| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 306/2025/00011/И |
| Дугаар | 306/ШШ2025/00070 |
| Огноо | 2025-03-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 306/ШШ2025/00070
| 2025 оны 03 сарын 12 өдөр | Дугаар 306/ШШ2025/00070 | Говьсүмбэр аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Б-ын нэхэмжлэлтэй
хариуцагч: *********** ХХК
хариуцагч: Л.О-т холбогдох
нэхэмжлэлийн шаардлага: 2019.12.13-ны өдрийн SME-00129 дугаартай зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 241,000,000 төгрөг, хүү 36,150,000, алданги 120,379,757 төгрөг, нийт 390,594,094 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах /нэмэгдүүлсэн шаардлагын дагуу/ тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхбат, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч ****** ХХК-ийн захирал бөгөөд хариуцагч Л.О* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч *********ийн газрыг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ********* ХХК нь ноос ноолууран сүлжмэл бүтээгдэхүүн нэртэй төсөлд 2019 оны 12 сарын 13 өдрийн SME-00129 дугаартай зээлийн гэрээгээр 241,000,000 төгрөгийг, жилийн 3 хувийн хүүтэй 60 сарын хугацаатай авсан. Тухайн зээлийн гэрээгээр төлбөрийг 2024.12.19-д төлж дуусгах байсан боловч графикт заасан хугацаандаа төлбөрийг төлөөгүй учир гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, 2021 оны 06 сарын 29-ний өдөр төлбөр төлөх графикт хугацааг 2025.08.19-ний өдөр болгож өөрчилсөн. Мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2019 оны 12 сарын 13-ны өдөр дараах хөрөнгүүдийг барьцаалан SME-00129 дугаар барьцааны гэрээ хийсэн. Үүнд:
1.********* ХХК-ийн өмчлөлийн Говьсүмбэр аймаг Сүмбэр сум 3 дугаар баг Баянхошуу *** тоот Үйлдвэрлэлийн зориулалттай 360 мкв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө Ү-190****
2.Л.Одбаясгалан /ЕЙ74032132/-ийн өмчлөлийн Говьсүмбэр аймаг Сүмбэр сум 3 дугаар баг Баянхошуу 2 гудамж 01 тоот 07020***** нэгж талбарын дугаартай 2223 мкв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар Г-19020********
3.Л.О-ийн өмчлөлийн Говьсүмбэр аймаг Баянтал сумын 1-р баг *********** зориулалттай 104 мкв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө Ү-1
4.Л.О-ийн өмчлөлийн Говьсүмбэр аймаг Сүмбэр сумын 3-р баг, 10 дугаар байрны 5 орцны *** тоот орон сууцны зориулалттай 60 мкв талбай бүхий 3 өрөө үл хөдлөх хөрөнгө Ү-1902**********
Энэхүү хөрөнгүүдийн өмчлөгч эзэмшигч тус бүрдээ тухайн хөрөнгийг барьцаалуулах, тухайн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхийг хариуцагч компанид итгэмжлэлээр олгосон болно.
Иймд нэмэгдүүлсэн шаардлагын хэмжээгээр хариуцагч нараас 2019.12.13-ны өдрийн SME-00129 дугаартай зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 241,000,000 төгрөг, хүү 36,150,000, алданги 120,379,757 төгрөг, нийт 390,594,094 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч ********** ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: нэхэмжлэлтэй ****** згаарлагдмал хариуцлагатай компанид холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн зүгээс хэмжлэлийн шаардлага тодорхойгүй, ойлгомжгүй байх тул эс зөвшөөрч доорх хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа 2019 оны 12-р сарын 13-ний өдрийн SМЕ-00129 дугаартай Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, гэрээний хүүгийн төлбөрт 14,253,583 төгрөг, алдангид 56,929,096 төгрөг тус тус гаргуулах гэжээ. Энэхүү нэхэмжлэлийн шаардлага нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл барьцаа хөрөнгөөр хангуулах гэсэн мөртөө ягаад хүүгийн төлбөр, алдангийг тусдаа гаргуулах гээд байгааг ойлгохгүй байна. Учир нь Зээлийн гэрээг хэсэгчлэн буюу үндсэн төлбөрийг барьцаа хөрөнгөөр хангуулаад, хүүгийн төлбөр, алдангийг тусдаа нэхэмжилж байгаа мэт ойлгогдож байна. Мөн үндсэн төлбөрийн дүнг огт дурдаагүй учир нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй нөхцөл байдалтай байгаа тул тус нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх, эс зөвшөөрөх хариуцагчийн хариу тайлбар гаргах боломжгүй юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж өгнө үү гэжээ.
3.Хариуцагч Л.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Би хуулийн хүн биш учраас ерөнхийдөө хууль ёсны эрхээ хангуулах хүсэлтээ гаргасан. Зайлшгүй хурал явагдаж байгаа учраас өөрийн зүгээс тайлбараа өгөх шаардлагатай байх. Би 2019 онд Улсын хэмжээнд -ийн газраас зээл шалгаруулах төсөл зарлаад тэрбум төгрөгийн төсөл бичиж өгсөн. Тэрбум төгрөгнөөс 600,000,000 төгрөгийн зээл хүссэн. Миний зээлэнд 241,000,000 төгрөг гаргаж өгсөн. Дөнгөж зээл аваад үйл ажиллагаа явуулж эхэлтэл корона вирус гараад манай үйл ажиллагаа 2 жил зогссон. Канадын байгууллагатэй энэ төслийг хэрэгжүүлэх гэрээ хийсэн байсан. Гэтэл Канадын байгууллага корона вирусээс болоод ирэхээ байсан. Үйл ажиллагаа явуулах гэтэл эдийн засаг, нийгмийн асуудал маш их өөрчлөгдсөн байсан. Инфляц хэд дахин нэмэгдчихсэн. Бараа материалын үнэ хэд дахин өссөн. Цалин, мөнгөний хэмжээ хэд дахин өссөн иймэрхүү нөхцөл байдалтай тулсан. Мэдээж ажлаа явуулах гэж 2, 3 удаа оролдсон. Үнэхээр боломж байгаагүй. Зах зээл байхгүй болсон байсан. Би орон нутагтаа брэнд бүтээгдэхүүн гаргах хүсэл зорилготой байсан. Гэхдээ эдийн засгийн хувьд хөдөлгөх гэхээр ямар ч боломж байгаагүй. Харин өнөөдрийн хувьд улсаас энэ хэцүү байдлын хүрээнд дүн шинжилгээ хийсний хүрээнд бодлого нь нааштай болоод үйл ажиллагаагаа явуулах гээд байж байтал энэ байгууллага шүүхэд өглөө гэж нэг ч удаа хэлээгү байж шууд шүүхэд өгсөн байсан. Миний хувьд юу гэж үзэж байна вэ гэхээр жижиг дунд үйлдвэрлэл гэдэг зүйл бол тийм амар босдог зүйл биш. Мэдээж хүмүүсийн хүсэл зорилго, төрийн дэмжлэг, компанийн зохион байгуулалт зэрэг маш олон хүчин зүйл нөлөөлж байж үйл ажиллагаа явагддаг. Мэдээж би 241,000,000 төгрөгийн зээлийг үгүй гэж хэлэхгүй. Би төрийнхөө хувь хишгийг мэдэж байгаа. Хүүг мөн мэдэж байгаа. Алданги гэдэг зүйл байж болохгүй. Компани ийм том эрсдэл хүлээгээд үйл ажиллагаа нь дампуурах түвшинд оччихсон, компаниа яаж аварч, яаж үйл ажиллагаагаа явуулах вэ гэдэг асуудал төлөвлөөд зүтгэж байхад төр засаг нь та нар чадахгүй, больцгоо гээд хөрөнгийг нь хамгийн бага үнээр барьцаалж авчихаад эцэс сүүлд нь компани, аж ахуйн нэгжийг дампууруулах гээд байгаад нь маш их гомдолтой байгаа. Аль болохоор аж ахуйн нэгжүүдээ дэмжээд болгоё гээд явах ёстой. Би Жижиг, дунд үйлдвэрийн газрын хуулийн хэлтэстэй очиж уулзаж байсан. 2024 оны 12 дугаар сард гэрээ дуусна. Дуусах хүртэл хугацаанд нь надад цаг хугацаа өгөөчээ гэдэг асуудал хүртэл тавьж байсан. Мэдээж би хуулийн хүн биш учраас нотлох баримт, өчнөөн асуудал тавих ёстой байсан ч тэр боломжоор би хангагдсангүй гэв.
4. Нэхэмжлэгчээс: Нолтох баримтаар нэхэмжлэл, ***********ын 2024 оны 03 сарын 22-ны өдрийн А/304 дугаартай итгэмжлэл, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдринй 10 дугаартай Ажилд томилох тухай тогтоолын хуулбар, ******** улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, *******ийг хөгжүүлэх сан болон ***** ХХК, хамтран үүрэг гүйцэтгэгч Л.Энхтайван нарын хооронд байгуулагдсан 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн SME-00129 дугаартай Зээлийн гэрээ болон хавсралтын хуулбар, 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн SME-00129 дугаартай Барьцааны гэрээ-ний хуулбар, 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн SME-00129-1 дугаартай Зээлийн гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлтийн гэрээ болон түүний хавсралт-ын хуулбар, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, ********* ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлын 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01 дугаартай шийдвэр, ********** ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/01 дугаартай Төсөл бүрэн хэрэгжүүлэх баталгаа-ны хуулбар,****** ХХК-ийн гэрчилгээний хуулбар, Л.О-ийн өмчлөлийн 000588804 дугаартай гэрчилгээний хуулбар, ******** ХХК-ийн дүрэм, Л.О-ийн иргэний үнэмлэхний лавлагаа, Л.Энхтайваны иргэний үнэмлэхний лавлагаа, Л.О-ийн 000456712 дугаартай гэрчилгээний хуулбар, 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-ний хуулбар, Чойр кашмер ХХК-ийн улсын бүртгэлийн Л.О-ийн өмчлөлийн 420100***** нэгж талбарын дугаартай кадастрын зураг, гэрчилгээний хуулбар, Л.О-аас ****** ХХК-д олгосон 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдринй 36** дугаартай Итгэмжлэл-ийн хуулбар, Л.О-ийн 000219*** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ-ний хуулбар, Л.О-аас ************р ХХК-д олгосон 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдринй 3619 дугаартай Итгэмжлэл-ийн хуулбар, Л.О-ийн 000672*** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ-ний хуулбар, Л.О-аас **** ХХК-д олгосон 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 36** дугаартай Итгэмжлэл-ийн хуулбар, *********ийн газрын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 1/1** дугаартай итгэмжлэл зэргийг шүүхэд ирүүлсэн байна.
5.Хариуцагч ****** ХХК болон Л.О-аас шүүхэд хариу тайлбар ирүүлсэн ба нотлох баримт гаргаагүй болно.
Нэхэмжлэл, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч *********ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2019.12.13-ны өдрийн SME-00129 дугаартай зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 241,000,000 төгрөг гаргуулах, хүү 36,150,000, алданги 120,379,757 төгрөг, нийт 390,594,094 төгрөг /нэмэгдүүлсэн шаардлагад бичиж өөрийнх нь тодорхойлсноор/ гаргуулахаар тодорхойлж нэхэмжилжээ.
Хариуцагч ****** ХХК болон Л.О* нар нь ...Давагдашгүй хүчин зүйл болох цар тахлын улмаас төсөл хэрэгжихэд хүндрэл үүссэн тул алдангийг зөвшөөрөхгүй байна гэсэн агуулга бүхий үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж маргажээ.
3. Талуудын маргааны зүйл нь:
*********** сангаас ********* ХХК нь ноос ноолууран сүлжмэл бүтээгдэхүүн нэртэй төсөлд 2019 оны 12 сарын 13 өдрийн SME-00129 дугаартай зээлийн болон барьцааны гэрээгээр 241,000,000 төгрөгийг, жилийн 3 хувийн хүүтэй 60 сарын хугацаатай авч, төлбөрийг 2024.12.19-д төлж дуусгах байсан боловч, 2021 оны 06 сарын 29-ний өдөр төлбөр төлөх графикт хугацааг 2025.08.19-ний өдөр болгож өөрчилсөн, гэрээний үүрэг зөрчигдсөн гэх талаар маргаагүй, харин хариуцагч тал covid-19 цар тахал буюу давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж үйл ажиллагаанд хүндрэл учирсан тул алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь маргааны зүйл болж байна.
4. Нотлох баримтыг судлахад 00129 дугаартай зээлийн гэрээ, 000129 дугаартай барьцааны гэрээ, 000129-1 дугаартай зээлийн гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлт, барьцаа хөрөнгийн тодорхойлох баримт бичгүүд, уг зээлийн гэрээний дагуу 241 сая төгрөгийг авсан тухай хариуцагчийн тайлбар зэргээр *********гаас *********** ХХК-ийг төлөөлж, захирал Л.О болон хамтран үүрэг гүйцэтгэгч Л.Э нар нь ноос ноолууран сүлжмэл бүтээгдэхүүн төсөл-ийг хэрэгжүүлэхээр 2019 оны 12 сарын 13 өдрийн SME-00129 дугаартай зээлийн гэрээгээр 241,000,000 төгрөгийг, жилийн 3 хувийн хүүтэй 60 сарын хугацаатай зээл авч, зээлийн мөнгийг хүлээн авсан ба 2024.12.19-д төлж дуусгах байсан боловч, 2021 оны 06 сарын 29-ний өдөр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж хугацааг 2025.08.19-ний өдөр болгож өөрчилсөн үйл баримт тогтоогдож байна.
5. Талуудын хоорондох маргаан бүхий харилцаа нь хууль зүйн хувьд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний болон арван гуравдугаар бүлэгт зохицуулсан барьцааны эрхийн харилцаа буюу гэрээнээс үүсэх үүргийн харилцаа байна.
Тодруулбал зээлдэгч *********** нь гэрээгээр тохирсон хэмжээний мөнгө 241,000,000 сая төгрөгийг ********* ХХК-ний өмчлөлд шилжүүлж, компани уг мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх /хүүгийн хамт/ үндсэн үүргүүдийг хүлээсэн байгаа нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ...бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан ...мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргүүдийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу үүссэн харилцаа байна.
6. Нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргах үед зээлийн төлбөр төлж дуусгах сүүлийн хугацаа буюу гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр тогтоосон 2025 оны 08 сарын 19-ний өдөр болоогүй байхад гэрээний үүргийн гүйцэтгэхийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа нь агуулгын хувьд гэрээг цуцлах хууль зүйн агуулгатай байна.
Энэ нэхэмжлэл нь хэдийгээр тодорхой үүргүүд гүйцэтгэгдэж хэрэгжсэн гэрээний талаар буюу гэрээг цуцлах ойлголтод хамаарч байгаа, гэрээг цуцлах болон татгалзах ойлголтууд нь үүсэх үр дагаварын хувьд өөр боловч гэрээний хэрэгжилт зогсдогоороо буюу гэрээ дуусгавар болдгоороо адил юм. Ийм ч учраас гэрээнээс татгалзахад баримтлах журмыг гэрээг цуцлахад мөн адил баримталдаг.
Гэрээний нэг тал гэрээнээс татгалзах тохиолдолд Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д заасан Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэж заасан журмыг баримтлахаар байна.
Энэ нь материаллаг хуульд хуульчлагдсан журам буюу шаардах эрхээ хэрэгжүүлэхэд хуульд заасан шууд татгалзах, цуцлах нөхцөл байдалд хамаарахгүй байгаа тохиолдолд баримтлах шаардлага бүхий процесс юм.
Хэрэгт цугласан нотлох баримтыг судлахад гэрээнээс татгалзах тухай зээлдэгч талд мэдэгдсэн баримт байхгүй байх ба тодруулахад ...аман хэлбэрээр мэдэгдэж байсан гэж нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбарлаж байгаа, хариуцагч тал ...ирж уулз гэсний дагуу очиж уулзаж гэрээний хугацаа сунгах хүсэлт гаргахад эргэж хариу өгнө гээд, хариу өгөөгүй гэж тус тус тайлбарлаж байна. Тодорхой үйл баримтын талаар харилцан зөрүүтэй өөр өөрөөр тайлбарлаж байгаа баримтад мэдээллийг шүүх шууд үнэлэх боломжгүй, бусад нотлох баримтаар хэрхэн дэмжигдэн давхар нотлогдож байгааг харьцуулан үнэлнэ.
7. Хэлэлцэж байгаа хэргийн тухайд зээлийн гэрээг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан байх ба эрх зүйн хийсвэрлэх зарчмын дагуу дүгнэхэд хүний үндсэн эрх болох өмчлөх эрх хөндөгдөж байна. Мөн энэ хэрэгт барьцааны хөрөнгөөр хамтран үүрэг хүлээсэн этгээд болох Л.Энхтайваны өмчлөх эрх мөн хөндөгдөж байна.
Барьцаалагчийн үндсэн эрх хөндөгдөж байгаа тул Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийг баримтлах шаардлагагүй байхаар хуульд заасан бусад нөхцөл байдалд хамаарахгүй байна гэж үзсэн болно.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлсан ...зээлдэгч гэрээ байгуулахдаа ойлгож мэдэх ёстой байгаа, мэдэгдэх асуудал нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй, гэрээ сунгаж, очиж уулзсан гэж байгаа нь мэдэгдсэн гэж ойлгогдоно гэх зэргээр тайлбарласныг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.
Учир нь дээрх хуульчлагдсан журам нь талууд гэрээ байгуулахдаа мэдсэн байх, мэдэж байх ёстой гэсэн урьдчилсан нөхцлөөр тодорхойлогдохгүй юм. Гэрээний хугацаа сунгасан асуудал нь Иргэний хуульд заасан үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож байгаа ойлголт ба харин гэрээг цуцлах талаар мэдэгдэж байгаа хэрэг биш юм.
8. Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д заасан журмыг баримтлан гэрээнээс татгалзах тухай нөгөө талдаа мэдэгдээгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
9. Шүүх гэрээнээс татгалзах хуульд заасан журмыг зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон учраас гэрээний үүрэг, бусад нөхцөл байдлын талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
10. Энэ шийдвэр нь гэрээг цуцлахдаа хуульд заасан журмыг баримтлаагүй үндэслэлээр хэргийг шийдвэрлэж байгаа ба уг журмыг баримтлан шаардлага гаргах, улмаар шүүхэд нэхэмжлэл гаргах үед бий болсон үйл баримт /хууль зүйн факт/-д хамаарахгүй буюу зээлийн гэрээний үүрэг, үр дагаварыг шаардах, шүүхэд мэдүүлэхэд саад болохгүйг дурдах нь зүйтэй байна.
11. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт заасныг баримтлан Жижиг, дунд үйлдвэрийн газрын нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ХХК, Л.О нарт холбогдох зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл, хүү, алданги 390,594,094 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Хуульд заасан журмыг баримтлан шаардах эрхээ хэрэгжүүлэхэд энэ шийдвэр саад болохгүйг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2.-т зааснаар Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр үйлдэх ба шүүх хуралдаанд оролцсон тал энэ хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН