Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 2023/ДШМ/877

 

 

 

 

 

 

        2023              8            31                                          2023/ДШМ/877

 

 

    Х.Б, Я.Ш нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Гармаа,   

шүүгдэгч Х.Б, Я.Ш, тэдгээрийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/356 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Д.Уын гаргасан давж заалдах гомдлоор Х.Б, Я.Ш нарт холбогдох 2210024840438 дугаар эрүүгийн хэргийг 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв. 

Х.Б, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Увс аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “Нахиа” эмийн үйлдвэрт машинист ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, бурхантын 6-756 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:00000000/;

Я.Ш, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Увс аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “БӨОМ” ХХК-д барилгын туслах ажилтан ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, хайрхан 546-91 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:00000000/;

Шүүгдэгч Х.Б, Я.Ш нар нь бүлэглэн 2022 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, “Нисэх” нэртэй караокены гадаа Д.У-ыг дүү С.Н-ийг буланд шахлаа гэх шалтгаанаар маргалдан шүүгдэгч Х.Б нь түүний араас тэвэрч хөдөлгөөнийг нь хязгаарлан улмаар Я.Ш нь Д.У-ын толгой дээрээс гараараа дарж баруун урд талын хажуу хавирга, мөрний хэсэгт хөлөөрөө өшиглөж, түүний эрүүл мэндэд 1, 2 нугалмын хөндлөн сэртэнгийн хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Х.Б, Я.Ш нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Х.Б, Я.Ш нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1- т заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Х.Б, Я.Ш нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Х.Б, Я.Ш нар нь оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б, Я.Ш тэнссэн 6 сарын хугацаанд шүүхээс тогтоосон үүргийг зөрчсөн болон санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тэдэнд анхааруулж, мэдэгдэж, Эрүүгийн 2210024840438 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Х.Б, А.Я.Ш нар цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Д.У өөрт учирсан гэмтэлтэй холбоотой цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Д.У давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2022 оны 9 дүгээр сарын 17-ны орой Хан-Уул дүүргийн 9-р хороо, “Нисэх” гэх кароакен дотор дуулах гээд найзын хамт сууж байхад үл таних 4 залуу намайг дуудаж гаргаж ирээд ямар ч шалтгаангүйгээр зодож надад “...баруун 7, 8, 9, 10 дугаар хавирга, бүсэлхийн 1, 2 дугаар нугалмын хажуугийн сэртэнгийн хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал...” бүхий хүндэвтэр гэмтэл учирсан. Эдгээр хүмүүсийг би хэзээ ч харж байгаагүй. Би эрүүл мэндийн хувьд бүтэн 2 сар орчим ажил хийж чадаагүй, хэвтэрт байсан. Хэрэг шалгаж байх хугацаанд Х.Б, Я.Ш нар 220.000 төгрөг эмчилгээний зардалд өгсөн. Өөрөөр надад тусалж дэмжсэн зүйл байхгүй. Нэг ч удаа уучлал гуйх нь битгий хэл утсаар ч холбоо бариагүй. Шүүгдэгч нартай уулзуулаад өгөөч, ямар хүмүүс байсныг нь нэг хараадахъя гэхэд бид уулзуулдаггүй юм гэж цагдаа хэлсэн. Хэрэг шалгаж байх хугацаанд би цагдаа дээр хэд хэдэн удаа очсон. Хэргийг чинь шийдэж байгаа, ганцхан чиний хэрэг дээр ажиллаагүй гэдэг байсан. Би тийм ч байхдаа гэж бодоод л явдаг байсан. Шүүх дээр ч хэрэг очсныг би мэдээгүй. Шүүх хурал ч болсныг мэдээгүй. Надад 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Нисэхийн Монгол шуудангаас залгаж ирж бичиг ав гэхээр очоод автал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/356 дугаар шийтгэх тогтоол байсан. Миний бие өрх толгойлсон эрэгтэй, эхнэр маань 2022 онд нас барсан, охин маань одоо 5 настай. Гундаж яваа эр хүн, гомдолтой. Тухайн үед миний биеийн байдал үнэхээр хүнд, 2 сар орчим хэвтэрт байсан. Амьдралаа бодоод ажил хийе ч гэсэн гараа дийлэхгүй ажиллаж чадаагүй. Намайг гомдол саналыг минь асуугаагүй байж хэргийг хялбаршуулсан журмаар шийдсэн байна гэж тогтоолоос ойлголоо. Шүүгдэгч нарын зөвхөн хэргээ хүлээн зөвшөөрч, хохирлыг төлнө гэснээр хэргийг шийдвэрлэсэн нь нэг талыг барьж шийдсэн гэж үзэж, гомдолтой байна. Цагдаа надад хэргийг прокурорт шилжүүлсэн, чамайг прокурор дээр дуудахаар очоорой гэсэн. Прокурор залгаагүй. Шүүхээс надад шүүх хуралдаантай гэж хэлээгүй. Би хэрэг шүүх рүү явсныг ч мэдээгүй. Шүүх хуралдаантай гэж мэдсэн бол өөрийн биеэр шүүх хуралд оролцоно. Хохирогч миний эрх ашгийг ноцтой зөрчсөн байна. Шүүх хуралдаанд мэтгэлцэх зарчмыг хангаагүй. Х.Б, Я.Ш нарын үйлдсэн хэрэгт оногдуулсан ял шийтгэл хөнгөн байна гэж үзэж байна. Мөн би шүүх хуралд өөрийн биеэр оролцох хүсэлтэй байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь :

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дүгнэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг бүрэн хангаагүй гэж үзэх дараах үндэслэлтэй байна. Үүнд:  

1. Хохирогчийн эрх хязгаарлагдсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан”...зөрчигдсөн эрхийг сэргээх...”, мөн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл, журам зөрчигдсөн байна.  

Хохирогчийн хувьд зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, нотлох баримт гаргах, шалгуулах, мөрдөгч, прокурор, шүүхийн шийдвэрт гомдол гаргах, шүүх хуралдаанд оролцох, ялын шийтгэлийн талаар санал, хүсэлт, гомдол гаргах зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процессын явцад эдлэх үндсэн эрх нь мөн.      

Гэтэл яллагдагч Х.Б, Я.Ш нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын 2022.04.14-ний өдрийн 45 дугаар тогтоол, тэдэнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх тухай прокурорын саналыг /хх-115-122/ хохирогчид мэдэгдэж, танилцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.6 ”прокурор, мөрдөгчийн ажиллагаа, шийдвэрт гомдол гаргах, мөрдөн шалгах тодорхой ажиллагаа явуулах, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах” тухай тухай хохирогчийн эрхийг хангаагүй гэж үзнэ.

Хохирогчид холбогдох шийдвэр, баримтыг мэдэгдэж, танилцуулаагүй тохиолдолд хохирогчийн тухайн эрх хэрэгжих бодит үндэслэл, нөхцөл бүрдэхгүй тул хохирогчийн тухайн эрхийн хэрэгжилтийг зайлшгүй хангах шаардлагатай.     

Мөн анхан шатны шүүхээс шүүх хуралдааны товыг хохирогчид мэдэгдээгүй нь /хх-136-137/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.4, 34.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 1, 3, 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан болон хуулиар баталгаажуулсан бусад эрхээ хэрэгжүүлэх боломжийг хохирогчид олгоогүй гэж үзнэ.   

Хохирогчийн үндсэн эрхийн хэрэгжилтийг зайлшгүй хангах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдаж буй эсэхийг дэнслэх, зөв шийдвэрлэх үндэслэл, шалгуурт хамааралтайг анхаарвал зохино.         

2. Анхан шатны шүүх, мөн прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.5 заасан нөхцөл байдлыг хэрэгт авагдсан үйл баримтын хүрээнд бүрэн хянаж чадаагүй,  нотлох баримтын зарим эх сурвалжийн зөрүүтэй байдлыг үгүйсгэн няцаах эсхүл батлах эсэхийг дүгнээгүй байна.     

 2.1. Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан бүх хүндэвтэр хохирлыг гэмт хэргийнх нь шинжид бүрэн хамааруулаагүй, зөрүүтэй, ойлгомжгүй байдлыг үүсгэсэн нь хохирогчийн эрхийг сэргээн эдлүүлэх боломжийг хязгаарласан шинжтэй байна.

Тухайлбал, хэрэг үйлдэгдсэн хугацаанд хохирогч Д.У-ын биед 7, 8, 9, 10 дугаар хавирга шинээр хугарсан үйл баримт байсаар атал яллах дүгнэлтэд ”...Я.Ш, Х.Б нар бүлэглэн, Д.Уын толгой дээрээс гараараа дарж, баруун урд талын хажуу хавирга, мөрний хэсэгт хөлөөрөө өшиглөж, түүний эрүүл мэндэд 1, 2 дугаар нугалмын хөндлөн сэртэнгийн хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан...”гэж илтэд хэргийн бодит байдалд нийцээгүй, зөрүүтэй байдлаар гэмт хэргийн шинжийг буруу тогтоосон болох нь : гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2022.09.19-ны өдрийн үзлэг, онош /хх-33/, “Мед Травма” эмнэлгийн 2022.09.19-ний өдрийн цээжний томографи зураг /хх-33, 69/, дүрс оношилгооны эмч О.Оюунбаясгаланы онош /хх-77, ар талд/, шинжээчийн Б.Долгормаагийн 2022.09.23-ны өдрийн 12952 дугаар дүгнэлт: /хх-33-34/, түүнчлэн мөрдөгчөөс Д.Уын биед учирсан зөвхөн бүсэлхийн 1, 2-р нугаламтай холбоотой асуултуудын хүрээнд гаргасан шинжээч Б.Долгормаагийн 2023.02.15-ны өдрийн 198 дугаар дүгнэлт /хх-72-73/, шинжээч, хохирогч нарын мэдүүлэг /хх-31-32, 8-9/ зэрэг үйл баримтуудаас илэрхий байгааг анхаарвал зохино.     

Прокуророос “шинжээчийн дүгнэлт, бусад баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэж дүгнэхгүйгээр, түүнчлэн юуг эргэлзээ гэж үзэх нь үндэслэл, нотолгоогүй байхад “эргэлзээ бүхий” гэсэн /хх-125-126/ нь хууль, зарчимд нийцэхгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт зөрчигдсөн гэж үзэхээр байна.

“Эргэлзээ” гэдгийг таамаглалын шинжтэй буюу хангалттай үндэслэл, эх сурвалжгүй үзэл бодлоор шийдвэрлэхгүй бөгөөд Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтын эх сурвалжийг бүхэлд нь тухайн хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай, хангалттай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч,  бэхжигдсэн эсэх шалгуураар тал бүрээс нь шалгаж, үнэлж дүгнэсний эцэст няцаан үгүйсгэх боломжгүй буюу хангалттай эх сурвалжтай, үндэслэл бүхий эргэлзээ үүссэн байхыг ойлгодог.

Шинжээчийн мэдүүлэг бол шинжээчийн дүгнэлт биш бөгөөд зөвхөн шинжээчийн дүгнэлтийн утга агуулгыг тодотгон ойлгоход туслах шинжтэй учраас дангаараа нотлох болохгүй.      

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 27.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хэрэв тусгай мэдлэгийн шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй бол үндэслэлийг тодорхой заах ёстойгоос гадна нэмэлт, эсхүл дахин шинжилгээ хийлгээр замаар бодит байдлыг тогтоох нь мөрдөгч, прокурорын үүрэгт хамааралтай.   

Мөн анхан шатны шүүхээс “прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэрэг”-ийг хянан  шийдвэрлэхдээ хянавал зохих асуудлын хүрээнд үүссэн аливаа алдаа, зөрчлийг бүрэн шалгаж, нягтлаагүй байхаас гадна хохирогчийн эрүүл мэндэд учирсан”...7, 8, 9, 10 дугаар хавирга, бүсэлхийн 1, 2 дугаар нугамын хажуугийн сэртэнгийн хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал...” бүхий хүндэвтэр гэмтэл нь шүүгдэгч нарын үйлдэлтэй шалтгаант холбоотой гэж, мөн”...хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл...” /143-144/ гэх мэтээр бичсэн нь ойлгомжгүй байдал үүсгэсэн байгааг тэмдэглэх нь зүйтэй.          

2.2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, төлөхөө илэрхийлсэн гэж үзэх эсэхийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байдлаар дүгнэх шаардлагатай.   

Учир нь, хохирогчид дан дангаараа хүндэвтэр зэрэгт тооцогдох гэмтэл, шарх, мөн хөнгөн зэрэгт хамаарах хөнгөн гэмтлүүд учирсан, мөн тухайн гэмтлүүдийн улмаас хэвтрийн байдалтай, эмнэлэгт 2 сар орчим хэвтсэн тухай хохирогчийн мэдүүлэг, гомдлын агуулгаас үзэхэд гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан гэм хорын бодит хохирол, хор уршиг буюу эмчилгээний зардлууд, цаашид нэхэмжлэх гэм хорын талаар хохирогчоос мэдүүлэг, баримт авагдаж байгаагүйг зөвтгөх боломжгүй.    

Зөвхөн шүүгдэгч нар “гэм буруугаа хүлээж байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хэн бичсэн нь тодорхойгүй баримтыг /хх-112-113/ гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэх үндэслэлгүй.   

Гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн гэдэг нь “хохирогчид учирсан хохирол, хор уршигт зарцуулагдсан, эсхүл зайлшгүй зарцуулагдах нийт зардлын хэмжээг илэрхийлж буй  нотлох баримтын хүрээнд хохирогч ба шүүгдэгч нар хүсэл зоригоо илэрхийлж тохиролцсон байх буюу хохирогчийн эмчилгээний зардлыг төлсөн эсхүл цаашид нөхөн төлөхөө илэрхийлсэн хууль ёсны үйл баримтаар тодорхойлогдсон байх ёстой.     

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл хангагдаж, тогтоогдсон эсэхийг заавал шалгаж, дүгнэх нь шүүхийн чиг үүрэгт хамаарна.      

Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэл, журмын дагуу прокурорын хяналт бодитой хэрэгжсэн эсэхийг давхар хянаж, хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай гэж ойлгоно.  

Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зөвхөн “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт”-ийг хэлбэрийн төдий байдлаар  хангах асуудал биш бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “шүүгдэгчийн...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал...”зэрэг шалгуур, шаардлагыг заавал тогтоож, улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмыг нэгэн зэрэг харьцуулан шалгаж, үнэлж, дүгнэсний эцэст эрүүгийн хариуцлагыг хэрхэн хүлээлгэх эсэхийг хууль, зарчмын хүрээнд зөв, үндэслэлтэй шийдвэрлэх асуудал болохыг анхаарах нь зүйтэй.         

 

Дээрх нотлох баримт бүхий үндэслэл нь “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах буюу анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн...36.7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй”, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4 “...гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаархи нөхцөл байдал, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, няцаан үгүйсгэх, дүгнэлт хийх” зэрэг үндэслэл, журамд нийцээгүй байх тул Хан- Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 19ий өдрийн 2023/ШЦТ/356 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирогчийн гаргасан “шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг хангаж шийдвэрлэв.     

Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байгааг дурдах нь зүйтэй.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.33, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь : 

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 19ий өдрийн 2023/ШЦТ/356 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирогчийн гаргасан ”шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг хангасугай.  

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                          ШҮҮГЧ                                                             Т.ӨСӨХБАЯР

 

                          ШҮҮГЧ                                                              Г.ГАНБААТАР