Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 82

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, шүүгч С.Базарханд, П.Туяат нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Чойжилсүрэн хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Мижиддорж,

иргэдийн төлөөлөгч С.Цэрмаа,

шинжээч эмч Х.Б-, Ц.Ц-, О.Г-, Б.Ж-,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Б-, түүний өмгөөлөгч Н.Батзолбоо /ҮД-2039/,

шүүгдэгч А.Ж-, түүний өмгөөлөгч Э.Ганбат /ҮД-0268/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

  

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овогт А-ын Ж-д холбогдох эрүүгийн 201301060191 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч

 

ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 Монгол улсын иргэн, 1975 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянгол дүүргийн 1-р хороо ............. тоотод бүртгэлтэй, хамтран амьдрагч А.Б-гийн хамт Чингэлтэй дүүрэг 12-р хороо ............тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б- овогт А-ын Ж- /РД:.............../

 

Холбогдсон хэргийн талаар:

/Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч А.Ж- нь 2013 оны 03 дугаар сарын 06-ны орой 21-22 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ............ тоотод иргэн Т.Д-тай хамт архи ууж зүүн мөрөн тус газарт нь нэг удаа хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шинжээч нарын гаргасан мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрчийн гаргасан мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, эд мөрийн баримт, СD бичлэг зэргийг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.Ж- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2013 оны 03 дугаар сарын 6-7-нд шилжих шөнө 21 цагийн үед М-ын гэрт архи уугаад сууж байсан. Намайг бие засахаар гарахад Д- дагаж гарах гэхээр нь “чи байж бай” гээд сандал дээр суулгачихаад гарсан. Намайг гадаа бие засаж байхад Д- гэрээс гараад хажуу талын айл руу орж байгаа харагдсан. Бие засаж дуусаад гэрт орж ирэхэд зуух, дөрвөлж хоёрын хажууд ногоон хулдаасан дээр хүрэн иштэй хутга байсан. Хутгыг авах үед М- “юу болоод байгаа юм, ямар учиртай хутга вэ” гээд миний гараас хутгыг аваад гарсан. Гэрт байхад Д- гадаа орилж, хашгирч байгаад орж ирэхдээ зүүн мөрөн дээр нь жаахан цус болсон байсан. Би “чи чинь яасан юм бэ, яагаад цус гараад байгаа юм бэ” гэхэд “миний өөрийгөө яах нь та нарт хамаа байхгүй лаларууд минь” гэж хэлсэн. Би Д-ыг сугадаж өргөөд баруун талын орон дээр хэвтүүлээд байж байтал Нараа эгч гаднаас орж ирээд “юу болоод байна” гэж асуусан. Бид нарын дунд хэрүүл маргаан, зодолдож хэрэлдсэн асуудал байгаагүй. Хаанаас яагаад мөрөндөө шарх авсан талаар би мэдэхгүй байна. Нараа эгч түргэн тусламж дуудсан гэж хэлсэн ба удалгүй түргэн тусламж ирсэн. Түргэний машинд Д-ыг суулгах гэхэд “суухгүй” гээд хөлөө жийж газар суучихаад байсан. Би гадуур хувцсаа өмсөөд “ахтайгаа хамт явъя” гэхэд “тэгье” гээд хамт явсан. Цэргийн нэгдсэн эмнэлэг дээр очоод би үүдэнд нь сууж үлдээд Д-ыг эмч нар цааш нь аваад орсон. Гэтэл Д- зугтааж гарч ирсэн. Араас нь сувилагч ирээд “байж бай” гэж хэлсэн. Бид хоёр хамт сууж байтал хоёр цагдаа ирээд “Ж- гэдэг нь чи юм уу” гэхээр нь “тийм, би хамт явж байна” гэхэд “таны согтуу гайгүй байх шиг байна, харьж чадах уу” гэхээр нь “дүүгээ би аваад явна, орхихгүй хамт явна” гэхэд “энэ хүнийг чинь эрүүлжүүлэх гэж байна. Чи хамт яв” гээд намайг эрүүлжүүлэх рүү Д-тай хамт авч явсан. Цагдаагийн газар  очоод тэмдэглэл хөтөлж бид хоёрын нэрийг бичиж авахад Д- нэрээ худлаа хэлж Нэргүйбаатар гэж бичүүлж байсан. Намайг 5 номерын камерт оруулсан. Тэгснээ “больё оо, ёооё” гэх чимээ дуугараад байсан. Би 10, 20 минутын дараа зүүрмэглэсэн байсан. Шөнө 04 цагийн үед хаалга дуугараад сэрээд харахад “Ж- гараад ир” гэж цагдаа дуудахад гарсан. Д- гээд дуудахад дуугарахгүй байхаар нь хамт байсан хүнээс нь “унтаж байгаа юм уу” гэхэд “тийм” гэж хэлсэн. Намайг машинд суулгаад М-ынд очоод гэрийнх нь зургийг авч эрүүлжүүлэх байранд ирээд камер руу оруулаагүй. Үүдний урт сандал дээр сууж бай гэж хэлсэн. Нэг мэдсэн би унтаад өгсөн байсан. Өглөө сэрэхэд эрүүлжүүлэгдсэн хүмүүс коридорт 00 орох гээд зогсож байсан. Би 00 орох гээд явах замдаа Д-ын камерын хажуугаар явсан. Д-ын орсон камер нь 1 дугаартай 00-ын хажуу талын камер байсан. Шөнө 04 цагт явахад байж байсан байрлалаа солиогүй байсан. Би очоод хөнжлийг нь сөхөөд үзэхэд нүцгэн байсан. Миний ард зогсож байсан хүмүүс болон намайг нэг цагдаа дагуулаад 2 давхар руу гаргасан. Костьюмтэй буюу энгийн хувцастай хүмүүс надаас өглөө 11 цагийн үед юу болсон талаар асууж байгаад явсан. Надаас мэдүүлэг аваагүй, тэмдэглэл авсан. Үдээс хойш 16 цагийн үед ахмад Ганхүү гэдэг хүн “танай найз ухаан алдсан байна, ухаан орохоор нь танаас байцаалт авна, та одоо түр саатуулахад байж бай” гээд хорих 461 дүгээр ангид авчирсан. Тэр өдрөөс хойш хүн ирэхгүй байж байгаад 2013 оны 03 дугаар сарын 19-нд эрүүгийн төлөөлөгч Саранболд ирээд “танай найз нас барчихлаа” гэхэд нь анх мэдсэн. Тэгснээ “танай гэрийнхэн хөдөө байдаг гэсэн эргэлт байхгүй юм чинь хэргээ хүлээчих, бид нар таныг эргэж тамхи авчирч өгч байя, одоо байцаагч, прокурор хоёр чинь ирнэ, хэргээ хүлээчих” гэж хэлсэн. Мөрдөн рүү ороод камер руу ороогүй байхад араас ахиад дуудсан. Эргээд харахад ахмад Ганхүү, прокурор Цэцэгмаа нар ирээд “яллагдагчаар татаж байна, яллах дүгнэлттэйгээ танилц” гэхэд нь уншиж танилцаад энд бичигдсэн байгаа шиг зүйл тухайн үед болоогүй, би гомдолтой байна, хаана хандаж болох талаар ахмад Ганхүүгээс асуухад хорих ангиараа дамжуулж гомдол гаргадаг гэж хэлж өгсөн. Тэрнээс хойш одоогийн байдлаар 80 гаран өргөдөл, гомдлыг бүх л байгууллагад гаргаж байна. 3 удаа хоригдохдоо 71 удаа өлсгөлөн зарлаж байсан гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би талийгаачийн эгч нь юм. Энэ хэрэг гараад 5 жил болох гэж байна. Ямар шалтгаанаар 5 жил энэ хэрэг сунжирсан бэ гэхээр би эхлээд эмч болон цагдаа нарт гомдож байсан. Ганбат өмгөөлөгчийн ярьж байгаа шиг яаралтай тусламж авсан бол амь нас аврагдах боломжтой гэдэг үүднээс Сүхбаатар эмчид гомдол гаргаж байсан. Мөн цээжний хөндийд шархтай байсан хүнийг эрүүлжүүлэх байранд авчирсан талаар цагдаа нарт гомдол гаргаж байсан. Энэ хэрэгт Ж-ыг буруутай гэдгийг мэдэж байсан. Дээрх гурван үндэслэлээр шат дараатай гомдлуудыг гаргасан. Миний гомдлын дагуу Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэс шат дараатай арга хэмжүүнүүд авсан. Би 20-оод жил биологийн ухаанаар эрдэм шинжилгээний ажил хийж, эрдмийн цол зэргүүдийг авсан. Бүх зүйл судалгаа шинжилгээ дээр явагддаг гэдгийг мэддэг. Судлаач хүний хувьд дараагийн бүрэлдэхүүн өөр дүгнэлт гаргаад ирэх юм болов уу гэсэн байдлаар давтан шинжилгээнүүдийг хийлгэдэг байсан. Судлаач шинжээч нар нь нэг ижил дүгнэлтийг давтан гаргадаг байсан учраас би ойлгосон. Ганбат өмгөөлөгч болон Ж- нар нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт нэг эмч хоёр удаа давтан шинжилгээнд орсон талаар ярьж байсан. Би энэ зүйлийг хүлээн зөвшөөрнө. Нарийн мэргэжлийн эмч давхардаж орж болох юм байна гэдгийг би өөрийн мэргэжил болоод өнөөдрийн Монгол улсын боловсролын системийн боловсон хүчний хүн дутмаг асуудал юм байна гэж ойлгож байгаа. Би Ж- гэдэг хүн миний дүүг санаатай хутгалсан гэж би боддог. Би өөрөө шударга хүн. Миний дүү архи уусан үедээ ааш зан муутай гэдгийг би өөрөө хэлдэг. Талийгаач нь архичин байгаагүй. Өөртөө ямар арчаатай хүн байсан талаар цогцост үзлэг хийсэн гэрэл зурагнаас харж болно. Ж-ын хэлж байгаа шиг амьдралаас уйдсан хүн байгаагүй. Өдөр болгон хөлсөө гаргаж гүйдэг, турнекэн дээр суниаж, дасгал хийдэг байсан. Талийгаачийн биед задлан шинжилгээ хийхэд ямар нэгэн суурь өвчин гараагүй. Өөртөө хайртай нэгэн байсан. Үхлийн талаар нэг ч удаа ярьж байгаагүй. Гэрт нь очиход гуталтай орохын аргагүй цав цагаан алчуур дэлгээд тавьсан байдаг байсан. Нас барсных нь дараа бүтэн хэмжээний ном нь хэвлэгдэн гарсан байгаа. Талийгаачийн нэрэмжит тэмцээн хавар болгон Төв аймагт зохион байгууллагддаг. Ж-ын мэдүүлгүүд дээр ярьсан шиг хүн байгаагүй. Мөн миний дүүг сууж байхад нь зүүн мөрөн дээрээс нь хутгалсан байх. Тухайн үед зодоон болон хэрүүл маргаан болсон бол унтаж байсан М- болон хажуу айлын хүмүүс мэдэх ёстой байсан. Талийгаачийн хувьд Ж-д хутгалуулахаар бие бялдартай хүн байгаагүй. Гэрч Наранцэцэгийн мэдүүлэгт “...тун удалгүй Д- нь цусаа гоожуулаад ороод ирсэн” гэж мэдүүлсэн байдаг. Талийгаачийн зүүн мөрнөөс маш их цус гарсан байсан. Энэ нь талийгаачийн өмсөж байсан хувцаснаас харагддаг. Цус их хэмжээгээр гарч байхад Ж- түргэн тусламж дуудаж өгөөгүй байдаг. Ж- санаа зорилготой байсан учраас тэнд болсон зүйл дээр эмзэглээгүй. Миний дүү амьдрах хүсэлтэй хүн байсан учраас хажуу айлд тусламж дуудаж орсон байх. Ж-ын өмгөөлөгч Ганбат нь хуулийн өндөр мэдлэгтэй хүн учраас энэ тал дээр маргахгүй хуульд захирагдах байх. Ж- өнөөдрийн байдлаар гэмшээгүй байна. Энэ хэрэг болоод 5-н жилийн хугацаа өнгөрч байхад нэг ч удаа найзынхаа төлөө маанийн ерөөл хэлж байгаагүй, мани уншуулаарай гээд ар гэрийнхэнтэй нь уулзаж, холбогдож байгаагүй. Иймд Ж-ыг хүнийг санаатай алсан гэмт хэрэгт яллаж өгнө үү гэв.

Шинжээч Х.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Шинжээчийн 223 дугаартай дүгнэлтийн бүх заалттай санал нэг байна. Талийгаачийн цээжний хөндийд нэвтэрсэн гэдгийг мэдсэн эмч заавал хяналтандаа авах ёстой. Талийгаач эмнэлгийн тусламж авахдаа рентген шинжилгээнд хамрагдсан байдаг. Энэ шинжилгээний хариугаар цээжний хөндий нэвтрээгүй байна гэж гарсан байсан. Талийгаачид учирсан шарх нь задлан шинжилгээний дүгнэлтээр талийгаачийн шарханд зоонт хийж үзэхэд энэ маш төвөгтэй орж байна гэсэн дүгнэлт гарсан байдаг. Коспиталийн эмч цээжний хөндий нэвтэрсэн эсэхийг шалгах боломжгүй байсан. Булчингуудын агшилт, хөдөлгөөн хийхэд шархны сүв мэдэгдэхгүй байх боломжтой. Дээд хөндийн венийн судас нь зүрхний угийн ойролцоо буюу арьс булчингийн цаана байрладаг. Мөрний үе, булчин, гялтан хальс гэх мэтчилэн олон саад даваанууд байгаа. Гэмтсэн ч гэсэн тухайн бие нь амьд учраас цээжний хөндий нэвтэрсэн эсэхийг шалгахад хариу үйлчлэл үзүүлж булчингууд агших, хальсууд цочрох шинж тэмдгүүд илэрдэг. Цээжний хөндий нэвтэрсэн шархтай хүнийг эмчлэх, оношлох  талаар ерөнхий стандартууд байдаг. Харин мөрдөгчийн тогтоолд ямар стандартаар цээжний хөндий нэвтэрсэн шархтай байна вэ гэдгийг асуултанд дурдагдаагүй байсан. Госпитал эмнэлэг талийгаачийн цээжний хөндий нэвтрээгүй гэж оношилсон гэв.

Шинжээч О.Г-: Би энэ хэрэгт 2 удаа дүгнэлт гаргаж оролцсон ба 2 удаа дүгнэлт гаргаж болохгүй гэдгийг мэдээгүй. Би хэдэн сарын хэдний өдөр хэд гэсэн дугаартай тогтоолоор дүгнэлт гаргаснаа санахгүй байна. ...Ямар нэгэн байдлаар биедээ шарх авсан хүний биеийг гаднаас нь харахад арьс болон өөхөн эд буюу гэмтсэн хэсэг шууд харагдана. Харин биеийн дотор байгаа булчин, уушги, судас гэмтсэн эсэхийг ямар ч эмч гаднаас хараад мэдэх боломжгүй. Багаж оруулаад шалгах бас боломжгүй. Мөн бүл гэдэг зүйл тогтож болно. Талийгаачийг үхэлд хүргэсэн буюу гэмтсэн судас нь эрхий хуруунаас том судас. Энэ судас нь нурууний ясан дээр байдаг. Амьд хүн амьсгалж зүрх нь цохилж байгаа учраас тэр судсыг цоорсон эсэхийг мэдэх боломжгүй. Энэ хэргийн хувьд талийгаачийг урт хутгаар хутгалаад судсанд нь хүрсэн бол 3-5 минутын дотор бүл нь тогтох ёстой. Бүл тогтохдоо биеийн онцлогоос хамаарна. Гялтан хальсны цаана цусан бүл тогтоод тодорхой хугацааны дараа онгойсон байх гэв.

Шинжээч Ц.Ц-: ... Би хавтаст хэргийн материалтай танилцаад он сарыг нь сайн санахгүй байна 830 дугаартай шинжээчийн дүгнэлтийн бүрэлдэхүүнд орж дүгнэлт гаргасан. Хавтаст хэргээс харахад намайг Эрүүл мэндийн яамны ерөнхий мэргэжилтэн Шагдарсүрэн 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр томилоод 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр дүгнэлт гаргасан байна. Энэ дүгнэлтэнд цаг хугацааны зөрчилдөөн байхгүй. Цээжний хөндийд нэвтэрсэн шархтай хүнийг эмчлэх гэсэн стандарт, удирдамж ч байдаггүй. Эмчлэгч, мэс заслын эмч гэдэг бол бодит үзлэг, нэмэлт лабораторын шинжилгээн дээр үндэслэж ажлаа хийдэг. Бид нар дүгнэлт гаргахдаа тодорхой урьдчилан бэлдсэн асуултын дагуу хариулж дүгнэлтийг гаргадаг. Тогтоолд стандарт гэсэн асуулт байхгүй байсан. Өвчтний биеийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөөд эмийн болон мэс заслын эмчилгээ хийнэ. Талийгаачийн биед үзлэг хийхдээ цэргийн эмнэлэг цээжний хөндий нэвтэрсэн байна гэж оношлоогүй байсан. ...Тухайн үеийн нөхцөл байдал өөр өөр байна. Мөрний үе гэдэг нь жижиг эргүүлэгч булчингуудаар хүрээлүүлсэн байдаг. Түргэний эмч үзсэн байдал болон дараа нь биеийг нь үзэх хоёр ялгаатай. Хуруугаар үзээд шууд оношлох боломжгүй. Цээжний хөндий нэвтэрсэн шархны шинж тэмдэг нь туранхай хүний шархыг хараад шууд хэлж болно. Харин мөрний үен дээрх шархыг шууд хараад хэлэх боломжгүй. 223 дугаартай дүгнэлттэй санал нэг байна гэв.

            Шинжээч Б.Ж- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би энэ хэрэг дээр 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр дүгнэлт гаргасан.  Дахиж дүгнэлт гаргаагүй гэв.

 

Мөн хавтаст хэргээс:

1. Шүүгдэгч А.Ж- 2013.03.06-ны өдөр сэжигтнээр мэдүүлэхдээ: ...2013 оны 03 дугаар сарын 06-ны өглөө 10 цагийн үед намайг Ч-ынд байхад Д- “хүргэнийдээ очиж хувцсаа сольчихоод ирлээ” гээд ирсэн. Бид хоёр гутлын үйлдвэрийн буудал дээрээс захын микронд суугаад 15 цаг өнгөрч байхад Нарантуул зах дээр очсон. Д- “хоёулаа хүнсний зах дотор байдаг том Дэлэг ах дээр ороодохъё” гээд хүнсний зах руу орж уулзсан. Том Дэлэг нь бид хоёрт 0.75 литрийн “Стандарт” архи авч өгч, гурвуулаа хувааж уусны дараа дахиж 0.75 литрийн “Стандарт” архи авч мөн бид гурав хувааж уусан. Түүний дараа Бямбаа гэдэг ах Д-т 0.75 литрийн “Стандарт” архи авч өгөөд талд нь ортол хамт ууж байгаад Бямбаа, Дэлэг хоёр яваад өгсөн. Тэр хоёрыг явсны дараа микро зогсдог захын гадна талын талбай дээр очоод Энхпүрэвийг асуухад хүнээ ачаад гараад явчихсан байсан. Зүс таних микроны эмэгтэй жолооч кондукторгүй байхаар нь кондуктор хийж хороолол ороод үйлчилгээний төвийн урд буугаад Чулуунбаатар ахынд ороход Мягаа ирчихсэн, ганцаараа байж байхаар нь “хоёулаа золгочих уу” гээд золгоод “цагаан сараар ирээгүй юм чинь хоёулаа нэг юм уучих уу” гэж Мягаа асуухаар нь “тэгье” гээд бид хоёр гутлын үйлдвэрийн автобусны буудлын замын урд талын дэлгүүр орж архи аваад уусан. Нэг мэдсэн чинь Д-, Мягаа бид гурав дэлгүүрт хамт байсан. Мягаагийн гэр рүү явахдаа такси барьсан. Гэртээ хариад нөгөө авсан 0.75 литрийн /нэрийг мэдэхгүй/ архиа хувааж уугаад хөдөөний цас зудны талаар ярьж байсан. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Нэг мэдсэн чинь цагаан фургон дотор Д-ын хамт суучихсан цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Би юу ч мэдэхгүй байна. Зүүн нүд хамарны баруун хэсэгт байгаа шинэ шархнууд 2013 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Нарантуул зах дээр кондуктор хийхээр очоод машины хаалга цохисноос үүссэн...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 240-242-р хуудас/,

2013.05.30-ны өдөр яллагдагчаар мэдүүлэхдээ: ...Бид хоёр дэлгүүр орох үед Д-тай тааралдсан. Гэртээ ирээд гурвуулаа архиа хувааж уусан. Д- М-тай танилцаад янз бүрийн юм ярьж байгаад над руу “Баянхонгорт хамт ажлаар явж байгаад хаяад явсан, өнөөдөр бас хаяад явсан, дандаа хаяад явдаг” гээд уурлаад хэрүүл хийгээд байсан. Өөрийгөө атаман гээд хөөргөөд байсан. Би Төв аймагт хүн хутгалсан гэх мэт юмнууд яриад  байхаар нь “тийм зүйл битгий яриад бай, бас чи дандаа алаан хядаан гээд хогийн юмнууд яриад байна, боль” гэсэн. Д-ыг ярьж байхад М- орон дээр хэвтэж байсан, унтсан эсэхийг мэдэхгүй. Д- юм ярьж байгаад гэнэт хаанаас авсанг мэдэхгүй, нэг харсан намайг цохих гээд далайх шиг болохоор нь би хаагаад цааш нь түлхсэн чинь ална гээд дайраад байсан. Д- гараад явсан. Би бас гараад гэрийн араар тойроод гэртээ орсон. Тэр үед Д- манай хажуу айл руу орж харагдсан. Гэтэл хажуу айлын эхнэр орилоод явчихсан. Би гэрээс гараагүй. Намайг гэрт нь ороход гэрийн зуухны хажуу талд нэг хутга хэвтэж байсан. Тэгээд хатгасан юм байна гэж мэдсэн. Д- гаднаас ямар ч уургүй болсон, тайвширсан байдалтай орж ирсэн. Би Д-ыг “чи яачихав” гээд орон дээр хэвтүүлсэн. Д- “өөрийгөө шаачихлаа” гэсэн. Айлын эхнэр түргэн, цагдаа дуудсан гэж хэлсэн. Түргэн ирээд авч явна гэхэд Д- “машинд суухгүй, явахгүй” гээд маргаад байсан. Машинд суулгаад би өөрөө хамт Цэргийн госпитал эмнэлэг явсан. Эмнэлэг дээр боолт тавиулсан. Оёдол хийсэн. Би футболкийг нь эмнэлэг дээр тайлж өгөхөд хувцаснуудын энгэр хэсэг болон мөр тал нь цус болсон байсан. Би хутгалаагүй, Д-ыг хэн хутгалсныг мэдэхгүй. Тэр хутга Д-ын хутга байсан. М-ын гэрт, манай гэрт тийм хутга байхгүй, тэр хутгыг хараагүй. Гэрт М-, Д-, бид гурваас өөр хүн байгаагүй. Намайг цохих гэж байгаад өөрийгөө хутгалсан байх. Д- өөрийгөө хутгалсан тухай эрүүлжүүлэхийн цагдаа нартай хэрэлдэж байхдаа хэлж байсан. М- орон дээр унтаж байсан. Д- өөрийгөө хутгалсныг хараагүй, хутга байгаа байхгүйг мэдээгүй. Би согтуу байсан. Цэргийн госпиталд боолт хийлгэхдээ “миний өөрийгөө хутгалах хэнд хамаатай юм” гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 245-247-р хуудас/,

2016.04.14-ний өдөр мэдүүлэхдээ: ...Цээжний хөндийд 2 см орсон гэдгийг талийгаач өөрөө надад госпиталийн эмнэлгээс саатуулах байр буюу эрүүлжүүлэх рүү явах замдаа хэлсэн. Би Д-ыг “гайгүй юу” гэхэд “зүгээрээ 2 см шархтай л гэж байна” гээд тоохгүй байсан. Тухайн үед надад хутга байгаагүй. Бид нар хоорондоо муудалцаагүй. Д-ыг хутгалах ямар ч шалтгаан байгаагүй. Би гадаа бие засчихаад гэрт ороод иртэл аргалын дөрвөлж, зуух хоёрын хажуу талд хүрэн өнгийн иштэй хутга байхаар нь юун хутга билээ гээд бариад байж байтал М- хажуугийн орон дээрээс “юу болоод байгаа юм бэ” гээд босоод ирсэн. Миний гарнаас хутгыг автал гаднаас Д- зүүн талын мөрөн дээрээ хүрэн өнгийн зүйл болчихсон орж ирэхээр нь “чи чинь яасан юм бэ” гэхэд “яадгийн муу банди нар минь, лаларууд минь” гэх зэрэг омогтой байдалтай орж ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 5-р хавтас 117-р хуудас/,

2017.12.15-ны өдөр мэдүүлэхдээ: ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ хэрэгт би гэм буруутай үйлдэл хийгээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 5-р хавтас 207-р хуудас/,

 

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Б- 2013.03.25-ны өдөр мэдүүлэхдээ: Би талийгаачийн үхэлд Цэргийн госпиталын мэс заслын эмч, эрүүлжүүлэх байрны эмч нарт маш их гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 109-110-р хуудас/,

2016.12.05-ны өдөр мэдүүлэхдээ: ...Цагдаагийн байгууллагын зүгээс нас барсан хүнийг хэлэхгүйгээр 5 хоног байлгасан. Энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдсэн. Яагаад эрүүлжүүлэхэд нас барсан хүнийг хэвлэл мэдээллийн хэрэгслийнхнээс ар гэрийнхэн нь мэдэх ёстой юм бэ. Хан-Уул дүүргийн эрүүлжүүлэх байранд шөнөжин хүн орилж байгаад нас барлаа гэсэн мэдээлэл олон нийтийн сайтуудад тавигдсан байсан. Хэвлэлийнхэн ар гэрийнхэнд нь хэлэлгүй өдрийн сонины сэтгүүлчид мэдэгдсэн. Ямар шалтгаанаар хэвлэл мэдээллийн хэрэгслийнхний анхаарлыг татаад байгааг ойлгохгүй байна. Хэвлэл мэдээллийнхэнтэй хамт Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэс дээр ирэхэд жижүүрээс эхлүүлээд бүгдээрээ мэдэж байсан ба бүгд үл тоомсорлосон байдалтай байсан. Ганхүү байцаагчийн утасны дугаарыг олж хохирогчийн ар гэрийнхэн ирчихсэн байна гэхэд “бид нар сагсан бөмбөгийн тэмцээнтэй байна, маргааш болъё” гэхээр нь надад их эвгүй, хүнд байсан. Маргааш нь талийгаачийн ар гэрийнхний хамтаар бүгдээрээ ирээд мөрдөн байцаагчтай уулзахад “хэргээ боох гэж байгаа, хэргийг прокурорын мөрдөн байцаах алба шалгаж байгаа” гэхээр нь прокурорын мөрдөн байцаах албатай уулзаж ар гэрийнхэнд нь мэдэгдээгүй талаар хэлэхэд бас л цагдаагийн байгууллага мэдэгдсэн байх гэж бодож байсан гэсэн. Эрүүлжүүлэх байрны эмч нар цээжний хөндийд нэвтэрсэн шархтай хүнийг авч эрүүлжүүлсэн. Анхаарал сул тавьсан, хайхрамжгүй хандсан гэж үзэж байна. Эмч нар амин үзүүлэлтийг үзэж байгаад оруулсан байх гэж бодож байна. Дотуур цус алдалт их хэмжээгээр алдсан байхад гадна талд ажиглагдмаар юм. Дунд зэргийн согтолттой, ухаангүй хүнийг авчирч өгсөн байдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 5-р хавтас 95-р хуудас/,

2017.03.31-ний өдөр мэдүүлэхдээ: ...Оршуулгын зардалд 9.214.450 төгрөг гарсан. Өмгөөлөгч авсны зардал 4 жилиийн хугацаанд 4.365.000 төгрөг болсон. Уг зардлаас төлсөн зүйл огт байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 5-р  хавтас 116-р хуудас/,

 

                                       Гэрч нарын мэдүүлгүүд:

3. Гэрч Ш.Н- 2013.03.07-ны өдөр мэдүүлэхдээ: ...2013 оны 03 дугаар сарын 06-ны өдөр би Нарантуул захаас 21 цаг өнгөрөөж гэртээ ирэхэд манай нөхөр Чулуунбат, хүү, охин хоёрын хамт байсан. Удалгүй Мягаагийнд /М-/ 2-3 хоногийн өмнөөс харагдаад байсан залуу согтуу орж ирээд “эгч, би хүнд хутгалуулчихлаа, та түргэн дуудаад өгөөч” гэсэн. Тэр залуугийн цамцны зүүн тал нь цус болчихсон. Өөрөө цамцаа сөхөж харуулсан чинь цээжний зүүн хэсгээс цус гарч байсан. Би “манайх жаахан хүүхэдтэй, хүүхдүүд айгаад байна, ирсэн айлдаа ор” гээд тэр залууг /Д-/ гэрээс гарахаас өмнө түргэн рүү 2 удаа залгаж дуудлага өгсөн. Тэр залууг /Д-/ Мягаатай /М-/ болон хамт амьдарч байсан Ж- нар нь Д- гэж дуудаж байсан болохоор түргэнд гэрийнхээ хаягийг зааж өгөөд тэр залуугийн нэрийг асуугаад байхаар нь Д- гэж хэлээд насыг нь 25 гэж худлаа хэлсэн. Өөрөөс нь нэрийг нь асуусан чинь хэлэхгүй байсан. Би нөхөртөө “юун цус нөж болсон хүмүүс байгаад байна, би Мягаагийн орж үзээд ирье” гээд Мягаагийнд орсон чинь манайд орж ирсэн, цусаа гоожуулсан залуу баруун талын орон дээр хэвтчихсэн, тэр залуугийн хажууд Ж- суучихсан, зүүн талын орон дээр Мягаа сууж байсан. Би тэд нарт “та нар чинь юу болоод байгаа юм бэ, цус нөжөө гоожуулж гэр орноор орж ирээд” гэхэд Ж- нь “яагаа ч үгүй, яагаа ч үгүй” гээд байсан. Мягаа нь арай гайгүй, Ж- нь согтуу юм шиг байсан. Нөхөр Чулуунбат, бид хоёр гадаа түргэн хүлээгээд зогсож байхад Д-, Мягаа, Ж- нар нь гэрээсээ гарч ирээд нөгөө гэмтсэн Д- нь пальтогоо бариад уйлж орилоод хашааны хаалга руу явахаар нь манай нөхөр бид хоёр Ж-д “наад хүнээ аваа, энд тэнд очоод цус алдаад янз бүр болчихвол яах юм бэ” гээд байж байтал түргэний машин ирсэн. Машинд Д-, Ж- хоёр сууж явсан. Би түргэний эмчид “энэ хамт явж байгаа залуу нь хутгалсан байж магадгүй шүү” гэж хэлсэн. Д- нь цусаа гоожуулчихсан орж ирээд “Ж-, намайг хутгалчихлаа” гэхээр нь “худлаа яриад бай” гэхэд цамцаа сөхөж үзүүлсэн чинь зүүн мөр орчмоос цус гарч байсан. Би “чи цус нөж гоожуулж гэрт орж ирлээ, хүүхэд айлгачихлаа” гэхэд “Ж-гаас айгаад байна, дахиж хутгалж магадгүй, та түргэн дуудаад өгөөч” гэхээр нь түргэн дуудсан. Түргэн дуудсаны дараа Д- нь гараад явсан. Би араас нь гэрт нь орсон...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 111-113-р хуудас/,

 

4. Гэрч О.Ч- 2013.03.11-ний өдөр мэдүүлэхдээ: ...2013 оны 03 дугаар сарын 06-ны орой 21 цагийн үед хашааны гадаа машины дуу гарахаар нь хаалгаараа шагайж харахад цагаан машин М-ын гадаа ирж зогсоод нэг хүн бууж байх шиг байхаар нь буцаагаад хаалгаа хаасан. Эхнэр ирсний дараа би түрүүлээд унтаж байхад 22 цагийн үед манай эхнэр дуудаад “хүн ороод ирлээ” гэсэн. “Түргэн дуудаад өгөөч” гэхээр нь манай эхнэр өөрийнхөө утсаар түргэн дуудсан. Манай эхнэр, хүү хоёрт “намайг Ж- хутгалчихлаа” гээд орон дээр суухад нь сэрээд харахад цамцаа сөхчихсөн зүүн талын мөрний доод талаас нь цус гарч байсан. Манай 4 настай охин харчихаад нүүрээ дараад орилоод байхаар нь эхнэр түргэн дуудчихаад араас нь гарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 114-116-р хуудас/,

 

5. Гэрч Ж.М- 2013.04.28-ны өдөр мэдүүлэхдээ: ...2013 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх байранд цагдаа Батчулуун, М-сүрэн нарын хамт жижүүрийн үүрэг гүйцэтгэж хоносон. Шөнө 02 цаг 30 минутын үед жижүүрийн жолооч Эрдэнэбадрах, дадлагын сонсогчийн хамт Д-, Ж- гэсэн 2 хүнийг эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлэхээр оруулж ирсэн. Д-ын биед үзлэг хийхэд артерын даралт 100/70, биед зүүн мөрний дээд хэсэгт шинэ боолттой байсан. Боолтноос цус гарсан зүйлгүй, өөрөөс нь “биеийн байдал болон зовиур шаналгаа байгаа юу” гэхэд “зүгээрээ, ах нь амармаар байна, ядраад байна” гэж хэлж байсан. Д-ын хувцас нь нил цус болчихсон байсан. Д-ыг коридорын сандал дээр хэсэг байлгасан чинь “ах нь амармаар байна” гээд байхаар нь цагдаа а/а Батчулуун хоёр ортой 6 номерын тусгай камерт оруулсан. Камерт оруулсны дараа наркоз нь гараад өвдөлт өгөх байх гээд диклоденк өвчин намдаах эм өгсөн. Камерын хяналтын өрөөнд орж хүмүүсээ камераар хянаж байхад 04 цагийн үед ЗЦГ-аас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гээд нэг залуу ирснийг Д-ын өрөөнд оруулсан. Өглөө 06 цагийн үед камерын хяналтын өрөөнд орж цагдаа нарт хүмүүсээ босгож анкетаа авъя гэж хэлээд камер руу орж эрүүлжүүлэгдэж байгаа хүмүүсээ сэрээсэн. Тусгай өрөөнд байсан Д-ыг “бос” гэхэд босохгүй байхаар нь камерт орж үзэхэд хөдлөхгүй байсан. Гарч камерын хяналтын өрөөнд ороод цагдаа а/а Батчулуунд “Д- босохгүй байна” гэж хэлсэн. А/а Батчулуун ирээд “нас барчихсан юм шиг байна” гэхээр нь хэлтсийн ерөнхий зохицуулагч х/ч Эрдэнэд хэлж түргэн дуудсан. Түргэн ирж үзээд Д-ыг нас барсан байна гэсэн. Д- нь анх эрүүлжүүлэх байранд ирэхдээ Цэргийн госпиталаас ирсэн гээд зүүн мөрөндөө хутгалуулсан гээд боолттой, согтуу байсан. Цэргийн госпиталаас эмнэлгийн тусламж аваад ирсэн болохоор нь үзлэг хийж, даралтыг нь үзээд эрүүлжүүлсэн. Тухайн үед талийгаач хэргийн болон бусад зүйлийн талаар огт юм ярихгүй байсан. “Ах нь амармаар байна” гэж л байсан. Өөр юм яриагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 126-127, 153-156-р хуудас/,

2013.07.23-ны өдөр мэдүүлэхдээ: ...Тухайн үед талийгаачийг эмнэлгээс эрүүлжүүлэхийн байранд ирэхэд нь даралт болон биед ил харагдах шарх сорвийг нь үзээд дуусахад талийгаач сандал дээр сууж байгаад “амармаар байна” гэхээр нь тусгай ортой камерт оруулж унтуулсан. Тухайн үед талийгаач хэргийн болон бусад асуудлын талаар юу ч ярихгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 75-р хуудас/,

 

            6. Гэрч Д.Б- 2013.05.03-ны өдөр мэдүүлэхдээ: ...2013 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 13 цагаас 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 13 цаг хүртэл эрүүлжүүлэх байрны эмчээр Мөнхболор, цагдаа М-сүрэн нарын хамт жижүүрийн үүрэг гүйцэтгэсэн. Ажил үүргээ гүйцэтгээд шөнийн 02 цаг 30 минутын үед Т.Д-, А.Ж- гэсэн 2 хүнийг хэргийн холбогдолтой эрүүлжүүл гэж оруулж ирсэн. Оруулж ирсний дараа эмч Мөнхболор хүлээж аваад даралт болон биед ил харагдах шарх сорвийг нь үзээд дуусахад талийгаач сандал дээр сууж байснаа “ах нь унтаж амармаар байна” гэхээр нь би авч яваад ортой камерт ганцааранг нь оруулсан. Д- нь эрүүлжүүлэх байранд ирэхдээ ил харагдах шарх гэмтэлгүй, хувцас нь нил цус болсон байсан. Хутгалуулсан шархыг нь би хараагүй, эмч Мөнхболор хутгалуулсан шархтай байна гэж байсан. Хамт орж ирсэн Ж- нилээн согтолттой, мөн хувцас хунар болон гар нь цус болсон байсан. 6 номерын камерт оруулсны дараа ганцаараа сууж байгаад ЗЦГ-аас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон залууг оруулсны дараа урд урдаасаа харж юм ярьж сууж байгаад хоёулаа унтсан. Д- нь хоёр тийшээ байраа сольж хэвтэж байсан. Түүнээс хойш ямар нэг хөдөлгөөн хийгээгүй. Камерын бичлэг дээр хэвтэж байгаа нь харагдаж байгаа болохоос биш таталт өөрчлөлт үзүүлж байгаа нь харагдахгүй байсан. Манай камерын хяналтын дэлгэц нь 14 инч байдаг. 14 инчийг дотор нь 16 хувааж хяналт тавьдаг. Д-, Ж- нараас юу болсон талаар асуухад Д- нь Ж-ыг заагаад “энэ муу новш намайг хутгалчихсан юм, гэхдээ зүгээрээ зүгээр” гэж байсан. Ж- нь “манай найз хутгалчихсан юм” гэж байсан. Өөр зүйл яриагүй. Талийгаач архи уучихсан согтуу байсан, согтолтын зэргийг нь тогтоогоогүй. Ж- нь Д-ыгаа бодвол их согтуу байсан. Биедээ шархтай хүнийг эрүүлжүүлэх байрны эмч үзлэг хийгээд эрүүлжүүлж болно гэсэн тохиолдолд эрүүлжүүлдэг...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 128-129-р хуудас/,

2013.07.23-ны өдөр мэдүүлэхдээ: ...Тухайн үед талийгаачийг эрүүлжүүлэх байранд ирэхэд нь Мөнхболор хүлээж аваад даралт болон биед ил харагдах шарх сорвийг нь үзээд дуусахад талийгаач сандал дээр сууж байснаа “ах нь унтаж амармаар байна” гэхээр нь ортой камерт ганцааранг нь оруулсан. Талийгаач сандал дээр сууж байхдаа Ж-ыг заагаад “энэ муу новш намайг хутгалсан” гэж хэлсэн. Тухайн үед бид хоёроос өөр хүн байгаагүй. Ж-ыг өөр камерт тусад нь оруулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 76-р хуудас/,

 

7. Гэрч Э.С- 2013.04.26-ны өдөр мэдүүлэхдээ: ...Би 2013 оны 03 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө дүрс оношилгооны их эмчээр 24 цагийн жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байсан. 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн шөнийн 01 цагийн үед хоёр цагдаагийн хамт, сувилагч Б- нь Т.Д- гэдэг хүнийг рентгенд харуулахаар рентген харалтын өрөөнд авч ирсэн. Тэр хүн ирснийхээ дараа “рентгенд харуулахгүй” гэж уурлаад аппаратны хойд талд очоод суучихсан. Хамт авчирсан 2 цагдаа тэр хүнийг аргадаж гуйж байгаад рентген харалт хийлгэсэн. Рентген харалтаар хоёр талын гялтангийн хөндийд /цээжний хөндий/ хий болон шингэнгүй, зүрх томролгүй байсан. Үүний дагуу рентген харалтын дүгнэлтийг бичиж өгсөн. Рентген зураг авалтаар шархыг хардаггүй, шархны улмаас цээжний хөндийд хий, шингэн хуралдсан эсэхийг тодорхойлдог. Шархны анхны цэгцлэлтийг гэмтлийн эмч нар хийдэг. Рентген харалтаар дээд хөндийн судас гэмтсэнийг тогтоох боломжгүй. Тодосгогчтой MRI ангиография /тодосгогч бодистой судасны зураг авах/ шинжилгээгээр тогтоох боломжтой. Энэ шинжилгээний аппарат манай эмнэлэгт байдаггүй. Гэмтэл, Сонгдо, нэг, хоёр дугаар эмнэлгүүдэд хийгддэг шинжилгээ юм. Судас гэмтсэний улмаас цээжний хөндийд хий, шингэн хуралдсан тохиолдолд оношлох боломжтой. Шинжлүүлэгч Д-ын цээжний хөндийд хий, шингэн хуримтлагдаагүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 132-р хуудас/,

 

8. Гэрч Д.Б- 2013.04.26-ны өдөр мэдүүлэхдээ: ...2013 оны 03 дугаар сарын 06-ны өдөр гэмтлийн яаралтай тусламжийн сувилагчаар 24 цагаар үүрэг гүйцэтгэж байхад 22 цагийн үед 103-р зүүн мөрөндөө хутгалагдсан шархтай Т.Д- гэдэг хүн ирсэн. Эмч Сүхбаатарын хамт өвчтөнд анхны тусламж үзүүлэх гэтэл өөрөө эсэргүүцэл үзүүлж, хэл амаар доромжлон, тусламж авахгүй гээд эсэргүүцээд байхаар нь Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэс рүү “манайд хутгалуулсан согтуу хүн ирчихээд тусламж үзүүлэх гэсэн чинь согтуурхаад эсэргүүцэл үзүүлээд байна” гэхэд “манай харъяалалын хэрэг биш байна, Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст мэдэгд” гэсэн. Удалгүй жижүүрийн бүрэлдэхүүний хүмүүс ирсний дараа нөгөө хүн жаахан тайвширч анхны тусламж авч шархыг эмч бид хоёр цэвэрлэж томсгож, зоонт тавьж шалгаж цус тогтоолт хийж шархыг оёсон. Рентген харалт хийлгүүлэхээр 2 цагдаагийн хамт би өөрөө өвчтөнг аваад рентгенд цээж гэрэлд харуулчихаад, эмчид үзүүлээд тухайн үед хэвтэх шаардлагагүй байсан учраас Хан-Уул дүүргийн Цагдаагийн бүрэлдэхүүнтэй явуулсан. Ар гэрээс нь хүн ирээгүй, согтуу байсан учраас явуулсан. 103-ын эмч шарханд боолт хийсэн, тэр боолт нь бага зэрэг нэвтэрсэн байдалтай анх ирсэн. Тэр хүн согтуу байсан болохоор юм ярихгүй, согтуурхаад, нэр усыг нь асуухаар худлаа хэлээд байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 133-р хуудас/,

2014.02.25-ны өдөр мэдүүлэхдээ: ...Өвчтөн Д- 103-т хүргэгдэн ирэхэд өвчтний шархыг цэвэрлээд, шархны гүнийг зоонтоор шалгаад шархыг томруулан яг аль хэсгээс цус гарч байна вэ гэдгийг шалгаад оёдол тавьсан. Үүний дараа өвчтний цээжний рентген зургийг харалт хийлгэхээр явуулсныг би дагуулан явж рентген эмч Солонго дээр очин рентген аппаратанд цээжний хөндийг харуулан дүгнэлтийг бичүүлэн авсан. Дүгнэлтийн хамт өвчтнийг эмчид хүргэж өгөхөд Сүхбаатар эмч рентгений дүгнэлтийг хараад  өөрчлөлтгүй тул буцаан явуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 164-р хуудас/,

 

9. Гэрч Д.Батболд 2013.03.07-ны өдөр мэдүүлэхдээ: ...Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дэлгүүрээс архи худалдаж авахыг шаардаад зогсож байхдаа цагдаад баригдаад эрүүлжүүлэгдсэн. Би эрүүлжүүлэх байрны 3 дугаар камерт 9 хүний хамт эрүүлжүүлэгдсэн. Хажуу талын өрөөнд хүн нас барсныг өглөө мэдсэн.  Миний байрлаж байсан камерын зүүн талын камераас хэн нэгэн хүн өвдөж байна гэж орилж хашгирч байсан зүйл байгаагүй. Харин баруун талын камерт байсан хүн агсам тавиад байсан. Талийгаачийг хэзээ ямар байдалтай эрүүлжүүлэхэд орж ирснийг хараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 134-135-р хуудас/,

 

10. Гэрч Т.Алтансүх 2013.03.07-ны өдөр мэдүүлэхдээ: ...Би ажлын байрандаа архи ууж танхайрсан асуудлаар эрүүлжүүлэгдсэн. Унтаж байгаад өглөө сэрэхэд миний байрлаж байсан камерт хүн нас барсан байсан. Ямар байдлаар нас барсныг мэдэхгүй. Би талийгаачийг ямар байдалтай камерт ирснийг мэдээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 136-137-р хуудас/,

 

11. Гэрч Д.Нэмэхбаяр 2013.03.07-ны өдөр мэдүүлэхдээ: ...Талийгаачийг камерт хэдэн цагт орж ирснийг мэдэхгүй, хараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 138-р хуудас/,

 

12. Гэрч С.Тулгабат 2013.03.07-ны өдөр мэдүүлэхдээ: ...2013 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 16 цагийн үед Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсийн эрүүлжүүлэх байранд Яармагийн 3 дугаар буудлын орчмоос саатуулагдаж ирсэн. Тус эрүүлжүүлэх байрны 5 номерын камерт нийт 9 хүн хоносон. Өглөө сэрэхэд хажуугийн 6 номерын өрөөнд нэг хүн өнгөрчихлөө гэж ярилцаж байсан. Ямар хүн байсныг хараагүй, мэдэхгүй. 2013 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 16 цагийн үед ирснээс хойш 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 09 цагийн хооронд эрүүлжүүлэгдэж байгаа хүмүүс камерын өрөөндөө орилолдоод байснаас өөрөөр цагдаагийн байгууллагын алба хаагч болон эрүүлжүүлэх байрны эмч нараас хэн нэгэн хүнийг зодож цохиж байсан зүйл огт байхгүй. 6 номерын өрөөнд ямар хүмүүс байсныг, мөн хичнээн хүн байсныг мэдэхгүй. Ер нь тухайн 6 номерын камер болон бусад камерт байсан хүмүүс хоорондоо маргалдаж, муудалцсан, зодолдсон асуудал огт байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 143-144-р хуудас/,

 

13. Гэрч Р.Дарханбат 2013.03.07-ны өдөр мэдүүлэхдээ: ...Би эрүүлжүүлэх байранд хаанаас хэрхэн яаж ирснээ санахгүй байна. Эрүүлжүүлэх байранд ямар асуудал болсон талаар мэдэхгүй. Талийгаач Д- гэх хүнийг өглөө 06.00 цагт нас барсан талаар сонссон...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 145-146-р хуудас/,

 

14. Гэрч Д.Ганхуяг 2013.03.06-ны өдөр мэдүүлэхдээ: ...Би эрүүлжүүлэх байрны камерт 10 гаруй хүнтэй хамт хоносон. 6 дугаар камерт байсан хүнийг нас барсан талаар өглөө сэрээд мэдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 147-р хуудас/,

 

15. Гэрч Ж.Төмөрхуяг 2013.03.07-ны өдөр мэдүүлэхдээ: ...Би камертаа 9-үүлээ байсан. 6 дугаар камерт байсан хүн нас барсан талаар өглөө мэдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 148-р хуудас/,

 

16. Гэрч  А.Эрдэнэбилэг 2013.03.07-ны өдөр мэдүүлэхдээ: ...Би өдөр 16 цагийн үед 2 найзын хамт эрүүлжүүлэхэд ирсэн. Камертаа 9-үүлээ байсан. Өглөө бие засаж байхдаа хажуу талын камерт хүн нас барсан талаар сонссон. Хэзээ ямар учраас нас барсан талаар мэдээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 149-150-р хуудас/,

17. Гэрч Э.Ариунболд 2013.03.07-ны өдөр мэдүүлэхдээ: ...Би 2013 оны 03 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө 02 цагийн үед архи уучихсан машин барьж яваад замын цагдаад баригдаж шөнө 03 цагийн үед Хан-Уулын дүүргийн эрүүлжүүлэх байранд ирж, камерт хоёулаа хоносон. Намайг ороход нэг ах орон дээр сэрүүн хэвтэж байсан. Нөгөө орон дээр байсан хүн өөрийнхөө куртикийг авахуулаад “ах нь хутгалуулчихсан юм аа, орон доогуур байгаа савтай ус аваад өг” гэхэд усыг нь авч өгсөн. 2 ортой камер байсан, өөр хүн байгаагүй. Би тэр хүнийг танихгүй, намайг шөнө 03 цагт ороход надтай зүгээр юм яриад байсан. Өглөө сэрээд хүмүүсийг босгож байхад нөгөө ах босохгүй болохоор нь эрүүлжүүлэх эмч “наад хүнээ сэрээ” гэхээр нь би очиж татахад босохгүй байхаар нь орхиод гарсан. Харин нөгөө эмч зөрөөд орсон. Намайг коридорт гутлаа өмсөөд зогсож байхад эмч нөгөө хүнийг татаад, алгадаад сэрэхгүй байсан. Би бие засчихаад буцаад ирэхэд бид нарыг өөр камерт оруулсан. Талийгаач хэзээ, хаана, хэнд хутгалуулсан талаар юм ярихгүй байсан. Би тэр хүнийг хаанаа хутгалуулсныг мэдээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 151-152-р хуудас/,

 

18. Гэрч Е.Еркебулан 2013.07.23-ны өдөр мэдүүлэхдээ: ...Тухайн үед Цагдаагийн хэлтсийн жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнд эрүүгийн төлөөлөгчөөр ажиллаж байхад хутгалуулсан нэг хүн агсам тавиад эмчилгээ хийлгэхгүй байна гэж Цэргийн төв эмнэлгээс дуудлага ирсний дагуу жолоочийн хамт очиход хутгалуулсан гэх хүн нь цусаа гоожуулсан байдалтай, хажууд нь Ж- нь хамт явж байсан. Би зүгээрээ гээд нэр усаа хэлэхгүй, намайг Чингис гэж хэлж байсан. Би гуйгаад аргадаж байгаад шархыг нь оёулж, өөр бас нэг эмч дээр авч очоод рентген зураг авахуулаад, анх үзсэн эмчээс нь бичиг хийлгэж авсан. “Энэ хүний амь насанд аюул үүсэх үү” гэхэд “тэр тал дээр гайгүй байх, гүн шарх биш байна” гэхээр нь тэр хоёрыг цагдаа дээр авчирсан. Ж-ыг эрүүлжүүлэхэд хийгээд, нөгөө хутгалуулсан залууг өрөөндөө оруулж болсон үйл явдлынх нь талаар асуухад ямар ч хариулт хэлэхгүй “би зүгээр байна, та нар намайг байцаадаг юу юм, би Монгол улсын бөх байна” гээд хашгираад байсан. Нэр хаягаа тодорхой хэлэхгүй, ямар ч бичиг баримтгүй, Улаанбаатар хотод суудаггүй гэж байсан. Ер нь бол эмнэлэг дээр очоод талийгаачийг гуйж аргадаж байж жаахан тайвшруулаад хутгалуулсан газар нь оёдол тавиулж, рентген зураг авахуулаад авчирсан. Анх дуудлагаар очиход ямар ч эмчилгээ хийлгэхгүй гээд цусаа гоожуулчихсан, хоёр гараа халаасандаа хийчихсэн зогсож байсан. Хажууд нь Ж- хамт байсан. Нэг тариа тарьсан байх, сайн мэдэхгүй байна. Өөр ямар нэг эмчилгээ хийгээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 77-р хуудас/,

 

19. Гэрч Б.Золбоо 2014.01.03-ны өдөр мэдүүлэхдээ: ...Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1, 2-р хэлтсийн техник хэрэгсэлтэй холбоотой асуудлыг хариуцан ажилладаг. Эрүүлжүүлэх байранд нийтдээ 11 хяналтын камер байдаг. Тухайн цаг хугацаанд энэ камерууд бүгд хэвийн ажиллаж байсан. Хяналтын камерыг 17 инчийн дэлгэцэн дээр жижигрүүлэн хувааж хардаг. Өөрөөр хэлбэл 17 инчийн дэлгэц нь хуваагдах байдлаараа 16 ширхэг хуваагдаад, энэ 16 ширхэг хуваагдсан дэлгэц дээр 11 ширхэг жижиг дүрс харагддаг. Ойролцоогоор 10х15 см орчим хэмжээтэй харагддаг байсан байх. 2013 оны 03 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө эрүүлжүүлэх байранд иргэн Д- гэгч нас барсан хэрэг гарснаас хойш тухайн дэлгэцийг томруулаад 29 инчийн дэлгэц болгон томруулж өгсөн. Хэвтэж байгаа хүн татаж, таталт өгч байгааг тэр жижиг дэлгэцээр харахад харагдах боломжгүй. Харин хэвтэж байгаа хүн орон дээрээ эргэх, босож суух зэрэг хөдөлгөөн хийж байгаа нь харагддаг. Тухайн иргэний нас барсны дараа камерын бичлэг шүүж үзэхэд орон дээрээ хөрвөөж байгаа нь харагдаж байсан. Сүүлд таталт өгч байгааг яг нарийн үзэж хараагүй болохоор хэлж мэдэхгүй байна. Жижиг дэлгэцийг ганцааранг нь харж байгаад тухайн хүнийг татаж байгааг нь харвал харагдах ба түүнээс 16 хуваасан дэлгэцэн дээр харагдаж байгаа 11 ширхэг камерыг харж байгаад тухайн иргэний таталт өгч байгаа нь нарийн сайн харагдах боломжгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 230-231-р хуудас/,

 

20. Гэрч Ю.М- 2016.04.15-ны өдөр мэдүүлэхдээ: ... Би 2013 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумаас Улаанбаатар хотод шуудангийн автобусаар ирээд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, авто засварын заводын хашаанд гэртээ ирэхэд манайд хүн байхгүй байсан. Цоожтой байсан цоож нь гараараа татаад онгойлгочихдог болохоор онгойлгоод гэртээ ороод байж байтал Ж- ганцаараа ирсэн. Манай гэрт Ж- амьдардаг байсан юм. Ж- бид хоёр орой 19-20 цагийн үед дэлгүүр орох гээд явж байтал заводын буудал дээр танихгүй хүнтэй таарсан. Ж- тэр хүнийг танидаг байсан ба тэр хоёр хоорондоо ярилцаж байсан. Сүүлд тэр хүнийг Д- гэдгийг мэдсэн. Д- гэх залуу Ж-ыг “чи яагаад намайг хаяад явчихав” гэхэд Ж- “би гэртээ харих гээд яарч байсан” гэж хэлсэн. Тэр үед Ж-, Д- хоёр халамцуу байсан. Ж- намайг “1 шил архи аваад өг” гээд гуйгаад байхаар нь дэлгүүр явсан. Хүнсний дэлгүүрт ороод 1 шил 0,5 граммын архи авах гэтэл хажуу талаас Д- “нэг мөсөн 0,75 граммын архи авчих л даа” гэхээр нь 0,75 граммын “Хараа” архи авсан санагдаж байна. Тэндээсээ шууд гэртээ очоод Д-, Ж- бид 3 хуваагаад ууж байхад Д- “би хүн алахаас ч айхгүй, өөрийгөө ч алахаас айхгүй, аавыгаа хайрлаж үзээгүй, 7 жил шоронгоор явсан” гэж агсамнах маягтай байсан. Архи бараг талдаа орж байхад “би унтлаа” гээд гэрийн баруун талын орон дээр хэвтэхэд Д-, Ж- хоёр архиа уугаад үлдсэн. Би хэвтэж байгаад унтчихсан байсан. Манай хашааны айлын эгч орж ирээд намайг дуудаад “та нар юу болоод хутга шөвөг болоод байгаа юм бэ, наад Ж- чинь найзтайгаа юу болоод байгаа юм бэ” гэхээр нь сэрээд бостол Ж- зүүн талын орон дээр хутга бариад сууж байсан. Би Ж-ын гарт байсан хүрэн иштэй цустай хутгыг нь аваад зогсож байтал гаднаас Д-ын цээжин бие нь цус болчихсон орж ирсэн. Би хутгыг нь аваад зөрж гараад хашаанд гэрийн зүүн талын хураалттай модон дунд нуугаад буцаж орж ирсэн. Би Д-ыг хэвтүүлэх гэхэд хэвтэхгүй ноцолдоод байхаар нь айсандаа ойртоогүй. Ж- бас хажууд хэвт гээд хэлж байсан. Тэр үед айлын эгч түргэн тусламж дуудахад 5-10 минутын дараа ирсэн. Д-ыг түргэн тусламжийн машинд суулгах гэхэд түүний цээж хэсэг нилэнхүйдээ цус болчихсон байсан ба “би үхсэн ч та нарт ямар хамаа байнаа” гээд агсараад байхаар нь түргэний эмч “хамт хүн яв” гэж хэлсэн. Ж- намайг хамт явъя гэхэд нь “би явахгүй, наад хүнийг чинь танихгүй, таньдагаараа чи өөрөө яв” гээд түргэний машинтай Ж-, Д- нарыг явуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 5-р хавтас 58-59-р хуудас/,

                                     Шинжээчийн дүгнэлтүүд:

21. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжээчийн №г/071 дугаартай дүгнэлтэнд:

1. Цогцосны гарын хээний дардас нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.

2. Харьцуулах шинжилгээнд тэнцэх гарын хээний дардас нэгдсэн санд бүртгэгдсэн эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн гарын мөрүүдтэй ерөнхий ба хувийн онцлог шинж, тэмдгээрээ тохирохгүй байна. /хх-ийн 1-р хавтас 158-160-р хуудас/,

 

22. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжээчийн №2049 дугаартай дүгнэлтэнд:

1. ХГҮ-ээр бор иштэй хутга, шүдэнзний хайрцаг дээрх улаан хүрэн өнгийн зүйл нь цус мөн байна. Уг цус нь О/I/ бүлгийн харъяалалтай байна.

2. Sheng & wei nuo бичигтэй даавуун цамцанд сэжигтэй зүйлгүй болно. /хх-ийн 1-р хавтас 163-р хуудас/,

 

23. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжээчийн №945 дугаартай дүгнэлтэнд:

1. Хохирогчийн өмсөж явсан хар өнгийн футболконд үүссэн 20х6мм, 22х8мм хэмжээтэй гэмтлүүд нь түлэгдэлтийн улмаас үүссэн цоорлууд байна.

2. Хар өнгийн хүрмэнд үүссэн 17мм хэмжээтэй гэмтэл нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн зүсэгдэлт байна. Уг зүсэгдэлт нь шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн бариултай хутгаар үүсгэгдсэн байж болно. /хх-ийн 1-р хавтас 165-168-р хуудас/,

 

24. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжээчийн №891 дугаартай дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн эрээн өнгийн цамцанд үүссэн 15мм хэмжээтэй гэмтэл нь эдэлгээний явцад үүссэн хуучин урагдалт байна. /хх-ийн 1-р хавтас 170-171-р хуудас/,

 

25. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Биологийн шинжээчийн №1983 дугаартай дүгнэлтэнд:

1. Хохирогч Д-ын өмсөж явсан гэх хувцаснууд дээрх хүрэн бохирдол нь цус мөн байна. Уг цус нь О/I/ бүлгийн харъяалалтай байна.

2. Сэжигтэн А.Ж-ын өмсөж явсан гэх хувцаснууд дээрх хүрэн өнгийн бохирдол нь цус мөн байна. Уг цус нь О/I/ бүлгийн харъяалалтай байна.

3. Сэжигтэн А.Ж-ын шингэн цус нь А/II/ бүлгийн харъяалалтай байна. /хх-ийн 1-р хавтас 173-р хуудас/,

 

26. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжээчийн №857 дугаартай дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн хүрмэнд ханзралт, товчны тасралт үүссэн байна. Хохирогч Т.Д-ын өмсөж байсан гэх цамцнуудад зүсэгдэлтүүд үүссэн байна. /хх-ийн 1-р хавтас 174-176-р хуудас/,

 

27. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Химийн шинжээчийн №1982 дугаартай дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн Ж-ын гэх цусанд спиртийн зүйл илрээгүй. /хх-ийн 1-р хавтас 177-р хуудас/,

 

28. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Биологийн шинжээчийн №2155 дугаартай дүгнэлтэнд:

1. Хохирогч Т.Д-ын гэх хувцаснууд дээр цус илэрсэн. Энэ нь О/I/ бүлгийн харъяалалтай хүний цус байна. /хх-ийн 1-р хавтас 179-р хуудас/,

 

29. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №470 дугаартай дүгнэлтэнд:

1. Талийгаач Т.Д-ын цогцост зүүн мөрнөөс цээжний хөндий нэвтэрч дээд хөндийн вен гэмтээсэн, дээрээс доош, баруунаас зүүн, араас урагш чиглэлтэй хатгагдаж зүсэгдсэн нэг шарх тогтоогдлоо. Энэ гэмтэл нь ир үзүүртэй 20см орчим урттай зүйлийн нэг удаагийн хатгах үйлдлээр үүсгэгдэнэ.

2. Талийгаач нь архины архаг хордлоготой байжээ.

3. Цээжний зүүн хөндийд цочмог цус алдсанаас нас барсан байна.

4. Талийгаач нь 1-р бүлгийн цустай байжээ.

5. Нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байсан байжээ.

6. ЗХКГоспитальд шарх багажаар шалгах, цээж рентгенд харах зэрэг оношлогооны зохих арга хэмжээ авсан боловч тухайн үед цээжний хөндий нэвтэрсэн шинж, цус алдаагүй байснаас оношлох боломжгүй байжээ.

7. Зүрхний мэс заслын яаралтай хагалгаа хийсэн бол амь аварч болно. /хх-ийн 1-р хавтас 184-186-р хуудас/,

 

30. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Биологийн шинжээчийн №1935 дугаартай дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн Т.Д-ын гэх цогцосноос авсан цусанд 1,2 промилли, ходоодны шингэнд 1,4 промилли алкоголь илэрч байна. /хх-ийн 1-р хавтас 187-р хуудас/,

 

31. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Биологийн шинжээчийн №1936 дугаартай дүгнэлтэнд:

1. Т.Д-ын цогцосноос авсан гэх цус нь ABO системээр О/I/ бүлгийн харъяалалтай байна. /хх-ийн 1-р хавтас 188-190-р хуудас/,

 

32. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №426 дугаартай дүгнэлтэнд:

1. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 470 тоот акт үндэслэлтэй байна.

2. Талийгаач нь зүүн мөрнөөс цээжний хөндий нэвтэрч дээд вен гэмтээсэн шархны улмаас цээжний зүүн хөндийд цочмог цус алдаж нас барсан байна.

3. Тухайн үед Д-т үзлэг хийж, шархыг шалгаж, цээж гэрэлд харахад цээжний хөндий рүү нэвтэрсэн гэх шинж /цээжний хөндийд хий шингэн хуралдаагүй, уушигны авчийлт/ илрээгүй байсан байна.

4. Д- нь эсэргүүцэл үзүүлснээс өвчтний биеийн байдлыг үргэлжлүүлэн хянах боломжгүй байжээ. Цээжний хөндийн нэвтэрсэн эсэхийг давтан цээж гэрэлд харах болон цээжний зураг авах, тодосгогч бодистой судасны зураг авах, соронзон хэлбэлзэлтэй компьютерын /MRI/ шинжилгээнүүдээр оношилж, яаралтай мэс заслын эмчилгээ хийсэн тохиолдолд амь нас аврагдах боломжтой. /хх-ийн 1-р хавтас 193-196-р хуудас/,

 

33. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №678 дугаартай дүгнэлтэнд:

1. Яаралтай тусламжийн төвийн эмч Б.Б- нь эмнэлгийн анхны тусламжийг зохих журмын дагуу яаралтай үзүүлж дараагийн шатны эмнэлэгт хүргүүлсэн байна. Яаралтай тусламжийн эмч нар цээжний хөндий рүү нэвтэрсэн шархыг оношлох боломжгүй.

2. Мэс заслын эмч Т.С- өвчтний биеийн байдлыг зөв үнэлж, цээжний хөндий рүү нэвтэрсэн эсэхийг тогтоох зорилгоор рентген шинжилгээ хийлгэж цээжний хөндийд нэвтэрсэн шинж илрээгүй тул шарханд анхны цэгцлэлт хийж, эмчилгээ үйлчилгээг зохих ёсоор үзүүлсэн байна.

3. Дүрс оношлогооны эмч Э.С- нь рентген шинжилгээг хийхэд тухайн үед Т.Д-ын цээжний хөндийд цус хуралтын шинж илрээгүй байсан байна. Задлан шинжилгээ хийсэн тэмдэглэл, фото зургаас үзэхэд шарх талийгаачийн зүүн мөрнөөс цээжний хөндий рүү нэвтэрч голтын эрхтэн болох дээд хөндийн вен гэмтээсэн байна. Голтын эрхтэн гэмтсэн тохиолдолд цээжний хөндийд цус хаягдахгүй, голтод цус хуралдалт явагдаж, цээжний хөндийд шингэн хуралдалт үүсээгүй байж болно. Уг цус хуралдалт аажмаар хэсэг хугацааны дараа цээжний хөндий рүү хаягдаж цээжний хөндий рүү цус хуралт үүсдэг. Голтын эрхтэн гэмтэж цус хуралдсан эсэхийг олон удаагийн рентген шинжилгээгээр голтын өргөслийн хэмжээг харьцуулан оношилдог.

4. БХХСАХНЭ-ийн мэс заслын тасаг нь хутга мэсний шархыг хүлээн авч тусламж үзүүлж эмчилдэг гуравдугаар шатлалын эмнэлэг юм. Талийгаач Т.Д- БХХСАХНЭ-т хүргэгдэн очиж анхны үзлэг оношлогоо хийлгэхэд цээжний хөндий рүү нэвтэрсэн гэх шинж илрээгүй байсан бөгөөд тухайн тохиолдолд өвчтөнд давтан үзлэг шинжилгээ хийх шаардлагатай байжээ.

5. Голтын эрхтэн гэмтсэн учир цээжний хөндийд цус хаягдахгүй, голтод цус хуралт үүсээгүй байж болдог. Голтын эрхтэн гэмтэж цус хуралдсан эсэхийг нэг удаагийн рентген шинжилгээгээр оношлох боломжгүй. Уг цус хуралдалт аажмаар хэсэг хугацааны дараа цээжний хөндий рүү хаягдаж цээжний хөндийд цус хуралт үүсдэг. Дээрхи хугацаа нь хувь хүний онцлогоос хамаарч харилцан адилгүй байна.

6. Өвчтний биеийн байдлыг үргэлжлүүлэн хянан давтан рентген шинжилгээ хийж, цээжний хөндий рүү нэвтэрсэн эсэхийг тогтоож яаралтай мэс засал эмчилгээ хийсэн бол амь нас аврагдах боломжтой байжээ. /хх-ийн 3-р хавтас 140-144-р хуудас/,

 

34. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №1230 дугаартай дүгнэлтэнд:

1. Талийгаач Т.Д-ын биед учирсан зүүн мөрнөөс цээжний хөндий рүү нэвтэрч дээд хөндийн вен гэмтээсэн шарх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

2. Талийгаач Т.Д-ын биед учирсан зүүн мөрнөөс цээжний хөндий рүү нэвтэрч дээд хөндийн венийн судсыг гэмтээсэн шарх гэмтлийг цаг алдалгүй оношилж эмчилсэн тохиолдолд амь нас аврах боломжтой.

3. Яаралтай тусламжийн эмч Б- эмнэлгийн анхны тусламжийг зохих журмын дагуу үзүүлж дараагийн шатлалын эмнэлэгт хүргэж өгсөн байна. БХХСАХНЭ-ийн дүрс оношлогооны эмч Э.С- нь талийгаач Т.Д-ын цээжний рентген харалт хийх үед цээжний хөндийд хий, шингэн үүсээгүй байсан байна. БХХСАХНЭ-ийн мэс заслын эмч Т.С- нь талийгаач Т.Д-ын биед үзлэг хийж цээж рентгенд харуулан, шархыг шалгах, цэгцлэх, цус тогтоох, оёдол тавих зэрэг арга хэмжээг авч ажилласан байна. ХУД-ийн Цагдаагийн 1-р хэлтсийн эрүүлжүүлэх байрны ээлжийн эмч Ж.М- нь талийгаач Т.Д-ыг эрүүлжүүлэх байранд хүлээн авч үзлэг хийхэд амь насанд аюултай байдал үүсээгүй байсан байна. /хх-ийн 4-р хавтас 55-59-р хуудас/,

 

35. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №223 дугаартай дүгнэлтэнд:

1А. Д- нь зүүн мөрнөөс дээрээс доош, баруунаас зүүн, араас урагш чиглэлтэй дээд голтын эрхтэн болох дээд хөндийн вен гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шархыг өөртөө үүсгэх боломжгүй.

1Б. Дээрх гэмтэл нь цаг алдалгүй оношлогдож зохих шатлалын эмнэлэгт мэс заслын нарийн төвөгтэй эмчилгээ хийгдсэн тохиолдолд аврагдаж болох гэмтэл.

1В. Т.Д-ын биед үүссэн дээрх гэмтлийг яаралтай тусламжийн эмч Б- оношлох боломжгүй. Өвчтөнд эмнэлгийн тусламжийг зохих ёсоор үзүүлсэн байна.

1Г. Уг дээд венийн гэмтлийг оношлоход түвэгтэй гэмтэл байжээ. БХХСАХ-ын нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасгийн мэс заслын эмч Сүхбаатар өвчтөнг хүлээн аваад шарханд цэгцлэлт хийж, цээжний хөндий нэвтэрч дотор эрхтэн гэмтсэн эсэхийг шалгах зорилгоор цээж гэрэлд харуулсан бөгөөд үүгээр дотор эрхтэн гэмтсэн шинж илрээгүй байна. Дээд хөндийн вен нь дээд голтод байх эрхтэн бөгөөд гэмтсэн тохиолдолд цочмог цус алдалт, шокын клиник шинж тэмдэг илэрнэ. Түргэн тусламжийн эмчийн үзлэг болон БХХСАХ-н нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасагт үзсэн үзлэгийн тэмдэглэлээс үзэхэд шокын шинж өвчтөнд илрээгүй байна. Иймд хүлээн авсан мэс заслын тасгийн эмч Сүхбаатар өвчтөнд үзүүлэх үүргээ стандартын дагуу биелүүлсэн байна.

1Д. БХХСАХ-н нэгдсэн эмнэлгийн дүрс оношлогооны эмч Солонго хохирогчийн цээжийг гэрэлд харах үед Д-т цус алдалт үүсээгүй байна. Эмч Солонго өвчтөнд эмнэлгийн тусламжийг зохих ёсоор үзүүлсэн байна.

1Е. Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсийн эрүүлжүүлэх байрны хүлээн авсан эмч Ж.М- өвчтөнг хүлээн аваад дээд хөндийн вен гэмтээсэн гэмтлийг оношлох боломжгүй.

2. Дээд хөндийн вен гэмтсэний улмаас цочмог цус алдах нь богино хугацаанд үүсэх бөгөөд цус алдалтын улмаас үхэлд хүрдэг, оношлогоо эмчилгээ нь түвэгтэй тул үхлийн хувь өндөр байдаг. Тухайн тохиолдолд дээд хөндийн вен гэмтсэний дараа бие махбодийн хамгаалах урвалаар шархан дээр бүлэн тогтож цус алдалт түр хугацаагаар зогссон байх боломжтой. Дээд голтын эрхтэн болох дээд хөндийн вен гэмтсэнийг багажийн шинжилгээгээр оношлох боломжгүй.

3. Хэрэв шарх цээжний хөндийг нэвтэрсэн гэдэг нь шинжилгээгээр тогтоогдож байвал хохирогчийг эмнэлгийн хяналтад байлган эмчлэх үүргийг хүлээн авсан мэс заслын эмч гүйцэтгэнэ.

4. Хохирогч согтуу эмнэлгийн тусламж авахаас татгалзсан байдалтай байсан нь эмч, эмнэлгийн ажилтан өвчтөнд тусламж үзүүлэхэд хүндрэл үүсгэсэн байх боломжтой. Өвчтөн согтуу байгаа нь эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх үндэслэл болохгүй. /хх-ийн 4-р хавтас 67-72-р хуудас/,

 

36. 2016.05.20-ны өдрийн бүрэлдэхүүнтэй гаргасан шинжээчийн дүгнэлтэнд:

1. ШШҮХ-ийн шүүх эмнэлгийн 223 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

2. БХХСАХ-ийн нэгдсэн эмнэлгийн тасгийн дарга Т.С- нь үйлчлүүлэгчийг хүлээн авч үзлэг хийж, рентген шинжилгээ хийлгэх, шархыг шалгах, цэгцлэх, цус тогтоох, оёдол тавих зэрэг арга хэмжээнүүдийг авсан. Тухайн үеийн үзлэгийн шинжилгээгээр цээжний хөндийд нэвтэрсэн амь биед аюултай хүнд гэмтлийн шинж тэмдэг илрээгүй байсан гэж үзэхээр байна. Үйлчлүүлэгч согтуу, бусдыг заналхийлсэн, бусдад болон өөртөө аюул учруулахаар байгаа энэ тохиолдолд эмнэлгийн зүгээс Цагдаагийн байгууллагад хандаж дэмжлэг туслалцаа авсан гэж үзэхээр байна.

3. Эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээний хуудсанд бичигдсэн яаралтай тусламжийн эрэмбэлэлийн “D” ангилалд хамааруулсан үйлчлүүлэгч нь ЭМС-ын  2008.06.20-ны өдрийн 145 дугаар тушаалын 3.1.4 Эрэмбэ дөрөвдүгээр зэрэглэлд үйлчлүүлэгчийн эрхтэн системийн үйл ажиллагааны үзүүлэлтэнд архаг болон ялимгүй өөрчлөлт илэрсэн, яаралтай тусламж шаардлагагүй, эмнэлгийн тусламж үйлчилгээг 1-2 цагийн хугацаагаар хүлээх боломжтой. Уг эрэмбэд хамрагдах эмнэлзүйн хам шинжид:

- Ухаантай, хэвийн харьцаатай

- Амьсгалын зам чөлөөтэй

- Бага зэргийн өвдөлттэй

- Эрсдэл багатай өвчний дурьдатгалтай, одоогоор эмгэг шинжгүй

- Одоогийн өвчний шинж тэмдэг бага зэрэг илэрсэн, эрсдэл бага

- Хөнгөн шарх өнгөц зүсэлт, шалбархай, зулгаралт

- Өөртөө болон бусдад хор хөнөөл учруулахгүй сэтгэцийн өөрчлөлт

Дээрх тусламжийн арга хэмжээг үзүүлж, үйлчлүүлэгчийн биеийн байдлыг тогтворжууласны дараа холбогдох тусламж үйлчилгээ цаашид үзүүлж эмчилгээний тасаг нэгж, эмнэлэгт хуваарилан шилжүүлнэ гэж заажээ. Иймд яаралтай тусламжийг эрэмбэлэлийн “D”  ангилалд хамааруулсан үйлчлүүлэгчийг эрүүлжүүлж болно.

Үйлчлүүлэгч үзлэг хийж, рентген шинжилгээ хийлгэж, шархыг шалгах, цэгцлэх, цус тогтоох, оёдол тавих зэрэг арга хэмжээнүүдийг авсан нь эмнэлгийн тусламж үзүүлээгүй гэж үзэхээргүй байна.

4. Эрүүлжүүлэх байрны эмч Ж.М-ын тухайн үеийн үзлэгээр үйлчлүүлэгчийг цээжний хөндийд нэвтэрсэн шархтай гэж үзэж, дүгнэх боломжгүй гэж үзэхээр байна. /хх-ийн 5-р хавтас 75-76-р хуудас/,

 

37. 2016.06.10-ны өдрийн бүрэлдэхүүнтэй гаргасан шинжээчийн дүгнэлтэнд:

1. ШШҮХ-ийн шүүх эмнэлгийн 223 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

2. БХХСАХ-ийн нэгдсэн эмнэлгийн тасгийн дарга Т.С- нь үйлчлүүлэгчийг хүлээн авч үзлэг хийж, рентген шинжилгээ хийлгэх, шархыг шалгах, цэгцлэх, цус тогтоох, оёдол тавих зэрэг арга хэмжээнүүдийг авсан. Тухайн үеийн үзлэгийн шинжилгээгээр цээжний хөндийд нэвтэрсэн амь биед аюултай хүнд гэмтлийн шинж тэмдэг илрээгүй байна. Үйлчлүүлэгч согтуу, бусдыг заналхийлсэн, бусдад болон өөртөө аюул учруулахаар байгаа энэ тохиолдолд эмнэлгийн зүгээс Цагдаагийн байгууллагад хандаж дэмжлэг туслалцаа авсан. Эмч өөрийгөө болон хамт ажиллагсдаа эрсдэлтэй байдлаас хамгаалахын тулд Цагдаагийн байгууллагад хандсан.

3. Эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээний хуудсанд бичигдсэн яаралтай тусламжийн эрэмбэлэлийн “D” ангилалд хамааруулсан үйлчлүүлэгч нь ЭМС-ын  2008.06.20-ны өдрийн 145 дугаар тушаалын 3.1.4 Эрэмбэ дөрөвдүгээр зэрэглэлд үйлчлүүлэгчийн эрхтэн системийн үйл ажиллагааны үзүүлэлтэнд архаг болон ялимгүй өөрчлөлт илэрсэн, яаралтай тусламж шаардлагагүй, эмнэлгийн тусламж үйлчилгээг 1-2 цагийн хугацаагаар хүлээх боломжтой. Уг эрэмбэд хамрагдах эмнэлзүйн хам шинжид:

- Ухаантай, хэвийн харьцаатай

- Амьсгалын зам чөлөөтэй

- Бага зэргийн өвдөлттэй

- Эрсдэл багатай өвчний дурьдатгалтай, одоогоор эмгэг шинжгүй

- Одоогийн өвчний шинж тэмдэг бага зэрэг илэрсэн, эрсдэл бага

- Хөнгөн шарх өнгөц зүсэлт, шалбархай, зулгаралт

- Өөртөө болон бусдад хор хөнөөл учруулахгүй сэтгэцийн өөрчлөлт

Дээрх тусламжийн арга хэмжээг үзүүлж, үйлчлүүлэгчийн биеийн байдлыг тогтворжууласны дараа холбогдох тусламж үйлчилгээ цаашид үзүүлж эмчилгээний тасаг нэгж, эмнэлэгт хуваарилан шилжүүлнэ гэж заажээ. Иймд яаралтай тусламжийг эрэмбэлэлийн “D”  ангилалд хамааруулсан үйлчлүүлэгчийг эрүүлжүүлж болно.

Үйлчлүүлэгч үзлэг хийж, рентген шинжилгээ хийлгэж, шархыг шалгах, цэгцлэх, цус тогтоох, оёдол тавих зэрэг арга хэмжээнүүдийг авсан нь эмнэлгийн тусламж үзүүлсэн байна.

4. Эрүүлжүүлэх байрны эмч Ж.М-ын тухайн үеийн үзлэгээр үйлчлүүлэгчийг цээжний хөндийд нэвтэрсэн шархтай гэж үзэж, дүгнэх боломжгүй гэж байна. /хх-ийн 5-р хавтас 77-78-р хуудас/,

 

38. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №830 дугаартай дүгнэлтэнд:

1. ШШҮХ-ийн шүүх эмнэлгийн 223 дугаартай шинжээчийн дүгнэлттэй санал нийлж байна.

2. Жижүүр эмчийн үүргийг гүйцэтгэж байсан БХХСАХ-ийн нэгдсэн эмнэлгийн тасгийн эрхлэгч Т.С- нь түргэн тусламжаар анхны арга хэмжээ авагдан хүргэгдэн ирсэн үйлчлүүлэгч Т.Д-ыг хүлээн авч эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор үзүүлсэн байна. Т.Д-т тухайн үеийн үзлэг шинжилгээгээр цээжний хөндийд нэвтэрсэн амь биед аюултай гэмтлийн шинж тэмдэг илрээгүй байсан тул бусад арга хэмжээг авсан байна. Шүүх эмнэлгийн шинжилгээгээр Эрүүл мэндийн тухай хууль, тухайн байгууллагын дүрэм, стандарт, журам, зааврыг тайлбарлахгүй.

3. ЭМС-ын 2008 оны 06 сарын 20-ны өдрийн 145 дугаар тушаалын 3.1.4 Эрэмбэ дөрөвдүгээр зэрэглэлд үйлчлүүлэгчийн эрхтэн системийн үйл ажиллагааны үзүүлэлтэнд архаг болон ялимгүй өөрчлөлт илэрсэн, яаралтай тусламж шаардлагагүй, эмнэлгийн тусламж үйлчилгээг 1, 2 цагийн хугацаагаар хүлээх боломжтой. Уг эрэмбэд:

- Ухаантай, хэвийн харьцаатай

- Амьсгалын зам чөлөөтэй,

- Бага зэргийн өвдөлттэй,

- Эрсдэл багатай өвчний дурьдатгалтай, одоогоор эмгэг шинжгүй,

- Одоогийн өвчний шинж тэмдэг бага зэрэг илэрсэн, эрсдэл бага.

- Хөнгөн шарх өнгөц зүсэлт, шалбархай, зулгаралт,

- Өөртөө болон бусдад хор хөнөөл учруулахгүй сэтгэцийн өөрчлөлт зэрэг эмнэлзүйн хам шинжүүд хамрагдахыг заасан байх ба хэргийн материал дахь эмнэлгийн бичиг баримтаас ажиглавал “Эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээний хуудсанд бичигдсэн яаралтай тусламжийн эрэмблэлийн “Д” ангилалд хамааруулсан үйлчлүүлэгч нь уг хам шинжид хамрагдаж байна.

Уг хам шинжийн тусламжийн арга хэмжээг үзүүлж үйлчлүүлэгчийн биеийн байдлыг тогтворжуулсаны дараа холбогдох тусламж үйлчилгээ цаашид үзүүлж эмчилгээний тасаг нэгж, эмнэлэгт хуваарилан шилжүүлнэ гэж заажээ. Иймд яаралтай тусламжийн эрэмблэлийн “Д” ангилалд хамааруулсан үйлчлүүлэгчийг эрүүлжүүлж болно. Хавтас хэргийн материал дахь эмнэлгийн бичиг баримтанд үйлчлүүлэгчид эмнэлгийн  тусламж үзүүлээгүй байдал ажиглагдахгүй байна.

4. Эрүүлжүүлэх байрны эмч Ж.М-ын тухай үеийн үзлэгээр согтуурлын эмнэлзүйн шинжтэй, мөрний хэсэгт гэмтэлтэй үйлчлүүлэгчийг цээжний хөндийд нэвтэрсэн шархтай гэж үзэж дүгнэх боломжгүй. /хх-ийн 5-р хавтас 82-90-р хуудас/,

 

39. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн №3247 дугаартай дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн “8 камер”, “11 камер” гэсэн тус тусын тэмдэглэгээ бүхий CD дискүүдэд хадгалагдаж байх дүрс бичлэгүүдийг дэлгэцийн цагаар нягтлан шүүж үзэхэд дүрс бичлэгүүд тус бүрт засвар, эвлүүлэг хийгдээгүй байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн “13 камер” гэсэн тэмдэглэгээ бүхий CD диск нь гэмтэлтэй байх тул хадгалагдаж байгаа мэдээлэл уншигдах боломжгүй. Уг CD дискэнд үүссэн гэмтлийг тогтоох нь компьютер техникийн шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй.

3.  Дүрс бичлэг уншигдахгүй байгаа нь компьютер, техник хэрэгслээс шалтгаалахгүй. /хх-ийн 5-р хавтас 161-163-р хуудас/,

 

40. Шинжээч Ц.Г- мэдүүлэхдээ: ...Д- нь зүүн мөрний шархны оёдол нь дутуу тавигдсанаас болж нас бараагүй. Оёдол нь гадна арьсанд сайн тавигдсан байсан. Үхлийн шалтгаан нь мөрөнд хутгалснаас цээжний дээд хөндийн венийн судсыг гэмтээснээс дотуур цус алдаж нас барсан. Мөрөнд хутгалсанаас мөрөндөх шарх, түүнээс цааш вений судас гэмтээсэн цус алдалт үүсч байгаа юм. Венийн судас, мөрний шарх салшгүй холбоотой нэг үйлдэл. Мөрөнд тавигдсан оёдол нь сайн тавигдсан, энэ нь зөвхөн гадна арьсны оёдол. Цус алдалт бол дотуур венийн судасны цус алдалт. Дотуур цээжний дээд хөндийн вений судас гэмтсэнийг мэдэрч оношлох боломжгүй. Мөрний хутгалсан шарханд Цэргийн госпиталийн эмч зоонт хийж үзсэн. Багажаар цээжийг рентгенд харахад цус алдалтын шинж байхгүй байсан учир оношлох боломжгүй юм. Тухайн үед шууд оношилж хагалгаанд оруулах боломжгүй. Цэргийн госпиталын эмч нар цээжний хөндий рүү нэвтэрсэн эсэхийг тогтоохоор багажаар шалгаж, рентген шинжилгээ хийсэн байна. Эдгээр нь тухайн тохиолдолд зайлшгүй хийх шинжилгээ юм. Үүнийг хийгээгүй бол дүгнэлт гарахгүй. Цэргийн госпиталийн эмч нар анхны тусламж үзүүлсэн гэж үзнэ. Судсанд оёдол тавихгүй, боломжгүй. Үхлийн шалтгааныг дүгнэлтэд тодорхой бичсэн байгаа. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр хохирогч Д-ын биед зүүн мөрнөөс цээжний хөндий нэвтэрч, дээд хөндийн вен гэмтээсэн дээрээс доош, баруунаас зүүн, араас урагш чиглэлтэй хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас цээжний хөндийд цочмог цус алдсанаас нас барсан. Энэ шархыг 20 см урттай хутгаар хохирогч өөрөө өөртөө үүсгэх боломжгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 197-198-р хуудас, 3-р хавтас 36-р хуудас/,

 

41. Шинжээч Э.С- 2013.07.23-ны өдөр мэдүүлэхдээ: ...Тухайн үед би цагдаагийн бүрэлдэхүүний хамт хэргийн газар дээр очоод хүрэн иштэй хутгыг хэрэг болсон гэх гэрийн зүүн талд байх модны доор байхад нь гэрэл зургаар бэхжүүлж хураан авсан. Гарын мөр илрүүлэх зорилгоор зориулалтын нунтаг хэрэглэн үзэхэд гарын мөр илрээгүй болно. Уг хутганы бор бариултай хэсэг нь гарын мөр илрэх боломжгүй гадаргуу нь барзгар хэсэгтэй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 74-р хуудас/,

 

42. Шинжээч эмч А.А- 2017.09.06-ны өдөр мэдүүлэхдээ: ...678 дугаартай шинжээчийн дүгнэлтийг бүрэлдэхүүний шинжээчид санал нэгтэй гаргасан. Д- нас барсан хэрэгт шинжээч эмч Эрдэмболор, Долгормаа нарын хамт ажилласан. Д- нь дээд хөндийн вен гэмтсэнээс цээжний хөндийд цус хуралдаж нас барсан байна. Энэ дээд хөндийн венийн судасыг 11 см ажлын хэсэгтэй хутгаар үүсгэгдсэн байх боломжтой. Дээд хөндийн венийн судас нь хүний биеийн онцлог, том багын хэмжээнээс хамаарч харилцан адилгүй байх ба зүүн мөрнөөс ойролцоогоор 10 см зайд байдаг. Гэхдээ биеийн онцлогоос хамаарч 10 см хэмжээнээс их ч байж болно. Д-ын хувьд 11 см ажлын хэсэгтэй хутгаар үүсгэгдсэн байх боломжтой. Голтын эрхтэн гэмтээд голтод цус хуралдан хагарах хүртэл хугацаа хувь хүний биеийн онцлогоос хамаарч харилцан адилгүй байна. Голтод цус хуралдаж уутлагдаж, цүлхийж аажмаар хагарч, цээжний хөндийд цус хаяна. Энэ хугацаа хүн бүрт харилцан адилгүй байх ба 21 цагт гэмтсэн хүн 01 цагт рентген гэрэлд харахад цээжний хөндийд хий, шингэн хуралдаагүй, голтын эрхтэнд өөрчлөлт ороогүй байх боломжтой. Учир нь дээд хөндийн вен гэмтээд цус тухайн орчинд хуралдаж байгаад аажимдаа цээжний хөндийд хаягддаг. Энэ гэмтлийг олон удаагийн рентген гэрэлд харж байж тогтоох боломжтой байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 167-168-р хуудас/,

 

           43. Шүүх сэтгэц гэм судлалын №228 дугаартай магадлагаанд:

1. А.Ж- нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд өөрийн үйлдлээ хариуцах чадвартай байсан байна.

2. А.Ж- нь сэтгэцийн хувьд удамшлын өвчтэй байсан эсэхийг нотлох баримт алга байна.

3. А.Ж- нь эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай байна.

4. А.Ж-д албадан эмчилгээ хийх шаардлагагүй байна. /хх-ийн 1-р хавтас 181-р хуудас/,

 

44. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 15-21, 53-54-р хуудас/,

45. Эд зүйлд үзлэг хийсэн талаархи тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 22-23-р хуудас/,

            46. Хувцас болон биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 24-25-р хуудас/,

            47. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 1-р хавтас 26-45, 55-57, 59-62-р хуудас/,

            48. Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 51-р хуудас/,

            49. Эд мөрийн баримт хураан авч хадгалах тухай тогтоол /хх-ийн 1-р хавтас 58-р хуудас/,

            50. Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 63, 96-р хуудас/,

            51. Эрүүлжүүлсэн хүний бүртгэл /хх-ийн 1-р хавтас 64-95-р хуудас/,

52. Яаралтай тусламжийн үйлчилгээний хуудас /хх-ийн 1-р хавтас 98-99, 199-205-р хуудас/,

53. Туршилт хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-р хавтас 29-35-р хуудас/,

54. Амь хохирогч Т.Д-ын хувийн байдалтай холбоотой баримтууд:

- эмнэлгийн хүлээн авахад хүлээн авсан баримт /хх-ийн 1-р хавтас 52-р хуудас/,

- иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 2-р хавтас 10-р хуудас/,

- урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 2-р хавтас 11, 46-р хуудас/,

- Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2012.01.18-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 2-р хавтас 14-17-р хуудас/,

- Хан-Уул дүүргийн шүүхийн 2009.04.22-ны өдрийн 136 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 2-р хавтас 27-28-р хуудас/,

- гэрч Н.Маанийдаарийгийн мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 29-32-р хуудас/,

- ажил байдлын тодорхойлолт /хх-ийн 2-р хавтас 45-р хуудас/,

 

55. Шүүгдэгч А.Ж-ын хувийн байдалтай холбоотой баримтууд:

- гэрч Ч.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 120-121-р хуудас/,

- гэрч С.У-ийн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 117-119-р хуудас/,

- гэрч С.О-ийн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 124-125-р хуудас/,

- Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 3-р багийн тодорхойлолт /хх-ийн 2-р хавтас 1-р хуудас/,

- “Оорцог-Уул” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 2-р хавтас 2-р хуудас/,

- гэрч А.Э-ийн мэдүүлэг /хх-ийн 5-р хавтас 96-р хуудас/,

- урьд ял шийтгэдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 5-р хавтас 101-р хуудас/,

- гэрч А.Б-гийн мэдүүлэг /хх-ийн 5-р хавтас 191-192-р хуудас/ зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч А.Ж-ыг гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

        Шүүгдэгч А.Ж- нь 2013 оны 03 дугаар сарын 06-ны орой 21-22 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ............... тоотод амь хохирогч Т.Д-ын зүүн мөрөнд нь хутгалж алсан болох нь:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Б-гийн “...Энэ хэрэг гараад 5 жил болж байна. Би эхлээд эмч болон цагдаа нарт гомдож байсан. Э.Ганбат өмгөөлөгчийн ярьж байгаа шиг яаралтай тусламж авсан бол амь нас аврагдах боломжтой гэдэг үүднээс Сүхбаатар эмчид гомдол гаргаж байсан. Мөн цээжний хөндийд шархтай байсан хүнийг эрүүлжүүлэх байранд авчирсан талаар цагдаа нарт гомдол гаргаж байсан. Энэ хэрэгт А.Ж-ыг буруутай гэдгийг мэдэж байсан. Дээрх гурван үндэслэлээр шат дараатай гомдлуудыг гаргасан. Миний гомдлын дагуу Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэс шат дараатай арга хэмжүүнүүд авсан. ...Талийгаачийн хувьд А.Ж-д хутгалуулахаар бие бялдартай хүн байгаагүй. Гэрч Наранцэцэгийн мэдүүлэгт “...тун удалгүй Д- нь цусаа гоожуулаад ороод ирсэн” гэж мэдүүлсэн байдаг. Талийгаачийн зүүн мөрнөөс маш их цус гарсан байсан. Энэ нь талийгаачийн өмсөж байсан хувцаснаас харагддаг. Цус их хэмжээгээр гарч байхад А.Ж- түргэн тусламж дуудаж өгөөгүй байдаг. А.Ж- миний дүүг алах санаа зорилготой байсан учраас тэнд болсон зүйл дээр эмзэглээгүй. Миний дүү амьдрах хүсэлтэй хүн байсан учраас хажуу айлд тусламж дуудаж орсон байх. А.Ж- өнөөдрийн байдлаар гэмшээгүй байна. Энэ хэрэг гараад 5-н жилийн хугацаа өнгөрч байхад нэг ч удаа ар гэрийнхэнтэй нь уулзаж, холбогдож байгаагүй. Иймд А.Ж-ыг хүнийг санаатай алсан гэмт хэрэгт яллаж өгнө үү. А.Ж-аас оршуулгын зардал болон өмгөөлөгчийн хөлс нийт 13.579.450 төгрөг нэхэмжилж байна гэв.

 

Гэрч Ш.Н-ийн ...2013 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Мягаагийнд /М-/ 2-3 хоногийн өмнөөс харагдаад байсан залуу согтуу орж ирээд “эгч, би хүнд хутгалуулчихлаа, та түргэн дуудаад өгөөч” гэсэн. Тэр залуугийн цамцны зүүн тал нь цус болчихсон. Өөрөө цамцаа сөхөж харуулсан чинь цээжний зүүн хэсгээс цус гарч байсан. Би “манайх жаахан хүүхэдтэй, хүүхдүүд айгаад байна, ирсэн айлдаа ор” гээд тэр залууг /Д-/ гэрээс гарахаас өмнө түргэн рүү 2 удаа залгаж дуудлага өгсөн. Тэр залууг /Д-/ Мягаатай /М-/ болон хамт амьдарч байсан Ж- нар нь Д- гэж дуудаж байсан болохоор түргэнд гэрийнхээ хаягийг зааж өгөөд тэр залуугийн нэрийг асуухаар нь Д- гэж хэлээд насыг нь 25 гэж худлаа хэлсэн. Өөрөөс нь нэрийг нь асуусан чинь хэлэхгүй байсан. Би нөхөртөө “юун цус нөж болсон хүмүүс байгаад байна, би Мягаагийн орж үзээд ирье” гээд Мягаагийнд орсон чинь манайд орж ирсэн, цусаа гоожуулсан залуу баруун талын орон дээр хэвтчихсэн, тэр залуугийн хажууд Ж- суучихсан, зүүн талын орон дээр Мягаа сууж байсан. Би тэд нарт “та нар чинь юу болоод байгаа юм бэ, цус нөжөө гоожуулж гэр орноор орж ирээд байгаа юм бэ” гэхэд Ж- нь “яагаа ч үгүй, яагаа ч үгүй” гээд байсан. Нөхөр Чулуунбат, бид хоёр гадаа түргэн хүлээгээд зогсож байхад Д-, Мягаа, Ж- нар нь гэрээсээ гарч ирээд нөгөө гэмтсэн Д- нь пальтогоо бариад уйлж орилоод хашааны хаалга руу явахаар нь манай нөхөр бид хоёр Ж-д “наад хүнээ аваа, энд тэнд очоод цус алдаад янз бүр болчихвол яах юм бэ” гээд байж байтал түргэний машин ирсэн. Түргэний машинд Д-, Ж- хоёр сууж явсан. Би түргэний эмчид “энэ хамт явж байгаа залуу нь хутгалсан байж магадгүй шүү” гэж хэлсэн. Д- нь цусаа гоожуулчихсан орж ирээд “Ж-, намайг хутгалчихлаа” гэхээр нь “худлаа яриад бай” гэхэд цамцаа сөхөж үзүүлсэн чинь зүүн мөр орчмоос цус гарч байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 111-113-р хуудас/,

 

Гэрч Ю.М-ын ... Ж- бид хоёр орой 19-20 цагийн үед дэлгүүр орох гээд явж байтал заводын буудал дээр танихгүй хүнтэй таарсан. Ж-ыг таньдаг тэр хүн Д- байсан. Тэр хоёр хоорондоо ярилцаж байхдаа Д- гэх залуу Ж-ыг “чи яагаад намайг хаяад явчихав” гэхэд Ж- “би гэртээ харих гээд яарч байсан” гэж хэлсэн. Тэр үед Ж-, Д- хоёр халамцуу байсан. Ж- намайг “1 шил архи аваад өг” гээд гуйгаад байхаар нь архи авах гээд дэлгүүр явсан. Хүнсний дэлгүүр ороод 1 шил 0,5 граммын архи авах гэтэл хажуу талаас Д- “нэг мөсөн 0,75 граммын архи авчих л даа” гэхээр нь 0,75 граммын “Хараа” архи авсан санагдаж байна. Тэндээсээ шууд гэртээ очоод Д-, Ж- бид 3 хуваагаад ууж байхад Д- “би хүн алахаас ч айхгүй, өөрийгөө ч алахаас айхгүй, аавыгаа хайрлаж үзээгүй, 7 жил шоронгоор явсан” гэж агсамнах маягтай байсан. Архи бараг талдаа орж байхад “би унтлаа” гээд гэрийн баруун талын орон дээр хэвтэхэд Д-, Ж- хоёр архиа уугаад үлдсэн. Би хэвтэж байгаад унтчихсан байсан. Манай хашааны айлын эгч орж ирээд намайг дуудаад “та нар юу болоод хутга шөвөг болоод байгаа юм бэ, наад Ж- чинь найзтайгаа юу болоод байгаа юм бэ” гэхээр нь сэрээд бостол Ж- зүүн талын орон дээр хутга бариад сууж байсан. Би Ж-ын гарт байсан хүрэн иштэй цустай хутгыг нь аваад зогсож байтал гаднаас Д-ын цээжин бие нь цус болчихсон орж ирсэн. Би хутгыг нь аваад зөрж гараад хашаанд гэрийн зүүн талын хураалттай модон дунд нуугаад буцаж орж ирсэн. Би Д-ыг хэвтүүлэх гэхэд хэвтэхгүй ноцолдоод байхаар нь айсандаа ойртоогүй. Ж- бас хажууд хэвт гээд хэлж байсан. Тэр үед айлын эгч түргэн тусламж дуудахад 5-10 минутын дараа ирсэн. Д-ыг түргэн тусламжийн машинд суулгах гэхэд түүний цээж хэсэг нилэнхүйдээ цус болчихсон байсан ба “би үхсэн ч та нарт ямар хамаа байнаа” гээд агсараад байхаар нь түргэний эмч “хамт хүн яв” гэж хэлсэн. Ж- намайг хамт явъя гэхэд нь “би явахгүй, наад хүнийг чинь танихгүй, таньдагаараа чи өөрөө яв” гээд түргэний машинтай Ж-, Д- нарыг явуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 5-р хавтас 58-59-р хуудас/,

 

Гэрч О.Ч-ын “ ...2013 оны 03 дугаар сарын 06-ны орой 22 цагийн үед манай эхнэр дуудаад “хүн ороод ирлээ” гэсэн. Миний унтаж байсан орон дээр  суучихсан эхнэр, хүү хоёрт “намайг Ж- хутгалчихлаа” гээд орон дээр суухад нь сэрээд харахад цамцаа сөхчихсөн зүүн талын мөрний доод талаас нь цус гарч байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 114-116-р хуудас/,

 

Гэрч Д.Б-гийн “...2013 оны 03 дугаар сарын 06-ны өдөр гэмтлийн яаралтай тусламжийн сувилагчаар 24 цагаар үүрэг гүйцэтгэж байхад 22 цагийн үед 103-р зүүн мөрөндөө хутгалагдсан шархтай Т.Д- гэдэг хүн ирсэн. Эмч Сүхбаатарын хамт өвчтөнд анхны тусламж үзүүлэх гэтэл өөрөө эсэргүүцэл үзүүлж, хэл амаар доромжлон, тусламж авахгүй гээд эсэргүүцээд байхаар нь Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэс рүү “манайд хутгалуулсан согтуу хүн ирчихээд тусламж үзүүлэх гэсэн чинь согтуурхаад эсэргүүцэл үзүүлээд байна” гэхэд “манай харъяалалын хэрэг биш байна, Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст мэдэгд” гэсэн. Удалгүй жижүүрийн бүрэлдэхүүний хүмүүс ирсний дараа нөгөө хүн жаахан тайвширч анхны тусламж авч шархыг эмч бид хоёр цэвэрлэж томсгож, зонд тавьж шалгаж цус тогтоолт хийж шархыг оёсон. Рентген харалт хийлгүүлэхээр 2 цагдаагийн хамт би өөрөө өвчтөнг аваад рентгенд цээж гэрэлд харуулчихаад, эмчид үзүүлээд тухайн үед хэвтэх шаардлагагүй байсан учраас Хан-Уул дүүргийн Цагдаагийн бүрэлдэхүүнтэй явуулсан. 103-ын эмч шарханд боолт хийсэн, тэр боолт нь бага зэрэг нэвтэрсэн байдалтай анх ирсэн. Тэр хүн согтуу байсан болохоор юм ярихгүй, согтуурхаад, нэр усыг нь асуухаар худлаа хэлээд байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 133-р хуудас/,

2014.02.25-ны өдөр: ...Өвчтөн Д- 103-т хүргэгдэн ирэхэд өвчтний шархыг цэвэрлээд, шархны гүнийг зоонтоор шалгаад шархыг томруулан яг аль хэсгээс цус гарч байна вэ гэдгийг шалгаад оёдол тавьсан. Үүний дараа өвчтний цээжний рентген зургийг харалт хийлгэхээр явуулсныг би дагуулан явж рентген эмч Солонго дээр очин рентген аппаратанд цээжний хөндийг харуулан дүгнэлтийг бичүүлэн авсан. Дүгнэлтийн хамт өвчтнийг эмчид хүргэж өгөхөд Сүхбаатар эмч рентгений дүгнэлтийг хараад  өөрчлөлтгүй тул буцаасан ...гэх мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 164-р хуудас/,

 

          Гэрч Э.С-ийн “ ...Би 2013 оны 03 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө дүрс оношилгооны их эмчээр 24 цагийн жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байсан. 2013 оны 03 дугаар сарын 07-ны шөнийн 01 цагийн үед хоёр цагдаагийн хамт, сувилагч Б- нь Т.Д- гэдэг хүнийг рентгенд харуулахаар рентген харалтын өрөөнд авч ирсэн. Тэр хүн ирснийхээ дараа “рентгенд харуулахгүй” гэж уурлаад аппаратны хойд талд очоод суучихсан. Хамт авчирсан 2 цагдаа тэр хүнийг аргадаж гуйж байгаад рентген харалт хийлгэсэн. Рентген харалтаар хоёр талын гялтангийн хөндийд /цээжний хөндий/ хий болон шингэнгүй, зүрх томролгүй байсан. Үүний дагуу рентген харалтын дүгнэлтийг бичиж өгсөн. Рентген зураг авалтаар шархыг хардаггүй, шархны улмаас цээжний хөндийд хий, шингэн хуралдсан эсэхийг тодорхойлдог. Шархны анхны цэгцлэлтийг гэмтлийн эмч нар хийдэг. Рентген харалтаар дээд хөндийн судас гэмтсэнийг тогтоох боломжгүй. Тодосгогчтой MRI ангиография /тодосгогч бодистой судасны зураг авах/ шинжилгээгээр тогтоох боломжтой. Энэ шинжилгээний аппарат манай эмнэлэгт байдаггүй. Гэмтэл, Сонгдо, нэг, хоёр дугаар эмнэлгүүдэд хийгддэг шинжилгээ юм. Судас гэмтсэний улмаас цээжний хөндийд хий, шингэн хуралдсан тохиолдолд оношлох боломжтой. Шинжлүүлэгч Д-ын цээжний хөндийд хий, шингэн хуримтлагдаагүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 132-р хуудас/,

 

          Гэрч Ж.М-ын ...2013 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх байранд цагдаа Батчулуун, М-сүрэн нарын хамт жижүүрийн үүрэг гүйцэтгэж хоносон. Шөнө 02 цаг 30 минутын үед жижүүрийн жолооч Эрдэнэбадрах, дадлагын сонсогчийн хамт Д-, Ж- гэсэн 2 хүнийг эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлэхээр оруулж ирсэн. Д-ын биед үзлэг хийхэд артерын даралт 100/70, биед зүүн мөрний дээд хэсэгт шинэ боолттой байсан. Боолтноос цус гарсан зүйлгүй, өөрөөс нь “биеийн байдал болон зовиур шаналгаа байгаа юу” гэхэд “зүгээрээ, ах нь амармаар байна, ядраад байна” гэж хэлж байсан. Д-ын хувцас нь нил цус болчихсон байсан. Д-ыг коридорын сандал дээр хэсэг байлгасан чинь “ах нь амармаар байна” гээд байхаар нь цагдаа а/а Батчулуун хоёр ортой 6 номерын тусгай камерт оруулсан. Камерт оруулсны дараа наркоз нь гараад өвдөлт өгөх байх гээд диклоденк өвчин намдаах эм өгсөн. Камерын хяналтын өрөөнд орж хүмүүсээ камераар хянаж байхад 04 цагийн үед ЗЦГ-аас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гээд нэг залуу ирснийг Д-ын өрөөнд оруулсан. Өглөө 06 цагийн үед камерын хяналтын өрөөнд орж цагдаа нарт хүмүүсээ босгож анкетаа авъя гэж хэлээд камер руу орж эрүүлжүүлэгдэж байгаа хүмүүсээ сэрээсэн. Тусгай өрөөнд байсан Д-ыг “бос” гэхэд босохгүй байхаар нь камерт орж үзэхэд хөдлөхгүй байсан. Гарч камерын хяналтын өрөөнд ороод цагдаа а/а Батчулуунд “Д- босохгүй байна” гэж хэлсэн. А/а Батчулуун ирээд “нас барчихсан юм шиг байна” гэхээр нь хэлтсийн ерөнхий зохицуулагч х/ч Эрдэнэд хэлж түргэн дуудсан. Түргэн ирж үзээд Д-ыг нас барсан байна гэсэн. Д- нь анх эрүүлжүүлэх байранд ирэхдээ Цэргийн госпиталаас ирсэн гээд зүүн мөрөндөө хутгалуулсан гээд боолттой, согтуу байсан. Цэргийн госпиталаас эмнэлгийн тусламж аваад ирсэн болохоор нь үзлэг хийж, даралтыг нь үзээд эрүүлжүүлсэн. Тухайн үед талийгаач хэргийн болон бусад зүйлийн талаар огт юм ярихгүй байсан. “Ах нь амармаар байна” гэж л байсан. Өөр юм яриагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 126-127, 153-156-р хуудас/,

2013.07.23-ны өдөр: ...Тухайн үед талийгаачийг эмнэлгээс эрүүлжүүлэхийн байранд ирэхэд нь даралт болон биед ил харагдах шарх сорвийг нь үзээд дуусахад талийгаач сандал дээр сууж байгаад “амармаар байна” гэхээр нь тусгай ортой камерт оруулж унтуулсан. Тухайн үед талийгаач хэргийн болон бусад асуудлын талаар юу ч ярихгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 75-р хуудас/,

 

             Гэрч Д.Б-ы “...2013 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 13 цагаас 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 13 цаг хүртэл эрүүлжүүлэх байрны эмчээр Мөнхболор, цагдаа М-сүрэн нарын хамт жижүүрийн үүрэг гүйцэтгэсэн. … шөнийн 02 цаг 30 минутын үед Т.Д-, А.Ж- гэсэн 2 хүнийг хэргийн холбогдолтой эрүүлжүүл гэж оруулж ирсэн. Оруулж ирсний дараа эмч Мөнхболор хүлээж аваад даралт болон биед ил харагдах шарх сорвийг нь үзээд дуусахад талийгаач сандал дээр сууж байснаа “ах нь унтаж амармаар байна” гэхээр нь би авч яваад ортой камерт ганцааранг нь оруулсан. Д- нь эрүүлжүүлэх байранд ирэхдээ ил харагдах шарх гэмтэлгүй, хувцас нь нил цус болсон байсан. Хутгалуулсан шархыг нь би хараагүй, эмч Мөнхболор хутгалуулсан шархтай байна гэж байсан. Хамт орж ирсэн Ж- нилээн согтолттой, мөн хувцас хунар болон гар нь цус болсон байсан. 6 номерын камерт оруулсны дараа ганцаараа сууж байгаад ЗЦГ-аас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон залууг оруулсны дараа урд урдаасаа харж юм ярьж сууж байгаад хоёулаа унтсан. Д- нь хоёр тийшээ байраа сольж хэвтэж байсан. Түүнээс хойш ямар нэг хөдөлгөөн хийгээгүй. Камерын бичлэг дээр хэвтэж байгаа нь харагдаж байгаа болохоос биш таталт өөрчлөлт үзүүлж байгаа нь харагдахгүй байсан. Манай камерын хяналтын дэлгэц нь 14 инч байдаг. 14 инчийг дотор нь 16 хувааж хяналт тавьдаг. Д-, Ж- нараас юу болсон талаар асуухад Д- нь Ж-ыг заагаад “энэ муу новш намайг хутгалчихсан юм, гэхдээ зүгээрээ зүгээр” гэж байсан. Ж- нь “манай найз хутгалчихсан юм” гэж байсан. Өөр зүйл яриагүй. Талийгаач архи уучихсан согтуу байсан, согтолтын зэргийг нь тогтоогоогүй. Ж- нь Д-ыгаа бодвол их согтуу байсан. Биедээ шархтай хүнийг эрүүлжүүлэх байрны эмч үзлэг хийгээд эрүүлжүүлж болно гэсэн тохиолдолд эрүүлжүүлдэг...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 128-129-р хуудас/,

2013.07.23-ны өдөр: ...Тухайн үед талийгаачийг эрүүлжүүлэх байранд ирэхэд нь Мөнхболор хүлээж аваад даралт болон биед ил харагдах шарх сорвийг нь үзээд дуусахад талийгаач сандал дээр сууж байснаа “ах нь унтаж амармаар байна” гэхээр нь ортой камерт ганцааранг нь оруулсан. Талийгаач сандал дээр сууж байхдаа Ж-ыг заагаад “энэ муу новш намайг хутгалсан” гэж хэлсэн. Тухайн үед бид хоёроос өөр хүн байгаагүй. Ж-ыг өөр камерт тусад нь оруулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 76-р хуудас/,

 

            Гэрч Д.Б-ын “...Би эрүүлжүүлэх байрны 3 дугаар камерт 9 хүний хамт эрүүлжүүлэгдсэн. Хажуу талын өрөөнд хүн нас барсныг өглөө мэдсэн.  Миний байрлаж байсан камерын зүүн талын камераас хэн нэгэн хүн өвдөж байна гэж орилж хашгирч байсан зүйл байгаагүй. Харин баруун талын камерт байсан хүн агсам тавиад байсан. Талийгаачийг хэзээ ямар байдалтай эрүүлжүүлэхэд орж ирснийг хараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 134-135-р хуудас/,

 

           Гэрч Э.А-ын “... Би 2013 оны 03 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө 02 цагийн үед архи уучихсан машин барьж яваад замын цагдаад баригдаж шөнө 03 цагийн үед Хан-Уулын дүүргийн эрүүлжүүлэх байранд ирж, камерт хоёулаа хоносон. Намайг ороход нэг ах орон дээр сэрүүн хэвтэж байсан. Нөгөө орон дээр байсан хүн өөрийнхөө куртикийг авахуулаад “ах нь хутгалуулчихсан юм аа, орон доогуур байгаа савтай ус аваад өг” гэхэд усыг нь авч өгсөн. 2 ортой камер байсан, өөр хүн байгаагүй. Би тэр хүнийг танихгүй, намайг шөнө 03 цагт ороход надтай зүгээр юм яриад байсан. Өглөө сэрээд хүмүүсийг босгож байхад нөгөө ах босохгүй болохоор нь эрүүлжүүлэх эмч “наад хүнээ сэрээ” гэхээр нь би очиж татахад босохгүй байхаар нь орхиод гарсан. Харин нөгөө эмч зөрөөд орсон. Намайг коридорт гутлаа өмсөөд зогсож байхад эмч нөгөө хүнийг татаад, алгадаад сэрэхгүй байсан. Би бие засчихаад буцаад ирэхэд бид нарыг өөр камерт оруулсан. Талийгаач хэзээ, хаана, хэнд хутгалуулсан талаар юм ярихгүй байсан. Би тэр хүнийг хаанаа хутгалуулсныг мэдээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 151-152-р хуудас/,

 

Гэрч Е.Е-ы “...Тухайн үед Цагдаагийн хэлтсийн жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнд эрүүгийн төлөөлөгчөөр ажиллаж байхад хутгалуулсан нэг хүн агсам тавиад эмчилгээ хийлгэхгүй байна гэж Цэргийн төв эмнэлгээс дуудлага ирсний дагуу жолоочийн хамт очиход хутгалуулсан гэх хүн нь цусаа гоожуулсан байдалтай, хажууд нь Ж- нь хамт явж байсан. Би зүгээрээ гээд нэр усаа хэлэхгүй, намайг Чингис гэдэг гэсэн. Би гуйгаад аргадаж байгаад шархыг нь оёулж, өөр бас нэг эмч дээр авч очоод рентген зураг авахуулаад, анх үзсэн эмчээс нь бичиг хийлгэж авсан. “Энэ хүний амь насанд аюул үүсэх үү” гэхэд “тэр тал дээр гайгүй байх, гүн шарх биш байна” гэхээр нь тэр хоёрыг цагдаа дээр авчирсан. Ж-ыг эрүүлжүүлэхэд хийгээд, нөгөө хутгалуулсан залууг өрөөндөө оруулж болсон үйл явдлынх нь талаар асуухад ямар ч хариулт хэлэхгүй “би зүгээр байна, та нар намайг байцаадаг юу юм, би Монгол улсын бөх байна” гээд хашгираад байсан. Нэр хаягаа тодорхой хэлэхгүй, ямар ч бичиг баримтгүй, Улаанбаатар хотод суудаггүй гэж байсан. Ер нь бол эмнэлэг дээр очоод талийгаачийг гуйж аргадаж байж жаахан тайвшруулаад хутгалуулсан газар нь оёдол тавиулж, рентген зураг авахуулаад авчирсан. Анх дуудлагаар очиход ямар ч эмчилгээ хийлгэхгүй гээд цусаа гоожуулчихсан, хоёр гараа халаасандаа хийчихсэн зогсож байсан. Хажууд нь Ж- хамт байсан. Нэг тариа тарьсан байх, сайн мэдэхгүй байна. Өөр ямар нэг эмчилгээ хийгээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 77-р хуудас/,

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжээчийн №945 дугаартай дүгнэлтэнд:

1. Хохирогчийн өмсөж явсан хар өнгийн футболконд үүссэн 20х6мм, 22х8мм хэмжээтэй гэмтлүүд нь түлэгдэлтийн улмаас үүссэн цоорлууд байна.

2. Хар өнгийн хүрмэнд үүссэн 17мм хэмжээтэй гэмтэл нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн зүсэгдэлт байна. Уг зүсэгдэлт нь шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн бариултай хутгаар үүсгэгдсэн байж болно. /хх-ийн 1-р хавтас 165-168-р хуудас/,

 

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Биологийн шинжээчийн №1983 дугаартай дүгнэлтэнд:

1. Хохирогч Д-ын өмсөж явсан гэх хувцаснууд дээрх хүрэн бохирдол нь цус мөн байна. Уг цус нь О/I/ бүлгийн харъяалалтай байна.

2. Сэжигтэн А.Ж-ын өмсөж явсан гэх хувцаснууд дээрх хүрэн өнгийн бохирдол нь цус мөн байна. Уг цус нь О/I/ бүлгийн харъяалалтай байна.

3. Сэжигтэн А.Ж-ын шингэн цус нь А/II/ бүлгийн харъяалалтай байна. /хх-ийн 1-р хавтас 173-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжээчийн №857 дугаартай дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн хүрмэнд ханзралт, товчны тасралт үүссэн байна. Хохирогч Т.Д-ын өмсөж байсан гэх цамцнуудад зүсэгдэлтүүд үүссэн байна. /хх-ийн 1-р хавтас 174-176-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Биологийн шинжээчийн №2155 дугаартай дүгнэлтэнд:

1. Хохирогч Т.Д-ын гэх хувцаснууд дээр цус илэрсэн. Энэ нь О/I/ бүлгийн харъяалалтай хүний цус байна. /хх-ийн 1-р хавтас 179-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Биологийн шинжээчийн №1935 дугаартай дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн Т.Д-ын гэх цогцосноос авсан цусанд 1,2 промилли, ходоодны шингэнд 1,4 промилли алкоголь илэрч байна. /хх-ийн 1-р хавтас 187-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Биологийн шинжээчийн №1936 дугаартай дүгнэлтэнд:

1. Т.Д-ын цогцосноос авсан гэх цус нь ABO системээр О/I/ бүлгийн харъяалалтай байна. /хх-ийн 1-р хавтас 188-190-р хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №470 дугаартай дүгнэлтэнд:

1. Талийгаач Т.Д-ын цогцост зүүн мөрнөөс цээжний хөндий нэвтэрч дээд хөндийн вен гэмтээсэн, дээрээс доош, баруунаас зүүн, араас урагш чиглэлтэй хатгагдаж зүсэгдсэн нэг шарх тогтоогдлоо. Энэ гэмтэл нь ир үзүүртэй 20см орчим урттай зүйлийн нэг удаагийн хатгах үйлдлээр үүсгэгдэнэ.

2. Талийгаач нь архины архаг хордлоготой байжээ.

3. Цээжний зүүн хөндийд цочмог цус алдсанаас нас барсан байна.

4. Талийгаач нь 1-р бүлгийн цустай байжээ.

5. Нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байсан байжээ.

6. ЗХКГоспитальд шарх багажаар шалгах, цээж рентгенд харах зэрэг оношлогооны зохих арга хэмжээ авсан боловч тухайн үед цээжний хөндий нэвтэрсэн шинж, цус алдаагүй байснаас оношлох боломжгүй байжээ.

7. Зүрхний мэс заслын яаралтай хагалгаа хийсэн бол амь аварч болно. /хх-ийн 1-р хавтас 184-186-р хуудас/,

 

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №426 дугаартай дүгнэлтэнд:

1. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 470 тоот акт үндэслэлтэй байна.

2. Талийгаач нь зүүн мөрнөөс цээжний хөндий нэвтэрч дээд вен гэмтээсэн шархны улмаас цээжний зүүн хөндийд цочмог цус алдаж нас барсан байна.

3. Тухайн үед Д-т үзлэг хийж, шархыг шалгаж, цээж гэрэлд харахад цээжний хөндий рүү нэвтэрсэн гэх шинж /цээжний хөндийд хий шингэн хуралдаагүй, уушигны авчийлт/ илрээгүй байсан байна.

4. Д- нь эсэргүүцэл үзүүлснээс өвчтний биеийн байдлыг үргэлжлүүлэн хянах боломжгүй байжээ. Цээжний хөндийн нэвтэрсэн эсэхийг давтан цээж гэрэлд харах болон цээжний зураг авах, тодосгогч бодистой судасны зураг авах, соронзон хэлбэлзэлтэй компьютерын /MRI/ шинжилгээнүүдээр оношилж, яаралтай мэс заслын эмчилгээ хийсэн тохиолдолд амь нас аврагдах боломжтой. /хх-ийн 1-р хавтас 193-196-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №678 дугаартай дүгнэлтэнд:

1. Яаралтай тусламжийн төвийн эмч Б.Б- нь эмнэлгийн анхны тусламжийг зохих журмын дагуу яаралтай үзүүлж дараагийн шатны эмнэлэгт хүргүүлсэн байна. Яаралтай тусламжийн эмч нар цээжний хөндий рүү нэвтэрсэн шархыг оношлох боломжгүй.

2. Мэс заслын эмч Т.С- өвчтний биеийн байдлыг зөв үнэлж, цээжний хөндий рүү нэвтэрсэн эсэхийг тогтоох зорилгоор рентген шинжилгээ хийлгэж цээжний хөндийд нэвтэрсэн шинж илрээгүй тул шарханд анхны цэгцлэлт хийж, эмчилгээ үйлчилгээг зохих ёсоор үзүүлсэн байна.

3. Дүрс оношлогооны эмч Э.С- нь рентген шинжилгээг хийхэд тухайн үед Т.Д-ын цээжний хөндийд цус хуралтын шинж илрээгүй байсан байна. Задлан шинжилгээ хийсэн тэмдэглэл, фото зургаас үзэхэд шарх талийгаачийн зүүн мөрнөөс цээжний хөндий рүү нэвтэрч голтын эрхтэн болох дээд хөндийн вен гэмтээсэн байна. Голтын эрхтэн гэмтсэн тохиолдолд цээжний хөндийд цус хаягдахгүй, голтод цус хуралдалт явагдаж, цээжний хөндийд шингэн хуралдалт үүсээгүй байж болно. Уг цус хуралдалт аажмаар хэсэг хугацааны дараа цээжний хөндий рүү хаягдаж цээжний хөндий рүү цус хуралт үүсдэг. Голтын эрхтэн гэмтэж цус хуралдсан эсэхийг олон удаагийн рентген шинжилгээгээр голтын өргөслийн хэмжээг харьцуулан оношилдог.

4. БХХСАХНЭ-ийн мэс заслын тасаг нь хутга мэсний шархыг хүлээн авч тусламж үзүүлж эмчилдэг гуравдугаар шатлалын эмнэлэг юм. Талийгаач Т.Д- БХХСАХНЭ-т хүргэгдэн очиж анхны үзлэг оношлогоо хийлгэхэд цээжний хөндий рүү нэвтэрсэн гэх шинж илрээгүй байсан бөгөөд тухайн тохиолдолд өвчтөнд давтан үзлэг шинжилгээ хийх шаардлагатай байжээ.

5. Голтын эрхтэн гэмтсэн учир цээжний хөндийд цус хаягдахгүй, голтод цус хуралт үүсээгүй байж болдог. Голтын эрхтэн гэмтэж цус хуралдсан эсэхийг нэг удаагийн рентген шинжилгээгээр оношлох боломжгүй. Уг цус хуралдалт аажмаар хэсэг хугацааны дараа цээжний хөндий рүү хаягдаж цээжний хөндийд цус хуралт үүсдэг. Дээрхи хугацаа нь хувь хүний онцлогоос хамаарч харилцан адилгүй байна.

6. Өвчтний биеийн байдлыг үргэлжлүүлэн хянан давтан рентген шинжилгээ хийж, цээжний хөндий рүү нэвтэрсэн эсэхийг тогтоож яаралтай мэс засал эмчилгээ хийсэн бол амь нас аврагдах боломжтой байжээ. /хх-ийн 3-р хавтас 140-144-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №1230 дугаартай дүгнэлтэнд:

1. Талийгаач Т.Д-ын биед учирсан зүүн мөрнөөс цээжний хөндий рүү нэвтэрч дээд хөндийн вен гэмтээсэн шарх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

2. Талийгаач Т.Д-ын биед учирсан зүүн мөрнөөс цээжний хөндий рүү нэвтэрч дээд хөндийн венийн судсыг гэмтээсэн шарх гэмтлийг цаг алдалгүй оношилж эмчилсэн тохиолдолд амь нас аврах боломжтой.

3. Яаралтай тусламжийн эмч Б- эмнэлгийн анхны тусламжийг зохих журмын дагуу үзүүлж дараагийн шатлалын эмнэлэгт хүргэж өгсөн байна. БХХСАХНЭ-ийн дүрс оношлогооны эмч Э.С- нь талийгаач Т.Д-ын цээжний рентген харалт хийх үед цээжний хөндийд хий, шингэн үүсээгүй байсан байна. БХХСАХНЭ-ийн мэс заслын эмч Т.С- нь талийгаач Т.Д-ын биед үзлэг хийж цээж рентгенд харуулан, шархыг шалгах, цэгцлэх, цус тогтоох, оёдол тавих зэрэг арга хэмжээг авч ажилласан байна. ХУД-ийн Цагдаагийн 1-р хэлтсийн эрүүлжүүлэх байрны ээлжийн эмч Ж.М- нь талийгаач Т.Д-ыг эрүүлжүүлэх байранд хүлээн авч үзлэг хийхэд амь насанд аюултай байдал үүсээгүй байсан байна. /хх-ийн 4-р хавтас 55-59-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №223 дугаартай дүгнэлтэнд:

1А. Д- нь зүүн мөрнөөс дээрээс доош, баруунаас зүүн, араас урагш чиглэлтэй дээд голтын эрхтэн болох дээд хөндийн вен гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шархыг өөртөө үүсгэх боломжгүй.

1Б. Дээрх гэмтэл нь цаг алдалгүй оношлогдож зохих шатлалын эмнэлэгт мэс заслын нарийн төвөгтэй эмчилгээ хийгдсэн тохиолдолд аврагдаж болох гэмтэл.

1В. Т.Д-ын биед үүссэн дээрх гэмтлийг яаралтай тусламжийн эмч Б- оношлох боломжгүй. Өвчтөнд эмнэлгийн тусламжийг зохих ёсоор үзүүлсэн байна.

1Г. Уг дээд венийн гэмтлийг оношлоход түвэгтэй гэмтэл байжээ. БХХСАХ-ын нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасгийн мэс заслын эмч Сүхбаатар өвчтөнг хүлээн аваад шарханд цэгцлэлт хийж, цээжний хөндий нэвтэрч дотор эрхтэн гэмтсэн эсэхийг шалгах зорилгоор цээж гэрэлд харуулсан бөгөөд үүгээр дотор эрхтэн гэмтсэн шинж илрээгүй байна. Дээд хөндийн вен нь дээд голтод байх эрхтэн бөгөөд гэмтсэн тохиолдолд цочмог цус алдалт, шокын клиник шинж тэмдэг илэрнэ. Түргэн тусламжийн эмчийн үзлэг болон БХХСАХ-н нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасагт үзсэн үзлэгийн тэмдэглэлээс үзэхэд шокын шинж өвчтөнд илрээгүй байна. Иймд хүлээн авсан мэс заслын тасгийн эмч Сүхбаатар өвчтөнд үзүүлэх үүргээ стандартын дагуу биелүүлсэн байна.

1Д. БХХСАХ-н нэгдсэн эмнэлгийн дүрс оношлогооны эмч Солонго хохирогчийн цээжийг гэрэлд харах үед Д-т цус алдалт үүсээгүй байна. Эмч Солонго өвчтөнд эмнэлгийн тусламжийг зохих ёсоор үзүүлсэн байна.

1Е. Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсийн эрүүлжүүлэх байрны хүлээн авсан эмч Ж.М- өвчтөнг хүлээн аваад дээд хөндийн вен гэмтээсэн гэмтлийг оношлох боломжгүй.

2. Дээд хөндийн вен гэмтсэний улмаас цочмог цус алдах нь богино хугацаанд үүсэх бөгөөд цус алдалтын улмаас үхэлд хүрдэг, оношлогоо эмчилгээ нь түвэгтэй тул үхлийн хувь өндөр байдаг. Тухайн тохиолдолд дээд хөндийн вен гэмтсэний дараа бие махбодийн хамгаалах урвалаар шархан дээр бүлэн тогтож цус алдалт түр хугацаагаар зогссон байх боломжтой. Дээд голтын эрхтэн болох дээд хөндийн вен гэмтсэнийг багажийн шинжилгээгээр оношлох боломжгүй.

3. Хэрэв шарх цээжний хөндийг нэвтэрсэн гэдэг нь шинжилгээгээр тогтоогдож байвал хохирогчийг эмнэлгийн хяналтад байлган эмчлэх үүргийг хүлээн авсан мэс заслын эмч гүйцэтгэнэ.

4. Хохирогч согтуу эмнэлгийн тусламж авахаас татгалзсан байдалтай байсан нь эмч, эмнэлгийн ажилтан өвчтөнд тусламж үзүүлэхэд хүндрэл үүсгэсэн байх боломжтой. Өвчтөн согтуу байгаа нь эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх үндэслэл болохгүй. /хх-ийн 4-р хавтас 67-72-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хэргийн материалаар 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн №830 бүрэлдэхүүнтэй гаргасан шинжээчийн дүгнэлтэнд:

           1. ШШҮХ-ийн шүүх эмнэлгийн 223 дугаартай шинжээчийн дүгнэлттэй санал нийлж байна.

2. Жижүүр эмчийн үүргийг гүйцэтгэж байсан Батлан хамгаалах хууль сахиулах албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн тасгийн эрхлэгч Т.С- нь түргэн тусламжаар анхны арга хэмжээ авагдан хүргэгдэн ирсэн үйлчлүүлэгч Т.Д-ыг хүлээн авч эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор үзүүлсэн байна. Т.Д-т тухайн үеийн үзлэг шинжилгээгээр цээжний хөндийд нэвтэрсэн амь биед аюултай гэмтлийн шинж тэмдэг илрээгүй байсан тул бусад арга хэмжээг авсан байна. Шүүх эмнэлгийн шинжилгээгээр Эрүүл мэндийн тухай хууль, тухайн байгууллагын дүрэм, стандарт, журам, зааврыг тайлбарлахгүй.

3. ЭМС-ын 2008 оны 06 сарын 20-ны өдрийн 145 дугаар тушаалын 3.1.4 Эрэмбэ дөрөвдүгээр зэрэглэлд үйлчлүүлэгчийн эрхтэн системийн үйл ажиллагааны үзүүлэлтэнд архаг болон ялимгүй өөрчлөлт илэрсэн, яаралтай тусламж шаардлагагүй, эмнэлгийн тусламж үйлчилгээг 1, 2 цагийн хугацаагаар хүлээх боломжтой. Уг эрэмбэд:

- Ухаантай, хэвийн харьцаатай

- Амьсгалын зам чөлөөтэй,

- Бага зэргийн өвдөлттэй,

- Эрсдэл багатай өвчний дурьдатгалтай, одоогоор эмгэг шинжгүй,

- Одоогийн өвчний шинж тэмдэг бага зэрэг илэрсэн, эрсдэл бага.

- Хөнгөн шарх өнгөц зүсэлт, шалбархай, зулгаралт,

- Өөртөө болон бусдад хор хөнөөл учруулахгүй сэтгэцийн өөрчлөлт зэрэг эмнэлзүйн хам шинжүүд хамрагдахыг заасан байх ба хэргийн материал дахь эмнэлгийн бичиг баримтаас ажиглавал “Эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээний хуудсанд бичигдсэн яаралтай тусламжийн эрэмбэлэлийн “Д” ангилалд хамааруулсан үйлчлүүлэгч нь уг хам шинжид хамрагдаж байна.

Уг хам шинжийн тусламжийн арга хэмжээг үзүүлж үйлчлүүлэгчийн биеийн байдлыг тогтворжуулсаны дараа холбогдох тусламж үйлчилгээ цаашид үзүүлж эмчилгээний тасаг нэгж, эмнэлэгт хуваарилан шилжүүлнэ гэж заажээ. Иймд яаралтай тусламжийн эрэмбэлэлийн “Д” ангилалд хамааруулсан үйлчлүүлэгчийг эрүүлжүүлж болно. Хавтас хэргийн материал дахь эмнэлгийн бичиг баримтанд үйлчлүүлэгчид эмнэлгийн  тусламж үзүүлээгүй байдал ажиглагдахгүй байна.

4. Эрүүлжүүлэх байрны эмч Ж.М-ын тухай үеийн үзлэгээр согтуурлын эмнэлзүйн шинжтэй, мөрний хэсэгт гэмтэлтэй үйлчлүүлэгчийг цээжний хөндийд нэвтэрсэн шархтай гэж үзэж дүгнэх боломжгүй. /хх-ийн 5-р хавтас 82-90-р хуудас/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 15-21, 53-54-р хуудас/,

 Эд зүйлд үзлэг хийсэн талаархи тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 22-23-р хуудас/,

             Хувцас болон биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 24-25-р хуудас/,

              Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 1-р хавтас 26-45, 55-57, 59-62-р хуудас/,

             Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 51-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

         Улсын яллагчаас “Шүүгдэгч А.Ж-ыг хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй” гэсэн дүгнэлт гаргасан ба, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбатаас  “...Мөрдөн байцаалтын ажиллагааг хангалтгүй явуулсан. Шүүгдэгч А.Ж- нь Д-ын амь насыг хохироосон гэдэг нь нотлох баримтаар няцаагдсан. Шинжээч Цэнд-Очир нь 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр дүгнэлт гаргасан. Гэтэл өмнө дүгнэлт гаргасан 2 шинжээч 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 830 дугаартай шинжээчийн дүгнэлт гаргахад дахин шинжээчээр оролцсон нь Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн холбогдох заалтыг зөрчсөн. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12-т зааснаар урьдчилсан хэлэлцүүлгээр мөн хуулийн 6.15-т заасан гомдол хүсэлтийг хэлэлцээгүй тул хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэсэн санал гаргаж мэтгэлцэв.

 

          Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс “А.Ж- гэм буруугүй. Эмч, цагдаагийн ажилтнууд буруутай” гэсэн дүгнэлт гаргажээ.

 

          Хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдох ба шүүгдэгчийн үйлдэл, хохирогч нас барсан үр дагавар хоёрын хооронд шалтгаант холбоотой байдаг.

 

          Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт “Дахин шинжилгээ хийхэд энэ хуулийн 20.1-д заасан дүгнэлтийг гаргасан буюу гаргахад оролцсон шинжээчийг оролцуулахыг хориглоно” гэсэн заалт нь илт үндэслэлгүй эсхүл үнэн зөв болох нь илтэд эргэлзээтэй дүгнэлт гаргасан шинжээчийг дахин оролцуулахыг хориглосон зохицуулалт юм.

          Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл: Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаагч 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Хавтаст хэргийн материалаар дахин шинжилгээ хийлгэх тогтоол /хх-ийн 5-р хавтас 67-р хуудас/ үйлдсэн боловч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 04/1494 дугаартай албан бичигт  /хх-ийн 5-р хавтас 69-р хуудас/ “шинжээчийн дүгнэлт гаргахад Эрүүл мэнд, спортын яамны харьяа гэмтэл, Мэс заслын мэргэжлийн салбар зөвлөлийн мэргэжилтнүүдийн санал шаардлагатай” гэсэн хариу ирүүлсэн тул Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 803/2356 албан бичгээр Эрүүл мэнд, спортын яаманд “Гэмтэл, Мэс заслын мэргэжлийн салбар зөвлөлөөс эмч томилуулах” /хх-ийн 5-р хавтас 70-р хуудас/ хүсэлт гаргасныг үндэслэн Мэс заслын салбар зөвлөлийн дарга, АУ-ны доктор А.Амгалан, мэс заслын зөвлөх эмч О.Г-, мэс заслын их эмч Б.Ж- нарын 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр гаргасан дүгнэлт /хх-ийн 5-р хавтас 75-76-р хуудас/, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хавсаргасан гэмтлийн зөвлөх эмч Ц.Ц-ын 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр гаргасан дүгнэлт /хх-ийн 5-р хавтас 77-78-р хуудас/ Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Өөр өөр мэргэжлийн шинжээчдийн бүрэлдэхүүнтэйгээр шинжилгээ хийх үед шинжээч тус бүр өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд шинжилгээ хийнэ” гэж заасны дагуу хийгдсэн ба дээрх шинжээчдийн дүгнэлтийг үндэслэлгүй, үнэн зөв нь эргэлзээтэй гэх үндэслэл тогтоогдоогүй болно.

 

         Иймд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хэргийн материалаар 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 830 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргахад шинжээчээр А.А-, Ц.Ц- нар оролцсон нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т заасан шинжээчээр дахин оролцуулахыг хориглосон үндэслэлд хамаарахгүй тул “шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй буюу үнэн зөв нь эргэлзээтэй” гэх үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах тухай шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан саналыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан хэрэгт авагдсан удаа дараагийн шинжээчийн дүгнэлтүүд, гэрч Ш.Н-, Ю.М-, Д.Б-, Д.Б-, Э.С- нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар яаралтай түргэн тусламжийн эмч Б.Б- дуудлагаар очиж хохирогчийн биед үзлэг хийж, шарханд боолт тавьж, өвчин намдаах тариа хийж, дараагийн шатлалын эмнэлэг буюу Батлан хамгаалах хууль сахиулах албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт хүргэж эмнэлгийн яаралтай түргэн тусламжийг үзүүлсэн ба тус мэс заслын эмч Т.С- нь өвчтөнг хүлээн авч шарханд цэгцлэлт хийж, оёдол тавьж, цээжний хөндий нэвтэрч дотор эрхтэн гэмтсэн эсэхийг шалгах зорилгоор цээж гэрэлд харуулж өвчтөнд тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ биелүүлсэн, дүрс оношлогооны эмч Э.С- хохирогчийн цээжийг гэрэлд харах үед Т.Д-ын цээжинд хий болон шингэн үүсээгүй байсан ба эмч Э.С- нь өвчтөнд эмнэлгийн тусламжийг зохих ёсоор үзүүлсэн, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Эрүүлжүүлэх байрны эмч Ж.М- хохирогчийн зүүн мөрний дээд венийн судас гэмтээсэн гэмтлийг оношлох боломжгүй, амь хохирогчийн биед учирсан дээд венийн гэмтлийг оношлоход түвэгтэй гэсэн удаа дараагийн шинжээчийн дүгнэлтүүд гарсан ба нэр бүхий этгээдүүдийг сэжигтэн, яллагдагчаар татаж мөрдөн байцаалтын шатанд шалгасан боловч “гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” үндэслэлээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн прокурорын тогтоол үндэслэлтэй тул иргэдийн төлөөлөгчөөс гаргасан “шүүгдэгч А.Ж- гэм буруугүй. Эмч, цагдаагийн ажилтнууд буруутай” гэх санал үндэслэлгүй байна.

 

         Шүүгдэгч А.Ж- нь амь хохирогч Т.Д-ын зүүн мөрөн тус газар хутгалж дээд хөндийн венийн судасыг гэмтээсний улмаас цочмог цус алдаж хохирогч нас барсан тул шүүгдэгч А.Ж-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

 

         Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

        

         Шүүгдэгч А.Ж- нь 2013 оны 03 дугаар сарын 06-ны орой 21-22 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ......... тоотод амь хохирогч Т.Д-ын зүүн мөрөнд нь хутгалж алсан гэм буруутай болох нь: хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Б-, гэрч Ш.Н-, Ю.М-, Д.Б-, Э.С-, Д.Б-, Ж.М- нарын мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №470, 678, 1230, 223, 830, 945, 857, 1983, 1936, 2049, 2155 дугаартай дүгнэлтүүд зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

          Шүүгдэгч А.Ж- нь сэтгэцийн ямар нэг өвчин эмгэггүй, өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгож удирдан жолоодох чадвартай, эрх зүйн бүрэн чадамжтай болох нь Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 228 тоот дүгнэлтээр тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ. 

 

          Гэмт хэрэг 2013 оны 03 дугаар сарын 06-ны өдөр гарсан хэдий ч 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-т “...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан тул прокуророос шүүгдэгч А.Ж-д холбогдох хэргийг 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

       

          Гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч А.Ж-д оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

          Хохирол төлбөрийн талаар:

          Гэмт хэргийн улмаас амь хохирсон Т.Д-ыг оршуулахтай холбоотой гарсан зардал болон өмгөөлөгч авч эрх зүйн туслалцаа авсан хөлс зэрэгт нийт 13.579.450 төгрөг нэхэмжилж баримт ирүүлсэн /хх-ийн 2-р хавтас 121-171-р хуудас/ боловч өмгөөлөгчөө сольсон тул өмгөөлөгчийн хөлсөнд нэмж 4.365.000 төгрөг нэхэмжилснийг хасч тооцон, шүүгдэгч А.Ж-аас 9.214.450 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Б-д олгохоор шийдвэрлэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч А.Ж-ын 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл, 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл, 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл нийт 833 хоног цагдан хоригдсон хугацааг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

          Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг СD-г эрүүгийн хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, хүрэн бор өнгийн хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

 

          Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах зүйтэй.