Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 64

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэнг суулган,

Улсын яллагч С.Ариунаа

Хохирогчийн өмгөөлөгч З.Нямсүрэн

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор

Шинжээч эмч Н.Уянга

Хохирогч Б.Г

Шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан,

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ....... овогт Т.Б-д холбогдох эрүүгийн 201711000207 дугаартай хэргийг Давж заалдах шатны шүүхээс 2018 оны 01 сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч ........овогт Т.Б, Монгол Улсын иргэн /......../, Дорнод аймгийн Хэрлэн суманд ..... оны ..... сарын ....-ны өдөр төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн .......... тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн 5 дугаар хэсгийн ардын шүүхийн 1990 оны 08 сарын 16-ны өдрийн 27 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар, Дорнод аймгийн ардын хэсгийн 7 дугаар шүүхийн 1992 оны 03 сарын 30-ны өдрийн 12 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 жил 6 сарын хорих ялаар, Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2004 оны 03 сарын 02-ны өдрийн 1/17 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2, 216 дугаар зүйлийн 216.1-д зааснаар 6 сарын баривчлах ялаар тус тус шийтгүүлж, 2004 оны 07 сарын 08-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, бие эрүүл.

Шүүгдэгч Т.Б нь согтуугаар бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн 2017 оны 5 сарын 22-ны өдрийн өглөө 07 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн нутаг “Найрамдал” паркын зүүн урд Хэрлэн голын эрэг дээр ямар ч шалтаг шалтгаангүйгээр төмрийг зэвсгийн чанартайгаар хэрэглэн хохирогч Б.Г-н баруун гар болон толгойн тус газарт цохиж баруун шуу, баруун сарвууны 4, 5 дугаар шивнүүр ясны далд хугарал, зулайд язарсан шарх бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний мөрдөн байцаалтанд болон өмнөх шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв юм. Одоо надад нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

            Шүүгдэгч Т.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Найрамдал паркийн зүүн урд талд далангийн зүүн талд хэсэг бургасны захад замын хажууд танихгүй эмэгтэй хүн бие засаад байж байхтай таарч “хөөе” гэхэд баруун урагш далан тийш зугтаасан. Араас нь хөөж гартаа барьж явсан нарийн төмрөөр араас нь 2-3 удаа цохиж зугтаад явахаар нь буцаж эргээд голын эрэг дагаж хойшоо алхаж байгаад баруун тийш найрамдал паркийн хойд талаар гарч эмнэлгийн хойд талын уулзвараар зам гараад хойшоо явж байтал цагдаагийн машин таарч...“архи уусан согтуу байна” гээд эрүүлжүүлсэн. ...бургасны захад эмэгтэй хүн таарахаар нь тэр төмрөөр араас нь 2-3 удаа цохисон. Яг хаана цохисныг сайн мэдэхгүй, хүзүү, толгой орчим цохисон байх. Төмрөө голын орчим хаясан...” гэжээ. /хх 60-62/

            Хохирогч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би маш хүндээр хохироод, ажил хийх чадваргүй болсон. Цай ч аягалж чадахгүй болсон.  Маш их өр зээлтэй болсон, банкинд өртэй байна. Байнгын айдас түгшүүртэй болсон. Хавар болоод тэр үү толгой өвдөөд, бие өвдөөд байна. Шүүгдэгч хохирол төлбөрөө барагдуулаагүй. Эхэндээ гар өвддөг байгаад дараа нь толгой өвддөг болсон. Гар хугалсан, ажлаа хийж амьдралаа авч явдаг гар минь гэмтсэн. Нэг цохисон бол яахав, гэтэл арай хэрцгийгээр зодсон.

            Өглөө гол дээр гүйж байгаад бие засах гээд бургас руу очсон.  Тэгээд бие засаад сууж байгаад хэсэг зуур өндийж  хартал энэ хүн ард төмөр бариад зогсож байсан. Сандраад би боссон. Би эргэж хараад унаагүй, хэрэв унасан бол намайг хүчиндээд, алаад гол руу хаячих байсан ч юм уу би сайн мэдэхгүй байна. Цустай хувцастай далан дээр гараад, хувцсаа мушгихад цус урсаж байсан. Эмнэлэг дээр очиход Ганбат эмч үзээд “энэ хүн галзуурсан байна, шоконд орсон байна, гар хуруу нь яачихсан юм бэ” гээд сандарч байсан. Би маш их гомдолтой байна.

Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд нийт 10000000 төгрөг нэхэмжилж байна. Үүнээс шүүгдэгч Баттөрийн төлсөн 500000 төгрөгийг хасаж, үлдэх 9500000 төгрөгийг хурдан гаргуулж авахыг хүсэж байна. Би энэ гэмтлээс болж орлого олж чадахгүй болсон болохоор эмчилгээгээ хийлгэж чадахгүйд хүрээд байна гэв.

Шинжээч эмч Н.Уянга шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Б.Г-н биед зулайн баруун хэсэгт ташуу байрлалтай 4 см урт мэс заслын оёдол бүхий язарсан шархтай, баруун бугалганы доод хэсэг шуу, сарвуунд нилэнхүйдээ гөлтгөнөн боолттой, хөдөлгөөн хязгаарлагдсан байсан. Биед өөр харагдах гэмтэл байгаагүй. Шинжээч эмчийн хувьд үзээд 296 тоот дүгнэлтийг гаргасан.

Шүүх эмнэлгийн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар тогтоогдсон баруун шуу, баруун сарвууны 4, 5-р шивнүүр ясны далд хугарал гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, 2.4.1-д зааснаар зулайн язарсан шарх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.

Энэ гэмтэл нь амь насанд аюултай биш учраас “хүндэвтэр”-ээс дээш гэмтлийн зэрэг тогтоогдох боломжгүй. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан гэдгээр хүндэвтэр зэрэгт хамаарч байгаа юм. Эмчилгээгээ тогтмол хийлгэсэн нөхцөлд эдгэрэх боломжтой гэж үздэг юм гэв.

Гэрч Л.Гарав мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 05 сарын 22-ны өглөө 07 цагийн орчимд Бумчин, Жавзандулам нарын хамт 3-уулаа явж байхад хэсэг бургасны зүүн урд захад нэг эмэгтэй хүн суугаад бие засах гэж байгаа бололтой харагдсан. Бид 3 далангийн баруун тал руу орж алхаж явахдаа хальт харахад нөгөө эмэгтэй хүн биднийг чиглээд “туслаарай” гээд гүйж байсан ба ард нь хар хөх өнгийн малгайтай цамцтай эрэгтэй хүн цаашаа эргээд бургасны цаагуур орж байгаа харагдсан. Бид 3 далангийн баруун талаар ороход нөгөө эмэгтэй хүн бахираад далан дээр гарч ирээд бидэнд хандаж “туслаач, толгойгоо хагалуулчихлаа, намайг хүн зодчихлоо” гэж хэлсэн. Тэр хүүхэн рүү очиход толгойноос нь цус гарч нүүр ам руу нь урссан байдалтай, баруун гар хугарчих шиг боллоо гэж хэлсэн...Араас нь хөөж яваа хүн хар өнгийн малгайтай цамц, биеийн тамирын хувцастай, дунд зэргийн нуруутай, махлаг эрэгтэй хүн байсан...” гэжээ. /хх 23/

Гэрч О.Бумчин мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Далангийн урд үзүүрт хойшоо чигтээ алхаж явахад зүүн хойд талд нэлээд зайтай байдаг хэсэг бургасны зүүн урд захад нэг эмэгтэй хүн суугаад бие засах гэж байгаа бололтой харагдсан. Бид гурав далангийн баруун талаар ороход нөгөө эмэгтэй хүн бахираад далан дээр гарч ирсэн. Бидэнд хандаж, “туслаач, толгойгоо хагалуулчихлаа, намайг хүн зодчихлоо” гэж хэлсэн...Тэр хүүхний толгойноос цус гарч нүүр ам руу нь урсчихсан байсан...” гэжээ  /хх 24/

Гэрч Г.Хүдэрчулуун мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 05 сарын 22-ны өглөө 07-08 цагийн орчим эргэн тойрон тараасан хогоо цэвэрлэж байтал хойд талд эмэгтэй хүн “аллаа, авраарай” гэж гуйж бахирах чимээ дуулдсан. Би бургас дотроос хойшоо гарч харахад хойд далангийн зүүн талд 40 гаран насны эмэгтэй хүний толгойноос цус гарчихсан, гараараа толгойгоо бариад явган сууж байсан. Хажууд нь очоод “юу болсон бэ эгчээ” гэхэд “бие засаж байхад араас нэг эрэгтэй хүн гарч ирээд төмрөөр толгой руу олон удаа цохиод зугтаачихлаа” гэж хэлсэн. Тэр үед далан дээр салхилаад явж байсан 3 эмээ гарч ирэхээр нь тэд нар руу очиж хажууд нь орхиод “таныг цохисон хүн ямар хүн байсан бэ, хаашаа явсан бэ” гэхэд, тэр эгч “хар хөх юүдэнтэй цамцтай, улаан өмдтэй эрэгтэй хүн зүүн хойд талын бургас чигтээ явсан” гэж хэлсэн. Араас нь явах гэтэл 3 эмээ “наад хүн чинь гартаа төмөртэй байгаа, хутгатай байж магадгүй бургас руу ганцаараа битгий ороорой” гэж хэлэхээр нь бургас руу оролгүй бургасны захаар зүүн хойшоо явж байгаад харагдахгүй байхаар нь эргэж далан руу нөгөө эгч рүү очоод 102 руу дуудлага өгсөн...” гэжээ. /хх 21/

Гэрч Д.Долгор мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би эмнэлэг дээр очиход Г-н толгойноос нь цус гараад олон оёдол тавиулчихсан, баруун гарын ядам, чигчий хуруу, шуу нь хугарсан, айж сандарсан байдалтай байсан. Түүнээс асуухад бургасны хажууд бие засаад байж байтал араас нь гартаа төмөр барьсан хүн гарч ирээд зугатаахад хөөж төмрөөр цохиж зодсон. Зодсон хүнийг танихгүй, хар нүдний шилтэй, хар хөх өнгийн юүдэнтэй малгайтай цамцтай хүн байсан. Царайг нь сайн хараагүй, айж сандраад зугатаасан гэж хэлсэн...” гэжээ. /хх-ийн 26/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 05 сарын 23-ны өдрийн 296 тоот дүгнэлтэд: “1.Б.Г-н биед баруун шуу, баруун сарвууны 4, 5-р шивнүүр ясны далд хугарал, зулайд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3.Шүүх эмнэлгийн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар тогтоогдсон баруун шуу, баруун сарвууны 4,5-р шивнүүр ясны далд хугарал гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, 2.4.1-д зааснаар зулайн язарсан шарх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэжээ. /хх 35/

Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2017 оны 06 сарын 20-ны өдрийн дүгнэлтэд: “1.Т.Б нь сэтгэцийн хувьд эрүүл. 2.Т.Б нь өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгох чадвартай. 3.Т.Б нь хэрэг хариуцах чадвартай” гэжээ. /хх 39/

Хэрэгт цугларсан бичмэл бусад нотлох баримтанд: Гэрч Д.Жавзандулам /хх 25/, Г.Бор /хх 27/, Г.Сэргэлэн-Од /хх 31/, Ж.Энхжаргал /хх 32/, Б.Алтанзагас /хх 28/, Э.Батгэрэл /хх 29/, Н.Эрдэнэсайхан /хх 30/ нарын болон хохирогч Б.Г-ийн /хх 17-20/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 8-11/, Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 11-13/, Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх 16/, Яаралтай тусламжийн хуудас /хх 36/, Хохирогчийн шүүх хуралдаанд өгсөн гарын рентген зураг 3ш /задгай/, Хохирогчийн эмчилгээний болон бусад зардлын баримтууд /хх 163-180/, Хохирол төлсөн талаархи баримт /хх 135/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх 14-15/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 69/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Т.Б нь согтуурсан үедээ 2017 оны 05 сарын 22-ны өдрийн өглөө 07 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн нутаг “Найрамдал” паркын зүүн урд Хэрлэн голын эрэг дээр ямар ч шалтаг шалтгаангүйгээр төмрөөр хохирогч Б.Г-н баруун гар болон толгойн тус газарт цохиж түүний эрүүл мэндэд “баруун шуу, баруун сарвууны 4, 5 дугаар шивнүүр ясны далд хугарал, зулайд язарсан шарх бүхий” хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, дараах:

Үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлгийг давхар нотолсон, болсон үйл баримт /факт/-ыг эх сурвалжаа зааж, тогтвортой мэдүүлсэн хохирогч Б.Г-н мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн "...2017 оны 05 сарын 22-ны өдрийн өглөө 06:30 минутын орчим...хэсэг бургасны захад бие засаад өндийхөд 1 ширхэг нарийхан урт төмөр хоёр гартаа барьчихсан эрэгтэй хүн ард гэтсэн байдалтай ирж байгаа харагдсан...Бие засаад босож байсан учраас сандраад бахирч баруун урагш чигтээ зугтаасан Тэр хүн араас гүйцэж ирээд гартаа барьсан төмрөөрөө завсар зайгүй гар, толгой руу цохиж зодоод байсан...Тэр үед далангийн баруун талд настай 3 эмэгтэй явж байхаар нь “амь авраарай” гэж хашгирсан...” /хх 18-20/ гэх,

Болсон үйл явдлыг нүдээр харсан гэрч Л.Гаравын мөрдөн байцаалтад өгсөн “... Бид 3 далангийн баруун тал руу орж алхаж явахдаа хальт харахад нөгөө эмэгтэй хүн биднийг чиглээд “туслаарай” гээд гүйж байсан ба ард нь хар хөх өнгийн малгайтай цамцтай эрэгтэй хүн цаашаа эргээд бургасны цаагуур орж байгаа харагдсан. Бид 3 далангийн баруун талаар ороход нөгөө эмэгтэй хүн бахираад далан дээр гарч ирээд бидэнд хандаж “туслаач, толгойгоо хагалуулчихлаа, намайг хүн зодчихлоо” гэж хэлсэн. Тэр хүүхэн рүү очиход толгойноос нь цус гарч нүүр ам руу нь урссан байдалтай “баруун гар хугарчих шиг боллоо” гэж хэлсэн... Араас нь хөөж яваа хүн хар өнгийн малгайтай цамц, биеийн тамирын хувцастай, дунд зэргийн нуруутай, махлаг эрэгтэй хүн байсан...” /хх 23/ гэх,

Тухайн цаг хугацаанд хохирогч бусдад зодуулсан байдалтай байсан болон шүүгдэгчийг өмсөж явсан хувцас, гадаад төрхөөр нь таньж олсон болон үйл баримтыг мэдүүлсэн гэрч Г.Хүдэрчулууны мөрдөн байцаалтад өгсөн “...2017 оны 05 сарын 22-ны өглөө 07-08 цагийн орчим...эргэн тойрон тараасан хогоо цэвэрлэж байтал хойд талд эмэгтэй хүн “аллаа, авраарай” гэж гуйж бахирах чимээ дуулдсан. Би бургас дотроос хойшоо гарч харахад хойд далангийн зүүн талд 40 гаран насны эмэгтэй хүний толгойноос цус гарчихсан, гараараа толгойгоо бариад явган сууж байсан. Хажууд нь очоод “юу болсон бэ эгч ээ” гэхэд, “бие засаж байхад араас нэг эрэгтэй хүн гарч ирээд төмрөөр толгой руу олон удаа цохиод зугтаачихлаа” гэж хэлсэн...Би “хар хөх өнгийн юүдэнтэй цамц, улаан биеийн тамирын өмдтэй хүн мөн үү” гэхэд, “мөн мөн” гэсэн...” /хх 21-22/ гэх, гэрч Д.Жавзандулам /хх 25/, Г.Сэргэлэн-Од /хх 31/ нарын мэдүүлгүүд,

Хохирогч Б.Г-н эрүүл мэндэд учирсан “баруун шуу, баруун сарвууны 4, 5 дугаар шивнүүр ясны далд хугарал, зулайд язарсан шарх” бүхий хүндэвтэр хохирол нь гэмт хэрэг гарсан тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл болох талаар дүгнэсэн 296 тоот шинжээчийн дүгнэлт /хх 35/, Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 8-11/, Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 11-13/, Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх 16/, Яаралтай тусламжийн хуудас /хх 36/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.Б-ийн үйлдсэн гэмт хэрэгт Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоосон байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Т.Б нь уг гэмт хэргийг 2017 оны 05 сарын 22-ны өдөр үйлдсэн байх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулсан ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасны дагуу шүүгдэгчид холбогдох хэргийг 2015 оны 12 сарын 03-ны өдрийн шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь зөв байна.

Хохирогчийн өмгөөлөгч З.Нямсүрэн, хохирогч Б.Г нар шүүхийн хэлэлцүүлэгт “...Шүүгдэгч Т.Б нь урьд өмнө удаа дараа хүчингийн гэмт хэрэг үйлдэж байсан. Түүний хувийн байдлыг хэрэгт хангалтгүй тогтоосон байна. Хохирогчийг хүчиндэх, алах санаа зорилго байсныг ч үгүйсгэх боломжгүй юм. Хохирогчийг тохуурхан доромжилж, бие махбодын болон сэтгэл санааны шаналал зовиур үүсгэсэн байхад зүйлчлэлийг буруу хэрэглэж байна...” гэж мэтгэлцжээ.

Шүүхээс, дээрх мэтгэлцээнд дурдагдсан үндэслэлийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Учир нь хавтаст хэргийн 28-29, 32, 65-92 хуудсанд шүүгдэгч Т.Б-н хувийн байдлыг тогтоосон баримтууд байх ба түүний хувийн байдлыг хэрэгт тогтоосон байна гэж үзэх үндэстэй байна. Нөгөө талаар хувийн байдал нь шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх үзүүлэлт болох ба гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй юм.

Түүнчлэн шүүгдэгч Т.Б-ийн 2017 оны 05 сарын 22-ны өдөр ямар ч шалтаг шалтгаангүйгээр танхайрсан гэмт хэрэг нь 2015 оны 12 сарын 03-ны өдрийн шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулиар зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрсан үйлдлийг дангаараа үйлдснийг гэмт хэрэгт тооцохгүй болсон бөгөөд бусдын бие махбодид хөнгөн, хүндэвтэр гэмтэл учруулсан бол Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн аль тохирох хэсгээр зүйлчлэхээр зохицуулсан байна.

Мөн хохирогчийг тохуурхан доромжилж, бие махбодын болон сэтгэл санааны шаналал зовиур үүсгэсэн байх нөхцөл байдал хавтаст хэрэгт тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Харин хохирогчийн эрүүл мэндэд “баруун шуу, баруун сарвууны 4, 5 дугаар шивнүүр ясны далд хугарал, зулайд язарсан шарх” бүхий хүндэвтэр хохирол учирсан нь шүүгдэгч Т.Б-ийн төмрөөр цохиж ороолгосон гэм буруугийн шууд санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой гэж үзнэ.

Энэ хэрэгт цугларсан нотлох баримтууд болон холбогдуулан гарсан шинжээчийн дүгнэлт нь өөр хоорондоо хамааралтай, хэрэг явдлын гол фактыг тогтооход ач холбогдол бүхий, бодитой, эргэлзээгүй байна гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч Т.Б-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Хохирогч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт “...Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд шүүгдэгчээс 10000000 төгрөг нэхэмжилнэ. Холбогдох баримтыг хэрэгт өгсөн байгаа. Харин нэхэмжлэлээс шүүгдэгчийн төлсөн 500000 төгрөгийг хасаж тооцоод, үлдэх 9500000 төгрөгийг гаргуулж эмчилгээгээ хийлгэхийг хүсэж байна...” гэжээ.

Шүүх, иргэний нэхэмжлэлийн үндэслэл, нотлогдсон байдлыг хавтаст хэргийн хэмжээнд шинжлэн судалж дүгнэвэл, хохирогч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд ирүүлсэн хохирлын нотлох баримтаар нийт 980000 төгрөгийн хохирол /хурууны ялтасны үнэ 380000 төгрөг, гар хөдөлгөөнгүйгээс бусдыг цалинжуулж ажиллуулсан 2 сарын хөлс 600000 төгрөг/ бодитой учирсан нь холбогдох баримт /хх 168,180/-аар, мөн гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд шүүгдэгч нь хохирогчид 500000 төгрөг төлсөн болох нь хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/, Хохирол төлсөн талаархи баримт /хх 135/ зэргээр тус тус нотлогдож байна.

Иймээс хохирогчийн нийт нэхэмжилсэн 10000000 төгрөгөөс нотлох баримт хангагдсан 980000 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээр төлүүлэх үндэстэй боловч шүүгдэгчийн төлсөн 500000 төгрөгийг хасаж, үлдэх 480000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Харин хохирогчийн нэхэмжлэлээс бариачид бариулсны төлбөрийн 1875000 төгрөгийн сар, хоног, мөнгөн дүн зөрүүтэй, нотлох баримтыг хуульд заасан шаардлага хангаж ирүүлээгүй, мөн 5625000 төгрөгийн нэхэмжлэлийн нотлох баримтыг шүүхэд огт ирүүлээгүй тул нийт 7500000 төгрөгийн нэхэмжлэлийг энэ тогтоолоор эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй орхих нь зүйтэй гэж үзлээ. Мөн лангууны түрээс 1980000 төгрөг, татварын 40000 төгрөг, нийт 2020000 төгрөгийг шүүгдэгчээр төлүүлэх хууль зүйн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Т.Б нь энэ хэрэгт 2017 оны 05 сарын 23-ны өдрөөс 2017 оны 06 сарын 05-ны өдөр хүртэл цагдан хоригдсон байх тул түүний эдлэх ялд оруулан тооцох үндэстэй байна.

Шүүгдэгч Т.Б нь хохирогчид төлөх төлбөртэй байдлыг харгалзан түүний эзэмшлээс АВ2366837 серийн дугаартай 10000 төгрөг битүүмжилсэн 2017 оны 06 сарын 22-ны өдрийн мөрдөн байцаагчийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол-ыг хэвээр үлдээж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Т.Б-ийн өмсөж явсан хар, хөх өнгийн малгайтай цамц 1 ширхэг, улаан хүрэн өнгийн биеийн тамирын цамц 1 ширхэг, хар өнгийн хуванцар нүдний шил зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож, баримт бичгээр ирүүлсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-г 720 /долоон зуун хорин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-н цагдан хоригдсон 13 хоногийг, цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож эдлэх ялаас хассугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Т.Б-д анхааруулсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураан авсан шүүгдэгч Т.Б-ийн өмсөж явсан хар, хөх өнгийн малгайтай цамц 1 ширхэг, улаан хүрэн өнгийн биеийн тамирын цамц 1 ширхэг, хар өнгийн хуванцар нүдний шил зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгож, түүний эзэмшлээс АВ2366837 серийн дугаартай 10000 төгрөг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол”-ыг хэвээр үлдээж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн ....... регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Т.Б-с бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсны төлбөрт 480000 төгрөг гаргуулж, Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн ..... дугаар байрны ..... тоотод оршин суух, хохирогч Б.Г /......./-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2020000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 7500000 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй орхисон болохыг хохирогчид мэдэгдсүгэй.  

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.     

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Ү.ОДГЭРЭЛ