Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 2023/ДШМ/32

 

Х.А-д холбогдох эрүүгийн хэргийн тухай 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/126 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Х.А-д холбогдох эрүүгийн ****** дугаартай, 2 хавтастай хэргийг шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Өрен,  шүүгдэгч Х.А, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бахытбек нар оролцов.  

 

1. Монгол Улсын иргэн, 1988 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Баян-Өлгий аймгийн Г суманд төрсөн, тус аймгийн Г сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, Баян-Өлгий аймгийн Г сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд дотуур байрны хүмүүжүүлэгч багш ажилтай, дээд боловсролтой, математикийн багш мэргэжилтэй гэх, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, 35 настай, эмэгтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б ургийн овгийн Х.А.

 

2. Шүүгдэгч Х.А нь 2010 онд Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Математик статистикийн сургуулийг "математикийн багш" мэргэжлээр төгсөөгүй атлаа тус сургуулийн 0201004258 дугаартай бакалаврын дипломыг хуурамч болохын мэдсээр байж Баян-Өлгий аймгийн Г сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн дотуур байрны хүмүүжүүлэгч багшаар 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр томилогдон одоог хүртэл ажиллахдаа ашиглаж, 37.387.089 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

3. Прокурорын 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 101 дүгээр яллах дүгнэлтээр Х.А-ийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн  2023/ШЦТ/126 дугаар шийтгэх тогтоолоор:

4.1. Шүүгдэгч Х.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А-ийг 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэжээ.

 

5. Шүүгдэгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1. Х.А намайг Монгол Улсын боловсролын их сургуулийн 0201004258 дугаартай Бакалаврын дипломыг хуурамч гэдгийг мэдсээр байж ашигласан гэдгийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна.

5.2. Х.А надад олгогдсон Монгол Улсын боловсролын их сургуулийн 0201004258 дугаартай Бакалаврын диплом нь албан ёсны сургуулийн тамга тэмдэгтэй, эрх бүхий албан тушаалтнуудын гарын үсэгтэй, зориулалтын хэвлэмэл хуудсанд хэвлэгдсэн баримт бичиг байсан. Миний бие сургуулиа суралцаж байгаад сүүлийн жилийн төлбөрийг төлснөөр сургуулиас энэхүү дипломыг олгосон учир дипломынхоо хуурамч гэдгийг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан.

5.3. Х.А би 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр дотуур байрны хүмүүжүүлэгчээр томилогдон ажиллахдаа Монгол Улсын боловсролын их сургуулийн 0201004258 дугаартай Бакалаврын дипломыг ашиглаагүй, ашиглах шаардлагагүй байсан. Сургуулийн дотуур байрны хүмүүжүүлэгч багшийн ажлын байрны тодорхойлолт, Хөдөлмөрийн гэрээний ажлын байранд тавигдах шаардлагад “дээд боловсролтой, бакалавр зэрэгтэй, багш мэргэжилтэй” гэх зэргээр ямар нэгэн шалгуур байхгүй бөгөөд боловсрол, мэргэжил шаардлагагүй ажлын байр байсан. Тодруулбал хэргийн 129 дүгээр хуудсанд авагдсан дотуур байрны хүмүүжүүлэгчийн ажлын байрны тодорхойлолтын 15-д “Ажлын байранд тавигдах шаардлага, нөхцөл” гэдэг хэсэгт боловсролын талаар ямар нэгэн шаардлага тавиагүй болох нь илт харагдаж байна. Мөн Сайдын баталсан жишиг ажлын байрны тодорхойлолтод дотуур байрны хүмүүжүүлэгч багшид боловсролын шаардлага тавигдаагүй байна.

5.4. Харин өөрийнхөө боловсролын дипломын хуулбарыг үе үеийн захирлуудад “тус сургуульд багшийн орон тоо гарвал ажиллуулж өгөөрэй” хэмээн хандаж гаргаж өгч байсан. Би багшаар нэг ч өдөр ажиллаагүй, тухайн дипломыг ашиглаагүй. Дотуур байранд ажиллахын тулд энэхүү дипломыг гаргаж өгөөгүй.

5.5. Хуурамч мэргэжлийн диплом ашиглаж өөртөө давуу байдал үүсгэж илүү авсан цалин хөлснийг л хурааж, хохиролд тооцон шийдвэрлэх ёстой. Гэтэл ажилласан хугацааны бүх цалин хөлсийг хохиролд тооцож байгаа нь үндэслэлгүй. Х.А би мэргэжилгүй байсан ч аливаа ажил үүргийг хийж гүйцэтгэсний төлөө тухайн үед мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалин хөлс авах эрхтэй юм. Х.А би нь ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргалгүйгээр, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ үнэнч шударгаар биелүүлж, бүтэн цагаар ажиллаж ирсэн. Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 97 дугаар тогтоолоор К.Нуржанарт холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ хуурамч бичиг баримт ашиглан олсон орлогыг хураахтай холбоотой тогтоолоор тайлбарласнаас өөрөөр тайлбарлан шийдвэрлэсэн гэж үзэж байна.

5.6. Шүүхээс ял оногдуулахдаа 1200 нэгжээр торгосон нь миний хувийн байдалд тохирохгүй байна. Би ажилгүй болсон ба бага насны олон хүүхэдтэй, дээрээс нь ажилласан хугацааны цалин хөлсийг буцаан төлөхөөр шийдвэрлэсэн байхад миний хувийн байдлыг харгалзахгүйгээр торгуулийн ялын дээд хэмжээг оногдуулсан. Хэрэв намайг ял шийтгүүлэх ёстой гээвэл миний хувийн байдлыг харгалзан доод хэмжээгээр буюу 450 нэгжээр торгож өгнө үү.

5.7. Иймд Х.А би хуурамч диплом ашиглаагүй тул намайг цагаатгаж, эсхүл шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.

 

6. Прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлт:

6.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдааны явцад шүүгдэгч нь тухайн сургуулийг төгсөөгүй, шалгалт өгч байгаагүй, дипломыг хүнээр дамжуулан авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Диплом буюу эрх олгосон баримтыг худалдаж авах, төлбөр төлснөөр уг бичиг баримтыг олж авах эрх үүсдэггүй, тодорхой шалгуураар тухайн сургуульд элсэн суралцсанаар, тодорхой кредит цаг цуглуулж, шалгалт өгснөөр эрхийг олж авдаг. Тодорхой шалгуур бүхий байдлаар олж авах эрх бүхий баримт бичиг, дипломыг тухайн сургуульд суралцахгүйгээр олж авсан нь тогтоогдсон тул уг бичиг баримтыг хуурамч гэдгийг шүүгдэгч мэдэж байсан гэж үзэж байгаа. Энэ нь мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн нотлогдон тогтоогдож байна.

6.2. Шүүгдэгчийн хувьд 2014 онд тухайн сургуульд дотуур байрны жижүүрээр томилогдсон байдаг. Тухайн үед уг дипломыг ашиглаагүй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл жижүүрээр ажиллахдаа багшлах эрх буюу боловсролтой байхыг шаардахгүй юм. Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг прокурорын зүгээс дордуулах үндэслэлгүй байна гэж үзэж  2014-2019 оны хооронд жижүүрийн үүрэгт ажилд ажиллахдаа уг дипломыг ашиглаагүй гэж дүгнэсэн.

6.3. Харин 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр тухайн сургуулийн дотуур байрны хүмүүжүүлэгч багшаар томилолдогдохдоо энэхүү дипломыг ашигласан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өгсөн мэдүүлэг, түүний хувийн бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, мөрдөн шалгах ажиллагааны явцад х.Н-ийн гэрчээр өгсөн мэдүүлэг болон Стандарт хэмжил зүйн газрын 2019 оны тушаалаар батлагдсан ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын дотуур байрны орчин үйлчилгээ ерөнхий шаардлага MNS:67812019 гэх стандартын 7.4 дэх хэсэгт заасан “тухайн дотуур байрны багш, нийгмийн ажилтан мэргэжилтэй, 5-аас доошгүй жил хүүхэдтэй ажилласан туршлагатай” гэж зааснаар нотлогдож байна. Уг стандарт шаардлагад нийцүүлэн 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр томилохдоо тухайн сургуулийн захирал нь шүүгдэгчийн “математикийн багш” гэх байдлыг харгалзан үзэж тухайн албан тушаалд томилж байсан гэсэн нь мэдүүлгээр тогтоогдож байгаа.

6.4. Тухайн хэргийг хянан шийдвэрлэх явцад анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтад үнэлэлт, дүгнэлт өгч 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш уг дипломыг ашиглаж дотуур байрны хүмүүжүүлэгч багшаар ажиллахдаа хуурамч дипломыг ашиглаж, гэмт хэрэг үйлдэж олсон орлого мөн байна гэж үзэж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэж давж заалдах гомдлыг бүхэлдээ буюу 32,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон гэж дүгнэж байна.

6.5. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсэж байна

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

7. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Х.А-ийн давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд, шийтгэх тогтоолд дараах үндэслэлүүдээр буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахтай холбоотой хэсэгт нь зохих өөрчлөлтийг оруулж, дараах үндэслэлээр шүүгдэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.  

 

8. Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

 

9. Шүүгдэгч Х.А нь Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Математик статистикийн сургуулийг суралцаж төгсөөгүй атлаа тус сургуулийг “математикийн багш” мэргэжлээр 2010 онд суралцаж төгссөн гэх D201004258 дугаартай боловсролын бакалаврын зэрэг олгосон дипломыг ашиглан Баян-Өлгий аймгийн Г сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн дотуур байрны хүмүүжүүлэгч багшаар тус сургуулийн захирлын 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 48 дугаартай “Х.А-ийг дотуур байрны хүмүүжүүлэгчийн ажилд томилон ажиллуулах тухай” тушаалаар томилогдож, тухайн орон тоонд 2019 оны 9 дүгээр сараас хойш ажиллан, удааширсан үйлдэлтэй гэмт хэрэг үйлдсэн нь:

- Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын 22-05-16 дугаартай танилцуулга, танилцуулгын хавсралт /хавтаст хэргийн 11-35 дахь тал/,

- Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 3/1211 дугаартай албан бичиг /1 дэх хавтаст хэргийн 65 дахь тал/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Р-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 109-110 дахь тал/,

- Гэрч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 112 дахь тал/,

- Гэрч С.А-ны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 114 дэх тал/,

- Мөрдөгчийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Х.А-ийн хувийн хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хувийн хэргээс хуулбарлаж авсан 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний хуулбар, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Математик статистикийн сургуулийг 2010 онд математикийн багш мэргэжлээр суралцаж төгссөн гэх D201004258 дугаартай дипломын хуулбар, Баян-Өлгий аймгийн Г сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 48 дугаартай “Х.А-ийг дотуур байрны хүмүүжүүлэгчийн ажилд томилон ажиллуулах тухай” тушаалын хуулбар, /1 дэх хавтаст хэргийн 115-136 дахь тал/,

- Баян-Өлгий аймгийн Г сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 2018 оны 1 дүгээр сараас 2022 оны 11 дүгээр сар, 2022 оны 12 дугаар сараас 2023 оны 4 дүгээр сар хүртэлх цалингийн цэсийн хуулбарууд /1 дэх хавтаст хэргийн 139-194, 2 дахь хавтаст хэргийн 110-114 дэх тал/,

- Шүүгдэгч Х.А-ийн 2014 оноос 2022 оны 11 дүгээр хүртэлх нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /1 дэх хавтаст хэргийн 204-208 дахь тал/,

- Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 3/693 дугаартай албан бичгээр ирүүлсэн тус сургуулийн захирлын 2006 оны 363 дугаартай элсэлтийн тушаал, тушаалын хавсралт болон 2010 оны 178 дугаартай төгсөлтийн тушаалын хуулбарууд /2 дахь хавтаст хэргийн 61-68 дахь тал/,

- Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын дотуур байрны үйлчилгээг шалгах хяналтын хуудас, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дотуур байрны орчин үйлчилгээний стандартын /МNS 6781:2019/ хуулбар /2 дахь хавтаст хэргийн 73-92 дахь тал/,

- Гэрч З.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 99 дэх тал/,

- Яллагдагч Х.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 84-86 дахь хавтаст хэргийн 46 дахь тал/,

- Гэрч Я.Н, Б.Д, Ч.Э, А.Т, Д.А, Н.Б, Д.Ц нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд /1 дэх хавтаст хэргийн 38- 40, 42-44, 46-48, 50-52, 55-57, 60-63, 102-103 дахь тал/ зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Х.А-ийн гэм буруутай дээрх үйлдлийг прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт боловсролын диплом хуурамч гэдгийг мэдсээр байж ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хуульд нийцсэн, гэм буруугийн зарчмыг хангасан байна. Иймээс шүүгдэгч Х.А-ийн “надад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хүлээж авах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй.

 

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчмын агуулгыг тодорхойлдог. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А-ийг 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1200000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор, эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчмын шаардлыг хангасан байх тул шүүгдэгч Х.А-ийн “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлын хэсэг үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

11. Анхан шатны шүүх “Шүүгдэгчийг Баян-Өлгий аймгийн Г сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн дотуур байрны багшаар 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн томилогдон ажиллахдаа хуурамч диплом ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учраас түүний ажилласан хугацаанд авсан цалин хөлсийг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцон гаргуулж хохирогч байгууллагад олгох нь үндэслэлтэй” гэж дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан түүний 2019 оны 9 дүгээр сарын сарын 02-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарыг дуустал авсан цалин хөлс болох нийт 37.387.089 төгрөгийг бүхэлд нь шүүгдэгчид ногдох хөрөнгө, орлогоос нь албадан гаргуулж, улсын төсөвт оруулахаар шийдвэрлэсэн нь буруу байна.

 

12. Учир нь шүүгдэгч Х.А нь ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу (1 дүгээр хавтаст хэргийн 124 дэх тал) сургуульд дотуур байрны хүмүүжүүлэгчээр бодитой ажиллаж, хийж гүйцэтгэсэн ажлынхаа үр дүнг үнэлүүлж, хөдөлмөрийн гэрээний дагуу цалин хөлс авч байсан тул түүний хуурамч боловсролын диплом ашиглаж Г сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн дотуур байрны хүмүүжүүлэгчээр ажилд томилогдсон өдрөөс яллагдагчаар татагдах хүртэлх хугацаанд авсан цалин хөлснөөс тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс зөрүү тооцож, үлдсэнийг нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцон Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан уг мөнгийг шүүгдэгчээс гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй.

 

13. Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Төрийн мэдээллийн сангийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг үндэслэн Х.Ад 2019 оны 9 дүгээр сараас 2022 оны 11 дүгээр сарыг дуустал /гэмт хэргийг илрүүлсэн буюу Х.А-ийг яллагдагчаар татах хүртэл/ хугацаанд нийт 32.161.029 төгрөгийн цалин олгосон нь тогтоогджээ. Сургуулийн дотуур байрны багшийн ажил нь Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т зааснаар төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарна.

 

14. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаар “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолоор улсын хэмжээнд мөрдөгдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл сард 320,000 төгрөгөөр, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс сард 420,000 төгрөг байхаар тогтоосон бол мөн хорооны 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 10 дугаар “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 550,000 төгрөгөөр тогтоосон байна.

Шүүгдэгч Х.А-ийн 2019 оны 9 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сарыг дуустал авсан 4 сарын цалин хөлсийг тухайн цаг хугацаанд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320000 төгрөгөөр тооцоход 1280000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сараас 2022 оны 11 дүгээр сарыг дуустал авсан 35 сарын цалин хөлсийг тухайн цаг хугацаанд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420000 төгрөгөөр тооцоход 14700000 төгрөг, нийт 15980000 төгрөг болж байна.

Тиймээс анхан шатны шүүхийн шүүгдэгчээс гаргуулсан хохирлын тооцоог зөвтгөж, шүүгдэгч Х.А-ийн хуурамч боловсролын диплом ашиглаж Г сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн дотуур байрны хүмүүжүүлэгчээр ажилд томилогдсон өдрөөс түүнийг яллагдагчаар татах хүртэлх хугацаанд авсан цалин хөлс 32.161.029 төгрөгөөс тухайн цаг хугацаанд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцсон 39 сарын цалин хөлс 15.980.000 төгрөгийг хасаад, гэмт хэргийн хохиролд 16.181.029 төгрөг гаргуулахаар тогтоож, шүүгдэгч Х.А-ийн “би мэргэжилгүй байсан ч аливаа ажил үүргийг хийж гүйцэтгэсний төлөө тухайн үед мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалин хөлс авах эрхтэй” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.

 

15. Иймд дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолын холбогдох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/126 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.А-ээс гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 16.181.029 /арван зургаан сая нэг зуун наян нэгэн мянга хорин ес/ төгрөгийг гаргуулан улсын төсөвт шилжүүлсүгэй” гэж өөрчилж, 6 дахь заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр нь үлдээж, шүүгдэгч Х.А-ийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

                                

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧ                                                                        М.НЯМБАЯР

 

ШҮҮГЧ                                                                        Д.КӨБЕШ