Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 16

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Болормаа,

Улсын яллагч Ч.Энхжаргал,

Шүүгдэгч О.Н  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Оюуны Н  холбогдох 201715000150 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,  урьд Өвөрхангай аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 1996 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 1/147 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т зааснаар 3 жил хорих ял, Сум дундын 17 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 cap хорих ял, Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 10 дугаартай тогтоолоор эрүүгийн хуулийн 4 cap 15 хоног баривчлах ял шийтгүүлж байсан, Боржигон овогт О.Н

Шүүгдэгч О.Н  нь 2017 оны 05 дугаар сарын 30-31-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 09 дүгээр баг 10-06 тоотод байх Ш.Ц-н байшингийн цоожийг эвдлэн орж, улаан модон эрээн хээтэй таваг 2 ширхэг, бор модон эрээн хээтэй хундага 2 ширхэг, хүрэн модон ташуур 5 ширхэг, улаан модон хусуур 2 ширхэг, дурсгалын жааз 1 ширхэг, бор шар өнгийн 3x2 хэмжээтэй хивс 1 ширхэг, индүү 1 ширхэг, эмэгтэй хүний булган малгай 1 ширхэг, 10 литрийн бетон 2 ширхэг, 25 литрийн хуванцар сав 1 ширхэг, 30 литрийн хуванцар сав 1 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлж, 1.470.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн 27-07 тоотод оршин суух иргэн Т.Б ын гэрийн цоожийг эвдлэн орж, 40 литрийн бетон хулгайлж, 80.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичгдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч О.Н  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Он, сар, өдрөө санахгүй байна. Тэр өдрийн өглөөгүүр ус авах гээд 2 ширхэг 10 литрийн бетон бариад хадмынхаас урд зүгт байдаг худаг руу явсан. Тэгээд очтол нэг хөдөөний залуу худгийн дэргэд архи уугаад сууж байхаар нь архинаас нь  уулцсан. Тэгээд усаа аваад хадмынх руу гудамж өгсөөд явж байтал нэг айлын хашааны хаалга онгорхой байсан. “00” руу нь орж бие засах гээд явж байтал гэрийн хаалга нь онгорхой байсан. Гэрт ортол хүн байгаагүй. Тэгэхээр нь хивс, зургийн жааз хоёрыг авсан. Өөр зүйл аваагүй. Тэгээд хадмынд усаа оруулж тавьчихаад зах руу орсон. Захын хажууд 3-4 хүн архи уугаад сууж байсан. Би тэдэнтэй нийлж 4 шил архи хувааж уусан. Тэгээд захын хажуу талын хайсан хашаа дэрлээд тасарчихсан байна лээ. Сэртэл хивс, жааз хоёр байхгүй байсан. Тэгээд хадмынх руу явсан. Дараагийн үйлдлийн хувьд хадмынх руугаа явж байтал хадмын хаалганы хээтэй нь адилхан хаалга байхаар нь цоожийг нь чулуугаар цохиод орсон. Гэрт 40 литрийн бетон байсныг аваад техникийн зах дээр очиж зарсан. Би тухайн үед согтуу байсан. ... Би 05 дугаар сарын 22-ны өдөр суллагдсан. ... Би хоёр айлд орж хулгай хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна...” гэв.

            Хохирогч Ш.Ц-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... Миний бие нь 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 08 цагийн автобусаар Улаанбаатар хот руу охиныхоо хоёр хүүхдийг харахаар явсан. Явахынхаа урд өдөр нь хашаанд байсан гэрээ буулгаж, тавилга эд хогшилтой нь хамт хойд амбаарт хураагаад, хаалгийг нь Хятад улсад үйлдвэрлэсэн цэнхэр цоожоор цоожлоод түлхүүрийг нь өөрөө аваад, хашааны хаалгаа цагаан цоожоор цоожлоод түлхүүрийг нь хажуу айлын С.З д үлдээгээд эргэж тойрж байгаарай гэж захиад явсан. Ингээд хотод байхад 5 дугаар сарын 28, билүү 29-ний өдөр С.З  нь над руу залгаад гэр, хашааг чинь шалгахад зүгээр байна гэж хэлсэн. Дараа нь 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 09 цагийн орчимд С.З  над руу залгаад “...Цэндээ эгчээ танайд ямар хүн ирсэн юм бэ...” гэж асуухаар нь би “...манайд хүн ирэх ёсгүй дээ гэж хэлсэн...” чинь С.З “...танайд хоёр хүн байна. Би эгчийндээ байна гэж хэлээд байна гэхээр...” нь би яръя гээд нэг хүнтэй нь ярьтал “...намайг танихгүй байгаа юм уу, дүү нь байна...” гэж хэлээд утсаа С.З д өгсөн. Тэгэхээр нь би С.З д хандаж “...би цагдаа дуудъя чи наад хоёр хүнээ алдалгүй дагаж бай...” гэж хэлээд утсаа салгаад цагдаа дуудсан. Ингээд С.З  руу буцаад залгатал наад хүнийг чинь Нямка гэдэг гэнэ, нөгөө дээлтэй хүнийг нь мэдэхгүй юм байна. Сая дагаад явж байтал гудамжинд хүн таараад нэрийг нь хэллээ гэж хэлсэн. ... Улаан модон хээтэй хоёр ширхэг модон тавгыг 100000 төгрөгөөр үнэлнэ, хоёр ширхэг модон хундаг 40000, хүрэн өнгийн модон ташуур 5 ширхэг 750000 төгрөг, хусуурын мод хоёр ширхэг 200000 төгрөгөнд үнэлнэ. Дээрх эд зүйлийг миний хүү Чимэддаш Судан улсаас авчирж өгсөн юм. Мөн шар хүрээтэй голдоо очиртой дурсгалын жааз нэг ширхэг 30000 төгрөг, 3/2 хэмжээтэй хивс 150000 төгрөг, индүү нэг ширхэг 30000 төгрөг, булган малгай нэг ширхэг 150000 төгрөг, 10л хуучин орос бетон 2 ширхэг, 25л, 30л хоёр ширхгийг нийтэд нь 20000 төгрөгөөр үнэлнэ. Хохирол барагдуулаагүй тул гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 15-17 дугаар хуудас/,

            Хохирогч Т.Б ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 17 цагийн орчимд гэрээ цоожлоод гарч хүү Жамъяндоржийн хамт Тарагт сумын нутаг “Дайргийн гол” гэх газар нутагладаг хүү Мөнгөнтөгсийнд мотоцикльтой очоод байж байтал манай охин Энэбиш над руу утсаар залгаад та гэрээ цоожлоогүй явсан юм уу гэж асуухаар нь би “... хашаанд байгаа хоёр гэрээ хоёуланг нь цоожлоод явсан...” яасан гэж асуутал “... урд гэрийн хаалганы цоожийг эвдээд онгойлгосон байна...” гэрч шагайж харахад ямарч байсан 40л бетон алга болсон байна гэж хэлсэн. Би гэртэээ эргээд иртэл манай гэрийн хаалганы цоожийг эвдээд хүн орсон хаалганы даруулага буюу тав нь гэрийн зүүн талын хаяанд байсан. Цоож нь хажууд нь байсан. Гэрт орж үзэхэд зүүн талын хатавчинд байсан 40л бетон алга болсон байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 142-144 дүгээр хуудас/,

Гэрч С.З гын мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр манай хөрш айлын Ш.Ц  эгч хот явахдаа намайг гэрийг минь харж байгаарай гээд хашааны түлхүүрийг үлдээгээд захиад явсан. 2017 оны 05 дугаар сарын 31-ний өглөө 09 цагийн орчим гэрээсээ гараад Ш.Ц  эгчийн хашаа руу нь хартал хашааных нь хаалга онгорхой байсан. Тэгэхээр нь би хүн ирнэ гэж хэлээгүй дээ гэж бодоод хашаанд нь яваад ортол байшингынх нь хаалга онгорхой хаалганых нь цоож нь газар довжоонийх нь дэргэд хэвтэж байсан. Ингээд цоожийг нь бариад гэрт нь ортол байшингынх нь хоймор хэсэгт нь улаан цамцтай халзан толгойтой, зүүн гарын хуруунууд мухар, 40 орчим насны нэг эрэгтэй хүн ор засаад орон дээрээ сууж байсан. Түүний дэргэд өөдөөс нь дээл өмссөн бас нэг эрэгтэй хүн сандал дээр суучихсан дундаа “Нутгийн буян” нэртэй архи тавиад уугаад сууж байсан. Тэгэхээр нь би эднийд хэзээ ирсэн юун улсууд вэ гэтэл тэр зүүн гар нь мухар хуруутай намхан 40 орчим насны эрэгтэй хүн нь /Н / манай эгчийнх би эгчийндээ байна гэхээр нь би түлхүүр чинь хаана байгаа юм гэтэл түлхүүр надад байлгүй яах вэ дээ гэж хариулсан. Тэгээд би гэрээс нь гараад Ш.Ц  эгч рүү залгаад “танай гэрт хамаатан чинь гээд хоёр хүн байна” гэж хэлтэл Ш.Ц  эгч юун хүн юм бэ манайд тийм хүн ирэх ёсгүй, надтай яриулаадах даа гэхээр нь би утсаа оруулаад улаан цамцтай халзан толгойтой, зүүн гарын хуруунууд мухар, 40 орчим насны нэг эрэгтэй /Н / хүнд өгсөн. Тэгтэл тухайн хүн /О.Н / Ц  эгчтэй утсаар “эгчээ энэ тэр гэж ярьж” байснаа утсыг минь буцаагаад надад өгснөө гутлаа өмсөөд нөгөө хамт байсан дээлтэй хүнтээгээ хамт яараад гараад явчихсан. Ш.Ц  эгч надад утсаар хэлэхдээ наадах хүний чинь дууг ч танихгүй юм байна цагдаа би дуудаадхий чи саатуулж бай гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрээс нь гараад хойноос нь дагаад явтал нөгөө дээлтэй залуу нь зугтаагаад гүйгээд явчихсан. Би тухайн үедээ ядаж нэг хүнийг нь ч гэсэн барья гэж бодоод тэр улаан цамцтай халзан толгойтой, зүүн гарын хуруунууд мухар, 40 орчим насны нэг эрэгтэй /Н / хүнийх нь араас нь явсан. Тэгтэл Н  нь нэг хашааны буланд суугаад байж байтал цагдаа нар ирээд бариад явсан. Ингээд цагдаагийн газраас үзлэг хийх бүрэлдэхүүн ирээд үзлэг хийсэн ба цагдаа нар одоо алдагдсан эд зүйлсээ бүртэг гэж хэлэхээр нь би Ш.Ц  эгчтэй утсаар яриад надад алдагдсан эд зүйлийг хэлээд би тухайн эд зүйлсийг нь бүртгэхэд Булган малгай нь хар бараан өнгийнх, 2 ширхэг 10 литрийн хөнгөн цагаан бетон, 60 литрийн цэнхэр өнгийн хуванцар сав, 25 литрийн шар сав, 30 литрийн цэнхэр өнгийн усны сав, модон таваг, рүнк /хундага/, хивс, индүү, жаазтай зураг гэх зүйлс алга болсон байсан. Өөр бас нилээд хэдэн эд зүйл алга болсон байсан. Одоо би санахгүй байна. Ингээд эд зүйлсийг нь бүртгэчихээд цагдаа нарыг явуулчихаад урд талын дэлгүүрээс 2 ширхэг шинэ цоож худалдаж аваад хашааны хаалга, байшингийн хаалга хоёрыг нь цоожилсон...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 18-20 дугаар хуудас/,

Гэрч М.Д гийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... Миний бие 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 09 цаг өнгөрч байхад цагдаагийн газрын жижүүрийн шуурхай албаны хэргийн газрын үзлэгийн багийн хамт Арвайхээр сумын 9 дүгээр баг 10-06 тоотод хулгай орсон гэсэн дуудлага мэдээллийн дагуу очиж ажилласан. Тухайн хэргийн газарт очиход банзан хашаан дотор зуны модон байшингийн хаалга онгорхой байсан. Байшинд ороход эд зүйлс эмх замбараагүй байдалтай, байшингийн гол хэсэгт гудас дэвсээд ор зассан байсан. Байшингийн үүд хэсэгт хувин билүү түмпэнд хүний баас мэт зүйл байсан. Тэгтэл хохирогч Ш.Ц гийн гэрт анх орж хоёр хүн байхыг харсан гэх /З / /эмэгтэй ирэхээр нь би энд юу болсон талаар асуухад тухайн эмэгтэй /З / надад хэлэхдээ "Надад энэ айлын хүн хот явахдаа гэр харж байгаарай гэж захисан юм. Тэгтэл эдний гэрт хүн байсан талаар хэлээд би тухайн хүний зургийг утсаараа дарж авсан талаар" надад хэлэхээр нь би тухайн эмэгтэйн /З / гар утсан дээрээ дарсан зургийг нь үзэхэд О.Н , хар ногоон өнгийн дээлтэй нэг залуутай хамт гудманд хашааны хажууд сууж байгаа зураг байсан. Би тэр зургийг нь үзчихээд О.Н  хулгай хийсэн байж магадгүй гэж бодоод өөрийн гар утасны камераар дарж авсан. Тухайн зураг нь миний барьж байсан Самсунг-эс-5 маркийн гар утсан дээр байж байтал 2017 оны 06 дугаар сарын 02-ны орчим шиг санагдаж байна, ямар ч байсан хэрэг гарснаас хойш 2-3 хоногийн дараа гэртээ байж байхад манай хүүхэд /тухайн хэрэг гарах үед хүүхэд нь 4 нас хүрэх гэж байсан болно/ миний утсыг оролдож байгаад тухайн эмэгтэй /З / утсан дээрээс дарж авсан зургийг устгачихсан байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 22 дугаар хуудас/,

Гэрч Д.Т ын мөрдөн байцаалтанд өгсөн: “... О.Н  нь Арвайхээр суманд төрсөн. Эцэг эхээс тавуулаа бөгөөд одоо байгаа нь 3 дүү нь байдаг. Айлын том хүүхэд юм. О.Н ын 2 дүү нь одоогоос 5-6 жилийн өмнө Уянга суманд гар аргаар алт олборлож байгаад шороонд дарагдаад нас барчихсан юм. Мөн О.Н ын аав, ээж хоёр нь ч гэсэн талийгаач болцгоосон юм. Одоо О.Н  нь тодорхой оршин суух хаяггүй, хаа сайгүй л амьдардаг. Тухайлбал траншьен, орц хонгил гэх мэт хаа саагүй л амьдардаг юм. О.Н ын 2 дүү нь хотод л байдаг гэсэн. Би сайн мэдэхгүй. Арвайхээр сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 8 дугаар анги төгссөн. Ер нь ажил төрөл хийж байгаагүй. Архи тамхи нилээд их хэрэглэдэг. Урьд өмнө нь хулгайн гэмт хэрэгт холбогдож байсан. О.Н ын орлогын эх үүсвэр нь группын сарын 250000 төгрөг авдаг. Өөр орлого байхгүй болно. Архи уухаараа их агсам согтуу тавьдаг, зан араншингийн хувьд тайван дөлгөөн, уурлаад байдаггүй хүн. О.Н  нь өмнө хулгайн гэмт хэрэгт 2-3 удаа болно. Улсаас авсан гавъяа шагналгүй, спортоор хичээллэдэггүй болно. ... 2017 оны 06 дугаар сарын эхээр Д.Лхагвасүрэн байцаагч надад “танай нөхөр чинь танай урдхан талд айлд хоносон байна, хулгай хийгээд байна...” гэж хэлж байсан. ... Энэ үед О.Н  нь манайд амьдарч байгаагүй, бүр ирж ч байгаагүй болно. Манайд ус авч өгч огт үзээгүй болно. Манайд ирэхээр нь ээж хөөгөөд явуулчихдаг юм. Тэр тусмаа 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр манайд ирээд ч үгүй, ус ч аваагүй болно...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

Гэрч Н.Э ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн төв Арвайхээр сумын 9 дүгээр баг 27-07 тоотод байх манай гэрээс 40 литрийн багтаамжтай хөнгөн цагаан бетон хулгайд алдагдсан байсан. Манай гэрийн хаалганы цоожийг эвдээд хулгай ороод аваад явчихсан байсан. Манай гэрт байсан бетоныг О.Н  гэдэг хүн хулгайлсан байсан. 2017 оны 11 дүгээр сарын 16-ны үед нэг орой манайд орж ирээд уучлалт гуйгаад дахиж би танайхаас хулгай хийхгүй гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 147 дугаар хуудас/,

Гэрч Т.Г-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... Би Өгчигдөр буюу 2017 оны 11 дүгээр сарын 02-ны оройн 18 цаг өнгөрч байх үед Арвайхээр сумын 1 дүгээр баг “Уран-Оч” гэх засварын газарт сандал гагнуулж байсан жижгэвтэр биетэй саарал ноосон малгайтай бор эрээн өнгийн куртиктэй, жинсэн өмдтэй, хар алаг пүүзтэй, эрэгтэй хүн 40 литр ордог хөнгөн цагаан хайлсан бетон барьсан хүн ирээд 20000 төгрөгөөр зарна гэхээр нь 17000 төгрөгөөр авъя гээд 17000 төгрөгөөр худалдаж авсан. Надад хэлэхдээ гэрээсээ авсан гэж байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 145-146 дугаар хуудас/,

Гэрч Б.Э-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн төв Арвайхээр сумын 9 дүгээр баг 27-07 тоотод байх гэртээ орой 18 цагийн орчимд очтол манай гэрийн хаалганы цоожыг эвдлээд гэр дотор байсан 40 литрийн бетоныг хууль бусаар аваад явсан байсан. Манай гэрт байсан бетоныг О.Н  гэдэг хүн хулгайлсан байна гэж аав хэлсэн...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 148 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1 дүгээр хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 51, 129 дүгээр хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 52, 127 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8, 131 дүгээр хуудас/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-11 дүгээр хуудас/,

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн  133-137 дугаар хуудас/,

Эд зүйл түр хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 138 дугаар хуудас/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 139 дүгээр хуудас/,

Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ий 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн №06/20 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 44-46 дугаар хуудас/,

Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ий 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн №11/06 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 150-151 дүгээр хуудас/,

Шүүгдэгч О.Н ын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 64-96, 99-100 дугаар хуудас/

Шүүгдэгч О.Н ын ял шалгах хуудас /хх-ийн 60 дугаар хуудас/,

Шүүгдэгч О.Н ыг сэжигтнээр болон яллагдагчаар байцааж авсан мэдүүлгүүд /хх-ийн 55-58, 157-158 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч О.Н  нь 2017 оны 05 дугаар сарын 30-31-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 09 дүгээр баг 10-06 тоотод байх Ш.Ц гийн байшингийн цоожийг эвдлэн орж, улаан модон эрээн хээтэй таваг 2 ширхэг, бор модон эрээн хээтэй хундага 2 ширхэг, хүрэн модон ташуур 5 ширхэг, улаан модон хусуур 2 ширхэг, дурсгалын жааз 1 ширхэг, бор шар өнгийн 3x2 хэмжээтэй хивс 1 ширхэг, индүү 1 ширхэг, эмэгтэй хүний булган малгай 1 ширхэг, 10 литрийн бетон 2 ширхэг, 25 литрийн хуванцар сав 1 ширхэг, 30 литрийн хуванцар сав 1 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлж, 1.470.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн 27-07 тоотод оршин суух Т.Б ын гэрийн цоожийг эвдлэн орж, 40 литрийн бетон хулгайлж, 80.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Үүнд: Хавтаст хэрэгт авагдсан эд зүйлээ хулгайд алдсан талаар мэдүүлсэн хохирогч Ш.Ц  /хх-ийн 15-17/, хохирогч Т.Б  /хх-ийн 142-144/ нарын мэдүүлэг, шүүгдэгч О.Н ыг хохирогч Ш.Ц гийнд байхад нь орж харсан талаар мэдүүлсэн гэрч С.З гын мэдүүлэг /хх-ийн 18-20/, хэргийн газар ажиллахдаа гэрч С.З гийн утсанд дарагдсан зураг нь О.Н  мөн байсан талаар мэдүүлсэн гэрч М.Д гийн мэдүүлэг /хх-ийн 22/, гэрч Д.Т , Н.Э , Т.Гүнчин-Иш, Б.Энэбиш нарын мэдүүлгүүд /хх-ийн 23-24, 147, 145-146, 148/, Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 51, 129/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 52, 127/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8, 131/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-11/, Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн  133-137/, Эд зүйл түр хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 138/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 139/, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ий 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн №06/20 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 44-46/, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ий 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн №11/06 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 150-151/, шүүгдэгч О.Н ын мөрдөн байцаалт, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.

Шүүгдэгч Боржигон овогт О.Н од холбогдох хэргийн мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч Боржигон овогт О.Н од холбогдох хэргийн зүйлчлэл зөв шүүхээс түүнийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч О.Н од эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч О.Н од эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч О.Н од гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримт, битүүмжлэгдсэн эд хөрөнггүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.Н ын цагдан хоригдсон 6 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохыг тус тус дурьдав. 

Шүүгдэгч нь хохирогч нарт хохирол төлбөр төлөөгүй байх тул шүүгдэгч О.Н оос 1.620.000 төгрөг гаргуулж хохирогч Ш.Ц д 1.530.000 төгрөг, хохирогч Т.Б т 90.000 төгрөг тус тус олгуулахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 3.1, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.3, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1. 5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт О.Н ыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт О.Н ыг хоёр жил зургаан сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н од оногдуулсан хоёр жил зургаан сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.Н ын цагдан хоригдсон зургаа хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулсан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н оос 1.620.000 төгрөг гаргуулж хохирогч Ш.Ц д 1.530.000 төгрөг, хохирогч Т Б т 90.000 төгрөг тус тус олгосугай.

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримт, битүүмжлэгдсэн эд хөрөнггүйг дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Н од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж. тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.Н од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.