Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2023/ДШМ/649

 

 

               
 

2023

 

6

 

22

 

2023/ДШМ/649

 

 

 

 

 


 

Т.Жэд холбогдох
эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Сарантуяа,

шүүгдэгч Т.Ж, түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батсайхан даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/368 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Жийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзийгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Т.Жэд холбогдох эрүүгийн 2309 00000 0103 дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

... овгийн Т.Ж.. оны ... дугаар сарын ....-ны өдөр ... төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, иргэний бүртгэлээр .... гэх газар оршин суух хаягийн бүртгэлтэй, ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД:.../.

Шүүгдэгч Т.Ж нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Төв шуудангийн замын эсрэг талд 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр машин дотор З.Дтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хамрын яс, таславчийн хугарал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, 2 шүдний хугарал, 1 шүдний сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Т.Жийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Шүүгдэгч Т.Жийн "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Жийг 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Жт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Жээс 148.000 төгрөгийг гаргуулж хохирогч З.Дд олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч З.Д нь тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан болон цаашид гарах зардал, мөн цалинтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.Жийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзий давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч Т.Жийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзий би Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 07-ний өдрийн 2023/ШЦТ/368 дугаартай шийтгэх тогтоолд доорх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүгдэгч Т.Ж нь 2022 оны 12 дугаар сарын 17-нд Сүхбаатар дүүргийн 1-р хороо Төв шуудангийн эсрэг замд машин жолоодож явахад нь арын суудалд зорчиж явсан З.Даулеткурейн согтуурч хэрүүл маргаан үүсгэж араас нь боох үйлдэл хийх үед өөрийгөө хамгаалж нүүр тус газарт нь гараар 1 удаа цохисноос шүүхийн шинжилгээний шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан хөнгөн хохирол учирсан хэрэг үйлдэгдсэн байдаг.

  1. Т.Жийн энэ хэрэг нь аргагүй хамгаалалтын шинжтэй байдаг. Хэргийн нөхцөл байдлыг ЭХХШТХ-ийн 1.7-р зүйлийн шаардлагын хүрээнд тал бүрээс шалгуулах, гол гэрч Ахмеруертийг байцаалгах хүсэлтийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт болон шүүх хуралд гаргасан боловч шийдвэрлэж өгөөгүй байдаг. Хэрэг үйлдэгдсэн байдалтай холбоотой энэ асуудлыг мөрдөгч прокурор ЭХХШТХ-ийн 16.2-р зүйлийн хүрээнд шалгаж аргагүй хамгаалалт уу эсвэл гэмт хэрэг үү гэдгийг заавал нотлох үүрэгтэй. Энэ ажиллагаа хийгдээгүй, хүсэлтийг хангаагүй зэрэг нь хэргээ бодитой шалгуулах, үнэн зөвөөр бодитой тогтоолгох, гэм буруугүй гэдгээ шударга шүүхээр шалгуулж шүүлгэх эрх ноцтой зөрчигдсөн гэж үзэж байна.
  2. Шүүгдэгч хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс түүнийг зодож хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрдөг. Хохирол хор уршгийг баримтыг үндэслэн төлөхөө илэрхийлсэн. Хэрэг гарахад хохирогчийн буруутай байдал тохиолдлын шинжтэй нөхцөл байдлаас анх удаа хөнгөн хэрэг үйлдсэн нь ял хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэлд хамаарч байгаа.

Мөн шүүгдэгч урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, тээврийн хэрэгслээр таксинд явж ажил амьдралын мөр хөөсөн жирийн нэгэн байдаг. Бусдын гуйлтаар хүнд туслах гэж яваад энэ хэрэгт холбогдсон, тодорхой хэмжээний орлоготой зэрэг хувийн байдлууд ял шалгуулах хуудаснууд, дансны гүйлгээгээр тогтоогдож байдаг. Шүүх энэ байдалд дүгнэлт хийж шүүгдэгчид тухайн зүйл ангид байгаа ялаас хөнгөн ялыг сонгож хэрэглэх боломжтой байсан. Гэтэл нийтэд тустай ялыг сонгож оногдуулсан нь Эрүүгийн хууль болон ЭХХШТ хуульд заасан ялыг оногдуулах зарчмыг зөрчиж ялыг хүнддүүлсэн гэж үзэж байна. Аргагүй хамгаалалтыг шалгуулах, гэрч байцаалгах үндэслэлээр хэргийг анхан шатны шүүхэд буцаалгах үндэслэл 2022 оны 6 дугаар сарын 03-ны хуулиар боломжгүй болсон байна. Ийм учраас хэргийг хянаж ялыг хөнгөрүүлж торгуулийн ял болгож өөрчлүүлэхээр энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Хянаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Т.Ж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Давж заалдах шатны шүүх хуралдаанд хэлэх тайлбаргүй” гэв.

Прокурор Б.Сарантуяа тус шүү хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: "Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс "аргагүй хамгаалалт байсан” гэж тайлбарлаж байна. Хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэгт "Т.Жийг боосны дараа тэрээр машинаасаа бууж хойно сууж байсан хүний хаалгыг нээгээд зодсон” гэж мэдүүлсэн байдаг. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Жийн үйлдсэн гэмт хэрэгт ял оногдуулахдаа хохирогчид учирсан хохирол, төлбөрийг төлж барагдуулаагүй байдал, эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй зэргийг харгалзан торгох ял оногдуулах боломжгүй гэж үзэж, нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Т.Жийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзийгийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Т.Ж нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Төв шуудангийн замын эсрэг талд 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр машин дотор З.Дтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хамрын яс, таславчийн хугарал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, 2 шүдний хугарал, 1 шүдний сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч З.Дн: "...Миний бие 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр байгууллагын шинэ жилд оролцоод байж байхад найз охин Лашин, Лашины Айдан, Мерберет нар нь намайг үл таних залуугийн машинтай ирж аваад манай гэр рүү явсан. 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Төв шуудангийн замын эсрэг талд авто зам дээр явж байхад би өөрийн найз охин Лашинг машин барьж явж байсан үл таних залуутай хардаж дургүй хүрээд "би бууя” гэж хэлэхэд намайг үл таних залуу нь буулгахгүй байсан болохоор би араас нь куртикнээс татахад үл таних залуугийн куртик нь урагдчихсан, машин барьж байсан үл таних залуу нь машинаа зогсоогоод машинаас буугаад чи пизда минь яах гээд байгаа юм бэ гэж хэлээд миний нүүрэн тус газарт гараараа 2 удаа цохиж миний биед гэмтэл учруулсан...” гэсэн /хх-ийн 9-10/,

гэрч Е.А-ы: "...Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Төв шуудангийн замын урд явж байхад Д нь Ж-ийн куртикнээс нь татаад би чамд бууя гэж хэлээд байгаа юм бишүү гэж хэлэхэд Ж нь машинаа зогсоогоод машинаас бууж машины хойд хаалгыг онгойлгохоор нь би машинаас буугаад машин тойрч очиход Д ахын шүд нь хугарч, хамраас нь цус гарсан байсан. ...” гэсэн /хх-ийн 18-19/,

гэрч Е.Л-ы: "...2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр би гэртээ байж байхад 23 цаг 40 минутын үед манай найз залуу З.Д над руу залгаад гэр лүүгээ харьж чадахгүй байна, намайг ирээд аваач гэж хэлсэн. Тэгээд би өмнө нь манай гэрийн хажуу өрөөг түрээсэлж байсан гэх зүс таних Ж гэх нэртэй залууг фейсбүүкээр холбогдож дуудсан. Тэгээд Ж болон манай төрсөн дүү Е.А, хажуу өрөө түрээсэлж байгаа А нартай хамт Ж-ын машинд сууж яваад Баруун 4 замаас найз залуу З.Дг авсан. Тэгээд дараа нь би найз залуу З.Д, А-тэй хамт арын суудал дээр, урд манай дүү Е.А суусан байдалтай буцаад гэр лүгээ явж байхад 2022 оны 12 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 01 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах зам дагуу буюу Төв шуудангийн урд талын зам дээр машин дотор манай найз залуу З.Д машинаас бууя, машинаа зогсоочих гэж хэлсэн. Харин Ж зогсохгүй яваад байхаар нь найз залуу З.Д уурлаад Ж-ын өмссөн куртикнээс нь татсан. Тэгтэл Ж машинаа зогсоогоод куртикээ тайлаад улмаар машинаасаа буугаад Дг буугаад ир, одоо гадаа үзье гэж хэлсэн. Энэ үед би найз залуу З.Дг гарнаас нь татаад буулгаагүй юм. Тэгтэл баруун ард хаалгаар Ж З.Дг баруун гараараа 2 удаа цохисон. Би хаашаа нь цохисон талаар хараагүй. Цохисны дараа найз залуу З.Дн хамраас цус гарсан, дараа нь амнаас нь цус гарсан ба уруулын доод 1 үүдэн шүд болон түүний зүүн талд байрлах бас нэг шүд нь хугарч унасан байсан. Тэгээд цагдаа дуудсан...” гэсэн /хх-ийн 24-25/,

шүүгдэгч Т.Жийн яллагдагчаар өгсөн: "...Прокурорын тогтоолтой уншиж танилцсан. Хүлээн зөвшөөрч байна. Би 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Төв шуудангийн замын урд талд машин дотор явж байхад З.Д нь намайг машинаа зогсоо гэж хэлэхэд бусад хүмүүс битгий зогсоорой гэж хэлэхээр нь би зогсохгүй явж байхад миний араас татсан. Би уурлаж машинаа зогсоогоод машинаас бууж З.Дг машинаас буу гэж хэлэхэд буухгүй байсан. З.Д нь намайг цохих гэж оролдоод оноогүй. Би зөрүүлж нэг удаа нүүрэн тус газарт нь гараараа цохиж биед нь гэмтэл учруулсан. Би З.Дн хохирлыг барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлмээр байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...” гэсэн мэдүүлгүүд /хх-ийн 31-32/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 389 дугаартай "...З.Дгийн биед хамрын яс, таславчийн хугарал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, 2 шүдний хугарал, 1 шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгээр эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 21-22/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг хангалттай нотолж чадсан байна.

Анхан шатны шүүхээс Т.Жийн үйлдлийг "хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүхээс Т.Жийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан, тухайн зүйл, ангид зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байхаас гадна эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгч Т.Жийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзий давж заалдах гомдолдоо "...Т.Жийн энэ хэрэг нь аргагүй хамгаалалтын шинжтэй. ...хохирогчийн буруутай үйлдлийн улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон тул торгох ялаар сольж өгнө үү.” гэжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 4.1 дүгээр зүйлийн 3-т "Аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ. ...” гэж хуульчилсан бөгөөд хэрэгт авагдсан хохирогч Д.Б-ийн "... буулгахгүй байсан болохоор би араас нь куртикнээс татахад үл таних залуугийн куртик нь урагдчихсан, машин барьж байсан үл таних залуу нь машинаа зогсоогоод машинаас буугаад чи пизда минь яах гээд байгаа юм бэ гэж хэлээд миний нүүрэн тус газарт гараараа 2 удаа цохиж миний биед гэмтэл учруулсан. ...” /хх-ийн 9-10/, гэрч Е.А-ы "...Д нь Ж-ийн куртикнээс нь татаад би чамд бууя гэж хэлээд байгаа юм бишүү гэж хэлэхэд Ж нь машинаа зогсоогоод машинаас бууж машины хойд хаалгыг онгойлгохоор нь би машинаас буугаад машин тойрч очиход Д ахын шүд нь хугарч, хамраас нь цус гарсан байсан...” /хх-ийн 18-19/, гэрч Е.Л-ы "...манай найз залуу З.Д машинаас бууя, машинаа зогсоочих гэж хэлсэн. Харин Жалгас зогсохгүй яваад байхаар нь найз залуу З.Д уурлаад Ж-ын өмссөн куртикнээс нь татсан. Тэгтэл Ж машинаа зогсоогоод куртикээ тайлаад улмаар машинаасаа буугаад Дг буугаад ир, одоо гадаа үзье гэж хэлсэн. ... Тэгтэл баруун ард хаалгаар Ж З.Дг баруун гараараа 2 удаа цохисон...” /хх-ийн 24-25/, шүүгдэгч Т.Жийн "...З.Д нь намайг машинаа зогсоо гэж хэлэхэд бусад хүмүүс битгий зогсоорой гэж хэлэхээр нь би зогсохгүй явж байхад миний араас татсан. Би уурлаж машинаа зогсоогоод машинаас бууж З.Дг машинаас буу гэж хэлэхэд буухгүй байсан. З.Д нь намайг цохих гэж оролдоод оноогүй. Би зөрүүлж нэг удаа нүүрэн тус газарт нь гараараа цохиж биед нь гэмтэл учруулсан...” /хх-ийн 31-32/ гэх мэдүүлгүүдээс дүгнэхэд Т.Ж нь З.Дн хууль бус халдлагыг таслан зогсоож өөрийгөө хамгаалах явцдаа түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгч Т.Жийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзийгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/368 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Жийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзийгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ

ШҮҮГЧ                                                Б.АРИУНХИШИГ

 

 

ШҮҮГЧ                                                Н.БАТСАЙХАН

 

 

ШҮҮГЧ                                                Б.БАТЗОРИГ