьд 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021/ШЦТ/212 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн /РД:УШ99072402/.

Шүүгдэгч Ө.Н нь 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ... тоотод төрсөн дүү Ө.У-ийг "Хоол хийсэнгүй” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар заазуураар толгойн тус газарт нь зүсэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь баруун хөмсөгний гадна булан, баруун чихний ар, зүүн сарвуунд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Ө.Номинбайгалийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос шүүгдэгч Ө.Нд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, Ө.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө.Н-ийг 650 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ө.Нд мэдэгдэж, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэсэн болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Ө.У давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс миний эгч Ө.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсныг торгуулийн ялаар сольж өгнө үү. Эгч маань үйлдсэн хэрэгтээ гэмшиж, надаас уучлалт гуйсан. Би гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Манайх ам бүл тавуулаа. Манай аав Ө хувиараа хөдөө орон нутагт явж цахилгаан бараа зардаг. Манай эгч Ө.Н нь "Diamond shopping” онлайн дэлгүүр ажиллуулдаг, сард 1.000.000 төгрөгийн орлоготой. Эгч маань өмнө "Sunday” худалдааны төвд лангуун дээр худалдагчаар ажиллаж гэр бүлээ тэжээн тэтгэдэг байсан. Ө.Н нь 2013 онд авто осолд орж нурууны хүнд гэмтэл авч, нурууны суулттай болсон. Мөн бөөрний үрэвсэлтэй, гараа хугалж дутуу эдгээсэн учир эмчилгээ хийлгэх шаардлагатай юм. Толгой нь өвддөг, тархиндаа цус хураад толгой нь эргэж, хатгуулж өвддөг болсон. Иймд Ө.Нд оногдуулсан 650 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөнгөрүүлж, торгох ялаар сольж өгнө үү.

Би эгчээсээ тусдаа амьдардаг бөгөөд эгч маань 2 дүүг маань харж ханддаг. Урьд нь 2021 онд эцэг, эх минь салаагүй байсан учраас эгч нийтэд тустай ажил хийх ялыг биелүүлж дуусгасан. Одоогийн байдлаар эгчээс өөр дүү нарыг минь харж хандах хүн байхгүй тул түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Ө.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогч дүүгээсээ уучлалт гуйж, эвлэрсэн. Манай дүү гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй бөгөөд бид урьдынх шигээ хэвийн харилцаатай байгаа. Урьд нь дүүтэйгээ огт асуудал гаргаж байгаагүй, цаашид ч ийм асуудал гаргахгүй. Манайх ам бүл 5. Эцэг, 5-22 насны 3 дүүгийнхээ хамт амьдардаг. Ээж маань 2022 оны 5 дугаар сард ааваас салаад биднийг орхиод явсан. Манай аав Д.Ө нь хувиараа хөдөө орон нутгаар явж цахилгаан бараа машин дээрээ дэлгэж зардаг, бизнес эрхэлдэг тул 3 дүүгээ би харж хандаж, сургууль, цэцэрлэгт нь хүргэж, ар талаа авч явдаг. Би хувиараа "Даемонд шоппинг” пейж хуудас ажиллуулж, онлайнаар цахилгаан бараа зардаг. Би сард 1.000.000 төгрөгийн орлого олдог. 2020 онд "Сандэй” худалдааны төвийн 2014 дугаартай лангуунд худалдагчаар ажиллаж байгаад 2021 оноос өнөөдрийг хүртэл онлайн дэлгүүрээ ажиллуулж байна. Би өөрөө хүргэлтээ хийж, захиалгаа авч, тогтвортой, найдвартай ажиллаж ирсэн. 2 бага дүүгийн маань хичээл, цэцэрлэг амрахаар аав маань харж байх тул би компанид худалдааны зөвлөхөөр ажилд орохоор болсон. Миний хувьд 2013 онд авто осолд орж нурууны гэмтэл авч, нурууны суулттай болсноос болж хүнд юм өргөх, хүнд хүчир ажил хийх, ядрах, даарч хөрөх, гэнэт босч, удаан суух, удаан зогсох үед доод хэсгээр өвдөж, амьсгал авч чадахгүй болдог. Мөн бөөрний үрэвсэлтэй, доороосоо даарахаар бөөр хатгаж, халуурч өвддөг бөгөөд бөөрний эмчийн хяналтад байдаг. Мөн би 2022 оны 5 дугаар сард унахдаа баруун гараа дарж, эрхийн хурууны гол тулгуур ясны хугаралтай 2 сар гипстэй явсан. Одоо хөдөлгөөнд саадтай, янгинаж өвддөг, тухайн үед унахдаа гараа тулгасан байна гэж буруу ойлгоод хүнээр 5 удаа татуулсан чинь бүр санжганаад хавдсан, яс нь янгинаад хөдөлгөөнгүй болсон. Анх хугарсан гараа мэдэлгүй хүнээр татуулж гол ясыг нь хугалсан, Гэмтлийн эмнэлэгт буцааж хэвэнд нь оруулаад эмчилсэн ч яс нь дутуу орсон учир яс нь товойж, юманд хүчтэй хүрэхэд яс нь янгинаж өвддөг болсон. Дахин хагалгаанд орж, хэвэнд нь оруулах шаардлагатай. Би 2022 оны 02 дугаар сард мөсөн дээр халтирч, ар дагзаараа савж унаад тархи хөдөлсөн. Тархины зүүн дээд хэсэгт цус хурсан тул толгой эргэж, ухаан алдаж унадаг болсон. Халуун наранд удаан байх, халуун орчинд байвал толгойгоор хатгаж өвдөх, ухаан алдах гэж байгаа мэт ухаан балартдаг тул толгойгоо хүйтэн усаар норгож, толгойны эм ууж, хэсэг амарч байж зүгээр болдог. Иймд миний эрүүл мэндийн байдал болон бусад хөнгөрүүлэх нөхцөлийг харгалзан үзэж надад оногдуулсан 650 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөнгөрүүлж, торгуулийн ялаар сольж өгнө үү.

Манай эцэг, эх хоёр салсан бөгөөд эцэг минь орон нутагт ажил эрхэлдэг учраас би 5 настай, 8 настай хоёр дүүгээ харж ханддаг. Би онлайн дэлгүүр ажиллуулдаг бөгөөд дүү нарыг минь надаас өөр харж, хандах хүн байхгүй. Миний дүү Ө.У надтай тусдаа амьдарч байгаа. Миний эрүүл мэндийн байдал тааруухан. Тухайлбал, толгойндоо гэмтэл авч байсан учраас халуун наранд удаан явж чаддаггүй. Мөн 7 дугаар ангидаа авто осолд орж, нуруундаа суулттай болсон. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхээс надад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Ө.Н-ийн өмгөөлөгч Н.Одонтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Миний үйлчлүүлэгч Ө.Н нь гэм буруу дээрээ маргадаггүй бөгөөд хувиараа онлайн дэлгүүр ажиллуулдаг, орлоготой юм. Шүүгдэгч Ө.Н, хохирогч Ө.У нарын эцэг, эх 1 жилийн өмнө салсан бөгөөд эх нь гэр бүлээ орхиж явсан. Харин тэдний эцэг орон нутагт хувийн бизнес эрхэлдэг. Хохирогч Ө.У нь эгчээсээ тусдаа орон сууц түрээсэлж амьдардаг. Иймд миний үйлчлүүлэгч Ө.Номинбайгалийн хувьд айлын том охин учраас 5 настай, 8 настай дүү нараа асарч, хамгаалах шаардлагатай байгаа. Миний үйлчлүүлэгч Ө.Номинбайгалийн эрүүл мэндийн тухайд урьд нь авто осолд орж нуруундаа суулттай болсон бөгөөд гарын хуруундаа гэмтэл авсан учир хүнд зүйл өргөх боломжгүй байдаг. Хэдийгээр сургууль, цэцэрлэг амарсан байгаа боловч 9 дүгээр сард дүү нараа сургууль, цэцэрлэгт нь зайлшгүй хүргэж өгөх шаардлагатай. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялын доод хэмжээгээр сольж өгнө үү.” гэв

Прокурор Н.Ундрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: "Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Ө.Н нь хохирогч Ө.У-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон. Шүүгдэгч Ө.Н нь мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд эрүүл мэндийн байдалтай холбоотой ямар нэгэн баримт гаргаж өгч байгаагүй бөгөөд анхан шатны шүүх хуралдаанд "гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр хохирогчид гэмтэл учруулсан” гэж гэм буруу дээрээ маргаж байсан. Өнөөдрийн шүүх хуралдаанд мөн шүүгдэгчээс "болгоомжгүйгээр хохирол учруулсан. Санаатай үйлдэл байгаагүй” гэж гэм буруу дээрээ маргаж байна. Мөн шүүгдэгч нь бага насны дүү нараа асардаг талаар баримт хэрэгт авагдаагүй бөгөөд хууль ёсны асран хамгаалагч биш юм. Шүүгдэгч Ө.Н урьд нь 2021 оны 3 дугаар сарын 30-ний өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021/ШЦТ/212 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн атлаа дахин энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн нь өөрийнхөө үйлдсэн гэмт хэрэгт үнэлэлт, дүгнэлт өгөөгүй харагдаж байна. Уг 2021 оны 3 дугаар сарын 30-ний өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021/ШЦТ/212 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас 264 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлж, үлдсэн 336 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял нь шүүгчийн захирамжаар Өршөөлийн тухай хуульд хамрагдаж, шийдвэрлэгдсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Мөн шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хуулийн зорилгод нийцэж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Ө.У, шүүгдэгч Ө.Н нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ө. Н нь 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо 33-50 тоотод төрсөн дүү Ө.У-ийг "Хоол хийсэнгүй” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар заазуураар толгойн тус газарт нь зүсэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь баруун хөмсөгний гадна булан, баруун чихний ар, зүүн сарвуунд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Цагдаагийн байгууллагын дуудлага мэдээллийн "Манай эгч над руу заазуур барьж дайраад нүүр гар зүсчихлээ” гэх лавлагааны хуудас /хх-ийн 2/,

хохирогч Ө.У-ийн "...Тэгтэл төрсөн эгч Н намайг "Хоол хийсэнгүй” гэж уурлан намайг харааж эхэлсэн. ... би хариуд нь "Хүн гарахаар больё, хумс хийлгэх гэж хүн ирсэн байна” гэж хэлсэн. Улмаар хүн амьтан байхад ичдэггүй юм уу 2 давхар луу гар гэхэд миний нүүр лүү хамрын цацлага цацсан. Тэгэхээр нь би зөрүүлээд хувин сав эгч рүү шидэхэд оносон. ... гал тогооны шүүгээнээс заазуур барьж над руу дайрсан ба үснээс татан дарж заазуураар миний баруун чамархай хэсэгт зүсэж гэмтээсэн...” гэсэн /хх-ийн 7-8/,

шүүгдэгч Ө.Н-ийн мөрдөн байцаалтад өгсөн "...Тэгээд би уурлаад "Чи яаж байгаа юм” гээд орилтол манай дүү над руу дайраад миний үснээс зулгаагаад намайг үсдээд авсан. Тэгээд би баруун гартаа заазууртайгаа байсан ба зүүн гараараа Уранбайгалийг үстээд байж байтал би болиулах гээд салгах гэж байгаад Уранбайгалийг санаандгүй зүссэн байсан...” гэсэн мэдүүлгүүд /хх-ийн 13-14/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 1613 дугаартай "... Ө.У-ийн биед баруун хөмсөгний гадна булан, баруун чихний ар зүүн сарвуунд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо, уг гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /хх- ийн 22-23/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг хангалттай нотолж чадсан байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ө.Н-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж, "хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүхээс Ө.Н-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан, тухайн зүйл, ангид зааснаар 650 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байхаас гадна эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгч болон хохирогч нарын гаргасан "эрүүл мэндийн байдал болон бага насны дүү нараа тэжээн тэтгэдэг байдлыг харгалзан үзэж нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хянан үзэхэд шүүгдэгчийн өмнө осолд орж гэмтэж байсан талаарх баримт болон дүү нараа асран хамгаалдаг талаарх баримт хэрэгт авагдаагүй бөгөөд түүний үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, түүнд оногдуулсан ял шийтгэл түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигт тохирсон байх тул давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүнд дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/386 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Ө.У, шүүгдэгч Ө.Н нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
  2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                                Б.АРИУНХИШИГ

 

 

                        ШҮҮГЧ                                                Н.БАТСАЙХАН

 

 

                        ШҮҮГЧ                                                Б.БАТЗОРИГ