Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 301/ШШ2025/00120

 

 

 

 

 

2025 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 301/ШШ2025/00120

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

                                                                                                              

 

Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

Хүсэлт гаргагч: Ш овогт С.О

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үрчлэлт хүчингүйд тооцуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч С.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Нөөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

                                                                                                                                                                                                                                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

                                        

1. Хүсэлт гаргагч С.О нь үрчлэлт хүчингүйд тооцуулахаар хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 

- Миний бие О нь 1990 онд төрсөн. А аймгийн Э суманд 2010 оны 05 дугаар сарын 08-ны өдөр том охин Сийг төрүүлсэн. Тухайн үед нөхөр маань хугацаат цэргийн албанд татагдаж би өөрийн гэртээ амьдрах болсон учраас ээж маань охин Сийг өөрийн нэр дээр үрчилж авч байсан хэдий ч охин маань төрсөн цагаасаа эхлэн надтай хамт амьдардаг байсан. Нөхөр маань хугацаат цэргийн албаа хааж ирээд бид нэг гэртээ хамт амьдарч гэрлэлтээ батлуулан одоо ам бүл тавуулаа амьдарч байна. Охин маань одоо өөрийн төрсөн эцэг Д-гөөр овоглох хүсэлтэй ба сум орон нутаг болон сургуулийн хүрээнд төрсөн эцэгтэйгээ амьдарч байж овог нь яагаад өөр байгаа юм гэдэг асуудал үүсч охины маань сэтгэл зүйд хүндээр тусч эмзэглээд байна. Бид энэ хугацаанд тусдаа амьдарч байгаагүй дандаа нэг гэртээ амьдардаг одоо ч байнга хамт амьдарч байна. Иймд энэ нөхцөл байдлыг харгалзан охин Сийг 2010 оны 06 дугаар сарын 10-ны өдөр О надаас Н.Н-д үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

- Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Н шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Н.Н С.Огийн нэхэмжлэлтэй танилцлаа. Сийн үрчлэлтийг хүчингүйд тооцоход ямар ч татгалзах зүйл байхгүй. Хүлээн зөвшөөрч байгаа. С 2 наснаас хойш ээж аавтайгаа амьдарч байгаа. Миний бие шүүх хуралд ирэх боломжгүй тул миний эзгүйд хэргийг шийдэж өгнө үү гэжээ.

- Хүсэлт гаргагч С.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2010 онд охин Сийг төрүүлсэн. Тухайн үед аав нь цэргийн албанд татагдсан тул би өөрийнхөө ээжид үрчлүүлсэн. Аав нь цэргээс ирснээс хойш буюу 2011 оноос хойш охин маань одоог хүртэл аав ээжтэйгээ амьдарч байна. Манай охин сургуульд орсноосоо хойш ааваараа буюу Д-өөр овоглож байгаа. Харин албан ёсны бүртгэл нь эмээгээрээ байгаа. Ингээд овог нэрийг зөрчил үүсээд байгаа тул үрчлэлт хүчингүй болгох тухай хүсэлт гаргасан юм. Тухайн үед ээжтэйгээ хамт амьдарч байсан болохоор өөрийн ээжээрээ буюу эмээгээр нь овоглуулсан байх. Манай ээж одоо А аймгийн Ө сумын Д багт амьдардаг. Би эхээс дөрвүүлээ. Б, М, О, Б гэдэг.  М нь нас барсан. Манай ээж хүүхэд гэсэн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон. Манай охин Н.С өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хүүхдийн тоонд ороогүй. Би нөхөртэйгөө 2011 онд хуримаа хийсэн. Нөхөр маань 2011 онд цэргээс халагдаж ирсэн. Үүнээс хойш охин маань бидэнтэй хамт амьдарч байгаа гэв.

 

2. Хүсэлт гаргагчаас:

          - А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 11/921 тоот албан бичигт: Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8 дахь хэсэгт үрчлэлтийг хүчингүй болсонд тооцсон тухай шүүхийн шийдвэрийг үндэслэн улсын бүртгэгч тухайн бүртгэлд өөрчлөлт оруулж, төрсний бүртгэлийг сэргээнэ гэж заасны дагуу иргэн Н.Сийн үрчлэлттэй холбоотой асуудлыг тус хэлтэс шийдвэрлэх боломжгүй тул шүүхэд хандана уу гэсэн,

          - О-ын Д, С-гийн О нарын Гэрлэсний бүртгэлийн лавлагаа,

          - Н-гийн С гэсэн төрсний гэрчилгээний хуулбар,

          - О-гийн С үрчлэлтийн гэрчилгээний хуулбар,

          - Н-гийн С-ийн Ө сумын ерөнхий боловсролын сургуулийн 9б ангид суралцдаг нь үнэн болно гэсэн тодорхойлолт,

          - А аймгийн Ө сумын Эрүүл мэндийн төвийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Н-гийн С нь 14 настай, эмэгтэй, эрүүл бойжиж байгаа нь үнэн болно гэсэн тодорхойлолт,

          - А аймгийн Ө сумын Д багийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 156 тоот тодорхойлолтод: Тус багийн иргэн Н овогтой С нь 2011 оноос хойш Ө суманд аав ээжийн хамт сургуульд сурч амьдарч байгаа нь үнэн болно гэсэн,

          - А аймгийн Ө сумын Я багийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 233 тоот тодорхойлолтод: Тус багийн иргэн Н овогтой С нь Ө сумын Ерөнхий боловсролын сургуульд сурдаг ба ам бүл 5-уулаа амьдардаг. 2011 оноос хойш аав ээжтэйгээ амьдарч байгаа нь үнэн болно гэсэн,

          - Н-гийн С-ийг Н-ийн Н-д үрчлүүлсэн 06 дугаартай үрчилсний бүртгэлийн лавлагаа,

          - А аймгийн Ө сумын Я багийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 137 тоот тодорхойлолтод: Тус багийн иргэн О овогтой Д нь тус багт оршин суудаг. Ам бүл 5 болохыг тодорхойлов гэсэн,

          - А аймгийн Ө сумын Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 1/41 тоот тодорхойлолтод: Тус сумын Я багийн иргэн С-гийн О нь 2011 он хүртэл А аймгийн Ө суманд амьдарч байгаад 2011 оны 10 дугаар сард Ө суманд албан ёсоор шилжин ирж тус сумын Я багийн иргэн О-ын Д-тэй гэр бүл болон амьдарч байгаа болохыг тодорхойлов гэсэн зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

- А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 11/72 тоот албан бичгээр ирүүлсэн Н.Сийн ХААТР-12, үрчлэлтийн журнал,

- А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 11/78 тоот албан бичигт: А аймгийн Ө сумын 2010 оны иргэний улсын бүртгэлийн нотлох баримт манай архивт байхгүй тул Н.С-ийн 2010 оны үрчилсний бүртгэлийн бүрдүүлбэр баримт манай архиваас гарахгүй болно гэсэн,

- А аймгийн Ө сумын Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Хүүхэд үрчлэх тухай 75 дугаар захирамж,

- Н.С-ийн саналыг асууж авсан тайлбар,

- А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 01/124 тоот албан бичгээр ирүүлсэн Н.Н-гийн тэтгэврийн хувийн хэрэг зэрэг баримтуудыг бүрдүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            1. Хүсэлт гаргагч С.Огийн үрчлэлт хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

            2. Хүсэлт гаргагч С.О нь үрчлэлт хүчингүйд тооцуулахаар шүүхэд хүсэлт гаргасан байх бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:

           

          - А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 11/921 тоот албан бичиг,

          - О-ын Д, С-гийн О нарын Гэрлэсний бүртгэлийн лавлагаа,

          - Н-гийн С гэсэн төрсний гэрчилгээний хуулбар,

          - Огийн С үрчлэлтийн гэрчилгээний хуулбар,

          - Н-гийн Сийн Ө сумын ерөнхий боловсролын сургуулийн 9б ангид суралцдаг нь үнэн болно гэсэн тодорхойлолт,

          - А аймгийн Ө сумын Эрүүл мэндийн төвийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Н-гийн С нь 14 настай, эмэгтэй, эрүүл бойжиж байгаа нь үнэн болно гэсэн тодорхойлолт,

          - А аймгийн Ө сумын Д багийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 156 тоот тодорхойлолт,

          - А аймгийн Ө сумын Я багийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 233 тоот тодорхойлолт,

          - Н-гийн Сийг Н-ийн Н-д үрчлүүлсэн 06 дугаартай үрчилсний бүртгэлийн лавлагаа,

          - А аймгийн Ө сумын Я багийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 137 тоот тодорхойлолт,

          - А аймгийн Ө сумын Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 1/41 тоот тодорхойлолт,

- А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 11/72 тоот албан бичгээр ирүүлсэн Н.С-ийн ХААТР-12, үрчлэлтийн журнал,

- А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 11/78 тоот албан бичиг,

- А аймгийн Ө сумын Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Хүүхэд үрчлэх тухай 75 дугаар захирамж,

- Н.Сийн саналыг асууж авсан тайлбар,

          - А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 01/124 тоот албан бичгээр ирүүлсэн Н.Н-гийн тэтгэврийн хувийн хэрэг зэрэг болно.

 

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг хүүхдийн оршин суугаа газрын харъяалах шүүхэд гаргах бөгөөд охин Н.С нь одоо А аймгийн Ө суманд үрчүүлэгч эх С.О-гийн гэр бүлд амьдарч, сургуульд сурч байгаа болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах хүсэлт гаргасан нь хуульд заасан харъяалал зөрчөөгүй.

 

          Хүсэлт гаргагч С.О-гийн үрчлэлт хүчингүйд тооцуулах тухай шаардлагатай гуравдагч этгээд Н.Н нь маргах зүйлгүй, хүлээн зөвшөөрч байна гэх тайлбараа шүүхэд гаргасан байна.

 

           2010 оны 05 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин Н.Сийн эцэг О.Д, эх С.О нар гэрлэлтээ бүртгүүлээгүй байсан учраас охин Н.Сийг үрчлэгдэхээс өмнө өөрийн төрсөн эх С.Огээр овоглож байсан, үрчлүүлэгч эх С.Огээс үрчлэгч эх Н.Н-д үрчлүүлж Н.Н-д  үрчлүүлсэн бүртгэл хийгдсэн, охин Н.Сийн төрсөн эцэг нь О.Д мөн болох үйл баримттай талууд маргаагүй. Н.С нь одоо төрсөн эхийн хамт амьдрах хүсэлтэй байгаа нь зохигч, гуравдагч этгээдүүдийн шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд биечлэн гаргасан тайлбарууд, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, Н.Сийн саналыг асууж авсан тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна.

 

          4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан “ үрчлэгч нь эцэг эх байх эрхээ урвуулан ашигласан, хүүхэдтэй хэрцгий харьцсан, хуурамч бичиг баримт бүрдүүлэн үрчлэн авах шийдвэр гаргуулсан, Гэр бүлийн тухай хуулийн 57.2-т заасан этгээдэд үрчлүүлсэн” гэх үрчлэлтийг хүчингүйд тооцох нөхцөл байдлууд тогтоогдсонгүй. Гэхдээ Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн  61.2-т шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно гэж заасан бөгөөд охин Н.С нь 2 настайгаасаа хойш эцэг О.Д, эх С.О нарын хамт амьдарч байсан, үрчлэгдсэнээс хойш төрсөн эх С.Огийн асрамжид өсөж торнин, хүмүүжсэн бөгөөд төрсөн эцгийн гэр бүлд амьдрах хүсэлтэй байгаа болох нь тогтоогдож байх тул хүүхдийн эрх, дээд эрх ашиг сонирхол, хүүхдийн өөрийнх хүсэл зоригийн үүднээс хүүхдийг өсөж дасан ээнэгшсэн гэр бүл, орчинд нь үлдээх шаардлагатай, үрчлэлтийг хүчингүйд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

 

          Иймд 2010 оны 05 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин Б овогт Н.С-г үрчлүүлэгч эх Ш овогт С.О-гоос үрчлэгч эх Б овогт Н.Н-д үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож, охин Н.Сийг эх С.Огийн асрамжид шилжүүлэхээр шийдвэрлэв.

         

          5. Хүсэлт гаргагч С.Огийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.       

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.4-т заасныг удирдлага болгон

                                                                                                     

                                                                        ТОГТООХ нь:                                   

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6-д заасныг баримтлан 2010 оны 05 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин Б овогт Н.С-ийг үрчлүүлэгч эх Ш овогт С.О-гоос үрчлэгч эх Б овогт Н.Н-д үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7-д заасныг баримтлан охин Н.С-ийг төрүүлсэн эх Ш овогт С.О-гийн асрамжид шилжүүлсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

             4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч С.О, гуравдагч этгээд Н.Ннар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ч.ЖАРГАЛАН