Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2018/0608/з |
Дугаар | 76 |
Огноо | 2019-03-20 |
Маргааны төрөл | Тендер, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 76
“Ф-А” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга,
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны
Төрийн нарийн бичгийн дарга, Үнэлгээний хороонд
тус тус холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь,
Шүүгчид: Г.Банзрагч,
Б.Мөнхтуяа,
Ч.Тунгалаг,
Илтгэгч шүүгч: П.Соёл-Эрдэнэ,
Нарийн бичгийн дарга: Э.Номин-Эрдэнэ,
Нэхэмжлэлийн шаардлага: Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 1/3292 тоот албан бичиг, Тендерийн үнэлгээний хорооны 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах, "Ф-А" ХХК-тай гэрээ байгуулахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгах,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2018/0843 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 221/МА2019/0066 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Г, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.М, хариуцагч Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, хариуцагч Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагч Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О нарыг оролцуулж,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2018/0843 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.4, 29 дүгээр зүйлийн 29.1, 55 дугаар зүйлийн 55.3 заасныг тус тус баримтлан “Ф-А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын даргын 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 6-1/3292 дугаар албан бичиг, Үнэлгээний хорооны 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэрийг тус тус хүчингүй болгож, “Ф-А” ХХК-тай гэрээ байгуулахыг захиалагчид даалгаж шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 221/МА2019/0066 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2018/0843 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.7, 55 дугаар зүйлийн 55.2, 55.3, 55.3.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ф-А” ХХК-ийн “Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 6-1/3292 дугаар албан бичиг, тендерийн Үнэлгээний хорооны 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах, “Ф-А” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэжээ.
Хяналтын журмаар гаргасан гомдолд:
3. Нэхэмжлэгч “Ф-А” ХХК-ийн гүйцэтгэх захирлаас хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Манай компанийн НХААГ-17/0189 тоот тендерт захиалагчтай гэрээ байгуулаагүй. “Б м б” ХХК-тай байгуулсан гэрээнд нэхэмжлэгч оролцож гарын үсэг зураагүй, “Б м б” ХХК-ийн захирал, инженер гарын үсэг зурж, тамга дарсан байдаг ба Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 6/2430 дугаартай лавлагаанд нэхэмжлэгчийг уг газраас зарласан тендерт оролцож байгаагүй, тус газартай гэрээ байгуулж ажил гүйцэтгээгүй тухай тодорхой заасан байгаа баримтыг үнэлээгүй, эдгээрийг тайлбарлаж няцаагаагүй.
4. Сангийн яамны маргаан бүхий актад “ТӨХ 5.2-ын “д”-д заасан шаардлага хангаагүй байна” хэмээн үзэж үндэслэл болгосон “Х ч” ХХК-ийн гомдолд хавсарган ирүүлсэн 13 хуудас баримтын Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2/858 дугаартай баримтыг Сангийн яамнаас нотлох баримтын шаардлага хангуулан гаргуулах хүсэлтийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч гаргасан боловч Сангийн яам “энэ баримтыг гаргаж өгөх боломжгүй” гэдгээ бичгээр мэдэгдсэн байдаг бөгөөд эдгээр баримтаас дүгнэхэд Сангийн яам НХААГ-17/0189 тоот гэрээт ажлын талаар нягтлан шалгах ажиллагааг хийгээгүй шийдвэрлэсэн байна гэж анхан шатны шүүхийн үндэслэл бүхий дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй няцааж чадаагүй гэж үзэж байна.
5. ТОӨЗ-5.2 “д” хэсэгт сүүлийн 2015-2017 онд буюу сүүлийн 3 жилд хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын гэрээний үүргийн биелэлтийг, харин тендерийн баримт бичгийн 5.2 “д” хэсэгт заасан хугацаанд төрөл болон хэмжээгээр ижил төстэй ажил хийж гүйцэтгэсэн туршлагыг жил жилээр харуулсан мэдээлэл шаардсан бөгөөд энэхүү өгөгдлийн зорилго нь оролцогчийн гэрээг хэрэгжүүлэх чадварын мэдээлэл, ТОӨЗ-5.3 “в” хэсэгт заасан 3 жилийн хугацаанд доод тал нь 1 удаа 2.000.000 төгрөгөөс багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байх туршлагыг нотолсон баримт мэдээлэл ирүүлэхийг заасан бөгөөд нэхэмжлэгч энэ хугацаанд заасан шаардлагад нийцсэн ажил гүйцэтгэсэн хангалттай туршлагатай болохоо нотолсон мэдээлэл, баримт хүргүүлсэн, “Б м б” ХХК-тай байгуулсан түншлэлийн гэрээт ажил нь сургуулийн барилгатай ижил төстэй ажил гүйцэтгэсэн биш, харин тэрхүү ажлын 37%-ийг туслан гүйцэтгэхээр гэрээ байгуулсан, үндсэн гүйцэтгэгч нь нэхэмжлэгч биш, маргаан бүхий акттай холбоотой тендерт оролцох үед буюу 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар гэрээнд заасан ажлаа гүйцэтгээгүй, эхлээгүй байсан учир мэдүүлэх шаардлагагүй гэж үзсэн.
6. Гэтэл давж заалдах шатны шүүх “Б м б” ХХК-тай байгуулсан түншлэлийн гэрээт ажлаа 2017 оны хийж гүйцэтгэсэн ажлын мэдээлэлд оруулаагүй нь тендерээс татгалзсан хариуцагч нарын шийдвэр үндэслэл бүхий байна гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлд хамаарахгүй.
7. Тендерийн баримт бичигт гэрээг гүйцэтгэхэд шаардлагатай машин механизмын жагсаалтад бульдозер байхгүй, хэмжүүр хяналт шалгалтын багаж хэрэгсэл жагсаалтад теоделтийн талаарх мэдээлэл оруулаагүй зөрчил илэрсэн нь нотлогдсон гэж үзэж Сангийн яамны албан бичгийн дагуу Үнэлгээний хороо тендерийг дахин үнэлж нэхэмжлэгчийн тендерээс татгалзсан нь үндэслэлтэй гэжээ.
8. Үнэлгээний хороо нэхэмжлэгчийн тендерээс ТОӨЗ 5.2 “д” хэсэгт заасан ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл 2015-2017 он гэдэгт татгалзсан үндэслэлийг “НХААГ-17/0189 тоот гэрээний талаарх мэдээлэл ирүүлээгүй” нь шаардлагад нийцэхгүй, харин бульдозертой дүйцэхүйц ковш гэж ирүүлсэн, теоделтийн мэдээллийг тоног төхөөрөмжийн жагсаалтад ирүүлсэн байна гэж үнэлсэн байдаг.
9. Иймд давж заалдах шатны шүүхийг хэрэгт авагдсан баримтыг дутуу, буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байх тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
10. Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх боловч магадлалд хэргийн оролцогчийн маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн, зарим үйл баримтыг дүгнээгүй байх тул магадлалын дүгнэлтэд залруулга хийж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
11. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас 640 суудалтай сургуулийн барилгын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, нэхэмжлэгч хуулийн этгээд шалгарсан боловч тендерийн бусад оролцогч гомдол гаргаснаар Сангийн яамны 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 6-1/3292 тоот албан бичгээр “шаардлагатай машин механизмын жагсаалтад заасан бульдозер, теодолитийн мэдээлэл байхгүй, дуусаагүй ажлын тухайд тайлбарыг захиалагчийн тодорхойлолтын хамт мэдээлээгүй” гэсэн хоёр үндэслэлээр нэхэмжлэгч хуулийн этгээдийг буруутгаж, тендерийг дахин үнэлэхээр шийдвэрлэжээ.
12. Сангийн яамны дээрх албан бичгийн дагуу Үнэлгээний хороо хуралдаж, зөвхөн нэг үндэслэл буюу “дуусаагүй ажлын мэдээлэл ирүүлээгүй” үндэслэлийг хүлээн зөвшөөрч, үнэлгээг дахин үнэлэхээр шийдвэрлэсэн, хэргийн оролцогчид “шаардлагатай машины мэдээлэл байхгүй” асуудлаар маргаагүй тул энэ хүрээнд эрх зүйн дүгнэлт хийх нь зүйтэй байна.
13. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 12.3 дахь хэсэгт зааснаар захиалагч нь тухайн тендерийн шалгаруулалтад тавигдах чадавхийн шалгуур үзүүлэлт, шаардлагыг тогтоох бүрэн эрхтэй байна. Энэ тохиолдолд захиалагчаас хэрэв тендерт оролцогч хуулийн этгээд өөр ажил гүйцэтгэж байгаа, эсхүл гүйцэтгэхээр төлөвлөж байгаа бол түүний талаар мэдээлэхийг шаардсан нь хууль зөрчөөгүй, захиалагчийн бүрэн эрхийн асуудал юм.
14. Тухайлбал, Тендерт оролцогчид өгөх зааварчилгааны 5.2-ын “д” гэсэн хэсэгт “...одоо хийж байгаа болон хийхээр төлөвлөсөн ажлын тухай дэлгэрэнгүй мэдээлэл, тэдгээр гэрээний талаар лавлах мэдээлэл авч болох үйлчлүүлэгч, захиалагчийн хаяг”-ын мэдээллийг ирүүлэхийг шаардсан байна. Гэтэл нэхэмжлэгч хуулийн этгээд нь Чингэлтэй дүүрэгт хүүхдийн цэцэрлэг барих түлхүүр гардуулах гэрээний туслан гүйцэтгэгчээр ажиллахаар гэрээ байгуулсан атлаа уг мэдээллийг ирүүлээгүй буруутай байна.
15. Нэхэмжлэгчийн “цэцэрлэгийн барилгын тендерт оролцоогүй учраас мэдээлэх шаардлагагүй” гомдлыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй, захиалагчаас гүйцэтгэгчийн одоо хийж байгаа болон хийхээр төлөвлөсөн ажлын мэдээллийг шаардсан, энэ шаардлагыг Тендерт оролцогчид өгөх зааварчилгаанд тусгайлан заасан тул нэхэмжлэгч хуулийн этгээд мэдэх бүрэн боломжтой байсан.
16. Анхан шатны шүүхээс “...туслан гүйцэтгэгчээр, түншлэлийн гишүүнээр ажилласан мэдээллийг ирүүлэх ёстой гэж тусгайлан шалгуур тогтоогоогүй” гэж дүгнэсэн нь буруу бөгөөд дээр дурдсан Тендерт оролцогчид өгөх зааварчилгааны 5.2-ын “д” дэх зохицуулалтыг маргааны үйл баримтад холбогдуулан тайлбарлаагүй, үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй, цаг хугацааны хувьд нэгэн зэрэг хоёр өөр барилга барих нь тендерийн гүйцэтгэлд нөлөөлөх эсэх, захиргааны байгууллагын татгалзал хууль зөрчсөн эсэхэд бүрэн дүүрэн дүгнэлт хийгээгүй, зөвхөн захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагааны үе шатууд буюу “холбогдох баримтыг бүрэн судлаагүй, гомдолд дурдсан үндэслэл тус бүрийг нягтлан шалгаагүй” гэсэн дүгнэлтээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь нотлох баримтыг бүх талаас нь бүрэн дүүрэн үнэлэх зарчимд нийцэхгүй байна.
17. Давж заалдах шатны шүүхээс “...зөрчил илэрсэн нь нотлогдсон” гэх үндэслэлийг гол болгож, энэхүү зөрчил нь тендерийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлөх, захиргааны байгууллагын татгалзал нь хуулийн ямар зохицуулалтад хэрхэн нийцсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хэргийн оролцогчийн маргаагүй асуудал буюу машин механизмын жагсаалтын талаар дүгнэлт хийсэн буруутай байна.
18. Нэхэмжлэгчээс Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 5.3-ын “б” дэх зохицуулалтыг үндэслэл болгож, “үндсэн гүйцэтгэгчээр ажилласан ажлын талаар мэдээлэхийг шаардсан, туслан гүйцэтгэгч хамаарахгүй” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 5.3-ын “б” дэх заалт нь тухайн гүйцэтгэгчийн туршлагын байдлыг тогтоох зорилготой бол бусад заалтаар одоо хийж гүйцэтгэж байгаа ажил болон хийхээр төлөвлөсөн ажлын мэдээллийг шаардсан, нэгэн зэрэг ажил гүйцэтгэснээр тухайн тендерт нөлөөлөх эсэхийг тогтоох зорилготой бусад зохицуулалтыг маргааны үйл баримтад хэрэглэхгүй байж болохгүй юм.
19. Тухайлбал, Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 5.2-ын “д”-д “...дуусаагүй ажлын тухайд тайлбарыг захиалагчийн тодорхойлолтын хамт ирүүлнэ” гэж, 5.3-ын “б”-д “дуусаагүй ажлын гүйцэтгэл 70%-иас багагүй байна” зэргээр тухайн компанийн туршлагын мэдээллээс гадна дуусаагүй ажлын талаар мэдээлэхийг тусгайлан заасан, энэ шаардлагыг нэхэмжлэгч хуулийн этгээд биелүүлээгүй тул захиргааны байгууллагын шийдвэр хуульд нийцжээ.
20. Анхан болон давж заалдах шатны шүүхээс тендерийн баримт бичгийн шалгуур буюу туршлагын байдал, дуусаагүй ажлын мэдээлэл гэх хоёр тусдаа шалгуурыг ялгаж зааглаж тайлбарлаагүй, маргааны үйл баримтыг дутуу тодорхойлсон, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй байна.
21. Нэхэмжлэгчийн “туслан гүйцэтгэгчээр ажиллах явцдаа гэрээний үндсэн үүргийг биелүүлэх нь гэрээний хэрэгжилтэд сөрөг нөлөө үзүүлэх эсэхийг Үнэлгээний хороо үнэлж дүгнэх боломжтой байтал энэ эрхээ хэрэгжүүлээгүй, тендерээс шууд татгалзаж байгаа нь үндэслэлгүй” тухай гомдлын хувьд нэхэмжлэгч хуулийн этгээд нь Үнэлгээний хороонд туслан гүйцэтгэгчээр ажиллах мэдээллээ хүргүүлээгүй учраас Үнэлгээний хороо тухайн ач холбогдолтой цаг хугацаанд зэрэг ажил гүйцэтгэх нь гэрээний хэрэгжилтэд нөлөөлөх эсэхийг дүгнэх боломжгүй байсан, өөрөөр хэлбэл, Үнэлгээний хороог буруутгах боломжгүй тул дээрх гомдол үндэслэлгүй.
22. Эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 221/МА2019/0066 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ