Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2021/00442

 

 

2021 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2021/00444

 

СХД дэх Ц-ийн 3-р хэлтсийн хэлтсийн

хүсэлттэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 184/ШШ2021/00204 дугаар шийдвэртэй, СХД дэх Ц-ийн 3-р хэлтсийн хэлтсийн хүсэлттэй, гуравдагч этгээд Ж.Ц-д холбогдох Ж.Ц-г архины албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлттэй иргэний хэргийг гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

СХД дэх Ц-ийн 3-р хэлтсийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Ц нь архи, согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэдэг. Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны 32 дугаар байрны орцны жижүүрээр ажилладаг боловч өөрийн нөхөр, охины хамт гурвуулаа байнга архи ууж оршин суугчдын болон өөрсдийн эрүүл мэндэд эрсдэлтэй нөхцөл байдал үүсгэдэг. Тухайн гэр бүлд бага насны гурван хүүхэд байдаг, энэ хүмүүс байнга архи ууснаас болж хүүхдүүдийн нөхцөл байдал хүнд байдалд байдаг. Ж.Ц байнга архи уудаг бөгөөд орцны жижүүрээр ажилладаг тул урьд өмнө нь өөр ямар нэгэн арга хэмжээ авч байгаагүй, эмнэлгийн дүгнэлтээр архинд донтой болох нь тогтоогдсон. Иймд Ж.Ц-г архины албадан эмчилгээнд явуулах хүсэлттэй байна гэжээ.

 

Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: Би уух нь уудаг. Архидан согтуураад хүүхдээ хаясан удаа байхгүй. 7 хоногт 1 удаа уудаг. Торгуулаад гарах хүсэлтэй байна. Эмчилгээнд явтлаа архи ууж байгаагүй, 1 жил орчим л архи ууж байгаа. Эрүүлжүүлэхэд ч орж байгаагүй. Эмнэлгээс бичиг хийж өгтөл нь донтоогүй гэжээ.

 

Шүүх: Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ж.Ц-г архины албадан эмчилгээнд явуулж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

 

Гуравдагч этгээд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Ж.Ц миний бие нь архины албадан эмчилгээнд эмчлүүлж байгаа. Би өөрийн гэсэн гэр оронгүй 3 хүүхэд, 3 зээ хүү, нөхөрийн хамт Сонгинохайрхан дүүргийн гэр хороонд байрлах 32 дугаар байрны 6,7 орцыг цэвэрлэн тэндээ амьдраад 4 жил болсон. Алтанхуягтай суугаад 7 жил болж байна. Манай бага охин Долгормаа нь нөхөргүй 3 хүүхэдтэй байнга хүүхдүүдээ хаяж явдаг. Одоо тэр 3 хүүхдийг нөхөр харж 2 орц цэвэрлэхэд хүндрэл гарч байна. Энэ ажлыг хийхгүй бол бидэнд амьдрах газар байхгүй, намайг байхгүй хооронд бага хүүхэд өвдөж ажлаа хийх, хүүхэд харах хэцүү байгаа. Би архийг уухгүй байж чадна, үр хүүхэд, зээ нартаа санаа зовоод нойр хүрэхгүй, даралт их байгаа. Хааяа ходоод өвддөг, элэг томорсон гэсэн оноштой болохоор архи уухгүй. Иймд албадан эмчилгээнээс чөлөөлж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

 

СХД дэх Ц-ийн 3-р хэлтсийн хэлтсийн гаргасан хүсэлтийн дагуу Ж.Ц-г архины албадан эмчилгээнд хамруулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд Ж.Ц давж заалдах журмаар гомдол гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах эрхтэй.

 

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт согтуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах донтой болох нь дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулахаар журамлажээ.

 

Гуравдагч этгээд Ж.Ц нь согтуурах донтой болох нь СХД дэх Ц-ийн 3-р хэлтсийн хэлтсийн шүүхэд гаргасан хүсэлт, Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, тус хорооны хамтарсан багийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн хурлын тэмдэглэл, эрүүл мэндийн байгууллагын дүгнэлт зэргээр тогтоогдож байх боловч хуульд заасан өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар хангалттай нотлогдохгүй байхад анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр түүнийг архины албадан эмчилгээнд хамруулахаар шийдвэрлэсэн нь дээрх хуулийн зохицуулалтыг зөрчсөн гэж үзнэ.

 

Анхан шатны шүүх Ж.Ц нь байнга архи ууж оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг ба согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон болох нь Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны хамтарсан багийн хурлын дүгнэлт, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, хорооны засаг даргын тодорхойлолт, захиргааны зөрчлийн тухай тэмдэглэл, лавлагаа болон талуудын тайлбараар тогтоогдсон гэж дүгнэж Ж.Ц-г архины албадан эмчилгээнд хамруулж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, СХД дэх Ц-ийн 3-р хэлтсийн хэлтсийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 184/ШШ2021/00204 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, гуравдагч этгээд Ж.Ц-г архины албадан эмчилгээнд хамруулах тухай СХД дэх Ц-ийн 3-р хэлтсийн хэлтсийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа гуравдагч этгээдээс төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ