2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 191/ШШ2025/00338

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 01 20

191/ШШ2025/00338

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

      

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.З******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн *** тоотод оршин суух Боржигон овогт Т*******ийн Б******* /РД:МТ *******/-ийн гаргасан,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн *** тоотод оршин суух, Б******* овогт Б*******гийн Б******* /РД: ЛГ*******/-д холбогдох,

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Т.Б*******, хариуцагч Б.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Жамбота нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:


Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б*******той 14-15 жил хамт амьдарсан. Хамт амьдрах хугацаанд би ажил хийж байгаагүй. Бага хүүтэйгээ хамт байхдаа салах шийдвэрээ гаргачихсан байсан, одоо өөрөө ажилд ороод орлоготой болсон тул хүүхдүүдээ би өөр дээрээ авна. Энэ хүнээс салах шалтгаан нь хардалт, сэрдэлт, санхүү, хувийн орон зай надад өгч байгаагүй. Гар хүрэхдээ би согтуудаа тэгсэн байна гэж уучлалт гуйдаг. Би тэссэн, одоо тэвчихгүй гэж бодож байна. Хэрүүл уруулгүй, хүүхдүүдтэйгээ байж ажилдаа явж чадаж байна. Тэр үед хамгийн анх хөмсгөө сийтэл цохиулж үзсэн. Дараагийн охин 2012 онд төрсөн, 2015, 2015 онд хүүхдүүдтэйг болоод 2021 онд дүүгийнх нь хүүхдийг үрчилж авсан. 6 хүүхэдтэйгээ 2024 оны 8 сараас хамт амьдарсан. Энэ хүнээс гэрлэлтээ цуцлуулмаар байна. Энэ хүн намайг хүн гэдэг утгаар хардаггүй. Би чиний өмч биш гэдгийг ойлгуулмаар байна. Цаас дээр байгаа гэрлэлтийн баталгаа байгаа учраас энэ хүн надтай өмч шигээ харьцдаг, айлын эхнэр хүн ийм тийм байх ёстой гээд би хүүхдүүдээ харж гэртээ суусан, шөнө босч үзээгүй, янз бүрийн ааш гаргахад нь цагдаа сэргийлэх дуудахгүй зохицуулдаг байсан. Хүүхдээ авхуулах гэхээр өөр хүний хүүхэд болохоор авхуулах гээд байна уу гээд авхуулдаггүй, би хүүхдүүдээ төрсөн. Энэ хүн сүүлийн хэдэн сар ууж, ажилгүй болсон. Би үр хүүхэд гэдэг тал дээр эцэг гэдгийг нь үгүйсгээгүй. Хүн харахад гэгээлэг сайхан амьдарч байгаа, хэд хэдэн удаа тархи толгойгоо хөдөлтөл цохиулж үзлээ. Саяхан түрээсэлж байсан газар ирээд хүүтэй маань хэрэлдэх гээд байсан тул цагдаа дуудаж явуулсан. Гэрлэлтээ цуцлуулаад хүүхдүүдээ өөрийнхөө асрамжид авч, тэтгэлэг тогтоолгомоор байна. гэв.

Хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Намайг 10 хэдэн жил хамт амьдрахдаа архи ууж ахисан тавьж гар хүрдэг байсан гэж байна. Би энийг 100 хувь хүлээн зөвшөөрөхгүй. Манай ажил сард 2 удаа амардаг, өдөр болгон гэртээ суугаад зодоод байгаа зүйл байхгүй. Б******* ёслолын үеэр гар хүрсэн байж болох ч эрүүл ухаантай байх үедээ гар хүрч үзээгүй. Хаяаа уухаараа доромжлоод байдаг нь миний алдаа дутагдал гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Энэ хүн Ус сувгийн удирдах газарт ажилд ороод өөр болсон. Гэртээ ирэхэд байнга салъя гэж хэлдэг болсон. Миний ааш зангаас болсон бол би аашаа засъя, үр хүүхдүүдээ бодоод салахгүй байж болохгүй юу, эцэг эх нь салсан гэдэг нэр зүүлгээд яах вэ, чи үнэхээр надтай хамт амьдрахгүй гэвэл хамаагүй хүлээн зөвшөөрч байна. Заавал шүүхээр салж яах вэ, хоёр талаас тусдаа хүүхдүүдээ харж явъя гэсэн. Би 10 хэдэн жил эхнэр хүүхдээ тэжээгээд явсан. Би тэтгэлэг өгөхөөс зайлсхийхгүй, 6 хүүхдийн тэтгэлгийн мөнгө ямар болохыг мэдэхгүй байна. Би чийгтэй битүү газар 10 хэдэн жил ажиллаад сүрьеэтэй болж байсан. Би ажил хийгээд олсон орлогынхоо 80-90 хувийг хүүхдүүдээ өгөөд явна. Энэ хүн багаасаа ээж аваасаа өнчрөөд үлдсэн. Гэр бүл цуцлуулах дээр санал нийлэхгүй байгаа, салахаар бол юу болох талаар би мэдэж авмаар байна. Энэ хүн 5 хүүхэд гаргаад 10 хэдэн жил хамт амьдарчхаад гэнэт ажилд ороод өөрчлөгдсөн. Тусдаа байхыг хүлээн зөвшөөрч байна, энэ хүний салах гол шалтгаан нь тэтгэлэг тогтоолгох гэж хэлсэн. 8 сараас салъя гэж явж байхад тусдаа хэд хоног байя, 10 хэдэн хоног хоорондоо холбоо барихгүй гэхэд 5 хоноод над руу залгаад уулзахад шүүхэд өргөдөл өгчихсөн байсан. 5 хүүхэддээ санаа зовох хэрэггүй, эгчийн чинь хүүхдийг өөрт нь өгнө, чи л байхгүй бол санаа амрах гээд байна гэсэн. гэв.

 

Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:

 

1.    Улсын тэмдэгтийн хураамжид 70,200.00 төгрөг төлсөн баримт,

2.    Эрүүл бойжиж буй эмчийн тодорхойлолт,

3.    Иргэний үнэмлэхний хуулбар,

4.    Төрсний бүртгэлийн лавлагаа,

5.    Гэрлэсний бүртгэлийн лавлагаа,

 

Хариуцагчийн өгсөн нотлох баримт:

1. Хариу тайлбар.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Б******* хариуцагч Б.Б*******од холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2024 оны 09 дүгээр сарын 12-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, талуудад хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан танилцуулсан байна.

Шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, нэхэмжлэгчийн тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

1. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч Т.Б*******, хариуцагч Б.Б******* нар 2006 танилцан үерхэж, хамт амьдарч байгаад 2009 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гэр бүл болсныг бүртгүүлж, тэдгээрийн гэрлэлт Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасны дагуу гэрлэлтийг бүртгэсэн өдрөөс эхлэн гэрлэгчдийн хооронд эрх, үүрэг үүсэх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбараар зохигчдын гэрлэлт хүчин төгөлдөр, дуусгавар болоогүй, цуцлагдаагүй, гэрлэгчдийн эрх, үүрэг үргэлжилсэн хэвээр байна.

 

Ингээд гэрлэгчдийг хамт амьдрах хугацаанд тэдгээрийн дундаас Б.М******* 2010 оны 06 сарын 09-ний өдөр, Б. М 2012 оны 10 сарын 16-ний өдөр, Б.М 2015 оны 05 сарын 16-ны өдөр, Б.М 2018 оны 01 сарын 09-ний өдөр, Б.А 2021 оны 07 сарын 18-ний өдөр тус тус төрсөн ба 2011 оны 10 сарын 06-ний өдөр Б.Бийг 2021 онд үрчилчилсэн ба Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2-т зааснаар хүүхэд төрснөөр, үрчилж авснаар эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ гэж зааснаар эх Т.Б*******, эцэг Б.Б*******, хүү Б.М*******, охин Б. М, хүү Б.М, хүү Б.М, охин Б.А, охин Б.Б нарын хувьд эцэг, эх, хүүхдийн эрх, үүрэг үүсч, өнөөдрийн байдлаар зохигчдын хувьд эцэг, эх байх эрх нь хязгаарлагдаагүй, хасагдаагүй, эцэг, эх, хүүхдийн харилцаа үргэлжилж байгаа нь талуудын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээгээр тус тус тогтоогдож байна.

 

Гэвч гэрлэгчид хамт амьдрах хугацаанд тэдгээрийн зан ааш, харилцаа, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал тодорхой хугацаанд хэвийн байсан хэдий ч байнгын хэрүүл маргаан, хүчирхийлэл, хардалт, зан харилцааны хувьд таарахгүй болсон гэх зэрэг шалтгаанаар зохигч нар цаашид хамт амьдрахаас татгалзаж байна.

 

Зохигчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хүү Б.М*******, охин Б. М, хүү Б.М, хүү Б.М, охин Б.А, охин Б.Бийг эх Т.Б*******ийн асрамжид үлдээхийг эсэргүүцэх боловч, эцэг Б.Б******* нь хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрсөн, хүүхдийг эцэгтэй нь уулзуулахад ямар нэгэн асуудал, хэрүүл маргаан гарахгүй, эргээд нийлэх хүсэлгүй байгаа учир гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн ба эвлэрэх талаар дахин ярилцахгүй гэсэн.

 

Энэ тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д гэрлэлт гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг хэлнэ гэж, мөн 4 дүгээр зүйлийн 4.1-д гэрлэлт нь тэгш эрх, сайн дурын харилцаан дээр үндэслэнэ гэж зааснаас гадна Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт ...Гэрлэлт нь хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёрын тэгш эрх, сайн дурын харилцаанд үндэслэнэ гэж зааснаар гэрлэгчид эвлэрэхгүй бол шүүхээс тэдгээрт заавал гэрлэлтээ үргэлжлүүлэхийг даалгаж шийдвэрлэх учиргүй юм.

 

Иймд, нэгэнт гэрлэлт буюу гэрлэгчдийн эрх, үүрэг нь сайн дурын үндсэн дээр үүсдэг харилцаа бөгөөд талууд гэрлэлт, гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлэхээс татгалзаж байгаа тул шүүхээс дээр дурдсан үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.2, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т зааснаар зохигчдыг эвлэрлүүлэх арга хэмжээг авахаас татгалзаж, гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамт өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа тохиролцож болно гэж заасан. Өөрөөр хэлбэл, Хүүхдийн эрхийн тухай олон улсын конвенцийн 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Хүүхэд гэж 18 наснаас өмнө насанд хүрсэнд тооцогдоогүй бол 18 нас хүрээгүй хүн бүрийг хүүхэд гэнэ гэсний дагуу 18-аас доош настай хүүхдийн асрамжийн талаар гэрлэгчид тохиролцох, хэрэв гэрлэгчид тохиролцоогүй тохиолдолд шүүх хуульд заасан журмын дагуу шийдвэрлэдэг журамтай.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар,Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-т Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ. гэж заасныг үндэслэн хүү Б.М*******, охин Б. М, хүү Б.М, хүү Б.М, охин Б.А, охин Б.Бийг эх Т.Б*******ийн эх асрамжид үлдээхээр шийдвэрлэв.

 

3. Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол Улсын иргэний журамт үүрэг юм. Тодруулбал, Хүүхдийн эрхийн тухай олон улсын конвенцийн 27 дугаар зүйлийн 27.2-т Эцэг эх буюу хүүхдийн төлөө үүрэг хариуцлага хүлээж байгаа бусад хүн хүүхдийг хөгжүүлэхэд шаардагдах амьдралын нөхцөлийг өөрсдийн чадавхи, санхүүгийн боломжийн хэрээр хангах үндсэн үүрэг хүлээнэ гэж заасны дагуу зохигчид үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй билээ.

 

Үүнийг Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ гэж, мөн 26 дугаар зүйлийн 26.1-д Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ гэж, 26.2.2-т Эцэг, эх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй гэж, 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус тодорхой зохицуулсан тул эцэг Б.Б******* нь хүү Б.М*******, охин Б. М, хүү Б.М, хүү Б.М, охин Б.А, охин Б.Бийгийг тэжээн тэтгэх үүрэгтэй болно.

 

4. Шүүхээс ийнхүү нэхэмжлэгч Т.Б*******, хариуцагч Б.Б******* нарын гэрлэлтийг цуцалж байгаа ч Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т заасан хүүхдийн өмнө хүлээсэн эцэг, эхийн хүлээсэн эрх, үүрэг, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан эцэг, эхийн хүүхдээ хүмүүжүүлэх үүрэг нь гэрлэгчид тусдаа амьдрах, гэрлэлтээ цуцлуулсан нь ч гэлээ тэдгээрийн хувьд байнга хадгалагдах бөгөөд гэрлэлт цуцлах нь эцэг, эх байх, эцэг, эх болон хүүхдийн хоорондын харилцаа болоод хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүргийг дуусгавар болгож байгаа зүйл биш юм.

 

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар хүүхэд нь эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэйгээс гадна Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох тул хүүхдийн энэхүү эрх болон эцэг, эхийн эрх, үүргийг үндэслэлгүйгээр хязгаарлаж болохгүй.

 

Тийм учраас хариуцагчийн зүгээс хүүхдээ төрсөн эцэгтэй нь уулзахад аливаа хэлбэрээр саад болохгүй байх, нэхэмжлэгч нь эцэг хүний хувьд хүүхдийнхээ өмнө хүлээсэн эрх, үүрэг хэвээр байгааг үүгээр дурдаж байна.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасныг үндэслэн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200.00 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.6, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Боржигон овогт Т*******ийн Б*******, хариуцагч Б******* овогт Б*******гийн Б******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг үндэслэн 2010 оны 06 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү Б.М*******, 2012 оны 10 дугаар сарын 16-ний өдөр төрсөн охин Б. М, 2015 оны 05 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү Б.М, 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн хүү Б.М, 2021 оны 07 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү Б.А, 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин Б.Бийг эх Т.Б*******ийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг үндэслэн хүү Б.М*******, охин Б. М, хүү Б.М, хүү Б.М, хүү Б.А, охин Б.Б нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Б*******оор сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байх болон зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг үүгээр дурдсугай.

 

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасны дагуу гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 3 /гурав/ хоногийн дотор гэрлэлтийг бүртгүүлсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.З