| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 104/2020/00435/И |
| Дугаар | 210/МА2021/00472 |
| Огноо | 2021-03-12 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 210/МА2021/00472
А.Аын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 сарын 08-ны өдрийн 104/ШШ2020/00474 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А.Аын хариуцагч С СӨХ-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.А, хариуцагчийн төлөөлөгч Г.Сэргэлэн, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: А.А нь 2019 оны 02 сарын 01-ний өдөр Налайх дүүргийн С СӨХ-д байцаагч, няраваар ажилд орсон. Ажил үүргийн хувьд, тухайн СӨХ-д хамаарах 200 гаруй айл, өрхөөс сар бүр 10 000 төгрөг хурааж, СӨХ-ны дансанд төвлөрүүлдэг. Мөн оршин суугчдаас гаргасан санал хүсэлтийг хүлээн авч, ажлаа сайжруулах тал дээр анхаарч ажиллахыг СӨХ-ны дарга Г.Сэргэлэнд хэлдэг ч хүлээж авдаггүй, бид хоорондоо хувийн таарамжгүй харилцаатай болсон. 2020 оны 09 сарын 03-ны өдөр үйлчлэгч нар цэвэрлэгээний материал өгөөгүй гэх шалтгаанаар цэвэрлэгээ хийгээгүй 3 хоносон байсан. Энэ талаар Г.Сэргэлэнд хэлэхэд дахиад 3 хоног хүлээ гэсэн тул маргасан. Ингээд 2020 оны 09 сарын 04-ний өдөр ажилдаа ирэхэд Г.Сэргэлэн ажлаас халсан гээд хөөсөн. Тухайн үед ажлын байрыг цөөрүүлээгүй байсан. Шүүхэд өгөх гэж СӨХ-ны төлөөлөн удирдах зөвлөлөөр ийм шийдвэр гаргуулсан байх. Г.Сэргэлэнгийн гаргасан эвлэрэхийг саналыг зөвшөөрөхгүй. Учир нь 2020 онд нягтлан бодогчийн мэргэжил эзэмших боломж байхгүй, нягтлан хийхгүй.
Иймд С СӨХ-ны нярав, байцаагчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч тал хариу тайлбартаа: А.Аыг нас тогтсон, өмнө нь удирдах ажил хийж байсан болохоор ажилд авсан. Гэтэл хүмүүстэй нийцэж ажиллах чадваргүй, зан харилцааны доголдолтой, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, ажилдаа шударга бус, хайнга хандах зэрэг зөрчил гаргах болсон. Тухайлбал, өөрийн компьютерыг СӨХ-нд худал хэлж үнэ хүргэж зарсан, дэлгүүрээс авсан бараанд илүү үнэ бичүүлсэн, 2020 оны 03 сард ажилтай нь холбогдуулан тавьсан шаардлагыг эсэргүүцэн маргасан, 2020 оны намар СӨХ-ны ажилчдын зугаалгын үеэр архи ууж агсам тавьж, Г.Сэргэлэнгийн хоолойг шахан унагааж байсан. Гэтэл 2020 оны 09 сарын 03-ны өдөр 2 үйлчлэгч нарыг ажлаа хийж чадахгүй байна гэж уурласан. Мөн намайг ажлаа хийж чадахгүй бол зайл гээд цамцны зах урж, товч тасалж танхайрсан. Энэ үйлдлийг үйлчлэгч н.Оюунбилэг, н.Сэржлхам нар хориглож зогсоосон. Энэ талаар цагдаад мэдэгдсэн. Цагдаа А.Аод 100 000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан. А.Аын талаарх гомдол оршин суугчдаас байнга ирэх болсон. Иймд ажил мэргэжилдээ тэнцэхгүй юм байна гэж үзсэн. Үүнээс гадна танхайрах зөрчлийг удаа дараа гаргасан. Мөн оршин суугчид хураамжаа төлөхгүй байгаа тул хүн цалинжуулах боломжгүй болсон. Иймээс СӨХ-ны төлөөлөн удирдах зөвлөлд орон тоог цөөрүүлэх санал гаргасныг зөвшөөрч шийдвэрлэсэн. Одоо нярав, байцаагчийн ажлыг нягтлан бодогч хавсарч хийж байгаа. Иймд А.Аыг нярав, байцаагчийн ажилд эгүүлэн авах боломжгүй. Энэ асуудлыг СӨХ-ны төлөөлөн удирдах зөвлөл шийдвэрлэнэ. Харин нягтлан бодогч удахгүй ажлаасаа гарах гэж байгаа тул А.А 2020 онд нягтлан бодогчийн дамжаанд сууж мэргэжилтэй болвол 2021 онд нягтлан бодогч, нярав, байцаагчийн ажилд авах боломжтой. Гэтэл нэхэмжлэгч А.А уг эвлэрэх саналыг хүлээн авахгүй гэж байгаа тул шүүхээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.
Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч А.Аыг С СӨХ-ны байцаагч, няравын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч А.Аын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл төлсөн тухай нөхөн бичилт хийхийг хариуцагч С СӨХ-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч А.А улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч С СӨХ-ноос улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулахаар шийдвэрлэжээ.
Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хариуцагч талын гаргасан тайлбар болон бодит байдлыг тал бүрээс нь нарийн нягталж анхаарч үзээгүй. Ажлаас халагдсан А.Аын бодит байдал нь "С" СӨХ-ны дотоод журам болон ажил үүргийн хуваарьт заасан ажил үүргээ зохих журмаар нь хийж биелүүлдэггүй, санаачилга гарган ажиллах сонирхол байдаггүй, шаардлага тавихаар эсэргүүцэж, хэл үгээр доромжлох нягтлан болон захирлын зүй ёсны шаардлагыг эрс эсэргүүцэж тэдгээрийн нэр хүндэд нь цахимаар халдах болон цахим сүлжээг ашиглаж хуурамч хаяг үүсгэн ашиглаж СӨХ-ны хийсэн ажлуудыг үгүйсгэх гутаан доромжлох зорилгоор эсрэг үйл ажиллагаа явуулж дэндүү увайгүй ааш авир үйлдэл гаргадаг нь илт нөлөөлсөн. Хариуцагч талаас холбогдох баримтуудыг гаргаж өгөөгүйгээс болж шүүхээс нэхэмжлэгчийн талд шийдвэр гаргасан нь СӨХ ажлаа хэвийн үр дүнтэй явуулахад дахин муугаар нөлөөлөхөд хүргэж байна гэж үзэж байна.
Нөгөө талаар СӨХ нь төсөв санхүүгийн боломжгүй нөхцөл байдалд тулгуурлан нийт оршин суугчдын дундаас томилогдсон Удирдах зөвлөлийн гишүүдийн 2020 оны 10 сарын 06-ны өдрийн 10 тоот тогтоолоор СӨХ-ны орон тоог цөөрүүлж мэргэжлийн нягтлан бодогч хүнийг дангаар ажиллуулах нь зүйтэй гэж тогтоол гаргасан байна. Энэ тогтоол нь гүйцэтгэх захирлын ажил үүрэг, эрх мэдэлд огт хамааралгүй. А.А нь санхүү нягтлан бодохын мэргэжил, мэдлэггүй учир ажиллуулах бодит боломж байхгүй. Энэ талаар шүүхэд холбогдох баримтыг гарган өгч тайлбарласан боловч шүүх анхаарч хүлээж аваагүй.
Иймд А.Атой холбоотой нотлох баримтыг гарган өгч мэтгэлцэх зарчмаар хангаж шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон буцааж дахин бодит байдалд тулгуурлан шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй.
Нэхэмжлэгч А.А нь хариуцагч С СӨХ-д холбогдуулан урьд эрхэлж байсан байцаагч, няравын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 1-5, 17-18/
Хэрэгт авагдсан С СӨХ-ны захирлын 05/19 тоот, 20/10 тоот тушаал, зохигчдын тайлбараас үзвэл, нэхэмжлэгч А.А нь хариуцагч С СӨХ-нд 2019 оны 12 сарын 05-ны өдрөөс 2020 оны 09 сарын 08-ны өдөр хүртэл нэг сарын 420 000 төгрөгийн цалинтай, байцаагч, няравын ажлыг гүйцэтгэж байсан үйл баримт тогтоогдсон. /хх 7, 8/
Талууд хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй байх боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар уг гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэг нь ажил олгогчийн буюу С СӨХ-ны хүлээх үүрэг тул энэхүү үүргээ биелүүлээгүй нь талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн харилцааг үгүйсгэх үндэслэл болохгүй тухай анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.
Түүнчлэн, нэхэмжлэгчийг ажлаас халсан ажил олгогч С СӨХ-ны 2020 оны 09 сарын 08-ны өдрийн 20/10 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4-т заасныг баримталсан байх боловч ажилтан А.А нь өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлээгүй, байгууллага, удирдлагын нэр хүндэд халдсан үйлдэл зөрчлийг удаа дараа гаргасан гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна./хх 8/
Тодруулбал, А.А нь мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалд тэнцэхгүй болсныг ажил олгогчийн зүгээс тогтоогоогүй, энэ үндэслэлээр ажлаас халах тухайгаа нэг сарын өмнө мэдэгдэх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дах хэсэгт заасан журмыг баримтлаагүй тул ажил олгогч ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. Мөн өмнө нь сахилгын зөрчил гаргаж, арга хэмжээ авагдсан талаар тайлбарлах боловч үүнийг нотлох баримт хэрэгт авагдаагүй, ажил олгогч болон ажилтан нар хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй буюу хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчлийг гэрээгээр тохиролцоогүй байна.
Иймд нэхэмжлэгч А.Аыг урьд эрхэлж байсан С СӨХ-ны байцаагч, няравын ажилд эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй юм.
Хариуцагч талаас нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг баримтаар нотлох боломжоор хангаж хэргийг дахин хэлэлцүүлэх, тус СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2020 оны 10 сарын 06-ны өдрийн 10 дугаар тогтоолоор байцаагч, няравын ажлыг нягтлан бодогчоор хавсран гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй. Энэхүү үүргээ хэрэгжүүлэхэд шүүхээс саад болсон нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул энэ үндэслэлээр гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. Түүнчлэн, С СӨХ-ны Удирдах зөвлөлийн 10 дугаартай тогтоол нь талуудын хооронд шүүхэд маргаан үүссэнээс хойш буюу 2020 оны 10 сарын 06-ны өдөр гарсан байх тул тухайн тогтоолыг 2020 оны 09 сарын 08-ны өдрийн ажлаас халсан тушаалын талаарх маргаанд хамааруулан ойлгох боломжгүй юм.
Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтаар нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалган шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч А.А нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа байцаагчийн ажилд эгүүлэн тогтоолгох гэж тодорхойлсон байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг шаардлагаа өөрчилсөн, нэмэгдүүлсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Анхан шатны шүүх нэхэмжлэгч А.Аоос шүүхэд хандаж гаргаагүй шаардлагыг шийдвэрлэсэн нь уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч талуудын мэтгэлцэх зарчмыг зөрчсөн гэж үзэхээр байна.
Хэдийгээр зохигчдын хэн алины зүгээс дээрх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаагүй боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэх талаар хуульчлан тогтоосон байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, үүнтэй холбогдуулан 3, 4, 5, 6, 7 дахь заалтын дугаарлалтыг өөрчлөх шаардлагатай байна.
Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 сарын 08-ны өдрийн 104/ШШ2020/00474 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, 3 гэснийг 2 гэж, 4 гэснийг 3 гэж, 5 гэснийг 4 гэж, 6 гэснийг 5 гэж, 7 гэснийг 6 гэж тус тус дугаарлан өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Д.НЯМБАЗАР