Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
Хэргийн индекс | 101/2020/05285/И |
Дугаар | 210/МА2021/00386 |
Огноо | 2021-02-26 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 210/МА2021/00386
Б.Сүрэнцэцэгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Б.Нармандах, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2020/04173 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Сүрэнцэцэгийн хариуцагч Мандах-2 СӨХ-д холбогдуулан гаргасан дутуу олгосон цалин болон бусад зардалд нийт 1 300 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Сүрэнцэцэг, түүний өмгөөлөгч Б.Ариунбуян, хариуцагчийн төлөөлөгч Ш.Чингэрэл, түүний өмгөөлөгч Б.Билгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Мандах-2 СӨХ-ийн харьяа 22а байрны 4 дүгээр орцонд 2020 оны 02 дугаар сараас 9 сар хүртэл жижүүр, үйлчлэгчээр ажилласан бөгөөд ажилласан хугацааны цалингаа бүрэн аваагүй. Мөн 2020 оны 5 дугаар сараас эхлэн, 5 дугаар орцонд давхар ажилласан. Ажлаас гарахдаа цалингаа авъя гэхэд өгөөгүй. Анх ажилд ороход барьцаа гэж 450 000 төгрөг байршуулсан. Цэвэрлэгээний материалыг өөрөө авдаг байсан. Иймд 5 дугаар орцонд ажилласан 20 хоногийн цалин 300 000 төгрөг, 9 дүгээр сарын цалингийн үлдэгдэл 350 000 төгрөг, барьцааны 450 000 төгрөг, цэвэрлэгээний материалын үнэ 200 000 төгрөг, нийт 1 300 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд бичгийн хэлбэрээр хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй. Ажлыг 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн гүйцэтгэсэн. Нэхэмжлэгч 1 дүгээр сараас эхлэн ажиллаагүй, 8 сарыг хүртэл алдаг, оног ажилласан. Тиймээс ажилласан өдрөөр нь цалинг олгоно. Б.Сүрэнцэцэг нь 3 150 000 төгрөг авна. Үүнээс хүн амын орлогын албан татварт 82 500 төгрөг суутгагдана. Түүний ажилладаг болон амьдардаг өрөөний ус, цахилгааны төлбөрийг сард 20 000 төгрөгөөр бодож суутгадаг. Энэ талаар нэхэмжлэгч мөн тайлбарладаг. 8 сар хүртэл нийт 150 000 төгрөг суутгасан. Нэхэмжлэгчид дансаар өгсөн мөнгийг тооцвол 500 000 төгрөгийн зөрүү гарч байна. Тиймээс хариуцагчид бэлэн бусаар 2 280 000 төгрөг олгосон. 02 дугаар сарын 22-ны өдөр 50 000 төгрөг, 02 дугаар сарын 29-ний өдөр 20 000 төгрөг, 3 дугаар сарын 26-ны өдөр 100 000 төгрөг, 5 дугаар сарын 19-ний өдөр 100 000 төгрөг, нийт 270 000 төгрөгийг олгосон. Энэ нь мөнгө хүссэн баримт болон, нягтлан бодогчийн зарлагын баримтаар тодорхой болсон. Хариуцагч бэлнээр болон бэлэн бусаар нийт 3 150 000 төгрөг олгосон. Энэ нь ажилласан хугацааны цалинтай нь дүйцэхээс гадна илүү гарч байна. Нэхэмжлэгч 8 сард 2-3 удаа архи ууж, орцоо орхисон байдаг. Түүний ажилд үлдэх тухай хүсэлтийг нь бид харгалзаж ажиллах боломжоор хангасан боловч тэрээр дахин итгэл алдсан тул талуудын хоорондын эрх зүйн харилцааг дуусгавар болгосон. Нэхэмжлэгч өөр хүний оронд өөр орцонд ажилласан төлбөрийг тухай бүрт нь бид олгож байсан. Хариуцагчийн ажиллах, амьдрах боломжийг хангасаар байхад үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж байна. Үйлчлэгч нарт цэвэрлэгээний материалыг компаниас авч өгөхөөр харшил гардаг гэдэг учраас 2015 оноос хойш сар бүр 10 000 төгрөгийг олгоод үйлчлэгч нараар өөрсдөөр нь авахуулдаг тул ажиллах хэрэгслийн шаардлагатай холбоотой 200 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.1, 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар хариуцагч Мандах-2 СӨХ-оос 900 000 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Б.Сүрэнцэцэгт олгож, нэхэмжлэлээс 400 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35 750 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Мандах-2 СӨХ-оос 27 150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Сүрэнцэцэгт олгуулахаар шийдвэрлэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Б.Сүрэнцэцэгийн нэхэмжлэлтэй Мандах-2 сууц өмчлөгчдийн холбоонд холбогдох иргэний хэрэгт Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 04173 дугаар шийдвэрийг гардан авч, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд, үндэслэл бүхий байх хуулийн шаардпагыг хангаагүй гэж үзэж ийнхүү давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Шүүх манай байгууллагыг 900 000 төгрөгийн цалинг дутуу олгосон гэж дүгнэхдээ ... нэхэмжлэгч Б.Сүрэнцэцэг нь 2020 оны 2-4, 6, 8 дугаар саруудад нэг сарын 450 000 төгрөгийн цалингаар буюу тус СӨХ-ны мэдлийн 22а байрны 4 дүгээр орцыг, 5 болон 7 дугаар саруудад мөн байрны 4, 5 дугаар орцыг тус тус 900 000 төгрөгийн цалинтайгаар цэвэрлэж байсан гэж үзэхээр байна хэмээн үндэслэлгүйгээр дүгнэжээ. Уг дүгнэлтээс үзвэл шүүхээс 900 000 төгрөгийг дутуу олгосон гэж дүгнэхдээ аль сарын цалингаас гэдэг нь тодорхойгүй, ойлгомжгүй байгаа нь шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэж үзэхээргүй байна. Сууц өмчлөгчдийн холбоо нь оршин суугчийн СӨХ-ны төлбөрөөр санхүүжиж, тус мөнгөнөөс ажилчдынхаа цалинг олгодог. Иймд оршин суугчид төлбөрөө хугацаандаа төлөхгүй, эсхүл дараа сард нь төлөх тохиолдолд ажилчдын цалинг дараа сард нь бодож олгох, нөхөж гүйцээж олгох зэрэг байдлаар олгодог. Иймд тухайн сард олгосон цалинг тэр сарын цалин гэж шууд дүгнэх боломжгүй бөгөөд 5 болон 7 сард олгосон цалингаас өмнөх сарын цалинг гүйцээн олгосон нөхцөл байдал байгаа болно. Харин нэхэмжлэгчид олгосон нийт мөнгөн дүнгээс түүний цалинг бүрэн олгосон болохыг шүүх ... дансаар дамжуулан 13 удаагийн гүйлгээгээр 2 880 000 төгрөг, бэлнээр 270 000 төгрөгийг тус тус олгож хэмээн үндэслэлтэй дүгнэсэн. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 1 300 000 төгрөгийн задаргааг тодорхойлохдоо 5-р орц нэмэлтээр цэвэрлэсний 20 хоногийн цалин болох 300 000 төгрөг, 4-р орцны бүтэн сарын цалин 350 000 төгрөг, барьцааны 450 000 төгрөг, саван вокны зардалд 200 000 төгрөг гэсэн нь Б.Сүрэнцэцэгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд тодорхой дурдсан. Мөн тэрээр нэхэмжлэлдээ 4 сараас 8 cap хүртэл цалингаа бүтэн авсан гэсэн болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-дах хэсэгт зааснаар хэргийн нотлох баримт нь зохигчийн тайлбар ... зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно хэмээн заасан нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл дэх тайлбар нь нотолгооны ач холбогдолтой байсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь 5, 7 дугаар сарын цалингаа авсан, 4-8 дугаар сарын цалинтайгаа маргаагүй байтал шүүхээс талуудын маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн нь шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж шийдвэр гаргасан гэж үзэж байна. Мөн 5 болон түүнээс өмнөх сарын цалинг олгоогүй гэж үзэж байсан бол нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэлээ 3 сарын дотор буюу 2020 оны 8 сард нэхэмжлэлээ гаргах ёстой байсан тул хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж үзэх байсан болно. Мандах-2 сууц өмчлөгчдийн холбоо нь нэхэмжлэгч Б.Сүрэнцэцэгийн архи ууж ажил тасалсан өдрийг нь зүй ёсны дагуу хасаж ажилласан нийт өдөрт нь тооцох цалин хөлсийг нэг ч өдөр дутаалгүй бүрэн олгосон, ажиллаж амьдрах нөхцөл боломжоор бүрэн хангаж байсан гэж үзэж байна. Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 04173 дугаар шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Б.Сүрэнцэцэг нь хариуцагч Мандах-2 СӨХ-нд холбогдуулан ажилласан хугацааны цалин болон бусад зардалд нийт 1 300 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, мөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж шийдвэр гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөх боломжтой гэж үзлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... 5-р орцонд ажилласан 20 хоногийн цалин 300 000 төгрөг, 4-р орцонд ажилласан 9-р сарын цалингийн үлдэгдэл 350 000 төгрөг, анх барьцаанд байршуулсан 450 000 төгрөг, цэвэрлэгээний материалын үнэ 200 000 төгрөг, нийт 1 300 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэсэн бол
хариуцагч татгалзалдаа нэхэмжлэгч Б.Сүрэнцэцэгийн ажилласан хугацааны цалинг бүтэн олгосон, тэрээр ажилдаа хариуцлагагүй хандаж, архи ууж, орцоо орхиж явсан тул ажлаас чөлөөлсөн, анх 450 000 төгрөгийн барьцаа байршуулсан гэж байгаа нь үндэслэлгүй, мөн цэвэрлэгээний материалын үнийг цалин дээр нь нэмж олгодог байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.
Нэхэмжлэгч Б.Сүрэнцэцэг нь хариуцагч Мандах-2 СӨХ-ийн харьяа Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 22а байрны 4, 5 дугаар орцонд жижүүр, үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь талуудын тайлбараар тогтоогдсон байна. /хх-ийн 1-2, 16-17-р тал/ Хэдийгээр талууд хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй байх боловч энэхүү нөхцөл байдал нь зохигчийн хооронд үүссэн хөдөлмөрийн харилцааг үгүйсгэхгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дах хэсэгт зааснаар ажил олгогч нь ажилтны хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох үүрэгтэй. Нэхэмжлэгч Б.Сүрэнцэцэг нь 4-р орцонд ажилласан 9-р сарын цалингийн үлдэгдэл 350 000 төгрөг, 5-р орцонд ажилласан 20 хоногийн цалин 300 000 төгрөг буюу цалинд нийт 650 000 төгрөг шаардсан байхад анхан шатны шүүх олговол зохих нийт цалингаас хариуцагчийн төлсөн мөнгийг хасч дутуу олгосон цалинг 900 000 төгрөг гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж шийдвэр гаргасан гэх хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авах нь зүйтэй.
Хариуцагч Мандах-2 СӨХ нь нэхэмжлэгч Б.Сүрэнцэцэгийн ажилласан хугацааны цалинг бүрэн олгосон гэж тайлбарлаж байх боловч 2020 оны 9 сард 100 000 төгрөгийн цалин олгож, үлдэх 350 000 төгрөгийг олгосон гэх баримт хэрэгт авагдаагүй байна. /хх-ийн 22-25-р тал/. Мөн 5-р орцонд 5, 6, 7 дугаар саруудад ажилласан болох нь хэргийн 26, 27-р талд авагдсан цалингийн жагсаалтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч Б.Сүрэнцэцэг нь 5-р орцонд ажилласан 20 хоногийн цалинд 300 000 төгрөг гаргуулахаар шаардэх эрхтэй байна.
Барьцаа 450 000 төгрөг, цэвэрлэгээний материалын үнэ 200 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд нэхэмжлэгч нь уг шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч уг шаардлагыг татгалзаж байгаа тохиолдолд нотлох үүргийн хуваарилалтын дагуу уг шаардлагыг нотлох үүрэг нь нэхэмжлэгч талын үүрэг тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иймд 4-р орцонд ажилласан 9-р сарын цалингийн үлдэгдэл 350 000 төгрөг, 5-р орцонд ажилласан 20 хоногийн цалин 300 000 төгрөг, нийт 650 000 төгрөгийг хариуцагч Мандах-2 СӨХ-өөс гаргуулж, нэхэмжлэгч Б.Сүрэнцэцэгт олгож, нэхэмжлэлээс 650 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн болно.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2020/04173 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтын ... 900,000 төгрөг ... гэснийг 650 000 төгрөг гэж, ... 400,000 төгрөгийн ... гэснийг 650 000 төгрөгийн гэж,
2 дах заалтын ... 27,150 төгрөг ... гэснийг 20 150 төгрөг гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД
ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ
Г.ДАВААДОРЖ