Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2021/00476

 

 

2021 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2021/00476

 

А ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2021/00105 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А ХХК-ийн хариуцагч Б ХХК-д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээнээс учирсан хохиролд 87 536 900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, алданги 135 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, Ш.О , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.А , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А ХХК 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр "Шангри-Ла Улаанбаатар Хотел ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Олимп гудамж 19-С, Шангри-Лa центр хаягт орших, 310 м.кв талбайг ресторан, кофе шопын зориулалтаар түрээслэхээр харилцан тохиролцсон. Түрээсийн гэрээнд заасны дагуу түрээсийн талбайн дотор засал, даатгал гэх мэт гуравдагч этгээдээр хийлгэвэл зохих ажлыг заавал Шангри-Ла Улаанбаатар Хотел ХХК-д хүлээн зөвшөөрөгдсөн, түрээслүүлэгчийн санал болгосон аж ахуй нэгжтэй гэрээ байгуулж хийлгэх, хийсэн ажлыг стандарт дүрэм журмын дагуу хийгдсэн эсэхэд түрээслүүлэгч байнга хяналт шалгалт хийж акт үйлдэх замаар илэрсэн зөрчил доголдлыг арилгуулахаар заасан. Уг түрээсийн талбайг ресторан, лоунжийн зориулалтаар тохижуулах зорилгоор 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр түрээслүүлэгчийн санал болгосон Б ХХК-тай барилгын дотор засал, тохижилтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, 310 м.кв талбайтай ресторан, лоунжийн зураг төсөв боловсруулах, ресторан кофе шопын барилгын дотор засал тохижилтын ажлыг барилгын норм, технологийн дагуу хийж гүйцэтгэх, тавилга тоног төхөөрөмж, рестораны хэрэгслээр хангахаар харилцан тохиролцсон. Захиалагч талаас барилгын дотор засал, тохижилтын ажил гүйцэтгэх гэрээнд заагдсан үүргээ бүрэн биелүүлж төлбөр мөнгийг бүрэн төлж барагдуулсан бөгөөд гүйцэтгэгч компанийн нийлүүлсэн тоног төхөөрөмж болон сантехник, цахилгаан гэх мэт бусад ажлын илэрсэн зөрчил дутагдал бүрийг цаг тухай бүрд гүйцэтгэгчид бичгээр мэдэгдэж байсан юм. Гүйцэтгэгчийн зүгээс гэрээний үүргээ удаа дараа зөрчиж, зах зээлийн үнээс хэтэрхий өндөр үнэтэй тоног төхөөрөмж нийлүүлэх, түрээсийн талбайн дотор засал, сантехник болон бусад ажлуудыг чанар стандарт, зураг төсвийн дагуу хийхгүй байх зөрчлүүдийг гаргаж байсан. Улмаар түрээслүүлэгчийн хяналт дор 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр талуудын хооронд байгуулсан Барилгын дотор заслын ажил гүйцэтгэх гэрээг дүгнэж баталгаажуулсан. Барилгын дотор засал, тохижилтын ажил гүйцэтгэх гэрээний 2.7-д Баталгаат хугацааг ажлыг гүрэн гүйцэт албан ёсоор хүлээлгэн өгснөөс хойш нэг жил байхаар харилцан тохиролцсон. Гэтэл гүйцэтгэгч талын хариуцлагагүй байдлаас шалтгаалж, 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн өглөө 07 цаг 40 минут орчимд рестораны гал тогооны хэсэгт байрлах хэрэглээний халуун усны шугам холболтоороо салсны улмаас их хэмжээний ус алдаж, манай байгууллага болон бусад түрээслэгч нарын эд хөрөнгө ашиг орлогод ихээхэн хэмжээний хохирол учруулсан. Дээрх ус алдсан шалтгаан нь хариуцагч гал тогооны хэрэглээний халуун усны шугамыг анх холбож угсрахдаа холболтыг муу чангалснаас болж, ус алдсан болохыг түрээслүүлэгч байгууллагын гаргасан ус алдалтын тайлангаар тогтоосон. Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хийсэн үнэлгээний тайлангаар дулааны шугам задарч ус алдсаны улмаас манай байгууллагад 53 373 660 төгрөгийн хохирол учирсан болохыг тодорхойлсон. Мөн барилгын дотор засал, тохижилтын ажил гүйцэтгэх гэрээний дагуу нийлүүлсэн рестораны тавилга хэрэгсэл, тоног төхөөрөмж нь эвдэрч хэмхэрсэн, гүйцэтгэсэн засварын ажил чанарын шаардлага хангаагүйн улмаас нэг жил хүрэхгүй хугацаанд муудаж гэмтсэн тул дахин засаж янзлах, шинээр авч тавихад 34 163 240 төгрөг шаардлагатай болоод байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу баталгаат хугацаанд гарсан доголдлын улмаас учирсан хохирол, эвдэрсэн тоног төхөөрөмж бараа материалын засвар үйлчилгээний үнэ төлбөрийг гүйцэтгэгч байгууллага бүрэн хариуцахаар тохиролцсоны дагуу хариуцагчид удаа дараа амаар болон бичгээр мэдэгдэл, шаардлага хүргүүлж байсан боловч өнөөдрийг хүртэл бидэнд учирсан хохирлыг барагдуулахгүй, нийлүүлсэн тоног төхөөрөмж тавилга хэрэгслийг зориулалтын дагуу ашиглах боломжтой болгож өгөхгүй байгаа. Иймд барилгын дотор засал, тохижилтын ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийсэн ажлаас илэрсэн доголдлын улмаас учирсан хохирол 53 373 660 төгрөг, чанаргүй тоног төхөөрөмж тавилга хэрэгсэл нийлүүлсний улмаас эвдэрсэн эд зүйлсийг шинээр авах, засаж сэлбэх зардалд 34 163 240 төгрөг, нийт 87 536 900 төгрөг гаргуулж өгнө үү. Хариуцагч тал Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.4-т зааснаар шаардах эрхгүй гэж тайлбарлаж байна. Анх талуудын хооронд байгуулсан гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахдаа зөвхөн үнэд өөрчлөлт оруулж, бусад хэсэгт өөрчлөлт оруулаагүй, хэвээр мөрдөхөөр тохирсон. Өмчлөх эрх шилжүүлэх тухай гэрээг байгуулж үнийг бууруулахдаа доголдолтой холбоотой үнийг бууруулаагүй, харин гэрээний талууд ажлын явцад үл ойлголцох явдал гарсан, авсан бараа материалын үнэ өндөр байсан, ажлын гүйцэтгэл хугацаа хоцроосон байдал зэргээс талууд тохиролцож үнийг бууруулсан болно. Мөн ажлыг хүлээж авах тухайн үед шугам сүлжээний угсралтын ажлын доголдлыг илрүүлэх боломжгүй, нүдээр ил харагдах доголдол биш. Иймд ажил гүйцэтгэх гэрээний 2.7-д заасан баталгаат хугацааны дотор гүйцэтгэсэн ажлын доголдолтой холбоотой хохирол учирсан тул Иргэний хуулийн 349, 352 дугаар зүйлд зааснаар шаардаж байгаа болно. Нөгөөтэйгүүр манай компани болон Шангри-Ла Улаанбаатар хотел ХХК нарын хоорондох түрээсийн гэрээнд зааснаар гүйцэтгэсэн засварын ажлыг түрээслүүлэгчид заавал хүлээлгэн өгөхөөр заасан. Өөрөөр хэлбэл хариуцагч байгууллага гүйцэтгэсэн ажлаа Шангри-Ла Улаанбаатар хотел ХХК-д хүлээлгэн өгөх ёстой боловч ийнхүү хүлээлгэн өгөөгүй болох нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа. Мөн манай байгууллагад ч албан ёсоор актаар хүлээлгэн өгөөгүй, хамгийн сүүлд 2019 оны 7 дугаар сарын 24-нд гэрээ дүгнэсэн акт үйлдсэн болно. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А ХХК болон Б ХХК-ийн хооронд 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Барилгын дотоод засал, тохижилтын ажил гүйцэтгэх АГ201811/01-2018/01 тоот гэрээг байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Олимп гудамж 19-С, Шангри-Лa центр хаягт байрлах, 310 м.кв талбайг ресторан, кофе шопын дотор засал, тохижилтын ажлыг гэрээг байгуулснаас хойш 60 хоногийн дотор хийж гүйцэтгэх, захиалагч гүйцэтгэсэн ажлын хөлс 360 000 000 төгрөг байхаар тохиролцсон. Уг гэрээнд №01 тоот гэрээгээр нэмэлт өөрчлөлт оруулж, ажлын хөлсийг 60 000 000 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 420 000 000 төгрөг болсон. Гүйцэтгэгч тал 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр гүйцэтгэсэн ажлын үр дүнг холбогдох бичиг баримтын хамт захиалагчид хүлээлгэн өгснөөр рестораны нээлтийн ажиллагаа 2019 оны 3 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулагдаж, захиалагч үйл ажиллагаагаа шууд эхлүүлсэн. Тавилга, тоног төхөөрөмжийн тухайд манай зүгээс уян хатан хандаж захиалагчийн сэтгэлд нийцээгүй тавилга хэрэгслийг буцаан авах, тооцооноос хасах зэргээр асуудлыг шийдвэрлэснээр ажлын үр дүнг бүрэн хүлээлгэж өгсөн. Гэтэл захиалагч ажлыг хүлээн авсан атлаа холбогдох бичиг баримтад гарын үсэг зурахгүй, актыг баталгаажуулахгүй байх, гүйцэтгэсэн ажил доголдолтой гэх асуудал ярьсан. Манай зүгээс гүйцэтгэсэн ажлыг доголдолтой гэж үзээгүй бөгөөд хэрэв доголдолтой бол гэрээний дагуу мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулж тогтоолгох, улмаар доголдлыг засан сайжруулахад татгалзахгүй болохоо удаа дараа уулзалтаар болон албан бичгээр мэдэгдсэн ч ямар нэг баримт манайд ирүүлээгүй. Улмаар талуудын удаа дараагийн уулзалтын үр дүнд гэрээний үүргийн гүйцэтгэлд Улсын бүртгэлийн Ү-2204099591 дугаарт бүртгэлтэй, 000710660 тоот гэрчилгээтэй, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 8б байрны 20 тоот хаягт байршилтай 89,68 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэхээр харилцан тохиролцож, 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр өмчлөх эрх шилжүүлэх гэрээг байгуулснаар талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүргийг дуусгавар болгосон. Дээрх гэрээгээр Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-т зааснаар гүйцэтгэгч гэрээний дагуу захиалагчийн төлбөл зохих үнийн дүнг 30 000 000 төгрөгөөр бууруулсан. Өөрөөр хэлбэл, ажлын доголдолтой холбоотой зардал тухайн ажлын хөлснөөс хасч тооцогдсон гэж ойлгоно. Мөн өмчлөх эрх шилжүүлэх гэрээний 5.3-т хөрөнгийг өмчлөх эрх хүлээн авагч талд шилжүүлснээр өмнөх гэрээний дагуу ажлын хөлс, хүү, алданги, гэрээний үүргийн биелэлт, доголдол, гүйцэтгэсэн ажлын төсөв зэрэг асуудлаар талуудын хэн аль нь дахин маргаан гаргах эрхгүй байхаар харилцан тохиролцсоноор талууд Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1-д заасны дагуу харилцан шаардлагыг хооронд нь тооцож, үүргийг дуусгавар болгосон. Ийнхүү талуудын тохиролцсоноор нэгд гүйцэтгэгч ажлын хөлсийг бууруулж тооцсон, хоёрт захиалагч тал гүйцэтгэсэн ажлын төсөв болон эд хөрөнгийн доголдлын талаар дахин маргаан гаргахгүй, гүйцэтгэгч тал захиалагчийн төлбөр төлөх хугацаа хэтрүүлсний хүү, алдангийн талаар дахин маргаан гаргахгүй байхаар талууд тохиролцож харилцан шаардлагыг хооронд нь тооцож дуусгавар болгосон тул захиалагч доголдлын талаар нэхэмжлэх эрхгүй болно. Мөн нэхэмжлэгч Шангри-Ла Улаанбаатар хотел ХХК-ийн гаргасан ус алдалтын тайлан, Вендо ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлан гэх баримтыг үндэслэн нэхэмжлэл гаргасан. Гэвч 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр уг ресторанд ус алдсан шалтгаан нөхцөл юу болохыг мэргэжлийн эрх бүхий байгууллага тогтоосон баримтгүй, хэрэгт авагдсан түрээслэгч байгууллагын дээрх тайланг эрхгүй этгээдээс гаргасан, тус байгууллагын менежер үйлдсэн баримт байна. Хэрэглээний халуун усны шугам холболтоороо салж ус алдсан гэх тухайн өдрийн ус алдалт хэрэглэгчийн үйлдлээс, мөн гадны хүчин зүйлийн нөлөө, усны даралт зэргээс нөлөөлөх боломжтой. Хэрэв анхнаасаа холболт муу байсан бол холбосон тухайн үеэсээ ус шүүрэх зэргээр илрэх байсан тул бүтэн жил тэсвэрлэх боломжгүй. Иймд гүйцэтгэгчийн буруутай үйлдлийн улмаас шалтгаалж ус алдсан нөхцөл баримтаар тогтоогдоогүй. Манай зүгээс ажлыг 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээлгэн өгснөөс хойш нэхэмжлэгч зөвхөн бараа материалын үнэ, нийлүүлсэн тавилгын материалын чанар гэх мэтээр биет доголдлын талаар хандаж байсан. Хэрэгт авагдсан заслын ажлын явцын шалгалтын 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн тэмдэглэлд сангийн шугамд бэхэлгээ хийх зааварчилга өгч байснаас үзвэл нэхэмжлэгч тухайн сантехникийн ажил доголдолтой гэдгийг мэдэж байсан хэрнээ энэ талаар гомдлын шаардлага гаргаагүй тул Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.4-т зааснаар шаардлага гаргах эрхээ алдсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.2-т урьдчилгаанд 150 000 000 төгрөгийг захиалагч гэрээ байгуулагдсанаас хойш ажлын 2 хоногт багтаан төлөх, үлдэх хэсгийг гэрээний 3.3-т заасан графикийн дагуу төлж барагдуулахаар, мөн 01 тоот нэмэлт өөрчлөлтийн гэрээгээр 2019 оны 5 дугаар сарын 11-ний өдөр төлөх үүргийг хүлээсэн байдаг. Мөн уг гэрээний 3.4-т төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу 0.5 хувийн алдангийг захиалагч төлөхөөр тохиролцсон. Захиалагч урьдчилгаа 150 000 000 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр шилжүүлж, үлдэх төлбөрөөс огт төлөлт хийгээгүй бөгөөд манай компани санхүүгийн бусад компаниас хүүтэйгээр мөнгө зээлж, гэрээт ажлыг богино хугацаанд барилгын норм, технологийн дагуу хийж гүйцэтгэсэн. Гүйцэтгэгч ажлаа захиалагчид зохих ёсоор хүлээлгэн өгсөн боловч захиалагч Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасны дагуу үлдэгдэл хөлс төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй болно.

Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.4-т хооронд нь тооцож дуусгавар болгох шаардлагуудын хэмжээ харилцан адилгүй байвал бага хэмжээний шаардлагыг бүрэн хэмжээгээр тооцох бөгөөд их хэмжээний шаардлагын нөгөө шаардлагаар нөхөгдөөгүй хэсэг хүчин төгөлдөр байна гэж заасны дагуу нөгөө талын шаардлагаар нөхөгдөөгүй хэсэг болох алдангийг захиалагчаас нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна. Иймд талуудын хооронд байгуулагдсан АГ201811/01-2018/01 тоот гэрээний 3.4-т заасны дагуу захиалагчид алданги төлөх үүрэг үүссэн бөгөөд талуудын харилцан тооцох шаардлагын хэмжээ харилцан адилгүй байх тул Б ХХК нь 135 000 000 төгрөгийг А ХХК-аас гаргуулахаар нэхэмжилж байна. Ажлын хөлс төлөх хугацаа хэтрүүлсний алдангийг гүйцэтгээгүй үнийн дүн 270 000 000 төгрөгөөс гэрээний 3.3.1-3.3.3 заасан төлөхөөр тохирсон хугацаа, хэмжээ тус бүрээр 2019 оны 7 дугаар сарны 24-ний өдөр хүртэлх хугацаанд хоног тутамд 0.5 хувиар тооцоход алдангийн нийт хэмжээ 141 950 000 төгрөг байх боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т анзын нийт дүн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу тооцож, алдангид нийт 135 000 000 төгрөг гэж нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Манай зүгээс төлбөр төлөх хугацаа хэтэрсэн асуудал гарсан. Гэхдээ гүйцэтгэгч талын өөрийн буруутай үйлдлээс шалтгаалж, төлбөр төлөх асуудал хойшилж байсан. Хариуцагч байгууллагын гүйцэтгэсэн ажил нь доголдолтой, чанарын шаардлага хангахгүй, авчирсан бараа, материал шаардлага хангахгүй зэрэг байдлаас болж дахин буцаагдах, нэг зүйлийг олон дахин хийх явдал гарч байсан. Дээрх байдал гэрчүүдийн өгсөн мэдүүлгээр тогтоогдож байгаа. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.4, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар Б ХХК-иас 87 536 900 төгрөг гаргуулах тухай А ХХК-ийн үндсэн нэхэмжлэлийн шаардлага, А ХХК-иас алданги 135 000 000 төгрөг гаргуулах тухай Б ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 596 000 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 832 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан тус шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШЗ2020/09174 дүгээр шүүгчийн захирамжийн үйлчлэл шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болох 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн "Барилгын дотоод засал, тохижилтын ажил гүйцэтгэх гэрээ болон Өмчлөх эрх шилжүүлэх гэрээ талуудын гаргасан тайлбар, Шангри-Ла Улаанбаатар хотел ХХК-иас ирсэн ус алдалтын тайлан, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх үндэслэх хэсэгтээ Сантехникийн шугам хоолой доголдолтой эсэх асуудлыг нүдээр ил харж шууд мэдэх боломжгүй хэдий ч хэрэгт авагдсан Шангри-Ла Улаанбаатар хотел ХХК-иас заслын ажлын явцад хийсэн 2019 оны 3 дугаар сарын 06, 15-ны өдрийн баримтуудад цэвэр усны, сангийн шугам дээр бэхэлгээ хийх, тоолуур хийх, шугаманд тест хийх хийгээд акт өгөх талаар дурдаж зааварчилгааг өгсөн, уг баримтанд түрээслэгч тал буюу нэхэмжлэгч хүлээн авч гарын үсэг зурсан, зааварчилгааны дагуу шугамд бэхэлгээг шаардлагагүй гэж үзэн хийгээгүй хэмээн тухайн сантекникийн ажлыг гүйцэтгэсэн гэрч О.Энхтөр мэдүүлсэн шүүх нэхэмжлэгч ажлыг хүлээн авах үед энэ дутагдлыг мэдсэн буюу мэдэх бүрэн боломжтой байсан гэж үзэв хэмээн дүгнэжээ. Гэтэл шүүх энэхүү асуудлыг дүгнэхдээ гэрчийн мэдүүлэгт огт дурдагдаагүй зүйлийг үндэслэн болгон дүгнэжээ. Харин эсрэгээрээ гэрчийн мэдүүлэг Баясах консракшн ХХК-ийн туслан гүйцэтгэгч нь өөрөө дур мэдэн тухайн бэхэлгээг хийгээгүй гэдэг нь тодорхой болж байна. Учир нь нэхэмжлэгчийн зүгээс ямарваа нэгэн байдлаар тухайн шугам хоолойгоос ус дусалж гоожоогүй тохиолдолд доголдлыг мэдэх боломжтой асуудал юм. Гэтэл шүүхээс өөр утгаар тайлбарлаж, мэдэх боломжгүй доголдлыг мэдэх боломжтой байсан мэтээр дүгнэж байгаа нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1, ажил гүйцэтгэх гэрээний 2.7-д баталгаат хугацаа ажлыг бүрэн гүйцэтгэж хүлээлгэн өгснөөс хойш 1 жил байхаар заасан. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 239 дүгээр зүйлийн 239.1 дэх хэсгийг өмчлөх эрх шилжүүлэх гэрээгээр тухайн харилцаа болон хуульд заасан шаардах эрх дуусгавар болсон мэт дүгнэж байгаа ойлгомжгүй байна. Учир нь хуулиас давсан гэрээний эрх зүйн зохицуулалт байх ёсгүй юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад асуусан гэрч нарын зөвхөн хариуцагч талын зарим зүйлийг тодотгосон гэрч нарын мэдүүлгийг үнэлэн түүнийгээ шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй нь ойлгомжгүй байна. Мөн өнөөдрийг хүртэл хариуцагчийн зүгээс тухайн ажлыг хийж гүйцэтгэсэн холбогдох баримт бичгийн дагуу Шангра-Ла Улаанбаатар Хотел ХХК-д хүлээлгэж өгөөгүй нь хангалттай нотлогддог. Түрээсийн гэрээний дагуу засварын ажил хийгдсэн тохиолдолд зөвхөн Шангра-Ла Улаанбаатар Хотел ХХК-д хүлээлгэн өгөх зохицуулалттай байдгийг шүүх хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлуулсан боловч шүүхийн зүгээс нотлох баримтын хэмжээнд үнэлэсэнгүй. Нэхэмжлэгчийн зүгээс удаа дараа буюу шинжээч томилуулж ус алдсан шалтгаан нь ажлыг гүйцэтгэлийн чанартай холбоотой болохыг нотлох зорилгоор шинжээч томилуулах хүсэлтийг 3 удаа, мөн Шангра-Ла Улаанбаатар Хотел ХХК-ийн ус алдсан тухайн өдрийн рапортын дэвтэрт үзлэг хийлгэх хүсэлт зэргийг гаргахад шүүхийн зүгээс хангаагүй болно. Мөн Шангра-Ла Улаанбаатар Хотел ХХК-ийн зүгээс өөрсдийн инженер техникийн албаны зүгээс тухайн ус алдсан шалтгааны нөхцөлийг тодруулан фото зургаар баталгаажуулан хүргүүлсэн байдаг. Гэтэл ус алдсан шалтгаан нөхцөл тодорхой, холболтын залгаасаараа салсан үйл баримт тодорхой байхад заавал мэргэжлийн эрх бүхий байгууллагын дүгнэлт хэрэгтэй мэтээр тайлбарлаж түүнийгээ нотолж чадаагүй гэж дүгнэж буй нь хэт их нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэдгийг тодорхой харуулж байна. Гэтэл анхан шатны шүүхээс энэ бүхнийг анхааралгүй, хэрэгт бодит дүгнэлт хийлгүй хийсвэр хандаж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр гаргасан үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнээс учирсан хохиролд 87 536 900 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч алданги 135 000 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Талууд 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр барилгын дотор засал, тохижилтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь Шангри-Ла худалдааны төвийн 3 дугаар давхарт түрээсэлсэн 310 м.кв талбайг тохижуулахын тулд хариуцагчаар ресторан, кофе шопын зураг төсөв боловсруулах, барилгын дотор засал тохижилтын ажлыг хийлгүүлэх, тавилга тоног төхөөрөмж болон рестораны хэрэгслээр хангуулах ажлыг гүйцэтгүүлэх, уг ажлын хөлсөнд 420 000 000 төгрөг төлөхөөр тохиролцсон байна.

 

Дээрх Шангри-Ла худалдааны төвийн 3 давхарт байрлах А рестораны хэрэглээний халуун усны шугам холболтоороо салж 2020 оны 3 дугаар сарын 18-ны өглөө ус алдсаны улмаас бусдын эд хөрөнгөнд хохирол учирсантай холбоотойгоор нэхэмжлэгч уг халуун усны шугамын хоолойн холболт салсан нь хийсэн ажлын гүйцэтгэлээс шалтгаалсан эсэхийг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт шүүхэд гаргажээ. Уг хүсэлтийг шүүх хүлээн авч 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 11757 дугаар захирамжаар Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ыг шинжээчээр томилсон боловч тус газар нь 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ус алдсан гэх шугам сүлжээг засварласан тул Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.6-д заасны дагуу шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй гэсэн 3/1450 тоот албан бичгийг шүүхэд ирүүлсэн байна. /хх-56-56, 111/

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр дахин шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасныг анхан шатны шүүх урьд томилсон шинжээч шинжилгээний обьект устсан тул Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.6-д зааснаар дүгнэлт гаргахаас татгалзсан гэсэн үндэслэлээр хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасан журмыг зөрчжээ. Иймд шинжээч томилуулах тухай хүсэлтийг удаа дараа гаргасан боловч шүүхээс хангаагүй гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй байна.

 

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн санаачилгаар шүүгч захирамж гарган шинжээчийг томилно гэж заасан. Хэдийгээр шинжлэгдэх обьектод засвар хийж устсан ч гэсэн хэрэгт авагдсан ус алдалтын тайлан, заслын ажлын явцын шалгалт хийсэн баримтууд, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг баримтуудыг үндэслэн шинжлэх ухаан, техникийн талаас нь дүгнэлт гаргах боломжтой, шинжээч томилох нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой.

 

Уг хэрэглээний халуун усны шугамын хоолойн холбоос салсан нь хийсэн ажлын гүйцэтгэлтэй холбоотой байсан уу, холболт хийсэн материалтай холбоотой байсан эсэх, эсвэл ашиглалтын явцад хэрэглээтэй холбоотой гадны хүчин зүйлийн улмаас холболт салсан эсэх нөхцөл байдлыг шинжээч томилж тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шинжилгээ хийлгэх хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.

 

Иймд хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй, маргааны зүйлийн талаар хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2021/00105 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 596 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ