Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Солтанмуратын Өмирбек |
Хэргийн индекс | 2209000002465 |
Дугаар | 2023/ДШМ/30 |
Огноо | 2023-09-15 |
Зүйл хэсэг | 23.2.1., |
Улсын яллагч | Х.Өрен |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 2023/ДШМ/30
Д.Ж-д холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШЗ/216 дугаар шүүгчийн захирамжтай, яллагдагч Д.Жад холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэж 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Н.Айгерим, яллагдагч Д.Ж, түүний өмгөөлөгч Х.Б, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Өрен нар оролцов.
1. Монгол Улсын иргэн, 1982 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Б аймгийн Г суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, яс үндэс Казах, дээд боловсролтой, урлал техникийн багш мэргэжилтэй гэх, Б аймгийн Г сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд дизайн, технологийн багшаар ажилладаг, Б аймгийн Г сумын 4 дүгээр багт оршин суудаг, ам бүл 5 хүнтэй, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Д.Ж нь Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Дүрслэх урлаг, технологийн сургуулийн 02006129210 дугаартай бакалаврын дипломыг хуурамч болохыг нь мэдсээр байж Б аймгийн Г сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд 2006 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс эхэлсэн хугацаанд дизайн-технологийн багшаар ажилд орж ажиллахдаа ашиглаж, Б аймгийн Г сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд 128.778.783 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
2. Прокурорын 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 117 дугаар яллах дүгнэлтээр Д.Ж-ийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШЗ/216 дугаар шүүгчийн захирамжаар: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгож, Д.Ж-д холбогдох эрүүгийн ************ дугаартай хэрэгт дараах үндэслэлээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаажээ. Үүнд:
3.1. Монгол Улсын Багшийн их сургуулийн албан тушаалтнуудын буруутай үйл ажиллагаа байгаа эсэх, мөн яллагдагч Д.Ж нь 2008 оны төгсөлтийн шалгалт өгөх оюутны нэрсийн жагсаалтад яагаад орсон эсэхийг тус тус тогтоох;
3.2. Яллагдагч Д.Ж нь тухайн үед улсын шалгалтаас унасан эсэх, эсхүл тэнцсэн эсэхийг тогтоогоогүй тул энэ байдлыг шалгаж тогтоох;
3.3. Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Я.Динагийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 04 дугаар тогтоолоор яллагдагч Д.Ж-ын “Иргэн Б-аас мэдүүлэг авах” хүсэлтийг хангасан атлаа гэрчээр асуугаагүй байх тул асуух;
3.4. 2006 оны 06 дугаар сарын 15-ны өдөр үйлдэгдсэн 02006129210 дугаартай боловсролын бакалавр зэргийн дипломыг яагаад эх хувиар нь олгосон эсэх, түүнийг багш С.Батцоож үйлдсэн эсэхийг тогтоох.
4. Прокурорын эсэргүүцэлд:
4.1. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэн дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
4.2. Яллагдагч Д.Ж-ын "Монгол Улсын Багшийн их сургуулийн ДУТ-ийн сургуулийн захирлын 2008 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 17 тоот захирамжийн хавсралтад 4-р ангийн оюутан Д.Ж-ыг төгсөлтийн шалгалт өгөх оюутны нэрсийн жагсаалтад бичигдсэн байна. Энэ хавсралтад миний нэрийг буруу ташаа бичигдсэн байна. Би 2008 онд 4-р ангийн оюутан байгаагүй. Уг хавсралтад ЗУБ-ын 4-р анги гэж бичсэн байна. Би урлал техникийн ангийг төгссөн болно. Намайг 2006 энд төгсөлтийн шалгалтад оруулах тухай тус сургуулийн захирлын тушаалын хавсралтад бичигдсэн нь би 2008 онд 4-р ангийн оюутан байгаагүйг нотолж байна. Төгсөх улсын шалгалтаас унасан оюутнуудыг дахин шалгалтад оруулах тухай захирлын тушаал, эсвэл захирамж гардаг юм. Дүгнэж хэлэхэд, намайг шалгалтаас унасан, дахин шалгалт өгөх тухай Монгол Улсын Багшийн их сургуулиас эрхийн акт гараагүй тул 2008 оны 17 тоот захирамжийг шалгуулах хүсэлт гаргаж байна" гэх хүсэлтийг хүлээн авч, тухайн байгууллагын албан тушаалтнуудын буруутай үйл ажиллагаа байгаа эсэх, мөн яллагдагч Д.Ж нь 2008 оны төгсөлтийн шалгалт өгөх оюутны нэрсийн жагсаалтад яагаад орсон эсэхийг тус тус тогтоох гэсэн заалтыг хүлээн авах боломжгүй, уг ажиллагаа нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй хэмээн үзэж байна.
4.2. Учир нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Ж, гэрч Ц.А, гэрч Ч.Э нарын мэдүүлэг, Б аймгийн Г сумын Ахлах сургуулийн захирлын 2006 оны дүгээр сарын 20-ны өдрийн 28 дугаартай тушаалын хуулбар, Монгол Улсын Боловсролын Их сургуулийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 3/1230 дугаартай албан тоот, түүний хавсралт, Дүрслэх Урлаг Технологийн сургуулийн дүнгийн хавтгай Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Дүрслэх урлаг технологийн сургуулийн захирлын 2008 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 17 дугаартай захирамжийн хуулбар, түүний хавсралт, Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Ректорын 2006 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 246 дугаартай тушаал, түүний хавсралт болон бичгийн бусад баримтуудаар яллагдагч Д.Ж нь Монгол Улсын Боловсролын их сургуулийн Дүрслэх урлаг, технологийн сургуулийн урлал техникийн багш мэргэжлээр 2006 онд суралцаж төгссөн гэх 02006129210 дугаартай диплом авсан ба уг сургуулийг төгсөөгүй "БОЛОВСРОЛЫН БАКАЛАВР” зэргийн дипломыг ашиглан Б аймгийн Г сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд багшаар ажилласан болох нь тогтоогдож байна.
4.3. Түүнчлэн шүүгчийн захирамжид дурдсан яллагдагч Д.Ж нь тухайн үед улсын шалгалтаас унасан эсэх, эсхүл тэнцсэн эсэхийг тогтоогоогүй гэх заалтыг хүлээн авах мөн боломжгүй заалт бөгөөд уг ажиллагааг мөрдөн шалгах ажиллагааны явцад хийж гүйцэтгэсэн ажиллагаа болно. Өөрөөр хэлбэл яллагдагч Д.Ж нь тухайн сургуулийг суралцсан боловч төгсөөгүй болох нь тогтоогдсон. 2006 онд төгсөх ёстой байсан Д.Ж нь тухайн онд төгсөөгүй. Төгсөлтийн шалгалтын дүнгийн хавтгайгаас харахад "Р" үнэлгээ авсан. 2007 онд тухай сургуулийг төгсөх ёстой оюутнуудын нэрсийн дотор нэр нь байхгүй. 2008 онд шалгалтад ороогүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа.
4.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Д.Ж нь нэр бүхий этгээдүүдийг гэрчээр байцаалгах хүсэлт гаргасан бөгөөд тэдгээр хүмүүсээс гэрчээр мэдүүлэг авсан. Д.Ж нь МУБИС-ын Дүрслэг, урлаг технологийн сургуулийг 2005-2006 онд төгсөөгүй болох нь бичгийн бусад баримтаар тогтоогдсон тул Б-аас гэрчээр мэдүүлэг авах шаардлагагүйгээс гадна тэрээр зайлшгүй шаардлагатай гэрч биш юм.
4.5. Яллагдагч Д.Ж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч баримт бичиг ашиглах гэмт хэрэгт холбогдсон бөгөөд гэмт хэргийн үндсэн шинж нь тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан үйлдэл юм. Иймд яллагдагч Д.Ж-г боловсролын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн. Харин түүний нэр дээрх 02006129210 дугаартай БОЛОВСРОЛЫН БАКАЛАВР зэргийн дипломыг хуурамчаар үйлдсэн гэж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаагүй бөгөөд хэрэгт авагдсан гэрч Я.Номинцэцэгийн “...Тухайн шалгалтыг Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг сургуулийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичгийг цахим хэлбэрээр хүлээн авч, бүртгэлжүүлэх дээд боловсролын удирдлага мэдээллийн системд тулгалт хийж, үндэсний архивын газраас ирүүлсэн мэдээлэл, төгсөгчдийн дээд боловсролын мэдээний маягт зэргүүдээс шүүлт хийж боловсролын баримт бичгийг бүртгэл, тулгалт хийж ажилласан. Уг дипломыг хаана ямар байдлаар үйлдвэрлэж олгосон гэдгийг тогтоох боломжгүй байна." гэх мэдүүлгээр түүний боловсролын дипломыг хуурамчаар үйлдсэнийг тогтоох боломжгүй юм. Тэгээд ч энэ нь яллагдагч Д.Жад холбогдох хэргийг шийдвэрлэхэд ямар нэгэн ач холбогдолгүй.
4.6. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хэргийг хянан хэлэлцэж 2023/ШЗ/216 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив.
5. Яллагдагч Д.Ж давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт:
5.1. МУБИС-ын Урлал техникийн ангийн 2006 оны төгсөгчдийн 4 жилийн дүнгийн хавтгай дээр F гэж гар бичмэлээр бичсэн хүний тэмдэглэл байна. 4 жилийн дүнг нэгтгэсэн ангийн багш С.Батцоож уг бичвэрийг үгүйсгэж байна. Уг дүнг нэгтгэсэн манай ангийн багш С.Батцоож нь одоо тус сургуулийн захирал нь бөгөөд намайг МУБИС-ийг төгссөн гэж албан ёсны сургуулийн албан тоотоор тодорхойлолт өгсөн байгаа.
5.2. Прокурорын 2 дахь үндэслэл нь намайг 2008 онд МУБИС-ийн төгсөх шалгалтад оруулах тухай захирлын тушаалтын хавсралтыг би үгүйсгэж байна. Хэрвээ би 2006 онд шалгалтаас унасан байвал дараа онд буюу 2007 онд намайг дахин шалгалтад оруулах захирлын тушаал гаргах ёстой. 2008 онд 4 дүгээр курсийн оюутан байгаагүй бөгөөд би Урлал техникийн ангийг төгссөн, харин тушаалд ЗУБ-ын 4 дүгээр курсийн оюутан гэж бичсэн байна. Тиймээс 2008 оны тушаалыг дахин шалгаж өгөхийг хүсэж байна.
5.3. Прокурорын яллах дүгнэлтэд миний дипломын дугаарыг буруу бичсэн байна. Энэ нь өөр хүний дипломын дугаар юм шиг байна. Тиймээс энийг дахин шалгаж өгөхийг хүсэж байна.
ТОДОРХОЙЛОХ нь:
6. Тодорхой үндэслэлээр, хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед оролцогчийн хүсэлтээр, эсхүл шүүх өөрийн санаачилгаар “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх бол” хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах анхан шатны шүүхийн бүрэн эрхийг хуульчилсан бөгөөд шүүхийн уг эрх хэмжээ нь мөн хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчимд чиглэгдсэн байна.
8. Хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын агуулгыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд мөрдөгч, прокурор нь гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, түүнийг хэн үйлдсэн, ямар сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрээр үйлдсэн, ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэрэг хэргийн талаар нотолбол зохих бүхий л байдлуудыг нотлох баримтын түвшинд тал бүрээс нь, бүрэн бодитойгоор шалгаж, хянасны үндсэн дээр болж өнгөрсөн үйл баримтыг бодитоор сэргээн тогтоох үүрэгтэй гэж хуульчилсан.
9. Түүнчлэн хэргийн жинхэнэ бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох учиртай.
Харин шүүх хэргийн бодит байдлыг яллах болон цагаатгах талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох боловч хэргийн жинхэнэ бодит байдлыг тогтооход чиглэгдсэн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд зааснаар үнэлэхдээ хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянан үзэж, улмаар харьцуулан дүгнэж, нотолгооны хэрэгслүүд дэх баримтат мэдээллийн зөрүүг арилгах, боломжгүй бол тэдгээрийн нотлох баримт болохуйц байдалд хууль зүйн үнэлэлт өгөх бөгөөд нотолгооны энэхүү үйл явц хэргийн бодит байдлын талаарх нотлох баримт хангалттай бүрдсэн тохиолдолд хийгдэх боломжтой.
10. Шүүгчийн захирамжид яллагдагч Д.Жад хуурамч гэх бакалаврын дипломыг олгосон гэх үйл баримтад ач холбогдол бүхий зарим нөхцөл байдлуудыг тодруулах, тухайлбал уг хэрэгт баримтаар тогтоогдсон Д.Ж-ын нэр дээр бүртгэлтэй бакалаврын дипломд “МУБИС-ийг төгссөн Л.Отгонжаргалын дипломын дугаарыг ашигласан” гэх нөхцөл байдалд Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн ажилтан, албан тушаалтнуудын буруутай үйл ажиллагаа, оролцоо байгаа эсэх, хэрвээ яллагдагч Д.Ж нь 2006 оны бакалаврын дипломыг тухайн үед нь зохих журмын дагуу авсан бол 2008 оны төгсөлтийн шалгалт өгөх оюутны нэрсийн жагсаалтад түүний нэр ямар учраас орсон эсэхийг нягтлах, Д.Ж улсын шалгалт өгсөн эсэх, хэзээ, хэдэн удаа өгсөн, тэнцсэн эсэхийг тогтоох, мөн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байж болох бусад нөхцөл байдлуудыг мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэж шалгуулахаар хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй болжээ.
11. Үүнээс гадна, багш нарын боловсролын баримт бичгийн зөрчлийн жагсаалтын 241 дэх мөрөнд Д.Ж-ын эзэмшдэг бакалаврын дипломыг “МУБИС-ийг төгссөн Л.Отгонжаргалын дипломын дугаарыг ашигласан” гэж /хэргийн 1 дэх хавтасны 27 дахь тал/;
- Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 3/1230 дугаар албан бичгээр ирүүлсэн нэрсийн жагсаалтад “Д.Ж-ын бакалаврын диплом өөр хүний нэр дээр бүртгэлтэй” гэж /1 дэх хавтасны 78 дахь тал/;
- Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Ректорын 2006 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 246 дугаар “Төгсөлтийн шалгалт өгөх оюутны нэрс батлах тухай” тушаалын хавсралтад Урлал техникийн 4 дүгээр анги гэх жагсаалтад Д.Ж-ын нэр орсон байдал, мөн 2006 онд төгсөлтийн шалгалтад орсон тухай тодорхойлолт /1 дэх хавтасны 188, 189 дэх тал/;
- Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Ректорын 2005 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 446 дугаар тушаалаар “Урлал техникийн 4 дүгээр ангийн оюутан Д.Ж нь Ховд Их Сургуульд шилжин суралцахыг хүссэн тул ... 2005 оны 10 дугаар сарын 15-аас тасалбар болгон чөлөөлсүгэй” гэж /1 дэх хавтаст хэргийн 229 дэх тал/;
- тус сургуулийн Дүрслэх урлаг, технологийн сургуулийн захирлын 2008 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 07 дугаар “Төгсөлтийн шалгалт өгөх оюутны нэрс батлах тухай” тушаалын хавсралтад “ЗУБ-4 анги” гэх жагсаалтад Д.Ж-ын нэр бүртгэлтэй /1 дэх хавтаст хэргийн 241 дэх тал/ гэх нөхцөл байдлууд тогтоогдсон атлаа Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Дүрслэх урлаг, технологийн сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч С.Батцоожийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1/123 дугаар тодорхойлолтод “Б аймгийн Г сумын Досан овогтой Жомарт нь Монгол Улсын боловсролын их сургуулийн Дүрслэх урлаг, технологийн сургуулийн “Урлаг техник”-ийн багшийн ангид 2000-2006 онд суралцаж төгссөн” гэж /1 дэх хавтасны 151 дэх тал/ заасан нь хэргийн үйл баримтыг тогтооход эргэлзээ төрүүлэхүйц байгаа бөгөөд дээрх нотлох баримтуудад агуулагдсан баримтат мэдээллийн зөрүүг нэмэлт мөрдөн байцаалтаар тодруулж арилгах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
12. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр, хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар гаргасан прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр баталж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШЗ/216 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.КӨБЕШ
ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК