Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2016/01200

 

С.Наранцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, Танхимын тэргүүн Х.Сонинбаяр, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 15-ний өдрийн 101/ШШ2016/03346 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1520 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч С.Наранцэцэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 93 тоот хурлын протокол, 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 1/4526 дугаар албан мэдэгдлийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч С.Наранцэцэгийн гомдлыг үндэслэн, 

Танхимын тэргүүн Х.Сонинбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Наранцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Уранцэцэг, нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: С.Наранцэцэг нь 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр С.Баттогтохоос 18 600 000 төгрөгийг 3 хоногийн хугацаатай өдрийн 2 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн бол 0,5 хувийн алданги төлөхөөр харилцан тохирч зээлийн гэрээ байгуулан уг мөнгийг авсан. С.Наранцэцэг нь Эрэл банкнаас 2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 3 өрөө байраа барьцаалан 23 554 853 төгрөгийг зээлж авснаас үүдэн төлбөрөө төлж чадаагүйгээс Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 1223 дугаар шийдвэрээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2 дахь дуудлага худалдааг хүчингүй болгуулж, шийдвэр гаргуулсан. С.Наранцэцэг болон түүний нөхрийн бизнесийн үйл ажиллагаа улс орны эдийн засгийн хямралаас шалтгаалан зогсонги байдалд орсон учир С.Баттогтохоос авсан мөнгөө цаг хугацаанд нь төлөөгүйгээс Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 260 тоот захирамжаар С.Баттогтоход 23 000 000 төгрөгийг өгөхөөр баталгаажуулсан. Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэгч В.Уранцэцэг нь 1223 тоот шийдвэр гарахаас өмнө ч дараа нь ч өмгөөлөгчөө шүүх хуралдаанд битгий оролцуул, та байраа 2016 оны 02 дугаар сарын 20-ны дотор чөлөөлж өгнө гэж бичээдэх, танд 23 000 000 төгрөгөөс илүү зөрүү мөнгө нэхэмжлэх эрх байхгүй, байрныхаа үнийн саналыг өгөхгүй бол шинжээч томилж зардлыг төлүүлнэ гэх мэтээр өдөр болгон байнга утсаар болон биеэр очиход дарамталж, зарим үед өдөржингөө өөрөө гадуур ажилтай гээд ирдэггүй байсан. 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч В.Уранцэцэгийн 300 тоот өрөөнд С.Баттогтох, В.Уранцэцэг нартай С.Наранцэцэг уулзаад сүүлчийн дуудлага худалдааны үнэ болох 75 000 000 төгрөгийн зөрүү 52 000 000 төгрөгийг С.Наранцэцэгт өгнө гэж С.Баттогтох хэлсний дагуу зөвшөөрч зөрүү 52 000 000 төгрөг өгсөн тохиолдолд С.Наранцэцэг 3 өрөө байраа чөлөөлж өгье гэсэн гурвалсан гэрээ хийсэн бөгөөд энэ талаар С.Баттогтох нь өөрийн гараар тусад нь бичиж өгсөөр байтал танд зөрүү нэхэмжлэх эрх байхгүй олон юмгүй байраа султга гэсэн хахир хатуу шаардлага тавьдаг байсан. С.Наранцэцэгийн хувьд дуудсан цаг хугацаанд нь байнга очихоос гадна төлбөрөө төлж барагдуулахын тулд Хаппи зууч үл хөдлөх хөрөнгийн газрын худалдаа зуучлалын агентлагтай гэрээ байгуулах, Зар мэдээ, Шуурхай зар сонинуудад байнга хандсаар ирсэн бөгөөд уг баримтуудыг шийдвэр гүйцэтгэгч В.Уранцэцэгт тухай бүрт нь үзүүлж, танилцуулж байсан. С.Наранцэцэгийн хувьд шийдвэр гүйцэтгэгч 181 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч В.Уранцэцэгт сүүлийн 2 жил гаруй хугацаанд учир байдлаа ойлгуулахыг хичээж түүний тавьсан санал шаардлагыг тухай бүрд нь хүлээн авч 150 000 000 төгрөгөөр үнэлэгдэх 3 давхрын нар луу харсан цонхтой, 64 см зузаан тоосгон ханатай 3 өрөө байраа өөрийнх нь тавьсан үнийн саналын дагуу тухайн үнийн 70 хувь буюу 105 000 000 төгрөгөөр, 2 дахь удаагийн дуудлага худалдаанд үндсэн үнийн 50 хувь буюу 75 000 000 төгрөгөөр худалдахыг зөвшөөрч байсан боловч 2 удаагийн дуудлага худалдаагаар ямар нэгэн байдлаар би өөрийн биеэр оролцоогүй боловч тэр болгонд би зөвшөөрч байсан. Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн мэдэгдлийг ирүүлсний дагуу тус газрын улсын бүртгэгч н.Бямбацогттой уулзаж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Энхээгийн хамт 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч В.Уранцэцэгийн өрөөнд хамт уулзаж, надаас гадна миний хүү Б.Наранбат, Б.Анар, Б.Номин нарын эрх ашиг энэ асуудлаар хөндөгдөж байгаа учир шүүхэд хандах болсон тухайгаа албан ёсоор мэдэгдсэн. Гэтэл 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр В.Уранцэцэг нь байраа чөлөөлөхгүй бол албадан гүйцэтгэнэ гэсэн мэдэгдэл өгсөн. Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 93 тоот хурлын протокол болон 2016 оны 02 сарын 02-ны өдрийн 1/4526 албан мэдэгдлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 260 дугаар захирамжаар С.Наранцэцэгээс 23 000 000 төгрөг гаргуулж С.Баттогтоход олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж С.Наранцэцэгийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол 26/8 дугаар байр 11 тоот 55 м.кв талбайтай орон сууцыг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгчийн харилцан тохиролцсон үнэ 150 000 000 төгрөгийн 70 хувь буюу 105 000 000 төгрөгөөр 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2-т зааснаар 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахад мөн худалдан борлогдоогүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д заасны Дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан, албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төлбөр авагч С.Баттогтоход санал болгоход төлбөр төлөгч С.Наранцэцэгийн гаргасан хүсэлтийг үндэслэн төлбөр төлөх 45 хоногийн хугацаа, мөн 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаа өгсөн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан дээрх орон сууцыг төлбөр авагч С.Баттогтоход шилжүүлсэн ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2016/03346 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр 34.3-т зааснаар хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 93 тоот хурлын протокол болон 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 1/4526 албан мэдэгдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч С.Наранцэцэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч С.Наранцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1520 дугаар магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2016/03346 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч С.Наранцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. С.Наранцэцэг миний бие Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд 2015 оны 09 дүгээр сарын 06-нд 13 хуудас материал хавсарган, 2015 оны 09 дүгээр сарын 18-нд шат шатанд нь зохих хугацаанд өргөдлөө тус тус өгч /В.Уранцэцэг гэгч энэ хүнээр асуудлаа шийдвэрлүүлэхгүй/ гэж гомдол гарган, тухай бүрт нь шалтгааныг тоочин бичиж байсан. Гэтэл НШГАлба нь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34-р зүйлийн 34.3-т зааснаар тогтоол гаргаж гомдлыг шийдвэрлээгүй. Зөвхөн 2 удаагийн мэдэгдлээр хариу өгснийг анхан шатны шүүх анхаарч үзүүгүй, учир нь энэ талаар шүүх хурал дээр тодорхой тайлбарлаж байсан. С.Наранцэцэг нь ам бүл 4, Б.Наранбат, Б.Анар, Б.Номин, нарын хүүхдүүдтэйгээ уг байранд хамт амьдарч байсан бөгөөд хүү Б.Анар, охин Б. Номин нар нь өөрсдийн эрх ашиг хөндөгдөж байгаа тул байраа эд хөрөнгийн үнэлгээний газраар үнэлүүлж өөрт оногдох хэсгээ гаргуулахаар ШШГТ-н хуулийн 34-р зүйлийн 34.4-т заасан үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүх хүлээн авахаас татгалзсан юм. 260 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34-р зүйлийн 34.1.5-д /шийдвэрт нэр заасан тодорхой эд хөрөнгийг төлбөр төлөгчөөс гаргуулж төлбөр авагчид шилжүүлэх, эсхүл тодорхой үйл ажиллагаа гүйцэтгүүлэх/-ээр заасаар байтал НШГАлба үүнийг зөрчсөн юм. Учир нь С.Баттогтох, С.Наранцэцэг нарын эвлэрлийг баталгаажуулсан ДИХАШатны 2-р шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 260 тоот шүүгчийн захирамжинд /23 000 000 төгрөгийг/ С.Баттогтоход төлж барагдуулахаар тохирч эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн гэж шийдвэрлэсэн болохоос биш орон сууцны талаар огт дурьдагдаагүй юм. Шийдвэр гүйцэтгэгч В.Уранцэцэг нь 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ДИХАШатны 1-р шүүхийн 1223 тоот шийдвэрээр /Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 12-р сарын 19-ны өдрийн 2 дэх дуудлага худалдааг хүчингүй болгосон. (3/31695 тоот мэдэгдлийн хамт) үеэс л илт өөрөөр харьцах болсон учир түүнийг 2 удаа сольж өгөхийг хүссэн боловч НШГАлба тодорхой хариу өгөөгүйгээс энэ хүн өөрийн дотоод үзэмжээрээ С.Наранцэцэг миний болон 3 хүүхдийн минь эрх ашгийг огтхон ч бодолцолгүй хэтэрхий 1 талыг барьж өөрөөр хэлбэл С.Баттогтохын эрх ашгийг илүүд тавьсаар эцэст нь 23 000 000 төгрөгний төлөө би 150 000 000 төгрөгөөр зах зээлийн үнээр үнэлэгдэх 3 давхрын нарлуугаа харсан цонхтой, 64 см-ийн зузаан тоосгон ханатай 3 өрөө байраа алдахад хүрч байгаад үнэхээр гомдолтой байна. 2016 оны 08 дугаар сарын эхээр манай байрыг Б.Сэлэнгээ гэгч хүн худалдан авах засвар хийгээд орсон байсан, би хүүхдүүдийн хамт одоог хүртэл түрээсийн байранд амьдарч байна. Иймд миний гомдлыг хүлээн авч хуулийн дагуу шударгаар шийдвэрлэж, дээрх шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хянан шийдвэрлүүлэх шаардлагатай байна.

С.Наранцэцэг С.Баттогтох нар зээлийн гэрээний үүрэг 23 000 000 төгрөгт эвлэрлийн гэрээ байгуулсны дагуу Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 260 тоот захирамжаар талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч төлбөр хугацаандаа төлөгдөөгүйгээс уг захирамжийг албадан биелүүлэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулжээ.

Дээрх захирамжид төлбөрийг барьцаа хөрөнгөөр барагдуулах тухай заалт байхгүй бөгөөд харин шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч, түүний гэр бүлийн гишүүдийн дундын өмч болох Баянгол дүүргийн 6-р хороо, 10-р хороолол Энхтайваны Өргөн чөлөө 26/8 байрны 11 тоотын 3 өрөө сууцыг битүүмжлэн, хурааж улмаар төлбөр төлөгч, авагч тал үнийн санал өгсний дагуу 150 000 000 төгрөгөөр үнэлж 1, 2 дахь дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагч С.Баттогтоход санал болгосноор тэрээр орон сууцыг шилжүүлэн авсан үйл баримтууд байна.

Шийдвэр гүйцэтгэлийн алба хуулийн дээрх заалтыг хэрэгжүүлэхдээ төлбөр төлөгчийн 23 000 0000 төгрөгийн төлбөрийг барагдуулахын тулд талуудын анхны үнийн саналаар 15 000 000 төгрөгөөр, 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулахад үнэ 75 000 000 төгрөгөөр үнэлэгдсэн 3 өрөө орон сууцыг шууд шилжүүлэн өгсөн нь төлбөрийн дүнд үл хөдлөх эд хөрөнгийн үнэ дүйцээгүй төлбөр төлөгч талдаа хэтэрхий хохиролтой байдлыг бий болгожээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д заасан “Албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй Монгол улсын иргэнд өмчлүүлсэн газраас бусад үл эд хөдлөх хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад гарсан зардлыг хасаж төлбөртөө тооцон авахыг төлбөр төлөгчид санал болгоно...” гэсэн ойлголт нь тухайн шилжүүлэн өгч буй үл хөдлөх эд хөрөнгийн үнэ, цэнэ нь төлбөр авагчийн авах авлагаас буюу гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрийн хэмжээнээс хэт өндөр биш, хөрөнгийг шилжүүлэн өгч төлбөрийг барагдуулснаар төлбөр төлөгчийн өмчийг үнэгүйдүүлэн түүний эрх ашиг нь дордуулахгүй байхыг ойлгоно. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны эрх ашиг сонирхлыг хүндэтгэх, шуурхай, энэрэнгүй байх зарчимд үндэслэнэ” гэсэнтэй нийцэх юм. 

Иймд төлбөр төлөгч С.Наранцэцэгийн орон сууцны бодит үнэлгээ нь хэд болох 3 өрөө орон сууцыг 23 000 000 төгрөгний өр төлбөрт шууд шилжүүлэн өгсөн тохиолдолд зөрүү үнийг хэрхэн шийдвэрлэж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон нь тодорхой болсон байх шаардлагатай бөгөөд энэ тухай баримт хэрэгт авагдаагүй байна.

Түүнчлэн уг орон сууцны хамтран өмчлөгч Б.Анар, Б.Номин нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 3 дагч этгээдээр оролцох хүсэлт гаргасныг шүүх нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй гэж дүгнэн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасныг зөрчсөн гэж үзэв. Мөн зүйлд зааснаар маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болох бөгөөд Б.Анар, Б.Номин нар нь маргааны зүйл болох орон сууцны хамтран өмчлөгч тул түүнийг захиран зарцуулах ажиллагаанд хамааралтай эрх ашиг нь хөндөгдсөн этгээд мөн байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 15-ний өдрийн 101/ШШ2016/03346 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1520 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.УНДРАХ

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Х.СОНИНБАЯР