Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 21

 

            Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

            Улсын яллагч Ц.Батзориг,

            Нарийн бичгийн дарга Ц.Болормаа,

            Шүүгдэгч Д.Н  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхэлээр ирүүлсэн Боржигон овогт Д.Н д холбогдох эрүүгийн 1726001880007 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Боржигон овогт Д.Н;

Шүүгдэгч Д.Н  нь 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Алтан шар зам” буудалд Ш.Б ийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

   Шүүгдэгч Д.Н  нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Гэмт буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахиж ийм зүйл хийхгүй. Миний буруу...” гэв.

Хохирогч Ш.Б ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр өөрийн эхнэр Н.Ц гийн хамт 10 дугаар баг “Алтан шар зам” буудлын түрээсийн байранд байсан. Тэгээд оройн 23 цагийн үед хоолоо хийгээд сууж байгаад эхнэртэйгээ жаахан ам мурийгаад сууж байтал гаднаас Д.Н  өөрийн эхнэр Б.Гантуяатай хамт орж ирсэн. Тэгээд Д.Н  надаас хэрүүл гуйгаад доромжлоод байхаар нь би Д.Н г чи яв, би маргааш өглөө эрт ажилтай эхнэр бид хоёрын хоорондоо ам мурийх та нарт хамаагүй гэж хэлсэн. Тухайн үедээ Д.Н  намайг эхнэртэйгээ маргалдлаа гээд манай эхнэрийг өмөөрсөн юм шиг байгаа юм. Д.Н гийн эхнэр нь манай эхнэрийн төрсөн хүүхэд. Би бол хойд эцэг нь юм. ... Д.Н  миний нүүр хэсэг рүү гараараа 3-4 удаа цохисон. Газарт унагааж байгаад миний цээж хэсэг рүү 2-3 удаа өшиглөсөн. Би сүүлдээ одоо болиоч би чиний гарын аяыг даахгүй нь гэж хэлсэн. Тэнд байж байхад хэн ч намайг Д.Н гаас салгаагүй. Тэндээс би гүйж гарсан. Тэгээд цагдаа дуудна гэхэд Д.Н  эхнэрээ дагуулаад яваад өгсөн. Би бол бага зэрэг архи уучихсан байсан. ... Би гомдолтой. Эмчилгээний зардал нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 8-9 дугаар хуудас/,

Гэрч Ш. мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 10 цагийн үед манай төрсөн дүү Ш.Б  над руу яриад намайг Д.Н  зодчихлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би “...чи хаана байгаа юм...” гэхэд би найзындаа байна гэж хэлсэн. Тухайн үед би ажилтай байсан болохоор уулзаж чадаагүй. Орой нь 22 цагийн үед Ш.Б той уулзахад Ш.Б  амьсгалж чадахгүй байна гээд байж байсан. Нүүр ам нь тэр чигтээ бараг хавдаад хаагдчихсан байсан. Хамар амнаас нь их цус гарсан бололтой байсан. Тэгээд тэр өдрөө манайд хоносон. Орой болчихсон байсан учраас эмнэлэг яваад яах юм гээд маргааш өглөө нь эрт эмнэлэг явж үзүүлсэн...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 11-12 дугаар хуудас/,

Гэрч Б.Г-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байсан. ... Гэртээ байж байхад оройн 22 цагийн орчимд манай ээж Н.Ц  залгаад Ш.Б  агсам согтуу тавиад байна хүрээд ир гэхээр нь би нөхөр Д.Н г дагуулаад гэрт нь очсон. Тухайн үед ээж “Алтан шар зам” буудалд өрөө түрээсэлж амьдарч байсан. Намайг очиход Ш.Б  согтуу ээжтэй хэрэлдээд байсан. Бид хоёрыг ороход ээж уйлчихсан байсан. Д.Н  уурлаад цагдаа дуудаад өгчихье гээд цагдаа руу залгасан. Тэгээд 2 цаг гаран болоод цагдаа ирээгүй. Тэнд байж байхад Б       янз янзын юм яриад байхаар нь Д.Н  гар гээд Ш.Б ийн гарнаас нь татаад тэр хоёр коридорт гарчихсан. Тэнд юу болсон гэдгийг мэдэхгүй байна. Эргээд Б  орж ирэхдээ хамраас нь цус гарчихсан байсан. Өөрөөр бэртэл гэмтэл ажиглагдаагүй. Эргэж ирчихээд орилж чарлаад байхаар нь Д.Н  бид хоёр ээжийг аваад явсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар

сарын 10-ны өдрийн шүүх эмнэлгийн шинжээчийн 02 дугаартай: “... Ш.Б ийн биед зүүн нүдний гадна булан, хамрын үзүүр хэсэг баруун зүүн тохой, нуруу хэсэгт зулгаралт, баруун зүүн нүдэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.       Дээрх гэмтлүүд нь учирсан үедээ хохирогчийн амь насанд аюул
учруулахгүй. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, /хх-ийн 27 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 1 дүгээр хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 3 дүгээр хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/,

Шүүгдэгч Д.Н гийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 35-36, 54 дугаар хуудас/,

Шүүгдэгч Д.Н гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37 дугаар хуудас/,

Шүүгдэгч Д.Н г яллагдагчаар байцааж авсан мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Д.Н  нь 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Алтан шар зам” буудалд Ш.Б ийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан “... хохирогч Ш.Б ийн шүүгдэгч Д.Н д зодуулсан талаарх...” мэдүүлэг. /хх-ийн 8-9/, гэрч Ш.Эрдэнэчулууны “... хохирогч Ш.Б ийг Д.Н д зодуулсан талаар сонссон, хохирогчийг эмнэлэгт үзүүлсэн...” талаарх мэдүүлэг. /хх-ийн 11-12/, гэрч Б.Г-н “... хохирогч Ш.Б ийг гаднаас орж ирэхдээ цус болчихсон байсныг...” харсан талаарх мэдүүлэг. /хх-ийн 17-18/, хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон “...Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн шүүх эмнэлгийн шинжээчийн 02 дугаартай дүгнэлт...” /хх-ийн 27/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 1/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 3/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/, шүүгдэгч Д.Н гийн мөрдөн байцаалт, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.

Шүүгдэгч Д.Н д холбогдох хэргийн мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч Д.Н д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Д.Н  нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон “...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан...” үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Н гийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Шүүгдэгч Д.Н  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт, бичиг баримт, битүүмжлэгдсэн эд хөрөнггүй болохыг,

 Шүүгдэгч Д.Н д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5 ,6, 7, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Д.Н г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Д.Н д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.Н д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд тус бүр 112.500 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Н  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.

5. Шүүгдэгч Д.Н  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт, бичиг баримт, битүүмжлэгдсэн эд хөрөнггүй болохыг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Н д    авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч,    давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Н д   авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     М.МАНДАХБАЯР