| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 103/2020/00656/И |
| Дугаар | 210/МА2021/00473 |
| Огноо | 2021-03-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 210/МА2021/00473
А Ө Б ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 сарын 14-ний өдрийн 103/ШШ2021/00021 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А Ө Б ХХК-ийн хариуцагч Г.О, Л.Б нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт нийт 5 092 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч болон хариуцагч Л.Б нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Оюунцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Г.О, Л.Б нар нь А Ө Б ХХК-аас 2019 оны 02 сарын 28-ны өдөр өөрийн өмчлөлийн Тоёота Сиента /Toyota Seinta/ маркийн БРА 66-48 улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалан 4 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлж, 487 тоот зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний эргэн төлөлт удааширч, зээлдэгч нар нь гэрээгээр тохирсон хугацаандаа төлбөрөө төлөөгүй учир талууд харилцан тохиролцож 487 тоот зээлийн гэрээг 2019 оны 08 сарын 28-ны өдрөөс 2019 оны 11 сарын 28-ны өдрийг хүртэл 3 сараар сунгалт хийсэн, мөн зээлдэгч 2019 оны 11 сарын 14-ний өдөр зээл төлөөгүй шалтгаанаа бичгээр гаргаж өгсөн бөгөөд дахин зээлийн гэрээг 2019 оны 11 сарын 28-ны өдрөөс 2020 оны 06 сарын 28-ны өдрийг хүртэл 8 сарын хугацаатай сунгасан.
Нийт төлөх хүүгийн хэмжээ 2 400 000 төгрөг, үүнээс зээлдэгч нар 2019 оны 03 сарын 30-ны өдөр 160 000 төгрөг төлсөн. Төлөөгүй хүүгийн хэмжээ 2 240 000 төгрөг болж байна. Зээлийн гэрээний 1 дэх хэсгийн 6-д зээлийн гэрээний хугацаа дууссан тохиолдолд хоног тутамд биелүүлээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тохиролцсон. Зээлийн гэрээний хугацаа 2020 оны 06 сарын 28-ны өдрөөр дуусгавар болж 2020 оны 09 сарын 21-ний өдрийг хүртэл нийт 85 хоног байна. Нийт 6 240 000 төгрөгийн зээлийн үүргийн 0.5 хувь нь 31 200 төгрөг, хүү 2 240 000 төгрөг, алданги 2 652 000 төгрөг, нийт 8 892 000 төгрөг, зээлдэгчийн барьцаалсан Тоёота Сиента /Toyota Seinta/ маркийн БРА 66-48 улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь төлбөрийн шаардлагыг бүрэн хангаагүйг Г.О мэдэж байгаа бөгөөд барьцааны авто машиныг 3 800 000 төгрөгөөр 2020 оны 09 сарын 21-ний өдөр зарсан болно. Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.7-д заасан эрж хайх зардал, тээврийн хэрэгслийг хадгалах зардлыг нэхэмжлээгүй болно.
Иймд Г.О, хамтран зээлдэгч Л.Б нараас 5 092 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.О хариу тайлбартаа: 2019 оны 02 сарын 28-ны өдөр А Ө Б ХХК-д өөрийн өмчлөлийн Тоёота Сиента /Toyota Seinta/ маркийн БРА 66-48 улсын дугаартай авто машинаа барьцаалж 4 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэй зээлсэн. Эхний хүү болох 160 000 төгрөгийг төлснөөс хойш төлбөр хийгээгүй. Миний бие хагалгаанд орсон, өвчтэй байсны улмаас цалингийн зээлийн төлбөрийн өр үүссэн болохоор гарт бэлэн мөнгө цалин авч чадахгүй байсан. Өрөө төлж чадахгүй улам хүнд болж байсан тул удаа дараа очиж уулзаж хүүг зогсоох төлбөрөө төлөх арга гаргалгаа хайж байсан ч шийдэлд хүрч чадаагүйгээр барахгүй төлбөрийн дүн нэмэгдсээр байсан. А Ө Б ХХК-д 1 удаа очиход яагаад төлж чадахгүй байгаа талаар тайлбар бичүүлж, хоёр гэрээнд гарын үсэг зуруулсан. Энэ гэрээнүүд нь тодорхой хугацаа болон бусад зүйлс бичигдээгүй хоосон байсан тул асуухад гэрээний нөхцөлд зааснаар гэрээний хугацаанд алданги 0.3 хувиар бодогдож танд төлөх үнийн дүн бага гарна гэсэн тайлбар хэлсэн учир надад тухайн үедээ ашигтай юм байна гэж бодоод гарын үсэг зурсан. Дараа нь очиж уулзаж хүүгээ зогсоох боломжгүй болохоор төлбөр төлөх нөхцөл ярилцаж тохирч машинаа авахаар болж бичгээр гэрээ байгуулан сар бүр 500 000 төгрөгөөр 4 удаа төлж, үлдэгдлийг нь бөөнд нь төлж дуусгахаар тохиролцсон. Уг төлөх хугацаанд гэрээгээ зөрчвөл машин зарах тухай тусгасан. Тэр гэрээнд машинаа хүлээж авсан гэж гарын үсэг зурсан. 11 800 000 төгрөгийн үнэтэй автомашины 30 хувийг төлж лизингээр 3.5 хувийн хүүтэй төлж авсан автомашин учраас автомашинаа авах хүсэлтэй байсан боловч автомашин хурааж зарсан тул төлбөрийг төлөх ёсгүй гэж үзэж байна гэжээ.
Хариуцагч Л.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Тус компаниас мөнгө аваагүй. Нэг удаа зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. А Ө Б ХХК нь 11 800 000 төгрөгөөр худалдаж авсан автомашиныг надад хэлээгүй татгалзсаар байтал 3 800 000 төгрөгөөр зарсан байдаг. Ингээд 4 000 000 төгрөг зээлээд 10 000 000 гаруй төгрөгөөр худалдаж авсан автомашинаа зээлийн барьцаанд хураалгаж заруулаад нэмээд 5 000 000 гаруй төгрөг шүүхэд нэхүүлж байгаад гомдолтой байна. Үүнийг шударга ёсонд нийцэхгүй гэж үзэж байна. А Ө Б ХХК-д төлөх мөнгийг автомашинаар төлсөн. 5 092 000 төгрөгийг төлөхгүй гэжээ.
Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.О, Л.Б нараас зээлийн гэрээний үүрэгт 3 120 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А Ө Б ХХК-д олгож, үлдэх 1 972 000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96 422 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.О, Л.Б нараас 64 870 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А Ө Б ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-т Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно, 43 дугаар зүйлийн 43.2.1-д талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт үйлдэж гарын үсэг зурсан бол хэлцэл гэж үүснэ гэж тус тус хуульчилжээ гэж хуулийг зөв тайлбарласан атлаа нотлох баримт нь өөр өнгийн балаар бичсэн гэх шалтгаанаар зээлийн гэрээний сунгалтыг хийгээгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаас 1 600 000 төгрөг хасаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Хариуцагчийн зүгээс зээлийн гэрээг сунгах хүсэл зоригоо илэрхийлсэн, зээлийн хугацааг сунгаж байгааг ойлгож гарын үсгээ зурсан нь хариу тайлбараар нотлогдож байгаа тул зээлийн гэрээний хугацаа сунгасан гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байна.
Иймд дээрх гомдлын үндэслэлийг судлан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Л.Б давж заалдах гомдолдоо: А Ө Б ХХК-аас мөнгө зээлж аваагүй. Гэтэл зээл, хүү, алданги төлүүлэхээр шийдвэрлэж байгааг зөвшөөрөхгүй байна. Эхнэр Г.Оад мөнгө зээлүүлэхэд миний гарын үсэг байх шаардлагатай гэхээр нь зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Түүнээс мөнгийг би аваагүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээс Л.Б надад холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч А Ө Б ХХК нь хариуцагч Г.О, Л.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 5 092 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...нэхэмжлэгч нь зээлийн гэрээний төлбөрийн баталгаа болох 11 800 000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг худалдан борлуулсан тул нэмж мөнгө төлөх үүрэг үүсээгүй, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг нөхөж хийсэн бөгөөд үүнд гарын үсэг зуруулах үед хугацаа зэрэг зүйлсийг бичээгүй хоосон байсан, мөн Л.Б нь зээлийн гэрээнд гарын үсэг зурсан боловч мөнгө аваагүй... гэж тайлбарлан маргажээ. /хх 1-2, 21, 26 /
Талууд 2019 оны 02 сарын 28-ны өдөр 487 тоот зээлийн гэрээ байгуулж /хх 6/, уг гэрээгээр зээлдүүлэгч А Ө Б ХХК нь зээлдэгч Г.О, Л.Б нарт 4 000 000 төгрөгийг 1 сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нар нь сар бүрийн 28-ны өдөр хүүгийн төлбөр 160 000 төгрөгийг төлж, үндсэн зээлийг 2019 оны 08 сарын 28-ны өдөр төлөх үүргийг тус тус хүлээхээр харилцан тохиролцсон байна. Мөн өдөр уг гэрээний төлбөр төлөх үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулж, үүрэг гүйцэтгүүлэгч А Ө Б ХХК-ийн өмчлөлд үүрэг гүйцэтгэгч Г.Оын 66-48 БРА улсын дугаартай Тоёота Сиента /Toyota Sienta/ маркийн автомашины өмчлөх эрхийг шилжүүлсэн байна. /хх 7/
Зохигчдын тайлбараас үзвэл, талууд дээрх гэрээнүүдийг байгуулсан болон хариуцагч нар зээлийн гэрээгээр тохирсон хугацаанд төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, үүний улмаас уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар А Ө Б ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн автомашиныг нэхэмжлэгч худалдан борлуулсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй. Харин хариуцагч нарт зээлийн гэрээний дагуу гүйцэтгэвэл зохих төлбөрийн үлдэгдэл байгаа эсэх мөн нөхөж хийсэн гэх зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах байдлаар гэрээний хугацааг сунгасан тухай хэлцэл хууль зөрчсөн эсэх нь маргааны зүйл болжээ.
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт тус тус заасан зээлийн болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний харилцаа /цаашид фидуцийн гэрээ гэх/ үүссэн болон зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнүүдийн дагуу нэхэмжлэгч шаардах эрхгүй талаар зөв дүгнэлт хийсэн боловч фидуцийн гэрээний зүйлийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болох талаарх хуулийн зохицуулалтыг анхаараагүй байна.
Тодруулбал, Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан фидуцийн гэрээний онцлог нь уг гэрээний зүйлийг мөнгөн төлбөрийн үүрэгт суутган тооцох боломжтой байдлаар талууд харилцан итгэлцлийн үндсэн дээр тохиролцсон байдагт орших тул бусдад худалдсан үнэ болон үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн үнийн дүнгийн зөрүүг шаардах эрхийг үүрэг гүйцэтгүүлэгчид буюу эд зүйлийн анхны өмчлөгчид хуулиар олгоогүй болно. Гэрээний зүйлийг худалдан борлуулсан үнээс бус харин уг зүйлийн өмчлөх эрхээр үүргийн гүйцэтгэлийг хангадаг. Өөрөөр хэлбэл, үүрэг гүйцэтгэгчийн хүлээх үүрэг фидуцийн зүйлийн үнээс илүү байх эрсдэлийг үүрэг гүйцэтгүүлэгч, харин фидуцийн зүйлийн үнэ үүрэг гүйцэтгэгчийн хүлээх үүргээс илүү байх эрсдэлийг үүрэг гүйцэтгэгч тус тус хүлээнэ. Иймд үнийн зөрүүг харилцан шаардах эрхгүй.
Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 02 сарын 28-ны өдрийн 487 тоот Зээлийн гэрээ-ний дагуу зээлдэгч Г.О, Л.Б нарын хүлээх үүргийг тооцоход үндсэн зээл 4 000 000 төгрөг, 6 сарын зээлийн хүү 960 000 төгрөг нийт 4 960 000 төгрөгөөс зээлдэгч нарын төлсөн 160 000 төгрөгийг хасахад 4 800 000 төгрөгийн төлбөр төлөх үүрэгтэй байжээ.
Гэтэл дээрх Зээлийн гэрээ-ний 2.1.4, 2.1.5, 2.1.6-д заасныг үзвэл, зээлдүүлэгч нь зээлдэгчийг эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, зээлээ төлж чадахгүй болсон тохиолдолд автомашиныг хурааж авах, төлбөр төлөх хуваарийг 10 хоногоор зөрчсөн тохиолдолд зээлдэгчийн зөвшөөрлийг авалгүйгээр тухайн автомашиныг хаана байгаа газраас нь авчирч зогсоолд тавих, төлбөр төлөх хуваарийг 1 сараар хэтрүүлсэн тохиолдолд автомашиныг худалдан борлуулах эрхээ нэхэмжлэгч А Ө Б ХХК хэрэгжүүлээгүйд хариуцагч Г.О, Л.Б нарыг буруутгах, саад болсон гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.
Талуудын маргаагүй үйл баримтаар зээлдэгч нар мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, зээлдүүлэгч фидуцийн гэрээний зүйлийг өөрийн өмчлөлд эрхийн болон биет байдлаар шилжүүлэн авсан байх тул Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болсон байна.
Иймд зээлийн төлбөрийн баталгаа болох фидуцийн зүйлээр үндсэн үүргийг хангагдсан гэж үзэх тул Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4, 240 дүгээр зүйлийн 240.1.5-д тус тус заасны дагуу 2019 оны 02 сарын 28-ны өдрийн 487 тоот зээлийн гэрээний дагуу зээлдэгч нарын төлбөр төлөх үүрэг дуусгавар болсон байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэг шаардах эрхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Дээрхээс гадна, хэргийн 8, 9 дэх талд авагдсан Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ-ний хувьд, тус гэрээнүүдэд зээлдэгч Л.Б гарын үсэг зураагүй хэлцлийг үндэслэн шаардах эрх үүсгэхгүй учир энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдол үндэслэлгүй.
Түүнчлэн, хариуцагч нар зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэн тохиолдолд фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангах эрх нь нэхэмжлэгчид байсан, нөгөө талаас зээлийн гэрээний хугацааг сунгасан хэлцлийг компанийг төлөөлөх эрхтэй эсэх нь тодорхой бус этгээд нөхөж хийсэн тул уг хэлцлээр шаардах эрх үүсгэхгүй тул сунгасан гэх хугацааны алдангийг зээлдэгч нарт хариуцуулах боломжгүй юм.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч Л.Бийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэгч А Ө Б ХХК-ийн зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 сарын 14-ний өдрийн 103/ШШ2021/00021 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Г.О, Л.Б нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт нийт 5 092 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А Ө Б ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч Л.Бээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64 870 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс төлсөн 46 502 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Д.НЯМБАЗАР