Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 68

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******г суулган,

            Улсын яллагч *******

            Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

            Шүүгдэгч ******* нарыг оролцуулан,

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт *******-д холбогдох 1821000110026 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 03 сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Боржигон овогт *******, Дорнод аймгийн *******....... суманд ******* оны ....... сарын *******-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД: *******.../, бүрэн бус дунд боловсролтой, техникийн засварчин, оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хэнтий аймгийн *******..... сумын 4 дүгээр баг, *******...... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 52 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 4 сарын хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хугацааны өмнө тэнсэн сулласан, бие эрүүл.

Шүүгдэгч ******* нь 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул сумын 1 дүгээр багийн нутгаас Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолоор ховор ургамлын жагсаалтад оруулсан 29,380 кг Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг зохих зөвшөөрөлгүйгээр худалдан авч “Митсубиши Эл-200” маркийн тээврийн хэрэгсэлд тээвэрлэж, Хэнтий аймгийн *******. суманд байрлах гэртээ хадгалж, 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Хэнтий аймгийн нутагт “Митсубиши Эл-200” маркийн тээврийн хэрэгсэлд тээвэрлэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Би болсон явдлын талаар цагдаагийн газарт өгсөн мэдүүлэгтээ тодорхой ярьсан. Нэмж ярих зүйл байхгүй байна. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ухамсарлаж байна гэв.

Иргэний нэхэмжлэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Унагайн гүүр гэх газар нь манай сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрладаг бөгөөд тус сумын нутаг дэвсгэрээс түүсэн гэх 29,380 кг Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг сумаа төлөөлж нэхэмжилж оролцож байгаа юм. Дэрэвгэр жиргэрүү гэх ургамал нь Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолоор ховор ургамлын жагсаалтад орсон бөгөөд 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А-282 дугаар Засгийн газрын тогтоолоор 1 кг Дэргэвэр жиргэрүү гэх ургамлын үнийг 1 кг-ийг 50000 төгрөгөөр тогтоосон юм. Нөхөх төлбөрийг 5 дахин нэмэгдүүлж тооцдог юм. Манай сумаас 1469000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэжээ. /хх 21-22/

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 12 сарын 04-ний орой 18 цаг 30 минутын үед Хэрлэн голын гүүрний постонд үүрэг гүйцэтгэж байхад ******* ХЭҮ улсын дугаартай “Тоёота Пикаб” маркийн тээврийн хэрэгсэл орж ирснийг шалгахад Хэнтий аймгийн *******.......  сумын 4 дүгээр багийн харьяат ******* гэгч нь 4 шуудай буюу 29,380 кг ховор ургамал тээвэрлэж явсныг шалгахад зөвшөөрлийн бичиг баримтгүй байсан...” гэжээ. /хх 24/

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Манай дагавар хүү Х Хэнтий аймгийн *******... сумаас Баян-Уул сум руу юм авчирна гэж хэлээд явсан. Сүүлд надад ярихдаа өндөр үнэтэй өвсийг их хямд худалдаж аваад Хэнтий аймаг руу орох гэж байгаад гүүрний постонд саатуулагдсан гэж байсан...” гэжээ. /хх 25-26/

Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны улсын байцаагчийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01 тоот дүгнэлтэд: “1.Шинжилгээнд ирүүлсэн ургамал нь бүтэц шинжийн байдлаар манай оронд тархсан Майлцтан овгийн Дэрэгвэр жиргэрүү ургамал байна. 2.Монгол Улсын Байгалийн ургамлыг 1995 оны 153 дугаар тогтоолоор ховор ургамлын жагсаалтыг баталсан бөгөөд Засгийн газрын 165 дугаар тогтоолоор нэмэлт оруулснаар Дэрэгвэр жиргэрүү ургамал нь ховор ургамлын жагсаалтад орсон болно. 3.Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 09-ний А-282 дугаар тушаалаар Экологи эдийн засгийн үнэлгээг тогтоож, 1 кг Дэргэвэр жиргэрүү үндэс нь 50000 төгрөгөөр тогтоогдсон байдаг. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 57 дугаар зүйлд “Иргэн аж ахуйн нэгж, байгууллага хууль бус үйл ажиллагаараа байгаль орчин, түүний баялагт учруулсан шууд хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй” 49 дүгээр зүйлийн 49.4.3-д “Ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцох” гэж тус тус заасан. Иймд ургамлын аймагт учруулсан хохирлыг тооцвол Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.4.3-т заасны дагуу Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2015 оны А-282 дугаар тушаалаар батлагдсан экологи эдийн засгийн үнэлгээ Дэрэгвэр жиргэрүүгийн 1 кг тутамд 50000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр шууд хохирлыг тооцдог. 4.Уг ургамлын үндсийг эмийн түүхий эдийн зориулалтаар ихэвчлэн Хятад улс руу гаргаж ашигладаг” гэжээ. /хх 33-34/

Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтанд: Гэрч ******* /хх 27-28/, Ж.Чанцал /хх 29-30/, шүүгдэгч *******-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /хх 23/ Хэнтий аймгийн Прокурорын газрын гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай тогтоол /хх 4/, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 6/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 7-9/,  Хэсгийн байцаагч, цагдаагийн д/ч *******ын илтгэх хуудас /хх 10/, Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл /хх 11, 13-14/, Эд зүйлийн үнэлгээ /хх 15/, Эд мөрийн баримт хураан авах тухай Прокурорын тогтоол /хх 16/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар /хх 45/, “MITSUBISHI” маркийн 09-91 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолоочийн үнэмлэх /хх 46/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 47/, Монгол Улсын Байгаль орчин, Ногоон хөгжил, Аялал жуучлалын сайдан тушаал /хх 57-58/, Дэрэвгэр жиргэрүү ургамлын ховор ургамлын жагсаалтад орсон Засгийн газрын 2004 оны 165 дугаар тогтоол /хх 59-60/, мөн уг ургамлын экологи, эдийн засгийн үнэлгээг тогтоосон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А-282 дугаар тушаал, тушаалын хавсралт /хх 61-62/ болон хуулийн  дагуу  цуглуулж, бэхжүүлж авсан, тухайн хэрэгт хамааралтай хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүгдэгч ******* нь 2017 оны 07 сарын 15-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр, Дорнод аймгийн Баян-Уул сумын 1 дүгээр багийн нутгаас ховор ургамал болох Дэрэвгэр жиргэрүү ургамлын 29,380 кг үндсийг худалдан авсан, түүнийг худалдан авсан болон 2017 оны 12 сарын 04-ний өдрүүдэд “MITSUBISHI L-200” маркийн ..... ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн, мөн хугацаанд Хэнтий аймгийн *******.. суманд байрлах гэртээ хадгалсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгийг давхар нотолсон дараах:

Шүүгдэгч *******-ын үйл баримт /факт/-ыг нүдээр үзэж саатуулсан гэрч *******ын “...2017 оны 12 сарын 04-ний орой 18 цаг 30 минутын үед Хэрлэн голын гүүрний постонд үүрэг гүйцэтгэж байхад ...... ХЭҮ улсын дугаартай “Тоёота Пикаб” маркийн тээврийн хэрэгсэл орж ирснийг шалгахад Хэнтий аймгийн ......  сумын 4 дүгээр багийн харьяат ******* гэгч нь 4 шуудай буюу 29,380 кг ховор ургамал тээвэрлэж явсныг шалгахад зөвшөөрлийн бичиг баримтгүй байсан...” /хх 24/ гэх,

Мөн шүүгдэгчийн үйл явдлыг өөрөөс нь сонссон гэрч *******ын “...Манай дагавар хүү Х Хэнтий аймгийн ...... сумаас Баян-Уул сум руу “юм авчирна” гэж хэлээд явсан. Сүүлд надад ярихдаа “өндөр үнэтэй өвсийг их хямд худалдаж аваад Хэнтий аймаг руу орох гэж байгаад гүүрний постод саатуулагдсан” гэж байсан...” /хх 25-26/ гэх,

Иргэний нэхэмжлэгч *******ын “...Унагайн гүүр гэх газар нь манай сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрладаг бөгөөд тус сумын нутаг дэвсгэрээс түүсэн гэх 29,380 кг Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг сумаа төлөөлж нэхэмжилж оролцож байгаа юм...Дэрэвгэр жиргэрүү гэх ургамал нь Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаартай тогтоолоор ховор ургамлын жагсаалтад орсон бөгөөд 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А-282 дугаартай Засгийн газрын тогтоолоор 1 кг Дэргэвэр жиргэрүү гэх ургамлыг 50000 төгрөгөөр тогтоосон юм. 1469000 төгрөгийг нэхэмжилж байна...” /хх 21-22/ гэх мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд,

Гэмт хэрэг гарсан тухайн цаг хугацаанд гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг өгсөн тухай тэмдэглэл /хх 6/, Байгалийн ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр, тээвэрлэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 7-9/, Илтгэх хуудас /хх 10/, Эд мөрийн баримтаар 29,380 кг Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг хураан авсан тухай Прокурорын тогтоол /хх 16-17/ зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч *******-ын үйлдсэн гэмт хэрэгт Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.

Шүүгдэгч *******-ын Дэрэвгэр жиргэрүү ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр худалдан авсан,  ургамалыг 2017 оны 07 сарын 15-ны өдөр худалдан авахдаа болон 2017 оны 12 сарын 04-ний өдөр зарж борлуулах хүртлээ гэртээ хадгалсан, мөн “MITSUBISHI L-200” маркийн ...... ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн үйлдэл нь уг гэмт хэргийн шинжийг тус тус хангасан байна гэж үзлээ. 

Энэ талаар дүгнэсэн шинжээчийн дүгнэлтүүд нь хэргийн бодит байдалтай тохирсон, хэрэг явдлын гол үйл баримт /факт/-ыг тогтооход ач холбогдолтой, эргэлзээгүй байна. Мөн хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  авсан, тухайн хэрэгт харилцан хамааралтай байна гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч *******-г зохих зөвшөөрөлгүйгээр, байгалийн ховор ургамлыг худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас байгальд 1469000 төгрөгийн шууд хохирол учирсан болох нь иргэний нэхэмжлэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх 22/, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны улсын байцаагчийн 2018 оны 01 сарын 17-ны өдрийн 01 тоот дүгнэлт /хх 33-34/-ээр тус тус тогтоогдож байх ба харин байгаль экологид учирсан нөхөн төлбөрийн шууд бус хохирлыг иргэний нэхэмжлэгч байгууллага нэхэмжлээгүй болохыг дурдвал зохино.

Иймээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлын 1469000 төгрөгийг шүүгдэгчээр төлүүлж, Дорнод аймгийн Баян-Уул сумын Засаг даргын Тамгын газарт олгох үндэстэй байна.

Шүүгдэгч *******-ын зохих зөвшөөрөлгүйгээр, ховор ургамал тээвэрлэсэн “MITSUBISHI L-200” маркийн ...... ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь түүний эзэмшлийн бус, түүний эцэг *******ын өмч болох нь гэрч *******ын мэдүүлэг /хх 25-26/, 01594038 дугаар тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх 46/ зэргээр нотлогдож байх тул уг тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Прокурорын 2018 оны 01 сарын 15-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол”-ыг хүчингүй болгож, харин шүүгдэгч *******-с гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн автомашины үнэ 1800000 төгрөг /хх 15/-ийг гаргуулах үндэстэй ба гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө /эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хэмжээгээр/ болох 12,705 кг  Дэрэвгэр жиргэрүү ургамлыг худалдан борлуулж тэдгээрээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлын 1469000 төгрөгийг нөхөн төлүүлэх нь зүйтэй ба хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлбэл зохино.

Хэрэгт шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдах, баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******-н *******...... регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт *******-г байгалийн ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт *******-г хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнсэгдсэн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суух газар, ажилд орох, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

3. Мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******-д мэдэгдсүгэй.

4. Үүрэг хүлээлгэж, эрх хязгаарласан албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн 1821000110026 дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч *******-с 1469000 /нэг сая дөрвөн зуун жаран есөн мянга/ төгрөгийг гаргуулж Дорнод аймгийн Баян-Уул сумын Засаг даргын Тамгын газарт олгосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар *******ын өмчлөлөөс “MITSUBISHI” маркийн ...... ХЭҮ улсын дугаартай 1800000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгсэл битүүмжилсэн 2018 оны 01 сарын 15-ны өдрийн Прокурорын “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол”-ыг хүчингүй болгож, тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *******-н гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө /эд мөрийн баримтаар хураагдсан хэмжээгээр/ 12,705 кг дэрэвгэр жиргэрүү ургамлыг хурааж худалдан борлуулж, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн автомашины үнэ 1800000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх албадлагын арга хэмжээ авч, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлсүгэй.

8. Баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******-н ....... регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч /иргэний нэхэмжлэгч нь зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт/ нар тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.  

 

 

 

ДАРГАЛАГЧ                          Ү.ОДГЭРЭЛ