Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 116

 

 

 

 

 

 

 

     

       

 

       

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

     

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж, шүүгч Ч.Отгонбаяр, шүүгч Ц.Дайрийжав нарын бүрэлдэхүүнтэй

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Буянхишиг хөтлөн

улсын яллагч Б.Бямбадагва

шүүгдэгч Д.С, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн

шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Д.Галсанпунцаг

шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч А.Очбадрал

хохирогч Ц.Э

иргэдийн төлөөлөгч Ц.О

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас

Д.Сэд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар,

Б.Тд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар,

Б.Ат холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар

тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2014260005591 тоот хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 3 дугаар сарын 20-нд Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 4; эх, дүү нарын хамт ял шийтгэл: Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 254 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

УЮ95032013 дугаарын регистртэй, Боржигон овогт Доржготовын С

 

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 7 дугаар сарын 22-нд Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3; эцэг, эгчийн хамт

ял шийтгэл: 1/ Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 353 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,

2/ Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ялаар шийтгүүлж, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 353 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 6 сарын хорих ялын зарим болох 1 жил 2 сар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жил 8 сар хорих ялаар тогтоосон.

УХ94072216 дугаарын регистртэй, Баатад овогт Батмөнхийн Т

 

3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 10 дугаар сарын 1-нд Дархан-Уул аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4; эцэг, эх, дүүгийн хамт, ял шийтгэлгүй,

ТА97100110 дугаарын регистртэй, Боржигон овогт Бын А

 

Шүүгдэгч, Б.Т, Б.А нар бүлэглэж, 2014 оны 11 дүгээр сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ц.Эийн эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэж, 950.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө, бэлэн 236.000 төгрөгийг дээрэмдсэн, уг гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогч Ц.Эийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан,

 

шүүгдэгч Д.С нь 2017 оны 3 дугаар сарын 22-ны 23 цагийн үед Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутагт байрлах “Өргөө” кинотеатрын баруун талд хохирогч Ц.Өын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 580.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Өмнө нь мэдүүлэг өгсөн тул дахин ярихгүй. Хохирогч Эийн хохиролд гэж 2.4 сая төгрөг өгсөн. Дахин мөнгө нэмж өгөх боломж байхгүй. Хохирогч Өын гар утсыг буцааж өгсөн. Бас ломбардны өрийг дарсан. Хохирогч Ө надад гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ хэлсэн гэв.

 

Шүүгдэгч Б.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. 2014 оны 11 дүгээр сард бид гурав явж байтал өөдөөс нэг согтуу хүн ирж байхаар нь мөнгө авах гээд нийлж зодсон. Миний хувьд ганц хоёр удаа л цохьсон. Харин хохирогч Эд би хүнд гэмтэл учруулсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Хохирогч Эд 2.4 сая төгрөг өгсөн. Тэгээд дахин биднээс мөнгө нэхэмжлэхгүй гэдгээ хэлсэн шүү дээ. Одоо нэмж мөнгө өгөх боломж байхгүй гэв.

 

Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Хохирогч Эд 2.4 сая төгрөг өгөөд нэмж мөнгө авахгүй гэж хэлсэн ш дээ. Тэгээд ч дахин мөнгө өгөх боломж байхгүй. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

 

Хохирогч Ц.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би Завхан аймгийн Нутгийн зөвлөлийн уулзалтанд оролцоод Цэрэндаш гэж хүнийг гэрт нь хүргэж өгөөд гарч яваад эдгээр залуусд зодуулж, эд зүйлээ дээрэмдүүлсэн. Намайг архи уусан, согтуу байсан мэтээр эд нар худлаа ярьж байна. Ингэж дээрэмдүүлэх явцдаа хүнд гэмтэж олон жил эмчилгээ, сувилгаа гэж явлаа. Ажил хөдөлмөр ч хийж чадаагүй. Би нийт 14.678.187 төгрөг нэхэмжилсэн. Бүгд нотлох баримттай байгаа. Үүнээс 7.2 сая төгрөгийг энэ гурав хувааж төлсөн. Одоо үлдэгдэл 7.478.187 төгрөгөө нэхэмжилмээр байна. Би эд нараас мөнгө нэхэмжлэхгүй гэж хэлж байсан үнэн. Гэхдээ шүүх энэ хэргийг шинээр дахин хэлэлцэж байгаа учир мөнгөө нэхэмжилнэ.

Миний хохирол төлбөрийг барагдуулах юм бол би эдгээр хүүхдүүдийг заавал ч үгүй шоронд явуулна гээд байхгүй. Ер нь бол би эдгээр хүүхдүүдийг уучилсан гэв.

 

Нэг:

Шүүгдэгч Д.С, Б.Т, Б.А нар бүлэглэж, 2014 оны 11 дүгээр сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ц.Эийн эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэж, 950.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө, бэлэн 236.000 төгрөгийг дээрэмдсэн, уг гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогч Ц.Эийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

хохирогч Цэрэндовдонгийн Эийн “... 2014 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Завхан аймгийн нутгийн зөвлөлийн гишүүд хөдөөнөөс ирээд ингээд уулзахаар болж Модны 2 солонгос ресторанд орж уулзсан. Би гэртээ харихаар гарсан ба төв зам руу гарч такси барих гээд алхаж байтал Грийн караоке гэсэн бичиг харагдаж байсан ба тэгтэл өөдөөс үл таних гурван банди ирж байсан. Хажуугаар зөрж өнгөрөх үедээ гэнэт нэг нь шанаа руу цохиод авсан. Ингээд тал талаас зуураад намайг газарт унагаж дээрээс өшиглөж байгаад хоёр залуу нь нэг, нэг гар бариад нүүрэн дээр ороолтоо хаяад нэг нь хувцас нэгжиж халаасанд байсан 17.000 төгрөг, нүдний шил, Нокиа маркийн гар утас зэргийг аваад явчихсан. Би босоод явах гэтэл араас дахин ирээд харанхуй булан руу чирээд орсон ба “болоогүй байна” гэж хэлж байсан. Нэг нь л тэд нарыг удирдаж байсан ба дахин харанхуйд оруулан ХААН банкны карт, өмсөж явсан гутал, бугуйн цаг зэргийг тайлж аваад явсан ба би арай ядан босоод зам дээрээс бараан өнгийн такси бариад гэр рүүгээ очиж болсон зүйлийг хэлж амраад маргааш нь Гэмтлийн эмнэлэгт үзүүлэн цагдаад мэдэгдсэн.

Маргааш өглөө нь ХААН банкны картаа хаалгах гээд банк руу очсон чинь миний картаар гурван удаа гүйлгээ хийсэн байсан. Хуулгыг нь авчихсан байгаа. Миний нүдний шил 80.000 төгрөг, бугуйн цаг орос Слава 150.000 төгрөг, гутал 90.000 төгрөг, хагас түрийтэй урдаа үдээстэй хар өнгөтэй гутал байсан, гар утас Нокиа 55.000 төгрөг ХААН банкны алтан карт 50.000 төгрөг, картанд 225.000 төгрөг, бэлэн мөнгө 17.000 төгрөг, одоо эмчилгээний зардал зэргийг нэхэмжилнэ.

Би гомдолтой байна. Эдгээр залуусыг олж хуулийн дагуу арга хэмжээ авхуулах хүсэлтэй байгаа ба эмчилгээний зардал мөнгөө гаргуулж авмаар байна” /1-р хх-н 250/ гэсэн мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 16806 актын:

“1. Эийн биед тархи доргилт, зүүн 7, 8, 10, 12-р хавирганы далд хугарал, зүүн уушигны бүрэн бус уналт, цээжний хөндий, арьсан доорх хий хуралдалт, бүсэлхийн 2, 3, 4-р нугаламын хажуу сэртэнгийн далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /2-р хх-н 10/,

хохирогч Ц.Эийн ХААН банкин дахь 5020138632 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-н 11/

яллагдагч Б.Аын “... би тухайн өдөр Отгонтуяа, Хүсэлбаяр, Мөнхбаатар, Ган-Очир, Анужин, Баярцэцэг, Мижиддорж, Т, С  нарын хамт Модны хоёрын буудалд орж хоёр өрөө авсан. Шөнө 01 цаг болж байхад Т, С хоёр манай өрөөнд орж ирээд намайг араас өрөөнд ороод ир гэж дуудсан. Би хэсэг хугацааны дараа араас нь тэдний байрлаж байсан өрөөнд орсон. С гарч хүн зодъё гэсэн. Тэгээд Т, С бид гурав буудлаас гарч 3, 4 дүгээр хорооллоор явсан. Шөнө 01 цаг өнгөрч байхад Парадоксийн орчим 30 орчим насны эрэгтэй хүн утсаар яриад зогсож байсан. Түүний хажуугаар зөрж өнгөрөхдөө С шанаанд нь цохиод газар унагаачихсан. Тэр ахыг газар унасны дараа бид гурав хөлөөрөө өшиглөсөн. Тэр үед хүн гараад ирэхээр нь бид гурав зугтаагаад байрны харанхуй буланд очиж нуугдсан. Гарч ирсэн хүн яваад өнгөрсний дараа бид нөгөө зодож байсан ах дээр дахиж очоод С нөгөө ахыг дахиад хавираад унагаачихсан.Тэгээд С, Т бид гурав дахин хэсэг өшиглөж байснаа С  халааснаас нь виза карт, гар утас, хагас түрийтэй ботинк гутал, бугуйнаас нь цаг зэргийг тайлаад авсан. Би тухайн үед нөгөө ахын гарыг барьж байсан юм. Т бугуйнд байсан цагийг нь хамт тайлаад авсан. Тэгээд бид гурав 3 дугаар хорооллоос Модны 2 руу зугтаасан. Зугтааж явах замд Т бугуйн цагийг хагарчихсан байна гээд чулуудчихсан. Тэгээд бид өөрсдийн байрлаж байсан буудалдаа ороод чимээгүй амарцгаасан. Харин маргааш өглөө унтаад сэрэхэд ширээн дээр архи, хоол, хүүхдийн памперс, чихэр, жимс зэрэг байсан. С Отгонтуяаг дагуулж гараад нөгөө ахын виза картыг  уншуулаад энэ бүгдийг авсан байсан” /2-р хх-н 105/ гэсэн мэдүүлэг,

яллагдагч Б.Тын “... бид нар буудалд архи ууж байгаад дууссан. Гэтэл С дахин архи олж уух уу гээд мөнгө олох санаа гаргаж, гарч дээрэм хийж мөнгө олж архи авах санаа гаргаж А бид хоёр хамт явсан. Би хохирогчийг газар унасан байхад нь өшиглөсөн. С хохирогчийн түрийвчийг халааснаас нь ухаж авсан. Цагийг нь бугуйнаас нь тайлж аваад цааш явсан ба цаашаа явж байгаад эргээд С дахин очоод гутлыг нь авах гээд дахин зодож гутлыг нь тайлж авсан. Өөр эд зүйл аваагүй байх аа. Миний мэдэхээр ийм зүйлүүдийг авсан. Эргээд буудалд  очоод байж байхад С намайг юу авах вэ гэхээр нь цагийг нь авах гэсэн чинь оосор нь тасарчихсан байхаар нь аваагүй” /5-р хх-н 192/ гэсэн мэдүүлэг,

яллагдагч Д.Сийн “... надад урьд сонсгосон, Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутагт 2014 оны 11 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө 01 цагийн үед Б.Т, Б.А нартай бүлэглэж хохирогч Ц.Эийн эд зүйлийг авах зорилготой амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн зодож биед нь хүнд гэмтэл учруулан эд зүйлийг нь дээрэмдэн авсан үйлдлийг хүлээн зөвшөөрч байна” /7-р хх-н 245/ гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар,

 

Хоёр:

шүүгдэгч Д.С ганцаараа 2017 оны 3 дугаар сарын 22-ны 23 цагийн үед Баянгол дүүргийн 13 дугаар хороо, “Өргөө” кинотеатрын баруун талд хохирогч Ц.Өын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 580.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

хохирогч Цагаанчулууны Өын “... 2017 оны 3 дугаар сарын 22-ны 23 цагийн үед Өргөө кинотеатрын баруун талд ганцаараа гэрээсээ гараад АТМ орох гээд явж байсан. Тэр үед миний ард талд цагаан өнгийн малгайтай цамцтай залуу ганцаараа яваад байсан. Тэгээд Өргөө кинотеатрын хойд талын 4 дүгээр байрны хажууд гар утсаараа яриад явж байх үед миний ард явж байсан залуу хажуугаар гүйгээд гарахдаа миний гар утсыг булаагаад зугтаасан. Би тэр залуугийн араас хөөж гүйсэн боловч гүйцэж чадаагүй алдсан. Би булаалгасан гар утсаа 2016 оны 7 сард 580.000 төгрөгөөр худалдаж авч байсан” /7-р хх-н 225/ гэсэн мэдүүлэг,

гэрч Шарын Батсайханы “... би Модны 2-ын доошоо урууддаг чиглэлийн автобусны буудал дээрх “Туяа цэн” гэдэг нэртэй ломбарданд сууж байсан. Харанхуй болсон байсан, цагийг нь сайн санахгүй байна, нэг танихгүй залуу орж ирээд утас тавья гэхээр нь ямар утас гэсэн чинь Самсунг Жи 7 маркийн гар утас гэж хэлсэн. Хэдэд тавих юм гэхэд 200.000 төгрөгт тавья гэхээр нь шалгаж аваад 200.000 төгрөг өгсөн. 7 хоногийн хугацаатай Доржготовын С гээд өөрийнхөө бичиг баримтыг үзүүлж тавьсан” /7-р хх-н 226/ гэсэн мэдүүлэг,

сэжигтэн Д.Сийн “... шатаар уруудаад бууж байхад нэг эмэгтэй утсаар яриад зөрсөн. Зөрөөд эргэж харахад нь утсыг нь шүүрээд зугтаагаад, байр тойрч гүйгээд таксинд суусан. Тэр такситайгаа очоод Модны 2-ын нэг ломбарданд 200.000 төгрөгөөр тавьсан. Самсунг Жи 7 маркийн, хар өнгийн, гадуураа бор өнгийн гэртэй байсан байх” /7-р хх-н 228/ гэсэн мэдүүлэг,

Самсунг Жи 7 маркийн гар утсыг 580.000 төгрөгөөр үнэлсэн “Эд зүйлийн үнэлгээ” /7-р хх-н 218/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байх тул

шүүгдэгч Д.С, Б.Т, Б.А нарыг бүлэглэж, 2014 оны 11 дүгээр сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ц.Эийн эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэж, 950.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө, бэлэн 236.000 төгрөгийг дээрэмдсэн, уг гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогч Ц.Эийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар,

шүүгдэгч Д.Сийг 2017 оны 3 дугаар сарын 22-ны 23 цагийн үед Баянгол дүүргийн 13 дугаар хороо, “Өргөө” кинотеатрын баруун талд хохирогч Ц.Өын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 580.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Өөрөөр хэлбэл прокуророос зүйлчилж ирүүлсэн шүүгдэгч тус бүрийн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Тухайлбал Ц.Э хохирогчтой шүүгдэгч Д.С, Б.Т, Б.А нарт холбогдох хэргийн үйл баримтаас үзвэл тэдгээр нь хохирогчийг дээрэмдэх явцдаа түүний бие махбодид хүнд гэмтэл учруулсан нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байгаа боловч 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйл буюу “Дээрэмдэх” гэмт хэрэгт “бусдын /хохирогчийн/ бие махбодид хүнд гэмтэл учирсан байх” гэсэн шинж зохицуулагдаагүй байна.

Иймд прокуророос шүүгдэгч Д.С, Б.Т, Б.А нарт холбогдох Ц.Э хохирогчтой хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлээр, улмаар “бүлэглэсэн” шинжийг нь тодотгож мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Харин Ц.Э хохирогчтой шүүгдэгч Д.С, Б.Т, Б.А нарт холбогдох хэргийг зүйлчлэхдээ мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамласан нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэснээс гадна шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалтыг давхар журамлах нь зүйтэй.

Учир нь, уг хэрэг 2002 оны Эрүүгийн хууль хэрэгжиж байх үед буюу 2014 онд үйлдэгдсэн байх ба гэмт хэрэгт холбогдсон хүний эрх зүйн байдлыг аливаа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн хэм хэмжээ нь хүний эрхийг хангахад чиглэсэн, хүнлэг энэрэнгүй ёсны зарчим юм.

 

Шүүгдэгч Д.С, Б.Т, Б.А нарын үйлдсэн дээрмийн гэмт хэрэг нь хэдийгээр нэг хохирогчтой, нэг удаагийн үйлдлээр үйлдэгдсэн гэмт хэрэг боловч уг дээрмийн гэмт хэрэг үйлдэгдсэн арга хэлбэр, хохирогч Ц.Эийн биед “тархи доргилт, зүүн 7, 8, 10, 12 дугаар хавирганы далд хугарал, зүүн уушигны бүрэн бус уналт, цээжний хөндий, арьсан доорх хий хуралдалт, бүсэлхийн 2, 3, 4 дүгээр нугаламын хажуу сэртэнгийн далд хугарал” гэсэн гэмтэл учирсан зэрэг нь шүүхээс тэдгээрт ял оногдуулахдаа харгалзан үзэх гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд хамаарна.

 

Түүнчлэн шүүх шүүгдэгч Д.С, Б.Т, Б.А нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар”-ын хүрээнд хэлэлцэж шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Д.С нарт холбогдох эрүүгийн 2014260005591 тоот хэргээс шүүгдэгч Ц.Бт холбогдох хэргийг тус шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 11 дугаартай тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 34.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан заалтуудын дагуу тусгаарласныг дурдах нь зүйтэй.

 

Нөгөөтэйгүүр шүүгдэгч Д.С нарт холбогдох эрүүгийн хэргээс үзвэл шүүгдэгч Д.С, Б.Т, Б.А нарын хэн алинтай нь шүүгдэгч Ц.Бийн хувьд бүлэглэж үйлдсэн гэх гэмт хэрэг байхгүй байгаа нь хуулийн дээрх “... хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй бол ...”, “... хэргийн бодит байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөргүй байвал ...” гэсэн заалтуудад нийцнэ.

   

Шүүгдэгч Б.Т урьд өмнө буюу 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 353 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,

2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 126 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ялаар шийтгүүлж, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 353 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 6 сарын хорих ялын зарим болох 1 жил 2 сар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жил 8 сар хорих ялаар тогтоож байжээ.

Улмаар ялтан Б.Т 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар 7 сар 3 хоногийн хорих ялаас өршөөн суллагдсан /8-р хх-н 8/ байх тул түүнийн хувьд өмнөх шүүхийн шийдвэрээр оногдуулсан ялыг нэмж нэгтгэх асуудал хөндөгдөхөөргүй байна.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Шүүгдэгч Д.С, Б.Т, Б.А нарын бүлэглэж үйлдсэн дээрмийн гэмт хэргийн хохирогч Ц.Э нь нотлох баримтаар 14.678.187 төгрөгийн нэхэмжлэл гаргасныг үгүйсгэх үндэслэлгүй юм.

Учир нь, дээрмийн гэмт хэрэг үйлдэгдэх явцад хохирогчийн бие махбодид хүнд хохирол /гэмтэл/ учирч, үүнээс улбаатайгаар эмчилгээ, сувилгаа хийлгэсэн баримтуудыг, дээрэмдүүлэх явцдаа эд хөрөнгөдөө учирсан хохирлыг, цаашлаад хүнд гэмтлийн улмаас тодорхой хугацаагаар ажилгүй байж, энэ хугацаанд олох ёстой байсан орлогыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан тодорхойлсоны буруутгах аргагүй.

Өөрөөр хэлбэл иргэн Ц.Э дээрмийн гэмт хэргийн хохирогч болоогүй байсан бол түүний эрүүл мэндэд хүнд хохирол /гэмтэл/ учрахгүй байсан, тийм хэмжээний зардлыг эмчилгээнд зарцуулахгүй байсан гэсэн дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүн хийсэн болно.

Харин өмгөөлөгчийн зардал гэх 1.500.000 төгрөгийг түүний нэхэмжлэлээс хасч тооцлоо.

Энэ хэргийг анхан шатны шүүхийн өмнөх шүүх хуралдаанаар хэлэлцсэний дараагаар нэр бүхий шүүгдэгч нарын ар гэрээс тус бүр 2.400.000 төгрөг буюу нийт 7.200.000 төгрөгийг хохирогч Ц.Эд төлжээ.

Дээрх 7.200.000 төгрөг болон өмгөөлөгчийн зардал гэх 1.500.000 төгрөгийг хасч тооцоход үлдэгдэл төлбөр 5.978.187 төгрөг болох бөгөөд үүнийг 3 шүүгдэгч тус бүрээр хуваахад нэг хүнд оногдох мөнгөний хэмжээ 1.992.729 төгрөг болж байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзвэл хохирогч Ц.Э нь шүүгдэгч тус бүрээс 2.400.000 төгрөг авч /нийт 7.200.000/ тэдгээрт гомдолгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэжээ.

Гэвч тэрээр өнөөдөр хэлэлцсэн шүүх хуралдааны явцад анх гаргаж байсан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжинэ гэсэн байр суурийг илэрхийлсэнээс гадна шүүх бүрэлдэхүүн энэ хэргийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагааг эхнээс нь хянаж хэлэлцсэн болно.

 

Шүүгдэгч Д.Сийн ганцаараа үйлдсэн Ц.Ө хохирогчтой хэргийг прокуророос 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байна.

Уг гэмт хэргийн хувьд хохирогч Ц.Өын гар утас түүнд буцаан олгогдсон, гар утсыг нь барьцаалсан Барьцаалан зээлдүүлэх газрын төлбөр барагдсан, хохирогч Ц.Ө гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.

 

Дээрмийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа шүүгдэгч Д.С, Б.Т, Б.А нарын хувийн байдлыг нь харгалзан тэдгээрт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

Д.Сийн цагдан хоригдсон 370 хоногийг, Б.Тын цагдан хоригдсон 129 хоногийг, Б.Аын цагдан хоригдсон 132 хоногийг тэдгээрийн хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцвол зохино.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-ийг хэрэгт хавсарган үлдээв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                 ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт Доржготовын С, Баатад овогт Батмөнхийн Т, Боржигон овогт Бын А нарыг бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон,

 

хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,

 

Боржигон овогт Доржготовын Сийг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Сийг 3 жил хорих ялаар, Б.Тыг 3 жил хорих ялаар, Б.Аыг 3 жил хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Д.Сийг 5 жил хорих ялаар, Б.Тыг 5 жил хорих ялаар, Б.Аыг 5 жил хорих ялаар,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Сийг 1 жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Д.Сэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 5 жил хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн түүний нийт эдлэх хорих ялын хугацааг 9 /ес/ жилээр,

 

Б.Тд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 5 жил хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн түүний нийт эдлэх хорих ялын хугацааг 8 /найм/ жилээр,

 

Б.Ат Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 5 жил хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн түүний нийт эдлэх хорих ялын хугацааг 8 /найм/ жилээр тус тус тогтоосугай.

 

4. Д.С, Б.Т, Б.А нарт оногдуулсан тус бүрийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5. Д.Сийн цагдан хоригдсон 370 /гурван зуун дал/ хоногийг, Б.Тын цагдан хоригдсон 129 /нэг зуун хорин ес/ хоногийг, Б.Аын цагдан хоригдсон 132 /нэг зуун гучин хоёр/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэдгээрийн хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар

Д.Сээс 1.992.729 төгрөг, Б.Таас 1.992.729 төгрөг, Б.Ааас 1.992.729 төгрөг тус тус гаргуулж, нийт 5.978.187 төгрөгийг хохирогч Ц.Эд олгосугай.

 

7. Д.Сэд холбогдох хэргийн хохирогч Ц.Ө гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.

 

8. Д.С нарт холбогдох эрүүгийн 2014260005591 тоот хэргээс шүүгдэгч Ц.Бт холбогдох хэргийг тус шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 11 дугаартай тогтоолоор тусгаарласан болохыг дурдсугай.

 

9. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-ийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

11. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.С, Б.Т, Б.А нарыг цагдан хорьсонг хэвээр байлгасугай.

 

 

 

      

                              ДАРГАЛАГЧ,

          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       О.ЖАНЧИВНЯМБУУ

                                          

                             ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР

 

                               ШҮҮГЧ                                     Ц.ДАЙРИЙЖАВ