Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 149/ШШ2025/00068

 

 

2025 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 149/ШШ2025/00068

Сэлэнгэ аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, *******ны Зүүнхараа салбарын хүсэлттэй

 

Зээлдэгч А.Амарзаяа, Н.******* нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баасансүрэн, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баттөгөлдөр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баасансүрэн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч А.Амарзаяа, Н.******* нар нь *******ны Зүүнхараа салбараас 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 7,000,000 төгрөгийг жилийн 14.4% хүүтэй, 30 сарын хугацаатай цалингийн зээлийн нөхцөлөөр авсан. Зээлээ хугацаа хэтрүүлээд 304 хоног болсон ба зээлдэгч нартай холбоо барьж чадахгүй, хаана байгаа нь тодорхойгүй, олдохгүй байна. Тухайн үед тэдний оршин сууж байсан хаяг нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг Улиастайн №50 тоот байсан. Уг хаягт очихоор хашаа, байшингаа зараад Турк улс руу явсан сурагтай байгаа юм. *******ны зүгээс А.Амарзаяа, Н.******* нартай 95502862 дугаарын утсаар, ээжийнх нь 95978793 дугаарын утсаар, хадмынх нь 99918555 дугаарын утсаар нь тус тус холбогдож байсан боловч одоо холбоо барьж чадахгүй байна. Иймд А.Амарзаяа, Н.******* нарыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

*******ны Зүүнхараа салбар нь зээлдэгч А.Амарзаяа, Н.******* нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

 

/МЗ87081617/ Боржигин овогт Амаржаргалын Амарзаяа, /ВЙ93051401/ Харчин овогт Нямдоржийн ******* нар нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг Улиастайн №50 тоот хаягт амьдарч байсан боловч одоогоор уг хаягтаа байхгүй, оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа ба иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцох шаардлагатай байх тул зээлдэгч нарыг эрэн сурвалжлах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг Улиастайн №50 тоотод оршин суух хаягтай, //МЗ87081617/ Боржигин овогт Амаржаргалын Амарзаяа, /ВЙ93051401/ Харчин овогт Нямдоржийн ******* нарыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар А.Амарзаяа, Н.******* нарыг эрэн сурвалжлах тэдний оршин байгаа газрыг олж тогтоохыг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчийн Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.2. 

 

 

           

 

  

ДАРГАЛАГЧ                                 Б.АЛТАНЦЭЦЭГ