| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 129/2025/00017/И |
| Дугаар | 301/ШШ2025/00124 |
| Огноо | 2025-03-14 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 301/ШШ2025/00124
| 2025 оны 03 сарын 14 өдөр | Дугаар 301/ШШ2025/00124 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Г ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А аймгийн Х сумын ЗДТГхолбогдох
80,948,752 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г, хариуцагч байгууллагын төлөөлөгч Н.М /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г ХХК нь А аймгийн Х сумын Засаг даргын тамгын газар /цаашид ЗДТГ гэх/-тай Дулаанаар хангах гэрээг байгуулан 2016 оноос 2022 оныг хүртэл халаалтын улиралд ЗДТГ-ын байр буюу 6249 мкв талбайг дулаанаар хангаж ажилласан. Манай компанийн зүгээс гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлсэн боловч Х сумын Засаг даргын тамгын газраас 2017.01.01-2017.05.15, 2017.09.15-2017.12.31 өдрийг хүртэлх халаалтын төлбөр төлөгдөөгүй байна. Учир нь төсвийн байгууллага тул төсөвт зардал нь тусгагдаагүй байна, ирэх жилийн төсөвт суулгахаар ажиллаж байна, түүнчлэн хамтын ажиллагаатай байсан зэрэг шалтгаанаар төлбөр төлөх хугацааг хойшлуулж ирсэн боловч өнөөдрийг хүртэл төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй 8 жилийн хугацаа өнгөрсөн байна. Х сумын Засаг даргын тамгын газарт жил бүр холбогдох шаардлагыг тавихад “ирэх оны төсөвт суулгана” гэсэн хариуг ирүүлдэг. Тодруулбал 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А аймгийн Х сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 08/1663 дугаартай албан бичгээр “... энэ оны аймгийн төсөвт дээрх өр төлбөрийг суулгах талаар анхааран ажиллаж байна”, тус сумын Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 01/203 дугаартай албан бичгээр “2025 оны улс, аймгийн төсөвт суулгуулахаар хамтран ажиллаж байна” гэж тус тус мэдэгдэж байсан. А аймгийн Х сумын Засаг даргын тамгын газраас 2017 оны үлдэгдэл төлбөрийг 69,043,158 төгрөг гэж тооцоо гаргасан байгаа боловч төлбөрийн задаргаа, тооцооллыг нягтлахад уг төлбөрт 2017 оны 10 дугаар сарын халаалтын төлбөр болох 11,905,594 төгрөг ороогүй, дутуу тооцогдсон тул нийт 80,948,752 төгрөгийг А аймгийн Х сумын Засаг даргын тамгын газраас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Н.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэв
Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г ХХКнь хариуцагч А аймгийн Х сумын ЗДТГ-т холбогдуулан халаалтын төлбөр 80,948,752 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад хариуцагч А аймгийн Х сумын Засаг даргын тамгын газар нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлага болох 80,948,752 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүх хуралдаанд гаргасан.
Хариуцагч А аймгийн Х сумын Засаг даргын тамгын газар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 562,694 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А аймгийн Х сумын Засаг даргын тамгын газраас улсын тэмдэгтийн хураамж 562,694 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Г ХХК-ийн нэхэмжилсэн халаалтын төлбөр 80,948,752 төгрөгийг хариуцагч А аймгийн Х сумын Засаг даргын тамгын газар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 562,694 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А аймгийн Х сумын Засаг даргын тамгын газраас улсын тэмдэгтийн хураамж 562,694 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч А аймгийн Х сумын Засаг даргын тамгын газар нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН