Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 2023/ДШМ/867

 

 

 

 

 

 

 

     2023           8             29                                         2023/ДШМ/867

 

 

Н.Сд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ  даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Болормаа,

шүүгдэгч Н.С, түүний өмгөөлөгч Ч.Загдсүрэн

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан, 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/508 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.С-ы гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2310020010942 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Н.С, 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр Төв аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Дулааны 4 дүгээр цахилгаан станц” ТӨХК-д ажилладаг, ам бүл-9, эхнэр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Булган сум 3 дугаар багт оршин суух бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Гарден Вилла хотхоны 182 дугаар байрны 7 тоотод түр оршин суудаг,  /РД:00000000/, ял шийтгэлгүй;  

Шүүгдэгч Н.С нь 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, "Гарден вилла" хотхоны 180 дугаар байрны урд талын садаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ө.А-тэй маргалдаж, улмаар түүний толгойн тус газар гараараа цохиж, зүүн чихний дэлбэнд шарх, зүүн чихний дэлбэн, зуун нүдний дээд, доод зовхи, хамар, хацар, шанаа, баруун бугалга, баруун, зүүн шуу, зүүн сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Н.С-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Н.С-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Н.С-ыг 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд  тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.С нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан хугацаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч Н.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би “Дулааны 4 дүгээр цахилгаан станц” -д 11 жил тогтвор сууршилтай ажиллаж байгаа. Гэр дээрээ 2.100.000 төгрөгний цалин авдаг. Анхан шатны шүүхээс миний орлогыг миний гэр бүлийн гишүүдийн тоонд хувааж үзээд, надад торгуулийн ял оногдуулах нь зохихгүй гэж дүгнээд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан. Энэ шийдвэр нь намайг 30 хоног цалин орлогогүй болгож, миний гэр бүлд хүндээр тусаж байна. Би ганцаараа ажил эрхэлж эхнэр 7 хүүхдээ тэжээдэг. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгуулийн ялаар сольж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Н.С-ы өмгөөлөгч Ч.Загдсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хавтаст хэргийн 39 дүгээр хуудсанд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт нь байдаг. Сарын 3.100.000 төгрөгийн цалинтай гэх баримт нь авагдсан. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Н.С өөрийнхөө цалинг 1.500.000 төгрөг гээд хэлсэн чинь шүүхээс түүнийг нь 9 хүнд хуваагаад 166.000 төгрөг гаргасан. Та амьжиргааны түвшингээс доогуур орлоготой юм байна гээд торгуулийн ял оногдуулах боломжгүй гэж дүгнэсэн. 8 сараас 13 насны 7 хүүхэдтэй, нийтэд тустай ажил хийх ялыг биелүүлэхээр 30 хоног цалин орлогогүй болох гээд байгаа тул анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг тогуулийн ял болгон өөрчилж өгнө үү. ...” гэв.

Прокурор П.Болормаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.С-д 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний гэм буруу, хувийн байдалд тохирсон гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8-аас дээшгүй цагаар тогтооно гэж заасан. Шүүгдэгч Н.С нь шийдвэр гүйцэтгэгчтэйгээ ярьж тохиролцоод цагаа зохицуулаад ялаа эдлэх боломжтой. Ажлаа ч хийх боломжтой нөхцөл байдал харагддаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дараах байдлаар дүгнэлт хийв. Үүнд:       

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйл, 32.3 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдлыг тогтоох буюу нотолбол зохих байдлыг нотлох чиг үүргийн хүрээнд хийгдсэн мөрдөн шалгах, хяналт тавих ажиллагаа болон тус хэрэгт цугларч, бэхжигдсэн нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн гэх үндэслэл, үйл баримт тогтоогдсонгүй.          

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх маргаан бүхий асуудал гараагүй байна.               

2. Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааны тал, оролцогч нарын эрхийг хангасан байхаас гадна шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтын эх сурвалж болон оролцогч, талуудын санал, дүгнэлтийг бүх талаас нь бодит байдлаар шалгаж, үнэлсэний үндсэн дээр шүүгдэгч Н.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хэргийн зүйлчлэлийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

            Тодруулбал, шүүгдэгч Н.С нь 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ө.А-ийг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :

- хохирогч Ө.А-ийн: “...2023 оны 5 дугаар сарын 18-ны өдөр, Хан-Уул дүүрэг 6 дугаар хороо, Гарден вилла хотхоны 180 дугаар байрны гадаа саадад тамхи татаад сууж байхад нэг залуу хажууд ирж сууж юм ярьж байгаад...100 татах уу гээд 0,5 литрийн Хараа архи, пиво авч хувааж уусан...Миний санаж байгаагаар уг залуу эхнэртэйгээ муудалцсан гэж ярьж байсан, гэнэт намайг зодоод, тэнд байсан хүмүүс цагдаа дуудсан...Н.С төлбөр тооцоог хийсэн, нэхэмжлэх зүйлгүй. ...” гэх мэдүүлэг /хх-8, 23/,

- шинжээчийн дүгнэлт: “Ө.А-ийн биед зүүн чихний дэлбэнд шарх, зүүн чихний дэлбэн, зүүн нүдний дээд, доод зовхи, хамар, хацар, шанаа, баруун бугалга, баруун, зүүн шуу, зүүн сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой”  /хх-17-18/,

- шүүгдэгч Н.С-ы: “...2023 оны 5 дугаар сарын 18-ны өдөр гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа эхнэртэйгээ маргалдаж байгаад нэмж архи уумаар санагдаад гадаа гараад 0,5 литрийн Хараа архи дэлгүүрээс авч, сааданд сууж байсан Ө.Атэй хувааж уусан. Тэгээд хоорондоо маргалдах явцдаа Ө.А ахын толгойн тус газар нь гараараа хэд хэдэн удаа цохисон. Миний хувьд өөрийн гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. ...“гэх мэдүүлэг /хх-27/ зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.  

Тухайн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэнийг нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан байх бөгөөд эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хангалттай, эргэлзээгүй байх шалгуурыг хангасан байх тул шүүгдэгчийн үйлдсэн “хохирогчийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн субьектив болон объектив шинж хангагдсан гэж үзнэ.  

Шүүгдэгчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг шүүхийн өмнөх шат, шүүх хуралдаанд тухай бүр танилцуулж, тайлбарласан байх ба шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нь хохирогчийн мэдүүлэг, бусад нотлох баримтын эх сурвалжаар нотлогдсон байгааг дурдах нь зүйтэй.         

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгууртай байдаг. 

Тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар ялын төрөл,  хэмжээг хэрхэн оногдуулах нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудалд хамаарна. 

Тодотговол, шүүгдэгч ажил хөдөлмөр эрхэлдэг байх нь түүнд зөвхөн торгох ял  оногдуулах үндэслэл болохгүй бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах шалгуур, шаардлагыг бүхэлд үнэлж дүгнэсний эцэст тохирсон ял шийтгэлийг оногдуулах ёстой гэж ойлгоно.  

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахдаа дээр дурдсанаар харгалзвал зохих шалгуур, шаардлагын талаар дүгнэсэн байх тул оногдуулсан нийтэд тусгай ажил хийлгэх ял, түүний хэмжээ нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.      

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/508 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.С-ы гаргасан “нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар солиулах” тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/508 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.С-ы гаргасан “нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар солиулах” тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.      

2.  Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.    

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                           ШҮҮГЧ                                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

                           ШҮҮГЧ                                                      Г.ГАНБААТАР