Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 23

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Сайнбилэг би иргэн , Баянхонгор аймгийн Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Ардчилсан намын дарга Б.Бат-Эрдэнээс Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Ганбат, Шинэжинст сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Б.Цэнгэлмаа нарт холбогдуулан гаргасан “Шинэжинст сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 46 тоот тогтоолыг хүчингүй болгуулах, Иргэдийн Төлөлөөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 50 хувийн саналаар тойргын мандаатын тоог тогтоосон хурлыг дахин хуралдуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хүлээн авч хянаад

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Ардчилсан намын дарга Б.Бат-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн 152 дугаар зүйлийн 1521-т тойргийн мандатын тоог Орон нутгийн хурлын Тэргүүлэгчид санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногнйн өмнө тогтоож сумын сонгуулийн хороонд хүргүүлнэ гэж заасан байна. Тус сумын ИТХ-н тэргүүлэгчид нь ИТХ-н дарга Ц Ганбатыг аймагт ажилтай явах хойгуур түүний албан ёсны зөвшөөрөл авалгүйгээр ИТХ-н нарийн бичгийн дарга Т.Цэнгэлмаа хуралдуулсан бөгөөд албан ёсны тамга, гарын үсгээр баталгаажсан тогтоолыг сумын сонгуулийн хороонд хүргүүлээгүй учраас тойргийн мандатын тоо ямар байдлаар тогтсоныг албан ёсоор мэдэх боломжгүй байсаар нэр дэвшүүлэх хугацаа болсон учраас сонгуулийн хорооны дарга Т. Цэнгэлмаагаас энэ талаар асуухад шийдвэр гарсан хурлын дарга тамга дарахгүй байгаа гэсэн хариулт өгсөн билээ. ИТХ-н дарга Ц Ганбат нь энэ хурал хүчин төгөлдөр бус миний зөөшөөрөлгүй дур мэдэн хуралдсан мөн гаргасан шийдвэр нь олонхийн саналаар шийдэгдээгүй гэж үзэж тамга гарын үсэг зураагүй гэсэн хариулт өгсөн болно.

Хурлын тэмдэглэлтэй танилцахад 4 төлөөлөгч оролцсон бөгөөд 2 төлөөлөгч нэг саналтай 2 төлөөлөгч өөр саналтай байхад 50 хувийн саналаар тойргийн мандатын тоог тогтоосон нь хүчингүй гэж үзэж ахин хуралдуулж тойргийн мандатын тоог тогтоолгох хүсэлтэй байгаагаа уламжилж уг өргөдлийг гаргаж байна.

Иймд Шинэжинст сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 46 тоот тогтоолыг хүчингүй болгуулах, Иргэдийн Төлөлөөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 50 хувийн саналаар тойргын мандаатын тоог тогтоосон хулыг дахин хуралдуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч Шинэжинст сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Ганбат шүүхэд гаргасан тайлбартаа:

Шинэжинст сумын АН-ын дарга Б.Бат-Эрдэнийн “Сумын тойргийн мандатын тоо тогтоолгох тухай” нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна. миний бие Баянхонгор аймагт хүндэтгэн үзэх шалтгаантай ажилтай байх үед хуралдсан сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн “Мандаатын тоо тогтоох тухай хурлыг хүчингүй гэж үзэн сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдааныг дахин зарлан хуралдуулж, зохих ёсны шийдвэр гаргана гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна гэжээ.

Хариуцагч Шинэжинст сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Б.Цэнгэлмаа шүүхэд гаргасан тайлбартаа:

Шинэжинст сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдааныг дахин хуралдуулж мандатын тоог тогтоохоор боллоо. 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн хуралдааныг хүчингүй болсон гэж үзэж байна гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “...нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх...” эрхтэй гэж заасны дагуу хариуцагч Ц.Ганбат, Т.Цэнгэлмаа нар нь нэхэмжлэгч Б.Бат-Эрдэнийн “Шинэжинст сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 46 тоот тогтоолыг хүчингүй болгуулах, Иргэдийн Төлөлөөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 50 хувийн саналаар тойргын мандаатын тоог тогтоосон хурлыг дахин хуралдуулах” шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлөө бичгээр гаргасан байх тул харицагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.4 дэх хэсгийг баримтлан Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Ганбат, Шинэжинст сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Б.Цэнгэлмаа нарт холбогдуулан гаргасан Шинэжинст сумын Ардчилсан намын дарга Б.Бат-Эрдэнийн Шинэжинст сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 46 тоот тогтоолыг хүчингүй болгуулах, Иргэдийн Төлөлөөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 50 хувийн саналаар тойргын мандаатын тоог тогтоосон хурлыг дахин хуралдуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Хэргийн оролцогчид уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүйг тус тус дурдсугай.

Ерөнхий ШҮҮГЧ С.Сайнбилэг